Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01310

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01310

 

 

 

АХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/01276 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч АХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч АЖТ ХХК-д холбогдуулан 22 348 800 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хэлцэл хүчин төгөлдөрт тооцуулах, хохиролд 20 725 130 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: АЖТ ХХК нь шинэ нисэх онгоцны буудалд супермаркетын зориулалтаар талбай түрээслэхээр эзэмшигч НУ ХХК-тай харилцан тохиролцсон бөгөөд АЖТ ХХК-ийн төлөвлөж байсан супермаркет дотор 116,4 м.кв талбайд нэхэмжлэгч ..... нэрийн бүтээгдэхүүнээ худалдан борлуулахаар талбай дамжуулан түрээслэхээр тус компанийн удирдах албан тушаалтантай эхний яриа хэлэлцээрийг хийснээс хойш супермаркет, бэйкери дэлгүүрийн ажлын төлөвлөгөө, хуваарь зэргийн талаар цахим шуудангаар саналаа солилцож байсан. НУЭХХК нь түрээсийн барьцаа төлбөр нэхэмжилсний дагуу АЖТ ХХК нэхэмжлэгчийн дамжуулан түрээслэх талбайд ногдох 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 22 348 800 төгрөгийг урьдчилан төлүүлэх 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 150 тоот нэхэмжлэх хүргүүлсэн. Дээрх нэхэмжлэхийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчийн ХХБ хххх тоот харилцах дансанд 22 348 800 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр АЖТ ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрөөр огноолсон Түрээсийн захиалгын гэрээний төслийг цахим шуудангаар илгээсэн.

Гэрээний төсөлтэй танилцахад түрээслүүлэгч тал нэхэмжлэгч хөрөнгө оруулалтыг хамгаалах заалт нөхцөл гэрээнд байхгүй, гэрээний нөхцөл нь нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцэхгүй байсан. Улмаар түрээсийн талбай, гадна хаяг, лого, хэмжээ зэрэг нь БНСУ-ын  компанийн ........ бэйкери салбарт тавигдах үндсэн шаардлагыг түрээсийн талбай хангахгүй нөхцөл байдал илэрсэн тул АЖТ ХХК-иас ирүүлсэн түрээсийн захиалгын гэрээнд гарын үсэг зурахаас татгалзаж, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж хамтарч ажиллахаас татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Түрээсийн гэрээ байгуулагдаагүй тул түрээсийн барьцаа төлбөрт шилжүүлсэн 22 348 800 төгрөгийг буцаан нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: НУЭХХК-ийн удирдлагуудтай 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн уулзалтаар талууд супермаркет дангаар байсан гэрээнд бейкери нэмэхээр тохиролцож түрээсийн захиалгын гэрээ байгуулсан. Уг уулзалт дээр Д.А захирал АХХК-ийн нэр дээр түрээсийн захиалгын гэрээг тусад нь байгуулах хүсэлтээ илэрхийлсэн боловч НУЭХХК зөвшөөрөөгүй. Хариуцагч АХХК-ийн өмнөөс 6 сарын түрээстэй тэнцэх хэмжээний барьцаа төлсөн. Уг барьцаа нь гэрээ цуцалсан нөхцөлд буцаагдахгүй гэсэн заалттай байсныг Б.А захирал маш сайн танилцаж, түүний зөвшөөрлөөр бид гэрээг үзэглэсэн. Уг хэлцэл нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасан хүчин төгөлдөр.

АХХК-д 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр түрээсийн захиалгын гэрээний төслийг цахим шуудангаар илгээж, мөн өдрөө баталгаажуулж ирүүлэхийг мэдэгдсэн боловч гэрээг баталгаажуулж ирүүлээгүй нь хариуцагч талаас шалтгаалаагүй. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр АХХК-иас талбай түрээслэх боломжгүй гэх албан бичиг ирүүлсэн бөгөөд төв оффисоос зөвшөөрөөгүй, үндсэн концепцийн шийдэл хангахгүй байна гэж тайлбарладаг. Анх АХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Н гэх хүн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хэлэлцээрт танайтай гэрээ хийгдэхгүй гэдгийг мэдсэн мөртлөө би гэрээгүй ч гэсэн хөрөнгө оруулалт хийнэ, маш их хэмжээний хөрөнгө гаргана гэж хэлсэн яриа бичлэг нь хүртэл байдаг. Дүгнэвэл нэхэмжлэгч нь анх гэрээ хийгдэхгүй гэдгийг мэдэж байсан, гэрээ хийгдэхгүй гэдгийг мэдсэн хэрнээ өөрөө хүсэж барьцаа мөнгийг шилжүүлж энэ харилцаанд орсон. Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. АХХК төслөөс татгалзсантай холбоотой манайд дараах хохирол учирсан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: АХХК төслөөс татгалзсантай холбоотой өөр харилцагчийг олоход нэмэлт ажил, хугацааг зарцуулж, төслийн ажил хойшилсон. Жүр үр ХХК нь манайх байгууллагатай хамтран төсөлд орохоор болсон тул зураг төслийн ажилд өөрчлөлт орж бид богино хугацаанд өндөр үнээр зураг төслийг зуруулах шаардлагатай болсон. 7 296 818 төгрөгийг зураг төслийн компанид нэмэлтээр төлсөн.  Мөн АХХК нь тохиролцсон хэлцлээ үгүйсгэж төслөөс гарсаны улмаас нэмэлт зардлууд гарсан. Дахин хамтрагч хайх ажилд томилогдсон бизнес хөгжлийн газрын ахлах менежер О.Н цалин 2 605 615 төгрөг, дизайнер Ш.Б цалин 1 600 370 төгрөг, төсөл хариуцсан менежер Ц.М цалин 1 772 727 төгрөг, 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 7 449 600 төгрөг 116,4м2 /талбайн хэмжээ х 64,000 / 1м2 түрээсийн үнэ 7 449 600 төгрөг, СС ХХК /зургийн компани/-ийн нэмэлт зардал 7 296 818 төгрөг, нийт 20 725 130 төгрөгийн хохирол учирсныг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад өөр харилцагчийг олоход нэмэлт хугацаа зарцуулж, төслийн ажил хойшлогдсон, ЖҮ компанитай хамтран ажиллах болсноор зураг төслийн ажилд өөрчлөлт орсон гэдэг. Гэтэл бодит үйл баримтын хувьд манай компанид зориулаад зураг зуруулсан гээд өгсөн зүйл байхгүй. Харин бид өөрсдөө анх сонгон шалгаруулалтад орохдоо 116 м.кв талбайн зургийг Солонгос компаниар зуруулан өргөдөлтэйгөө хавсарган өгсөн байдаг юм. Гэтэл 04 дүгээр сарын 07-ны өдөр СС ХХК-д урьдчилгаа төлбөр гэж 14 000 000 төгрөг шилжүүлсэн гэдэг. Гэрээний урьдчилгаа гэдэг бол ажил эхлэхээс өмнө төлдөг мөнгө байдаг. Гэтэл гэрээний асуудлаас хойш зураг төсөл хийлгүүлсэн гээд нэхэмжлээд байгаа төлбөр манайд огт хамаагүй. Дизайнер, төсөл хариуцсан ажилтан зэрэг хүмүүсийн цалин гэж нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтыг үзвэл н.Б, н.М гэдэг хүмүүс бол АЖК ХХК-ийн ажилчид байгаа. Энэ бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар харагдана. Цалингийн дэлгэрэнгүйг харвал АЖК ХХК-д ажилласан хүмүүс АЖТ ХХК-д ажил гүйцэтгэсэн гэдэг гэрээ байхгүй, мөн цалингийн дэлгэрэнгүй хүснэгтээс харвал Ш.Б, н.М гэсэн ажилтныг харвал тип гээд бичсэн байдаг. Тэгэхээр энэ хүмүүс яг ажил гүйцэтгээд хөдөлмөрийн гэрээнээс гадуур үндсэн ажил үүргээс гадна ямар ажил гүйцэтгэсэн гэдэг нотлох баримт хэрэгт байхгүй. Мөн н.Н гэдэг ажилтны хувьд яг аль компанид ажилладаг нь тодорхойгүй. Цалингийн дэлгэрэнгүйг харвал илүү цагийн нэмэгдэл 218 000, 460 000 төгрөгийг бичсэн байгаа. Гэхдээ эдгээр ажилчдыг гэрээ байгуулан ажилласан гэдгийг нотлох баримтгүй. Бодит зардлыг нэхэмжлэх шалтгаант холбоог нотолсон баримтуудыг өгөөгүй учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч АЖТ ХХК-иас нийт 22 348 800 /хорин хоёр сая гурван зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АХХК-д олгож,  Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч АЖТ ХХК-ийн хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулах, гэрээ цуцалснаас учирсан хохиролд 20 725 130 /хорин сая долоон зуун хорин таван мянга нэг зуун гуч/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч АХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269 694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АЖТ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261 576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АЖТ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 269 694 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч шинэ олон улсын нисэх онгоцны буудалд талбай түрээслэх талаар хэлцэл хийж талууд үүрэг хүлээсэн. АХХК нь хэлцлийн дагуу үүргээ биелүүлж барьцаа төлбөрийн 50 хувь болох 22 348 800 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай компанид шилжүүлсэн. Харин манай компани нэхэмжлэгчийн өмнөөс 116.4 м.кв талбайд оногдох барьцаа төлбөр 22 348 800 төгрөгийг өөрийн барьцаа төлбөрийн хамт НУЭХХК-д шилжүүлсэн нь дээрх хэлцэл хүчин төгөлдөр бөгөөд талуудын хооронд үүрэг үүссэн. Гэтэл анхан шатны шүүх хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцоогүй талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдлыг үнэн зөв дүгнээгүй.

АXXK нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн талбай нь нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагааны үндсэн шаардлагад нийцэхгүй байна бид хамтран ажиллахаас татгалзаж байна гэсэн мэдэгдлийг цахим шуудангаар ирүүлсэн. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрээг үзэглэхээс өмнө АХХК түүний захирал Д.Ариунбат нь түрээсийн талбайд очиж нүд үзэж танилцсан бөгөөд интерьер дизайны зургийн төслийг хүртэл хийлгэсэн байгаа юм. Тиймээс шаардлага хангахгүй гэсэн нь ямар ч үндэслэлгүй юм. Нэгэнт нэхэмжлэгч тал хийсэн хэлцлээсээ буцсан учраас бидэнд маш их нэмэлт ажил зардал хүндрэл учирсан. Дараагийн харилцагчаа олох шинэ харилцагчтайгаа интерьер дизайны зургийг эхнээс нь зөвшилцөх зургийг яаралтай захиалан хийлгэх ажилчид оройн цагаар нэмэлтээр ажиллах гэх мэт. Гэтэл нэхэмжлэгч тал энэ бүх чирэгдэл хохирлыг мэдсээр байж үл тоомсорлон ямар ч хохирол учруулаагүй хохироогоогүй мэтээр тайлбарлаж шүүх түүнийг нь хүлээн авч шийдвэрлэсэнд гомдолтой. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч АХХК хариуцагч АЖТ ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээ байгуулагдаагүй тул түрээсийн барьцаа төлбөрт шилжүүлсэн 22 348 800 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулах, яаралтайгаар хийгдсэн зураг төслийн төлбөр 7 296 518 төгрөг, төсөл дээр ажилласан н.Н, н.Б, н.М нарын цалин, нэхэмжлэгчийн буруугаас хэлцлээс татгалзаж байгаа тул нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх төлбөр нийт 20 725 130 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. /хх 1, 54-55/

Талууд дамжуулан түрээслэх гэрээ байгуулахаар урьдчилан санал солилцож байсан боловч гэрээ байгуулагдаагүй, 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 22 348 800 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр АЖТ ХХК-ийн ХХБ ххххх тоот дансанд шилжүүлсэн үйл баримтын хувьд маргаангүй.

Хариуцагч гэрээнд гарын үсэг зурагдаагүй үйл баримтыг үгүйсгээгүй боловч гэрээ байгуулагдаагүйд нэхэмжлэгч буруутай, нэхэмжлэгчийн буруугаас нэмэлт зардал гаргаж хохирсон гэж маргажээ./хх 26-27/

АЖТ ХХК нь шинэ нисэх онгоцны буудлын талбайд үйл ажиллагаа явуулахаар өрсөлдөн ялагч болсон үйл баримтын хувьд талууд маргаангүй.

АЖТ ХХК-ийн түрээслэхээр төлөвлөж байсан супермаркет дотор 116,4м2 талбайд нэхэмжлэгч ...... нэрийн бүтээгдэхүүнээ худалдан борлуулахаар талбай дамжуулан түрээслэхээр ярилцсан үйл баримтын хувьд талууд маргаангүй.

Улмаар 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр АЖТ ХХК-иас түрээсийн захиалгын гэрээний төслийг цахим шуудангаар нэхэмжлэгчид илгээсэн боловч нэхэмжлэгч гэрээний саналыг хүлээн аваагүй, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж хамтарч ажиллахаас татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон. /хх 12-14, 15/

Түрээсийн гэрээг байгуулах саналыг хүлээн авахаас татгалзсан шалтгаанаа нэхэмжлэгч Түрээсийн талбай, гадна хаяг лого хэмжээ зэрэг нь БНСУ-ын  компанийн ..... бэйкери салбарт тавигдах үндсэн шаардлагыг хангахгүй нөхцөл байдал илэрсэн гэж тайлбарлажээ. /хх 1/

Талууд түрээсийн гэрээ байгуулагдаагүйд нэхэмжлэгч буруутай эсэх, нэхэмжлэгчийн буруугаас хариуцагчид хохирол учирсан эсэх асуудлаар маргажээ. /хх 54-55, 129-133/

Анхан шатны шүүх маргаантай асуудлыг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Өөрөөр хэлвэл ........ нэрийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах шаардлагад нийцсэн хөрөнгө санал болгосон гэх байдлаа хариуцагч нотлоогүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд энэ хуулийн 318.3 дах хэсэг заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байх юм. Талууд амаар болон бичгээр гэрээ байгуулаагүй.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар байгуулагдсанд тооцох юм.

Тухайн хэрэгт гэрээ байгуулах санал гарсан боловч нөгөө тал гол нөхцөлийн хувьд зөвшөөрөөгүй, саналыг хүлээж аваагүй тул талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх заалтад зааснаар хариуцагчаас түрээсийн төлбөр барьцаа гэх 22 348 800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2 дах хэсэгт зааснаар гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд энэ хуулийн 186 дугаар зүйлд заасан үүрэг үүсч болно. Гэвч хэргийн баримтаас нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнө хууль буюу гэрээгээр ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг хүлээсэн гэх байдал тогтоогдоогүй. Мөн Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.3 дах хэсэгт заасан хэлэлцээний явцад аль нэг талын хайхрамжгүй үйлдлээс болж гэрээг байгуулаагүй бол хэлэлцээ хийхтэй холбогдон гарсан зардлыг хайхрамжгүй хандсан тал нөгөө талд нөхөн төлөх үүрэг үүсч болно гэж зааснаар нэхэмжлэгчийн хайхрамжгүй үйлдлээс болж гэрээг байгуулаагүй гэх байдал тогтоогдоогүй.

 

Иймд хариуцагчид учирсан гэх хохирлыг нэхэмжлэгч хариуцах үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хариуцагчийн Гэрээнээс татгалзахад хариуцагч буруугүй, үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсанаас болж хохирол учирсан гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь татгалзах гэдэг ойлголт нь хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээнд хэрэглэгддэг ойлголт юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан талууд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр НУЭХХК-ийн байранд шинэ олон улсын нисэх онгоцны буудалд талбай түрээслэх талаар хэлцэл хийж талууд үүрэг хүлээсэнгэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ. Тодруулж тайлбарлахад бичгээр байгуулвал зохих түрээсийн гэрээний хувьд талууд гол нөхцөл болсон нэхэмжлэгчийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх талаар тохиролцоонд хүрсэн, нэг бичиг баримт үйлдэн гарын үсэг зурснаар үүрэг үүсэх юм. Нэгэнт үүрэг үүсээгүй тул хохирол учирсан гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/01276 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 695 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД