Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 106/2016/0207/э |
Дугаар | 400 |
Огноо | 2016-06-14 |
Зүйл хэсэг | 147.2., |
Улсын яллагч | У.Солонго |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 400
Ц.Болдоо, Б.Доржпүрэв нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор У.Солонго,
Ялтан Ц.Болдоо,
Ялтан Б.Доржпүрэвийн өмгөөлөгч Д.Даваа,
Нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч С.Батгэрэл, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 428 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Болдоо, Б.Доржпүрэв нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Болдоо, Б.Доржпүрэв нарт холбогдох 201626010351 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овогт Бямбын Доржпүрэв, 1990 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Прометалл” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, БГ-н 61-17А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УХ90040518/,
2. Хэрээд овогт Цэцэгмаагийн Болдоо, 1990 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 17-56 тоотод оршин суух, /РД: ПЖ9110116/,
2011 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 11 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;
Б.Доржпүрэв, Ц.Болдоо нар нь согтуурсан үедээ бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 1 дүгээр сарын 24-ний шөнө 23-аас 24 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 4-48 дугаар байрны 9 тоотод оршин суух иргэн С.Хүрэлбаатарын гэрлүү дайран орж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, хар ногоон өнгийн ороолтыг зэвсгийн чанартай ашиглан хоолойг нь боож, унаган зодож, гэрт нь байсан 42 инчийн “Panasonic” загварын зурагтыг дээрэмдэж, цонхыг нь хагалан зугтааж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Доржпүрэв, Ц.Болдоо нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Доржпүрэв, Ц.Болдоо нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т заасныг баримтлан Ц.Болдоогийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Болдоог эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Доржпүрэвийг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Доржпүрэв, Ц.Болдоо нарт тус бүр оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 31 см урт, ажлын хэсэг нь 17.5 см урттай, нэг талдаа иртэй ажлын хэсэгтэй, цэнхэр өнгийн иштэй хутга, 175 см урт, 30 см өргөн нимгэн даавуун зөөлөн материалтай хар ногоон өнгийн ороолт, хар өнгийн резинэн гэртэй цулгуй хар өнгийн нүүрэндээ гялалздаг наалттай LG загварын гар утас зэргийг устгаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Б.Доржпүрэв хохиролд 123.500 төгрөг төлснийг дурдаж, хохирогч С.Хүрэлбаатар эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Доржпүрэв, Ц.Болдоо нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ.
Ялтан Б.Доржпүрэв гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие бусадтай бүлэглэж хохирогчийн эрх чөлөөнд халдаж, материаллаг хохирол учруулсанд маш их харамсаж, гэм буруугаа ойлгож байна. ...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нар вакум цонхны хохирол 100.000 төгрөгийг тэнцүү хуваан барагдуулах учиртай бөгөөд шүүгдэгч Б.Доржпүрэв хохиролд 123.500 төгрөгийг төлсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан вакум цонхын хохирлыг бүрэн төлөгдсөн гэж үзсэн. Миний бие хохиролд 123.500 төгрөг төлөхдөө хохирогч С.Хүрэлбаатарт учруулсан эрүүл мэндийн болон эд хөрөнгөд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан гэж үзэж байна. Гэтэл хохирогч С.Хүрэлбаатар шүүгдэгч Б.Доржпүрэвээс 123.500 төгрөгийг хохирол авсан, эрүүл мэнд болон вакум цонхны хохирлыг шүүгдэгч нараас нэхэмжилнэ гэж мэдүүлсэн бөгөөд шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хор бүрэн арилаагүй гэж дүгнэсэн. Хохирогч эрүүл мэндийн хохиролд 245.600 төгрөг нэхэмжилж байгаа боловч баримт нь тодорхойгүй гэж шүүх дүгнэж, жич нэхэмжлэх эрхтэйг дурдсан. Эрүүл мэндийн хохирлын асуудлыг шүүх шийдээгүй орхигдуулсан учраас намайг хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй тул хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой гэж үзэж байна.
Иймд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол барагдуулсан байдлыг харгалзан үзэж, хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү...” гэжээ.
Ялтан Ц.Болдоо гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие найз Б.Доржпүрэвтэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 1-48 тоот байранд оршин суух иргэн С.Хүрэлбаатарын гэрийн хаалгыг тогшин орж, маргасаны улмаас иргэн С.Хүрэлбаатарт хөнгөн гэмтэл учруулан аргагүй байдлын улмаас цонхыг нь хагалан зугтсан билээ. Хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна. Миний эх Цэцэгмаа нь хөдөлмөрийн чадвараа алдсан бөгөөд хөдөлмөр эрхлэх боломжгүй. ...Би өөрийн болчимгүй явдлаас болж гэмт хэрэг үйлдэж, бусдыг болон ар гэрээ хохироосондоо маш их харамсаж, гэм буруугаа ухаарч байна. Бага насандаа амьдралын хүнд хэцүүг туулж, өнөөгийн нийгмийн өчүүхэн хямралыг туулж чадалгүй хөл алдсандаа харамсаж байна.
Иймд миний ар гэрийн аргагүй байдлыг харгалзан үзэж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.
Ялтан Ц.Болдоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний ээж хохирлын мөнгө өгөх гээд хохирогчийг хайгаад гэрт нь очсон боловч тэрээр хөдөө явчихсан байсан гэж надад хэлсэн. Давж заалдах гомдлоо дэмжиж байна...” гэв.
Ялтан Б.Доржпүрэвийн өмгөөлөгч Д.Даваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Доржпүрэвийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэл бүхий бөгөөд түүний гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Учир нь ялтан Б.Доржпүрэвийн үйлдсэн хэргийн талаар ямар нэгэн маргах зүйлгүй. Гэхдээ учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар тайлбар хэлмээр байна. Бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан талаарх баримт хавтас хэргийн 97 дугаар талд авагдсан. Б.Доржпүрэв 123.500 төгрөгийг хохирогчид төлсөн. Шийтгэх тогтоолд “шүүгдэгч нар бага бус хэжмээний хохирол учруулсан бөгөөд 100.000 төгрөгийг тэнцүү хуваан төлөх учиртай. Б.Доржпүрэв 123.500 төгрөгийг хохирогчид төлсөн байна” гэж дурдсан. Б.Доржпүрэв вакум цонхны үнэ болох 100.000 төгрөгөөс 50.000 төгрөг төлөх ёстой, мөн хохирогч 245.600 төгрөгийн эмчилгээний баримт гаргаж өгсөн. Нийт хохирол төлбөр нь 345.600 төгрөг болж байгаа юм. Иймд нэг шүүгдэгчид 168.000 төгрөгийн төлбөр ногдож байна. Анхан шатны шүүхэд хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтууд нь шаардлага хангахгүй, ямар нэгэн тооцоололгүй байгаа учраас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн. Б.Доржпүрэв хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирлыг төлсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд 73.500 төгрөгийг хохирогчид илүү төлсөн байна. Үүнийг нь гэм буруугийн хохирол гэж үзэх боломжтой. Ялтан Ц.Болдоогийн ар гэрээс “хохирогчийн гэрт очиж хохирол төлөх гэсэн боловч түүнийг хөдөө явсан байсан” гэж байна. Энэ нь үнэн бөгөөд би Б.Доржпүрэвийн эхийг хохирогчид хохирол төлбөр төлүүлэхээр хоёр удаа хохирогчийн гэр лүү явуулсан боловч түүнийг гэртээ байхгүй байсан гэж хэлсэн. Хохирогч гэртээ байхгүй байсан бөгөөд охин нь байсан боловч аав байхгүй байна гээд гэртээ оруулаагүй юм билээ. Иймд эрүүл мэндийн хохирлыг барагдуулж чадаагүй гэж үзэж байна. Гэхдээ хэргийн материалд авагдсан нотлох баримтаар хохирлыг төлөгдсөн гэж үзэж байна.
Иймд Б.Доржпүрэвийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Прокурор У.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтан Ц.Болдоогийн “цагдаа нар дарамталж байж мэдүүлэг авсан” гэсэн гомдлыг хүлээн авч, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарсныг танилцуулах хүсэлтэй байна. Хэргийн хувьд нотлогдож тогтоогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Прокурорын шатанд ялтан нарт хохирогч вакум цонхны төлбөр, эмчилгээний төлбөр нэхэмжилж байгаа талаар танилцуулсан. Шүүхийн шатанд эмчилгээний зардал болон вакум цонхны хохирлыг хоёр хувааж төлүүлэхээр шийдвэрлэсэн. Ялтан Б.Доржпүрэв хохирол төлбөрийн талыг нь анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогчид төлсөн байсан. Шүүх хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн боловч хохирогчид тухайн үед зүүн нүдэнд шарх, зүүн хацрын зулгаралт гэх мэт хөнгөн гэмтэл учирсан. Хохирогч эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, гомдолтой байна гэсэн байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүхээс хохирол бүрэн барагдаагүй байна гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Прокуророос “Б.Доржпүрэв, Ц.Болдоо нар нь согтуугаар бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 1 дүгээр сарын 24-ний шөнө 23-аас 24 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 4-48 дугаар байрны 9 тоотод оршин суух иргэн С.Хүрэлбаатарын гэрийн хаалгыг тогшин дайран орж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, хар ногоон өнгийн ороолтыг зэвсгийн чанартай зүйл болгон ашиглаж хоолойг нь боож унаган зодож, гэрт нь байсан 42 инчийн “Panasonic” загварын зурагтыг дээрэмдэж, цонхыг нь хагалан зугтааж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заажээ. Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүхэд шилжсэн яллагдагч буюу шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүний прокурорын яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах ёстой гэж үзвэл Б.Доржпүрэв, Ц.Болдоо нарт холбогдох гэмт хэрэгт ял сонсгож, мөрдөн байцаалт явуулж, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хянан шийдвэрлэх учиртай.
Гэтэл анхан шатны шүүх Б.Доржпүрэв, Ц.Болдоо нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Б.Доржпүрэв, Ц.Болдоо нарыг “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг “урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг орхигдуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Ялтан Ц.Болдоод Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 361 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үйлдсэн 11 сар 1 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол болон шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Анхан шатны шүүх “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т заасныг баримтлан Ц.Болдоогийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь уг хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэжээ.
Учир нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж тодорхой заажээ.
Иймээс өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг үйлдсэн этгээдийн Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Болдоо, Б.Доржпүрэв нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээрх үндэслэлүүдийн улмаас давж заалдах шатны шүүх ялтан Ц.Болдоо, Б.Доржпүрэв нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцэх боломжгүй байгааг тэмдэглэж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: