Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01271

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01271

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/01275 дугаар шийдвэртэй

Д.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч В ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, дутуу төлсөн цалин гаргуулах, хариуцагчийн зүгээс албан бичгээр уучлал хүсэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Нармандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ундраа, түүний өмгөөлөгч Л.Энхбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус нэхэмжлэлийн хариуцагч В ХХК нь Өмнөговь аймагт байрлах Эрдэнэс Таван Толгой ХК-ийн нүүрсний ил уурхай /Цанхийн баруун/-д олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа ТТО Түншлэлийн Овоот Толгой Ресурсэс ХХК-ийн хүнд даацын Белаз авто самосвалын засвар болон угсралтын үйл ажиллагааг хариуцагч гэрээт туслан гүйцэтгэгч компани юм.

ЮБМ-В ХХК/ОТР-ын Белаз машины засварын ажил хариуцагч гэрээт туслан гүйцэтгэгч компани Д.Б 2020 оны 10 дугаар сарын 28-нд В ХХК-ийн удирдах түвшний хүмүүстэй /Ерөнхий захирал: Слободский Леонид Яковлович, Ерөнхий захирлын техникийн асуудал хариуцсан орлогч Шугля Максим Вадимович, Хүний нөөцийн менежер А.Ундраа/ уулзаж ээлжийн мастер гэсэн албан тушаалд ажиллахаар тохиролцсон.

Би анх ажилд орсон өдөр томилолт авч Өмнөговь аймгийн Цогт-Цэций сум явах хот хоорондын зорчигч тээврийн автобусаар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тухайн ээлжийн хэсэг ажилчид/ээлжийн ахлах механик Төрболд, диспетчер Эрдэнэмөнх, нярав Баттулга/-тай явсан бөгөөд тэр оройдоо ОТР компанийн ажилчдын кемпд очсон. Энэхүү замд явсан хоногийг компанийн зүгээс ажлын 8-н цагаар тооцон цалин боддог гэдгийг ажиллах хугацаандаа мэдэж авсан.

Маргааш өглөө нь 06 цагт ажил эхэлж шинэ хүн миний бие эхний өдөр ээлж хүлээлгэн өгч байгаа холбогдох хүмүүстэй танилцаж ажлын анхан шатны мэдээлэлтэй зах зухаас нь танилцсан. Орой 18 цагт ажил буухаас өмнө ХАБ-ын ажилтны зүгээс ЭТТ компанийн ХАБ /Хөдөлмөрийн Аюулгүй Байдал/-ын сургалтад сууж байж уурхайн талбайд ажиллах эрх үүснэ хэмээн дараагийн өдөр ажиллах боломжгүй хэмээн мэдэгдсэн. Үүнийг сонссон миний бие уурхайн ХАБ-ын дүрэм, журам нэн түрүүнд гэдгийг ойлгон ажилчдын амрах байр буюу кемпд 3 хоног тус сургалтад хамрагдах хугацааг хүлээсэн. ЭТТ компанийн ХАБ-ын сургалт нь 2 дахь болон 5 дахь өдөр болдог хуваарьтай тул миний бие 2020 оны 11 сарын 03-ны өдөр дээрх сургалтад суусан бөгөөд мөн ТТОТүншлэлийн ХАБ-ын сургалт, ОТР компанийн кемпийн сургалтад сууж үндсэн ажпаа хийх эрхтэй болсон.

Миний бие үйлдвэрийн осол гарах, хүний амь эрсдэхээс сэргийлж, гүйцэтгэх захирлын орлогчийн хууль бус үндэслэлгүй шийдвэрийг биелүүлээгүй нь намайг ажлаас түдгэлзүүлэх, цаашид ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөх шалтгаан болсон.

