Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 00019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Ж” ХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдох

            “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын өр шаардаж байгаа үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2016/0020/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ж” ХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ж” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Манай компанийн үл хөдлөх хөрөнгийг тухайн үеийн захирал нь хууль бус хэлцэл хийх замаар “Э” ХК-д худалдаж, “Э” ХК нь цааш Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 190 дүгээр тушаалаар татварын өрөнд шилжүүлсэн юм. Компанийн шинэ удирдлагын нэхэмжлэлийн дагуу Орхон аймгийн Сум дундын шүүх 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1235 тоот шийдвэр гаргаж, манай компанийн үл хөдлөх хөрөнгө худалдсан гэрээг хүчингүйд тооцсон бөгөөд үүнийг үндэслэн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 399 тоот шийдвэрээр “Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай” Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 190 дүгээр тушаалын “Э” ХК-ийн татварын өрөнд Жаргалант суман дахь худалдаа үйлчилгээний цогцолборыг авах тухай хэсгийг хүчингүй болгосон билээ. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн энэхүү шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар “Ж” ХК 55,083,900 төгрөгийн татварын өртэй гэж, мөн “Худалдах худалдан авах гэрээ”-ний хавсралт төлбөр төлөх графикт 50,000,000 төгрөгийг “Ж” ХК-ийн татварын өрөнд суутган тооцно гэж тусгасан байх боловч Үндэсний Татварын Ерөнхий газрын даргын 2003 оны 191 дүгээр тушаал, Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 190 дүгээр тушаалаас үзэхэд дээрх объектийг 321,097,300 төгрөгөөр үнэлж, “Э” ХК-ийн өмнөх жилүүдийн татварын өрөнд тооцохдоо “Ж” ХК-ийн татварын өрийг хамтад нь суутгасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж, мөн түүнчлэн “Шүүхийн энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноор төрийн эрх бүхий байгууллага “Э” ХК-иас татварын өрийг нөхөн барагдуулах эрхтэй болохыг дурьдаж байна” гэсэн байна. Эдгээр шийдвэрийн үр дүнд “Э” ХК-ийн өр сэргэсэн бөгөөд уг компаниас татварын өрийг нэхэмжлэн авах тухай Татварын Ерөнхий  газраас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2а/3427 тоотоор Орхон аймгийн Татварын хэлтэст үүрэг өгсөн байдаг. Гэтэл Орхон аймгийн Татварын хэлтэс “Э” ХК-аас тооцсон өрийн дотор танай компанид ногдох 39712.4 мянган төгрөгийн татварын өр багтан орсон байгаа тул уг өрийг танай компани төлөх ёстой гээд “Орхон аймгийн татварын албаны шаардлага” болон “Татварын албанаас татвар төлөгчид хүргүүлэх мэдэгдэх хуудас”-ыг манайд ирүүлсэн. Бид “Э” ХК-ийн татварын өрийг барагдуулсан тухай баримт материалыг судлан үзээд Орхон аймгийн Татварын албанд манай компани энэ өрийг төлөх үндэслэл байхгүй болох талаар гомдол гарган татвар ногдуулсан шийдвэрээ хянаж үзэхийг хүссэн боловч 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/765 тоотоор хариу ирүүлэхдээ: “Хэдийгээр энэ тушаалын /Монгол Улсын Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 190 дүгээр тушаалыг хэлж байна/ холбогдох заалтыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон боловч тухайн үеийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын шийдвэр, холбогдох гэрээ, хүсэлтүүдэд үндэслэн “Э” ХК-ийн төвлөрсөн төсөвт төлөх байсан татварын өр 281,384,9 мянган төгрөг, тухайн үед “Ж” ХК-ийн төсөвт төлбөл зохих 39,714,4 мянган төгрөгийн татварын өр нийт 321,097,3 мянган төгрөгийг тус тус “Э” ХК, “Ж” ХК-ийн өрнөөс хасалт хийсэн  байна. Энэ 2 компанийн худалдах худалдан авах гэрээний хавсралтад зааснаар “Ж” ХК-ийн өмнөөс татварын өрийг барилгын үнээс суутган тооцож, танай компанийн төлбөл зохих 39,712,4 мянган төгрөгийн татварыг өр хаагдсан байна” гэжээ. Уг албан бичигт заасны дагуу “тухайн үеийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, холбогдох хүсэлт, гэрээ” гэдэгт ямар, ямар шийдвэр хүсэлт, гэрээ байгааг судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

1. Холбогдох гэрээ гэдэг нь “Ж” ХК, “Э” ХК-ийн хооронд 2004 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г хэлж байгаа бөгөөд уг гэрээг Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1235 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус гэж тооцсон.

2. Холбогдох хүсэлт гэдэг нь “Э” ХК-аас 2002 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Татварын хэлтэст хүргүүлсэн “Төлбөр барагдуулах тухай” 176 тоот, 2003 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Татварын хэлтэст хүргүүлсэн “Хүсэлт гаргах тухай” 169 тоот зэргийн тухай яригдаж байгаа бөгөөд өр болох 361.2 сая төгрөгийн өрийг барагдуулах тухай дурьдсанаас бус “Ж” ХК-ийн өрийг барагдуулах тухай ямар ч мэдээлэл байхгүй байна.

3.Тухайн үеийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гэдэгт дараахь шийдвэр, актууд хамрагдаж байгаа бөгөөд эдгээрийн алинд нь ч “Ж” ХК-ийн өрийг хаасан тухай мэдээлэл байхгүй байгаа.

...Татварын Ерөнхий газрын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2а/3427 тоотод сэргэсэн өр “Э” ХК-аас нэхэмжлэн авахаар үүрэг болгосон байсан учраас бид Орхон аймгийн Татварын хэлтсийн шийдвэрийг хянуулахаар Үндэсний Татварын Ерөнхий  газарт гомдол гаргасан боловч мөн л Орхон аймгийн Татварын хэлтсийн өгсөн хариултад заасан үндэслэлээр манай компанийн гомдлыг шийдвэрлээгүй юм.

...Орхон аймгийн Татварын хэлтсээс манай компанид ирүүлсэн мэдэгдэл, шаардлага, татварын өрийг сэргээсэн гэх албан тоот зэрэг нь хуулийн үндэслэлгүй бөгөөд бид удаа дараа энэ асуудлаар хандаж, нотлох  баримтуудыг хүргүүлсээр ирсэн боловч манай асуудлыг шийдвэрлээгүй. ...Манай компанийг татварын өртэй гэж тооцож байгаагийн улмаас бид  төсөл хэрэгжүүлэхээр бусад аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, компанийг өөрчлөн байгуулах зэргээр үйл ажиллагаагаа цаашид сэргээн явуулах боломжгүйд хүрээд байгаа тул Татварын Ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9-д “Татварын алба, татварын Улсын байцаагчийн хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаар гомдлоо түүнийг шууд захирдаг болон дээд шатны албан тушаалтанд, түүнчлэн шүүхэд гаргах эрхтэй” гэж заасны дагуу Орхон аймгийн Татварын хэлтсээс татвар төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр манай компаниас 39714,4 төгрөгийг нэхэмжилсэн “Орхон аймгийн Татварын албаны албан шаардлага” болон “Мэдэгдэх хуудас” нь хууль бус болохыг тогтоож өгнө үү”[1]

“Э” ХК болон манай компанийн хуучин удирдлагын хооронд компанийн үл хөдлөх хөрөнгийг худалдсан хэлцэл хийх үед манай компанийн төлөх ёстой гэх татварын өрийг “Э” ХК-д шилжүүлсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй. Гэтэл ямар ч баримтаар нотлогдоогүй байхад татварын гэх их хэмжээний өрийг төлөхийг шаардаж мэдэгдэх хуудас, шаардлага ирүүлж байгаа аймгийн Татварын хэлтсийн үйлдлийг бид хууль бус гэж үзэж байна.

Татварын байгууллага нь татвар төлөгчийн тайлан баланс, татварын Улсын байцаагчийн акт баримтаар тогтоогдсон өр төлбөрийг төлүүлэх, барагдуулахыг шаардах, мэдэгдэх эрхтэй болохоос бусдын төлөх өрийг манай компаниар төлүүлэхээр шаардаж байгаа татварын байгууллагын үйл ажиллагааг зөвтгөх боломжгүй бөгөөд захиргааны байгууллагын уг үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно. Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Татварын алба, татварын Улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл үйлдэнэ” гэж заасан нь татварын байгууллага, татварын Улсын байцаагчаас бусдын төлөх өрийг үндэслэлгүй шалтгаанаар өөр этгээдээр төлүүлэхийг шаардах эрх биш гэж ойлгож байна. ...Шаардлага, мэдэгдэх хуудас ирүүлэх зэргээр нэхэмжилж байгаа татварын өр гэгч нь манай компанийн өр биш, ямар ч баримтаар нотлогдоогүй ба татварын байгууллага “манай байгууллагын судалгаанд байгаа” гэдэг боловч энэ нь ямар ч баримтаар нотлогдохгүй болохыг шүүх анхаарч үзнэ үү. Ийм өр байгаагүй гэдэг нь маш олон баримтаар нотлогдож байна. Тэгээд ч манай компанийг ийм өртэй гэдэг нь тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх 2013 оны 399 тоот шийдвэрээ гаргасан байгааг анхааралдаа авна гэдэгт итгэж байна. Татварын байгууллагын зүгээс манай компанийг “Татварын өртэй” гэж тооцож байгаагийн улмаас бид ямар ч тендер, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцож чадахгүй байгаа юм.

...Дээрх байдлаар манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа бөгөөд үндэслэлгүйгээр 39714,4 төгрөгийн татварын өр төлөхийг шаардаж мэдэгдэх хуудас, албан шаардлага ирүүлж байгаа Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын өр шаардаж байгаа үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч тал судалгааг үндэслээд татгалзлаа нотолж яриад байдаг. Тайланг хэн гаргасан юм бэ? гэхээр “Ж” ХК гаргаж өгсөн. Тэрэнд үндэслэж татвараа тогтоож байгаа. Энэ хоёрын үйлдлийг гуравдагч этгээд нэгдсэн санд шивж байгаа. Энд алдаа гарах бүрэн үндэслэлтэй. Судалгаа бол байнгын баримт биш, байнга өөрчлөгдөж байдаг. Татварын тайлан бол өөрчлөгдөхгүй. Судалгаа бол нотлох баримт биш гэж үзэж байгаа. Ямар тохиолдолд татварын өр бий болох бэ? гээд Татварын Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд заагаад өгсөн. Үүнд “татварын өрийг тайлангаар тогтооно” гэсэн зүйл байгаа. Тэгтэл хавтаст хэрэгт тайлангаар өр тодорхойлсон гэсэн баримт байхгүй байгаа. Татварын Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2-т “энэ хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу татварын албанаас тогтоосон татвар, ногдуулсан торгууль, тооцсон алданги” татварын өрийг үүсгэнэ гээд заасан байгаа. “Ж” ХК тайлангаа гаргаагүй ч юм уу, татвараа төлөөгүй ч юм уу тийм асуудал гаргаагүй. Татварын Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д “татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль.”  татварын өр үүсгэнэ гэсэн заалт байгаа. “Ж” ХК-д ийм өр  тогтоогдоогүй. Татварын өр үүсэх энэ 3 заалт л байгаа. Тэгэхэд энэ талаар нотолсон баримт байхгүй байгаа. Татварын хэлтэст судалгааг үндэслээд их хэмжээний  татварын өр нэхээд байгаа. Судалгаа бол нотлох баримт биш. Тиймээс Татварын байгууллагын хийсэн үйл ажиллагаа илт хууль бус гэж үзэж байна. 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 дугаартай Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр  дээр тодорхой хэлсэн байгаа. Үүнд: Орхон аймгийн Татварын хэлтсийн судалгаагаар 2003 оны 11 дүгээр сарын 27-ны байдлаар татварын өр тогтоогдоогүй байна гэсэн өгүүлбэр байгаа. “Ж” ХК татварын өртэй  эсэх нь тогтоогдохгүй байна гэсэн шүүхийн шийдвэр байхад Орхон аймгийн Татварын хэлтэс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг ерөөсөө авч хэлэлцэхгүй байгаа үйл ажиллагаа нь хууль бус байна. Энэ хууль бус үйл ажиллагаанаас болоод “Ж” ХК өөрийнхөө үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэхээр сөргөөр нөлөөлж байгаа. Төсөл сонгон шалгаруулалтад орох гэхээр танай  байгууллага татварын өртэй байна гэдэг. Ийм байдлаар тухайн компанийн эрхийг зөрчиж байна” гэв.  

Хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Э” ХК, “Ж” ХК-уудын 2003-2004 онуудын хооронд үүссэн нөхцөл байдал, харилцаа холбооны талаар болон татварын өр, төлбөрийг төлөхгүй тухай албан бичгийн хариу шийдвэрлэлт болох Татварын Ерөнхий газар, Татварын хэлтсийн албан бичгүүдийн утга агуулгыг нэхэмжлэлдээ тусгасан байна. “Ж” ХК-ийн захирал Н.Ү-ийн нэхэмжлэлийн гол шаардлага болон татварын Улсын байцаагчийн мэдэгдэх хуудас, татварын албан шаардлага нь Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу Татварын алба, татварын Улсын байцаагчийн үйлдэх баримт бичиг юм. Тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Татварын алба, татварын Улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл үйлдэнэ” гэж заасан байх бөгөөд татварын өрийг мэдэгдэх хуудсаар хураан барагдуулах тухай зааврыг Татварын Ерөнхий газрын даргын 2009 оны 154 дүгээр тушаалаар баталсан байдаг. Мөн хуулийн 33.2.3-д “Татварын хууль тогтоомжийг зөрчихөд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор шаардлага бичих бөгөөд түүнд татварын албаны даргын, эсхүл татварын Улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг, зөрчлийн тухай тэмдэглэл, зөрчил гаргахад нөлөөлсөн нөхцөл, шалтгааныг арилгаж, хариу өгөх хугацаа, уг шаардлагыг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгана” гэж татварын албан шаардлагыг тодорхойлон хуульчилж өгсөн байдаг. Татварын алба нь чиг үүргийг хувьд хууль хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд татварын Улсын байцаагч Татварын Ерөнхий хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, заавар, тушаалыг хэрэгжүүлэн ажиллах үндсэн үүрэгтэй төрийн албан хаагч юм. Ийм учраас Татварын Ерөнхий хуулийн 30 дугаар зүйлд татварын Улсын байцаагчид хориглох зүйлийг хуульчилж өгсөн байдаг. Татварын Улсын байцаагч татварын өр төлбөрийг барагдуулахын тулд хуульд эрх мэдлийн дагуу олгогдсон үйл ажиллагааг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл хуульд тусгайлан зааж хориглосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. Татварын өрийг мэдэгдэх хуудсаар хураан барагдуулах болон татварын албан шаардлага нь татварын Улсын байцаагч өдөр тутмын гүйцэтгэвэл зохих үндсэн ажлуудын нэг хэлбэр. “Ж” ХК-д холбогдох өр нь 2004 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар төлбөл зохих албан татварын өр байсан бөгөөд  тус компанийн удирдлагын хийсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан аваах гэрээний үр дүнд “Э” ХК-тай харилцан тохиролцож холбогдох хүсэлтийн дагуу “Ж” ХК-ийн 39,712,400 төгрөгийг үл хөдлөх хөрөнгө татварын өрөнд шилжүүлэн авсны дагуу хаасан юм. Гэтэл тус компани тухайн үеийн шийдвэр, гэрээг хүчингүй болгуулах ажиллагаа хийсний дагуу үл хөдлөх хөрөнгө буцаан авах болсны дагуу тус 2 компанийн өрийг сэргээн барагдуулах нь хуулийн дагуу үйлдэл юм. “Э” ХК-д холбогдуулан 321,097,300 төгрөгийг хаахад түүний 39,712,400 төгрөг нь “Ж” ХК, 281,384,900 төгрөг нь “Э” ХК-ийн өр байсан байгааг холбогдох баримт, тооцооллоос харж болно. Эрх ашиг зөрчигдсөн гэх үндэслэлээр тухайн үеийн шийдвэрүүдийг хүчингүй болгосон нь тухайн үед төлбөл зохих байсан албан татвар төлөх үүргээсээ чөлөөлөгдөх, төлөхгүй байх шалтгаан нөхцөлийг хайж байгаа нь учир дутагдалтай байна. Эд хөрөнгө эзэмших эрхээ сэргээж чадсан бол үүргээ хүлээх нь зүйн хэрэг гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр 321,097,300 төгрөгийн албан татварын өрийг сэргээн өр барагдуулах ажиллагааг гүйцэтгэх шийдвэрийг Татварын Ерөнхий газраас ирүүлсэн чиг үүрэг юм. Татварын алба хууль болон дээд газрын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Иймд татварын алба, татварын Улсын байцаагчийн үндсэн үйл ажиллагааны  төрлүүд буюу мэдэгдэх хуудас, албан шаардлага нь хууль зөрчсөн үйлдэл болоогүй бөгөөд тэдгээрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно. “Ж” ХК-ийн захирлын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү”[2]

“Татварын өртэй холбоотой асуудлаар бүх зүйл Татварын Ерөнхий газраар хянагддаг. Нэгэнт судалгаанд  2003, 2004 оны өр харагдаж байгаа. Бид хуульд заасан ажиллагаа хийсэн. Тийм учраас өрийг шаардаж байгаа үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа. Мөн албан шаардлага, мэдэгдэх хуудас хууль ёсны байна. Санхүүгийн баримт түр хугацаагаар хадгалагдана гээд Архивын тухай хуулинд заасан байгаа. Түр хадгалах баримт бичиг 10 жил байна. Тийм учраас татварын тайлан устгагдсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын өр шаардаж байгаа үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулсан байна.

Шүүхээс нэхэмжлэгч “Ж” ХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын өр шаардаж байгаа үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг  хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Орхон аймгийн Татварын хэлтсээс “Ж” ХК-аас татварын хуримтлагдсан өр 39,712,400 /онцгой албан татвар 32346.7, нэмэгдсэн өртгийн албан татвар 7365.7/ төгрөгийг төлүүлэх талаар 2015 оны 004/006 дугаартай мэдэгдэх хуудас[3], 2015 оны 004/006 дугаартай Орхон аймгийн Татварын албаны шаардлагыг[4] тус тус хүргүүлжээ.

Нэхэмжлэгч “Ж” ХК нь “манай компани нь татварын өр төлбөртэй болох нь тогтоогдохгүй, энэ талаар нотлох баримт байхгүй, “Э” ХК-ийн татварын өрөнд манай компанийн өр багтаж, үл хөдлөх хөрөнгөөс татварын өрийг барагдуулсан гэх баримт байхгүй” гэж, хариуцагчаас “Э” ХК-ийн төлсөн 321,097,300 төгрөгийн татварын өр дотор “Ж” ХК-ийн 39,712,400 төгрөгийн татварын өр багтсан гэж тус тус тайлбарлаж байна.

Орхон аймгийн Татварын хэлтсээс “Ж” ХК-д 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 02/319 дугаартай албан бичиг, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 02/625 дугаартай албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/1765 дугаартай албан бичгүүдийг хүргүүлж, татварын өр сэргэсэн талаар болон “Э “ХК-ийн нэрээр суутган тооцуулсан татварын өрөнд “Ж” ХК-ийн 39,712,400 төгрөгийн татварын өр байсан гэдгийг мэгдэгдэж байжээ.

Орхон аймгийн Татварын хэлтсээс ирүүлсэн “Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан”-гийн мэдээллээр “Ж” ХК нь төлөөгүй татварын үлдэгдэл  2001 онд 20,399,000 төгрөг, 2002 онд 48,638,520 төгрөг, 2003 онд 53,217,570 төгрөг байсан бөгөөд 2004 онд 41,630,400 төгрөгийн татвар төлөгдсөн мэдээлэл байна. Харин 2013 оны мэдээллээр 39,712,610 төгрөг, 2014 оны мэдээллээр 39,712,310 төгрөгийн төлөөгүй татварын үлдэгдэл байна.

“Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан”-гийн орлогын бүртгэлээр 2004 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 39,712,400 төгрөгийн татварын орлого хийсэн мэдээлэл байгаа боловч 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 39,712,400 төгрөгийн төлөөгүй татварын өртэй гэсэн бүртгэл байна. Үүнээс үзвэл 2004 онд “Ж” ХК-ийн 39,712,400 төгрөгийн татварын өр хаагдаж, 2013 онд уг өрийг сэргээсэн мэдээлэл “Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан”-д оржээ.

Татварын Ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 /Үндэсний татварын алба нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна/, 31.2 /Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь дараахь зориулалттай байна/, 31.2.1 /Татвар ногдуулалт, төлөлт, хураалтад хяналт тавьж, шуурхай удирдлагаар хангах/, 31.2.3 /Татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдүүлэх/, 53 дугаар зүйлийн 53.2 /Татварын бүртгэлд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт, хураалт, өрийг анхан шатны баримтад үндэслэн бүрэн тусгана/-т зааснаар Үндэсний татварын алба нь “Татварын бүртгэл, мэлээллийн нэгдсэн сан”-тай байх бөгөөд уг сан нь татварын ногдуулалт, төлөлт, хураалтад хяналт тавих зориулалттай байх тул уг санд бүртгэгдсэн “Ж” ХК-ийн хугацаандаа төлөөгүй татварын өрийн талаарх мэдээллийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Орхон аймгийн Татварын хэлтэс болон татварын Улсын байцаагч нь “Ж” ХК-д ямар нэгэн байдлаар хууль бусаар өр үүсгэж, “Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-д буруу ташаа мэдээлэл оруулсан гэх гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байна.

Иймд татвар төлөгч нь Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 /Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх/, 43 дугаар зүйлийн 43.1 /Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө/-д зааснаар хуулиар ногдуулсан албан татварыг төлөх үүрэгтэй байна.

            Татварын алба нь Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.3 /татварын хууль тогтоомжийг зөрчихөд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах зорилгоор албан шаардлага бичих.../, 33.2.4 /татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй болон шууд бус аргаар ногдуулсан татварын ногдлыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас бичих.../, 54.1 /Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татвар ...-ыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас татвар төлөгчид гардуулах.../-д зааснаар татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварыг төлүүлэх талаар мэдэгдэх хуудас, шаардлага хүргүүлж байгаа нь хууль зөрчөөгүй, “Ж” ХК-аас 39,712,400 төгрөгийн татварын өрийг шаардаж байгаа үйл ажиллагааг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Нэхэмжлэгч талаас “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 дүгээр шийдвэрээр “Орхон аймгийн Татварын хэлтсийн судалгаагаар 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар “Ж” ХК нь 55,083,900 төгрөгийн өртэй гэж, мөн 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Худалдах худалдан авах” гэрээний хавсралтын төлбөр графикт 50.0 сая төгрөгийг “Ж” ХК-ийн татварын өрөнд суутган тооцно гэж тусгасан боловч Үндэсний Татварын Ерөнхий газрын даргын 2003 оны 194 дүгээр тушаал, Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 190 дугаар тушаалаас үзэхэд дээрх объектийг 321,097,300 төгрөгөөр үнэлж, “Э” ХК-ийн өмнө жилүүдийн татварын өрөнд тооцохдоо “Ж” ХК-ийн татварын өрийг хамтад нь суутгасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж шийдвэрлэсэн бөгөөд манай компанийг татварын өртэй гэдэг нь тогтоогдохгүй байна гэж уг шүүхийн шийдвэрт дүгнэсэн” гэж тайлбарлаж байна.

            Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 дугаартай шүүхийн шийдвэр нь “Ж” ХК-ийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэрээр “Ж” ХК-ийг татварын өргүй гэсэн ямар нэгэн шийдвэр гаргаагүй, шүүхийн шийдвэрийн “үндэслэх” хэсэгт “...”Ж” ХК нь 55,083,900 төгрөгийн өртэй гэж, ...“Худалдах худалдан авах” гэрээний хавсралтын төлбөр графикт 50.0 сая төгрөгийг “Ж” ХК-ийн татварын өрөнд суутган тооцно гэж тусгасан боловч энэ өрийг “Э” ХК-ийн өртэй хамт төлсөн гэдэг нь тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт хийсэн байх бөгөөд “Ж” ХК нь татварын өртэй гэдэг нь тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийг хийгээгүй байна.

            Хэдийгээр “Э” ХК-ийн үл хөдлөх хөрөнгийг татварын өрөнд суутган тооцож авахдаа “Ж” ХК-ийн 39,712,400 төгрөгийг хамтад нь суутгасан гэдэг нь “Э” ХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст гаргасан хүсэлт, Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 190 дүгээр тушаал, Үндэсний татварын Ерөнхий газрын 2003 оны 194 дүгээр тушаал зэрэг тухайн үеийн баримтуудад тусгагдаагүй байгаа боловч “Э” ХК, “Ж” ХК-ийн хооронд байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний “Өр төлбөр барагдуулах графикт “Ж” ХК-ийн өмнөөс татварын өрийг барилгын үнээс суутган тооцох” талаар харилцаж тохиролцож байсан байна. Мөн Орхон аймгийн Татварын хэлтсийн 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Татварын өрөнд хөрөнгө өгөхөөр санал болгосон аж ахуйн нэгжүүдийн өрийг хаах тооцоо”-ны 2 дугаарт “Э”-ний өрийн дүн 686,266.0 гээд “Э” ХК 631,182.1 мянган төгрөг, “Ж” ХК 55,083.9 мянган төгрөг, үүнээс төвлөрсөн төсөвт төлөх татварын өр 39712.4 мянган төгрөг, орон нутгийн төсөвт төлөх татварын өр 15371.5 мянган төгрөг гэж тусгажээ.

            Үүнээс дүгнэхэд “Ж” ХК нь Татварын Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 /хуулиар тогтоосон хугацаандаа төлөөгүй дор дурьдсан татвар... татварын өрөнд хамааруулна/-д зааснаар татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон 39712.4 мянган төгрөгийн татварын өртэй байсан байх бөгөөд татварын өргүй гэдэг нь нотлогдохгүй байна.

            Иймд Орхон аймгийн Татварын хэлтэс нь “Ж” ХК-аас татвараа төлөхийг шаардаж байгаа үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй бөгөөд тухайн захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2.1, 31.2.3, 33 дугаар зүйлийн 33.2.3, 33.2.4, 43 дугаар зүйлийн 43.1, 53 дугаар зүйлийн 53.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтуудыг баримтлан “Ж” ХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын өр шаардаж байгаа үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан “Ж” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.УУГАНЦЭЦЭГ

 

 


[1] Хэргийн 1-4 дүгээр хуудас: “Ж” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл

[2] Хэргийн 73-74 дүгээр хуудас: Хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсийн  хариу тайлбар

[3] Хэргийн 19 дүгээр хуудас: Татварын албанаас татвар төлөгчид хүргүүлэх мэдэгдэх хуудас, дугаар 004/006

[4] Хэргийн 20 дугаар хуудас: 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Орхон аймгийн Татварын албаны шаардлага, дугаар 004/006