Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/15

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Уртнасан *******лж, шүүгч С.Оюунтунгалаг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                   М.Мэндбаяр

Хохирогчийн өмгөөлөгч                            Б.Мөнхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Ө.Батболд

Шүүгдэгч                                                    *******

Нарийн бичгийн *******                             Г. нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма *******лж, хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/363 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2321000000332 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12ы өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын зам барилгын инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын ******* тасагт ******* ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* хорооллын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: УХ 91022213/.

2. Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* хорооллын ******* тоотод буюу өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн той маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт няцарсан шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, хоёр хацар, хоншоор, дээд, доод уруул, эрүү, хүзүүнд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Батбадрын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 44,274,041 /дөчин дөрвөн сая хоёр зуун далан дөрвөн мянга дөчин нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, тоотод оршин суух, ХХК-ийн захирал овогт ы /РД: УС 82042555/-т олгохоор тогтоож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслэн сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******аас хохирогч ийн сургалт явуулж олох байсан орлого 41 000 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд нь хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтууд байх ба хавтаст хэргийн 54 дэх хуудсанд “ ” ХХК-иас “ ” ХХК-ийн дансанд 18 000 000 төгрөгийн орлого хийсэн байх ба гүйлгээний утгыг бараа, ажил үйлчилгээний төлбөр гэх агуулгатай хийгджээ. “ ” ХХК нь яг ямар үйл ажиллагаа эрхэлдэг талаар хуулийн этгээдийн гэрчилгээ байхгүй, тодорхойлолт, тайлбар мэдүүлэг байхгүй мөн уг гүйлгээ нь эхний болон эцсийн төлбөрийн гүйлгээ эсхүл өөр ажил үйлчилгээний төлбөр эсэх нь эргэлзээтэй байна.

Хавтаст хэргийн 53 дахь хуудсанд байх “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал гийн тодорхойлолт нь засвартай, мөн уг захирлыг гэрчээр байцаасан эх сурвалжийг магадлаагүй байна.

Хавтаст хэргийн 56-58 дахь хуудсанд и-мэйлээр харилцсан баримт байх боловч уг хуудсанд гарах , гэх хүмүүсийг яг юуны төлбөрийн талаар и-мэйл бичсэн, хохирогчтой холбоотой гэрч мөн эсэх талаар ямар ч тодруулсан нотлох баримт байхгүй байна.

Хавтаст хэргийн 59-61 дэх хуудсанд Сургалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байх ба уг гэрээ гэх зүйл нь хэрэгт эх хувиараа байхгүй, хохирогч ийн гарын үсэг нь үндсэн гарын үсгээс өөр, гэрээний үргэлжлэх хугацаа 2023 оны 9 сарын 10-ны өдрөөс 10 сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилж байна. Гэтэл хохирогч 6 өдрийн дансны хуулгыг хавсаргасан бөгөөд энэ сургалт гэх зүйл өөр цаг хугацаанд орсон байх боломжтой юм. Мөн гэрээг 2023 оны 7 сарын 04-ний өдөр байгуулсан байх ба и-мэйлээр харилцан тэмдэглэлд 2023 оны 7, 8 сард сургалтууд явагдсан мэт харагдаж байна.

Хавтаст хэргийн 64-66 дахь хуудсанд “JCI Дорнод салбар байгууллага”-ын ерөнхийлөгч гийн 2023 оны албан бичиг, гэрээг хавсаргасан байх боловч гэмтэл авсныхаа маргааш нь буюу 2023 оны 10 сарын 16-ны өдөр эмнэлэгт байхдаа гэрээнд гарын үсэг зурсан мэт харагдаж байна.

Ер нь энэ сургалт үнэтэй, үнэгүй нь тодорхойгүй, нотлох баримтыг эргэлзээгүйгээр үнэн зөв шалгаж тогтоосон зүйлгүй, мөн эх сурвалжийг магадлах үүднээс г гэрчээр байцаасан зүйл байхгүй байна. Иймд 41 000 000 төгрөгийг хассан өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэжээ.

 6. Хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй бөгөөд энэ талаар мэтгэлцээгүй. Хавтаст хэрэгт шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон сургалтын төлбөр, төлбөр төлсөн баримтууд, албан бичиг, мэйл зэрэг нь яллах дүгнэлт үйлдэхээс өмнө хохирогч өөрөө гаргаж өгсөн баримтууд байдаг. Эх хувиар нь мөрдөгчид өгсөн ба үүнээс хуулбарлаж авч хэрэгт хавсаргасан. Гарын үсэг нь биш байна гэдэг зүйлийг ярьж байна. Гэтэл хохирогч нь энэ гэрээ нь миний байгуулсан гэрээ мөн гэж гаргаж өгдөг. ... Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Тухайн үед баримтуудын талаар маргаж байгаагүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирол төлөхөө илэрхийлж байсан. ... Ер нь бол шүүгдэгч хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн. Мөрдөгчийн хувьд ял завшуулсан зүйл ч харагддаг. Хохирогчийн олох ёстой байсан орлого нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс шалтгаалж олох боломжгүй болсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

7. Прокурор М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тухайн гэмт хэрэг нь 2023 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө болсон байдаг. Эхнэрийг оролдсон гэх шалтгаанаар маргалдаж шүүгдэгч хохирогчийн биед халдсан. Хоёр өдрийн сургалтыг зохион байгуулахаар хохирогч нь Дорнод аймагт ирсэн байгаа. Ингээд тухайн сургалтын дагуу гэрээ байгуулж 36 сая төгрөгийн төлбөртэй манлайллын сургалтыг хийхээр тохирсон байсан. Гэрээ нь хэрэгт хавсаргагдсан. Эдгээр нотлох баримтуудаас харахад шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

8. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч маань нотлох баримтын хэмжээнд тайлбараа гаргасан. Хохирогчийн өмгөөлөгч тайлбартаа “шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаан дээр хохирлын хэмжээг зөвшөөрч байсан гэж ярьж байна. Гэхдээ бид өмнөх шүүх хуралдаан дээр хохирлын асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж ярьж байсан. Хийсэн үйлдлээ бол хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээ, цаг хугацаа, огноо нь эргэлзээтэй байна гэдэг тайлбарыг гаргаж байгаа.” гэв.

9. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт авагдсан баримтыг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Нотлох баримтыг нягталж шалгасны дараа хохирол төлбөрийг төлөх асуудлыг хэлэлцэх хүсэлтэй байна. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж баримтыг нягтлах нь зүйтэй. “ ” ХХК-ийн захирлын баримтыг засварласан байдаг. Мөн өмнө нь орсон сургалтын төлбөрийг дараа нь шилжүүлсэн байх боломжтой юм. Тиймээс эдгээр баримтуудыг дахин нягтлан шалгах боломжоор хангаж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг *******т холбогдох эрүүгийн 2321000000332 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 3. Шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, “*******” хорооллын ******* тоотод буюу өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн той маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт няцарсан шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, хоёр хацар, хоншоор, дээд, доод уруул, эрүү, хүзүүнд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хичээл заах ажилтай Улаанбаатар хотоос Дорнод аймагт ирсэн. “JCI Дорнод салбар байгууллага”-ын гишүүн нь намайг гэртээ урьсан бөгөөд хичээлийн дараа гэрт нь хамт очсон. ... Түүнээс хойш буюу 23 цаг 30-40 минутын орчим ийн нөхөр нь гэртээ ирсэн. Ирэхдээ согтуу, жаахан ууртай ирсэн. ... Надад хоёр давхарт ор засаж өгсөн гэж хэлсэн ба би дээшээ ээр заалгаж унтах гэж байгаа өрөө рүүгээ орсон. надад “за та ийшээ ороорой, энэ өрөөнд ороорой” гэхээр нь би дагаад л орсон. Тэгсэн нөхөр нь араас орж ирээд “та хоёр яадаг гэнэ ээ” гэхээр нь би “чи буруу ойлгож байна аа” гэсэн чинь нөхөр нь намайг гараараа толгой хэсэгт 1 удаа цохисон. Дараа нь дахиад үргэлжлүүлээд цохиод байсан. Би нөхөрт нь хандаад “чи намайг нэг удаа цохилоо, хоёр удаа цохилоо” гээд 10 гаруй удаа тоолсон. Сүүлдээ би газарт уначихсан зодуулж байсан ба миний толгой хэсэг рүү 30-40 удаа цохисон. Бас дээрээс нь өшиглөсөн. Толгой дээр дэвсээд байсан. Тэгээд нөхөр нь “та хоёр унтсан уу, яг одоо хэл, унтаа биз дээ, хүрээд ир” гээд эхнэрээ дуудаад “энийг чинь нүдэн дээр чинь ална” гээд хутга бариад байсан. Би хоёр давхраас нэг давхар руу яаж бууснаа санахгүй байна. ...Намайг яаж буудлын үүдэнд хүргэж өгсөн, юугаар ирснийг санахгүй байна. ... Тэр үед ******* хутгаа алдаагүй байсан бол би аль хэдийн хутгалуулаад үхчихсэн байх байсан. ...санаж байгаагаар ******* гартаа хутга барьчихсан “чи миний урд сөгд, хүмүүс миний урд сөгддөг, би сөгдүүлдэг юм” гээд байсан. Би тухайн үед хутгатай байсан хүнээс айсан болохоор сөгдсөн. Сөгдөөд суусан чинь миний толгойг духаар нь шалан дээр тавьж дагзан дээрээс хөлөөрөө 7-8 удаа хэрцгийгээр өшиглөж дэвссэн. ...Би ийн араас тэвэрч үнсэх үйлдэл огт хийгээгүй. Гэртээ нөхөр нь байтал би эхнэрийг нь оролдоно гэж юу байх вэ. Би орон нутгаар хичээл заах гэж ирээд айлд уригдаж очоод айлын эхнэр эргүүлээд яваад байдаг хүн биш. ...Би хичээл сургалт ордог, нүүрээрээ ажил хийдэг хүн. Би хичээл заахдаа нэг цагийн 1,800,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийн үнэлгээтэй заадаг. Цаашид эмчилгээний зардал болон бусад байгууллага дээр хичээл сургалт орох ёстой байсан алдагдсан боломжоо нэхэмжилнэ. ...би Улаанбаатар хотод “ ” ХХК-д манлайллын чиглэлээр 5 модуль 8 цагийн хичээл 2023 оны 9 дүгээр сарын 20, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр заахаар 36,000,000 төгрөгийн гэрээ хийсэн байсан боловч сургалтаа орж чадаагүй учраас гэрээгээ цуцалсан. Мөн “JCI Дорнод салбар байгууллага”-д 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгөөр орох байсан хичээлээ зааж чадаагүй. Иймд заах ёстой хичээлээ зааж чадаагүй алдагдсан боломж 41,000,000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн зардал 2,390,341 төгрөг, эмчилгээний зардал 636,500 төгрөг, замын зардал 247,200 төгрөг, буудлын төлбөр 80,000 төгрөг ... нийт 44,354,041 төгрөгийг нэхэмжилж байна. ...Харин бусад байгууллагад заах ёстой хичээл сургалтаа орж чадаагүй алдсан боломжоо болон өмгөөллийн зардлаа давхар нэхэмжилж авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16х/,

- гэрч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би өөрийн гэр бүлийн гишүүн болох нөхөр *******ын эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20х/,

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 11977 тоот дүгнэлтэд:

1. ийн биед зүүн хөмсөгт няцарсан шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, хоёр хацар, хоншоор, дээд, доод уруул, эрүү, хүзүүнд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна гэжээ. /хх-ийн 24-25х/,

- шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирсэн. Манай гэрт гэх хүн ирчихсэн, эхнэр болон бага хүүтэй 3-лаа байсан. Манай эхнэр нь той хамт нэг шил виски задалж уугаад сууж байсан. Тухайн өдөр эхнэр над руу 18 цагийн орчим “чи хаана байгаа юм бэ, хотоос багш ирсэн. Маргааш Дорнод аймагт сургалттай, гэртээ хонуулж болох уу” гэхээр нь “тэг тэг” гэж хэлсэн. гэдэг хүн нь өмнө манай гэрт нэг удаа ирж байсан, мөн энд тэнд хичээл сургалт ороод явдаг алдартай хүн юм байна лээ. Тэгээд зочин гэдэг утгаар нь зөвшөөрсөн. ...Би орой ажлаа тараад ирэхэд нь манай эхнэр тэй хамт нэг шил виски задалчихсан юм яриад сууж байсан. Ингээд би тэр хоёртой хамт ширээнд суугаад 3-лаа хамт юм ярьж суусан. Нэг цаг гаруй хугацаанд хамт юм ярьж суусан. ... гэдэг хүн тухайн өдөр Дорнод аймагт ирчихээд шууд манай гэрт ирээгүй Дорнод аймгийн “JCI” гэдэг байгууллагад сургалт орж байгаад сургалтаа тараад пабад сууж байгаад манай гэрт ирсэн юм шиг байсан. Манай гэрт ирэхдээ согтуу л ирсэн юм шиг байсан. Эхнэр болон зочин бид гурав хамт гэрийн гал тогооны хэсэгт нэг цаг гаруй хугацаанд юм ярьж суусан. Ингээд 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 00 цаг өнгөрч байхад вискигээ ууж дуусаад т манай эхнэр хоёр давхар руу ор засахаар дээшээ гарсан. Би нойл орж бие засчихаад хоёр давхар руу гарч байсан юм. Тэгсэн өрөөний хаалгаар манай эхнэр ийн араас нь хүчээр тэврээд хүзүү хэсэгт нь үнсэх гээд дайрч байгаа нь харагдсан. Энэ үед манай эхнэр миний нэрийг дуудаад орилсон. Тэгэхээр нь би хоёр давхарын өрөө рүү ороод ийг орны хажууд гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиод хөөж буулгасан. доошоо бууж байхдаа намайг хэл амаар доромжлоод, янз үзээд байсан. нь бас банталтын байдалтай байсан. Нэг давхарт буухад нь би том өрөөнд нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд яв гэсэн чинь явахгүй байсан ба сүүлдээ өөрийнх нь буруу гэдгийг мэдээд надаас уучлалт гуйгаад байсан. Тэгэхээр нь би гараараа нүүр хэсэгт нь хоёр удаа алгадсан. ийг гэрээсээ хөөсөн. Тэгсэн чинь явахгүй, “шөнө би хаашаа явах юм бэ” гээд байхаар нь би өөрийнхөө машины арын суудалд суулгаад “Ольхон” буудлын гадаа буулгаж хаячихаад өөрөө гэр рүүгээ явсан. ... нь эхнэрийг минь гэр оронд нь араас нь хүчээр тэврээд үнсэх гээд дайраад байхаар нь уурлаад л зодсон. Тэрнээс гэдэг хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, огт таньдаггүй, өмнө нь яахав манай гэрт хальт ирээд явж байсан болохоор зүс мэднэ, өөр ямар нэгэн харилцаа холбоо, хувийн өс хонзон байхгүй. ...Ер нь бол санаатай гэр бүл үймүүлсэн гэж үзэж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38х/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6х/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9х/,

- хохирогч ийн хохирол төлбөртэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 48-73х/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39х/,

- *******ын хувийн байдалтай холбоотой улсын бүртгэлийн лавлагаанууд /хх-ийн 40-47х/,

- шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 26-27х/,

- хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 74-75х/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

4. Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

5. Шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, “*******” хорооллын ******* тоотод буюу өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн той маргалдаж, улмаар түүний биед хөнгөн хохирол  учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, прокурорын газраас шүүгдэгчид яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

6. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэсэн, Эрүүгийн хуулийн шу******* ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

7. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ө.Батболд давж заалдах гомдолдоо “ ...Би өөрийн хийсэн үйлдлийг зөв гэж хэлэхгүй. Зочин маань зочин шиг байж чадаагүйгээс л ийм асуудал болсон. Би эхнэр болон өөрийгөө доромжлуулсан мэдрэмж авсандаа л ийм хэрэг үйлдсэн. Надаас сургалтын үйл ажиллагаа явуулж олох байсан орлого 41 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Ер нь энэ сургалт үнэтэй, үнэгүй эсэх нь тодорхойгүй, нотлох баримтыг эргэлзээгүйгээр үнэн зөв шалгаж тогтоогоогүй, мөн эх сурвалжийг магадлах үүднээс гэрчээр байцаасан, тодруулсан зүйл байхгүй байх тул 41 сая төгрөгийг хассан өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан.

9. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******аас гаргуулах хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг зөв тодорхойлж, хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож гаргуулсан байх бөгөөд нотлох баримтууд нь эргэлзээтэй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Тухайлбал, хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого гэдгийг хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учирсны улмаас хохирогчийн авч байгаа цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нь урьд эрүүл байхдаа авч байсан цалин, олж байсан орлогоос буурсан зөрүүг ойлгож болно. Энэ тохиолдолд хохирогч заавал бусдаас цалин хөлс авдаг байхыг шаардахгүй ба хувиараа хөдөлмөр эрхэлдэг, иргэний эрх зүйн гэрээний үндсэн дээр орлого тогтмол олдог байсныг хохирогчийн орлого гэж үзнэ.

Шүүх хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 3,274,041 төгрөгийг, 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “JCI Дорнод салбар байгууллага”-д хийгдэх байсан сургалтын төлбөр 5,000,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд “ ХХК-ийн ажилтнуудад хийгдэх байсан сургалтын төлбөр 36,000,000 төгрөгийг хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод тооцож, шүүгдэгч *******аас гэм хорын хохиролд нийт 44,274,041 төгрөгийг гаргуулж хохирогч т олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 10. Иймд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/363 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/363 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.УРТНАСАН         

    ШҮҮГЧИД                                                     С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                           Ц.ЭРДЭНЭЗУУ