2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ажлаас түр түдгэлзүүлэх тухай 011/013 тоот тушаалыг албан мэйл-ээр хүлээн аваад халагдах тушаал авсантай адил санагдсан. Энэ нь ч 2020 оны 12 сарын 30-ны өдрийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 012/55 тоот тушаалаар баталгаажсан юм. Яагаад гэвэл миний бие Улаанбаатар хотод 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ирсэн бөгөөд улсын хэмжээний хөл хорионы дэглэмийн үед оффис дээр очиж Шугля М.В-тай уулзаж асуудлаа тодорхой болгохоор хүний нөөцийн менежер А.Ундраатай гурван ч удаа утсаар ярьж, уулзалтын цаг тохирох хүсэлт тавьсан боловч цаг зав болон нөхцөл болохгүй байна гэсэн шалтгаанаар нэг ч уулзалтыг хийлгүйгээр үл барам шуудангаар надад ажлаас чөлөөлөгдөх тушаалыг хүргүүлсэн.

Дээрх түдгэлзүүлэх тушаал гарсан тул ХАБ-ын ажилтан болон миний бие өөрсдийн амрах байранд буюу ОТР-ын кемпд байрлаж эхэлсэн. Учир нь улсын хэмжээнд Ковидтой холбоотой өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хот хооронд зорчих боломж байхгүй болсон тул компанийн зүгээс Улаанбаатар хот руу хэзээ, ямар унаагаар, яаж явах шийдвэрийг хүлээсэн. Миний бие зүгээр суулгүй өөрийн зүгээс 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 5-н зүйлтэй албан тайлбарыг бэлтгэн гаргаж компанийн бүхий л холбогдох албан тушаалтан нарт өөрийн мэйл хаягаас хүргүүлсэн. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дахин бичгээр 3-н зүйл бүхий тодруулга хүртэл явуулсан. Үүний үр дүн маш хурдан гарч, Шугля М.В нэг өдрийн дотор надад орос хэл дээр хариу мэйл явуулсан. Уг хариу мэйлд хүний нөөцийн менежер хариулт өгөх асуулт байсан ч огт хариулаагүй.

Улсын хэмжээний хөл хорионы дэглэмийн үед компанийн зүгээс Улаанбаатар хотод ирж асуудал шийдэх шийдвэр гарган ажлаас түдгэлзүүлсэн тушаал гаргаад ажилтныг хохироож цалинг нь сул зогсолтоор цалинжуулан амыг нь таглаж дарамталсан. Үүнийгээ баталгаажуулсан албан мэйл-ээр харьцсан захианаас харж болно. Тэгсэн мөртлөө ЭТТ ХК-ийн ХАБ-ын ээлжилт шалгалтаар ээлжийн мастергүйгээр уурхайн талбайд үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлэн ЮБМ компанийн үйл ажиллагааг уурхайн талбайд явуулахыг түр зогсоосон шийдвэр гарсан тохиолдол болоход бэлэн байгаа ажил үүрэг хүлээсэн албан тушаалтан нь байсаар байтал дотоодоосоо өөр хүнийг шууд ээлжийн мастераар томилсон.

Байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах ёстой байдаг. Миний ажиллаж байсан ажлын байр нь ээлжийн мастер албан тушаал бөгөөд хуулийн дагуу хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах ёстой байсан. Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 231.3 дахь заалтад Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно гэж заасан байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн байх тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү.

