Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01320

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01320

 

 

 

 

Н /ЗГБХН/ нөхөрлөлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/01283 дугаар шийдвэртэй,

 

Н /ЗГБХН/ нөхөрлөлийн нэхэмжлэлтэй хариуцагч ЧДХт холбогдох

 

Гэрээний үүрэгт 19 941 991 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цагаанцоож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дөлгөөн, Г.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н /ЗГБХН/ нөхөрлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цагаанцоож шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр Нийгэм Халамжийн хэлтсээс 2016 оны 5 дугаар сард Тохилог гудамж, амьдрах орчин хөтөлбөр зарлан иргэдийг дэмжих төслийн хүрээнд уг хөтөлбөрийг Төрийн бус байгууллага, нөхөрлөл, иргэдийн бүлгийн дунд зарласан. Хөтөлбөрийн хүрээнд Н нөхөрлөлийн 19 941 991 төгрөгийн үнийн саналаар шалгарч, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-ийн 2 дугаар гудамжинд тохижилтын ажил хийсэн. Гэрээ, хэлцэл байгуулахад захиалагч тал Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дарга Л.Баттүвшин, нөгөө тал буюу гүйцэтгэгчээр нь Н нөхөрлөлийн ахлагч А.Анар оролцож 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу бид Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах ажилд тус хорооны ажилгүй иргэдийг авч ажиллуулан, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүдийн удирдлага заавар, хяналт шалгалтын дор ажилласан. Хамтран ажиллах гэрээнд ажлын явцын дунд 30 хувь, хоёр дахь санхүүжилт 50 хувь, ажил дуусгавар болоход ажлыг зохих журмын дагуу хүлээн авснаар үлдэгдэл 20 хувийг төлөхөөр гэрээнд тусгасан боловч, огт санхүүжилт олгогдоогүй. Бид гэрээт ажлыг хийж дуусгахын тулд төсөв шаардлагатай байгааг хэлэхэд Та нар ажлаа хийж бай, санхүүжилт олгогдоно гэсэн. Бид ажлаа дуусгахын тулд өөрсдөө төсөв бүрдүүлэн, шаардлагатай тоног төхөөрөмж, ажиллаж буй хүмүүсийн хоол унд зэрэг бүх зардлыг бусдаас зээлээр авах, зарим нэг нь өөрийн авто машинаа хүртэл зарж борлуулж, эхэлсэн ажлаа дуусгасан. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж,ажлын хөлсөө авахаар хөөцөлдсөн боловч өнөө маргаашгүй өгнө гэж хойшлуулсаар дарга мэргэжилтнүүд нь солигдсон. Тухайн жил УИХ-ын сонгууль болж байсан. Гэтэл шинээр томилогдсон албан тушаалтнууд нь бидний үед хийгдээгүй учраас төсөв мөнгийг нь шийдэх боломжгүй Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ханд гэсний дагуу бид тус газарт хандсан. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хандаж, гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс, төлбөр тооцооны асуудлыг шийдэж өгөхийг хүссэн. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас бидний хүсэлтийн хариуг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өгч, ЧДХ уг асуудлыг шийдэхийг мэдэгдсэн. ЧДХ энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй тухай бидэнд амаар мэдэгдсэн. Бид гэрээний дагуу ажлаа гүйцэтгэхийн тулд бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж, гэрээт ажлыг дуусгасаар байтал бидний ажлын хөлс, оруулсан хөрөнгө оруулалтын мөнгийг ч өгөхгүй өдий хүртэл хохироогоод байна. Иймд Н нөхөрлөлийн гүйцэтгэсэн ажлын хөлс 19 941 991 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхнасан, Э.Дөлгөөн нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н нөхөрлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/226 дугаар тушаалаар Тохилог гудамж, амьдрах орчин туршилтын хөтөлбөр батлагдсан. Уг туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ЧДХ нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан. Оролцох сонирхолтой бүх хүмүүсээс үнийн санал авч нээлттэй сонгон шалгаруулалтаар төслийг хэрэгжүүлсэн. Н нөхөрлөл нь Тохилог гудамж, амьдрах орчин хөтөлбөрт шалгарч, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах ажлыг гүйцэтгэсэн гэх боловч, уг төсөлд Эко хөдөлмөр ажлын байр сургалтын төв шалгарч, улмаар ажлыг гүйцэтгэн ажлын үр дүнг хүлээлцсэн баримтыг шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэн, хэрэгт авагдсан байгаа. Н нөхөрлөл Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах ажлыг гүйцэтгэсэн гэх боловч, энэ талаарх баримтгүй, Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх боловч, уг гэрээний он, сар, өдөр засвартай, гэрээ нь манайд эх хувиараа байхгүй байна. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын архиваас ч шүүлгэхэд , холбогдох баримт гарч ирээгүй. Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоол, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/90 дугаар тушаал, Нийслэлийн засаг даргын 2016 оны А/653 дугаар захирамжийн дагуу Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс болсон. Ингэж нэгтгэх үед холбогдох баримтууд төрийн архивт хадгалагдах бөгөөд Н нөхөрлөлтэй холбоотой ямар ч баримт архивт байхгүй байна. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаад байгаа гэрээний хуулбар ч архивт байхгүй байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ШҮҮХ: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст холбогдох 19 941 991 төгрөг гаргуулах тухай Н /ЗГБХН/ нөхөрлөлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 660 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цагаанцоож давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Талуудын хооронд байгуулагдсан туршилтын гэрээгээр хэн ямар эрх үүрэг хүлээсэн эсэх гэрээний үүргийн дагуу хариуцагч болох Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хугацаанд нь хүлээж авсан эсэх талаар шүүх дүгнэлт өгч чадаагүйгээс болж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байна. Туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулан гэрээнд заасан хугацаанд өөрсдийн зардлаар ажлаа хийж дуусгасан боловч ажлын зардал, хөрөнгө оруулалтын мөнгийг өгөхгүй, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авахгүй, хохироосоор байна. Иймд хариуцагчаас ажлын хөлс 19941991 төгрөгийг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлохын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлтэй хамт туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ, тус гэрээний 4.6-д заасны дагуу ажил эхлэхийн өмнө буюу дууссаны дараа фото зургуудыг авч тогтоосон хугацаанд гүйцэтгэлийн тайланд хавсаргах гэсний дагуу гүйцэтгэсэн ажлын гэрэл зургийн үзүүлэлтүүдийг, төсөл сонгон шалгаруулалтад оролцож байсан үнийн санал буюу гэрээний үнийн дүн болох төсөвт өртгийн товчоо болон түүний зардлын задаргаа, хөлсөөр ажиллуулсан ажилчдын цагийн бүртгэл зэрэг нотлох баримтуудыг хавсарган өгсөн. Н нөхөрлөл нь гэрээнд заасан хугацаанд гудамж тохижуулах төслийн ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх гэхэд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс /2016.06 байдлаар/ нь Улсын Их Хурлын сонгууль явагдаж байна хүлээн авах боломжгүй байна. Сонгуулийн дараа хүлээж авъя гэсэн ба сонгууль өнгөрөөгөөд ажлыг хүлээлгэн өгөх гэхэд манай байгууллага бүтцийн өөрчлөлтөөр өөрчлөгдөн байгуулагдаж байна түр хүлээж бай гэсэн хариуг өгсөн. Ингээд 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дугаар Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн орон тооны хязгаарыг тогтоон, бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийгдэж Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болж нэр нь өөрчлөгдсөнөөр манай хийж ажлыг хүлээж авах хүнгүй хариуцах эзэнгүй болсон. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагчийн дээд шатны байгууллага болох Хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний Ерөнхий газарт хүсэлт гаргасан боловч тус газар нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1326 тоот албан бичгээр асуудлыг гэрээнд заасны дагуу шийдвэрлүүлэхээр ЧДХт шилжүүлсэн ба түүнээс хойш гүйцэтгэсэн ажлыг хүлээн авахгүй байсаар өдийг хүрсэн. Мөн Н нөхөрлөл нь Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ-ний дагуу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Б-2 гудамжийг тохижуулах ажлыг гэрээний 5 дугаар зүйлд заасан хугацаанд хийж гүйцэтгэн иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүргийг зохих ёсоор бүрэн хэмжээгээр, тогтоосон газарт гүйцэтгэсэн. Бидний хийж гүйцэтгэсэн ажил нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйл ба Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүргийн дагуу чанарын шаардлага хангасан ажил хийж гүйцэтгэсэн гэдгээ нотлох үүднээс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Хяналт судалгаа шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн №ТБ 89 дугаартай дүгнэлтийг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хувьсгалчдын Б-2 гудамжны тохижилтын ажил дууссанаас хойш өдийг хүртэл нийтийн эзэмшил ашиглалтад байгаа ба анх хийгдсэн чанараа алдалгүй олон нийтэд эрүүл аюулгүй тохилог орчин бүрдүүлсэн хэвээр байна. Шүүх эдгээр бодит байдлыг тогтоож дүгнэлт хийлгүй дүгнэлт гаргасан. Шүүх талуудын хооронд төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ байгуулагдан гэрээний харилцаа бий болсон гэж дүгнэсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийн үндэслэл боломжгүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн. Мөн эрх зүйн үр дагавартай бусад нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Н /ЗГБХН/ нөхөрлөл нь хариуцагч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19 941 991 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ... уг төсөлд Эко хөдөлмөр ажлын байр сургалтын төв шалгарч тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт нотлох баримтаар ЧДХ нь Н /ЗГБХН/ нөхөрлөлтэй 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 7, 10 дугаар хороонуудад тус тус нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах ажлыг зохион байгуулахаар гэрээний нийт дүн нь 19 941 991 төгрөгөөр,

мөн ЧДХ нь Эко хөдөлмөр ажлын байр НҮТББ-тай 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ байгуулж уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 7, 8, 15, 16 дугаар хороонуудад тус тус нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах ажлыг зохион байгуулах, гэрээний нийт дүнг 198 366 812 төгрөгөөр тус тус тохиролцсон гэрээнүүд авагдсан байна. /хх.17-18, 65-66/

 

Зохигчид Чингэлтэй дүүргийн 7, 10 дугаар хороонуудад хийгдсэн тохижилтын ажлын гүйцэтгэлийг ямар байгууллага хийж гүйцэтгэсэн, тухайн ажлыг хүлээлгэж өгсөн эсэх асуудлаар маргаж, хариуцагч талаас уг ажлыг Эко хөдөлмөр ажлын байр НҮТББ хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлажээ. Маргааны зүйл болж буй 7, 10 дугаар хорооны тохижилтын ажлыг дээрх хоёр байгууллагын аль нь хийж гүйцэтгэсэн, ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан эсэх, ажлын хөлс төлсөн эсэх асуудлыг тодруулах зайлшгүй шаардлагатай байгаагаас гадна Н /ЗГБХН/ нөхөрлөлийн нэхэмжлэлтэй ЧДХт холбогдох маргаанд Эко хөдөлмөр ажлын байр НҮТББ-ын эрх ашиг хөндөгдөж болохоор байгааг анзаараагүй байна.

 

Хариуцагч талаас Сүхбаатар дүүргийн 15-р хорооны Барилгын гадна зам талбай тохижилтын ажлын хүлээлгэн өгсөн акт, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын акт, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Гадна талбайн, тохижилт хийсэн акт, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Гадна талбайн, тохижилт хийсэн акт, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 6 дугаар гудамжны Хашааны тохижилтын ажлын гүйцэтгэл зэрэг нотлох баримтуудыг гаргасан. Уг баримтууд нь зохигчдын маргааны зүйлд хамааралгүй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу ...хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч талаас гаргасан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хувьсгалчдын гудамжны нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилтын ажлын төсөв, ажилласан иргэдийн ирцийн бүртгэл, ажлын зураг зэргийг нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуульд заасан журам зөрчсөн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон байна.

 

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр гарсны дараа бичмэл баримтын эхийг түүнийг гаргаж өгсөн этгээд хүсвэл буцаан өгч болно. Харин уг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт үлдээнэ гэж заасан бөгөөд шүүх хэргийн оролцогчоос гаргасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг хангуулж авах үүргийг хэрэгжүүлнэ.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж, маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/01283 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талын төлсөн 258 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

  ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО