Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/01315

 

Ш.Чимгээгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/03679 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1395 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ш.Чимгээгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч П.Сүхбаатар, Т.Загдсүрэн, Ч.Золзаяа болон Монголын Нотариатчдын танхимд тус тус холбогдох,

Б.Баттөрийг С.Батбаатарын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, С.Батбаатарын эд хөрөнгийг 100 хувь өвлөгчөөр тогтоолгох, “Икслэнд констракшн” ХХК-ийн хувьцааны С.Батбаатарт ногдох хэсгийг 100 хувь өвлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах үндсэн нэхэмжлэлтэй,

С.Батбаатарын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, “Икслэнд констаркшн” ХХК-ийн хувьцаа, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 119 дүгээр байрны 6, 7 тоот орон сууцнууд, 83-38 УБЧ улсын дугаартай Ланд крузер маркийн автомашин, 90-90 УБД улсын дугаартай Порше маркийн автомашин, 10-30 УНБ улсын дугаартай Хьюндай маркийн автомашинуудаас ногдох хэсгээ тогтоолгох, мобикомын 99119192, 99114041, 99062626, 99066868, 99296262, 94016262 дугааруудыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн “Икслэнд констракшн” ХХК-ийн хувьцааны 50 хувийн эзэмшигчээр тогтоолгох, Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 119-6 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 83-38 УБЧ улсын дугаартай ланд крузер маркийн автомашин, 90-90 УБД улсын дугаартай порше маркийн автомашин, 10-30 УНБ улсын дугаартай хьюндай маркийн автомашины 50 хувийн эзэмшигчээр тогтоолгох, Т.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газрын С.Батбаатарт ногдох хэсгийн 50 хувийн эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Чимгээгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Чимгээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагч Т.Загдсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, гуравдагч этгээд Т.Дамдинсүрэн, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Батбаатартай 2005 онд анх танилцаад улмаар 2006 оноос хамтдаа амьдарч байсан. Бидний дундаас 2007 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүү Б.Баттөр төрсөн. Хүү Б.Баттөрийн эцэг С.Батбаатар 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүнд өвчний учир нас барсан.Үүнээс хойш нэг жилийн дараа нотариатч дээр очоод өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүү Б.Баттөрийн нэрийн өмнөөс Ш.Чимгээ би өв хүлээн авах тухай өргөдөл гаргахад Баянгол тойргийн нотариатч Н.Туяа нь “нас барагч С.Батбаатарын хууль ёсны өвлөгч болох хүү Б.Баттөр, эх Т.Загдсүрэн, аав П.Сүхбаатар нар нь өвлөгдөх эд хөрөнгийн талаар маргаантай байгаа болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээр батлагдаж байна. Иймд хууль болон нотариатын үйлдэл хийх зааврын дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй байна. Өвлөгдөх эд хөрөнгийг хуваах талаар ямар нэг маргаангүй харилцан тохирсон тохиолдолд нотариатч өвлөх эрхийн гэрчилгээг олгож болно. Бусад тохиолдолд шүүхээр маргааныг шийдэх журамтай” гэсэн хариуг бичгээр өгсөн.С.Батбаатарыг Б.Баттөрийн төрсөн эцэг биш гэж 2-3 жил явсан. Би маш их гомдолтой байна. С.Батбаатар бид хоёрыг хамтарч ажиллаж байсныг Т.Загдсүрэнгийн авч ирсэн бүх гэрчүүд гэрчилдэг. Иймд миний хүү Б.Баттөрийг С.Батбаатарын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, С.