2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/03727

 

 

 

 

 

 

 

    2025           05           05                                         192/ШШ2025/03727                

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  би,

 

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, ****************тоот хаяг байрлах А******* к******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, **************тоот хаягт байрлах Т******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

787,866,500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 612,299,398 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир     оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Т******* ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр Тавилан ХХК нь Эрдэнэт хот, Орхон аймаг, Баян-Өндөр суманд байрлах Уурхайчин 2,3 орон сууцны хорооллын дэд бүтэц барих ажлыг гүйцэтгэх үүргийг хүлээсэн байдаг. Улмаар, дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Т******* ХХК нь А******* к******* ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 2021/02 дугаар Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр А******* к******* ХХК нь Эрдэнэт хотын нутаг дэвсгэрт Уурхайчин 2,3 орон сууцны хорооллуудын дэд бүтэц барих ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний холболт болон өргөтгөл хийх, буулгалт болон түр шугам татах, усан сангийн систем угсрах, дотор мантаж, дулааны насос станц, цэвэр усны 2 өргөх станцын дотор сүлжээ угсралтын ажлыг хийж гүйцэтгэх үүргийг, Т******* ХХК нь ажлын хөлсөд нийт 2,000,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ Т******* ХХК биелүүлж ажил гүйцэтгэхэд нь А******* к******* ХХК нь туслан гүйцэтгэгчийн хувиар оролцохоор болсон юм. 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2021/02 дугаар гэрээний 3.2 болон 3.3 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эхэлж, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болохоор заагдсан ба А******* к******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээнд заасан бүх ажлыг гүйцэтгэж дуусган, ажлын үр дүнг Т******* ХХК болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т актаар хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл Т******* ХХК нь гэрээний нийт үнэ болох 2,000,000,000 төгрөгөөс 1,313,086,500 төгрөгийг төлж, үлдэх 686,913,500 төгрөгийг төлөөгүй байна. Нийт төлсөн 1,313,086,500 төгрөгөөс 860,000,000 төгрөгийг А******* к******* ХХК-ийн дансанд 53,000,000 төгрөгийг бэлнээр, 90,000,000 төгрөгийг Б.Б******* эхнэр Д.Н******* дансанд, 500,000 төгрөгийг А******* к******* ХХК-ийн ажилтны дансанд, үлдэх 259,586,500 төгрөгийг харилцан тохиролцож суутгал болгон авсан байдаг. Мөн А******* к******* ХХК нь  2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2021/02 дугаар Ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдаагүй ажлыг буюу газар шорооны ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг мөн адил актаар хүлээлгэн өгсөн ба гэрээнд тусгагдаагүй энэхүү ажлын үнийн дүн нь 100,953,000 төгрөг байдаг.  Иймд Т******* ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 686,913,500 төгрөг, нэмэлт ажлын төлбөр 100,953,000 төгрөг, нийт 787,866,500 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “…Манай компани нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Түлхүүр гардуулах нөхцөлтэй, Уурхайчин 2.3 орон сууцны хороолол хүртэлх дэд бүтэц барих ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр тухайн ажлыг хийж гүйцэтгэх дуусгавар болгох хугацаа нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байсан. Тухайн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд манай компани нь А******* к******* ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдөр 2021/02 дугаартай, Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тухайн гэрээгээр талууд Эрдэнэт хотын нутаг дэвсгэрт Уурхайчин 2.3 хорооллуудын дэд бүтэц барих ажлын төслийн хүрээнд Дулааны шугам сүлжээний холболт болон өргөтгөл хийх, буулгалт болон түр шугам татах, усан сангийн систем угсрах, дотор монтаж дулааны насос станц, цэвэр усны 2 өргөх станцын дотор сүлжээ угсралтын ажлыг захиалагчийн материалаар хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэвч А******* к******* ХХК нь 2021 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн 2021/02 дугаартай гэрээний 2-р зүйлийн 2.1-т заасан ажлыг мөн гэрээний 6.2.2.4-д "...гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд угсралтын ажлын гүйцэтгэлийг ажлын зураг болон БНБД-н дагуу чанарын өндөр шаардлагыг ханган хийж гүйцэтгэнэ". 6.2.2.6-д "..... гүйцэтгэсэн ажил бүртээ нарийн тэмдэглэл хөтөлж энэ тэмдэглэл нь эцсийн тооцоо хийхэд хавсаргагдах бөгөөд тэмдэглэл хөтлөөгүй тохиолдолд тооцоо хийхгүй байна" гэсэн заалтуудыг мөрдөн хийж гүйцэтгэх ёстой байсан. Энэхүү гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.3-т тусгаснаар дээрх ажлыг 2021 оны 5 дугаар сарын 21-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажлаа бүрэн хийж дуусгаж, актаар хүлээлгэн өгөх ёстой байсан боловч гэрээнд заагдсан хугацаанд хийж, гүйцэтгээгүй. Манай компанийн зүгээс Уурхайчин 2, 3 орон сууцны хороолол хүртэлх дэд бүтэц барих ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоо, бусад туслан гүйцэтгэгч нартай хамтран 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 16/2023А дугаартай, Барилга байгууламж ашиглалтад оруулах дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулсан. Талуудын байгуулсан 2021 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн 2021/02 дугаартай гэрээний 9.1 болон 9.2-т заагдсанаар "....... гүйцэтгэгчийн буруугаас ажил зогссон, гэрээнд заагдсан хугацаанд үе шаттай ажлыг дуусгаагүй бол хойшлуулсан хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх алдангийг захиалагч талд төлнө" гэж заагдсан. Иймд 612,299,398 төгрөгийг нэхэмжилж байна…” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч А******* к******* ХХК нь хариуцагч Т******* ХХК-д холбогдуулан 787,866,500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 612,299,398 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг  тус тус шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 787,866,500 төгрөгийн 711,866,500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 76,000,000 төгрөгийг хариуцагч Т******* ХХК нь хүлээн зөвшөөрч 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага 612,299,398 төгрөгөөс татгалзаж, талууд харилцан тохиролцож эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. А******* к******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 787,866,500 төгрөгийн 711,866,500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 76,000,000 төгрөгийг хариуцагч Т******* ХХК нь хүлээн зөвшөөрч 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага 612,299,398 төгрөгөөс татгалзаж, талууд харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,255,400 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 537,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,535,347 төгрөгийг улсын төт хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