Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 901

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Р.Очирсүрэн

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтээр Б.Э-т холбогдох 1708010570336, 1708020110063 дугаартай эрүүгийн хэргүүдийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Б-О-ы Э, 1999 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Налайх дүүргийн ...... тоотод байнга оршин суух бүртгэлтэй, /РД:......../;

 

Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “KFC” түргэн хоолны газар үйлчлүүлж байсан иргэн Х.Ү-ийн “Samsung S6 Edge” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 336.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож,

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овгийн Б-О-ы Э-ийг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ийг 320 (гурван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэжээ.

 

Прокурор Р.Очирсүрэн бичсэн дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Э нь 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, тухайн ял биелэгдээгүй болно.

            Дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө Б.Э нь Б.Б-тай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо "Саран бууз" нэртэй хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн Г.М-ийн "Samsung note-2" загварын гар утсыг авахаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдэн 108.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Ч.А-той бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 40 дүгээр байрны урд талын зогсоолд байсан иргэн Б.А-ийн эзэмшлийн ..... улсын дугаартай, "Prius 20" загварын тээврийн хэрэгслийн шилийг хагалж дотор нь байсан “Хараа” архи 5 ширхэг, “Соёрхол” архи 2 ширхэг, “Болор” архи 3 ширхэг, “Улаан шонхор” тамхи 2 блок, “Улаан шонхор” нарийн тамхи 1 блок, чихэр, хромон гутал, эрэгтэй хүний дээл, 30.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 489.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Мөн шийтгэх тогтоол гарсны дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Б.Э нь Б.Б-той бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ...... оршин суух иргэн Т.М-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 43 инчийн "Hitachi" брендийн зурагт зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан, 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Ч.У, Б.Б нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн .......тоотод оршин суух иргэн Д.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн зурагт, хөөрөг зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан болох нь тогтоогдсон тул түүнийг эрүүгийн 1708010570336 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 д заасан "Шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн" гэх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, эрүүгийн 1708020110063 дугаартай хэрэгт эрүүгийн 1708010570336 дугаартай хэргийг нэгтгэн яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорт буцаалгах дүгнэлтээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “KFC” түргэн хоолны газар үйлчлүүлж байсан иргэн Х.Ү-ийн “Samsung S6 Edge” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 336.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

            Дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө Б.Э нь Б.Б-тай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо "Саран бууз" нэртэй хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн Г.М-ийн "Samsung note-2" загварын гар утсыг авахаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдэн 108.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Ч.А-той бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 40 дүгээр байрны урд талын зогсоолд байсан иргэн Б.А-ийн эзэмшлийн ...... улсын дугаартай, "Prius 20" загварын тээврийн хэрэгслийн шилийг хагалж дотор нь байсан “Хараа” архи 5 ширхэг, “Соёрхол” архи 2 ширхэг, “Болор” архи 3 ширхэг, “Улаан шонхор тамхи 2 хайрцаг, “Улаан шонхор” нарийн тамхи 1 хайрцаг, чихэр, хромон гутал, эрэгтэй хүний дээл, 30.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 489.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус шалгагдаж байгаа болох нь эрүүгийн 1708010570336, 1708020110063 дугаартай хавтас хэргүүдээр нотлогдож байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

 

Энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ. Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй байна.

Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзнэ гэсний дагуу шүүгдэгч Б.Э-т ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болжээ.

Иймд прокурор  Р.Очирсүрэнгийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э-т холбогдох эрүүгийн хэргийг сэргээн шалгуулахаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Б.Э нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 195 дугаар захирамжаар, 1708010570336 дугаартай хэрэгт цагдан хоригдож байгаа болохыг дурдсугай. 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                           Ц.ОЧ

 

                                                                                    Л.ДАРЬСҮРЭН