Би томилолт аван Өмнөговь аймаг руу явсан хугацаа буюу 2020 оны 10 дугаар сарын 30-наас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хөдөө орон нутагт ажилласан хугацааны нийт цагийн бүртгэлийг санхүүгийн албанаас гаргаж өгсөн. Дээр дурдсанаар замд явсан хоногийг ажлын 8 цагаар, уурхайн бүсэд ажилласан хоногийг өдрийн 11 цагаар тооцдог. Ингээд бодоход цагийн бүртгэлээрээ миний нийт зам хоногийн цаг/явах, ирэх/8 цаг*2 өдөр=16 цаг, нийт ажилласан цаг 11 цаг*31 хоног=341 цаг миний тооцоогоор бүхэлдээ компаниас бодох нийлбэр цаг нь 356 цаг болно. Гэтэл компанийн санхүүгээс миний ажилласан хугацааны нийт 3 сарын хугацаанд бодогдсон цалингийн хүснэгтээс тооцоход миний нийт ажилласан цагийн дүн нь 183 цаг байна. Эндээс тооцон үзэхэд 356 цаг -183цаг=173 цагийн цалин огт бодогдоогүй гэж миний зүгээс үзэж байна. Гэтэл үүнийг нуун дарагдуулахын тулд Улаанбаатар хотод миний бие ирснээс хойш Шугля М.В-той уулзаж асуудлыг шидүүлэлгүйгээр хугацаа хожиж ажлаас чөлөөлөх тушаал гаргаж 2020 оны 11-р сарын цалинг бодохдоо 11-р сарын бүртгэлд миний урамшуулал цалин бүтэн хасаад оронд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтаар сул зогсолтын олговор 60%-иар тооцон цалинг бодсон байдаг. Үүнд нь дүгнэлт хийхэд: 11-р сарын урамшуулал цалинг бүтэн хассан тушаал шийдвэр байхгүй. Надад үүнийгээ танилцуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 47, 48 зүйл, 21.1.3 заалтыг зөрчсөн, хэрвээ цалингийн арга хэмжээ авч байгаа юм бол дээр дурдсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2 заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Хэрвээ цалингийн буюу сахилгын шийтгэл ногдуулсан юм бол яагаад ажлаас чөлөөлөх тушаал нэг талын санаачилгаар гаргаж байгаа юм бэ! Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Дээр дурдсанаар миний бие 2020 оны 10 дугаар сарын 30-наас 2020 оны 12 дугаар сарын 01-ний хооронд ажлын томилолтоор уурхайн бүсэд 31 хоног ажилласан гэж үзэж байгаа болно. Нэгдүгээрт ажил олгогчийн санаачилгаар ажлаас түдгэлзүүлсэн компанийн зүгээс гарсан шийдвэр. Хоёрдугаарт ажлаас түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор гаргах асуудлыг харилцан зөвшилцөж ойлголцолд хүрээгүй тохиолдолд миний бие ээлжийн мастер албан тушаалын цалин хөлсийг авах үндэслэлтэй гэж үзэж байна. Гуравдугаар Форсмажор буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас миний бие Улаанбаатар хот руу явах боломжгүй байсан. Компанийн зүгээс УБ хот руу намайг татах ямар ч боломж олоогүй бөгөөд миний бие Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын Онцгой комист УБ хот руу явах зөвшөөрөл хүссэн хүсэлт гаргаад явж чадахгүй байсан. Үүнийг батлах баримт мөн хавсаргав. 12-р сарын цалинг бодохдоо ажлаас чөлөөлөх тушаал гаргах хугацаа буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаа хожсон байдлаа асуудалгүй болгохын (нуун дарагдуулахын) тулд ажилласан цагийн бүртгэлд цаг тооцож оруулаагүй мөртлөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин бодож олгосон нь санхүүгийн цалингийн тооцооны хүснэгтээс илт харагдаж байна. Угтаа бол компанийн тогтсон ээлжийн ажлын хуваарь нь 15 хоног ажиллаад 15 хоног амраад нэг сарын цалинг бодох зарчимтай ч миний бие Ерөнхий захиралтай ярилцахдаа ажлаа гартаа оруулах зорилгоор хоёр ээлж дамнуулан сунаж ажиллахаар тохиролцсон. ЮБМ компанийн зүгээс сунаж ажилласан бүх ажилчиддаа 11 cap, 12 сарын цалингийн нь бүтэн олгосон байдаг. Иймд 11 cap, 12 саруудын дутуу олгосон цалин болох 1,886,843/нэг сая найман зуун наян зургаан мянга найман зуун дөчин гурван/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

3. Ёс суртахууны хохирлыг барагдуулах: Хариуцагчийн зүгээс албан бичгээр уучлал хүсэхийг даалгах.

Компанийн зүгээс Ерөнхий захирлын техникийн асуудал хариуцсан орлогч Шугля Максим Вадимович, Хүний нөөцийн менежер А.Ундраа нарын гарын үсэгтэй уучлал хүссэн тухай албан бланк дээрх мэдэгдэл гаргуулах. Учир нь миний бие ЮБМ компанид болон бусад ажилчдын өмнө, цаашилбал ОТР компанийн тухайн ээлжид байсан ажилчдын өмнө ичгүүртэй байдалд орж сэтгэл санааны болон биет байдлын доромжлол хүлээсэн. Биет байдлын доромжлол гэдэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин ажилласнаараа ажиллаасаа түдгэлзүүлэн халагдаж хөдөлмөрийн харилцааны хувьд ажил олгогчийн зүгээс хэтэрхий дээрэлхсэн асуудал гаргасан гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч В ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ундраа шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Б нь сонгон шалгаруулалт нээлттэй явагддаг зарчмын дагуу ерөнхий захирлын техникийн хэлтсийн орлогч Шугля М.В.-тэй цаг товлож уулзсан. Тухайн уулзалтаар Шугля М.В. компанийн үйл ажиллагааг танилцуулж, ажиллах ажлын байрны чиг үүргийг ярьж тухайн албан тушаалын тусгай шалгуур болох орос хэлний гүнзгий буюу ахисан түвшиний орос хэлтэй байх мөн стресс даах чадвартай байх хэрэгтэй уг албан тушаал нь өөрөө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийг шаарддаг тухай хэлээд та чадах уу, стресс даван туулах чадвар хэр бэ, орос хэл нь асуудалгүй байж чадах болов уу учир нь тухайн албан тушаалын онцлог нь надтай болон орос хүмүүстэй их харьцах шаардлага гардаг гэж тайлбарлахад асуудалгүй би чадна тэнцэнэ гэж хариулаад хөдөлмөрийн гэрээг 2 сарын туршилтын хугацаатай байгуулсан.

А. Ээлжийн мастер албан тушаалд үндсэн цалин 1 090 909 төгрөг, урамшуулал 1 090 909 төгрөг, нийт 2 181 818 төгрөгөөр тохиролцож, туршилтын хугацааны гэрээ байгуулсан. Д.Б нь анкетад дээрээ 2 500 000 гэж тусгасан боловч туршилтын хугацаанд дээрх цалин хөлсийг олгохоор талууд харилцан тохиролцсон. Энэхүү туршилтын хугацаа бол Д.Б-ийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, ажиллах, хамт олонтой харилцах, ур чадвар, тэр тусмаа Орос хэл дээр ажиллах чадварыг шалгах, танин мэдэх зорилгоор байгуулсан юм. Улмаар туршилтын хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэхэд нэхэмжлэгч тал нь ажил үүргээ гүйцэттэх чадвар, орос хэлээр харилцах, удирдлагатай зөв зохистой харилцах зэрэг хэд хэдэн чадвар дутмаг болохыг анх ажилд шалгаруулж авсан ерөнхий захирлын техникийн хэлтсийн орлогч Шугля М.В. үнэлсэн. Түүнчлэн Д.Бат-Эрдэнийг хот руу авчрах боломжгүй байсан нь өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжиж хот хооронд зорчих боломжгүй байсантай холбоотой 2020 оны 12 дугаар сарын 01 хүртэл авчирч чадаагүй. Д.Б нь өдөр болгон залгаж надтай утсаар ярихгүй байна энд хорилоо гэж уурлаж стрессдэж дарамталж байсан. Тухайн үеийн улс орны шийдвэрийг дагаж шийдвэр гаргах ямар ч боломжгүй учир яаж ч чадаагүй. Өдөр болгон өөрт нь анхаарал хандуулж, өдөр болгон 1-2 цаг утсаар ярихыг шаардсан нь компани өөрийн гэсэн ажил үүргийн хуваарьтай ажилтантай тул хүн болгон өөрийн чиг үүргийн дагуу ажиллах ёстой. Хэрвээ өндөржүүлсэн бэлэн байдал зарлаагүй байсан бол хотод авчрах арга хэмжээ нэн дариу байсан. Гамшигийн үетэй нүүр тулсан байсан учир Д.Бат-Эрдэнийг уурхайд байлгахаас өөр аргагүй байсан. Иймээс түүнд цалингийн 60 хувь болох сул зогсолтыг олгосон.

Б. Компанийн ростер 15 хоног ажиллаад 15 хоног амардаг. Маз авто крантой холбоотой бичигдсэн зүйл нь компанийн дотоод асуудал төдийгүй компанитай байгуулсан нууц хадгалах гэрээтэй холбоотой компанийн харилцагч, дотоод үйл ажиллагааны асуудал нь энэхүү хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон зүйл баримттай хамааралгүй юм. Д.Б нь ганц болохгүй гэсэн талыг ажилдаа байнга баримталсан. Нэг талыг баримтлахгүй удирдлагатай аль болох ажил явуулах талаас нь санал сэтгэгдэл санаа хуваалцаж хамтдаа шийдвэр гаргаж болох байсан. Үйлдвэрийн осол гаргах, хүний нас эрсдэхээс сэргийлж, ерөнхий захирлын орлогчийн хууль бус үндэслэлгүй эрийг биелүүлээгүй нь ажлаас түдгэлзүүлэх, цаашид ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөх шалтгаан болсон гэж бичсэн нь үндэслэлгүй. Үйлдвэрийн осол гаргах, хүний нас эрсдэхээс сэргийлэх нь ХАБЭА ажилтны ажлын байрны чиг үүрэг болохоос биш Д.Б-ийн ажлын чиг үүрэг биш. Дутуу олгосон гэх цалингийн тухайд: Хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин урамшуулалт цалинг дараах байдлаар олгосон.

Д. Б нь 356 цаг ажилласан гэж бичсэн байна. 2020 оны 10 дугаар сарын өдөр замдаа 8 цаг, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10 цаг, 2020.11.01-11.12 хүртэл 12 өдөр буюу 132 цаг ингээд нийт 150 цаг үнэндээ ажиллаж бодогдох байтал дагаар санхүү бодож олгосон байна. Энэ нь 2020.11.01-11.15-ны цалин нь 33 цагаар бодож цалин олгосон гэсэн үг юм. 2020.11.15-11.30-ны 15 хоногт 60 хувь олгосон.

11 сарын урамшуулал цалин буюу 11 сарын 15-ны өдрийг хүртэлх 1,090,909 төгрөгийн суутгах шийдвэр нь Хөдөлмөрийн гэрээний 1.3 заалт, 6.2.3 заалтын дагуу суутгасан: Үүнд: Хөдөлмөрийн гэрээний 1.2-т Ажил олгогч нь үндсэн урамшуулал болон тогтоосон дүрэм, журам болон хязгаарлалтыг үндэслэн үндсэн цалингаас гадна хөдөлмөрийн гэрээгээр тогтоосон ажилтны ажилласан цагийг харгалзан шагнал цалин олгоно. 1.2.1. ажилтны чиг үүргийн дагуу, тогтоосон хувь хүний болон багийн ажлын шалгуур үзүүлэлт болон ажлын өндөр бүтээмжийг харгалзан ажил олгогчоос аман болон/ эсвэл бичгээр өгсөн үүрэг даалгаврын биелүүлэлтийг харгалзан,1.2.2. ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтан өөрийн ажил үүргийг чин үнэнчээр гүйцэтгэсэн байдлыг харгалзан, 1.2.3. хэрэглэгчид болон ажилтны удирдлагуудын ажилтанд өгсөн ажлын гүйцэтгэлийн өндөр үнэлгээг харгалзан,1.2.4. ажилтан ажлын цагийг үр бүтээлтэй ашигласан байдлыг харгалзан,1.2.5. ажилтан хөдөлмөрийн дотоод журмыг бүрэн дүүрэн дагаж мөрдөх тус тус биелүүлээгүй тул тус гэрээний 1.3-т зааснaap Ажилтан дээр дурдсан үүргийг бүхэлд нь болон хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд тухайн сард шагналт цалинг бүхэлд нь олгохгүй байх үндэслэл болсон.

