Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01385

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01385

 

Д.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/01949 дугаар шийдвэртэй

Д.Оийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Цт холбогдох

Хамтын амьдралтай байсан болон хүү Ц.Ө, охин Ц.Ү нарын асрамжийг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэгт 407 202 300 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрт 1 880 200 төгрөгийг тус тус гаргуулах, хариуцагч Н.Цын Д.Н Д.М нартай байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батболд, Ц.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаяр, хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч Н.Цтай 2011 оны 11 дүгээр сард танилцсан. Бид хоёр нэг компанид хамт ажиллаж байсан бөгөөд 2014 оны 12 дугаар сараас хайр сэтгэлийн холбоотой болж, хамт амьдрах хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүү Ц.Ө, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр охин Ц.Ү нар төрсөн. Бид хоёр 2015 оноос хойш гэхдээ нарийн тооцвол 2014 оны 12 дугаар сараас хамт амьдрах болсон. Би хариуцагчид гэрлэлтээ батлуулах санал тавихад өмнөх эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулаагүй учир боломжгүй байна гэж хариулдаг байсан. Гэтэл хариуцагч Н.Ц 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 7 хоногийн хугацаатай Япон улс руу томилолтоор яваад ирсэн үеэс хойш манай гэр бүлийн харилцаа өөр болсон. Учир нь, тэр үед одоо хамт амьдарч байгаа н.Б гэх эмэгтэйдээ дотно харилцаатай болж, надтай болон хүүхдүүдтэйгээ муухай харьцах болсон. Энэ явдлаас хойш хариуцагч Н.Ц хүүхдүүдийнхээ дэргэд намайг зоддог, өндөр дуугаар хашгирдаг болсон, хүүхдүүд маань айгаад уйлах үед ийм ээж, аавтай болсондоо харамс гэж хэлдэг, хүүгээ загнахдаа би аав хүний хайрыг мэдрээгүй учир чи бас мэдэхгүй байх хэрэгтэй гэдэг байсан. Үүнээс гадна намайг өвлийн хүйтэнд жирэмсэн, давхар биетэй байхад гэрээсээ хөөж гаргадаг байсан. Мөн охиныг өөрийнхөн төрсөн хүүхэд гэж хүлээн зөвшөөрдөггүй. Гэвч эцэг тогтоолгох шинжилгээний хариугаар Н.Цыг охин Ц.Үгийн биологийн эцэг байх магадлалыг 99.99 хувь гэсэн байна. Бид хариуцагчийг 2014 оны 12 сараас хойш Д.Отэй хамтын амьдралтай гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүү Ц.Ө төрсөн тэр үеэс өмнө хамтын амьдралтай байсан гэдэг нь ойлгомжтой бөгөөд 2018 оны 02 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Учир нь, хариуцагч Н.Ц 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн төрсөн дүүгийн хамт гэрт ирээд нэхэмжлэгч Д.Оийг зодсон. Энэ асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Цын дүү нь зодсон болоод өнгөрсөн. Энэ үйл баримтаас харахад хамтын амьдралтай байсан хугацаа 2014 оны 12 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл гэдэг нь харагдах болно. Х ХХК нь анх Н.Цын нэр дээр байсан хэдий ч хариуцагч нь шүүхэд хандсанаас хойш хөрөнгө хуваах, тэтгэлэг яригдахад эд хөрөнгүүдээ бусад этгээдийн нэр рүү шилжүүлсэн. Тодорхой хэлбэл, хоёр байр, нэг автозогсоолыг ээж, дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн бол харин ээж, дүү хоёр нар нь буцаагаад уг компанид шилжүүлсэн байсан. Хэрэв эдгээр эд хөрөнгүүд анхнаасаа Х ХХК-ийн нэр дээр байсан бол тухайн компанийн нэр дээр бүртгэгдэх байсан юм. Иймээс эдгээр хөрөнгүүд бол Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг, мөн хуулийн 21.5 дах хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд, гэрлэлтээ бүртгүүлсэн хүний хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан. Үүнээс үзвэл гэр бүлээ батлуулсан болон батлуулаагүй байсан ч хүүхэд эд хөрөнгө хуваахад ногдох хэсгээ авч болно. Энэ талаар Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлд тодорхой заасан. Хариуцагч нь хүүхдүүддээ хайртай гэх боловч хүлээн зөвшөөрөхгүй эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэдэг, шүүгчийн захирамжийн дагуу хүүхдүүддээ тэтгэлэг өгөхгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очсон. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Н.Ц нь өөрийн төрсөн дүү н.Оийн хамт ирээд хүү, охин хоёрыг нэхэмжлэгч Д.Оөөс булааж аваад ээжийнх рүүгээ авч явж, хүүхдүүдийг нь санаатайгаар дүү нар нь зовоосон. Үүнийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж хүний биед санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж дүгнэсэн. Иймд, шүүхэд хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүү Ц.Ө, охин Ц.Ү нарыг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг болох 407 202 300 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл өгсөн. Дундын эд хөрөнгө болон зах зээлийн үнэ: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дэлгэр хотхон 67а байр, 704 тоот хаягт байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнийн дүн 78 700 400 төгрөг, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Элизабет хотхон, 214 байр, 99 тоот хаягт байрлах 46 м.кв талбайтай 2 өрөө орон сууцын үнийн дүн 119 600 000 төгрөг, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хороолол-2, хүннү гудамж, 214 дүгээр байр 29 тоот хаягт байрлах авто зогсоолын үнийн дүн 28 000 000 төгрөг, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Мандала хотхон, 320/5 байр, 239 тоот хаягт байрлах орон сууцны үнийн дүн 251 636 000 төгрөг, 49-99 УБС улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн авто машины үнийн дүн 65 000 000 төгрөг, нийт 542 936 400 төгрөгөөс нэг хүнд ногдох хувь 135 734 100 төгрөг, гурван хүнд ноогдох хувь 407 202 300 төгрөг болж байгаа. Хариуцагч нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар хүү Ц.Ө, охин Ц.Ү нарт тэтгэмж олгохоор урьдчилсан арга хэмжээ авсан боловч өгдөггүй, байнга нэхүүлдэг. Бид, хүү Ц.Ө, охин Ц.Ү нарын асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хувь 407 202 300 төгрөг гаргуулах, хүүхдийн сургалтын төлбөрт зарцуулсан нэмэлт зардал 1 880 200 төгрөг гаргуулах, 2014 оны 12 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох, Н.Ц, Д.Н Д.М нарын байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Н.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, нэхэмжлэгч Д.Отэй хамт ажилладаг байсан. Тухайн үед миний бие Баянгол дүүргийн 10 хороо, Голден парк хотхонд байр хөлслөн ээж, дүүгийн хамт амьдарч байгаад 2015 оны 12 дугаар сард ажлын хөлсөндөө Дэлгэр хотхоны байрыг авч, ээж, дүүгийн хамт амьдрах болсон юм. Хүү Ц.Ө төрсний дараа нэхэмжлэгч Д.Оийг албан ёсоор ээжтэйгээ танилцуулаад бид хэд хамт 6 сар амьдарсан. Миний бие 2014 оны 01 дүгээр сард хамаатан садан, ах дүүгийн хамт нийлээд Х ХХК гэсэн нэртэй барилгын компанийг байгуулж, би инженер, ээж ажилчдын хоол ундыг хийж, бусад барилгын ажлыг хамаатан, сандангууд маань хийдэг байсан, одоо ч гэсэн ийм байдлаар ажиллаж байна. Нэхэмжлэгч бид хоёр 2015 оны 11 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Нэхэмжлэгч Д.О нь Х ХХК-ийн нягтлангаар н.О гэх дүүг минь ажиллаж байхад бид хоёрын дунд хагарал үүсгээд өөрөө нягтлангаар ажилласан. Манай компани түүнд 1 000 000 төгрөгийн цалин өгч, би өөрөө 500,000.00 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Гэвч бид хоёр цалин хөлс өгнө гэж ярьж байснаас ашиг хуваана гэж яриагүй. 2014-2018 оны хоорондох бүх санхүүгийн тайланг манай ээж, дүү нар 2 сар шахам сууж бэлдсэн. Гэтэл татварын шалгалтаар НӨАТ-ын асуудал үүсч 30 гаруй сая төгрөгийн акт тавиулсан. Одоогийн байдлаар манай компани 200 гаруй сая төгрөгийг хуурамч НӨАТ-ын асуудалтай байна, бас 29 гаруй сая төгрөгийн торгууль тавигдсан. Энэ бүх санхүүгийн харилцаанаас болж бид хоёр хоорондоо маргалдаж, салах шалтгаан болсон. Би хүүхдүүдээ цааш нь түлхсэн зүйл байхгүй, хүүхдүүдийнхээ тэтгэмжийг цаг тухай бүрт нь төлөхийг хичээдэг боловч Covid-19 цар тахлын улмаас орлого саатсан учир өгөх боломжгүй байгаа ч чадлынхаа хирээр төлөөд үлдэгдэлгүй болсон. Нэхэмжлэгч Д.