Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01279

 

 

 

 

 

 

 

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/01274 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “НМЭГ-” УТҮГ-т холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22,474,583 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А-, түүний өмгөөлөгч М.Ариунболд, хариуцагчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б.А- нь“НМЭГ-” УТҮГ-т 2015 оны 08 сарын 06-ны өдөр Б\18 дугаар тушаалаар Бичиг хэргийн эрхлэгч, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн ба 2017 оны 04 сарын 03-ны өдрийн Б\11 дугаар тушаалаар Хүний нөөц, мэдээллийн технологийн мэргэжилтнээр ажилласан. 2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын болон тус газрын даргын тушаалаар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт болж Б.А-гийн хийж байсан ажил үүргээс мэдээлэл технологи хасагдаж, Эрх зүй-хүний нөөцийн мэргэжилтэн, Тайлан төлөвлөлт дотоод ажил хариуцсан мэргэжилтэн гэсэн чиг үүрэгт хуваагдаж, албан тушаалын ангилал нь ТҮ-ээс Т3 болж өөрчлөгдсөн. Энэхүү бүтэц зохион байгуулалтыг хэрэгжүүлэн ажиллах зайлшгүй шаардлагын улмаас Мал эмнэлгийн газрын даргатай хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2018 оны 12 сарын 28-ны өдрийн Б\143 дугаар тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр түр томилогдож ажиллаж байсан.

Гэвч гуравдагч этгээд П.Дэмбэрэлням нь хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж, ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул хариуцагч 2019 оны 08 сарын 15-ны өдрийн Б\104 дүгээр тушаалаар Б.А-г чөлөөлж, 2019 оны 08 сарын 15-ны өдрийн Б\105 дугаар тушаалаар П.Дэмбэрэлнямыг Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилсон. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Хяналтын шатны шүүхийн 2020 оны 09 сарын 16-ны өдрийн 329 дугаар тогтоолоор Б.А-г өөр бусад ажил албан тушаалд томилолгүйгээр, тухайлбал түүний өмнө нь эрхэлж байсан чиг үүрэгтэй хамааралтай Архив, бичиг хэргийн ажилтан, Эрх зүй, хүний нөөцийн мэргэжилтэн эсхүл өөрийн мэргэжлийн дагуу анх эрхэлж байсан мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн бусад албан хаагчдын адил төрийн захиргааны албан тушаалд шалгалт өгч, төрийн жинхэнэ албан хаагч болох боломжийг олголгүйгээр төрийн албанаас бүр чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоосон болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн мэргэжил, дадлага туршлагыг үндэслэн өөр бусад орон тоонд томилохгүйгээр шууд ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн болох нь тогтоосон. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилд орох хүсэлтээ 2020 оны 10, 11 сард тус тус илэрхийлсэн боловч “орон тоо байхгүй, хүлээж бай” гэж хойшлуулсаар 2020 оны 12 сарын 14-ний өдрийн Б/69 дугаар тушаалаар Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилсон байсан. Энэ ажлын байрны тодорхойлолттой танилцахад тавигдах шаардлага нь малын их эмч мэргэжилтэй, улсын байцаагчийн эрхтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх, төрийн захиргааны ТЗ-6 ангилалд хамаарах, нарийн мэргэжлийн мэргэшсэн ур чадвар шаардсан байсан. Иймд 2020 оны 12 сарын 15-ны өдөр “тус тушаалыг зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэрээ биелүүлж ажиллахыг, өмнө нь эрхэлж байсан албан тушаал, ажлын туршлагыг харж томилж өгнө үү” гэсэн өргөдлийг хариуцагч байгууллагад гаргахад “...байгууллагын зохион байгуулалтын бүтцэд буй орон тоо, ажлын байрны нөхцөл байдлыг харгалзан үзэж томилсон” гэсэн хариуг ирүүлсэн. 2021 оны 01 сарын 11-ний өдөр ажлын байрны тодорхойлолттой албан ёсоор танилцуулж, ажлын байраар хангах тухай өргөдөл өгсөн. 2021 оны 01 сарын 20-ны өдөр хариуг шуудангаар хүлээн авч, хүний нөөцтэй уулзахад “албан тушаалын тодорхойлолт байхгүй, одоогоор боловсруулж байгаа, ажлын байрны тодорхойлолтын шаардлагагүйгээр ажлаа хүлээж аваад ажилла” гэсэн хууль бус шаардлага тавьсан ба түр хүлээж бай гэж хойшлуулсаар байна.

Нийслэлийн мал эмнэлгийн газрын бүтэц, орон тоо, ажлын байрны жагсаалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 сарын 18-ний өдрийн А-174 дүгээр тушаалын 1, 2 дугаар хавсралтаар баталсан байдаг. Гэтэл одоог хүртэл тус албан тушаалын тодорхойлолтыг албан ёсоор танилцуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ямар ажил хийх нь тодорхой бус, ажиллах нөхцөл боломжоор зориуд хангахгүйгээс болж одоог хүртэл цалин олгогдоогүй байна.

Мөн шүүхэд хандсан гэдгээр НМЭГ-ийн даргын зүгээс маш их дарамт, шахалт, гүтгэлэг, доромжлол явуулж байгаа нь сэтгэл санааны хүнд байдалд оруулж байна. Ажилд томилсон тушаал гарсны дараа өдөр тутамдаа яг ямар ажил үүрэг эрхлэх талаар мэдээлэл авч, ажлын байрны тодорхойлолттой танилцах, хөдөлмөрийн гэрээ байгуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч албан тушаалын тодорхойлолт одоогоор байхгүй гэсэн хариуг өгсөөр байна.

Иймд ажил олгогчийн буруугаас болж өнөөдрийг хүртэл ажлаа хийж цалин хөлс авч чадахгүй байгаа тул 2019 оны 08 сарын 15-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалинд 22,474,583 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Б.А-г Нийслэлийн мал эмнэлгийн даргын 2015 оны Б/18 дугаар тушаалаар Бичиг хэргийн эрхлэгч, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр түр хугацаагаар ажиллуулсан, улмаар Архив, хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн П.Дэмбэрэлнямыг жирэмсний амралтаа авсантай холбогдуулан түүний орон тоон дээр Б.А-г тус газрын даргын 2017 оны Б/11 дугаар тушаалаар түр томилон ажиллуулсан байдаг. 2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын болон тус газрын даргын тушаалаар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт болж П.Дэмбэрэлнямын эрхэлж байсан ажил үүрэг нь Архив-бичиг хэргийн ажилтан, Эрх зүй-хүний нөөцийн мэргэжилтэн, Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн гэсэн 3 төрлийн албан тушаалын чиг үүрэгт хуваагдаж, албан тушаалын ангилал нь төрийн үйлчилгээний албан тушаалаас төрийн захиргааны албан тушаал болж өөрчлөгдсөн. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийг 2018 оны 12 сарын 28-ны өдрийн Б/143 дугаар тушаалаар тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр түр томилсон. П.Дэмбэрэлнямын хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч, ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул 2019 оны 08 сарын 15-ны өдрийн Б/104 дугаар тушаалаар Б.А-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Түүнчлэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/174 дугаар тушаалаар Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаал нь ТҮ-ээс ТЗ болж өөрчлөгдсөн ба Б.А-гийн хувьд тус ажлын байранд төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, зайлшгүй шаардлагаар түр томилогдон ажиллаж байсан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар П.Дэмбэрэлнямыг Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилж, нэхэмжлэгч Б.А-г уг албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн нь ямар нэг байдлаар хууль зөрчөөгүй.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанаас нэхэмжлэгч Б.А-г П.Дэмбэрэлнямын оронд түр томилогдон ажиллаж байсан, албан тушаалын ангилал нь ТЗ болж өөрчлөгдсөн бөгөөд Б.А- нь тухайн албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй буюу төрийн жинхэнэ албан хаагч болоогүй байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б.А-г заавал Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллах ёстой гэж шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж, харин нэхэмжлэгчийг төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд бусад ажил, албан тушаалаар хангуулах эрхтэй гэж дүгнэсний дагуу Нийслэлийн Мал эмнэлгийн газрын зүгээс Б.А-г өөр ажил, албан тушаалд томилох боломжтой байсан ч Б.А- нь өөрөө хүсэлтээ өгөөгүй, заавал Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллах ёстой гэж маргаж байсан болно. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 08 сарын 15-ны өдрийн Б/104 дугаар тушаалыг Захиргааны хэргийн шүүх ямар нэг байдлаар хууль бус гэж дүгнээгүй. Харин Б.А-г төрийн үйлчилгээний албан хаагчийнх нь хувьд өөр албан тушаалд томилох хүртэл буюу 3 сарын хугацаанд актыг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн юм.

Үүний дагуу, Нийслэлийн Мал эмнэлгийн газраас Б.А-г 2020 оны 12 сарын 14-ний өдрийн Б/69 дугаар тушаалаар Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Ийнхүү томилохдоо, Нийслэлийн Мал эмнэлгийн газраас Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр Б.А-г ажиллуулах тухай тушаал, энэ тухай урилгыг шуудангаар дамжуулан Б.А-д удаа дараа хүргүүлсэн байдаг боловч нэхэмжлэгч ямар нэг хариу өгөөгүй, ажилдаа ирээгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинд 13,157,520 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,317,063 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-гийн ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч НМЭГ-т үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, дахь хэсэгт заасны дагуу энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 717,050 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.А-д олгож, хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 293,938 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүй. Нэхэмжлэгч Б.А- нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ, тус газрын даргын 2019 оны 08 сарын 15-ны өдрийн Б/104 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн ийнхүү ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаардсан. Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 08 сарын 15-ны өдрийн Б/104 дугаар тушаалыг хүчингүй болгож, Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гаргасан ба уг иргэний хэрэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 239 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 371 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 329 дугаартай тогтоол тус тус гарч, Б.А-гийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу хэргийг хэрэгсэхгүй болгох тухай “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр ... байгаа” үндэслэл бүрдсэн байхад, шүүх үүнийг анхаарч үзээгүй.

Анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас 2019 оны 08 сарын 15-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан болон хариуцагч байгууллага Улсын дээд шүүхийн 2020 оны 09 сарын 16-ны өдрийн 329 дугаартай тогтоолыг биелүүлэх зорилгоор 2020 оны 12 сарын 14-ний өдөр Б/69 дугаартай тушаал гаргаж нэхэмжлэгч Б.А-г Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилсон байх боловч талууд уг тушаалыг биелэгдэх боломжтой эсэх, өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх эсэх дээр маргаантай байна” гэж дүгнэсэн нь илэрхий алдаатай байна. Тодруулбал, шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий талуудын гаргасан нөхцөл байдал болох нотолгооны зүйлийг тогтоох үүргээ бүрэн бодитой хэрэгжүүлээгүй байна.

Дээр дурдсан, төрийн жинхэнэ албан хаагч болох боломжийг олгоогүй үйлдлийг хууль бус гэж дүгнэсэн ба харин нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнээгүй болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагч болох боломжийг олгоогүй нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй ба энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан нэхэмжлэгчийг 2019 оны 08 сарын 15-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан гэж үзэхээр байна гэж шууд дүгнэхэд учир дутагдалтай юм.

Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 09 сарын 16-ны өдрийн 329 дугаартай тогтоолын 10 дахь хэсэгт “... мэргэшил, дадлага туршлага, ажлын байрны тодорхойлолтын дагуу Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилж, нэхэмжлэгчийг уг албан тушаалаас чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, 11 дэх хэсэгт “...нэхэмжлэгч Б.А- нь анхнаасаа гуравдагч этгээд П.Дэмбэрэлнямын оронд түр томилогдон ажиллаж байсан, ...хариуцагч нь гуравдагч этгээдийн эрхэлж байсан ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллах ёстой” гэж шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 08 сарын 15-ны өдрийн Б/104 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээс чөлөөлсөн үйлдлийг хууль бус гэж дүгнээгүй юм. Иймд Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 08 сарын 15-ны Б/104 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй.

Хэрэв Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлээд үндэслэлтэй гэж үзвэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шийдвэр гаргах боломжтой байсан боловч, 106.3.11-т заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” шийдвэрийг гаргасан нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг шууд үндэслэлгүй гэж дүгнээгүй болохыг илэрхийлж байна.

Ийнхүү шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдсан хөдөлмөрийн харилцааны үйл баримтууд болох Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2018 оны Б/142, Б/143 дугаар тушаал, 2019 оны Б/104 дугаар тушаал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж өгсөн байхад тус нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, тал бүрээс нь бодитойгоор судалж үнэлж дүгнээгүй. Эдгээр нотлох баримтуудад Б.А-г ажлаас чөлөөлсөн 2019 оны 08 сарын 15-ны өдрийн Б/104 тоот тушаал нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй, ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа болон хууль бус үйлдлийн улмаас иргэн Б.А-г ажил үүргээс нь чөлөөлсөн үйлдэл үгүй болох нь илэрхий байна.

Мөн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхээс материаллаг эрх зүйн шинжтэй хууль зүйн факт болох маргаантай байгаа эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг зөв хэрэглэх нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой билээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацаанд цалин хөлстэй нь тэнцэх хэмжээний нөхөн олговрыг шаардах эрхтэй байхын тулд тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой.

Талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон 2019 оны 08 сарын 15-ны өдрийн Б/104 дугаар захиргааны шийдвэр нь хууль ёсны шийдвэр болохыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 239 дугаартай шийдвэр болон Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 сарын 16-ны өдрийн 329 дугаартай тогтоолоор тус тус тогтоогдож байна.

Захиргааны хэргийн анхан болон хяналтын шатны шүүх хуралдааны явцад шүүхээс тодруулж асуусан асуултад хариуцагч талаас “Б.А-г өөр ажил, албан тушаалд томилох боломжтой байсан, гэвч өөрөө хүсэлтээ өгөөгүй”, хяналтын шатны хуралдааны явцад “одоо ч гэлээ өөр ажилд томилох боломжтой” гэх тайлбаруудыг үндэслэж шинэ акт гаргах хүртэл 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан нь хариуцагч байгууллагын 2019 оны 08 сарын 15-ны өдрийн Б/104 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй боловч Б.А- өөрөө хүсвэл төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах нөхцөл боломжоор хангах үүднээс шүүхэд хандаж ажилд авах боломжтой хэмээн тайлбар гаргасан бөгөөд захиргааны шүүхээс диспозитив зарчмыг баримталж нэхэмжлэгчид боломж олгох үүднээс ийнхүү шийдвэрлэсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхээс Б.А-г ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус шийдвэр гэж захиргааны шүүхээс үнэлсэн байна хэмээн тайлбарлаж хууль бусаар ажлаас чөлөөлсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримталж ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч анхнаасаа гуравдагч этгээд П.Дэмбэрэлнямын оронд түр томилогдон ажиллаж байсан ...хариуцагч нь гуравдагч этгээдийн эрхэлж байсан ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй талаарх үйл баримтыг Захиргааны хэргийн шүүх тогтоосон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар “ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл” хөдөлмөрийн гэрээний хугацаа тодорхойлогдох юм. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан тохиолдолд ажилтны ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах нь хуульд заасан үүрэг тул уг үүргээ биелүүлсэн билээ. Шүүх аливаа хэрэг маргааныг нотлох баримтын үндсэн дээр хэргийн нөхцөл байдлыг тогтоож хэрэглэвэл зохих материаллаг эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж, зөвхөн хуулийг удирдлага болгон хэргийг шийдвэрлэх ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч “НМЭГ-” УТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 08 сарын 15-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 22,474,583 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 32-33/

 

Нэхэмжлэгч нь “Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Б.А-г адил төрлийн захиргааны албан тушаалд шалгалт өгч, төрийн жинхэнэ албан хаагч болох боломжийг олголгүйгээр төрийн албанаас чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоосон” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж, хариуцагч нь “Б.А-г 2018 оны 12 сарын 28-ны өдөр Тайлан төлөвлөлт, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилсон, П.Дэмбэрэлнямын хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч, ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул 2019 оны 08 сарын 15-ны өдрөөс Б.А-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, Нийслэлийн мал эмнэлгийн газрын 2019 оны 08 сарын 15-ны өдрийн Б/104 тоот тушаалыг Захиргааны хэргийн шүүх ямар нэгэн байдлаар хууль бус гэж дүгнээгүй, Б.А-г 2020 оны 12 сарын 14-ний өдөр Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн” гэж маргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах урьдчилсан нөхцөл нь тухайн ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох явдал байдаг.

 

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0239 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 371 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 сарын 16-ны өдрийн 329 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.А-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу “НМЭГ-” УТҮГ-ын Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоогоогүй байх тул нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Б.А- өмнө нь хариуцагч “НМЭГ-” УТҮГ-т холбогдуулан, тус газрын даргын 2019 оны 08 сарын 15-ны өдрийн Б/104 дугаар тушаалыг хүчингүй болгож, Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0239 дугаар шийдвэрээр Б.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг /хх 14-18/ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 371 дугаар магадлалаар хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэж /хх 22-24/, улмаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 сарын 16-ны өдрийн 329 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 08 сарын 15-ны өдрийн Б/104 дугаар тушаалыг дахин шинээр акт гаргах хүртэл 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх”-ээр өөрчилж, 2 дахь заалтад “...шүүхээс тогтоосон 3 сар хүртэлх хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдаж” гэж нэмж эцэслэн шийдвэрлэжээ. /хх 19-21/

 

Дээр дурдсан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 сарын 16-ны өдрийн 329 дугаар тогтоолын үндэслэн хэсэгт “...албан ажлын зайлшгүй шаардлагаар түр томилогдсон, хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах гэх заалтын дагуу П.Дэмбэрэлнямын эрхэлж байсан ажлын байрны нэг чиг үүрэг болох “хүний нөөц”-ийн асуудал нь хууль, эрх зүйн чиг үүрэгтэй хамтатгаснаар эрх зүйч мэргэжлийн хүн ажиллах шаардлагатай болсон тул түүнийг уг албан тушаалд томилох боломжгүй, харин мэргэшил, дадлага туршлага, ажлын байрны тодорхойлолтын дагуу Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилж, нэхэмжлэгчийг уг албан тушаалаас чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна. /хх 19-21/

 

Түүнчлэн, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 сарын 16-ны өдрийн 329 дугаар тогтоолд “...шүүхээс тогтоосон 3 сар хүртэлх хугацаанд шинэ акт гаргах...”-аар заасныг хариуцагч биелүүлж, нэхэмжлэгч Б.А-г Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилсон болох нь хэрэгт авагдсан “НМЭГ-” УТҮГ-ын даргын 2020 оны 12 сарын 14-ний өдрийн Б/69 дугаар тушаалаар /хх 39/ нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “НМЭГ-” УТҮГ-т холбогдох нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл биш тул анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.А-г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/01274 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “НМЭГ-” УТҮГ-т холбогдох, ажилгүй байсан цалин хугацааны хөлстэй тэнцэх олговор 22,474,583 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 717,050 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 446,727 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.А- /рд:АМ87112521/-д буцаан олгохыг анхан шатны шүүхэд даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                             

                ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

Д.НЯМБАЗАР