Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/13

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч О.Баатарсүх, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                    М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Г.Цэрэндолгор  

Шүүгдэгч                                                    *******

Нарийн бичгийн дарга                             Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/375 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгорын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2321000000351 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24ий өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/.

2. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Хивс хороолол ******* тоотод хохирогч *******ын нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогч ******* нь арагш унах үедээ ар дагзаараа цементэн хана мөргөн унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******эс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслэн сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ад учирсан хүнд гэмтэл нь миний буруутай үйлдлээс болоогүй гэж мэдүүлдэг. З.Бат-Эрдэнийн мэдүүлэгт “... намайг цохих үед Төрбат нь хойно газарт байсан матрас дээр суусан” гэж удаа дараа мэдүүлээд байхад тухайн матрас тэнд байсан эсэх, ямар хэмжээтэй талаар шалгаагүй орхигдуулсан байна.

Мөн гэрч П.Ариунтунгалагийн “... үүднээс ******* нь эхнэр гийн хамт орж ирж таарсан бөгөөд ******* нь шууд л Төрбатын нүүр хэсэгт цохисон. Төрбат нь *******д цохиулах үедээ хойшоо савж унасан бөгөөд газар унахдаа толгойн ар хэсгээрээ буюу дагзаараа үүдний цементэн хана мөргөж ойчсон” гэх мэдүүлэг /хх 41/,

Насанд хүрээгүй гэрч ийн “... ах Батхүү ахыг өмөөрөөд Төрбат ахын нүүрний баруун хэсэгт нь цохиход Төрбат ах арагшаа унасан юм. ... үүдний блокон довжоон дээр унахдаа ухаан нь балартсан, ... ахад цохиулаад арагш унасан ба унах үедээ үүдний блокон довжоог дагзараа мөргөсөн” /хх 28/ гэх мэдүүлгүүд нь зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг арилгаагүй. Тэр цементэн хана, блокон довжоо ямар зүйл байсан талаар хэрэгт харагдахгүй байна.

Мөн шинжээчийн дүгнэлтэд *******ын биед зүүн чамархай ясны хугарал, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, духны зүүн хэсэг, чамархайн тархины эдийн цусархаг няцрал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин баруун чамархай, хацар, зүүн чамархайн ар хэсэг, чихний дэлбээний зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. Эндээс харахад гэрч нар З.Бат-Эрдэнийг цохих үед Төрбат хойшоо савж унасан бөгөөд газарт унахдаа толгойн ар хэсгээрээ буюу дагзаараа үүдний цементэн хана мөргөж унасан, бас нүүрний баруун хэсэгт нь цохиход Төрбат ах арагшаа унасан юм. Унах үедээ үүдний блокон довжоог дагзаараа мөргөсөн гэж мэдүүлдэг. Тэгэхэд шинжээчийн дүгнэлтээр Төрбатын зүүн чамархай ясан дээр гэмтэл учирсан харагдаж байна. Гэтэл энд дагзаараа хатуу зүйл дээр савж унахад зүүн чамархайн ясанд гэмтэл үүсэх нь ойлгомжгүй харагдаж байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд Төрбатын биед баруун чамархай, хацар, зүүн чамархайн ар хэсэг, чихний дэлбээний зөөлөн эдийн няцрал гэх хөнгөн гэмтэл тогтоогдсон. Энэ нь хэний үйлдлээс учирсан нь тодорхойгүй байна.

Мөн тухайн хэрэг болсон газар байсан гэрч , нараас мэдүүлэг авахгүй орхигдуулсан.

Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан байтал энэ хэрэгт нэг талыг барьсан. Энэ хэргийн хувьд нотолбол зохих байдал бүрэн дүүрэн нотлогдохгүй байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