Оийг дундын эд хөрөнгө гэж маргаж байгааг гайхаж байна. Учир нь, Х ХХК-ийн хөрөнгийг дундын эд хөрөнгө гэх боловч компани яаж ашиг олдог, яаж ногдол ашиг хүртдэгийг нэхэмжлэгч нь санхүүгийн хүн учир сайн мэдэж байх ёстой. Нэхэмжлэгч нь Х ХХК болон миний нэр дээр байгаа бүх зүйлийг хөдөлгөх боломжгүй болгосон нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Бид хоёр тус тусдаа амьдарснаас хойш ланд круйзер 200 маркийн автомашин авсан. Гэтэл түүнийг дундын өмч гэж нэхэмжилж байна. Хүүхдийн асрамж, тэтгэлэг дээр маргахгүй байгаа учир нэмэлт тайлбар өгөх шаардлагагүй. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа 2018 оны 01 дүгээр сард өөрийн амьдарч байсан гэрээсээ том хүү бид хоёрыг орхиод гарсан гэж бичсэн байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь маргаж байгаа хөрөнгүүдийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө гэж байна. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Улсын Дээд шүүхийн зөвлөмжид гэр бүлийн дундын эд хөрөнгө нь зөвхөн гэрлэлтийн үндсэн дээр үүснэ гэжээ. Өөрөөр хэлбэл, хуулийн заалтыг цаашид үзвэл гэрлэлт бүртгүүлээгүй этгээдэд хамааралгүй гэсэн утгатай. Түүнчлэн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасныг эцэг эхийн нэр авах, тэжээн тэтгүүлэх, асран хамгаалах зэрэг орно гэсэн байна. Ийм учраас Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл дээр эд хөрөнгө асуудлыг Иргэний хуулиар зохицуулна гэжээ. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, Иргэний хуулийн 183, Иргэний бүртгэлийн тухай хуулиар эрх гэдэг нь хэзээ бүртгүүлсэн байна түүгээр явна гэж тодорхой заасан. Нэхэмжлэлд дурдагдсан эд хөрөнгүүд болох Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 67а байр 704 тоот хаягт байрлах орон сууцны эх үүсвэр нь Х ХХК болон Цэрэн интернэшнл ХХК нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан дээврийн ажил гүйцэтгэх гэрээ гэдэг нь нотлогддог. Энэ үед хариуцагч Н.Ц нь нэхэмжлэгч Д.Отэй гэр бүл болоогүй байхдаа тухайн компанийг байгуулсан. Мөн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороонд байрлах автозогсоолыг хамтран өмчлөх эд хөрөнгө мөн гэж дурддаг. Тухайн хөрөнгө бий болох хугацаа 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Х ХХК болон Монкон констракшн ХХК нарын байгуулсан дээврийн ажил гүйцэтгэх гэрээгээр нотлогддог. Эдгээр эд хөрөнгийг хариуцагч Н.Ц руу шилжүүлээд байгаа шалтгаан нь нэхэмжлэгч Д.Оийн зөвлөсний дагуу уг компаниас Н.Ц буюу хуваарьт эд хөрөнгө рүү шилжүүлдэг. Эдгээр хөрөнгө нь хуулийн зохицуулалтаар дундын эд хөрөнгө болох ямар ч боломжгүй, ланд круйзер 200 маркийн авто машиныг 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Х ХХК-ийн хийсэн ажлын бартерын журмаар шилжүүлэн авсан эд хөрөнгө болно. Тус Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Мандала хотхон, 320/5 байр 239 тоот эд хөрөнгө нь Х ХХК-ийн нэр дээр анхнаасаа шилжиж ирсэн нь Монкон констракшн ХХК-тай байгуулсан гэрээгээр тодорхойлогдох болно. Тухайн хөрөнгүүд анх хариуцагч Н.Цын нэр дээр шилжээгүй, харин компанийн нэр дээр байсан. Иймээс эд хөрөнгө болон орон сууцтай хамраалтай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин хүүхдийн асрамж болон тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч, сургалтын төлбөрт 1 880 200 төгрөгийг төлнө. Хууль эрх зүйн зохицуулалт болон Улсын дээд шүүхийн зөвлөмж, тогтоолоор нэхэмжлэгчид маргаж байгаа эд хөрөнгүүд хамааралгүй гэдэг харагдах болно гэжээ.

ШҮҮХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Эрэнхүүгийхэн овогт Доржсүрэнгийн О болон хариуцагч Боржигон овогт Нацагдоржийн Ц нарыг 2014 оны 12 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 11-ны өдөр төрсөн хүү Ц.Ө, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Ц.Ү нарыг эх Д.Оийн асрамжид үлдээж, хүүхдүүдийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр төрсөн эцэг Н.Цаар тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Н.Цаас 220 355 500.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Оөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 186 846 800.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн хариуцагч Н.Ц болон Ц.Наранцэцэг нарын Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 67а байр, 704 тоот хаягт байрлах Ү-2206046393 тоот улсын бүртгэлийн дугаартай 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бэлэглэх тухай 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, хариуцагч Н.Ц болон Д.М нарын Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 214 дүгээр байр, 99 тоот хаягт байрлах Ү-2204087520 тоот улсын бүртгэлийн дугаартай 46.28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бэлэглэх тухай 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, мөн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол-2 /13312/ хүннүгийн гудамж, 214 дүгээр байр, 29 тоот хаягт байрлах Ү-2204092019 тоот улсын бүртгэлийн дугаартай 20.30 м.кв талбайтай автозогсоолыг бэлэглэх тухай 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг үндэслэн хариуцагч Н.Ц нь нэхэмжлэгч Д.Оөд холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол зохигчдын хэн нэг нь нөгөөдөө хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг үүгээр тэдгээрт мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 71.1.1, 7.1.2-т зааснаар тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 498 440.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 70 200.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас шинжээчийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжид 2 510 173.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Н.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба нотлох баримтыг буруу үнэлж дүгнэлт хийсэн. Түүнчлэн анхан шатны шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан. Тодруулбал, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т тус тус зааснаар гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж тооцогдох бол, бусад харилцаанд гэрээ, хэлцлийн үндсэн дээр үүсч болно. Хамтын амьдралтай байсан хүмүүсийн хооронд эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх, үүрэг үүсч болох тул заавал энэ талаар бичгээр тохиролцсон гэрээ, хэлэлцээр байхыг шаардахгүй. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заажээ. Тайлбарлавал, нэхэмжлэгч Д.О, Ц.Ө, Ц.Ү нар хамтран өмчлөгчийн хувьд тухайн эд хөрөнгүүдээс өөрт ногдох хэсгээ хариуцагч Н.Цаас шаардах эрхтэй тул нэг хүнд ногдох үнийг тооцвол 291 300 400=72 825 100 төгрөг, үүнээс Д.О, Ц.Ө, Ц.Ү нарт ногдох хэсэг нь 218 475 300 төгрөг болж байна. /3x72 825 100/ гэж тус тус дүгнэгт хийсэн нь үндэслэлгүй. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж түүнд дүгнэлт хийгээгүй учир шүүгчийн энэхүү үйлдэл нь хариуцагч Н.Ц миний олон жил хийж гүйцэтгэсэн ажил хөдөлмөрийг ямар ч үр дүнгүй болгон хохирол учруулж байгаад маш их гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт баримтлан дүгнэлт хийсэн Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 126дугаар зүйлийн 126.1, Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.2.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.4, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.10, Монгол Улсын Үндсэн хуулийн 14дүгээр зүйлийн 2, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан эдгээр хуулийн заалтаар хариуцагч Н.Ц болон хэргийн оролцогч биш Хас-Авдар ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэж болохгүй юм. Учир нь, шүүхэд нэхэмжлэгч Д.О хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож байгаа этгээдүүдийг гэрлэгчид гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.О гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй учир шүүх нэхэмжлэгч Д.О, хариуцагч Н.Ц нарыг хамтын амьдралтай байсан болохыг тогтоосноор хариуцагч Н.Ц болон түүний байгуулсан Хас-Авдар ХХК-ийн өмчийг дээрх хуулиудад зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэн хуваах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд маргаж байгаа эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн дундын өмч гэж үзэн дүгнэлт хийж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж зааснаас үзвэл гэр бүлийн гишүүд тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхыг шаардана. Гэтэл маргаж байгаа эд хөрөнгүүд нэхэмжлэгч Т.О болон хүү Ц.Ө, охин Ц.Ү нарын өмч биш болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдоно. Түүнчлэн нэхэмжлэгч Т.О, хариуцагч Н.Ц нар гэрлэгчид биш юм. Мөн Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт Дундаа хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох * хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй" гэж заажээ. Дээрх хуулийн заалтаас үзвэл нэхэмжлэгч Т.О болон хүү Ц.Ө, охин Ц.Ү нар нь маргаж байгаа эд хөрөнгийн өмчлөгч биш бөгөөд түүний эд хөрөнгийг эзэмшиж байгаа нь энэхүү хуулийн заалтад хамаарахгүй юм. Энэхүү хуулийн заалтаар тухайн эд хөрөнгийг шаардах эрх нь эзэмшигчид хамааралгүй, харин заавал өмчлөгч байхыг шаардана. Иймд нэхэмжлэгч Т.О нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дэх хэсэгт зааснаар ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж, Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Гэрлэлтийн бүртгэлийг хуулиар тогтоосон журмын дагуу гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Гэтэл нэхэмжлэгч Т.О, хариуцагч Н.Ц нь дээрх хуульд заасны дагуу гэрлэлтээ бүртгүүлээгүй учир тэд нарыг Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэгчид гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх заалт үйлчлэхгүй юм. Иймд шүүхийн хийж байгаа дүгнэлт үндэслэлгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан нь эд хөрөнгийн асуудалтай огт хамааралгүй бөгөөд харин энэхүү хуулийн заалт нь эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцааг зохицуулсан заалт байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж заасан нь эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх эрх, үүрэгт хамааралтай заалт байх бөгөөд энэхүү заалт нь эд хөрөнгө хуваах заалтад огт хамааралгүй. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Тэжээн тэтгүүлэгчид онцгой байдал тохиолдсон /... сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардпыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2- т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно" гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт Тэжээн тэтгүүлэгчийн эрх, ашиг сонирхол хохирсоноос тэжээн тэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг түүний эцэг, эх, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага гаргаж болно гэж заажээ. Хариуцагч Н.Цын зүгээс хүүхдүүдийн сургалт болон эмнэлгийн үзлэгт орсон зардалд 1.880.200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул үүнийг бас хүлээн зөвшөөрөхгүй. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хүүхэд нийгмийн амьдралд оролцох бөгөөд хүүхэд нийгмийн амьдралд оролцохдоо дараахь эрх эдэлнэ гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт хүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх, ажил, үйлчилгээний хөлс, урамшуулал авах эрх эдэлнэ гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь дор дурдсан үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь хэсэгт Наад захын хэрэгцээт зүйлээ хангах гэж тус тус заасан байна. Энэхүү хуулийн заалтууд нь эд хөрөнгийн өмчлөгч биш этгээдүүдэд эд хөрөнгө хуваах тухай хуулийн заалт огт биш байх бөгөөд хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрхийг, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хүүхдийн эрхийг хамгаалах наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүргийг тус тус зохицуулсан хуулийн заалт бөгөөд хүүхдэдээ хэрэгтэй хувцас хунар, ном, дэвтэр, компьютер гэх мэт зүйлээр хангахыг хэлж байгаа болохоос өмчлөгч биш атлаа машин техник, орон байр, эд хөрөнгийг хуваах талаар зохицуулсан хуулийн заалт биш юмаа. Хуулийн заалт нь өмчлөгч биш, гэрлэгчид биш этгээдүүдийн эд хөрөнгийг хуваах тухай заалт биш байна. Иймд анхан шатны шүүх өөр хуулийг, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй учир хууль зөрчсөн ноцтой алдаа гаргаж хэргийг шийдвэрлэж байгаа нь иргэдийг шүүхэд итгэх итгэлгүй болгож, хууль бус шүүхийн шийдвэрээр их хэмжээний хохирол учруулж байгаад маш их гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д ... Энэ тохиолдолд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Цын өмчлөх эрхийг дуусгавар болох ч тэрээр тус үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр ганцаараа бүртгэгдсэн эсэхээс үл хамаарч бусад хамтран өмчлөгч нараас тус хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт зааснаар дотоод харилцааны хувьд зөвшөөрөл авах учиртай юм. Гэвч энэ хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу гуравдагч этгээд болох бэлэг хүлээн авагч Ц.Н Д.М нарын хувьд тухайн зөвшөөрөл шаардлагагүй бөгөөд гагцхүү хариуцагч Н.Цыг өмчлөгч гэж үзэх зарчим үйлчилнэ.

Гэтэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар бэлэглэлийн гэрээний зүйлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хас-Авдар ХХК-нд шилжүүлсэн үйлдлээс дүгнэхэд зохигчид анхнаасаа тухайн гэрээний эрх, үүргийг үүсгэх зорилгоор хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, эрх, үүргийн хувьд холбогдох сэдэлтэй байсан гэдэг нь тогтоогдохгүй, харин үнэн санаанаасаа бус дүр үзүүлсэн байна. Тодруулбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь талууд огт хэлцэл хийх хүсэл зорилгогүйгээр /иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох/ бусдад хэлцэл хийсэн юм шиг харагдахын тулд хэлцлийн гадаад илэрлийг бий болгосон тус хэлцлийн үр дагаврыг хүсээгүй боловч хэлцэл хийсэн мэт ойлгогдох нөхцөл байлыг үүсгэжээ. Иймд хариуцагч Н.Ц болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Н Д.М нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг дээрх үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоох нь зүйтэй байна гэж тус тус үндэслэлгүй дүгнэлт хийж байгаад гомдолтой байна. Учир нь, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж байгаа эд хөрөнгүүдийн өмчлөгч нь нэхэмжлэгч Д.О болон хүү Ц.Ө, охин Ц.Ү нар биш, түүнчлэн нэхэмжлэгч Д.О болон хариуцагч Н.Ц нар нь гэрлэгчид биш тул хариуцагч Н.Ц болон гуравдагч этгээд Ц.Н Д.М нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах эрх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч Д.От олгогдоогүй байна. Энэхүү бэлэглэлийн гэрээнүүдийн улмаас нэхэмжлэгч Д.Оийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.О нь эдгээр хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй учраас хариуцагч Н.Ц болон гуравдагч этгээд Ц.Н Д.М нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл байхгүй. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт баримталсан Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 108 дугаар зүйлийн 108.4, 10&дугаар зүйлийн 108.4 дэх заалтууд нь тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд ямар ч хамааралгүй байх тул шүүх өөр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж дүгнэлт хийж чадаж байгаад маш их гомдолтой байна. Иймд шүүхийн дээрх дүгнэлт нь хариуцагч болон гуравдагч этгээд нарын хуулиар олгосон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байх тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээд болох Хас-Авдар" ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Нэхэмжлэгч талаас Хас-Авдар ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 13314 дугаартай захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Хас-Авдар ХХК-ийг оролцуулахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Д.Оийн гаргасан дээрх хоёр нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхэд дээрх хуульд зааснаар Хас-Авдар ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа. Учир нь, талуудын маргаж байгаа эд хөрөнгүүдийн зарим нь Хас-Авдар ХХК- ийн өмч болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдох бөгөөд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хас-Авдар ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал оролцуулах нь зүйтэй байсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэгч Д.О, хариуцагч Н.Ц нарыг 2014 оны 12 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсан гэж тогтоосон. Үүнийг хариуцагчийн зүгээс зөвшөөрөхгүй байна. Учир нь, нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа 2015 оны 12 дугаар сарын 14- ний өдрөөс эхлэн хамтран амьдрах болсон ба 2018 оны 10 дугаар сар хүртэл хамт амьдарсан гэж бичсэн. Гэтэл 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан болон 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О 2018 оны 1 дүгээр сард хариуцагч Н.Цыг гэрээсээ явсан гэж хариулсан. Гэтэл шүүх зөвхөн нэхэмжлэгчийн өөртөө ашигтай байдлаар тайлбарлаж байгаа хугацааг үндэслэн хамтын амьдралтай байсан хугацааг 2014 оны 12 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл гэж тогтоосон нь үндэслэлгүй. Иймд шүүхийн дээрх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг үндэслэн хүүхдүүдийг сар бүр амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоосон хувиар төрсөн эцэг Н.Цаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Би хүү Ц.Ө, охин Ц.Ү нартаа сар бүр тэтгэлэг өгөхөд татлагзах зүйл байхгүй. Гэхдээ шүүх хоёр шийдвэр гаргасан учраас би нэг хэргийн хоёр шүүхийн шийдвэрт хүүхдийн тэтгэлэг төлөх асуудал гарч ирж байна. Учир нь, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101/Ш32019/13314 дүгээр захирамжаар хүүхдийн тэтгэлэг төлөөд явж байгаа. Гэтэл дахиад 2021 оны 06 дугаар сарын 22- ны өдрийн 101/ШШ2021/01949 дугаартай шийдвэрээр хүүхдийн тэтгэлэх төлөх болоод байна. Иймд дахин хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эсхүл тухайн шүүхийн шийдвэрээр өмнө нь хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох ёстой байсан гэж үзэж байх тул шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101/Ш32019/13314 дүгээр захирамжаар хариуцагч Н.Цт хүү Ц.Ө, охин Ц.Ү нарыг шүүхийн шийдвэр гарах хугацаанд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тэжээн тэтгэж байхыг даалгасан бөгөөд хариуцагч талаас хүүхдийн асрамж болон эцэг мөн эсэх талаар маргаж байхад маргадаггүй гэх үндэслэлээр дээрх захирамжийг гаргасанд гомдолтой байна. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагч Н.Цын өмчлөлд бүртгэлтэй 49-99 УБС улсын дугаартай Тоёота Ланд крузер 200 маркийн автомашины захиран зарцуулах эрхийг шүүгчийн захирамжаар хязгаарласан үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтыг мөн зөрчсөн байгаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Оийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу хариуцагчийн дээрх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хязгаарлах эрх шүүхэд байхгүй. Мөн энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл шүүхийн шийдвэрт шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлээгүй нь хариуцагчийн эрхийг зөрчиж байна. Эцэст нь дээрх нөхцөл байдпыг нэгтгэн дүгнэж үзэхэд хариуцагчийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд шүүх халдсан байх бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ өөр хуулийг, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв үнэлж дүгнэж чадаагүй учраас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадсангүй. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/01949 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Н.Цт холбогдуулан хамтын амьдралтай байсан болон хүү Ц.Ө, охин Ц.Ү нарын асрамжийг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэгт 407 202 300 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрт 1 880 200 төгрөгийг тус тус гаргуулах, хариуцагч Н.Цын Д.Н Д.М нартай байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх, тэтгэлэг болон сургалтын төлбөрт 1 880 200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нэхэмжлэгч болоод хүүхдүүдэд ногдох хэсэгт 407 202 300 төгрөг гаргуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Д.О, хариуцагч Н.Ц нарыг 2014 оны 12 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан гэж үзснийг буруутгах боломжгүй байна. /2хх.16-17, 155-157, 216-219/

