Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/11

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч О.Баатарсүх, ерөнхий шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                              М.Бамбадорж

Хохирогч                                              *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Ч.Эрдэнэбат

                                                               Д.Галтогтох

Шүүгдэгч                                              *******

Нарийн бичгийн дарга                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/365 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2221004410182 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.  ******* овогт *******ы *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1979 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, зурагчин мэргэжилтэй, хувиараа ******* фото студийг ажиллуулдаг, ам бүл 7, аав, ээж, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, *******ын ******* тоотод оршин суух үндсэн хаягтай, одоо Хэрлэн сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: /

2. Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “” ХХК-ийн захирал *******д тус компанийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах дугаар байрны 177м2 үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалттай байрыг 177,000,000 төгрөгийн зээлээр худалдаж авна, Голомт банкны зээл гаргахаар болсон, тус банкнаас орон сууц худалдаж авах гэрээ байгуулах, мөн өөрийн нэр дээрх Хас банк дахь 52,000,000 төгрөгийн зээлийг төлж барагдуулсан байвал зээл гарна гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 52,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч ******* овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ы *******г 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 52,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******, Б. нарт олгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ******* тоотод байрлах орон сууцыг битүүмжлэгдсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

5. Хохирогч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна гэж үзэж байна.

... Шүүгдэгч ******* нь надаас 52 000 000 төгрөгийг хуурч, итгэл төрүүлж авснаас хойш 1 жил 7 сарын хугацаа өнгөрсөн ба энэ хугацаанд мөнгөө нэхэж удаа дараа холбогдоход дандаа худлаа ярьдаг байсан ба одоог хүртэл нэг ч төгрөг надад төлөөгүй, анхан шатны шүүх хурал дээр 2023.12.31-ний өдөр гэхэд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэж хуурамч амлалт бичин өгч шүүхийн шийдвэр гаргуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******гийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ******* тоотод байрлах орон сууцыг битүүмжилсэн байсан гэвч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч *******г 1 жил 7 сарын хугацаанд нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байгааг мэдсээр байж шүүх хурал дээр бичиж өгсөн хуурамч амлалтанд хөтлөгдөн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдгийг цаасан дээр гараар бичиг хийж өгөхийг хэлдэг бол хэн ч хуурамч амлалт өгч ялаас чөлөөлөгдөх боломж байгаа юм байна. Шүүх энэ бичгэнд итгээд хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэж байгаад иргэний хувьд шүүхэд итгэх итгэл алдарч байна.

Мөн анхан шатны шүүхээс *******г 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь биелэгдэх боломжгүй, шударга ёсны зарчимд нийцээгүй, ял нь хэт багадсан байна гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан бол 10 000 000 – 40 000 000 төгрөгөөр торгох эсхүл 2-8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэлтэй. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэл бүхий санал гаргасан.

Иймд *******г 10 000 000 төгрөгөөр торгосныг өөрчилж хорих ял оногдуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ******* тоотод байрлах орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосныг хэвээр үлдээж анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээснээр бид битүүмжилсэн эд хөрөнгөнөөс өөрт учирсан хохирлоо гаргуулж авах боломжтойг шүүх анхаарч үзнэ үү.” гэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүх *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо дараах дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

“...Шүүгдэгч ******* нь 52 000 000 төгрөгийг хохирогч С.Ган-Эрдэнийн хүү тайгаа хамтран эзэмшдэг дансаар шилжүүлэн авч 2022.05.25-ны өдөр Б.тай зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан ч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээр *******эс шилжүүлэн авсан мөнгийг өөрийн нэр дээрх /Хас банкны ипотекийн ганц зээлтэй гэж авсан боловч өөр нэр бүхий 6 байгууллагаас авсан зээлээ төлсөн/ бусад зээлийг төлөхөд зарцуулжээ. Үүнээс гадна шүүгдэгч ******* нь 2022.05.25-ны өдрөөс хойш 1 жил 7 сарын хугацаа өнгөрөөд байхад хохирогчид учруулсан хохирлоос огт төлөөгүй хэр нь тухайн үед төлөөгүй үлдсэн өөрийн нэр дээрх Транс капитал ББСБ-аас 2020.10.21-ний өдөр авсан зээлийн үлдэгдэл мөнгийг 2023.12.13-ны өдөр хугацаа дуусахаас өмнө бүрэн төлж барагдуулсан байна.” гэжээ.

******* нь 2022 оны 5 сарын байдлаар хугацаа хэтэрсэн ямар ч зээлгүй байсан. Зээлээ төлөх боломжгүй нөхцөл байдал болон түүнээс үүдсэн ямар нэгэн хүнд байдалд огт ороогүй байсан. Тухайн үед Хас банкинд байсан 38 сая төгрөгийн 5 хувийн ипотекийн зээлтэй байсан. 1 сард 300 000 төгрөг төлдөг байсан бөгөөд тухайн үед Ковид-19 цар тахалтай холбоотойгоор зээлийн төлөлт зогссон байсан. Ийм нөхцөл байдалд би яах гэж энэ зээлийг хаах гэж *******эс мөнгө залилах юм бэ, надад огт тийм санаа зорилго байгаагүй. Голомт банкны захирал Ариунтуяа л “та банк бусаас бусад бүх зээлүүдээ хаагаад хүрээд ир, дүү нь дэмжээд өгье” гэж хэлсэн болохоор л өөрийн нэр дээрх “Транс капитал” ББСБ-аас бусад зээлүүдийг тооцож үзэхэд 52 сая төгрөг болж байсан учир энэ хэмжээний мөнгийг л *******эс хүссэн. Хэрэв Голомт банкнаас зээл гарахгүй бол хэрхэх вэ гэдэг асуудал гарсан бөгөөд нь заасан хугацаанд мөнгөө төлж чадахгүй бол өдрийн 0.5 хувийн алданги төлөх хариуцлагатай шүү гээд нотариат дээр очиж зээлийн гэрээ байгуулсан.

Хэрэв би анхнаасаа өөрийн зээлүүдийг хаах зорилготой залилан мэхлэх байсан бол “Транс капитал” ББСБ дахь зээлээ хаах мөнгийг нэмж авах байсан. “Транс капитал” ББСБ-ын зээлийг хаагаагүй шалтгаан нь надад хэлэхдээ банк бусынхаа зээлтэй л хүрээд ир гэж хэлсэн явдал юм.” гэж тайлбарладаг.

Шүүх “...2022 онд Голомт банкнаас зээл гаргахад зээлдэгчийн нийт орлогын 30 хувь нь тухайн банкаар дамждаг байх шаардлага тавигдаж байсан ба ******* нь Голомт банкинд ямар нэгэн харилцах дансгүй байжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь Хаан банк, Төрийн банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Транс капитал, Нэт капитал зэрэг банк бус санхүүгийн байгууллагуудаар зээл судлуулсан гэж мэдүүлж байгаа боловч тухайн байгууллагуудаас  гаргаж өгсөн албан тоотоор ******* нь зээл судлуулах баримтыг дээрх байгууллагуудад өгч байгаагүй болох нь тогтоогдож байна.” гэж дүгнэсэн.

******* нь 52 сая төгрөг авахаас өмнө зөвхөн Голомт банкнаас зээл хүсэх зорилготой байсан. Гэвч *******г зээлүүдээ хаагаад очиход Голомт банкны зээлийн үйлчилгээний журамд өөрчлөлт орсон байсан. Тэр өөрчлөлт нь Голомт банкны харилцагч биш хүмүүст зээл олгохгүй гэсэн өөрчлөлт байсан. Үүнээс үүдэж бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл гарах талаар асууж сураглаж байсан. Хохирогч Б.тай хүртэл хамт явж сураглаж байсан нотлох баримт байдаг. Төрийн банкинд хүсэлтээ өгч судлуулж байсан баримт байдаг.

Шүүх “ ... шүүгдэгч ******* нь “” ХХК-ийн худалдан борлуулж буй 177 000 000 төгрөгийн үнэ бүхий байрыг банкны зээлээр худалдан авах боломжгүй байхаас гадна хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулах санаа бодолгүй, тэрээр анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан зүйлийг хохирогч нарт боломжтой байсан мэтээр итгүүлж, Голомт банкинд зээлээ судлуулж байгаа, 5 хоногийн дотор гарна гэж итгэл үнэмшил төрүүлэн төөрөгдүүлж, тэдний мөнгийг хууль бусаар авсан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзлээ.” хэмээн дүгнэсэн.

*******гийн хувьд Голомт банкнаас зээл гарах боломжтой гэдэгт маш их итгэлтэй байсан. Учир нь тус банкны захирал нь зээл бүтнэ гэх итгэлийг төрүүлсэн. Нэгэнт банкны захирал хүн зээлийг нь бүтээж өгнө гэж хэлэхээр ямар ч хүн үүнд итгэж найдна. Хүссэн зээлийг нь шийдвэрлүүлэхэд банкны захирал нөлөөлж, бүтээх юм байна гэсэн ойлголт бий болсон. Ийм учраас хохирогч д зээл бүтнэ гэдэг зүйлийг хэлдэг.

ийн байн байн “зээлээ судлуулаач, хөөцөлдөөч, би танд туслах гээд байна шүү дээ” гэх үгнээс үүдэж ийм байдалд хүрлээ. Зээл гарахгүй байх, бүтэхгүй байх гэсэн ямар ч болгоомжлол тооцоолол байгаагүй. захирал бүтээчих юм байна хэмээн хөнгөмсгөөр найдсанаас болж хохирогчийн мөнгийг буцааж өгч чадаагүй нөхцөл байдал үүссэн байна.

Шүүхээс “... *******г зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж ... залилах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож” хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

******* ямар байдлыг зориудаар бий болгосон бэ, ямар бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан бэ, гэдэг асуудал тодорхой нотлогдсон байх ёстой.

******* Голомт банкнаас зээл авахын тулд захирал Э.ийн зааж, зөвлөсний дагуу ББСБ-аас бусад бүх зээлүүдээ хаах зорилгоор хохирогчоос 52 000 000 төгрөг зээлж авсан. Голомт банкны ажилчидтай ч очиж уулзсан. Голомт банкнаас л зээл гарах боломжтой гэдэгт итгэж байсан. Тэр ч үүднээс хохирогч нарт Голомт банкнаас зээл авна, бүтнэ гэдгийг хэлсэн. Бодит байдал дээр ийм үйл явдал болсон. Гэтэл үүнийг зохиомол байдал гэж үзэх үндэслэлгүй, Голомт банкнаас зээл гаргуулах гэж байгаа гэдгийг зориудаар, зохиож бий болгоогүй.

******* нь Голомт банкнаас зээл гарах боломжгүй гэдгийг мэдсээр байж түүнийг нууж хохирогч нарыг төөрөгдөлд оруулж 52 000 000 төгрөгийг авсан асуудал байхгүй. Голомт банкнаас зөвхөн харилцагч нарт зээл олгох талаар журам гарсантай холбоотойгоор *******гийн зээл бүтэхгүй болсон. Энэ асуудал нь хохирогч нараас 52 000 000 төгрөгийг аваад өөрийн зээлүүдээ хаасны дараа Голомт банкин дээр очиж уулзахдаа мэдсэн. Цаг хугацааны хувьд өөрт нь зээл гарах боломжгүй гэдгийг мэдэхээс өмнө хохирогч нараас мөнгө авсан үйл явдалд дүгнэлт хийж, гэм буруутай эсэхийг тогтоох ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү.” гэв.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зээлийн гэрээгээр халхавчилж гэмт хэргийг үйлдсэн гээд байх юм. ... Энэ гэрээг хийснээр Ган-Эрдэнэ, гэх хүмүүс ямар байдлыг мэдэхгүй өнгөрөх гээд байгаа юм. Тэр нь тодорхой бус байна. ... Мөн дараа нь ийн үйлдлийг ерөөсөө тогтоож өгөөгүй, ... зүгээр байсан хүн дээр өөрөө ирээд байр аваач гэж ятгаад, байрны зээл гаргаж өгнө гэж амлаад, байрыг нь хүртэл очоод үзүүлээд явж байсан юм. Ингээд байр авах боломжтой юм байна гэж ******* итгээд асуудлын хөөцөлдөж эхэлсэн. 52 сая төгрөгөөр зээл хаана гэж хэлж гэрээ байгуулж авсан нь үнэн. ... Өнөөдрийн байдлаар 25 сая төгрөгийг төлсөн байна. ... Гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй байна. Шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

8. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би ямар ч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх ашиг сонирхол байгаагүй. Би ажлын байртай л болох гэж хичээсэн. Эцэст нь банкны захирал, компанийн захирал, борлуулагч нар нь л гүтгээд таарч байна. ... 4 сарын турш намайг байр авахгүй юм уу гэж асууж, ажил дээр ч хэд хэдэн удаа ирсэн, утсаар, мэссежээр ч асууж байсан. “Би таныг дэмжих гээд байна. Дүү нь танд тусалъя. Дүү нь захирал болсон. Одоо зээл гаргаж өгнө” гэж зүгээр байгаа хүн дээр гуйж ирсэн. Өөрөө банкны машинаар хүртэл намайг авч хүргэж өгөөд тухайн байрыг үзүүлж ирсэн. Би үнэхээр их итгэсэн. ... Гэтэл хэдэн сарын дараа өөрөө над руу холбогдсон. Та манай компанийн захиралаас мөнгө авчих гэж хэлсэн. Би болох юм уу гэж гайхаад лавлаж асуусан. Гэтэл орой нь ямар дансаар мөнгөө авах вэ гэж асуусан. Би мөрөөрөө л ажлаа хийгээд явдаг хүн. ...” гэв.

9. Прокурор М.Бамбадорж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын зүгээс ял хариуцлагатай маргах зүйлгүй. ... Гэтэл анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа хохирлын асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байхад прокурорын тогтоолыг хүчингүй болгосонтой санал нийлэхгүй байна. ... Дараагийн дугаарт хэргийн нөхцөл байдал бүрэн дүүрэн нотлогдож тогтоогдсон байна. ... Урьдын харилцааны явцад олж авсан итгэлийн дагуу хууран мэхлэх үйлдлийг ******* гаргасан. Бодит байдлаа нуусан гэдэг нь тухайн 52 сая төгрөгөөс гадна нийт 9 төрлийн зээлтэй байсан. Хохирогчоос авсан мөнгөөр банкны зээлээ төлж барагдуулсан. Гэхдээ тухайн байрыг худалдаж авах сонирхолгүй байсан. Энэ хүн мөнгө авах үедээ Голомт банкинд зээл авах тухай хүсэлтээ өгөөгүй байсан. Ер нь цаашлаад өөрөө ч зээл өөр дээр нь гарах боломжгүй гэдгийг мэдэж байсан. 52 сая төгрөгийг авсны дараа тухайн байрыг худалдаж авах үйлдлийг хийгээгүй, тухайн мөнгийг өөртөө зарцуулсан. ... Зээлийн гэрээгээр халхавч хийсэн үйлдлийг гаргасан нь үнэн. ... Анхан шатны шүүхийн шийдвэрээс эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосон хэсгийг өөрчилж өгнө үү. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хохирогч ******* болон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагаа болон хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч *******г гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хөтөлбөргүй тогтоож чадаагүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилгыг бүрэн тогтоож, түүний үйлдэлд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3. Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийн эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг эргэлзээ үүсгээгүйгээр, бүрэн дүүрэн нотлогдсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

4. Прокуророос шүүгдэгч *******г  2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ХХК-ийн захирал *******д тус компанийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах дугаар байрны 177м2 үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалттай байрыг 177 000 000 төгрөгийн зээлээр худалдаж авна, Голомт банкны зээл гаргахаар болсон, тус банкнаас орон сууц худалдаж авах гэрээ байгуулах, мөн өөрийн нэр дээрх Хас банк дахь 52 000 000 төгрөгийн зээлийг төлж барагдуулсан байвал зээл гарна гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 52 000 000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч *******гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Тухайлбал, шүүгдэгч *******гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинж болох бусдыг хуурч мэхлэх, улмаар зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэх шинжүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдохгүй байна.

Залилах гэмт хэрэг нь өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үйлдлээрээ бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байхаас гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

6. Шүүгдэгч ******* нь ажлын байртай болохын тулд ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах дугаар байрны 177м2 талбайтай, 177 000 000  төгрөгийн үнэ бүхий үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалттай байрыг Голомт банкны зээлээр худалдан авах зорилгоор, мөн тус банкнаас зээл судлуулахын тулд өөрийн нэр дээрх Хас банк болон бусад байгууллагуудаас авсан зээлийн үлдэгдлийг төлж барагдуулсан байх шаардлагын дагуу тус компанийн захирал *******эс 52 000 000 төгрөгийг зээлж, 2022 оны 5 сарын 25-ны өдөр компанийн ажилтан Б.тай зээлийн гэрээг /1хх 118-119/, мөн өдрөө ХХК-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээг /1хх 189-190/ тус тус байгуулсан болох нь шүүгдэгч ******* /1хх-ийн 107-109/,  хохирогч ******* /1хх 28-30/, хохирогч Б. /1хх 33-34/ нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.  

