Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01244

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01244

 

 

 

Э.Э-ы

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/01653 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.Э-ы хариуцагч Ж.А-д холбогдуулан гаргасан хөршийн хил зөрчсөн үйлдлийг нь хүлээн зөвшөөрүүлж, 2 давхар өргөтгөлийн барилгын нэхэмжлэгчтэй хил залгаа хэсгийг барилгын болон галын аюулгүйн норм дүрэмд заасан барилга хоорондын зай 6 метр хэмжээгээр буулгаж, чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Маргаан бүхий газрыг эзэмшигч Э.Э- нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/163 шийдвэрээр өөрийн төрсөн ээж н.О-ээс 227 м.кв газрыг шилжүүлэн авсан. Мөн үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж газар эзэмшлийн үүргээ зохистой биелүүлж ирсэн. Нэхэмжлэгч нь өөрийн газар дээр 5 давхар үйлчилгээний зориулалттай барилга барихаар бүх газруудаас зөвшөөрлүүдээ гаргуулан 2018 оноос барилгын ажлаа эхлүүлэх гэсэн боловч хөрш залгаа газрыг эзэмшигч Ж.А- нь нэхэмжлэгчийн газрыг хашаалж барилгын ажил эхлүүлж сул шороо нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр асгаж үйл ажиллагаа явуулах аргагүй болгосон. Нэхэмжлэгч Э.Э- нь хөрш залгаа газар эзэмшигч болох Ж.А-д барилгын ажил нь хөршийн хил зөрчигдөн явагдаж байгаа нь өөрийнх нь эрх хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа талаар удаа дараа шаардлагыг тавьж байсан. Шаардлагын хариуд хариуцагч талаас иргэний хэрэг үүсгүүлээд хүрээд ир тэр үед танай талаас ямар шаардлага тавина тэрийг чинь хүлээн зөвшөөрөөд эвлэрэх боломжтой гэж хэлж байсан. Манайхаас 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан бүхий газарт үйл ажиллагаагаа явуулж байгаа Ж.А-ын барилгын ажлыг зогсоолгох иргэн Э.Э-ы нэгж талбарын 1330200125 дугаар бүхий 227 м.кв талбай хэсэгтэй давхцаж байгаа газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж иргэний хэрэг үүсгэсэн. Гэтэл хариуцагч тал тодорхойгүй байсаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 давхар өргөтгөлийн барилгыг бүрэн барьж дууссан. Иргэн Ж.А-ын энэхүү барилга нь нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшил газрыг түрж орсны зэрэгцээ тус улсад мөрдөгдөж буй барилгын норм, галын аюулгүй байдлын стандарт шаардлагыг ноцтой зөрчиж барилга барих хүчин төгөлдөр зөвшөөрөл батлагдсан зураг төсөлгүй баригдсан. Нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож, орчныг эрүүл аюулгүй байлгах, газар эзэмшилт ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж байгаа юм. Тодруулбал, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1.1-дэх хэсэг ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан байх. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 1.4-дэх хэсэг зэргэлдээ барилга байгууламж барьж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулаагүй байх гэсэн заалтуудыг зөрчиж байна. Хариуцагч барилга хоорондын зай талбайн норм хэмжээ, галын аюулгүйн норм нэхэмжлэгчийн талбайн газрын гадарга дээр газар доорх суурь хэсэг түүнчлэн агаарын орон зайн тодорхой хэмжээтэй байх тухай тогтоосон норм дүрмүүдийг тус тус зөрчиж байна. Иймд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Топ мебель худалдааны төвийн хойд талд маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн Ж.А-ын барилгын ажлыг зогсоож, иргэн Э.Э-ы нэгж талбарын 1330200125 дугаар бүхий 227м.кв талбай хэсэгтэй давхцаж байгаа газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Монгол улсын хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн 4 дүгээр хавсралтад зааснаар Галын аюулаас хамгаалах шаардлага-ын дагуу барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай дор хаяж 6 метр байхаар заасан байна. Мөн тухайн дүрмийн 12 дахь хэсэгт явган зам, гарцыг орон сууц олон нийтийн барилгын гал гарсан хэсэг болон туслах барилгууд галын шат уруу саадгүй очих галын машин зорчих 6 метрээс ихгүй өргөнтэй зурвас зай гаргаж төлөвлөх үүргийг тус тус хүлээлгэсэн. Хэрэв хариуцагчийн өргөтгөлийн барилга энэ хэвээрээ ашиглалтад орж үйл ажиллагаагаа явуулж байгаад галын аюул тохиолдвол манай барилга руу хоорондын зохих зайг баримтлаагүйгээс болж гал түймрийн аюул гарах эрсдэл өндөр юм. Иймд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагч Ж.А-аар хөршийн хил зөрчсөн үйлдлийг нь хүлээн зөвшөөрүүлж, 2 давхар өргөтгөлийн барилгын нэхэмжлэгчтэй хил залгаа хэсгийг барилгын болон галын аюулгүйн норм дүрэмд заасан барилга хоорондын зай 6 метр хэмжээгээр буулгаж, чөлөөлүүлэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай барилга нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Эрэл сургуулийн зүүн талд үйлчилгээ орон сууц, конторын зориулалттай 1498 м.кв газар дээрээ 98 айлын орон сууцны барилга, үйлчилгээний талбайн хамт барьж байгаа болно. Энэ төсөл дээр олон хүнийг ажлын байраар хангаж ажиллаж байгаа ба их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч хажуу манай хөрш болох Э.Э- нь өөрийн эзэмшлийн газар дээрээ манай барилга баригдаж байгаа гэх шалтгаанаар барилгын ажлыг зогсоолгож барилгыг нураах газар чөлөөлөх нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч 1 м.кв газар руу түрж орсон гэх асуудал яригдаж, үүнээс болж барилгаа барьж чадахгүй болсон гэдгээ нотолж өгнө үү. Заавал манай барилгатай тулгаж барилга барих асуудал байхгүй, энэ хэрэг өмнө ороод шүүхээр эцэслэн шийдэгдсэн байсан. Уг маргааныг шүүхээр биш Нийслэлийн газар зохион байгуулалтын алба шийдвэрлэвэл илүү зохимжтой юм. Учир нь улс зам өргөтгөх ажлыг хийхдээ манай газраас 100 илүү м.кв газрыг авч байсан, бид ч өгсөн. Аль нь ч ялгаагүй тухайн газрыг эзэмшиж улсад татварыг нь төлж байгаа улсын өмчийн газар үйл ажиллагаа явуулж байна. Нэхэмжлэгчийг хохироосон асуудал байвал өөрийн газраасаа эргэлтийн цэг өөрчлүүлж өгөх хүсэлтэй байна. Монгол улсын хот төлөвлөлтийн барилгачдын норм буюу 4 дүгээр хавсралтад тодорхой дүрэм журмыг бичсэн. Явган хүний гарц орон сууц болон нийтийн эзэмшлийн барилгын гал гарах хэсэг болон туслах барилгууд галын шат руу саадгүй очих галын машин зорчих 6 метрээс ихгүй өргөнтэй зурвас зай гаргахаар төлөвлөх үүрэгтэй. Аливаа хуулийн этгээд бүтээн байгуулалт хийж эхлэхдээ энэ зайг зайлшгүй авах хэрэгтэй. Бид ч бас энэ байгууламжаа барьж эхлэхдээ хажуу талын Топ мебель худалдааны төвийн байрнаас энэ зай хэмжээг авч барьсан. Төлөвлөж байгаа байшингаас зай хэмжээ авах ямар ч боломжгүй. Нэхэмжлэгч тал барилга байгууламжаа эхлэхдээ манай барилгаас хууль дүрмийн дагуу 6 метрээс доошгүй хоорондын зайгаа барих шаардлагатай болж байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Э-ы хариуцагч Ж.А-д холбогдуулан гаргасан хариуцагчаар хөршийн хил зөрчсөн үйлдлийг нь хүлээн зөвшөөрүүлж, 2 давхар өргөтгөлийн барилгын нэхэмжлэгчтэй хил залгаа хэсгийг барилгын болон галын аюулгүйн норм дүрэмд заасан барилга хоорондын зай 6 метр хэмжээгээр буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н давж заалдах гомдолдоо:

... Барилгын тухай хууль болон холбогдох дүрэм журамд зааснаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ-гүй байхдаа Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авах ямар ч боломжгүй байдаг. Хариуцагч Ж.А- нь 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авсан хэрнээ барилгын ажлын зөвшөөрлийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр авсан, түүнчлэн барилгын ажлаа бүр 2018 оны 4 дүгээр сараас эхлүүлсэн. Үүнээс үзэхэд барилгын ажлын зохих дүрэм, журмыг зөрчиж хууль бусаар барилга барьсан байдаг. Нэхэмжлэгч талаас энэхүү хууль бус ажиллагааны талаар удаа дараа гомдол нэхэмжлэл, тайлбар гаргасан хэдий ч шүүх эдгээр байдлыг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч барилгын ажил явагдаж эхэлсэн үеэс л маш олон удаа гомдол, шаардлага гаргаж байсан. Мөн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасан, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр болон 7 дугаар сарын 24-ний өдөр Газрын албаны газар зохион байгуулалт, геодиз зураг зүйн газарт гомдол гарган хэмжилт хийлгэх хөршийн хил зөрчсөн үйлдлийг тогтоолгосон. Мөн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр УБ хотын захирагч, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад, 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хот байгуулалт хөгжлийн газар, Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын албанд тус бүр гомдол гаргаж хандсан. Гэтэл шүүх хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруйд уг үйлдлээ зогсоох шаардлагыг нэхэмжлэгч гаргаагүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай хэт зөрүүтэй, огт үндэслэлгүй дүгнэлт болох нь тодорхой байна.

Шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасныг баримтлан тодорхойлсон. Нэхэмжлэгч талын анх гаргасан нэхэмжлэл буюу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэлд маргаан бүхий барилгын ажлыг зогсоолгох шаардлага гаргасан. Хэргийг хянан шийдвэрлэх явцад барилга баригдаж дууссан тул тус баригдсан барилгыг буулгаж чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно. Ийнхүү нэхэмжлэгч өөрийн эрх ашиг сонирхол зөрчсөн үйлдлийг зогсоолгох, улмаар газар чөлөөлүүлэх шаардлага гаргаж байсан нь иргэний эрх зүйн хамгаалалтын нэг төрөл буюу тодруулбал, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан шаардах эрхийн үндэслэл болно. Гэтэл шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой ба шүүх мөн зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан аргаар иргэний эрхийг хамгаалах бөгөөд хариуцагчийн гэм буруутай үйлдлийг өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлэх агуулгатай хамгаалалтын арга хуульд тусгагдаагүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн агуулгыг орхигдуулж зөвхөн үг үсгээр тайлбар хийсэн нь хэргийн үйл баримтыг тал бүрээс бүрэн бодитой тогтоож чадаагүй гэж үзэж байна. Ийнхүү шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугласан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодит байдлаар нь дүгнэж чадаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Э- нь хариуцагч Ж.А-д холбогдуулан барилгын ажлыг зогсоолгож, нэгж талбарын 1330200025 дугаар бүхий 227 м.кв талбайн хэсэгтэй давхцаж байгаа хэсгийг нь албадан буулгаж, газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, хөршийн хил зөрчсөн үйлдлийг нь хүлээн зөвшөөрүүлэх, 2 давхар өргөтгөлийн барилгын нэхэмжлэгчийн газартай хил залгаа хэсгийг барилгын болон галын аюулгүйн норм дүрэмд заасан барилга хоорондын зай 6 метр хэмжээгээр буулгуулах гэж өөрчилжээ.

/хх156-157/

 

Хариуцагч нь хөршийн газарт түрж орсон 1 м.кв хэмжээтэй барилгын хэсэг буюу довжоог буулгахыг зөвшөөрсөн ч, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг эс зөвшөөрч марган, үндэслэлээ барихаар төлөвлөсөн барилгын зургаас 6 метр зайтай байхыг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, маргааны үйл баримтыг тогтоон, эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар эзэмшил газраа чөлөөлүүлэх агуулгаар гаргасныг хариуцагч үгүйсгээгүй, 1 м.кв довжоог буулгахад татгалзаагүй гэж шүүх хуралдаанд тайлбарлажээ. /хх167/

 

Нэхэмжлэгч Э.Э-ы эзэмшлийн 227 м.кв газарт хариуцагч Ж.А-ын барьсан барилгын хэсэг буюу довжоо 1 м.кв орчим хэмжээгээр орсныг тогтоосон Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/97 тоот дүгнэлт гарсан, зохигчдын хэн аль нь уг дүгнэлтийг эсэргүүцээгүй байна. /хх38/

 

Хариуцагч дээрх байдлаар тайлбар гаргаж, улсын байцаагчийн дүгнэлтийг эсэргүүцээгүй байхад шүүх хөршийн хил зөрчсөн үйлдлийг нь хүлээн зөвшөөрүүлэх гэж томьёолон шаардлага гаргаж байгааг тодруулалгүйгээр хэрэгсэхгүй болгосныг үндэслэл бүхий гэж үзэхээргүй байна.

 

Улмаар нэхэмжлэгч нь Ж.А-ын барьсан барилгын 2 давхар өргөтгөлийн хэсгийг 6 метр хэмжээгээр буулгуулахаар шаардахдаа Барилгын тухай хууль, барилгын норм дүрмийг зөрчсөн гэх үндэслэл гаргажээ. Энэ тохиолдолд газар эзэмшигч нь эрх бүхий этгээдээс батлагдсан зураг төслийн дагуу барилгыг барьсан эсэх, эсхүл зургаас өөрөөр дур мэдэн барилгын суурийн талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөршийн газар эзэмших, түүнтэй холбоотой бусад эрхийг зөрчсөн эсэхийг шалгаж тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Нэхэмжлэгч нь хөршийн барилга баригдаж эхлэх үеэс эсэргүүцэж, барилгын ажлыг зогсоох шаардлага гаргаж байсан байдал, эрх зөрчигдсөнийг хэзээнээс гэж үзэх талаарх хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.

 

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг тодруулаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн барьсан барилгын өргөтгөл хэсэг зөвшөөрөлгүй баригдсан гэж тайлбарласан ч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулаагүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй, маргаантай асуудлаар талууд мэтгэлцэж, холбогдох нотлох баримтыг гаргаагүй байхад хариуцагчийн үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхол зөрчигдсөн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. Нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/01653 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