Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01395

 

 

 

Г.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/02123 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.М-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А-д холбогдох, газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр, хариуцагч Б.А-ын өмгөөлөгч Ц.Алтанзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Байгалмаагийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа: Г.М- нь тус газрыг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 621 дүгээр захирамжийн дагуу хууль ёсоор өмчилсөн. Уг газрыг гэр бүлийн хамт 2000 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй эзэмшиж, амьдарч байна. Гэтэл хөрш Б.А- нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Цэргийн хотхон 1-р гудамж 211 тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн 700 м.кв талбайтай газрыг урагшаа сунгаж, манай хашааны ар талын нийтийн эзэмшлийн газарт дур мэдэж хашаагаа барьснаар хашааны орц, гарцыг хаасан. Б.А- нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хашаагаа сунгаж нийтийн эзэмшлийн орц, гарцыг болон нэхэмжлэгч, түүний гэр бүлийн гишүүдийг өөрийн хашаа руугаа орж, гарах хөдөлгөөнийг хаасан. Улмаар төрийн тусгай үйлчилгээ болох онцгой байдал, түргэн тусламж, цагдаагийн тээврийн хэрэгслийг нэвтрэх боломжгүй болгон хашаагаа барьсан нь газар өмчлөх эрхийг хязгаарлаж, ноцтой зөрчиж байна. Хариуцагчийн өмчилдөг газрын тухайд Д.Ундрах, н.Батсайхан, Б.А- гэсэн хүмүүсийн нэр дээр шилжсэн байдаг. Өнөөдрийн байдлаар энэ газрын өмчлөгч бол Б.А- юм. Газрын албанаас ирүүлсэн 2020 оны албан тоотоор хариуцагч Б.А- 700 м.кв эзэмшлийн газраа сунгаж хашаа барьсан байна. Иймд Г.М-гийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж буй Б.А-ын хууль бус эзэмшлээс 185 м.кв талбайтай газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.М-д уг газрыг 2009 онд олгосон бол хариуцагч Б.А-ын хувьд 2004 оноос өөрийн газрыг эзэмшиж эхэлсэн бөгөөд 2004 онд газар эзэмшихэд газрын хэмжээ 858.5 м.кв талбайтай байсан. Ингээд 2011 онд зам засварын ажил хийгдэх болж Газрын албанаас танайх урд талдаа байгаа газраасаа өөрсдөө сонгож авч болно гэхэд нь зөвшөөрч 2011 онд замын ажилд саад хийхгүйгээр хэсэг газраа өгсөн. Гэтэл шинэ тавигдсан зам нь манай хашааны хаалгатай нийлсэн тул аюултай нөхцөл байдал үүссэн. Анхнаасаа Газрын алба орц, гарцын асуудлыг шийдэх ёстой байсан, 2013 оны 10 сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжийн 3 дугаар заалтад өмчлөгчийн газар, кадастрын зурагт өөрчлөлт орсон болон өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд залруулга оруулсан нэр бүхий 364 өрхийн газрын бүртгэлийг гуравдугаар хавсралтаар өөрчлөсүгэй гэсэн байдаг. Уг захирамжид хариуцагч Б.А-ын нэр 93 дугаарт бичигдсэн байна. Үүнээс хойш ямар нэгэн кадастр хийгдээгүй. Гэтэл 700 м.кв талбайтай газрын өмчлөгч гэсэн боловч хамгийн сүүлд Д.Ундрахын нэр дээр 679 м.кв хэмжээтэй газрын кадастрын зураг гарсан байна. Хариуцагч Б.А- уг газрыг эзэмшсэнээс хойш гурван өөр кадастрын зурагтай болсон, энэ талаар Газрын албанд хандаж кадастрын зургийг өөрчилж өгөхийг хүссэн боловч өөрчлөөгүй. Газрын албаны буруутай үйл ажиллагаанаас болж иргэдийн хооронд маргаан үүссэн байхад хэргийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн хашаа нь ардаа хаалгатай байсныг нь хариуцагч хашаа бариад хаачихсан асуудал байхгүй, анхнаасаа нэхэмжлэгчийн хашаа ардаа хаалгатай байсан гэсэн кадастрын зураг байхгүй. Нэхэмжлэгч нь нэг том хашаатай байсныгаа хоёр хуваагаад нөгөө айлынхаа хашаагаар дамжиж гардаг болсон гэдэг нь үзлэгээр тогтоогдсон. Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлоогүй байна. Учир нь, газрын өмчлөгч нь хариуцагч Б.А- биш Д.Ундрах гэж хүн бүртгэлтэй. Хэдийгээр хариуцагчийг тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрх боловч нөгөө талаар хариуцагчийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан. Шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх хуралдааны явцад тогтоогдсон бол гэж заасныг үндэслэн хариуцагчийг солих хүсэлт гаргасан. Захиргааны байгууллагын хяналт хэрэгжээгүйн улмаас хариуцагч Б.А- нь нэхэмжлэгч Г.