Батбаатарын өмчлөлийн хөрөнгө болох нэг гишүүнтэй 154 500 000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй “Икслэнд констракшн” ХХК-ийн хувьцааны С.Батбаатарт ногдох 50 хувь, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 119 дүгээр байрны 2 дугаар давхарт байршилтай 6, 7 тоот үл хөдлөх хөрөнгүүд, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 257 дугаартай захирамжтай Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв Т.Дамдинсүрэн, С.Батбаатар нарын хамтран эзэмшдэг газрын С.Батбаатарт ногдох хэсэг, ланд круйзер маркийн 83-38 УБЧ, порше маркийн 90-90 УБД, хүнд даацын 10-30 УНБ улсын дугаартай автомашинууд, “Икслэнд констаркшн” ХХК болон С.Батбаатарын нэр дээрх 99119192, 99114041, 99062626, 99066868, 99296262, 94016868 дугаарууд, Худалдаа хөгжлийн банкны 3 дугаар зэрэгт өвлөгдөх эд хөрөнгүүдийн 100 хувийн өвлөгчөөр тогтоож өгнө үү. С.Батбаатарын эцэг, эх нь П.Сүхбаатар, Т.Загдсүрэн нар мөн боловч тэднийг өв залгамжлах эрхээ алдсан гэж үзэж байгаа. 2006 оноос С.Батбаатарыг нас барах хүртэл бид хоёр хамт амьдарч байсан. Эцэг, эхтэйгээ хамт амьдарч байгаагүй. Нас барах хүртлээ надтай хамт амьдарч байсан. Биднийг хамтын амьдралтай байсныг шүүхээс удаа дараа тогтоож өгсөн боловч Т.Загдсүрэн тэрийг хүчингүй болгодог.Сүүлд дахин хамтын амьдралтай байсныг тогтоож өгсөн. Өв хүлээн авах хүсэлтээ Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар 1 жилийн дотор гаргах байтал 2013 оны 02дугаар сарын 22-ны өдөр тойргийн нотариатч н.Ариунаад хүсэлтээ гаргасан гэдэг бөгөөд үүнийг 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Монголын Нотариатчдын танхимын бүртгэлд утсаар бүртгүүлсэн гэдэг. Гэтэл С.Батбаатар 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нас барсан учраас хугацаа хэтэрсэн гэж үзэж байгаа гэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: С.Батбаатар нь бидний төрсөн хүү бөгөөд өвчний учир нас барсан. Хүү маань албан ёсоор гэрлэлтээ батлуулж байгаагүй ба Ш.Чимгээгийн хүү Б.Баттөр нь миний хүүгээр овоглогдсон байдаг боловч миний хүү үр тогтоох боломжгүй байсныг бид нас барсных нь дараа мэдсэн.Энэ хоёр 2006 оноос хамтарч ажиллах гэрээ гэж байгуулсан боловч 1 жил болоод хамтарч ажиллаж чадахгүй болсон. 2006-2008 он хүртэл маргалдаж шүүхээр явсан. Ш.Чимгээ 6 удаа шунахай сэтгэл гаргаж хуурамч бүртгэл хийж миний хүүгийн компанийг өөрийн болгох гэж явсан нь нотлогдсон. Ш.Чимгээгийн хүү Б.Баттөр нь С.Батбаатарын хүүхэд биш гэдэг нь шүүхийн шинжилгээгээр батлагдсан. Энэ хүний хүүхдийг би өөрөө хүүгээрээ овоглосноор буруу болсон. Ш.Чимгээтэй хамт амьдарч байсан зүйл байхгүй. Ш.Чимгээг гэртээ оруулсанаар миний алдаа болсон. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Монголын Нотариатчдын танхим шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нотариатын үйлчилгээг иргэд, хуулийн этгээдэд үзүүлдэг субьект нь нотариатч байдаг. Монголын Нотариатчдын танхим нь нотариатчдыг эгнээндээ нэгтгэсэн, тэдний мэргэжлийн үйл ажиллагааг хуульд заасны дагуу уялдуулан зохицуулдаг, нотариатчдын эрх ашгийг хамгаалдаг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гагцхүү нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотариатын үйлчилгээг эрхлэн гүйцэтгэдэг. Тухайн үйл ажиллагааг эрхлүүлэн гүйцэтгүүлэхээр хуульчлагдсан тодорхой субьектын эрх үүргийг Монголын Нотариатчдын танхим шууд болон шууд бус хэлбэрээр эдэлдэг байгууллага биш бөгөөд Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т ...нотариатчийн чиг үүргийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэнийг нотариатч гэнэ. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т нотариатч ажиллаагүй суманд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан сумын Засаг даргын тамгын газрын дарга нотариатчийн үүргийг хавсаргаж гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан Хууль дээдлэх, Хараат бус бие даасан байх, Тэгш эрхийг хангах, Шударга ёсыг хангах зэрэг үндсэн 6 зарчмыг өөрийн үйл ажиллагаандаа баримтлан ажилладаг. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно” гэж заасан ба өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох субьектыг тодорхойлж өгсөн. Хууль ёсны өвлөгчдийн хоорондын өв залгамжлалтай холбогдсон маргааныг гагцхүү шүүхийн журмаар шийдвэрлэх бөгөөд тухайн асуудлаар шүүх өөрийн шийдвэрээ гаргаж байсан. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д “өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нэгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээж авсан гэж үзнэ”, 527 дугаар зүйлийн 527.3-д “Өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзнэ”, 518 дугаар зүйлийн 518.1-д “...өвлүүлэгч нас барсан өдрөөс ... өв нээгдэнэ”, 532 дугаар зүйлийн 532.1-д “...өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ” гэж заасан.Иймд Ш.Чимгээгийн Монголын Нотариатчдын танхимд хамааруулан хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Золжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:“Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд зээлийн төлбөрийг төлсөн тохиолдолд 90-90 УБД дугаартай Порше, 83-38 УБИ дугаартай Ланд крузер, 10-30 УНБ улсын дугаартай Хюндай авто сонсмол авто машинуудын, эзэмших эрхийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй. Намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Загдсүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нарыг хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, С.Батбаатарын 100 хувийн өмчлөлийн хөрөнгө болох “Икслэнд констракшн” ХХК-ийн хувьцааны оногдох хэсгийг тогтоолгох, С.Батбаатарын нэр дээр байгаа Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 хороолол 119 дүгээр байрны 6, 7 үйлчилгээний зориулалттай 2 үл хөдлөх эд хөрөнгө, 3 автомашин, С.Батбаатарын нэр дээрх мобикомын утасны дугаарын эзэмших эрхээс ногдох хэсгээ тогтоолгох шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар ямар хаягт хамт амьдарч байсан бэ гэдэг асуудал үүсээд байх шиг байна. Баянгол дүүргийн хорооны Засаг даргын Баянгол дүүргийн 5 хороонд эцэг, эхийн хамт амьдарч байсан гэдэг тодорхойлолт байгаа. 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргаагүй бол харин эсрэгээрээ өвийг хүлээн авсан гэж үзнэ. Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нар өв хүлээн авахаас татгалзаагүй учраас өвийг хүлээн авсан гэж үзнэ. Үүнээс гадна Нотариатчдын танхимаас ирүүлсэн албан тоотод талийгаач С.Батбаатарын өмчлөлд байгаа тодорхой нэр бүхий хөрөнгүүдийг өвлөх хүсэлтээ Баянгол дүүргийн тойргийн нотариатч О.Ариунаад 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргаж, нотариатчдын танхимын өв залгамжлагчдын нэгдсэн бүртгэлд энэ огноогоороо бүртгэгдсэн талаар дурдсан байгаа. Сүүлд шүүхээс давхар лавлагаа авсан. Цаг хугацаа нь тодорхой байгаа.Иймд Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нарыг С.Батбаатарын хөрөнгийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:Ш.Чимгээ болон С.Батбаатарын цорын ганц өв залгамжлагч нь тэдний хүү Б.Баттөр юм. Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нар нь С.Батбаатарын эцэг, эх мөн боловч нас барах үед хамт амьдарч байгаагүй учраас Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасны дагуу хүү Б.Баттөр өвийг хүлээж авсан. Талийгаач С.Батбаатар нас барах үедээ Ш.Чимгээтэй хамт амьдарч байсан. Үүнийг үндэслэж хамтын амьдралтай байсныг тогтоосон шийдвэр гарсан. Энэ шийдвэрээр 2006 оны 01 дүгээр сарын 01-нээс 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл С.Батбаатартай хамт амьдарч байсан болохыг тогтоосон. Хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрч н.Амартүвшин, н.Ариунгоо, н.Өлзийдэлгэр нарын мэдүүлэг болон Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдоод хамтын амьдралтайг тогтоосон. Хамтран амьдрах явцад хүү Б.Баттөр 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн гэдгийг мөн тогтоосон. Энэ шийдвэрээр Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нартай хамт амьдарч байсныг тогтоогоогүй.Ийм учраас С.Батбаатарын эцэг, эх өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ш.Чимгээ шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:Би 2005 онд С.Батбаатартай танилцахад С.Батбаатар нь замын цагдаа хийдэг, 100 000 төгрөгийн цалинтай ийм л хүн байсан. Ямар ч хөрөнгөгүй байсан. Би харин 1998 оноос мотоциклийн сэлбэг ОХУ-ын Ижевск хотоос зөөж, маш их хөдөлмөрлөж байсан. Ижевск хотоос 15 жил мотоцикль, сэлбэг, төмөр зөөж хэцүү бүхнийг туулж энэ амьдралыг босгосон. Надад хөрөнгийн эх үүсвэр байсан. Би хөрөнгөө гаргасан учраас “хамтран ажиллах гэрээ”-нд зааснаар удирдах чиглэлээр, С.Батбаатар гүйцэтгэх чиглэлээр ажиллана гэж тусгасан.Тэр үед С.Батбаатарт ямар ч хөрөнгө мөнгө байгаагүй. Харин ээж, аавынх нь 3 өрөө байрыг Анод банкны барьцаанаас чөлөөлж өгч байсан. Ингээд 2007 оны 09 дүгээр сарын 04-нд бидний хүү Б.Баттөр төрж би хүүхдээ харах шаардлагатай болсны улмаас “Икслэнд констракшн” ХХК-ийн 50 хувийг С.Батбаатарт “бэлэглэлийн гэрээ”-гээр шилжүүлсэн юм. Талийгаач С.Батбаатарын нэр дээр байгаа эд хөрөнгө нь талийгаач бид хоёрын хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгө юм. Бид жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж оруулж ирэхээр болоод би 3 өрөө байраа, унаж байсан машин, хороололд байсан саунаа зараад дансанд шууд 39 000 000 төгрөг орж ирсэн. Энэ бүх хөрөнгө бий болох хөрөнгийн эх үүсвэр надаас гарсан. Би энэ амьдралыг босгох гэж залуу нас, эрүүл мэнд, хөлс хүч бүх зүйлээ золиосолсон.Тийм учраас би энэ хөрөнгүүдийн 50 хувийг авах эрхтэй. 2 000 000 төгрөгийн дүрмийн сантай компанийг 50, 50 хувийн хөрөнгө гаргаад байгуулж байсан. Гэтэл энэ компанийг Т.Загдсүрэн манай компани гэж ярьж байна үүнийг өөрийнх гэдгийг нотлох зүйл байхгүй. Компанийг байгуулахдаа 2 000 000 төгрөгийн үнэтэй нэг ширхэг бутлагчтай байгуулж байсан юм. Маргаан байсан уу гэвэл байсан манай дүү, С.Батбаатар нарын хооронд маргаан байсан. Ш.Чимгээ энийгээ ав юу ч хийхгүй байна гээд манай дүү уурладаг байсан эцсийн эцэст би хүүгийнхээ эцгийн талд орохоос аргагүй болж шүүх хуралдаан дээр С.Батбаатарын нэхэмжлэлийг зөвшөөрч “Чибитэ” ХХК-ийн бүртгэлийг хүчингүй болгож байсан. Шүүгч нар асуудаг хэн илүү хөдөлмөрлөсөн, хэн илүү хөрөнгө оруулсан гэдгийг асууж байсан. Би өөрөө буруу хүмүүстэй нийлж амьдралаа сүйрүүлсэн. Бидний хамтран ажиллах гэрээний дагуу оруулж ирсэн хөнгөн бетон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг С.