Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2015/0327/З |
Дугаар | 36 |
Огноо | 2016-02-15 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 36
“Дөрвөлжийн бэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Даваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Адъяашүрэн нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 618 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 587 дугаар магадлалтай, “Дөрвөлжийн бэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Даваа, Н.Хандхүү нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Дөрвөлжийн бэл” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Х.Эрхэмбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь 2012 оны 7 дугаар сард “Далайдорж” ХХК-иас 0012241508 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч 136818182 төгрөгийн худалдан авалтыг бүртгэж тайлагнасан. Гэтэл Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс хяналт шалгалт хийж уг падааныг хуурамч баримт байна гэж үзээд 13681.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 4104.5 мянган төгрөгийн торгууль, 662.3 мянган төгрөгийн алданги, нийт 18448.6 мянган төгрөгийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 232726 тоот акт тогтоосон.
Уг актыг эс зөвшөөрч нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандсан боловч актыг хэвээр баталсан. Бид хуурамч падаан авахаас сэргийлж нэмэгдсэн өртгийн албан татварын цахим тайлангийн системд холбогдон шалгаж үзэхэд ямар ч зөрчил илрээгүй хүчинтэй падаан байсан.
Манай компани Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвараа үнэн зөв тодорхойлж тайлагнасан байтал хуурамч падаан ашиглаж худалдан авалтын хасалт хийж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулж тайлагнасан гэж өөрсдийн хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн хариуцлагаа татвар төлөгчдөд халдааж акт тавьсан нь илт үндэслэлгүй юм.
Учир нь уг падаан татварын албанаас олгогдсон, татварын цахим системд баталгаажсан падаан ба “Далайдорж” ХХК-ийн бичиж өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэдгийг манай компани мэдэх үүрэггүйгээс гадна мэдэх боломжгүй байсан бөгөөд үнэхээр хуурамч падаан юм бол татварын алба өөрөө үүнд
хариуцлага хүлээх ёстой. Иймд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 232726 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Даваа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Татварын ерөнхий газрын удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргаас олгосон 23/130320 тоот томилолтын дагуу 5169372 тоот регистрийн дугаартай “Дөрвөлжин бэл” ХХК-ийн 2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрүүдэд татварын улсын байцаагч Л.Даваа, Н.Хандхүү нар нэмэгдсэн өртгийн албан татварын хэсэгчилсэн шалгалт хийсэн.
Шалгалтаар 5364736 регистрийн дугаартай “Далайдорж” ХХК-иас 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 12241508 дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 136,818,181.80 төгрөгийн бараа худалдан авсан нь уг падаантай холбоотой орлого болон зарлагын падаан, мөнгө төлөгдсөн анхан шатны баримтууд байхгүй, захирал Х.Эрхэмбаяртай хийсэн ярилцлагын тэмдэглэлд иргэдээс бараагаа худалдан авдаг байсан нь нотлогдсон болно.
Иймд хуурамч падаан ашиглан нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг зөрчсөн тухай тэмдэглээд, Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийг үндэслэж, 2012 онд 136,818,181.80 төгрөгийн зөрчилд 13,681,800.0 төгрөгийн нөхөн татвар, 4,104,500.00 төгрөгийн торгууль, 662,300.00 төгрөгийн алданги тус тус ногдуулж, татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 232726 тоот акт үйлдсэн болно гэжээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 618 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Дөрвөлжийн бэл” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 587 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 618 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж, Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 236 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.2-т “Худалдан авагчийн бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь бэлтгэн нийлүүлэгчийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэхэмжлэлгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол татварыг хасч тооцохгүй” гэж тус тус
заажээ” хэмээн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 236 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлал нь хүчингүй болсон акт бөгөөд анхнаасаа хууль зүйн яаманд бүртгэлгүй нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт биш юм. Сангийн сайдын 2009 оны 283 дугаар тушаалаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-ын 6.3-д “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан НӨАТ төлөгч аливаа этгээд нь худалдан авсан бараа, ажил, үйлчилгээндээ энэ журмын 2.1-д дурдсан падааныг заавал бичүүлж авах бөгөөд уг падааны дагуу худалдан авалтын дэвтрийг хөтөлж, тухайн тайлангийн хугацаанд хасагдах НӨАТ-ын хэмжээгээ тодорхойлно”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.3.5, 7.4.9, 14.1.4-т заасан худалдан авалтаас бусад худалдан авалтад НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн борлуулагчийн бичсэн НӨАТ-ын падаангүй бол хасалт хийхгүй” гэж заасан.
Тэгэхээр анхан шатны шүүхийн дүгнэсэн анхан шатны баримтууд /нэхэмжлэл, бараа материал хүлээлцсэн акт, банкны харилцах данс, бэлэн мөнгө хүлээлцсэн орлого, зарлагын баримтууд/ байгаа эсэхээс үл хамааран нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх хууль зүйн боломж нь зөвхөн НӨАТ-ын тусгай падаан болж байна. Манай компани хууль журмын дагуу Татварын албанаас баталж гаргасан падааныг бичүүлж авсан бөгөөд уг падааны дагуу худалдан авалтын дэвтрийг хөтөлж, тухайн тайлангийн хугацаанд хасагдах НӨАТ-ын хэмжээгээ тодорхойлсон.
Хуулинд НӨАТ-ын падаангүй хасалт хийх гуравхан нөхцөлийг зааж өгсөн ба нэг нь НӨАТ-ын тухай хуулийн /2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн/ 14.1.4-т “мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан бөгөөд үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй ноос, ноолуур, мах, өндөг, арьс шир, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнэд нь 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан этгээдийн төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг уг хувиар хасч тус тус тооцно” гэж заажээ.
“Дөрвөлжийн бэл” ХХК нь мал аж ахуй эрхлэгчдээс боловсруулаагүй ноос худалдан авч үйл ажиллагаагаа явуулдаг ба малчдаас НӨАТ-ын падаангүй авсан ноосондоо падаангүйгээр хасалт хийх эрхээ анхан шатны шүүх хуралдааны үед л мэдсэн ба энэ эрхээ эдлэх хууль зүйн боломжоор хангаж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүссэн боловч шийдвэрлээгүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т “давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж заасан тул бид нотлох баримтуудыг гаргаж өгөх боломжгүй байна.
Товчхондоо бид НӨАТ-тай худалдан авалт хийх зорилгоор “Далайдорж” ХХК-ийн НӨАТ-ын падаан авч ашигласан, уг падаан нь татварын цахим тайлангийн системээс үзэхэд зөрчилгүй байсан боловч татварын байцаагчийн шалгалтаар хуурамч гэсэн тул бид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай тухай хуулийн 14.1.4-т зааснаар малчдаас түүхий эд худалдаж авахад үнэд нь 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан этгээдийн төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг уг хувиар хасч тооцох боломжтой тул малчдын гар дээрээс авсан баримтыг үндэслэн /уг баримтууд байгаа/ НӨАТ-ын хасалт хийлгэх хүсэлтийг тавьж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дээрх заалт нь нэг талаас малчдыг, мал аж ахуйг дэмжсэн бодлоготой заалт юм.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн
4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Хууль, тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлд хохирол нөхөн төлөх тухай заалт байгаа ч энэ заалт нь Захиргааны хариуцлага хүлээсэн этгээдэд хамааралгүй заалт юм.
Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно” гэж заасан, хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх, энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан ба энэхүү хохирол нөхөн төлүүлэх тухай заалт нь зөвхөн эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд холбоотой заалт юм.
Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэжээ. Үүнээс үзвэл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг нь энэ хуулийн 4.1, 4.2-т заасан этгээдэд хамааралтай бөгөөд 4.3-т заасан этгээд буюу захиргааны хариуцлага хүлээсэн этгээдэд хамаарахгүй байгаа тул тус татварын улсын байцаагчийн 2013 оны 232726 тоот актаар тогтоогдсон нөхөн татвар, бусад хариуцлага чөлөөлөгдөж өршөөгдөж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хурлууд дээр дээрх Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамруулж өгөхийг хүссэн боловч энэ талаар шүүх шийдвэртээ дурдаагүй ба үнэлэлт дүгнэлт өгөөгүй юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4-т зааснаар НӨАТ-ын хасалт хийлгэх эрхээ эдлэх боломжоор хангах, эсхүл 2013 оны 232726 тоот актаар тогтоогдсон нийт 18448.6 мянган төгрөгийн актыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу төлбөрөөс чөлөөлж, өршөөлд хамруулж өгнө үү гэжээ.
Хянавал:
Анхан болон давж заалдах шатны шүүх Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх боловч “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдсантай холбогдуулсан зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмын дагуу нөхөн төлүүлэх татварт нэмж тогтоосон торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлж, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Татварын ерөнхий газраас хяналт шалгалт хийх томилолт олгосны дагуу Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Даваа, Н.Хандхүү нар “Дөрвөлжийн бэл” ХХК-ийн 2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг 2013 оны 5 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд шалгаж, тус компанийг “Далайдорж” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаанаар “136818.2 мянган төгрөгийн худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулж тайлагнасан” гэж үзэж, 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 232726 дугаар актаар 13681.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 4104.5 мянган төгрөгийн торгууль, 662.3 мянган төгрөгийн алданги нийт 18448.6 мянган төгрөгийн төлбөр ногдуулжээ.
Нэхэмжлэгч “Дөрвөлжийн бэл” ХХК нь “татварын албанаас олгосон, татварын цахим системд баталгаажсан уг падааныг хуурамч гэдгийг мэдэх үүрэггүй, мэдэх боломжгүй” гэх үндэслэлээр татварын улсын байцаагчийн 232726 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг, “уг падаантай холбоотой орлого, зарлага, мөнгө төлөгдсөн баримтгүй, худалдан авалт хийгдээгүй тул акт үндэслэлтэй” гэж хариуцагч маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Дөрвөлжийн бэл” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн 2012 оны 7 дугаар сарын тайландаа тухайн сарын нэмэгдсэн өртгийн албан татвар ноогдох худалдан авалтаа 136818.2 мянган төгрөг, үүнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар болон тайлангийн хугацаанд хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварыг тус тус 13681.8 мянган төгрөг гэж тусгаж тайлагнасан ба уг худалдан авалтыг “Далайдорж” ХХК-тай хийснээр тус компаниас 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 001224508 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг авсан байна.
Түүнчлэн татварын цахим санд бүртгэгдсэн, нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглан “хий бичилт” хийсэн гэх “Далайдорж” ХХК-ийн удирдлагатай холбоотой эрүүгийн хэрэг шалгагдсан, “зөрчилтэй” гэх падаанд холбогдох татвар төлөгчдийн татвар төлөлтийн байдалд шалгалт хийлгэх талаар Улсын мөрдөх байцаах газраас хүсэлт ирүүлснээр дээрх шалгалт Татварын ерөнхий газрын удирдамжийн дагуу хийгдсэн, шалгалтын явцад “падаанд тусгагдсан” худалдан авалтыг “Далайдорж” ХХК-тай хийгээгүй гэдгээ нэхэмжлэгч “Дөрвөлжийн бэл” ХХК-ийн захирал Х.Эрхэмбаяр хүлээн зөвшөөрсөн зэрэг нь тогтоогджээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь “Далайдорж” ХХК-иас бараа худалдаж аваагүй учир 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 001224508 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд бичигдсэн нэмэгдсэн өртгийн албан татварыг барааны үнэ дээр нэмж төлсөн байх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх санхүүгийн баримт байхгүй тул нэмэгдсэн өртгийн албан татварын 2012 оны 7 дугаар сарын тайлангаар тодорхойлогдсон 136818.2 мянган төгрөгийн борлуулалтад “нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй” гэх үндэслэлээр нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан татварын улсын байцаагчийн акт нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3-т заасантай нийцсэн байна.
-“... нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь уг татварын хасалт хийх хууль зүйн боломж байхад үүнийг буруу тайлбарласан” гэх нэхэмжлэгчийн гомдлын талаар:
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзвэл татвар төлөгдсөн, төлснийг нь нотлох санхүүгийн баримт хуулийн дагуу бүрдсэн тохиолдолд татвар төлөгчийн “төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох” нөхцөл болох юм.
Иймээс “хий бичилттэй” буюу нэмэгдсэн өртгийн албан татварт 13681.8 мянган төгрөг төлснөөр бичигдсэн 0012241508 дугаартай падаан нь тухайн хасалтыг хийх үндэслэл болохгүй.
-“... малчдаас НӨАТ-ын падаангүй авсан ноосондоо падаангүйгээр хасалт хийх эрхээ анхан шатны шүүх хуралдаанд мэдсэн, энэ эрхээ эдлэх хууль зүйн боломжийг давж заалдах шатны шүүх хангаагүй” гэх талаар:
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан бөгөөд үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй ноос, ноолуур, мах, өндөг, арьс шир, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнэд нь 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан этгээдийн төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг уг хувиар хасч тус тус тооцно” гэж заасан ба уг заалтад “...ноос, ноолуур...” гэж 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмж, энэ нэмэлтийг мөн өдрөөс дагаж мөрджээ.
Нэхэмжлэгч “Дөрвөлжийн бэл” ХХК нь монгол гэрийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг хуулийн этгээд болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Тэрээр 0012241508 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичсэн 136818.1 мянган төгрөгийн үнийн дүнтэй “бараа, материал” гэсэн худалдан авалтаа “малчдаас худалдаж авсан ноосны худалдан авалттай” холбон тайлбарлаж байгаа боловч уг хүсэлт, холбогдох санхүүгийн баримтыг тухайн татварын шалгалтанд гаргаж өгөөгүй, шүүхэд “татварын хасалт хийлгэх” шаардлага гаргаагүй, энэ маргаан нь татварын улсын байцаагчийн актын үндэслэлд хамааралгүй байна.
Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4-т заасан “ноос, ноолуур”-т хамаарах зохицуулалтыг буцаан хэрэглэхээр хуульд заагаагүй, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс хойш үүссэн маргаанд хэрэглэгдэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын энэ үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
-“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар өршөөлд хамааруулаагүй, шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэх талаар:
Монгол Улсын Их Хурал 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр баталсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан, уг хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас “татварын актын нөхөн татварыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, харин торгууль, алдангийг өршөөнө” гэж шийдвэрлэсэн байна.
Иймд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-т заасны дагуу нөхөн төлүүлэх татварын дүнд ногдуулсан торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.
Дээрх байдалд үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 618 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 587 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 232726 дугаар актаар ногдуулсан 4104.5 мянган төгрөгийн торгууль, 662.3 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, нийт төлбөрийн хэмжээг багасгаж, 13681.8 мянган төгрөг болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