Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2017/0344/з |
Дугаар | 221?МА2018/0049 |
Огноо | 2018-01-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 221?МА2018/0049
2018 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 221/МА2018/0049 | Улаанбаатар хот |
|
|
|
Д.Д, Б.О, Б.О, Я.С
нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0803 дугаар шийдвэртэй, Д.Д, Б.О, Б.О, Я.С нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0803 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О, Б.О, Д.Д, Я.С нарын гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 164 дүгээр захирамжийн Ч.Б, С.Д, С.М, Д.Э нарт, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 399 дүгээр захирамжаар С.Д, Д.Э нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг дүүргийн Газрын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.О, Б.О, Д.Д, Я.С нар давж заалдах гомдолдоо: “… Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Тухайлбал анхан шатны шүүхээс дүгнэхдээ “...гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн байна” гэжээ.
Тэгвэл Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ гэж тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу иргэн, хуулийн этгээд хэн ч байсан газар эзэмшихийн тулд хүсэлт гаргасан байхаар хуульчилсан байна.
Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээдүүдийн зүгээс маргаж байгаа газрыг эзэмших талаар гаргасан хүсэлт ч байдаггүй, хүсэлт гаргасныг бүртгэсэн бүртгэл ч байхгүй болох нь нотлогдож байхад тэдний газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаас үзэхэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн Засаг даргын шийдвэрийг үндэслэж, гэрээ, гэрчилгээ олгож, газрын мэдээллийн санд бүртгэхээр заасан байхад гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлэх шийдвэр гарахаас өмнө мэдээллийн санд зургийг бүртгэж оруулсан болох нь нотлогдож байхад хуулийн дагуу газар эзэмшсэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлсэн байна.
Мөн энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэхдээ “...хүсэлт гаргасан гэдэг нь нотлогдохгүй, олдохгүй байгаа ч бусад баримтаар хүсэлт гаргаж байсан гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн байх бөгөөд бусад баримтууд гэдэг нь хариуцагчийн шүүх хуралдаан дээр амаар гаргасан тайлбар, иргэний үнэмлэхний нотариатаар баталсан тамган дээрх огноо, газар эзэмшүүлсэн захирамж гаргахаас өмнө мэдээллийн санд оруулсан кадастрын зургийн огноо зэргийг үндэслэл болгожээ.
Хуулинд газар эзэмшүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэж гэрээ, гэрчилгээ олгож, мэдээллийн санд оруулна гэж заасан байхад 2012 оноос өмнө эхэлж зургийг оруулдаг байсан гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэсэн нь түүний тайлбар яагаад хуулиас илүү хүчинтэй гэж үзсэн нь ойлгомжгүй юм.
Мөн иргэний үнэмлэхний нотариатын тамган дээрх огноог үндэслэж, хүсэлтээ гаргаж байсан гэж дүгнэх боломжгүй, ямар зорилгоор батлуулсан нь эргэлзээтэй бөгөөд тухайлбал газрын хувийн хэргүүдэд авагдсан уг иргэний үнэмлэхний хуулбарууд дунд гуравдагч этгээд С.Д-ийн иргэний үнэмлэхний хуулбар байдаггүй, харин оронд нь Гэрэлгуа гэх түүний эхнэрийн иргэний үнэмлэхний хуулбар байдаг.
Эндээс харахад гуравдагч этгээд С.Д-ийн иргэний үнэмлэхний хуулбар байхгүй байхад түүнийг хүсэлт гаргаагүй ч хүсэлт зоригоо илэрхийлж байсан гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, мөн Гэрэлгуа гэх хүнд маргаан бүхий газарт газар эзэмшүүлсэн шийдвэр гараагүй байдаг.
Нэхэмжлэгч нар нь газар дээр 2003 оноос эхлэн байшин барьж, хашаа хатган амьдарч байсан талаар хэрэгт байгаа нотлох баримтуудыг огт үнэлж дүгнээгүй байх бөгөөд тухайлбал гэрчүүдийн мэдүүлэг, 2005 онд гараар бичиж байсанөрөгдөл гэх баримтуудыг яагаад үнэлээгүй талаар ч дурдаагүй байгаа нь шүүх нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэснийг харуулж байна.
Мөн нэхэмжлэгч нь 2003 оноос хойш газар эзэмших хүсэлтээ удаа дараа гаргаж байсан, уг хүсэлтүүдийн бүртгэсэн бүртгэл үзлэг хийлгэх, гуравдагч этгээдүүдийг өргөдлийг бүртгэсэн бүртгэлд засвар оруулсан байгаа мөн үзлэгээр тогтоолгохыг хүссэн боловч энэ хүсэлтийг шүүхээс огт шийдвэрлээгүй хэрнээ хариуцагчаас /өөрийн хууль бус үйлдлийг нь тогтоолгох гэж байгаа байгууллагаас/ ирүүлсэн тайлбарыг үндэслээд нэхэмжлэгч нарыг өргөдөл гаргаж байгаагүй гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй, хуулийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна.
Энэхүү захиргааны хэргийн хамгийн гол маргаан нь маргаж байгаа газрыг эзэмших хүсэлтээ хэн түрүүлж гаргасан бэ гэдэг дээр байдаг. Гэтэл энэхүү хэргийн гол нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагааг шүүх хийгээгүй, энэ талаар гаргасан хүсэлтийг ч эцэслэн шийдвэрлээгүй, дээр нь буруутай үйл ажиллагаагаа тогтоолгох гэж байгаа байгууллагын тайлбарыг үндэслээд өргөдөл гаргаж байгаагүй гэж дүгнэсэн нь шүүх хэт нэг талыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй.
Газрын албанд хүсэлтээ гаргаж байгаагүй гэсэн албан бичгийг үндэслэж, хүсэлтээ гаргаагүй байна гэж дүгнэх боломжгүй бөгөөд хуулиараа Засаг дарга газар эзэмшүүлнэ, хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж зохицуулсан, хариуцагч ч шүүх хуралдаан дээр энэ талаар тайлбараа гаргасан нь шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан мөн нэхэмжлэгч нар нь Засаг даргад мөн хандаж байсан талаараа тайлбарласан нь тэмдэглэлд тусгагдсан байгаагаас үзэхэд шүүх нотлох баримтыг дутуу цуглуулсан байна.
Дараагийн нэг үндэслэл бол нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа, нэхэмжлэгч нар өөрсдөө дураараа газар эзэмших шийдвэрээ гаргадаггүй, төрийн захиргааны байгууллага албан тушаалтнаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж, гаргадаг захиргааны акт байхад нэхэмжлэгч нар хуулийн дээрх заалтыг зөрчсөн мэтээр дүгнэжээ.
Нэхэмжлэгч нарыг маргаж байгаа газарт 2004 оноос хойш байшин барьж, амьдарсан талаар хэргийн оролцогчид маргадаггүй бөгөөд түүнээс хойш буюу 2006 онд газар эзэмших эрхтэй болсон гуравдагч этгээдүүд харин бусдын амьдарч байгаа газар дээр давхцуулж газар эзэмшүүлсэн байгааг ялгаж салгаж дүгнэж чадаагүй байна. Иймээс өмнөх нэхэмжлэлийн шаардлагуудтай хамааралгүйгээр төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйг тогтоох боломжтой байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Мөн гуравдагч этгээдүүд нь 2006 оноос эхлэн газар эзэмших эрхтэй болсон гэх боловч 2016 он хүртэл нэг ч удаа газраа эзэмших гэж ирж, газраа чөлөөлүүлэх талаар уулзаж байсан, төрийн байгууллагад хандаж байсан баримт байхгүй байгаагаас үзэхэд эдгээр гуравдагч этгээдүүд нь газрыг зайлшгүй хэрэгцээгээ үндэслэж бус ашгийн төлөө л бусдын газрыг булаах зорилготой байгаа болох нь харагдаж байна.
Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нарыг эрх хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор хөндөгдсөн, маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлэхдээ хуулийг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны дрийн 128/ШШ2017/0803 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Нэхэмжлэгч Д.Д, Б.О, Б.О, Я.С нар нь “ ... 2003 онд давж заалдах гомдолдоо “ ... хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээдүүдийн зүгээс маргаж байгаа газрыг эзэмших талаар гаргасан хүсэлт ч байдаггүй, хүсэлт гаргасныг бүртгэсэн бүртгэл ч байхгүй болох нь нотлогдож байхад тэдний газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй ...” гэжээ.
Хэрэгт авагдсан газрын төлбөр төлсөн баримтууд, гуравдагч этгээд нарын эзэмшил газрын кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ, газар эзэмших эрх сунгуулах тухай хүсэлтүүд, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудаас гадна гэрч Ч.Х, Д.М нарын мэдүүлгээр гуравдагч этгээд Ч.Б, С.Д, С.М, Д.Э нар газар эзэмших хүсэлт, түүнд хавсаргах баримтуудыг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар бүрдүүлж гаргасан болох нь тогтоогдож байна.
Мөн давж заалдах гомдолд “... бид 2002 онд тухайн газар дээр байшин барьж 2003 оноос эхлээд газар эзэмших хүсэлтээ гаргаж байсан ч олгохгүй байсан, уг хүсэлтүүдийн бүртгэсэн бүртгэлд үзлэг хийлгэх, гуравдагч этгээдүүдийг өргөдлийг бүртгэсэн бүртгэлд засвар оруулсан байгаа мөн үзлэгээр тогтоолгохыг хүссэн боловч энэ хүсэлтийг шүүхээс огт шийдвэрлээгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Д, Б.О, Б.О, Я.С нар хариуцагчийн “хүсэлт бүртгэгдээгүй” гэх тайлбарыг үгүйсгэж, газар эзэмших хүсэлтээ хэзээ, хэнд өгсөн, хэрхэн шийдвэрлэсэн талаар нотлох баримтын эх сурвалжаа өөрсдөө шүүхэд зааж өгөөгүй, мөн зарим хүсэлтийг “газрын алба ойн сан бүхий газар учраас хүсэлт хүлээж авдаггүй байсан” гэх боловч энэхүү хүсэлт хүлээж аваагүй, авсан хүсэлтийг шийдвэрлээгүй захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаагүй зэргээс үзвэл нэхэмжлэлд дурдсан нөхцөл байдал нь нотлогдохгүй байна.
Түүнээс гадна нэхэмжлэгч Б.О нь 2003 онд байшингаа газар эзэмших зөвшөөрөлгүй байхдаа барьсан байх бөгөөд уг байшин, түүний орц, гарцтай газар нь гуравдагч этгээд нарын газартай давхцаагүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчийн тайлбараар тогтоогджээ.
Иймд нэхэмжлэгч нарт Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу газар эзэмших эрх гуравдагч этгээд нараас түрүүлж үүсээгүй байх тул маргаан бүхий газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 164 дүгээр захирамжаар гуравдагч этгээд нарт тус тус эзэмшүүлж, улмаар 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 399 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгасны улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
Харин нэхэмжлэгч нар нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүсэлт гаргасан нь “Өргөдөл хүлээн авсан тодорхойлолт”-оор тогтоогдсон, хүсэлтэд дурдсан газар нь гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газар тус бүртэй хэсэгчлэн давхацсан байхад Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчжээ.
Энэ талаар хариуцагч хууль бус шийдвэр болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн нь үндэслэлтэй байх бөгөөд бусдын газартай давхцуулан эзэмшүүлсэн хууль бус газар эзэмшүүлсэн шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нарт олгохыг даалгах хууль зүйн үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Харин нэхэмжлэгч Б.О нь дохих журмын дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж дээрх 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийн давхцлыг арилгуулан байшин байрлаж буй газраа эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0803 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Д, Б.О, Б.О, Я.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