Мөн Ц.Ө, Ц.Ү нарыг эхийнх нь асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр эцэг Н.Цаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40.1.1, 40.1.2-т заасантай нийцсэн байна.

Хариуцагч давж заалдах гомдлын нэг үндэслэлээ ...өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр захирамжаар тэтгэлэг төлж байгаа, одоо шүүхийн шийдвэрээр төлөх болоод байна, хүүхдийн асрамж болон эцэг мөн эсэх талаар маргасан байхад шүүх маргаагүй гэж үзсэн гэж заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2019/13314 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-т заасан үндэслэлээр насанд хүрээгүй хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэх урьдчилсан арга хэмжээ авсан нь хуульд нийцсэн байх бөгөөд уг захирамжийн үйлчлэл нь шүүхийн шийдвэр гарах хугацаанд хэрэгждэг тул хүүхдийн тэтгэлэгийг давхардуулан төлж байна гэж үзэхгүй юм.

Түүнчлэн хариуцагч Н.Цын охин Үгийн биологийн эцэг мөн эсэхийг тогтоолгохоор гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч шинжээч томилсон, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2317 тоот дүгнэлтээр хариуцагч Н.Цыг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Ц.Үгийн биологийн эцэг мөн байх боломжийг 99.99 хувь гэж гарчээ. /1хх.85, 86/ Иймд дээрх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Н.Цын өмчлөлд Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 67а байр, 704 тоот хаягт байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Ц.Наранцэцэгийн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 214 дүгээр байр, 99 тоот хаягт байрлах 46.28 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Д.Мын, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол-2 /13312/ хүннүгийн гудамж, 214 дүгээр байр, 29 тоот хаягт байрлах 20.30 м.кв талбайтай авто зогсоол нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Д.Мын өмчлөлд тус тус бүртгэгджээ. /1хх.81, 104-128/ Мөн 2008 онд үйлдвэрлэгдсэн 49-99 УБС улсын дугаартай тоёото ланд круйзэр 200 маркийн автомашин хариуцагч Н.Цын өмчлөлд бүртгэлтэй байна.

Анхан шатны шүүх дээрх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд нь зохигчдыг 2014 оны 12 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан цаг хугацаанд бий болсон хөрөнгүүд байна гэж дүгнэсэн нь буруу биш юм.

Харин Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо /13312/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 320/5 дугаар байр, 239 тоот хаягт байрлах 93.43 м.кв талбайтай 4 өрөө орон сууц нь талуудыг тус тусдаа амьдарч эхэлсэн өдрөөс хойш буюу 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хас-Авдар ХХК-ийн өмчлөлд бүртгэгджээ. /1хх.68, 2хх.226/

Талуудын маргааны зүйл нэг болж буй нэрлэгдэн заагдсан үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг Тод үнэлгээ ХХК-аар үнэлүүлж нийт 291 300 400 төгрөгөөр тогтоосныг хариуцагч үгүйсгэж маргаагүй байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Тухайлбал, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 67а байр, 704 тоот хаягт байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 78 700 400 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 214 дүгээр байр, 99 тоот хаягт байрлах 46.28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 119 600 000 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол-2 /13312/ хүннүгийн гудамж, 214 дүгээр байр, 29 тоот хаягт байрлах 20.30 м.кв талбайтай авто зогсоолыг 28 000 000 төгрөгөөр, 49-99 УБС улсын дугаартай тоёото ланд круйзэр 200 маркийн автомашиныг 65 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /1хх.13-23/

Мөн хариуцагч давж заалдах гомдлын нэг үндэслэлээ ...анхан шатны шүүх зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй байхад Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр маргааны зүйл болж буй эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж буруу тодорхойлж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэжээ.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заажээ. Хэрвээ дундаа өмчлөгч хэн нэг этгээдийн зүгээс дундын өмчийн эрхийг хүчингүй болгохыг шаардсан бол дундын өмчийн эрх нь Иргэний хуулийн 489 дүгээр зүйлд заасны дагуу хэлцлийн үндсэн дээр дуусгавар болно. Энэ тохиолдолд дундын өмчлөлийн зүйлийг өмчлөгчдөд ногдох хэсгийн дагуу хуваах боломжтой бол биет байдлаар нь хувааж, хэрвээ хуваах боломжгүй бол дундын өмчлөлийн зүйлийг худалдаж, олсон орлогыг ногдох хэсгийн дагуу хуваарилахаар зохицуулсан.

Хамтын амьдралтай буюу гэр бүлийн харилцаатай байсан хүмүүсийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргааныг тодорхой этгээдүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 108, 119 дүгээр зүйлүүдэд заасны дагуу шийдвэрлэдэг.

Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дах хэсэгт заасныг буруу хэрэглэж, талуудын хоорондын маргааны зүйл болж буй гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваахдаа хүүхдүүдийг бие даасан хамтын өмчийн хөрөнгө оруулагчаар, тухайн хөрөнгийг бий болгосон гэж үзэж, хүүхдүүдийн тоог харгалзан хуваасан нь буруу юм.

Анхан шатны шүүх зохигчдын хамтын амьдралтай байсан хугацаанд Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 67а байр, 704 тоот хаягт байрлах Ү-2206046393 тоот улсын бүртгэлийн дугаартай 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 214 дүгээр байр, 99 тоот хаягт байрлах Ү-2204087520 тоот улсын бүртгэлийн дугаартай 46.28 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол-2 /13312/ хүннүгийн гудамж, 214 дүгээр байр, 29 тоот хаягт байрлах Ү-2204092019 тоот улсын бүртгэлийн дугаартай 20.30 м.кв талбайтай автозогсоол, 49-99 УБС улсын дугаартай тоёото ланд круйзэр 200 маркийн автомашиныг тус тус зохигчдын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд хариуцагч Н.Цаас 145 650 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Оөд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Н.Ц болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Н Д.М нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг дээрх үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон нь зөв болжээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн зардалд нэхэмжлэгч 440 000 төгрөг төлснийг хувааж төлүүлээгүй нь зөрчилтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 7 дахь заалтад нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан хэмжээ болох 145 650 200 төгрөгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, дээрх шинжээчийн зардлын 220 000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулах нь зүйтэй юм. /1хх.84-85, 90-91/

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/01949 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 3 заалтын ...220 355 500.00... гэснийг ...145 650 200... гэж, ...186 846 800.00... гэснийг ...261 552 100... гэж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтын ...2 510 173.00... гэснийг ...1 106 201... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 2 443 880 төгрөгийг хариуцагчид буцааж олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО