Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01200

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 13-ны өдрийн 182/ШШ2021/01037 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “С” ХХК-ийн хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт нийт 33,332,023 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогт, Б.Удамбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 10 сарын 07-ны өдрийн 2019/08 дугаар худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч компанийн захиалгаар 183.91 м.кв вакуум цонхыг үйлдвэрлэн, захиалагч талын барилгад суурилуулах ажлыг 20,201,616 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Мөн нэмэлт захиалгын дагуу нэмэлтээр  цонх нийлүүлж, угсарсан ба нийт 33,281,833 /НӨАТ-ын дүн/ төгрөгийн ажлыг гүйцэтгэж, гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгсөн. Тооцоо нийлж, акт үйлдэхэд “Т” ХХК нь 22,281,833 төгрөгийг төлөөгүй байсан ба төлөхийг удаа дараа шаардсан боловч хариу өгөөгүй.

Иймд “Т” ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 22,221,348 төгрөг, алданги 11,221,348 төгрөг нийт 33,332,023 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 9,141,131 төгрөг зөвшөөрч, 24,140,702 төгрөгийг зөвшөөрөхгүй. Дээрх гэрээгээр гүйцэтгэгч тал нь 60 рамтай Монпласт материалтай 182,91 кв.м вакуум цонхыг чанар, стандартын шаардлага хангахуйцаар үйлдвэрлэн захиалагч талын барилгад суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх үүргийг харилцан хүлээсэн юм. Хариуцагч нь гэрээний 4.1-д заасан нийт үнийн дүн 20,201,616 төгрөгийн 30 хувь болох  6,060,485 төгрөгийг урьдчилгаа төлбөр гэж мөн 2020 оны 01 сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөгийг нэмж ажлын хөлсөнд төлснөөр 9,141,131 төгрөг төлөгдөөгүй үлдсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 33,281,833 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авсан, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданги гэж 11,110,674 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй . Түүнчлэн гэрээнд “2019 оны 12 сарын 15-ны өдөр үлдэгдэл төлбөрийг төлж дуусгахаар тохиролцож гэрээ байгуулсан” гэсэн нь үндэслэлгүй. Энэ талаар нэхэмжлэгч тал гэрээнд өөрсдөө нэмж, бичсэн байна. Талууд төлбөр төлөх эцсийн хугацааг тохиролцож, гэрээнд тусгаагүй байтал хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүй буюу төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн гэж алданги нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй. Хариуцагч компанийн хувьд бусдаас авах төлбөр тооцооны маргаантай байгаагийн улмаас санхүүгийн хувьд хямралтай байна.

Иймд 2019/08 дугаар гэрээний үлдэгдэл төлбөр төлөх эцсийн хугацааг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож болно. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан 2019 оны 10 сарын 07-ны өдрийн 2019/08 дугаар гэрээ, тооцоо нийлсэн актад захиалагч буюу манай компанийг төлөөлж барилгын инженер Д.Очирбал гэх хүн гарыг үсэг зурсан байдаг. Гэвч тухайн үед манай компанид Д.Очирбал гэх хүн ажиллаж байгаагүй бөгөөд компанийг төлөөлж хэлцэл хийх аливаа бичиг баримтад гарын үсэг зурах эрх олгогдоогүй тул компанийг төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-аас 23.766.292 /хорин гурван сая долоон зуун жаран зургаан мянга хоёр зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж, Сан-Оргиу ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9.515.541 /есөн сая таван зуун арван таван мянга таван зуун дөчин нэг/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324.610 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 276.781 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж тодорхой ажил үүрэг гүйцэтгэсэн гэдэгт хэн аль нь маргаагүй. Харин тухайн гэрээний дагуу төлөгдөх төлбөрийн үүрэгт нэхэмжлэгч талаас хуурамч баримт бүрдүүлэн /№2019/08 тоот гэрээний тооцоо нийлсэн акт/ хариуцагчаас илүү төлбөр нэхэмжилсэн тул талуудын хооронд маргаан үүссэн.

Нэхэмжлэгч нь гэрээ болон түүний хавсралтын өөрт үлдсэн хувь, мөн “Тооцоо нийлсэн акт” гэх баримтад хариуцагч компанийг төлөөлүүлэн Д.Очирбал гэх хүнээр гарын үсэг зуруулан шүүхэд нотлох баримтаар өгсөн байдаг. Хариуцагчийн зүгээс гарган өгсөн гэрээ болон түүний хавсралтад “Т” ХХК-ийг төлөөлж захирал Б.Бат-Өлзий гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг бөгөөд Д.Очирбал гэх хүний нэр огт байдаггүй. Мөн талуудын хооронд гэрээ байгуулагдсан сар буюу 2019 оны 10 сард Д.Очирбал гэх хүн “Т” ХХК- д ажилладаггүй байсан нь компанийн 2019 оны 10 сарын “Нийгмийн даатгалын тайлан”-аас харагддаг. Гэтэл шүүх дээрх баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэж үзэлгүйгээр “тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй...байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

Хариуцагч компанийн хувьд Д.Очирбал гэх хүнийг “Тотал имлекс” ХХК-ийг төлөөлөн “Сан-Оргиу” ХХК-тай байгуулсан хэлцэл /тооцоо нийлсэн акт/-ийг огт хүлээн зөвшөөрөөгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэл болгосон нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзнэ.

Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан 2019/08 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”-нд ажлын төлбөрийг төлөх эцсийн хугацааг тогтоогоогүй байхад шүүх гүйцэтгэгч талын ажлаа хийж дуусгах хугацааг захиалагч талын төлбөр төлөх хугацаанд хамааруулан тайлбарлаж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4. 232.6 дахь хэсэгт заасныг хэрэглэж алданги тооцсон нь хуульд нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 23,766,292 төгрөгийн 14,625,161 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт ажлын хөлс 22,221,348 төгрөг, алданги 11,110,675 төгрөг, нийт 33,332,023 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь 9,141,131 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 24,190,892 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ. /хх1, 21-22/

 

Хэргийн 23-29 дүгээр талд авагдсан 2019 оны 10 сарын 07-ны өдрийн №2019/08 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-ээс үзвэл, “С” ХХК нь 183.91 м.кв вакуум цонхыг 60 рамтай, Монпласт материалаар үйлдвэрлэн суурилуулах ажлыг нийт 20,201,616 төгрөгөөр хийж гүйцэтгэх, “Т” ХХК нь ажлын хөлсний 30 хувь болох 6,060,485 төгрөгийг 2019 оны 11 сарын 25-ны өдрийн дотор төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн гэрээнд 1.7 гэх заалтыг гараар нэмж бичсэн /хх 4-7/, хариуцагч талаас гаргаж өгсөн гэрээнд 1.7 гэсэн заалт бичигдээгүй /хх 23-29/ байх тул уг гараар бичсэн бичиглэлийг талуудын тохиролцсон нөхцөл гэж үзэх боломжгүй.

 

Талууд хоорондын тохиролцоо бүхий гэрээг “Худалдах, худалдан авах гэрээ” гэж нэрлэсэн боловч гэрээний шинж, агуулга, талуудын хүлээсэн эрх, үүрэг зэргээс үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С” ХХК нь хэлэлцэн тохирсон хөлсийг хариуцагч “Т” ХХК-аас шаардах эрхтэй.

 

Хэдийгээр талууд ажлын хөлсний үлдэгдлийг ямар хугацаанд төлөх талаар гэрээнд тусгаагүй байх боловч Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж зохицуулсан. Хариуцагч нь “2020 оны 01 сард гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан” гэж тайлбарлаж байх тул энэ хугацааг ажлын хөлсний үлдэгдлийг төлөх үүрэг үүссэн өдөр гэж үзнэ.  

 

Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажил гүйцэтгэгч нь вакуум цонх үйлдвэрлэж, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн, захиалагчийн зүгээс ажлын хөлс гэж нийт 11,060,485 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй. Харин ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, гүйцэтгэсэн ажлын хөлсний үнийн дүн, алданги төлөх үүрэг хүлээх эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Анхан шатны шүүх хэргийн 8 дугаар талд авагдсан “Тооцоо нийлсэн акт” гэх баримтыг үндэслэн талууд нэмэлт ажил, нэмэлт ажлын хөлсний талаар тохиролцсон мэтээр дүгнэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна. Учир нь, талууд 2019 оны 10 сарын 07-ны өдрийн 2019/08 дугаар гэрээнд заасан ажлаас өөр нэмэлт ажил хийх, улмаар уг ажлын хөлсийг нэмж тохиролцсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь талуудын “Тооцоо нийлсэн акт”-аар нэмэлт ажлын талаарх тохиролцоо нотлогдоно гэж тайлбарлаж байх боловч уг “Тооцоо нийлсэн акт”-д “Барилгын ерөнхий инженер” гэсний ард гарын үсэг зурсан Д.Очирбал гэх этгээд нь захиалагч буюу “Т” ХХК-ийг төлөөлж тооцоо нийлэх, улмаар гарын үсэг зурж баталгаажуулах эрхтэй этгээд болох нь нотлогдохгүй байхаас гадна тухайн баримтад “Т” ХХК-ийн тамга, эсхүл санхүүгийн тэмдэг дарагдаагүй, хэзээ үйлдсэн гэдэг нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, “...Д.Очирбал гэх хүн манайд ажилладаггүй, тооцоо нийлсэн акт үйлдэх эрхгүй...” гэсэн хариуцагч талын тайлбарыг нэхэмжлэгч нь баримтаар няцааж чадаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн алданги шаардах үндэслэл болгосон 2019 оны 10 сарын 07-ны өдрийн 2019/08 дугаар гэрээний 5.2-т заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцээгүй байх тул хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлгүй байна. Тодруулбал, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт алдангийг “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам тооцох”-оор зохицуулсан байтал талууд “гэрээний үнийн дүнгээс тооцох” агуулгаар гэрээнд тусгасан байх тул хуульд нийцээгүй гэж үзнэ.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч “Т” ХХК-аас гэрээгээр тохиролцсон ажлын хөлс 20,201,616 төгрөгөөс төлөгдсөн 11,060,485 төгрөгийг хасч, үлдэх 9,141,131 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилан өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 13-ны өдрийн 182/ШШ2021/01037 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-аас 9,141,131 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, үлдэх 24,190,892 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...276.781 төгрөг...” гэснийг “...161,208 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 06 сарын 18-ны өдөр төлсөн 232,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                                    

                           ШҮҮГЧИД                                                     Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                  Д.НЯМБАЗАР