М-гийн орц, гарцыг хаачихсан гэж үзэх үндэслэл байхгүй. Тэгэхээр нотлох баримтын эх сурвалжийг харах ёстой бөгөөд энэ хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ төрж байна. Нэхэмжлэгч нь өөрийнхөө хашааг хоёр хуваачихсан нөхцөл байдал байсан, газрын алба ямар үүрэг гүйцэтгэх ёстой байсан тухай шинжээчийн дүгнэлтийн 23.4.1 заасан ажлыг зохион байгуулаагүй.  Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.3-т заасан байгаа газар дээр нь тэмдэглэж байгаа кадастрын зураглалыг олгохдоо дундын эзэмшигчийн бичгээр гаргасан зөвшөөрөл эсхүл газар олгох эрх бүхий этгээдээс тогтоосон хил хязгаарт тохирох, тохирохгүй эсэхийг анхаарах хэрэгтэй байсан ч үүнийг хийгээгүй байна. Газрын тухай хуулийн 2018 оны шинэчлэлтээр өөрийн өмчийн газрын хязгаарын заагийг өөрчилж бүртгэлийн санд оруулахдаа мөн газрын алба түүнийг хариуцан зохион байгуулна. Ингэж зохион байгуулахдаа энэхүү хүмүүсийн зөвшөөрлийг авч, үүсэх нөхцөл байдлыг тайлбарлаж өгөх үүргээ биелүүлэх ёстой байсан гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.А-д 185 м.кв талбайтай газрыг албадан чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.М-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас шинжээчийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжид 414,447 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хэт нэг талыг барьж бусдын өмчлөх эрхэд илт хохирол учруулсан шийдвэр гаргасан. Г.М- нь 2009 онд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1 хэсэг гудамжны 213 тоот хаягт байрлах 392 м.кв газрыг өөрийн өмчлөлд авч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан байдаг. Анх газрын кадастрын зураг болон орц гарцыг хуулийн дагуу тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга, газрын албанаас гаргаж өгсөн. Б.А- нь 2000 оноос анх барьсан хашааг өөрчлөөгүй бөгөөд 2004 онд түүний эзэмшиж байсан газрын хэмжээ кадастрын зургаар 858.5 м.кв талбайтай байсан бөгөөд хашаагаа ямар нэгэн байдлаар орц гарцыг хааж бариагүй болохыг 2021 оны 06 сарын 16-ны өдрийн шүүхийн үзлэгээр тогтоосон атлаа шүүхээс хариуцагчийг хашаагаа сунгаж барьсан гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хариуцагч зөрчөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдах бөгөөд харин анхан шатны шүүхээс шинжээч томилж, 2021 оны 01 сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд газрын маргаантай асуудлыг харьяалах нутаг дэвсгэрийн Газрын алба шийдвэрлэх ёстой болохыг заасан байхад төрийн мэдлийн газрыг иргэдэд дур мэдэн хуваарилаж байгаа нь хэргийн харьяалал буюу засаг захиргааны эрх хэмжээний асуудлыг дур мэдэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч Б.А-д холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч нийтийн эзэмшлийн газарт дур мэдэж хашаагаа сунгаж барьсан нь манай хашааны орц, гарцыг хаасан, үүний улмаас миний газар өмчлөх эрх зөрчигдөж байна” гэж тайлбарладаг бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “энэхүү маргаан иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаан биш захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаанд хамаарна, газар өмчлөгчөөр Д.Ундрах бүртгэлтэй учир нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон, нэхэмжлэгчид газар олгохоос өмнө хариуцагч уг газраа эзэмшиж байсан, нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газрыг хувааж бусдад шилжүүлсний улмаас орц, гарцгүй болсон, газрын алба газар хуваах үед орц, гарцын асуудлыг шийдвэрлээгүй” гэх агуулгаар тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч Г.М- нь Баянзүрх дүүрэг, 2-р хороо, 1-р хэсэг гудамж 213 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18645312764277 дугаарт бүртгэлтэй 392 м.кв газрын өмчлөгч болох нь 2010 оны 03 сарын 31-ний өдөр түүнд олгосон Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000054279 дугаар гэрчилгээгээр нотлогдсон бөгөөд хариуцагч Б.А- нь дээрх газрын хөрш залгаа газар буюу 211 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18645312764306 /хуучнаар/, 1332402114 /шинээр/ дугаарт бүртгэлтэй 679 м.кв газрын өмчлөгчөөр мэдээллийн санд бүртгэгдсэн болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 3/1811 тоот албан бичгээр тогтоогдсон. /хх 3, 40/

 

Иймд нэхэмжлэгч Г.М- нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу түүний өмчлөлийн газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа, орц гарцыг нь хаасан хашаагаа буулгахыг хариуцагч Б.А-аас шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул “шүүх хэргийн харьяалал зөрчсөн” гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Хэрэгт 211 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18645312764306 дугаарт бүртгэлтэй газрын өмчлөгчөөр Д.Ундрах бүртгэгдсэн талаарх Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000132584 дугаар гэрчилгээ авагдсан /хх 45/ байх боловч анхан шатны шүүх Б.А-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж үзлээ.

 

Учир нь, өмнө дурдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан бичигт “...Дээрх нэгж талбар нь 2014 оны 06 дугаар сарын архивын зурган мэдээлэлд... Д.Ундрахын нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн..., харин 2020 оны 05 дугаар сарын зурган мэдээлэлд дээрх... газар нь иргэн Б.А-ын нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн бөгөөд өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй...” талаар тодорхойлсон /хх 40/ байхаас гадна хариуцагч Б.А- нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа “...миний бие өөрийн эзэмшил, өмчлөлийн газартаа амьдарч байгаа бөгөөд бусдыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болоогүй...”  гэж дурдсан /хх 21/ байна. Иймд “нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон” гэсэн хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан, мөн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор газарт үзлэг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн зохицуулалтад тус тус нийцжээ. /хх 70-73, 109-121, 141-155/

 

Дээр дурдсан шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Б.А-ын нэр дээр нэгж талбарын дугаартай 679 м.кв газар бүртгэлтэй боловч хариуцагч Б.А- нь кадастрын зургийн дагуу хашаа бариагүй буюу 185 м.кв газрыг илүү хашаалсан, үүнээс нийтийн эзэмшлийн 45 м.кв газар, устгагдсан төлөвт шилжсэн 140 м.кв газар нь дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орц, гарцтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд хариуцагч Б.А-ын илүү хашаалсан хэсэг нь нэхэмжлэгч Г.М-гийн газрын хойшоо гарах орц гарц байх боломжтой нөхцөл байдал, мөн үзлэг хийсэн тэмдэглэлээр нэхэмжлэгчийн газар нь зүүн, баруун, урд, хойд зүгт хашаагаар зааглагдсан гарах боломжгүй, баруун талын хашаагаар дамжин нийтийн эзэмшлийн зам, талбайд хүрдэг нөхцөл байдал тус тус тогтоогдсон байна. /хх 109-121, 141-155/

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал зэргийг харьцуулан дүгнэж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.А-д хууль бусаар эзэмшиж байгаа 185 м.кв газрыг албадан чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүхээс албадан чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн 185 м.кв газар нь хариуцагч Б.А-ын нэр дээр нэгж талбарын 18645312764306 /хуучнаар/, 1332402114 /шинээр/ дугаартай 679 м.кв газрын хил хязгаараас гадна, хэн нэгний эзэмшил, өмчлөлд бүртгэгдээгүй газар байх тул уг шийдвэр нь хууль ёсоор газар эзэмшиж, ашиглаж буй аливаа этгээдийн эрх ашгийг хөндөхгүй учир “шүүх бусдын өмчлөх эрхэнд илт халдсан, шүүх хэн нэгнийх нь өмчлөх эрхэнд халдаж шийдвэр гаргасан” гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. /хх 114, 115/

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/02123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 08 сарын 06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                             

                                         ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

 

Д.НЯМБАЗАР