Тухайлбал, шүүгдэгч ******* нь Голомт банкны Дорнод салбарын захирал Э.ийн “... та түрээсийн байраар явсны оронд өөрийн гэсэн ажлын байртай болох хэрэгтэй, ... бусад банкинд байгаа зээлүүдээ хаагаад ир, би таныг дэмжиж тусална,  ... ХХК-ийн шинэ барилгад В1 давхрын барилга байгаа та очиж үз, ...” гэсэн санал тавьсны дагуу түүний хамт уг байрыг очиж үзсэний эцэст өөрийн гэсэн ажлын байртай болох зорилго тавьж, тус компанийн В1 давхрын байрнаас Голомт банкны зээлээр худалдаж авах, мөн Голомт банкнаас зээл авахын тулд өөрийн Хас банкинд байгаа ипотекийн зээл болон бусад зээлүүдийг хаах шаардлагатай болсны улмаас ХХК-ийн захирал *******эс 52 000 000 төгрөгийг зээлж зээлийн гэрээг байгуулсан байх ба уг гэрээний зориулалтын дагуу Хас банкнаас авсан зээл болон бусад байгууллагаас авсан зээлүүдийг тус тус хаасан байна.

Тухайн цаг хугацаанд буюу 52 000 000 төгрөгийг *******эс зээлсний дараа Голомт банкны зээл олгох журамд өөрчлөлт орж, тус банкнаас зээл гаргахад зээлдэгчийн нийт орлогын 30 хувь нь тухайн банкаар дамждаг байх ба тухайн банкны харилцагч байх шаардлага тавигдсан, *******гийн хувьд Голомт банкны харилцагч биш байсны улмаас түүнд зээл олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хэрэгт авагдсан гэрч Э.ийн “... 2022 оны 6 дугаар сарын эхнээс эхлээд Голомт банкны харилцагч нарт үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл олгож байгаа . ...” гэх /1хх 48/, Б.Билгүүний “... манай банкны зээл хэвийн олгогдож байгаагүй ба Ковид-19 цар тахлын улмаас тодорхой хязгаарлалт тавьж байсан, бизнесийн орлого төвлөрүүлэлтийн 30 хувь нь Голомт банкаар дамждаг байх ёстой гэх мэт шаардлага тавьж зээл олголтыг хязгаарлаж байсан. ...” гэх /1хх 74/, Ц.Тунгалагтуяагийн “... Манай банк 2022 оны 3 сараас эхэлж зээлийн хязгаарлалттай байгаа ба 30 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй үндсэн хөрөнгийн зориулалттай буюу бизнесийн зээлийг олгохгүй байгаа. ...” гэх /1хх 78/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогджээ.

Иймд Голомт банкнаас болон бусад банк, банк бус санхүүгийн байгууллагуудаас тухайн үед зээл олгохгүй байсан гэх шалтгааны улмаас ******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсон нөхцөл байдлыг гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж, хохирогчийн 52 000 000 төгрөгийг буцаан өгөхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хохирогч нарыг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд зааснаар иргэн нь өмч хөрөнгө олж авах, хувийн аж ахуй эрхлэх, иргэний эрх зүйн харилцаанд оролцож, хуулиар хориглоогүй буюу шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд ******* нь өөрийн гэсэн ажлын байртай болох, Голомт банкны зээлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах, Голомт банкнаас зээл авахын тулд бусад банкинд буй ипотекийн зээл болон бусад зээлээ төлөх зорилгоор *******эс зээл авч, уг гэрээнд заасан зориулалтын дагуу зээлийг зарцуулсан, тодорхой шалтгааны улмаас зээлийн гэрээгээр хүлээсэн зээл буцаан төлөх үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн зэргийг Иргэний хууль тогтоомжийн дагуу үүссэн иргэний эрх зүйн харилцаа гэж үзэх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Дээрх нөхцөл байдлуудаар шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинж болох бусдыг хуурч мэхлэх, улмаар зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэх шинжүүд үгүйсгэгдэж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтохын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогч С.Ган-Эрдэнийн гаргасан “... *******д оногдуулсан ял хөнгөдсөн, ... түүнд хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ..., шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр Дорнод аймгийн Прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  хэргийг хэрэгсэхгүй болгож, *******г цагаатгах нь зүйтэй гэж үзэв.

8. Хохирогч *******, Б. нар нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/365 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, *******г цагаатгасугай.

2. Хохирогч С.Ган-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч *******, Б. нар нь хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

3. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Прокурорын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ******* тоотод байрлах орон сууцыг битүүмжилсэн 13 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЗУУ    

                ШҮҮГЧИД                                                      О.БААТАРСҮХ

                                                                                               Г.УРТНАСАН