6. Прокурор М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “Шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******ын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай  болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогддог. Хохирогчийг цохиход матрасс дээр унасан гэдгийг шүүгдэгч зөвхөн өөрөө л ярьдаг. Бусад гэрч нарын хувьд арагшаа савж унасан гэж хэлж гэрчилсэн байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарлахдаа гэрч Ариунтунгалаг болон насанд хүрээгүй гэрч Мөнхчимэг нарын мэдүүлгийг зөрүүтэй гэж ярьж байна. Гэхдээ Бат-Эрдэнийн гараараа цохисон үйлдлийн улмаас Төрбатад гэмтэл учирсан гэдгийг гол нь хэлж мэдүүлдэг. тай муудалцсан гэдэг асуудлыг тайлбарлаж байна. Энэ маргааны улмаас хохирогчийг нэг удаа алгадаж, цээжин хэсэгт нэг удаа өшиглөсөн байдаг. Үүнээс болж ил харагдах гэмтэл учраагүй, газар ч унаагүй гэдгийг хамт байсан гэрч нар хэлж тайлбарласан. Ингээд хамгийн хүнд гэмтлээр хэргийг зүйлчилсэн. , нар нь насанд хүрээгүй учраас тэд нараас мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзсэн. Яагаад гэхээр гэмт хэрэг гарах үед насанд хүрсэн хэд хэдэн гэрч нар хамт байсан. Тиймээс энэ хүмүүсээс гэрчийн мэдүүлгийг авсан. Дээрх шалтгаануудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Яллах дүгнэлтэд цементэн ханыг мөргөж унасны улмаас хүнд гэмтэл үүссэн гэж бичсэн байсан. Гэрч Ариунтунгалагийн мэдүүлгийг үндэслэж ингэж яллаж байгаа юм шиг байна. Тэгвэл гэрч Мөнхчимэгийн мэдүүлгийг ямар байдлаар няцааж байгаа нь тодорхой бус байна. Төрбатын хувьд өөр хүнтэй маргалдаж муудалцсан байсан. Энэ үед гэмтэл авсан байх бүрэн боломжтой. Гол гэрч гэж хэлээд байгаа Ариунтунгалаг нь Төрбат, Батхүү нар маргалдсан гэж яг хэлж чадахгүй байгаа. Яагаад гэхээр гэр бүлийн хамаарал бүхий этгээд юм байна лээ. Тиймээс өмгөөлөгчийн хувьд хардаж байна. Тиймээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг *******д холбогдох эрүүгийн 2321000000351 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

    3. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, “Хивс” хорооллын ******* тоотод хохирогч *******ын нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогч ******* нь арагш унах үедээ ар дагзаараа цементэн хана мөргөн унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “ ...Тухайн үед гэх залууд цохиулсны улмаас надад ямар нэгэн гэмтэл учраагүй. ...Батхүү ахтай маргалдаж байгаад нүүр хэсэгт цохих үед Батхүүгийн найз ******* гэгч нь миний толгойн ар хэсэгт каскаар цохих шиг болсон бөгөөд би түүнээс хойш ухаан алдаж юу ч санахгүй байна. Намайг маргааш өглөө сэрэхэд Оюунчимэг эгчийн охин Мөнхчимэг надад “Төрбат ах таныг ах /*******/ аймаар зодсон, каскаар цохиогүй, таныг түлхэж хана руу мөргүүлээд гараараа толгой руу чинь олон удаа цохих үед та ухаан алдсан” гэж хэлсэн. Миний хувьд ******* гэх залууд зодуулсан явдлаас болж ухаангүй болсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-19х/,

-насанд хүрээгүй гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “ ...Төрбат ах Ариунтунгалаг эгчийг өмөөрөөд Батхүү ахыг цохиход ах /*******/ Батхүү ахыг өмөөрөөд Төрбат ахын нүүрний баруун хэсэгт нь цохиход Төрбат ах арагшаа ойчсон. Төрбат ах арагшаа ойчих үедээ дагзаараа үүдний блокон довжоон дээр ойчсон бөгөөд ухаан нь балартаж нүд нь сүүмийгээд өөрийн ухаангүй болсон юм. Төрбат ах газарт хэвтчихээд 2 гараа дээш өргөөд татаж байгаа юм шиг байдалтай байгаад байсан. Ингээд Төрбат ах хэсэг хэвтээд босохгүй болохоор нь би Төрбат ахыг босгож орон дээр хэвтүүлсэн бөгөөд удалгүй унтаад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29х/,

-гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...******* Төрбатыг цохисны улмаас хойшоо матрасс дээр унахдаа ухаангүй байдалтай болохоор нь Оюунчимэгийн хүүхэд нь сугадаад орон дээр хэвтүүлэхийг би харсан. ******* Төрбатын биед ямар нэгэн байдлаар халдсанаас болж Төрбат арагшаа унахдаа хана руу ойчоод бие нь сулраад унахад нь хүүхэд аваад явсан. Түүнээс биш яг яаж цохиж, хана мөргөж унасан талаар тодорхой сайн мэдэхгүй байна. ...******* Төрбатыг цохисон үйл баримтыг нүдээрээ харсан зүйлээ ярьж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42х/,

-гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Хивсний хороололд Оюунчимэг гэх найзынхаа гэрт 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр түүнийг дуудаад байхаар нь очсон. ...Оюунчимэгийн хашаанаас гарах үед Төрбат гэгч нь миний машины хажуугаар шүргэх маягтай гарахаар нь би машинаас бууж түүн рүү уурлаж” хүнд гай боллоо ш дээ” гэж хэлээд нүүр рүү буюу хацар хэсэгт нь нэг удаа алгадсан. Энэ үед хамт байсан хүмүүсээс *******, Оюунчимэг хоёр нь намайг салгаж болиулсан. Ингээд маргалдахаа болиод миний машинд бүгдээрээ сууж Бат-Эрдэнийн охиныг Сүхжин хорооллын зүүн талын байшингаас авч буцаад Оюунчимэгийн гэрт ирж тэр хэдийг буулгаад хэсэг гэрийнх нь гадаа байж байгаад би явсан.” гэх мэдүүлэг /хх-30-32х/,

-гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... би 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд гадуур 2 найзтайгаа архи ууж байгаад нэлээд согтоод хамаатан болох Саранболдын гэрт нь очсон. Тухайн үед түүний гэрт нь эхнэр Оюунчимэг, хүүхдүүд нь байсан. Би гэрт нь архи ихээр уусан байсан учраас шууд унтаад өгсөн. Өглөө намайг сэрэхэд Саранболдын гэрт Оюунчимэг, Төрбат, Ариунтунгалаг болон Оюунчимэгийн хоёр хүүхэд байсан. Биднийг байхад Төрбатын аав ээж гаднаас орж ирээд Төрбатыг сэрээгээд авч гарсан. Тухайн үед Төрбатыг босгохдоо хүнд зодуулсан байна, хэнд зодуулсан бэ гэх зэргээр ярилцаад байсан . ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45х/,

-гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... нь машин мөргөчихлөө гэж бодоод бууж ирээд Төрбаттай зууралдаж аваад “чи миний машиныг зурчихлаа” гэхэд Төрбат нь “ би машиныг чинь зураагүй” гэж хэлээд хоорондоо маргалдаж эхлэх үед нь дээгүүрх хувцсаа тайлж шидээд Төрбат руу дайрч газарт унагааж өшиглөөд нүүр хэсэгт нь алгадаж байгаа харагдсан. Тухайн үед манай дүү Төрбатын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Би ******* тэр хоёрыг салгаад Төрбатыг ын машинд суулгасан. ...Манай охин Мөнхчимэг нь Төрбат ахыг ах /*******/ зодсон гээд байсан. Тухайн үед би гэртээ байгаагүй учраас болсон зүйлийг мэдэхгүй байсан учир охин Мөнхчимэгээс лавшруулан “чи худал хэлээгүй биз дээ, ******* яг зодсон уу” гэхэд Мөнхчимэг “тийм ээ, ах Төрбат ахыг зодсон гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48х/,

-Яллагдагч З.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... тухайн үед Төрбатын хамраас цус гоожсон байдалтай байхаар нь би Батхүү, Төрбат нарыг хоорондоо маргалдаж дээ гэж бодоод тэр хоёрыг болиулах зорилгоор Төрбатын цээж хэсэгт нь гараа атгаж байгаад гарын ар хэсгээр цохисон. Намайг цохих үед Төрбат нь хойноо газарт байгаа матрасс дээр суусан. Удалгүй Оюунчимэг нь манай эхнэр Болортуяагийн хамт орж ирээд юу болоод байгаа юм бэ гэж асууж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73х/,

-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 543 тоот дүгнэлтэд:

1. *******ын биед зүүн чамархай ясны хугарал, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, духны зүүн хэсэг, чамархайн тархины эдийн цусархаг няцрал, баруун чамархай, хацар, зүүн чамархайн ар хэсэг, чихний дэлбээний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар зүүн чамархай ясны хугарал, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, дух, чамархайн тархины эдийн цусархаг няцрал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, 2.4.1-д зааснаар баруун чамархай, хацар, зүүн чамархайн ар хэсэг, чихний дэлбээний зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэндийн энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 59-61х/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-5х/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-7х/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12х/,

- гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 36-38х/,

- гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 49-51х/,

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт /хх-ийн 63-64х/,

- З.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 80х/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74х/,

- Яллах дүгнэлт /хх-ийн 87-91х/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

4. Шүүгдэгч З.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

5. Шүүгдэгч З.Бат-Эрдэнийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, “Хивс” хорооллын ******* тоотод хохирогч *******ын нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогч ******* нь арагш унах үедээ ар дагзаараа цементэн хана мөргөн унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, прокурорын газраас шүүгдэгчид яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

6. Анхан шатын шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

7. Анхан шатны шүүх хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

8. Шүүгдэгч З.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор “ ...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байтал энэ хэрэгт нэг талыг барьсан. Энэ хэргийн хувьд нотолбол зохих байдал бүрэн дүүрэн нотлогдохгүй байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байх тул шүүгдэгч З.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Г.Цэрэндолгорын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч З.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Г.Цэрэндолгорын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/375 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

10. Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 63 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/375 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгорын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бат-Эрдэнийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 63 хоногийг шүүгдэгчийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.УРТНАСАН         

  ШҮҮГЧИД                                                      О.БААТАРСҮХ

                                                                          Ц.ЭРДЭНЭЗУУ