Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2015/0587

 

Д******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Д*******жаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******дорж, хариуцагч татварын улсын байцаагч Л.Д*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 618 дугаар шийдвэртэй, Д******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х*******гийн Т******* байцаагч Л.Д*******, Н.Х******* нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д******* ХХК-ийн төлөөлөгч Х.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвараа үнэн зөв тодорхойлж, тайлагнасан байтал хуурамч падаан ашиглаж худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулж тайлагнасан гэж өөрсдийн хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн хариуцлагаа татвар төлөгчдөд халдааж акт тавьсан нь илт үндэслэлгүй юм. Учир нь уг падаан татварын албанаас олгогдсон, татварын цахим системд баталгаажсан падаан ба Д******* ХХК-ийн бичиж өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэдгийг манай компани мэдэх үүрэггүйгээс гадна мэдэх боломжгүй байсан бөгөөд үнэхээр хуурамч падаан юм бол татварын алба өөрөө үүнд хариуцлага хүлээх ёстой.

Иймд Х*******гийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 232726 тоот актыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х*******гийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Д******* шүүхэд гаргасан тайлбартаа: Д******* ХХК-ийн 2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2013 оны 05 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд татварын улсын байцаагч нар нэмэгдсэн өртгийн албан татварын хэсэгчилсэн шалгалт хийсэн.

Шалгалтаар 5364736 регистрийн дугаартай Д******* ХХК-аас 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 12241508 дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 136,818,1 мянган төгрөгийн бараа худалдан авсан нь уг падаантай холбоотой орлого болон зарлагын падаан, мөнгө төлөгдсөн анхан шатны баримтууд байхгүй, захирал Ж.Э*******тай хийсэн ярилцлагын тэмдэглэлд иргэдээс бараагаа худалдан авдаг байсан нь нотлогдсон болно.

Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийг үндэслэж, 2012 онд 136,818,1 мянган 13,681,8 мянган төгрөгийн нөхөн татвар, 4,104,5 мянган төгрөгийн торгууль, 662,3 мянган төгрөгийн алданги тус тус ногдуулж, татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 232726 тоот акт үйлдсэн болно гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 618 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******дорж давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 618 дугаар шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт ...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж, Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 236 дугаар тушаалаар баталсан нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.2-т Худалдан авагчийн бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь бэлтгэн нийлүүлэгчийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэхэмжлэлгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол татварыг хасч тооцохгүй гэж үзэн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй... гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 236 дугаар тушаалаар баталсан нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлал нь хүчингүй болсон акт бөгөөд анхнаасаа Хууль зүйн яаманд бүртгэлгүй нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт биш юм. Сангийн сайдын 2009 оны 283 дугаар тушаалаар баталсан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам-ын 6.3-д нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч аливаа этгээд нь худалдан авсан бараа, ажил, үйлчилгээндээ энэ журмын 2.1-д дурьдсан падааныг заавал бичүүлж авах бөгөөд уг падааны дагуу худалдан авалтын дэвтрийг хөтөлж, тухайн тайлангийн хугацаанд хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээгээ тодорхойлно.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.3.5, 7.4.9, 14.1.4-д заасан худалдан авалтаас бусад худалдан авалтанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн борлуулагчийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаангүй бол хасалт хийхгүй гэж заасан. Шүүхийн дүгнэсэн анхан шатны баримтууд нэхэмжлэл, бараа материал хүлээлцсэн акт, банкны харилцах данс, бэлэн мөнгө хүлээлцсэн орлого, зарлагын баримтууд байгаа эсэхээс үл хамааран нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх хууль зүйн боломж нь зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татварын тусгай падаан болж байна. Манай компани хууль журмын дагуу Татварын албанаас баталж гаргасан падааныг бичүүлж авсан бөгөөд уг падааны дагуу худалдан авалтын дэвтрийг хөтөлж, тухайн тайлангийн хугацаанд хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээгээ тодорхойлсон юм. Хуулинд нэмэгдсэн өртгийн албан татварын падаангүй хасалт хийх 3 нөхцөл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.3.5, 7.4.9, 14.1.4-д нэмэгдсэн өртгийн албан татварыг уг хувиар хасч тус тус тооцно гэжээ.

Манай компани мал аж ахуй эрхлэгчдээс боловсруулаагүй ноос худалдан
авч үйл ажиллагаагаа явуулдаг. Бид малчдаас нэмэгдсэн өртгийн албан татварын падаангүй авсан ноосондоо падаангүйгээр хасалт хийх эрхээ саяхан мэдсэн ба энэ эрхээ эдлэх хууль зүйн боломжоор хангаж өгөхийг шүүхээс хүсч байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-дзааснаар бид нотлох баримтуудыг гаргаж өгөх боломжгүй байна. Татварын өөр нэг зорилго бол эдийн засгийг дэмжих бодлого байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4 дэх заалт бол малчдыг, мал аж ахуйг дэмжсэн бодлоготой заалт юм.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент
байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4
дүгээр зүйлийн 4.3-д Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон
шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ, 10 дугаар зүйлийн 10.2-т Энэ
хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7
дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр
болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэж заасны дагуу уг хуулийн үйлчлэлд хамруулж өгөхийг анхан шатны шүүх хуралдаан дээр хүссэн боловч энэ талаар шүүхийн шийдвэрт дурьдаагүй ба үнэлэлт дүгнэлт өгөөгүй юм.

Уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу төрийн эрх бүхий захиргааны байгууллага болох Татварын байгууллагаас татварын улсын байцаагчийн акт хэлбэрээр шийтгэл ногдуулсан үйлдэл нь дээрх хуулийн заалтад хамаарч байгаа болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 618 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийжхэргийг зөв шийдвэрлэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч Д******* ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөлтийн байдлаар хэсэгчилсэн шалгалтыг хийж, Д******* ХХК-аас 136,818.2 мянган төгрөгийн хий бичилттэй 0012241508 тоот падаан авч, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ хэсэгт тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан Д******* ХХК-ийн зөрчилд 13,681.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 4,104.5 мянган төгрөгийн торгууль, 662.3 мянган төгрөгийн алданги, нийт 18,448.6 мянган төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно:14.1.1-т үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн гэж, харин 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заасан.

Дээрх хуулийн заалтаас үзвэл худалдан борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлснөө нягтлан бодох бүртгэлийн баримтад тусгах үүргийг худалдан авагч тал хүлээхээр зохицуулсан байхад нэхэмжлэгч Д******* ХХК бараа материал худалдан авсан талаарх нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл бараа материал худалдан авсан үнэнд 136,818.2 мянган төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 13,681.8 мянган төгрөг, нийт 150,500.0 мянган төгрөг төлсөн болохоо нотолж чадаагүй байна.

Түүнчлэн Д******* ХХК нь падааны бичилтийн үнэн зөвийг нотлоход ач холбогдолтой нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд /нэхэмжлэл, бараа материал хүлээлгэсэн акт, ямар бараа материал авсан банкны харилцах данс, бэлэн мөнгө хүлээлцсэн орлого, зарлагын баримтууд/ байхгүй байхад бараа материал худалдан авсан гэх нэмэгдсэн өртгийн албан татварын 0012241508 тоот хий бичилттэй падааныг үндэслэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Иймд нэхэмжлэгчийн худалдан авалт хийсэн гэдэг нь анхан шатны баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагч татварын улсын байцаагч нарын ...уг падаантай холбоотой орлого болон зарлагын падаан, мөнгө төлөгдсөн анхан шатны баримтууд байхгүй гэж үзэж акт тогтоосон нь үндэслэл бүхий байна.

Татварын маргаан таслах зөвлөлийн 93, 96 дугаар тогтоолуудад Д******* ХХК-ийн захирал Ш.Жаргалмаа нь нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан борлуулах үйл ажиллагааг удаа дараа хийж, борлуулалтаа 1 хувиар тооцож аж ахуйн нэгжүүдэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан өгдөг байсан нь Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Ш.Жаргалмааг сэжигтнээр байцаасан тэмдэглэл зэргээр нотлогдсон гэж тус тус дүгнэсэн зэргээс үзвэл маргаан бүхий актад заасан падааныг хий бичилттэй падаан биш гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн ...нэмэгдсэн өртгийн албан татварын цахим тайлангийн системд бүртгэлтэй падаан ашиглаж худалдан авалт хийсэн байхад хуурамч падаанаар худалдан авалтын хасалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татвар бууруулж тайлагнасан гэж акт тавьсан нь үндэслэлгүй, падаан хуурамч гэдгийг мэдэх боломжгүй... гэх тайлбар нь түүнийг Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд хариуцагчаас Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв баримтлан худалдан авалтыг баримтаар нотлогдоогүй гэж үзэж, нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцсон зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 618 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН