Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 20

 

 

Л.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч О.Зандраа, Д.Мөнхтуяа, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Л.Чулуунбаатар, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шинжилгээний үнэлгээний газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, улсын байцаагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнгөнхуяг нарыг оролцуулан, Нийслэлийн дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 543 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 545 дугаар магадлалтай, Л.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шинжилгээний үнэлгээний газрын дарга болон Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шинжилгээний үнэлгээний газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Л.Чулуунбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие улсад нийт 32 жил ажилласнаас 1957-1980 онд тасралтгүй 23 жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан. Ингээд 1994 оны 5 дугаар сар хүртэл улсад хөдөлмөрлөж байгаад

57 насандаа тэтгэвэрт гарсан. Анх тэтгэвэрт суухад буюу 1989-1994 онд авч байсан цалин хөлсний дунджаас буюу 69147 төгрөгөөр тооцож сард олгох тэтгэврийн хэмжээг 43562 төгрөгөөр тогтоосон. Гэтэл олголт хийхдээ 4076 төгрөгөөр олгосон.

Тухайн үед энэ асуудлаар Нийгмийн даатгалын байгууллагад маш олон удаа хандаж өргөдөл өгч байсан боловч тодорхой эрх зүйн актгүйгээр амаар хэвийн байна гэсэн хариуг л өгдөг байсан. 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 60 төгрөг нэмж 4136 төгрөг болгосон, 8 дугаар сард 320 төгрөг нэмж 4456 төгрөг болгож 1994 оныг дуустал олгосон бөгөөд 1995 оноос эхлээд 2161 төгрөг нэмж, 6617 төгрөг олгосон ба 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаар тушаалаар тэтгэврийг 30 хувиар нэмсэн буюу авах хэмжээ нь 5793 төгрөг байх ёстой байтал мөн л ажлын хариуцлагагүйгээсээ илүү нэмээд 2 дугаар сараас 5376 төгрөг болгон бууруулж олгосон. Энэ дүнгээр 7 дугаар сар хүртэл олгож байгаад 7 дугаар сараас 5616 төгрөг болгож дахин үндэслэлгүйгээр бууруулсан.

Энэ хугацаанд 1995 оны 6 дугаар сарын 22-нд Засгийн газрын 104 дүгээр тогтоол гарч тэтгэврийг 20 хувиар нэмсэн. Гэтэл 8 дугаар сард 8006 төгрөг олгосон боловч дахин буулгаж 9 дүгээр сараас эхлэн 6691 төгрөг олгож 11 дүгээр сараас 6851 болгож он дуусгасан зэргээр луйвардаж бууруулж байсан. Өнгөрсөн хугацаанд байнга энэ асуудлаар тухай бүрт нь очиж зарга үүсгэдэг байсан боловч ямар ч үр дүнгүй байсан ба өнөөг хүртэл шийдвэрлүүлж чадахгүй байна. Өнгөрсөн хугацаанд тэтгэврийн нэмэгдлийн талаар судалгаа түүвэр хийсэн. Улсын Нийгмийн даатгалын байцаагч Пунцагдаш нарын хэдэн байцаагчтай уулзахад Пунцагдаш таны оныг солиод 1974-1978 оныг сонгож тооцох ёстой гэсэн бөгөөд 2000 оны 5 дугаар сараас эхлэн 40487 төгрөг болгож олгосон.

Үүнийг би зөвшөөрөөгүй бөгөөд миний тооцоогоор дээрх 5 жилд 43562 төгрөг байх ёстой байсан. Би зөрүүгээ буруутай албан тушаалтнаас авна гэхээр дахин хянаж байгаад 43562 төгрөгийг 5 дугаар сараас олгосон бөгөөд зөрүүг нь тухайн үед нь нэмж олгосон. Гэхдээ Пунцагдашийн шийдвэрээр бол 1974-1978 оны хоорондох 5 жилд ногдох сарын дундаж цалин 86116 төгрөг болсонд маш их гомдолтой байна, одоо ч энэ хэвээрээ явсаар байна. Энэ тухайгаа мэргэжлийн хяналтын алба болон дүүргийн шүүхэд хандахад дүүргийн шүүхээс мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилоход уг үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн боловч Нийгмийн даатгалын хэлтэс алдаагаа засаагүй.

Түүнчлэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хандахад 5 жилийн дунджийг өөрчилсөн нь үндэслэлгүй, мөн цалингийн тодорхойлолтыг хуурамч гэж үзэн тэтгэврийг 190546 төгрөгөөр багасгаж тогтоосон байна. Иймд урьд тогтоосон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг дур мэдэн бууруулсан идэвхтэй хууль бус үйлдэл болон Засгийн газраас тогтоосон тэтгэврийн нэмэгдлүүдийг тухай бүрт нь тооцон олгоогүй зэрэг нь тодорхой эрх зүйн актгүй байхаас гадна захиргааны байгууллага албан тушаалтны ажилдаа хайнга болон зориуд санаатай хийсэн эдгээр хууль бус үйлдлийг шалган тогтоож, 1994 онд анх тогтоосон тэтгэврийг цаашид олгогдсон бүхий л нэмэгдлүүдийн хамт гаргуулж миний гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шинжилгээний үнэлгээний газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Л.Чулуунбаатарын улсад ажилласан хугацааг 32 жилээр, дундаж цалинг 1989-1994 оны 5 жилийн цалингаар тооцож тухайн үед мөрдөгдөж байсан Тэтгэврийн хуулийн дагуу 1994 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хүнд нөхцөлөөр хөнгөлттэй тэтгэвэр тогтоон, Засгийн газрын нэмэгдлүүдийг нэмэгдүүлэн олгож байсан байна.

Тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэвэр авагч Л.Чулуунбаатар нь: 2001 оны 4 дүгээр сард тэтгэврээ өөрчлөн тогтоолгох өргөдөл гарган нийслэлийн Архивын газрын 2000 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Барилга машин механизмын заводод жолооч ажилтай /овоггүй/ Чулуунбатын 1974-1978 оны цалингийн тодорхойлолтын архивын лавлагаагаар 2001 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс, 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мөн өргөдөл гарган 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Барилга машин механизмын баазын ажилчин Галсанцэвэл овогтой Чулуунбатын 1974-1978 оны цалингийн тодорхойлолтын архивын лавлагаагаар 2006 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс тус тус өөрчлөн тогтоолгож авчээ.

Мөн 2013 оны 9 дүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газарт гаргасан өргөдлийн дагуу тэтгэврийн хувийн хэргийг хянан шалгахад Л.Чулуунбаатарын хөдөлмөрийн дэвтэр, тэтгэвэр тогтоолгосон дундаж цалинг /цалин зөрүүтэй/-ийн тодорхойлолт, овог, нэр зөрүүтэй байсныг тодруулахаар нийслэлийн Архивын газарт албан бичгийг явуулсан. Нийслэлийн архивын газраас ирүүлсэн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2/3158, 2/3159 тоот архивын лавлагаа болон тодруулга хүргүүлэх тухай албан бичигт өмнө нь авч байсан архивын лавлагаануудын түүвэрлэсэн он ижил боловч цалин зөрүүтэй гарсан тухай бичгийг ирүүлсэн.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас дээрх асуудлыг нягтлан шалгаж шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасан бөгөөд өгсөн үүрэг даалгаврын дагуу Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын байцаагч П.Мөнгөнхуяг, О.Ууганбаатар, нийслэлийн Архивын газрын архивч О.Одбаяр нар архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Барилгын машин механизмын заводын 1974-1978 оны цалингийн баримт материалын үндэслэлийг шалгасан байна.

Цалингийн үндэслэлийг шалгаж, түүвэрлэн авсан цалингийн лавлагаа Нийслэлийн архивын газрын 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2/1057 дугаар албан бичгээр баталгаажуулан ирүүлэхэд тус цалингийн лавлагаа нь өмнөх 3 лавлагаануудаас зөрүүтэй гарсан. Иймд тухайн цалингийн тодорхойлолтын архивын лавлагаа нь үндэслэл муутай, цалин нь өмнөх лавлагаануудаас зөрүүтэй, тасралт ихтэй байгаа тул анх тэтгэвэр тогтоолгосон 1989-1994 оны цалингаар өөрчлөн тогтоож олгохоор Сонгинохайрхан дүүргийн Гомдлын шаардлагын зөвлөлийн 2014 оны 2 дугаар сарын 24-ний хурлаар шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Энхтөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Л.Чулуунбаатар нь анх 1994 оны 5 дугаар сард тухайн үед мөрдөгдөж байсан Тэтгэврийн хуулийн 10 дугаар зүйлд “нийтдээ 25-аас доошгүй жил, түүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан 50 насанд хүрсэн эрэгтэйчүүд” гэж заасны дагуу хүнд нөхцөлөөр, хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоолгон авсан байна.

Тэтгэвэр анх тогтоолгоход 57 настай, нийт ажилласан хугацаа 32 жил, хөдөлмөрийн хүнд нөхцөлд 13 жил ажилласнаар 1989-1994 оны хоорондох цалингийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон байна.

Түүнээс хойш Л.Чулуунбаатар нь 2001 оны 4 дүгээр сард тэтгэврээ өөрчлөн тогтоолгох хүсэлтээ нийслэлийн Нийгмийн даатгалын газарт гарган 2000 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нийслэлийн Архивын газраас гаргуулан авсан Барилга машин механизмын заводод жолооч ажилтай /овоггүй/ Чулуунбатын 1974-1978 оны цалингийн тодорхойлолтоор 2001 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс, 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өргөдөл хүсэлт гарган 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нийслэлийн Архивын газраас гаргуулан авсан Барилгын машин механизмын баазын жолооч Галсанцэвэл овогтой Чулуунбатын 1974-1978 онуудад авч байсан цалингийн лавлагаагаар 2006 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэврээ тус тус өөрчлөн тогтоолгож авчээ.

2013 оны 10 дугаар сард Л.Чулуунбаатар нь өөрийгөө 60 нас хүртэл ажиллах байсан, 57 насандаа тэтгэвэр гарсан тул ажиллаагүй 3 жил болох 1994, 1995, 1996 оны хугацааг “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулиар нөхөн тооцуулж тэтгэврээ нэмэгдүүлнэ хэмээн тус хэлтэст хандаж өргөдөл гаргасан байдаг. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт үнэлгээ, шинжилгээний газраас түүний гаргасан өргөдлийн дагуу тэтгэврийн хувийн хэргийг татан авч шалгаж үзээд Л.Чулуунбаатарын хувийн хэрэг, хөдөлмөрийн дэвтэр, тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингийн тодорхойлолт дээрх овог, нэр зөрүүтэй байгааг тодруулахаар нийслэлийн Архивын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт албан бичгүүдийг явуулсан.

Нийслэлийн Архивын газраас гаргаж ирүүлсэн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2/3158 дугаар болон Л.Чулуунбаатарт гаргаж өгсөн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2/3304 дугаар лавлагаанууд нь хоорондоо болон өмнө нь 2006, 2000 онуудад гаргаж өгсөн лавлагаануудын түүвэрлэсэн он нь ижил боловч цалингууд нь зөрүүтэй гарсан юм. Харин Үндэсний архивын газраас ирүүлсэн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн архивын 5013 дугаар магадалгаанаас үзэхэд дээрх Чулуунбат, Чулуунбаатарууд нь нэг хүн байх үндэстэй гэж үзсэн болно. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газраас дээрх асуудлыг өөрсдөө нягтлан судалж шийдвэрлэхийг манай хэлтэст даалгасан.

Л.Чулуунбаатарын тэтгэвэр тогтоолгосон Барилгын машин механизмын заводод ажиллаж байх хугацааны 1974-1978 оны цалингийн үндэслэлийг нийслэлийн Архивын газарт хадгалагдаж буй материалаас 2014 оны 1 дүгээр сарын 13, 14, 16-ны өдрүүдэд тус хэлтсийн хяналтын байцаагч П.Мөнгөнхуяг О.Ууганбаатар нар архивч О.Одбаярыг байлцуулан шүүж үзэхэд тухайн үед тус завод нь олон салбар хэсэгтэй Чулуунбат нэртэй ажилтан олон байсан.

Жишээлбэл автын 1 дүгээр хэсгийн Г.Чулуунбат, Д.Чулуунбат, эксковатарчин Б.Чулуунбат, Д.Чулуунбаатар, жолооч Ж.Чулуунбат зэргээр гарах ба цалингийн цэсэнд ажилтнуудын овог, овгийн үсгийг тодорхой бичээгүй цалин авсан ажилтнуудын гарын үсэг ойролцоо ялгагдах онцгой шинжгүй байсан бөгөөд Л.Чулуунбаатартай очиж уулзан яг аль хэсэг салбарт ажиллаж байсан, унаж байсан автомашины улсын дугаар зэргийг тодруулан асуусан ба тухайн хугацаанд /1974-1978/ онд тус заводод Чулуунбаатар нэртэй ажилтан ганцхан гарч байсан нь экскваторчин Д.Чулуунбаатар гэж хүн байсан байжээ.

Л.Чулуунбаатар гуайн хэлснээр өөрөө экскваторчин хийж байгаагүй гэх бөгөөд цалингийн цэсэнд Д.Чулуунбаатар гэж тодорхой бичсэн, цалин авсан хүн гарын үсэг зурахдаа овгоо тогтмол “Д” гэж эхлүүлэн зурж байснаас үзэхэд нийслэлийн Архивын газрын 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2/3304 тоот албан бичгээр өөрт нь гарган өгсөн Лувсан овогтой Чулуунбаатарын 1974, 1976 оны цалингийн лавлагаа нь үндэслэл муутай байна. Учир нь эксковаторчин Д.Чулуунбаатарын цалинг түүвэрлэн авсан байв.

Мөн Л.Чулуунбаатар нь тухайн үед албан ёсоор Чулуунбаатар нэрээр ажиллаж, цалин хөлс бодогдон гарч байгаагүй нь тус заводын цалингийн материалуудад ганцхан эксковаторчин Д.Чулуунбаатар гэж хүн гарч байгаа болон Г.Чулуунбат, Д.Чулуунбаатар хоёр нь хоёр өөр хэсэгт зэрэг ажиллан цалин хөлс бодогдон гарч байснаар нотлогдож байна. Нийслэлийн Архивын газрын 2000 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн лавлагаа нь яг аль Чулуунбатын цалинг ямар нотолгоогоор түүвэрлэн авсан нь тодорхойгүй байна.

2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр болон 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Галсанцэвэл овогтой Чулуунбатын гэж гаргасан лавлагаанууд нь 2006 оных нь бүхэлдээ 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн лавлагааны 1977, 1978 онуудын цалин нь эксковаторчин Б.Чулуунбатын цалинг түүвэрлэсэн байв. Харин 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2/3158 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагааны 1974, 1975, 1976 онуудын цалингийн лавлагаа нь автын 1 дүгээр хэсгийн жолооч, цалингийн цэсэнд Г.Чулуунбат гэж бичигдсэн, тухайн үед 87-58 улсын дугаартай /өөрийнх нь хэлснээр/ автомашины жолооч, гарын үсгийн хэлбэр зэргээр түүвэрлэн авсан бидний цалингийн түүвэртэй таарч байв.

1977, 1978 онуудын материалд автын 2 дугаар хэсгийн, Бүрнээгийн бригадын гэсэн 2 жолооч Чулуунбат гарч байгаа ба Л.Чулуунбаатар гуайн хэлснээр бригадад ажиллаж байгаагүй гэсний дагуу автын 2 дугаар хэсгийн жолооч Чулуунбатын цалинг

түүвэрлэн авсан болно. Учир дээрх онуудад өмнөх автомашины дугаарууд гарахаа больсон, ажилтны овог, нэр бүр бичихээ больсон, зарим саруудад Чулуунбат нэрээр цалин огт гараагүй зэргээр түүвэрлэн авахад хүндрэлтэй байв. Бидний түүвэрлэн авсан цалингийн лавлагааг нийслэлийн Архивын 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2/1057 дугаар албан бичгээр баталгаажуулан ирүүлсэн болно.

Уг лавлагаа нь үндэслэл муутай, цалин өмнөх лавлагаануудаас бага, дундаа тасралт ихтэй байсан болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн бичиг Л.Чулуунбаатар гуайн хүсэлт зэргийг үндэслэн хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлийн 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар Л.Чулуунбаатарын тэтгэврийг анх тэтгэвэр тогтоолгосон 1989 оны 4 дүгээр сараас 1994 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны 60 сарын дунджаар өөрчлөн тогтоож 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэсэн болно гэжээ.

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 543 дугаар шийдвэрээр БНМАУ-ын Тэтгэврийн тухай хуулийн /1990 он/ 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Чулуунбаатарын “Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан Тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг дур мэдэн бууруулсан Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хууль бус үйлдэл болон Засгийн газраас тогтоосон тэтгэврийн нэмэгдлүүдийг тухай бүрт олгоогүй хууль бус үйлдлийг тогтоож, 1994 онд анх тогтоосон тэтгэврийг бүхий л нэмэгдлүүдийн хамт нөхөн гаргуулахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 545 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 543 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

 

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шинжилгээний үнэлгээний газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Магадлалын хянавал хэсэгт: 1. Нэхэмжлэгч анх 1989-1994 оны хоорондох цалингийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон бөгөөд энэ нь хэрэг авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байдаг.

2. Нэхэмжлэгч Л.Чулуунбаатар нь Нийгмийн даатгалын байгууллагад тэтгэврийн асуудлаар хэрхэн хандаж байсан нь тодорхойгүй гэжээ. Гэтэл Л.Чулуунбаатарыг урьд нь Нийгмийн даатгалын байгууллагад хандаж байсан тухай хариуцагчийн бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон байгааг анхаарч үзсэнгүй.

3. Харин шүүх нэхэмжлэлийн тус шаардлагын талаар дүгнэлт хийхдээ хавтаст хэрэгт авагдсан аль байгууллага, албан тушаалтнаас гаргаж өгсөн нь үл мэгдэх, огноо, тамга, тэмдэг, гарын үсэггүй, ойлгомжгүй, замбараагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг зааж гэжээ. Хариуцагчийн шүүхэд гаргасан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан шаардлагыг хангаж явуулсан “хуулбар үнэн” тэмдэгтэй, гарын үсэгтэй, огноо дугаартай байсан нотлох баримтууд байгааг шүүх анзаарч үзсэнгүй.

Хэдийгээр тухайн дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоолд дугаар байхгүй боловч огноо, гарын үсэг тамга тэмдэгтэй, утга агуулга нь ойлгомжтой хэрэгт ач холбогдол бүхий баримт байсан болно.

4. Хариуцагч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан үүргээ хангалттай биелүүлээгүй гэсэн боловч үүнийг нотолж чадаагүй байх бөгөөд дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан үүрэг нь нэхэмжлэгчийн хүлээх үүргийн тухай зохицуулалтыг хариуцагчид хамааруулж авч үзсэн байна.

5. Магадлалын 9 дүгээр хуудасны дороос 6 дахь мөрний эхлэл “Тодруулбал” гэж эхэлж байгаа өгүүлбэр маш ойлгомжгүй, утга авцалдаа муутай байгаа нь хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүйг харуулж байна.                                 

6. Магадлалын 11 дүгээр хуудас бүхэлдээ ойлгомжгүй байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой байхад баахан ойлгомжгүй “эсэх” гэдэг үгийг удаа дараа оруулж, өгүүлбэрийн утга санаа нь бүрэн илрээгүй байгаа нь хэргийг бүх талаас нь үнэн хянаж үзээгүйг харуулж байна.

7. Нэхэмжлэгч Л.Чулуунбаатарын тэтгэврийг анх тэтгэвэр тогтоолгосон 1989 оны 4 дүгээр сараас 1994 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны 60 сарын дунджаар өөрчлөн тогтоож, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байтал 10 дугаар хуудсанд нэхэмжлэлийн “1994 онд анх тогтоосон тэтгэврийг…нөхөн гаргуулахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах” гэсэн шаардлагыг огт шийдвэрлэлгүй орхигдуулсан гэж дүгнэсэн байгаа нь нотлох баримтыг бүрэн шинжлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Л.Чулуунбаатарын нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Л.Чулуунбаатар нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шинжилгээний газрын дарга Н.Ариунаа болон Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Энхтөр, улсын байцаагч Н.Туяа нарт холбогдуулан “урьд тогтоосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг дур мэдэн бууруулсан идэвхтэй хууль бус үйлдэл болон Засгийн газраас тогтоосон тэтгэврийн нэмэгдлүүдийг тухай бүрт нь тооцон олгоогүй зэрэг нь тодорхой эрх зүйн актгүй байхаас гадна захиргааны байгууллага, албан тушаалтны ажилдаа хайнга болон зориуд санаатай хийсэн эдгээр хууль бус үйлдлийг шалган тогтоож, 1994 онд анх тогтоосон тэтгэврийг цаашид олгогдсон бүхий л нэмэгдлүүдийн хамт гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл  гаргажээ.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “1994 онд анх тогтоолгосон тэтгэврээс хойших хугацаанд олгогдсон Засгийн газрын тогтоолуудын дагуу бүх нэмэгдлүүдийг гаргуулах” гэж, давж заалдах гомдолдоо “миний бие анхнаасаа 1989-1994 оны хоорондын 5 жилийн хугацаанаас тооцуулан тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байсан, Нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр гомдол гаргаж байсан шалтгаан нь тэтгэврийн тооцооллыг буруу хийсэнтэй холбоотой, архивын лавлагааг Нийгмийн даатгалын байгууллага нарийвчлан шалгалгүй миний тэтгэврийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулсныг би мэдэхгүй, иймээс 1989-1994 оны дунджаас тооцолгүй, өөр бусад онуудыг оруулан тооцож тэтгэврийн хэмжээг өөрчилж байсан хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгон, хохиролгүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэж бичсэн байна.

Л.Чулуунбаатар нь 1994 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо, тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг 1989-1994 онуудын цалингаас тооцуулсан, дараа нь 1974-1978 онуудын цалингийн лавлагаагаар 2001 оны 5 дугаар сарын 01, 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс тус тус 2 удаа шинэчлэн тогтоолгосон, “анх сонгосон оныг сольж, тэтгэврийн хэмжээг өөрчлөх үндэслэлгүй” гэж Нийгмийн даатгалын байгууллага үзэж 1989-1994 онуудын цалингийн лавлагаагаар тооцож, тэтгэврийг нь өөрчилсөнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан, анхан шатны шүүх эдгээр баримтуудыг үнэлж, “1989-1994 онуудын цалингийн лавлагаагаар өөрчлөн тогтоохоор шийдвэрлэсэн хариуцагчийн үйлдлийг хууль ёсны гэж дүгнэж, тэтгэвэр тэтгэмжийг дур мэдэн бууруулсан болон Засгийн газраас тогтоосон тэтгэврийн нэмэгдлүүдийг олгоогүй хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох... зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Эндээс үзвэл нэхэмжлэгч ямар шаардлага гаргасан, шүүхэд хандах болсон бодит нөхцөл, түүний шаардлагын учир шалтгаан тодорхойгүй байхад үүнийг анхан шатны шүүх тодруулалгүйгээр хэрэг үүсгэж, захиргааны ямар актын талаар юуг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлд зайлшгүй тусгагдах Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангуулж, хэлэлцэж буй эрх зүйн маргаанд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг  шийдвэрлэх шаардлагатай байна.

Хэрэгт Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн нэр бүхий хүмүүст холбогдох 2005, 2015 оны Үндэсний төв  архивын лавлагаанууд, Р.Цанин гэдэг хүний талаарх Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, түүнийг цагаатгасан тухай Дээд шүүхийн 1992 оны магадлал, хүү Ч.Чулуунгэрэлээр тэжээн тэтгүүлэхийг хүссэн Л.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн талаар гаргасан Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны шийдвэр авагджээ.

Эдгээр баримт нь нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлыг тогтооход ач холбогдолтой биш, тухайн хэрэгт хамааралгүй байх тул шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8-д зааснаар шийдвэрлэх шаардлагатай.

Дээрх байдлыг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 545 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.   

     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

 

      ШҮҮГЧ                                                                             Ч.ТУНГАЛАГ