Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01272

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01272

 

 

Г.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/01275 дугаар шийдвэртэй

Г.Оийн нэхэмжлэлтэй хариуцагч Нд холбогдох

Гуравдагч этгээд Г.Сарантуяа

Зээлийн гэрээний үүрэгт 21 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Нтай 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 16 000 000 төгрөгийг, 7 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл бэлнээр өгч, нотариатаар баталгаажуулж зээлсэн. Гэрээний хугацаа дууссан ч зээлдэгч зээлээ төлөөгүй тул үндсэн зээлд 16 000 000 төгрөг, хүү 5 600 000 төгрөг, нийт 21 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нг Вьетнам явахад нь 10 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, явсных нь маргааш нь 9 000 000 төгрөгийг манаачаас түүний ээж нь ирж авсан. Зээлсэн 19 000 000 төгрөгөөс хариуцагч 3 000 000 төгрөг төлснийг хасч, үлдэх 16 000 000 төгрөгт зээлийн гэрээг бичгээр нөхөн байгуулж, нотариатад дансаар шижүүлсэн гэж батлуулсан гэжээ.

Хариуцагч Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 онд Сарантуяатай танилцаж, 2012 онд түүний Тэлмэн жороо морь ХХК-ийн нэр дээр Вьетнамын 3 иргэнийг оруулж ирж засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж түүнээс олсон орлогоо Сарантуяатай тэнцүү хувааж авдаг байсан. 2015 онд би Вьетнам руу хувийн ажлаар явах шаардлага гарсан тул Сарантуяагаас 10 000 000 төгрөг зээлж, тухайн үед Сарантуяа үйл ажиллагааны бүх орлогыг өөрөө авч надад өгсөн 10 000 000 төгрөгийн тооцоог дуусгахаар тохиролцсон. Намайг Вьетнамаас ирэхэд Сарантуяа бид хоёрын хамтран ажиллуулдаг засварын газарт Г.О үйлчилгээ авахаар ирсэн бүх тээврийн хэрэгслийг бүртгэж, урьдчилгаа 50 хувийг хүлээж авдаг ажил хийдэг болсон байсан. Үүний дараа Сарантуяа миний дүү нотариат орж гэрээ хийх шаардлагатай байна гэж удаа дараа утсаар ярьж, ажил дээр очиход байнга хэлдэг байсан, би юун гэрээ вэ гэхэд, чамд өгсөн мөнгөө баримтжуулья, би Оээс авч өгсөн, Оюунаа нэхээд байна гэхээр нь би тэр чинь надад ямар хамаатай юм, бидний тооцоо дуусч байгаа гэхэд, Оюунаатай гэрээ хийж салахгүй бол болохгүй байгаад байна. Миний дүүд ч муу зүйл байхгүй гэхээр нь дагаад нотариат орсон чинь 16 000 000 төгрөгийн гэрээ хийх болсон. Тухайн үед би та чинь надад 16 000 000 төгрөг хэлээгүй шүү дээ гэхэд хажуу талаас нудраад байсан учраас тухайн гэрээг хийх болсон. Тэр үед нотариатч та хэд мөнгөө өгч авалцсан уу, бэлнээр бол миний хажууд өгөөд гарын үсэг зураарай гэхэд дансаар хийсэн гэж худал хэлэн зээлийн гэрээг батлуулсан. Г.Отэй байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгө бэлнээр аваагүй, гэрээнд заасан шиг дансаар шилжүүлээгүй, дансны хуулгаас хариуцагч санхүүгийн эх үүсвэртэй болоогүй нь харагдана. Өмнө нь 19 000 000 төгрөг бэлнээр өгсөн гэж байсан бол одоо 2 удаа 10 000 000 төгрөг болон 9 000 000 төгрөгөөр зээлсэн гэж зөрүүтэй тайлбар гаргаж байна. Тэгээд бас ээжид нь өгсөн гэж анх удаа ярьж байна. О, Сарантуяа нар нийлж зээлийн гэрээг ашиглан зээл олгосон мэт нэхэмжлэл гаргасан байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Г.Сарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нарантуяа надаас Вьетнам явах гэж байна, мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би От хэлж энэ 2-ыг холбож өгсөн. Тэгээд 2015 оны 02 сард 10 000 000 төгрөгийг Вьетнам явахад нь өгсөн, үүрээр ниссэн тул маргааш нь 9 000 000 төгрөгийг манаачдаа үлдээхэд Нарантуяагийн ээж нь ирж авсан. Тэр Вьетнамаас 1 сарын дараа ирсэн гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан Хишигтэн овогтой Намсрайн Нарантуяагаас /РД:ОЭ85112362/ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 200 000 /найман сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан, Цагаануул овогтой Гомбосүрэнгийн От /РД:ЧЙ63011109/ олгож, шаардлагаас үлдэх 13 400 000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 265 950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх Г.О нь 10 000 000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн харин Н нь зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй буруутай хэмээн дүгнэж үндсэн зээл болон зээлийн хүүнд 13 500 000 төгрөг төлөх ёстойгоос буцаан төлсөн 5 300 000 төгрөгийг хасаж 8 200 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч анхан шатны шүүх нь Н нь 10 000 000 төгрөг бус 9 000 000 төгрөг авсан үйл баримтыг анхаарч үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад мөн талууд хэлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 1 000 000 төгрөг хасаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.О нь Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрснээ бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх боломжтой юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс нар 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ ...нэхэмжлэгч Г.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 21 600 000 төгрөгийн зарим шаардлага болох 13 400 000 төгрөгөөс татгалзаж үлдэх 8 200 000 төгрөгийн хүрээнд хариуцагч Нтай эвлэрч байгаа болно. Хариуцагч Н нь эвлэрч буй 8 200 000 төгрөгийг дараах графикийн дагуу төлж барагдуулах болно.

a)    2021.09.20-нд 1 000 000 /нэг сая/ төгрөг

b)    2021.10.20-нд 1 000 000 /нэг сая/ төгрөг

c)    2021.11.20-нд 1 000 000 /нэг сая/ төгрөг

d)    2021.12.20-нд 1 000 000 /нэг сая/ төгрөг

e)    2022.01.20-нд 1 000 000 /нэг сая/ төгрөг

f)     2022.02.20-нд 1 000 000 /нэг сая/ төгрөг

g)    2022.03.20-нд 1 000 000 /нэг сая/ төгрөг

h)    2022.04.20-нд 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг тус тус төлнө. Энэхүү график зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах үндэслэл болно. Талууд харилцан тохиролцож тодорхой үнийн дүн дээр эвлэрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар харилцан тохиролцов гэжээ.

Талуудын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар олгогдсон ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/01275 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Н нь нэхэмжлэгч Г.От 8 200 000 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО