2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/03755

 

 

 

 

 

                                     

 

 

 

     2025           05              06                                           192/ШШ2025/03755       

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 16А, Засгийн 9 дүгээр байранд оршин байх, Жижиг, дунд үйлдвэрийн газар

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэх хороолол, 62 дугаар байр, 35 тоотод оршин байх, “ББ

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 55,207,758 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

/Хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч ББ холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Зээлдэгч нь “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-аас 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр БД2013/01 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 36,402,942 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж, зээлийн хугацаа 2419 хоногоор хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авах тухай зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд удаа дараа зээл төлүүлэх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн төлбөр төлөөгүй байна.

Нэхэмжлэгч байгууллага 2015 онд нэхэмжлэл гаргасан боловч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 19015 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/02140 дугаар захирамжаар ББ-ийг эрэн сурвалжлахыг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэсгүүдэд даалгасан. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 25л2-11/5212 дугаар албан бичгээр хариуцагч ББ-ийн захирал Б хаягийг тодруулсны дагуу дахин нэхэмжлэл гаргаж байна.

Иймд сан зээлийн гэрээнд заасан эрхийн дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах буюу үндсэн зээлийн төлбөрт 35,402,941 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,096,847 төгрөг, зээлийн алданги 17,701,470 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 55,207,758 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.  

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас ББ холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 55,207,758 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

ББ нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас ямар нэг зээл аваагүй бөгөөд түүнтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулаагүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн зээлээ төлөхийг удаа дараа шаардаж урьдчилан мэдэгдсэн талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ тайлбарласан нь ор үндэслэлгүй бөгөөд худал тайлбар өгч хууль зөрчиж байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх3, 60/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх5, 36, 54, 106, 225/, нотариат мөнгөний тасалбар /хх9/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх10/, зээлийн хөшүүргийн тооцоо /хх11/, 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №БД2013/01 тоот зээлийн гэрээний хуулбар /хх12-16/, ББ-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх17-19, 21-22/, 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №БД2013/01 тоот зээлийн гэрээ /хх57-59, 118-120/, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №А-273 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал /хх61-62/, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №68 тоот “Ажилд түр томилох тухай” МУЗГ-ын тогтоол /хх63/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх121-122/.

 

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: “Худалдаа хөгжлийн банк” ХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 5/6299 тоот хариу албан бичиг /хх55/.

 

5. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх34, 117/, С.Баярсайханы гар бичмэл /хх71-73/, ББ-ийг үүсгэн байгуулах шийдвэр /хх81/, компанийн дүрэм /хх82-84/, ББ-ийн эхлэлтийн тайлан тэнцэл /хх85-87/, гар бичмэл /хх88-92/.

 

6. Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №10/7253 тоот албан бичиг /хх78/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №10/168 тоот албан бичиг /хх80/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №10/1291 тоот албан бичиг /хх94/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №10/1593 тоот албан бичиг /хх96/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №10/4031 тоот албан бичиг /хх98/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №10/4028 тоот албан бичиг /хх100/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №10/4549 тоот албан бичиг, илтгэх хуудас /хх101-102/, зээлийн ерөнхий журнал /хх163-166/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх167/, кассын дэлгэрэнгүй бүртгэл /хх168/, Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/44 дугаар тушаал /хх169/, зээл олгох журам /хх170-178/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №13/2527 тоот хариу албан бичиг /хх213/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

1. 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон  ББ-иуд БД2013/01 тоот зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 36,402,942 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, “Улаанбаатар хотын банкны суутган хааж авсан зээлдэгчийн зээлийн үлдэгдлийг хүүтэйгээр эргэн төлүүлэх зориулалт”-аар ББ зээлэхээр, зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. 

 

2. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Агентлаг байгуулах тухай” 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А-273 дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн байна.

 

Хоёр.

 

1. Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь хариуцагч ББ холбогдуулж зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлийн үлдэгдэл 35,402,941 төгрөг, зээлийн хүү 2,096,847 төгрөг, алданги  17,701,470 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 55,207,758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан. 

 

2. Хариуцагч талаас зээлийг огт хүлээн аваагүй, зээлийн гэрээ байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэсэн агуулгаар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн. 

 

3. Гэрээг цуцлах тухай шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэл байхаас гадна талуудын байгуулсан гэрээний хугацаа дууссан байх тул энэ талаарх шаардлагыг тусгайлан шийдвэрлэх шаардлагагүй.

 

Гурав. 

 

1. Үндсэн зээл: 

 

1.1. Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр өөрөөр хэлбэл нэг тал нь мөнгө зээлэх эсхүл мөнгө зээлдүүлэх санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагддаг хоёр талт гэрээ бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан. 

 

1.2. Харин гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн эсэх буюу гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн эсэх тал дээр маргаан гарсан тохиолдолд мөнгө, эд хөрөнгийг шилжүүлсэн байх нь гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэл болохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгээр зохицуулжээ. 

 

1.3. Хэрэгт цугларсан 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ББ-ийн зээлийн эх үүсвэр 36,402,941.86 төгрөгийн ерөнхий журналын бичилт, 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Улаанбаатар банкны мөнгөн гүйлгээний журнал, өглөг-авлагын журнал, ББ-ийн эргэн төлөлтийн хуваарь, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн кассын дэлгэрэнгүй бүртгэл зэрэг бичгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу гэрээнд дурдсан мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байна /хх163-168/.

 

1.4. Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог учир нэхэмжлэгч нь үндсэн зээлийн төлбөрт 35,402,941 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. 

 

1.5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хүлээнэ. Харин дээрх үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхэд хүсэлт гаргах замаар олж авах зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг. 

 

1.6. Шүүхээс хариуцагчийн хүсэлтийг үндэслэн талуудын байгуулсан гэрээнд хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зурсан эсэхийг тодруулахаар хөндлөнгийн шинжээчийг хоёр удаа томилсон.

 

1.7. Гэвч хүсэлт тавьсан тал буюу хариуцагчаас шинжилгээний байгууллагын шаардсан баримтыг удаа дараа хүргүүлээгүйгээс шинжээч шинжилгээний объект дээр ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон байна. Үүнийг хариуцагч өөрийн хүсэлтээ дэмжээгүй, түүний “…гэрээнд гарын үсэг зураагүй” гэх татгалзал баримтаар нотлогдоогүй гэж үзнэ.

 

2. Зээлийн хүү:

 

2.1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” /2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнө/, 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн байна. 

 

2.2. 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан БД2013/01 тоот зээлийн гэрээгээр талууд зээлийн хүүг жилийн 3 хувиар, хугацааг 12 сар байхаар тус тус тохирсон нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нь хариуцагч талаас зээлийн хүү 2,096.847 төгрөгийг шаардах эрхтэй.

 

3. Алданги:

 

3.1. Нэхэмжлэгч болон хариуцагч нар өөрсдийн байгуулсан зээлийн гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай харшлаагүй байх тул алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.  

 

3.2. Иймд гэрээний хариуцлага буюу алданги 17,701,470 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

4. Нотариатын зардал:

 

4.1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.

 

4.2. Хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шүүхэд хандах, тодорхой зардлыг гаргах шаардлага бий болсон нь буюу нотариатын зардал гаргасан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон тул энэ талаарх шаардлага хангагдана.

Дөрөв.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч ББ-иас 504,189 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулна.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ББ-иас 55,207,758 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ББ-иас 504,189 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                           Н.ХАНГА