Уучлал хүссэн мэдэгдэл гаргах үндэслэлгүй болно. Ёс суртахууны асуудал гаргаагүй, доромжилж, дарамтлаагүй, аль болох эелдэг найрсаг харилцаж, өндөржүүлсэн байдлын үед хот руу авчрах гэж бүхий л хүчээр хичээн ажиллаж байсан. ЮБМ компанийн ажилчдын болон ОТР компанийн өмнө ичгүүртэй байдал, доромжлол үзүүлсэн зүйл болоогүй. Түүнчлэн ерөнхий захирлын техникийн хэлтсийн орлогч Шугля М.В, нөөцийн ажилтан А.Ундраа нарын гарын үсэгтэй уучлал хүссэн албан бланк дээрх мэдэгдэл гаргуулах шаардлага нь хариуцагч байгууллагад хамааралгүй төдийгүй дээрх ажилчид нь компанийн ажилтан тул В ХХК-ийн зүгээс албадан гаргуулах эрхгүй болно.

2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн өргөдөл дээрээ Д.Б нь туршилтын хугацаатай танилцаж зөвшөөрөв гэж өөрийн гараар өргөдөл бичиж 2 сарын туршилтын хугацааг зөвшөөрч хөдөлмөрийн гэрээ байгуулсан болно. Туршилтын хугацaa 2020 оны 10 дугаар сарын 30-наас 12 дугаар сарын 30-ны хооронд гэж тохиролцож гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд Д.Бат-Эрдэнийг ажлаас үндэслэлгүй чөлөөлөөгүй харин 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр туршилтын хугацаа дуусч хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Тиймээс Д.Бат-Эрдэнийг ажилд эргүүлэн тогтоох боломжгүй, ажилгүй байсан хугацааны цалин олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тушаалаа гардаж авсан боловч тэтгэмж хөөцөлдөөгүй ийнхүү хариуцагчаар шүүхэд татах хуульзүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Я.Сэлэнгэ шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ: Хариуцагч тал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох санал нь үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэхээр байгууллагатай анх гэрээ байгуулаад, өөрийн хөдөлмөрийн чиг үүрэг гэж байгаа учраас, түүнийгээ баримтлах хэрэгтэй юм гэжээ.

ШҮҮХ: Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1, 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Юнайтед белаз машинери ХХК-иас 1 886 843 /нэг сая найман зуун наян зургаан мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, дээрх цалин хөлсөд ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагч Юнайтед белаз машинери ХХК-д даалгаж, үлдсэн ажилд эгүүлэн тогтоож, уучлалт хүсэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Юнайтед белаз машинери ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 45 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ундраа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 1 836 755.23 төгрөгийн 11 сарын цалинг олгосон байна гэж дүгнэсэн мөртлөө зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний үндсэн цалин 1 090 909 төгрөг, нэмэлт цалин 1 090 909 төгрөг нийт 2 181 818 төгрөгийн цалин олгохоос 3 хоног ажиллаагүй цалинг олгоогүй байгаа нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй. Хариуцагч тал үндсэн цалин 1 090 909 төгрөгийг бүрэн олгосон урамшуулалт цалинд 836 755.23 төгрөгийг олгосон шүүх дүгнэсэн. Нэхэмжлэгч 12 сард ажилдаа ирээгүй байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинг олгосон бөгөөд нэхэмжлэгч энэ цалинд маргаагүй байхад шүүх 12 дугаар сарын цалинг ийнхүү олгохоор шийдвэрлэжээ. Иймд Хөдөлмөрийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар үндсэн цалин, урамшууллыг олгосон байхад ажиллаагүй 12 сард цалин, урамшуулал олгохоор шүүх шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан. Дээрх цалин хөлсний маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхээр шийдвэрлэгдэх маргаан биш бөгөөд тус хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт зааснаар ажилтан түүний цалин хөлснөөс суутгал хийх шийдвэр буюу суутгалын хэмжээг эс зөвшөөрвөл гомдлоо хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргана. Гэтэл ажлаас буруу халагдсан маргаантай шүүх адилтгаж, маргааныг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т зааснаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шүүх дангаар шийдвэрлэх тухай хүсэлтийг хариуцагч талаас гаргасан боловч бүрэлдэхүүнтэй уг маргааныг бүхэлд нь шийдвэрлэсэн нь тус хуулийг зөрчсөн. Иймд дээрх шийдвэрийн 1-т заасан 1 836 755.23 төгрөгийг нэхэмжлэгчид олгох хэсгийг хүчингүй болгож, тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч В ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, дутуу төлсөн цалин гаргуулах, хариуцагчийн зүгээс албан бичгээр уучлал хүсэхийг даалгуулахаар нэхэмжилснийг, хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ. /хх.1-7, 49-51/

В ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 012/55 дугаар тушаалаар ээлжийн мастер албан тушаалтай нэхэмжлэгч Д.Бтэй байгуулсан туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 37 дугаар зүйлийн 37.1.3, 43 дугаар зүйлийг тус тус баримталсан байна. /хх.9/

В ХХК нь нэхэмжлэгч Д.Бтэй 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийг ээлжийн мастер албан тушаалд 2 сарын туршилтын хугацаагаар томилжээ. /хх.10-16/

Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна гэж заасан бөгөөд уг хуулийн зохицуулалтаас үзэхэд ажил олгогч нь ажилтантай туршилтын хугацаагаар 3 сар хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор заасан байна.

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дууссан байх тул хариуцагч В ХХК хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж заасантай нийцсэн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш болжээ.

Талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, уг гэрээний хугацаа цаашид сунгагдаагүй байх тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Б 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн Цогт Цэций суманд албан томилолтоор явсан нь хэрэгт авагдсан албан томилолтын үнэмлэхээр тогтоогдож байна. /хх.21/

Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно гэж заасан бөгөөд хариуцагч В ХХК ажилтныг өөрийн санаачилгаар албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх эрхгүй талаар дүгнэж, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2020 оны 11 дүгээр сард 1 090 909 төгрөг, 12 дугаар сарын цалин 1 761 818 төгрөг нийт 2 852 727 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 1 886 843 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг хөлсөнд ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь буруу биш байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шүүх дангаар шийдвэрлэх тухай хүсэлтийг хариуцагч талаас гаргасан боловч бүрэлдэхүүнтэй, цалин хөлсний талаарх маргааныг ажлаас буруу халагдсан маргаантай адилтгаж тус тус шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн тухайн маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэхгүй юм. Нэхэмжлэгч буруу халагдсан, дутуу олгосон цалин гаргуулах гэсэн гомдлоо шүүхэд гаргасан байх тул шүүх уг маргааныг нэг мөр шийдвэрлэсэн нь буруу биш.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.8 дахь хэсэгт Давж заалдах шатны шүүх хуульд заасан тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, энэ хуулийн 66.7-д заасны дагуу шийдвэртээ тусгана гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Я.Сэлэнгэ ...хариуцагч тал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох санал нь үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэхээр байгууллагатай анх гэрээ байгуулаад, өөрийн хөдөлмөрийн чиг үүрэг гэж байгаа учраас, түүнийгээ баримтлах хэрэгтэй гэжээ. /хх.139/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/01275 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч В ХХК-ийн төлсөн 45 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ц.ИЧИНХОРЛОО