Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01346

 

 

 

 

 

 

 

 

 

 

В.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01198 дугаар шийдвэртэй

В.Оийн нэхэмжлэлтэй хариуцагч Х ХХК-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөрт 27 925 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянжаргал, Г.Мягмаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч В.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Н.Г нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-ийн баруун түгээх төвийн кабель шугамын засвар үйлчилгээний хэсгийн монтёрын ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ шороонд дарагдан нас барсан. Тус байгууллага 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК нь Х ХХК-тай даатгалын үйлчилгээ үзүүлэх №Г19228846 дугаар гэрээ байгуулан уг гэрээний хавсралтаараа бүх ажилчдаа даатгаж зохих төлбөрийг төлсөн байдаг. Уг гэрээнд заасны дагуу гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийг шаардахад Х ХХК олгох боломжгүй гэсэн бичиг өгсөн. Мөн Санхүүгийн зохицуулах хороонд хандахад нөхөн олговрыг хэсэгчлэн олгох нь зүйтэй гэдэг учир дутагдалтай хариуг албан бичгээр өгсөн ч одоо болтол гэнэтийн ослын даатгалыг төлөхгүй, биднийг маш ихээр хохироож байна. Хэрэгт авагдсан цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн үхлийн шалтгааныг амьсгалын зам механикаар бөглөрсөн гэж, 06/2020 тоот дүгнэлтэд осол ухсан нүхний ханын нуралтаас үүссэн гэдгийг тогтоосон байдаг тул ажил олгогчийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй явдал хамааралгүй болно. Иймд гэрээнд заасны дагуу Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд зааснаар Х ХХК-иас даатгалын нөхөн төлбөр болох 27 925 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмаржаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х" ХХК болон Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК нар 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр №Г19228846 дугаартай гэнэтийн ослын даатгалын гэрээг байгуулсан. 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Твин /Twin/ хаус хотхоны хашааны зүүн урд талын буланд даатгуулагч Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-ийн ажилтан Н.Г нь кабелын гэмтэл засварлахаар шорооны ажил хийж байгаад шороонд дарагдаж нас барсан харамсалтай тохиолдол гарсан бөгөөд талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөс ирүүлсэн нөхөн төлбөр авах хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн аваад бид дараах үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Талийгаачийн ослын шалтгаантай холбоотой Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн акт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 850 дугаар дүгнэлт гарсан. Талийгаачийн нас барсан шалтгааныг дүгнэсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 850 дугаар дүгнэлтэд ...талийгаач нь амьсгалын зам гадны биетээр механикаар бөглөрч нас баржээ. Мөн тус дүгнэлтийн онош хэсэгт Механик амьсгал бүтэлт: ам хамрын хөндий дэх гадны биет /нунтаг, жижиг ширхэгтэй шороо/. Нүдний алимны салст, зовхины салст, дээд доод уруулын дотор салст, хэлний уг хэсгийн цэгчилсэн цус харвалт, уушиг зүрхний гадаргуугийн цэгчилсэн цус харвалт /Тарьден толбо/... гэжээ. Талуудын хооронд байгуулсан №Г19228846 тоот гэрээний хураангуйд Даатгалын эрсдэлийг тодорхойлсон. Үүнд нийт 6 эрсдэл /байгалийн, ахуйн, үйлдвэрлэл техникийн, техниктэй харьцах үеийн, мал амьтдын нөлөөгөөр үүсэх, гадны нөлөөллийн буюу сум, хутга мэсэнд өртөх эрсдэл/-ээс даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлөхөөр заасан бөгөөд тэдгээр эрсдэлд шороонд дарагдах үеийн эрсдэл хамаарахгүй болно. Гэрээний 2.8.7.3-д зааснаар даатгалын эрсдэлд хамаарахгүй шалтгааны улмаас талийгаач нас барсныг эрх бүхий байгууллагаас тогтоосон байх тул нөхөн төлбөр олгох үндэсгүй юм. Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн акт №01-т Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн 506-д зааснаар "...Зөөлөн чийглэг хөрстэй газарт шуудуу ухахад хана нь нурах аюултай бол түүнийг найдвартай бэхлэх ёстой...", 507-д зааснаар "...Суларсан шороог нүх шуудууны захаас 0,5 метрээс багагүй зайд гаргана. 2 метрээс гүн нүх, шуудууны гадна гаргасан шороог холбогдох дүрэмд заасны дагуу бэхэлж зайлуулна...", 511 "...508-510-т дурдсанаас бусад тохиолдолд нүх шуудуунд хүн орж ажиллах тохиолдолд тухайн хэсэгт ханын бэхэлгээ хийх буюу нурахгүй байхаар налуу гаргаж ухсан байвал зохино..." гэх заалтуудыг зөрчсөнөөс осол гарсан гэж дүгнэсэн байна. Гэрээний 2.10.2.7-д даатгуулагч нь гал, цахилгаан, болон бусад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг мөрдөж ажиллах, аюулгүй ажиллагаанд харшлах, эрүүл мэнд болон хөдөлмөрлөх чадварт сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэгтэй гэж заасан. Даатгуулагч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Аюулгүй ажиллагааны заавар, Барилгын норм ба дүрэм /БНбД 81-01-00/-ыг зөрчсөнөөс осол болсон нь гэрээний үүргээ биелүүлээгүй, осол болох нөхцөл орчныг бий болгосон гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.6-д зааснаар тухайн ажилтнууд нь цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг үл мөрдөн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д хангаж ажиллаагүйгээс гэрээнд заагдаагүй эрсдэлээр осол гарч, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзана. Мөн гэрээний 2.9.1.1-д даатгуулагчийн болон түүний зөвшөөрөл бүхий этгээдийн санаатай болон хөнгөмсгөөр найдсанаас өөртөө болон бусдад учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлснээс үүссэн хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэсэн зохицуулалтуудыг бүрэн хангаж байна. Иймд гэрээнд заагдсан даатгалын эрсдэл үүсээгүй, даатгуулагчийн гэм буруутай үйлдлийн улмаас осол учирсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х ХХК-иас 27 925 500 /хорин долоон сая есөн зуун хорин таван мянга таван зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В.От олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297 575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 297.575 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Оргил давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Даатгалын хураамжийг анхан шатны шүүх даатгалын үнэлгээ гэж үзэн хуульд тодорхойлсон нэр томьёог буруу тайлбарласныг эс зөвшөөрч байна. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д ...даатгалын хураамж гэж даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг ойлгоно... гэж заасан байтал шүүгч шийдвэрээ гаргахдаа үндэслэх хэсэгт ...нэг ажилтны хураамж 50 000 төгрөг нийт хураамж 55 850 000 төгрөгийг 1 ажилтны үнэлгээ гэж үзсэн... гэж тодорхойлсон бөгөөд талуудын хооронд байгуулсан Г19228846 тоот Гэнэтийн ослын даатгалын гэрээ-ний хураангуй хэсэгт даатгалын нийт үнэлгээг 27 925 000 000 төгрөгөөр тогтоож нийт хураамжийг 55 850 000 төгрөгөөр тогтоосон бөгөөд нийт 1117 ажилтныг нэг бүр нь 25 000 000 төгрөгөөр тогтоон нэг ажилтанд ногдох хураамжийг 50 000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл шүүх шийдвэрээ гаргахдаа талуудын хооронд байгуулсан гэрээний 1117 ажилтны нийт үнэлгээг 1 ажилтны үнэлгээ гэж үзсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч мөн нэхэмжлэлийн дүнгээ тодорхойлохдоо даатгалын нийт ажилтны үнэлгээг 1 ажилтных гэж үзэн нэхэмжлэлээ гаргасан байсныг шүүх хуралдаанд мөн мэдүүлсэн байдаг. Иймд нэг ажилтны үнэлгээг 25 000 000 төгрөгөөр тогтоож өгнө үү. Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 9/4949 тоот албан бичигт даатгуулагч Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь зохицуулалтыг хангасан байх үндэслэлтэй тул нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгох талаар дүгнэлт гарган ирүүлсэн бөгөөд бид анхан шатны шүүхийн шийдвэрийн 27 925 500 төгрөг олгох шийдвэрээс 12 500 000 төгрөг олгох хэсгийг хүлээн зөвшөөрч үлдэгдэл даатгалын үнэлгээний дагуух нөхөн төлбөр болох 12 500 000 төгрөгийг олгох үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т заасан 27 925 500 төгрөгийг дүнг нэг ажилтанд ногдох даатгалын үнэлгээг 25 000 000 төгрөгөөр тогтоож, 12 500 000 төгрөгт ногдох шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч В.О хариуцагч Х ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 27 925 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Х ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байна. /хх 4-36/

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, анхан шатны шүүх Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК болон Х ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талийгаач Н.Г Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн баруун түгээх төвд монтёроор ажиллаж байсан, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэх явцад осолдож нас барсан үйл баримт тогтоогдсон байна. /хх 37-43, 75-80/

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...даатгалын гэрээний талууд даатгалын эрсдлийг тодорхойлсон, талийгаач Н.Гын эрсдэл гэрээнд заасан төлбөр олгох үндэслэлд хамаарахгүй, осол гарах үед аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн... гэж тайлбарлажээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 850 тоот шинжээчийн дүгнэлтэд ...талийгаач амьсгалын зам гадны биетээр механикаар бөглөрч нас барсан, түүнээс спиртийн агууламж илрээгүй... гэж, мөн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 06/2020 тоот шинжээчийн дүгнэлтэд ...уг осол ухсан нүхний ханын нуралтаас үүссэн тухай тус тус дурдсан байх тул даатгалын тохиолдол үүссэн гэж үзнэ... гэж тус тус дүгнэсэн байна. /хх 46-50, 56-58/

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх заалтад ...даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан бөгөөд дээрх заалтын дагуу даатгуулагч нь нөхөн төлбөр гаргуулах эрх эдэлнэ.

Мөн анхан шатны шүүх уг ослын акт, шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн нас барсан нөхцөл үйлдвэрлэлийн осолд тооцогдоно, ажил олгогч үйлдвэрлэлийн ослын актаар баталгаажуулсан, ажил олгогч хохирогчид аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах үүргээ биелүүлсэн, осол болсон тухайн өдөр ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг бичгээр өгсөн, ажлын хувцас хамгаалах хэрэгсэл олгогдсон тухай тус тус дурдсан байх тул ажил олгогч Хөдөлмөр хамгааллын аюулгүйн ажиллагааны дүрэм зөрчсөн асуудалд ажилтныг буруутгах үндэслэлгүй тул нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болохгүй, гэрээний 2.9.1.1-д заасан даатгуулагч даатгалын тохиолдол бий болох орчин нөхцлийг бүрдүүлсэн нөхцөлд хамаарахгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй болно.

Анхан шатны шүүх даатгалын нөхөн төлбөрийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч байгууллагаас 27 925 500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хариуцагчийн төлөөлөгчөөс ...нэг ажилтанд ногдох даатгалын үнэлгээг 25 000 000 төгрөгөөр тогтоож, 12 500 000 төгрөгт ногдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 214 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО