Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2015/0500/З |
Дугаар | 112 |
Огноо | 2016-04-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 112
“Газрын од” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг, хариуцагч Зам, тээврийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранцэцэг, Ш.Нямдулам, гуравдагч этгээдийн төлөөлөгч А.Асылбек, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 683 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 94 дүгээр магадлалтай, “Газрын од” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Зам тээврийн яам, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГазарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Газрын Од” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Автотээврийн үндэсний төвтэй Хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх гэрээг 2013 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатайгаар байгуулан ажиллаж байна.
“Газрын Од” ХХК-аас 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 7 хоногийн 2, 4, 6 дахь өдрүүдэд эрсдэлээ дааж тээвэрлэлтийн үйлчилгээг явуулах хүсэлтээ Зам, тээврийн яаманд гаргасны дагуу 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 9/2883 тоот Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч н.Жаргалын өгсөн чиглэлийн дагуу 7 хоногийн 1, 3, 4, 5, 7 дахь өдрүүдэд Баян-Өлгий аймаг-Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэхээр гэрээнд өөрчлөлт оруулан үйлчилгээг явуулж байсан.
Гэтэл “Цэнгэл транс” ХХК-тай тээвэрлэлтийн гэрээг Автотээврийн үндэсний төв байгуулахдаа 7 хоногийн 4 дэх өдрийг манай компанийн зөвшөөрөгдсөн дээрх чиглэлийн 7 хоногийн 4 дэх өдөр /Пүрэв гараг/-тай давхцуулан хийсэн нь манай компанийн хуулиар олгогдсон эрх ашгийг хөндсөн учир Зам, тээврийн сайдад 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүсэлт гаргахад Монгол Улсын Зам, тээврийн сайд нь 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1/3464 дугаар албан бичгээр “Цэнгэл транс” ХХК-тай тээвэрлэлт гүйцэтгэх гэрээг байгуулахдаа “Газрын Од” ХХК-ийн үйлчлэх өдрийн хуваарийг давхцуулсан тул “Цэнгэл транс” ХХК-ийн гэрээнд өөрчлөлт оруулж давхцалыг арилгахыг мэдэгдье гэсэн шийдвэр гарч, чиглэл өгсний дагуу Автотээврийн үндэсний төвийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2/901 дугаар албан бичгээр манай компанитай байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулж “Газрын Од” ХХК-тай 7 хоногийн даваа, лхагва, пүрэв, баасан ням гарагуудад тээвэрлэлт гүйцэтгүүлэхээр өөрчлөлт оруулж “Цэнгэл транс” ХХК-тай 7 хоногийн мягмар, бямба гарагуудад тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээний хавсралтад нь өөрчлөлт оруулахыг "Цэнгэл транс" ХХК-д мэдэгдсэн байдаг.
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/67 тоот албан бичгээр “Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зарим чиглэлүүдэд үйлчилгээ эрхлэн явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хооронд үүссэн маргаантай асуудлуудыг нэг мөр шийдвэрлэх үүднээс Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Дээрх ажлын хэсгээс гарсан дүгнэлтийн дагуу “холбогдох асуудлуудыг хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн шийдвэрлэж хариу хүргүүлэх болно” гэж хариу өгсөн. Ингэж хариу өгсөн байтал уг албан бичигт дурдсан “Ажлын хэсэг” нь байгуулагдсан боловч хуралдаагүй байхад Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/1869 тоот албан бичгээр “Цэнгэл транс” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 2, 4, 6 дахь өдрүүдэд “Газрын Од” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 1, 3, 5, 7 дахь өдрүүдэд Баян-Өлгий-Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэлт хийхээр тусган тээвэрлэлтийг зохион байгуулахыг чиглэл болгож байна гэсэн чиглэлийг хууль бусаар өгөөд байна.
Иймд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны 03/1869 дугаар албан бичгээр өгсөн чиглэлд “Цэнгэл транс” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 2, 4, 6 дахь өдрүүдэд гэсний 4 дэх өдөр гэснийг хасч 7 хоногийн 2, 6 дахь өдөр болгон өөрчлөх, “Газрын Од” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 1, 3, 5, 7 дахь өдөр гэсэн дээр 4 дэх өдрийг нэмж 7 хоногийн 1, 3, 4, 5, 7 дахь өдрүүдэд Баян-Өлгий, Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэлт хийхээр тусган тээвэрлэлтийг зохион байгуулахыг чиглэл болгож байна гэж өөрчлөх, Дээрх чиглэлийн дагуу “Цэнгэл транс” ХХК Автотээврийн үндэсний төвтэй 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээний хавсралтад 7 хоногийн 4 дэх гэснийг хасах, “Газрын Од" ХХК, Автотээврийн үндэсний төвтэй 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээний хавсралтад 7 хоногийн 1, 3, 5, 7 гэснийг 1, 3, 4, 5, 7 дахь өдөр гэж тус тус өөрчлөх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Зам, тээврийн яамнаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн өмчийн хорооны 2015 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “Улс хооронд, хот хооронд, орон нутгийн нийтийн зорчигч болон ачаа тээвэр, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохицуулах, зохион байгуулах”, 4.1.4-д “...нийтийн зорчигч тээврийн ажил, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгүүлэх”, 6 дугаар зүйлийн 6.9.11-д “Улс, хот хооронд болон орон нутгийн зорчигч тээвэрлэлтийн давтамж болон цагийн хуваарь тогтоох...” гэж “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын чиг үүргийг заасан байна.
Иймд, энэхүү маргаан бүхий асуудалд Зам, тээврийн яам хариуцагчаар биш “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэлтэй байна. Харин зорчигч тээвэрлэлтийн давтамж болон цагийн хуваарь тогтоох асуудал нь Зам, тээврийн яамны бүрэн эрхэд хамаарахгүй тул нэхэмжлэлд дурдсан эрх ашгийг хөндсөн субьект нь Зам, тээврийн яам биш байна. Нөгөө талаар “Газрын-Од" ХХК нь нэхэмжлэлдээ "...Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ нь “Цэнгэл транс” ХХК-тай тээвэрлэлтийн гэрээг байгуулахдаа 7 хоногийн 4 дэх өдрийг давхцуулан хийсэн нь манай компанийн хуулиар олгогдсон эрх ашгийг хөндсөн..." гэж дурдсан нь Зам, тээврийн яамнаас “Газрын-Од" ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй гэдгийг энэхүү нэхэмжлэлээрээ өөрөө нотолж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр...” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч талаас хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 03 /1869 дугаар албан бичиг нь захирамжилсан шийдвэр биш тул захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Энэхүү 2015 оны 03/1869 дугаар албан бичиг нь салбарын бодлогын хүрээнд өрсөлдөөний тэгш байдлыг хангах, үйлчилгээний чирэгдэл, хүлээлтийг арилгахад чиглэсэн зөвлөмжийн шинж чанартай баримт бичиг юм. Харин Авто тээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Хот хоорондын ачаа, нийтийн тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох аймгийн Засаг даргатай хамтран гаргаж хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу тухайн чиглэл тогтоох, өөрчлөх шийдвэрийг Зам, тээврийн сайд бүрэн эрхийн хүрээндээ захирамжилсан шийдвэр буюу тушаал гаргадаг болно.
Нэхэмжлэлд дурдсан тээвэрлэлтийн давтамж болон цагийн хуваарь тогтоох асуудал нь Зам, тээврийн яамны хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүрэгт хамаарахгүй, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 03/1869 дугаар албан бичиг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан “захиргааны акт”-д хамаарахгүй тул “Газрын-Од” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Автотээврийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газар нь Зам, тээврийн яамнаас тусгай зөвшөөрөл авч, зорчигч тээвэрлэлтийн маршрут, чиглэлээ тогтоолгосон аж ахуйн нэгж байгууллагатай хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн гэрээг хийж ажилладаг. Манай байгууллага нь “Газрын Од” ХХК-тай 2013 онд, “Цэнгэл транс” ХХК-тай 2014 онд Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн гэрээг байгуулан ажиллаж ирсэн. Тухайн 2 компанийн зорчигч тээвэрлэлт хийх өдрийг бид өөрсдийн санаачлагаар гэрээнд өөрчлөлт оруулсан тохиолдол байхгүй бөгөөд Авто тээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар “Хот хоорондын ачаа, нийтийн тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох аймгийн Засаг даргатай хамтран гаргаж хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2/1538 дугаар Монгол Улсын Зам, тээврийн яамны дэд сайдын албан бичгийн дагуу зорчигч тээвэрлэлт хийх ЗТГ/013-2014 тоот гэрээний хавсралт №1-ийг “Цэнгэл транс” ХХК-тай байгуулсан.
“Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газар нь “Газрын Од” ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани хууль, журмын дагуу 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ЗТГ7013-2014 дугаар бүхий Хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ байгуулж өдгөө тус гэрээний хугацааны 1 жил 4 сар буюу 94,5%-ийн хугацаанд хуанлийн 2, 4, 6 дахь өдрүүдэд ажил, үйлчилгээг зохих журмын дагуу гүйцэтгэж ирлээ. Аймгуудын тээвэр, авто замын газар татан буугдсантай холбогдож хоёр талын оролцоотой 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 5 жилээр, №ЗТГ/032-2015 тоот шинэчилсэн гэрээ хийсэн.
Авто тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.3-д нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхдээ гэрээ байгуулсан байгууллагатай тохиролцсон цагийн хуваарь, чиглэлийг баримтлах гэсний дагуу бидэнд гэрээг анхнаасаа болон шинээр хийх үед ч манайд хуанлийн 2, 4, 6 дахь өдрүүдийг хуваарилан өгсөн.
Мөн дээрх хуулийн 8 дугаар зүйл Тээвэрлэлтийн ангилал, зохицуулалтын 8.3-д Хот хоорондын ачаа, нийтийн тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох аймгийн Засаг даргатай хамтран гаргаж хэрэгжүүлэхээр заасан.
Автотээврийн үндэсний төв нь дүрмийнхээ 4.1.3 зохион байгуулах, 4.1.4 гэрээ байгуулах, 6.9.11 тээвэрлэлтийн давтамж, цагийн хуваарь тогтоох эрхүүдээ хэтрүүлэн ашиглаж байна.
“Газрын Од” ХХК-ийн гурван талын оролцоогүй, батлагдаагүй гэрээнд 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өөрчлөлт оруулсан гэх боловч 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн тээвэр, авто замын газарт тус өөрчлөлтийг оруулах болсныг мэдэгдсэн байдаг. Мөн энэ нь “Цэнгэл транс” ХХК 2014 оны 05 дугаар сарын 28-нд гурван талт гэрээ байгуулсны дараа Автотээврийн үндэсний төвийн буруутай үйлдлээс үүдэн “Газрын Од” ХХК-тай 2013 оны ЗТГ-012/2013 дугаарын гэрээний хавсралтад "пүрэв" гарагийн давтамжийг 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэмж оруулан давхардуулснаар илэрч байна.
Бидний гэрээнд өөрчлөлт оруулах эсэхийг зөвхөн өмнөх гэрээний 1.4, 4.17-д, шинэ гэрээний 2.5, 4.2.16-д заалтыг тус тус үндэслэн гэрээний талуудын харилцан зөвшилцлөөр шийдвэрлэхээр тов тодорхой тусгасан байна.
“Газрын од” ХХК-ийн ажил, үйлчилгээний гэрээний хугацаа 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дууссан боловч одоог хүртэл гэрээгээ сунгаагүй, өөрөөр хэлбэл хууль бусаар ажил, үйлчилгээ явуулж зорчигч тээвэрлэлтийн журмыг ноцтой зөрчиж байна.
Автотээврийн үндэсний төвд авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас холбогдох эрх олгосон боловч төв нь тус эрх, үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрснээр эргэж төрийн захиргааны төв байгууллага буюу Зам, тээврийн яам өөрөө ажлын хэсэг томилон ажиллуулж холбогдох эрх, үүргийг хэрэгжүүлснээр манай компанид хуанлийн 2, 4, 6 дахь өдрүүдийг хуваарилан шийдвэрлэх мөн Автотээврийн үндэсний төвийн буруутай үйл ажиллагааг буруутгаж дүгнэлт гаргасан.
Иймд, нэхэмжлэгч “Газрын Од” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 683 тоот шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Газрын Од” ХХК-ийн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/1869 тоот албан бичгээр өгсөн чиглэлд “Цэнгэл транс” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 2, 4, 6 дахь өдрүүдэд гэсний 4 дэх өдөр гэснийг хасч 7 хоногийн 2, 6 дахь өдөр болгон, “Газрын-Од” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 1, 3, 5, 7 дахь өдрүүд гэсэн дээр 4 дэх өдрийг нэмж 7 хоногийн 1, 3 , 4, 5, 7 дахь өдрүүдэд Баян-Өлгий, Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэлт хийхээр тусган тээвэрлэлт зохион байгуулахыг чиглэл болгож байна гэж өөрчлүүлэх, дээрх чиглэлийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Цэнгэл транс” ХХК, Авто тээврийн үндэсний төвтэй байгуулсан “Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээний хавсралт дахь 7 хоногийн 4 дэх гэснийг хасуулж, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Газрын Од” ХХК-ийн Авто тээврийн үндэсний төвтэй байгуулсан Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээний хавсралтад 7 хоногийн 1, 3, 5, 7 гэснийг 1, 3, 4, 5, 7 дахь өдөр гэж өөрчлөхийг хариуцагч нарт даалгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 94 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 683 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Зам, тээврийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдулам, П.Наранцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасныг зөрчсөн.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн үндэслэл бүхий, ойлгомжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс маргааныг хянан шийдвэрлэсэн хуулийн үндэслэл зөв, тодорхой байна.
Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д "Хот хоорондын ачаа, нийтийн тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох аймгийн Засаг даргатай хамтран гаргаж хэрэгжүүлнэ." гэж, мөн Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхэд хамаарах асуудлыг тус тус хуульчилснаар "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-тай шууд харилцах эрх нь хуулиар олгогдсон.
Мөн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор Төрийн өмчийн хорооны 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4-д "тээвэрлэлтийг зохион байгуулах, тээврийн ажил үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж гүйцэтгүүлэх"-ээр заасан. Энэ хүрээнд хот, хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээг аж ахуйн нэгж, байгууллагуудтай шинэчлэн байгуулсан бөгөөд дээрх захиргааны маргаан бүхий асуудлаар нэхэмжлэгч “Газрын-Од" ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тээвэрлэлтийн гэрээ байгуулан, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа болно.
Дээрх гэрээгээр Баян-Өлгий-Улаанбаатар хот хоорондын чиглэлд долоо хоногийн 1, 3, 5, 7 дахь өдрүүдэд буюу 7 хоногийн нийт 4 өдөр тээвэрлэлт гүйцэтгэхээр харилцан тохиролцож "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-тай “Газрын-Од" ХХК-аас гэрээ байгуулсан зэрэг нь маргаан бүхий асуудлыг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэдгийг нотолж байна.
Магадлалын хянавал хэсэгт "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан" гэж тухайн асуудалд хамааралгүй хуулийн заалт хэрэглэсэн. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд “Цэнгэл транс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь зөрүүтэй тайлбар хийсэн бөгөөд хууль буруу хэрэглэсэн байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бичмэл нотлох баримт ба эд мөрийн баримтын зөвлөмжид Байгууллагын удирдлагын тогтоол, тушаал, бичгийн шийдвэрээс гадна гэрээ, хэлцэл, өргөдөл г.м иргэд, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, хүсэл зоригийг илэрхийлсэн бичиг баримтуудыг захирамжилсан шинжтэй бичмэл баримт гэж ойлгоно гэснээс анхан шатны шүүх тус гэрээнд холбогдсон маргааныг хянан шийдвэрлэсэн нь хуулийн ойлголтыг зөрчөөгүй зөв хэрэглэсэн байна.
Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолын хүрээнд бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан Автотээврийн үндэсний төвөөс 2015 оны 4/872 тоот, 2015 оны 2/983 дугаар мэдэгдэл, 2015 оны 2/1067 дугаар албан тоотоор тус тус гурван удаагийн мэдээллээр тус тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Хот, хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх 2015 оны шинэчилсэн гэрээ байгуулж байгаатай холбоотой 2013 оны гэрээ, 2014 оны гурвалсан гэрээг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хүчингүй болгож, гэрээгээ дахин хийх тухай бүх компаниудад мэдэгдсэнээр компаниуд шинэ гэрээ байгуулж байна. Компаниудын маргаантай асуудлын хүрээнд дээр дурдсан хууль, тогтоол, тушаал, гэрээний дагуу хийгдсэн ажлын хэсгийн танилцуулга, дүгнэлт нь хууль, журмын дагуу, баримт бичгүүдийг зүйлчлэн, төрөлжүүлсэн, цэгцтэй, үйл байдлын огнооны дэс дарааг эрэмбэлэн тооцсон үнэн зөв гаргасан баримт учраас үүнийг үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 03/1869 дүгээр албан тоот буюу захиргааны актын эрх зүйн үр дагавар нь маргалдагч талуудын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд хуулийн үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна.
"Цэнгэл транс" ХХК өрнөсөн үйл байдлын огнооны дэс дараа, эрэмбээр авч үзсэн ч эхэнд нь бөгөөд гэрээ хийгдээгүй, давхцаагүй, сул, чөлөөтэй байгаа 2, 4, 6 дахь өдрүүдэд гэрээ хийсэн "Цэнгэл транс" ХХК анхных болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Гэрээний нэмэлт, өөрчлөлт нь өөрөө гэрээнд тусгасан зүйл, заалтыг баримталсан, гэрээний өөрчлөлт гэх албан ёсны нэмэлт бүхий хуудастай, гэрээний өөрчлөлт, нэмэлтийг баталсан, зөвшөөрсөн эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга, тэмдэгтэй байх, Архивын тухай хууль, Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын нэг ч бичилт бүрдэлгүй.
Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3, 88.3.4 дэх хэсэгт заасантай нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч “Газрын од” ХХК нь Монгол Улсын Зам тээврийн яаманд холбогдуулан Улаанбаатар-Баян-Өлгийн чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй “Газрын од”, “Цэнгэл транс” ХХК-иудын тээвэрлэлтийн гэрээнд долоо хоногийн “Пүрэв” гарагийн давтамжийн давхардлыг залруулах тухай Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т хүргүүлсэн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/1869 тоот албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг албан бичигт болон дээрх компаниудтай байгуулсан “Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн гэрээ”-нд тус тус өөрчлөлт оруулах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилснөөр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байх бөгөөд, өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байгаагаас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн ямар, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар шүүхээс дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Шүүх дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасан үндэслэлийг тодруулсны эцэст маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэгт хамааралтай, холбогдох баримтыг бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатайг давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой, зөв дүгнэжээ.
Иймд хариуцагч, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 94 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