Батбаатар сүүлд 2011 онд дахин үнэлүүлээд “Икслэнд констракшн” ХХК-ийн дүрмийн санг 154 500 000 төгрөг болгож бүртгүүлсэн.Иймд би “Икслэнд констракшн” ХХК-ийн хувьцааны 50 хувийг эзэмших эрхтэй гэж үзэж байна.Иймд би Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 119-6, 7 тоот байрны 50 хувийн өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй бөгөөд энэ 2 байрны талбайн хэмжээ, үнэлгээ адилхан учраас 6 тоот байрны 100 хувийн өмчлөгчөөр тогтоож, 3 автомашин, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн Засаг даргын 2011 оны 257 тоот захирамжтай Т.Дамдинсүрэн, С.Батбаатар нарын хамтран эзэмшдэг газрын С.Батбаатарт ногдох хэсгийн 50 хувийн эзэмшигчээр Ш.Чимгээ намайг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:“Икслэнд констракшн” ХХК-нд 50 хувийн хөрөнгө оруулж байсан 50 хувийн хувьцааны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гээд яриад байна. Энэ бол боломжгүй. Компанийн хувьцаа эзэмшигч гэдэг ойлголтыг Компанийн тухай хуулинд тодорхой заагаад өгсөн байгаа. Онцлог зохицуулалтай хууль юм. Компани өөрийн эзэмших хөрөнгийн хэмжээнд хариуцлага хүлээдэг. Хувьцаа эзэмших шаардлагыг гаргах эрхгүй гэж үзэж байна. Баянгол дүүргийн шүүхэд компанийн 50 хувийн хувьцааны эзэмшигчээр тогтоолгож, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг Ш.Чимгээ гаргаж байсан. 50 хувийн хувьцааг бэлэглэлээр шилжүүлсэн учраас өөрөөр шийдэх боломж байхгүй. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 байрны 6, 7 тоот үл хөдлөх эд хөрөнгөд миний хөрөнгө нийлсэн, холилдсон гээд яриад байдаг боловч үүнийгээ нотолсон зүйл байхгүй. Гэтэл “Икслэнд констракшн” ХХК энэ барилгыг барьж ашиглалтад оруулсан.Иймд компанийн бий болгосон хөрөнгүүдийн 50 хувийн өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй. С.Батбаатар дангаараа энэ барилгыг бариагүй. Ланд круйзер маркийн 83-33 УНЧ, порш маркийн 90-90, 10-30 дугаартай авто машинуудын 50 хувийн эзэмшигчээр тогтоож өгнө үү гэсэн байдаг. Эдгээр машин талийгаачийн нэр дээр байсан. Эдгээр автомашиныг худалдаж авахад Ш.Чимгээгийн хөрөнгийн 50 хувийг орсон гэдгийг юугаар нотлох вэ. Т.Дамдинсүрэнтэй хамтарч эзэмшиж байгаа газрыг Газрын тухай хуулинд заасан үндэслэл журмын дагуу бүртгэдэг. Ш.Чимгээ ямар үндэслэлээр энэ газрын эзэмших эрхийг шаардаад байгааг ойлгохгүй байна.Иймд бие даасан шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Дамдинсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:Т.Дамдинсүрэнгийн эзэмшдэг 0,07 га газрын 50 хувийн эзэмшигчээр Ш.Чимгээг тогтоох боломжгүй. С.Батбаатар нь “Икслэнд констракшн” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч байхдаа Т.Дамдинсүрэнтэй хамтарч бий болгосон хөрөнгө юм. Ш.Чимгээгийн хөрөнгө ороогүй. Иймд нэхэмжлэх эрх байхгүй. 0,07 га газрыг 2008 онд бэлэглэлийн журмаар шууд шилжиж ирсэн. Анх С.Батбаатар, Т.Дамдинсүрэн нар хамтарч газар эзэмшихээр хамт очиж хүсэлт гаргасан зүйл байхгүй. Анх Т.Дамдинсүрэн гарааш барих зорилгоор авсан бөгөөд дараа нь С.Батбаатарын нэрийг хамтран эзэмшигчээр оруулсан юм. Бие даасан шаардлагыг хангах үндэсгүй гэж үзэж байна гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/03679 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт зааснаар С.