Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 223

 

 

 

 

 

                       

 

    2018          03           09                                          223

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Б.Э.лэг, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Б.О.ны Э.лэгийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0201 10063 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Б.О.ны Э.лэг, Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Э.лэг нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед СХД “KFC” түргэн хоолны газар үйлчлүүлж байсан иргэн Я.Үү.яагийн “Самсунг s6 edge” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 336.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Б.Э.лэг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Я.Үү.яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 11  цагийн үед Схд...байрлах “KFC” түргэн хоолны газар үйлчлүүлж байтал гаднаас ...16-18 насны жижигхэн биетэй залуу орж ирээд шууд “хоол,  хоол” гээд дайраад байхаар нь цааш нь түлхээд...үйлчлэгчийг нь дуудтал нөгөө залуу...учиргүй хараалын үг хэлээд доошоо буугаад яваад өгсөн. Тэгээд үйлчлэгч тогооч нарт танай түргэн хоолны газрын хоол түүхий байна мөн танайд үйлчлүүлж байхад гаднаас танихгүй залуу орж ирээд сая хэл амаар доромжлоод гарлаа гэсэн. Тэгээд түүхий хоолных нь зургийг нь үзүүлэх гэтэл ширээн дээр байсан “Samsung s6” маркийн гар утас хулгайд алдсан байсан....Би гар утсаа “ТЕДИ” худалдааны төвөөс 2017 оны 10 дугаар сард 450.000 төгрөгөөр хүний барьж байсан капитал гар утас авч байсан.

“...Миний алдсан гар утас “Samsung s6 edge” маркийн шаргал өнгөтэй шинээрээ шахуу байсан учир ямар нэг содон шинж тэмдэг байгаагүй. Тэр залуу саравчтай малгайтай, уранхай өмдтэй, хувцас, царай төрх нь халтартсан, хир буртагандаа баригдсан тэнэмэл маягийн хувцастай, нүд ам нь хөхөрсөн залуу орж ирээд миний идэж байсан хоол руу дайрахаар нь би холдоод зайлсхийсэн энэ хүнээ холдуулаач гэтэл нөгөө залуу орилоод гарсан. Тэгээд үзэхэд ширээн дээр тавьсан байсан миний гар утас алга болсон байсан. Уг залуу миний анхаарлыг сарниулаад ширээн дээр байсан гар утсыг авч явсан байсан. Би өөрийн хохирол болох 450.000 төгрөгийг гаргуулж аваар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15, 17-18),

2. Эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 55-56),

3. Гэрч А.М.батын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сард байх би сар өдрийг нь сайн санахгүй байна. Намайг архи уугаад 12 дугаар хороо Саппорогийн хажуу талд явж байхад Б.Э.лэг таарсан. Тэгээд бид хоёр архи уугаад сууж байтал Б.Э.лэг шар өнгийн мэдрэгчтэй гар утас гаргаж ирсэн. Хэнээс хулгайлсан юм гэтэл би хулгай хийгээгүй олсон юм гэж байсан. Тэгээд бид хоёр нэг шил архи уучихаад буудалд орж амарсан. Би гадагшаа гараад уг гар утсыг зараад Б.Э.лэгт өмсөх гайгүй хувцас “Хархорин” захын комиссоос аваад буудалд эргээд иртэл Б.Э.лэг хэвтэж байсан. Би уг гар утсыг 200.000 төгрөгөөр зарсан байсан учир үлдэгдэл мөнгийг нь Б.Э.лэгт өгсөн. Тэгээд дахиж архи авч уугаад дуусгасан...уг гар утсыг би одоо хэнд зарснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан 30 гаран насны эрэгтэй хүн байсан. Одоо хараад танихгүй...Надад гар утас олсон...гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53),

4. Шүүгдэгч Б.Э.лэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би орон гэргүй тэнэмэл амьдраад 3 жил болж байна. Одоо надад очих газар, ах, дүү, төрөл садан гэх зүйл байхгүй. 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би гадуур архи ууж, хулгай хийх санаатай явж байгаад Хархорин захын замын ард байрлах түргэн хоолны газар орсон. Тэгээд тэнд үйлчлүүлж байсан хүмүүсийг ажиглаж байгаад 2 давхарт гарсан чинь 40 гаран насны эгч хоол идээд сууж байсан. Тэгээд очоод “эгчээ хоолны үлдэгдлээ өгчих” гэтэл “үгүй гээд цаашаа яв” гээд хөөсөн. Тэгэхээр нь би улам ойртоод анхаарлыг нь сарниулаад ширээн дээр байсан гар утас нь дээр өөрийн өмсөж явсан ноосон малгайгаа тавиад гартаа базаад аваад гарсан юм. Тэгээд хулгайлсан гар утсаа гаргаад хартал “Samsung s6 edge” маркийн гар утас байхаар нь тэр чигээрээ хойшоо гүйгээд 1 дүгээр хорооллын 4 дүгээр байрны тэнд очоод А.М.баттай таараад хамт архи авч уугаад тасарсан. Тэгээд нэг сэрэхэд байрны дунд байх нэрийг нь мэдэхгүй буудалд сэрсэн. Тэр үед А.М.бат гаднаас куртик, цамц, гутал авч орж ирээд “чамд байсан гар утсыг зарчихаад ирлээ” гэж байсан. Тэгээд хэний гар утас юм бэ гэж асуухаар нь би олсон гэж хэлсэн. Тэгээд бид хоёр буудалд архи уугаад мөнгийг дуусгасан. А.М.бат 200.000 төгрөгөөр зарсан гээд надад мөнгийг нь авчирч өгсөн. Би буудлын тооцоо хийсэн, архи уусан...би архи уумаар санагдсан. Тухайн үед би согтуу байсан учир ийм үйлдэл гаргасан байх... намайг хулгай хийхэд хамт оролцсон хүн байхгүй... би ганцаараа хулгай хийсэн юм...Манай ээж Б.О.н Налайх дүүрэгт байдаг гэсэн...би гэрээсээ гараад 3 жил гаран болж байгаа...одоо хаана байгаа болон утасны дугаар зэргийг нь мэдэхгүй байна...Би Налайх дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр гудамжны 77 тоотод оршин суух бүртгэлтэй боловч энэ хаягтаа амьдардаггүй. Би Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо Хар хорин зах орчмоор тэнэмэл маягаар амьдардаг...гэр орон байхгүй...учир орц хонгилоор хоноглож явдаг...Тэр эгчээс хулгайлсан утас “Samsung s6 edge” маркийн шаргал өнгөтэй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31),

- Шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 61-62), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 41) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э.лэгт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч: Шүүгдэгч Б.Э.лэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Б.Э.лэг нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32 дугаар байрны автобусны буудлын баруун хойно байрлах “KFC” түргэн хоолны газар, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед, шунхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр иргэн Я.Үү.яагийн “Самсунг s6 edge” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан хохирогчид 336.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;

- Хохирогч Я.Үү.яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 11  цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “KFC” түргэн хоолны газар үйлчлүүлж байтал гаднаас ...16-18 насны жижигхэн биетэй залуу орж ирээд шууд “хоол, хоол” гээд дайраад байхаар нь цааш нь түлхээд...үйлчлэгчийг нь дуудтал нөгөө залуу...учиргүй хараалын үг хэлээд доошоо буугаад яваад өгсөн.

“...Миний алдсан гар утас “Samsung s6 edge” маркийн шаргал өнгөтэй шинээрээ шахуу байсан учир ямар нэг содон шинж тэмдэг байгаагүй. Тэр залуу саравчтай малгайтай, уранхай өмдтэй, хувцас, царай төрх нь халтартсан, хир буртагандаа баригдсан тэнэмэл маягийн хувцастай, нүд ам нь хөхөрсөн залуу орж ирээд миний идэж байсан хоол руу дайрахаар нь би холдоод зайлсхийсэн энэ хүнээ холдуулаач гэтэл нөгөө залуу орилоод гарсан. Тэгээд үзэхэд ширээн дээр тавьсан байсан миний гар утас алга болсон байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15, 17-18),

- Эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 55-56),

- Гэрч А.М.батын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сард байх би сар өдрийг нь сайн санахгүй байна...Б.Э.лэг таарсан. Тэгээд бид хоёр архи уугаад сууж байтал Б.Э.лэг шар өнгийн мэдрэгчтэй гар утас гаргаж ирсэн. ...Би гадагшаа гараад уг гар утсыг зараад Б.Э.лэгт өмсөх гайгүй хувцас “Хархорин” захын комиссоос аваад буудалд эргээд иртэл Б.Э.лэг хэвтэж байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53),

- Шүүгдэгч Б.Э.лэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би гадуур архи ууж, хулгай хийх санаатай явж байгаад Хархорин захын замын ард байрлах түргэн хоолны газар орсон. Тэгээд тэнд үйлчлүүлж байсан хүмүүсийг ажиглаж байгаад 2 давхарт гарсан чинь 40 гаран насны эгч хоол идээд сууж байсан. Тэгээд очоод “эгчээ хоолны үлдэгдлээ өгчих” гэтэл “үгүй гээд цаашаа яв” гээд хөөсөн. Тэгэхээр нь би улам ойртоод анхаарлыг нь сарниулаад ширээн дээр байсан гар утас нь дээр өөрийн өмсөж явсан ноосон малгайгаа тавиад гартаа базаад аваад гарсан юм. Тэгээд хулгайлсан гар утсаа гаргаад хартал “Samsung s6 edge” маркийн гар утас байхаар нь тэр чигээрээ хойшоо гүйгээд 1 дүгээр хорооллын 4 дүгээр байрны тэнд очоод А.М.баттай таараад хамт архи авч уугаад тасарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31), зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ц.Э.лэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Б.Э.лэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Б.Э.лэг нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг буюу хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял болгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э.лэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Улсын яллагчаас Б.Э.лэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй зэргийг харгалзан түүнд оногдуулахаар дүгнэлт хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 320 (гурван зуун хорь) цагийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзэв. Шүүхээс шүүгдэгчийг хуульд заасны дагуу гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан тул Эрүүгийн хуульд зааснаар түүний нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, тэрээр оногдуулсан ялыг биелүүлээгүй бол дээрх ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Мөн тодорхой оршин суух хаяггүй тэнэмэл амьдралаар амьдардаг, боловсролын төвшин бага байх тул оногдуулсан ял дээр нэмж Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэв

ll. Бусад асуудлаар

Хохирогч Я.Үү.яа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 336.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон байх тул дээрх хохирлыг шүүгдэгч Б.Э.лэгээс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд гаргуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн 1708 0201 10063 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э.лэг нь энэ гэмт хэрэгтээ 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс (хавтаст хэргийн 77-78) мөн оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 10 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ба түүний цагдан хоригдсон нийт хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар шүүгдэгчийн цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, цагдан хоригдсон нийт 10 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 80 цагаар тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. Түүнчлэн шүүхээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан учир түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.