Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01274

 

 

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01274

 

 

Х.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/01752 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 311 476 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, Э.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Х.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.А- нь Ө М- эмнэлгийн гүйцэтгэх захирлаар 2015 оноос ажиллаж байгаа бөгөөд тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан Э.О-д 2015 оны 9 сараас эхлэн мөнгөн хөрөнгө зээлдүүлж эхэлсэн. Х.А- нь тухайн мөнгөн хөрөнгийг Э.О-д зээлийн гэрээ бичгээр байгуулалгүй харилцан итгэлцлэлийн үндсэн дээр өгч байсан. 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2017 оны 8 дугаар сар хүртэл нийт 379 387 900 төгрөг зээлдүүлснээс өнөөдрийн байдлаар 67 911 000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд 311 476 900 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Э.О- нь Х.А-ын итгэлийг эвдэж, залилан мэхлэх замаар мөнгө зээлж байсныг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан ч Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2276 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй, иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Э.О-, Ө М- эмнэлэгт ажиллах байх хугацаандаа Х.А-аас зээлсэн мөнгөнд хүү тооцоогүй, зээлийн гэрээ байгуулаагүй. Гэтэл Э.О- зээлийг компанийн ашиг гэж тайлбарласан. Э.Бадар-Ууган, Х.А- нар Ө М- ХХК-ийг үүсгэн байгуулсан. Эмнэлэг байгуулагдахаас өмнө ажилтнуудаа сургаж, чадавхижуулах талаар Японы талаас санал тавьсан. Үүний дагуу Э.О- эмчийг болон шавь нарыг нь Японд дадлагажуулсан. Э.О- нь ажиллах хугацаанд зээл авсан. Түүнтэй холбоотой тайлбар болон 65 000 000 төгрөгийг төлсөнтэй холбоотой баримт хэрэгт авагдсан. Компани ашиг хуваарилаж ногдол ашиг тараагаагүй. Иймд 2015-2017 оны хооронд нийт 379 387 900 төгрөг зээлдүүлснээс 67 911 000 төгрөг буцаан төлснийг хасаж үлдэх 311 476 900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.А-, Бадар-Ууган нартай 2009 оноос эхлэн хамтарч ажилласан. 2009-2015 оны хооронд миний бие Японд сурч ирээд энэ чиглэлээр бид хамтран ажилласан. Тус компанийн үндсэн хөрөнгө оруулагч нь Х.А-, Э.Бадар-Ууган нар байсан. 2015 оноос хойш санхүүгийн бүх үйл ажиллагааг Х.А- хариуцсан. Э.Бадар-Ууган 100 хувийн хувьцаа эзэмшигч. Эмчилгээний үр дүн амжилттай болсны дараа тэрээр надад компанийн 25 хувийн хувьцааг шилжүүлсэн. Х.А- сар бүр 2 хувьцаа эзэмшигчид мэйлээр үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг явуулж байсан. 2015 оны 10 дугаар сараас эхлээд компанийн ашиг гэх нэрийдлээр бидэнд хувьцааг хуваарилж, тараасан. Компанид үлдсэн мөнгөнөөс миний 25 хувийн ногдол ашгаа авъя гэснээс маргаан үүссэн. Компанид сурч байсан хүмүүс миний шавь нар байсан тул тэд ч мөн гарсан. Бид өөр эмнэлэг нээгээд ажиллаж байгаа. Ингэснээр Э.Бадар-Ууганы эмнэлгийн том өрсөлдөгч болсонтой холбоотой сөрөг зүйлүүд үүсгэсний нэг нь Эрүүл мэндийн яаманд миний эмчлэх эрхийг хаалгах хүсэлт болон эрүүгийн хэрэгт шалгуулах, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт хандах зэргээр саад хийхийг оролдож байсан. Ашиг гэж хуваарилсан зүйлээ зээл гэж нэхэмжилж байна. Миний бие хөдөлмөрлөсний үр шимийг авсан. Зээлийн харилцаа үүсээгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.О-гээс 24 723 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.А-д олгож, нэхэмжлэлээс 286 753 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 717 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.О-гээс 281 567 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.А-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.О- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Э.О-гээс 24 723 400 төгрөг гаргуулах шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Дээрх үйл баримтаар 311 476 900 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэж, зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна. Нэхэмжлэгч нийт 293 476 900 төгрөгийг хариуцагч болон түүний өмнөөс бусдад шилжүүлсэн нь зээлдүүлэгчийн хувьд зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй, харин Ө М- ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд компанийн үйл ажиллагааны орлогоос олсон ашгийн тодорхой хувийг тохиролцсон хэмжээгээр хариуцагчид шилжүүлж байсан нь мөнгө шилжүүлсэн баримтын утга, цаг хугацаа болон үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтээс Х.А-ын хувьд Ө М- ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд хамтын ажиллагааны үр ашгийн тооцооны дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан гэдгийг тэмдэглэсэн байна. Харин шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хүснэгтээр харьцуулсан хэсэгт үр ашгийн тооцоолол бүхий хүснэгтийн 2016/5 гэсэн баганд ... Одхүү байр авсан... гэх мөрөнд бичигдсөн 156 201 900 төгрөгийн 69 051 900 төгрөг нь 2 дугаар хавтаст хэргийн 52 дахь талд авагдсан баримтаар нотлогдох байрны урьдчилгаанд компаниас өгсөн буцалтгүй тусламж юм. Энэ мөнгөн дүн 2017/7 гэсэн сүүлийн тооцоо нийлсэн баганд 66 016 610 төгрөгийн өртэй мэт бичсэн.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... хариуцагч, Ө М- ХХК дахь өөрийн эзэмшлийн 25 хувийн хувьцааг Э.Бадар-Ууганд 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх тухай гэрээгээр шилжүүлэхдээ Ө М- ХХК-д төлөх 66 016 610 төгрөгийн төлбөрийг дуусгавар болгохоор тохиролцож эрх шилжүүлэгч нь компанид ямар нэг төлбөрийн үлдэгдэл, өр төлбөр байхгүй болно гэж дүгнэсэн. Дээр дурдсан 66 016 610 төгрөгийг миний бие төлөхгүй тул Э.Бадар-Уугантай байгуулсан гэрээнд тусгасан. Тиймээс миний бие Х.А-аар бусдад төлбөр төлүүлсэн зүйл байхгүй. Компанийн ашгаас хамтын ажиллагааны үр дүнд надад өгөх ёстой мөнгөн хөрөнгөөс суутган тооцож байсан. 2017 оны 8 дугаар сарын байдлаар хамтын ажиллагааны хүрээнд хуримтлагдсан ашиг 717 009 895 төгрөгөөс 25 хувь болох 179 252 473 төгрөгийг авах ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 24 723 400 төгрөг гаргуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх ... нэхэмжлэгч нийт 293 476 900 төгрөгийг хариуцагч болон түүний өмнөөс бусдад шилжүүлсэн нь зээлдүүлэгчийн хувьд зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй, харин Ө М- ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд компанийн үйл ажиллагааны орлогоос олсон ашгийн тодорхой хувийг тохиролцсон хэмжээгээр хариуцагчид шилжүүлж байсан нь мөнгө шилжүүлсэн баримтын утга, цаг хугацаа болон үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.О-гээс 24 723 400 төгрөг гаргуулан Х.А-д олгож, нэхэмжлэлээс 286 753 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Э.Бадар-Ууган Х.А- нар Ө М- ХХК-ийг 2015 онд үүсгэн байгуулсан ба тэдний хувьд эмч, эмнэлэгийн мэргэжилтэн шаардлагатай байсан тул Э.О-тэй хөдөлмөрийн болон контракт гэрээ байгуулж эмчилгээ хариуцсан орлогч захирлаар ажиллуулсан. Түүнийг тогтвортой хугацаанд ажиллана гэж аливаа тусламж, дэмжлэг, хөнгөлөлт, урьдчилгаа, зээлийг олгож байсан. Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заана гэж, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчийг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан өдрөөр, хувьцааг компанийн хувьд энэ хуулийн 64 дүгээр зүйлд заасан бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тодорхойлох ... гэх зэрэг заалтуудаас үзэхэд зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлын бичгээр гарсан шийдвэр нь ногдол ашиг хуваарилах үндэслэл болохоор байна. Өөрөөр хэлбэл, дээрх тохиолдолд бичгээр гарсан шийдвэр байхгүй тул ногдол ашиг хуваарилах, улмаар түүнийг хувьцаа эзэмшигчид шилжүүлэх үүрэг компанид үүсээгүй юм. Шүүх хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гараагүй байхад гарсантай адилтган үзэж, нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргасан нь дээрх заалтуудыг зөрчиж байна. Мөн хувьцаа эзэмшигчид ногдол ашгийг шилжүүлэх үүрэг нь гагцхүү компанид үүсэхээс бус Х.А-д хамаарахгүй юм. Дээрх шилжүүлгийг хийсэн данс нь Х.А- хувийн дансаар шилжүүлсэн тул ногдол ашиг хуваарилах үүрэг үүсээгүй, түүнийг хувьцаа эзэмшигчид шилжүүлэх үүрэг үүссэн гэж хариуцагчийн зүгээс маргаж байгаа бол уг маргаанд холбогдох субъект ньь Ө М- ХХК болохоос Х.А- биш байна. Тиймээс Х.А- нь хувийн данснаас шилжүүлсэн хөрөнгөө буцаан гаргуулах нэхэмжлэлтэй хэрэгт Ө М- ХХК-д холбогдох хувьцааны ногдол ашгийн асуудлыг авч хэлэлцэж байгаа нь үндэслэлгүй. Үүнээс үзэхэд нэхэмжлэлийн зүйл болох 311 476 000 төгрөгтэй холбоотойгоор талуудын хооронд ямар нэг үүрэг үүсээгүйн дээр шүүхийн шийдвэрт тайлбарласнаар ямар нэг гэрээний харилцаанаас үүдэлтэй маргаан биш байх тул талуудын хооронд нэхэмжлэлийн зүйлтэй холбоотой гэрээний үүрэг үүсээгүй байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу дээрх шилжүүлгүүд нь үндэслэлгүй тул Х.А- нь 311 476 900 төгрөгийг буцаан шаардах эрхтэй. Голомт банк дахь Э.О-гийн эзэмшлийн 2205104178 тоот дансанд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 14 250 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 6 500 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 20 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 20 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 16 250 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10 400 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 4 000 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 15 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөг, ХААН банк ХХК дахь Э.О-гийн 5031298902 тоот дансанд 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 16 200 000 төгрөг, нийт 152 160 000 төгрөг шилжүүлсэн. Мөн түүний өмнөөс бусдад 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 1 800 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 6 364 600 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 6 000 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 15 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 4 723 400 төгрөг шилжүүлсэн. нийт 33 888 000 төгрөгийг шилжүүлсэн. Э.О-гийн өмнөөс банк болон өөр бусдад байгууллагад 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 77 901 900 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 78 300 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 20 650 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3 048 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 192 899 900 төгрөг шилжүүлсэн. Э.О-д нийт 379 387 900 төгрөг шилжүүлснээс түүний төлсөн 67 911 000 төгрөгийг хасахад 311 476 900 төгрөгийг төлөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Х.А- нь хариуцагч Э.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 311 476 900 төгрөг нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нь Хариуцагч Э.О-д 2015 оны 9 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд нийт зээлдүүлсэн 379 387 900 төгрөгөөс төлсөн 67 911 000 төгрөгийг нь хасаж үлдэгдэл 311 476 900 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласныг, хариуцагч эс зөвшөөрч Х.А- надад сар бүр эмнэлгийн нийт орлогоосоо тухайн сарын ашиг, орлого, цалин гэсэн утгатай мөнгө шилжүүлдэг байсан. Бидний хооронд ямар ч зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж маргасан байна. Иймд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч Х.А- нь Голомт банк ХХК дахь Э.О-гийн эзэмшлийн 2205104178 тоот дансанд 2015 оны 9 дүгээр сараас 2017 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд нийт 379 387 900 төгрөг шилжүүлсэн, хариуцагч Э.О- 67 911 000 төгрөг буцаан төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

Э.О- нь Ө М- ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр контрактын гэрээ байгуулан, тус компанийн эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн захирлаар ажиллаж, өөрийн мэдлэг, өндөр ур чадварыг ашиглан үргүйдлийн оношилгоо, эмчилгээ, үйлчлүүлэгчид үр шилжүүлэн суулгах, ажил олгогч буюу Өөжинмед ХХК нь ажилтанд цалин хөлс, мэргэжил ур чадварт тохирсон урамшуулал олгохоор тохиролцжээ. /1хав-116, 118-122, 166-169/

2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ө М- ХХК-ийн дүрэмд оруулсан өөрчлөлтөөр компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Э.Бадар-Ууган, Э.О- нарыг бүртгэж, тус компанийн хувьцааны 25 хувийг Э.О-д шилжүүлснээр талуудын байгуулсан контрактын гэрээ мөн өдрөөр дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, Э.О- нь 2015 оны 3 дугаар сараас 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ө М- ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх хүртэл хугацаанд контрактын гэрээний хугацаа үргэлжилсэн гэж үзнэ. /1хав-110-115/

Энэ хугацаанд нэхэмжлэгч талаас Э.О-гийн дансанд, түүний өмнөөс бусдад нийт 238 751 900 төгрөг бүхий мөнгөн дүнг ашиг гэж тодорхойлон шилжүүлсэнийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй. Анхан шатны шүүхээс дээрх ашиг гэж тодорхойлон шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг контрактын гэрээний дагуу цалин, урамшуулал хэлбэрээр олгогдсон гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. /2хав-221-250, 3хав-1-4/

Хэдийгээр Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл 46.1 дэх хэсэгт төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж ногдол ашиг хуваарилахаар заасан боловч Ө М- ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 1 хувьцаа эзэмшигчтэйгээр байгуулагдсан. 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс Э.Бадар-Ууган, Э.О- нарын 2 хувьцаа эзэмшигчтэй болж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 75 хувийг Э.Бадар-Ууган, 25 хувийг Э.О- нар тус тус эзэмшихээр, компанийн дүрмэнд өөрчлөлт оруулсан.

Талуудын маргааны улмаас 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Хувьцаа бэлэглэх гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээ-гээр Э.О- нь өөрийн эзэмшлийн 25 хувийн 1 375 ширхэг хувьцааг Э.Бадар-Ууганд шилжүүлэн өгч, улмаар 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогджээ. Иймээс 2016 оны 6 дугаар сарын 22-ноос 2017 оны 9 дүгээр сарын 14-нийг өдрийг хүртэлх хугацаанд Э.О-гийн дансанд тогтмол хугацаанд буюу тодорхой давтамжтайгаар компанийн хөрөнгөөс нийт 192 899 900 төгрөгийг шилжүүлснийг хариуцагч компанийн ногдол ашиг гэсэн агуулгаар тайлбарлан, хүлээн авсан талаар маргаагүй. /1хав-110-115, 198-200-х/ /1хав-105-108-х/ Ийм учраас Ө М- ХХК, Э.О- нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, компаний хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэнтэй холбоотойгоор олгосон мөнгөн хөрөнгийг нэхэмжлэлийн шаардлагад дурьдсанаар зээлийн харилцааны дагуу олгосон мөнгөн хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Хариуцагч зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс мөнгө хүлээж аваагүй, гэж маргасан учраас нэхэмжлэгч мөнгө шилжүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч З.Азжаргал хариуцагч Э.О-д мөнгөн хөрөнгийг зээл олгох журмаар шилжүүлсэн эсэх, хариуцагч буцаан төлөх үүрэг хүлээсэн эсэх, хөдөлмөрийн гэрээ болон компаний хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн үеэс тодорхой хугацаанд шилжүүлж байсан мөнгөн хөрөнгийг зээл олгосон гэж үзэх болсон шалтгаан үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй. Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн гэх байдлаа баримтаар нотлоогүй тул энэ үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагч Э.О-гээс 24 723 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.А-д олгож, нэхэмжлэлээс 286 753 500 төгрөгийн шардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээнэ.

Анхан шатны шүүх хариуцагч Э.О-гээс 24 723 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.А-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцсэн тул энэ талаарх зохигчийн гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Х.А- Голомт банк дахь Э.О-гийн эзэмшлийн 2205104178 тоот дансанд шилжүүлсэн 20 000 000 төгрөг, хариуцагчийн өмнөөс тийзний төлбөрт бусдад шилжүүлсэн 4 723 400 төгрөг нь Ө М- ХХК-аас Э.О-д хуваарилсан ашигт хамаарахгүй тул хариуцагч 24 723 400 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн тул буцаан төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 286 753 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ уг маргаанд хамаарах Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/01752 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.О-гээс 24 723 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.А-д олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 286 753 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 281 567 төгрөг, нэхэмжлэгчийн төлсөн 1 591 718 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.БАЙГАЛМАА