Батбаатарын өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 7 тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 6 тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 83-38 УБЧ улсын дугаартай ланд крузер маркийн автомашин, 90-90 УБД улсын дугаартай порше маркийн автомашин, 10-30 УНБ улсын дугаартай хьюндай маркийн хүнд даацын автомашинуудын 50 хувийн өмчлөгчөөр, “Икслэнд констракшн” ХХК-ийн дүрмийн сангийн 76 250 000 төгрөг буюу 49,35 хувийн хувьцаа эзэмшигчээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Чимгээг тогтоож, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн Засаг даргын 2011 оны 257 дугаар захирамжтай С.Батбаатар, Т.Дамдинсүрэн нарын хамтран эзэмшдэг газрын эзэмших эрхийн С.Батбаатарт ногдох хэсгийн 50 хувийн эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар Батбаатарын Баттөр, Төмөрхүүгийн Загдсүрэн, Пүрэвжалын Сүхбаатар нарыг талийгаач Сүхбаатарын Батбаатарын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 7 тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нарыг тогтоож, хариуцагч Төмөрхүүгийн Загдсүрэн, Пүрэвжалын Сүхбаатар нараас тус үл хөдлөх эд хөрөнгөөс Б.Баттөрд ногдох хэсэг 54 666 666.6 төгрөг, бие даасан шаардлага гаргасан Ш.Чимгээд ногдох хэсэг 164 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Шаравын Чимгээд олгож, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 6 тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ш.Чимгээг тогтоож, нэхэмжлэгч Шаравын Чимгээгээс тус үл хөдлөх эд хөрөнгөөс хариуцагч Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нарт ногдох хэсэг 109 333 333.3 төгрөгийг гаргуулан Төмөрхүүгийн Загдсүрэн, Пүрэвжалын Сүхбаатар нарт олгож, 83-38 УБЧ улсын дугаартай ланд крузер маркийн автомашин, 90-90 УБД улсын дугаартай порше маркийн автомашин, 10-30 УНБ улсын дугаартай хьюндай маркийн хүнд даацын автомашинуудын өмчлөгчөөр хариуцагч Т.Загдсүрэн, П.Сүхбаатарыг тогтоож, хариуцагч Төмөрхүүгийн Загдсүрэн, Пүрэвжалын Сүхбаатар нараас тус хөдлөх эд хөрөнгөөс Б.Баттөрд ногдох хэсэг 10 сая төгрөг, бие даасан шаардлага гаргасан Ш.Чимгээд ногдох хэсэг 30 сая төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Шаравын Чимгээд олгож, мобикомын 99116636, 99114919 дугааруудын эзэмшигчээр хариуцагч Т.Загдсүрэн, П.Сүхбаатарыг тогтоож, хариуцагч Төмөрхүүгийн Загдсүрэн, Пүрэвжалын Сүхбаатар нараас 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Шаравын Чимгээд олгож, Худалдаа хөгжлийн банкны 452541338 тоот дансны эзэмшигчээр Б.Баттөрийн хууль ёсны асран хамгаалагч Ш.Чимгээг, 452541339 тоот дансны эзэмшигчээр хариуцагч Төмөрхүүгийн Загдсүрэнг, 456058112 тоот дансны эзэмшигчээр хариуцагч Пүрэвжалын Сүхбаатарыг тогтоож, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн Засаг даргын 2011 оны 257 дугаар захирамжтай С.Батбаатар, Т.Дамдинсүрэн нарын хамтран эзэмшдэг газрын эзэмших эрхээс С.Батбаатарт ногдох хэсгийн 50 хувийг Б.Баттөр, Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нар адил тэнцүү хэмжээгээр эзэмших эрхтэй болохыг тогтоож, “Икслэнд констракшн” ХХК-ийн хувьцааны 16,88 хувийн эзэмшигчээр Б.Баттөрийн хууль ёсны асран хамгаалагч Шаравын Чимгээг, 16,88 хувийн эзэмшигчээр хариуцагч Төмөрхүүгийн Загдсүрэн, 16,88 хувийн эзэмшигчээр хариуцагч Пүрэвжалын Сүхбаатар нарыг тогтоож, өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай Монголын Нотариатчдын танхимд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 119 дүгээр байрны 7 тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч Төмөрхүүгийн Загдсүрэн, Пүрэвжалын Сүхбаатар нарыг, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 6 тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Шаравын Чимгээг бүртгэж, гэрчилгээ олгохыг, “Икслэнд констракшн” ХХК-ийн хувьцааны 66,23 хувийн эзэмшигчээр нэхэмжлэгч Шаравын Чимгээг, 16,88 хувийн эзэмшигчээр хариуцагч Төмөрхүүгийн Загдсүрэн, 16,88 хувийн эзэмшигчээр хариуцагч Пүрэвжалын Сүхбаатар нарыг бүртгэхийг Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газарт, 83-38 УБЧ улсын дугаартай ланд крузер маркийн автомашин, 90-90 УБД улсын дугаартай порше маркийн автомашин, 10-30 УНБ улсын дугаартай хьюндай маркийн хүнд даацын автомашинуудын эзэмшигчээр хариуцагч Төмөрхүүгийн Загдсүрэнг бүртгэж, гэрчилгээ олгохыг Авто тээврийн Үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст, 452541338 тоот дансны эзэмшигчийг Б.Баттөрийн хууль ёсны асран хамгаалагч Шаравын Чимгээд, 452541339 тоот дансны эзэмшигчийг хариуцагч Төмөрхүүгийн Загдсүрэнд, 456058112 тоот дансны эзэмшигчийг хариуцагч Пүрэвжалын Сүхбаатарт шилжүүлэхийг Худалдаа хөгжлийн банкинд, 99116636, 99114919 дугааруудын эзэмшигчийг хариуцагч Төмөрхүүгийн Загдсүрэн, Пүрэвжалын Сүхбаатар нарт шилжүүлэхийг “Мобиком корпораци” ХХК-д, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн Засаг даргын 2011 оны 257 дугаар захирамжтай С.Батбаатар, Т.Дамдинсүрэн нарын хамтран эзэмшдэг газрын эзэмших эрхээс С.Батбаатарт ногдох хэсгийн 50 хувийн эзэмшигчээр Шаравын Чимгээ, Төмөрхүүгийн Загдсүрэн, Пүрэвжалын Сүхбаатар нарыг бүртгэж, гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан Ш.Чимгээгээс улсын тэмдэгтийн хураамжид 2 329 200 төгрөг гаргуулж улсын орлогод, 440 000 төгрөг гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д, хариуцагч Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 359 200 төгрөг гаргуулан Ш.Чимгээд, 440 000 төгрөг гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д, хариуцагч Т.Загдсүрэн, П.Сүхбаатар, Ч.Золжаргал нараас улсын тэмдэгтийн хураамжид 307 950 төгрөг гаргуулан Ш.Чимгээд тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1395 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/03679 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч Т.Загдсүрэн нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШЗ2016/19869 дугаар захирамжаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1395 дугаар магадлалыг хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр хяналтын гомдлыг гаргаж байна. Шүүх “маргааны зүйл болсон нас барагч С.Батбаатарын өмчлөлийн ...автомашинууд нь одоо хариуцагч Ч.Золжаргалын нэр дээр бүртгэлтэй гэж талууд тайлбарлаж байх боловч тухайн эд хөрөнгүүдийн өмчлөх эрх, эзэмших эрхтэй холбоотойгоор бичиг баримтуудын хуулбар нь нотариатаар гэрчлүүлсэн байх Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна” гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжаар нотлох баримтуудыг Зам тээврийн хяналтын бүртгэлийн газраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт бөгөөд хэргийн оролцогч нараас гаргасан баримт биш юм. Талууд болон хариуцагч Ч.Золжаргал нь шүүхэд удаа дараа өгсөн тайлбартаа энэ талаар маргадаггүй болно. Хариуцагчийн давж заалдах гомдол энэхүү үндэслэлээр гараагүй болно. Шүүх “Маргаан бүхий өвийн зүйл болох эд хөрөнгүүд нь одоо хаана, хэний өмчлөл, эзэмшилд байгаа эсэх нь үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэсэн. Энэ тал дээр талууд маргадаггүй бөгөөд хариуцагч нарын хууль бус эзэмшлээс шаардаад авах эрх нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд байгаа болно....Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Чимгээ нь улсын тэмдэгтийн хураамжийг хойшлуулах хүсэлт гаргаж нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг бүрэн хангаж өгдөг бөгөөд шүүх захирамжийнхаа үндэслэх хэсэгт чөлөөлөх нь зүйтэй гэж шийдвэрлээд тогтоох хэсэгтээ орхигдуулсан техникийн алдаа гаргасанд гуравдагч этгээдийн буруу байхгүй бөгөөд хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой биш юм. Давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт тэмдэгтийн хураамжийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн....Нэхэмжлэгч гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар эрх ашиг нь зөрчигдсөн этгээдийг хэлдэг бөгөөд шүүх нэхэмжлэгчийг тодорхойлдоггүй. Хүү Б.Баттөрийн өв залгамжлах эрхэд хамааралтай шаардлагыг гаргаж, түүний нэрийн өмнөөс нэхэмжлэлийг гаргаж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхийн үзсэн шиг өөрт хамааралтай шаардлагыг гаргаагүй болно. Түүнчлэн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох асуудалд шүүхийн зөвшөөрөл шаарддаггүй бөгөөд энэ утгаараа шүүгчийн захирамж гарсан. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Чимгээгийн хөрөнгө холилдсон эрх нь зөрчигдсөн асуудал хүү Б.Баттөрийн өв залгамжлах эрх нь зөрчигдсөн асуудалтай хамааралгүй бөгөөд тус тусдаа эрх нь зөрчигдсөн хувь хүмүүс болно....Түүнчлэн хариуцагч Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нар нь Баянгол дүүргийн нотариатч Ариунаад өв залгамжлах хүсэлт гаргахдаа “Икс лэнд констракшн” ХХК-ийн хувьцааг өвлөх хүсэлтийг гаргаагүй байдаг нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өвлөхөөс татгалзсаныг нотолдог.Иймд давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн, гуравдагч этгээдийн шаардлагууд, тэдгээрийн үндэслэлийн талаар нотлох баримтад тулгуурлан зөв дүгнэлт хийсэн байна.

Хуульд заасан бүрэн эрхийнхээ хэмжээнд маргааны үйл баримт, нотлох баримтын бүрдэл, хэлбэр, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ, төлөлтийн талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй болно.

Хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхой бус болгосон анхан шатны шүүхийн алдаатай ажиллагааны талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Нэхэмжлэгч Ш.Чимгээ нь өөрийн насанд хүрээгүй хүүхдийн нэрийн өмнөөс шаардлага гаргаснаар төлөөлөн нэхэмжлэгч болох бол тухайн нэхэмжлэлээр үүсгэгдсэн иргэний хэрэгт өөрийн нэрийн өмнөөс шаардлага гаргах нь түүнийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гэж үзэх үндэслэл болохгүй юм. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эсрэг чиглэгддэг, зохигчдын хоорондох маргааны зүйл, үндэслэлийн талаар байдаг тул өөрийн нэрийн өмнөөс зөвхөн хариуцагчид холбогдуулан гаргаж буй үндсэн нэхэмжлэлээс өөр зүйлийн талаарх шаардлагыг гуравдагч этгээдийн бие даасан шаардлага гэж үзэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 29 дүгээр зүйлд заасан ажиллагааг анхан шатны шүүх буруу хэрэгжүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 168.3.-т зааснаар анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн тохиолдолд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд шүүх материаллаг хуулийн эрх зүйн хэм хэмжээг хэрхэн хэрэглэсэн асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэх боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1395 дугаар магадлалыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хяналтын журмаар гомдол гаргахдаа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШЗ2016/22886 дугаар захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН