Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01397

 

 

 

 

 

 

 

 

Т.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/01407 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Д-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ЭМДҮЗ-ийн ажлын албанд холбогдуулан тус байгууллагын эрүүл мэндийн даатгалын сангийн судалгааны ажилтны албан тушаалд тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Т.Д- нь 2019 оны 03 сарын 26-ны өдөр ЭМДҮЗ-ийн ажлын албаны эрүүл мэндийн даатгалын сангийн судалгааны ажилтны албан тушаалд томилогдсон. Тус байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг Төрийн албаны зөвлөлөөс тогтоогоогүй, төрийн албаны шалгалт авах шаардлагагүй гэсэн. Байгууллагаас зарласан шалгалтад тэнцсэнээр дээрх албан тушаалд томилогдож, Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын дагуу АА-6-5 шатлалаас эхлэн цалинжсан. Ажиллах хугацаандаа эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлага, эрүүл мэндийн даатгалын үндсэн үзүүлэлтийн судалгааг гарган, ажлын албаны чиг үүрэгт заасан ажил үүргийг хариуцлагатай хийж, оны эцэст цалингийн 40 хувьтай тэнцэх шагнал урамшуулал авч байсан. 2020 оны 03 сард санхүүгийн баримт, сургалтын 4 тайлан, томилолтын 1 тайланг архивлах явцдаа ажлын албаны ажилчдад сургалт зохион байгуулаагүй байж сургалт зохион байгуулсан, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад томилолтоор явсан гэж хуурамчаар баримт бүрдүүлж, төрийн сангаас 10 000 000 төгрөг завшсан байж болзошгүй баримтууд байсан тул үүний зургийг дарж, ажлын албаны дарга болон ажилчид, ЭМДҮЗ-ийн гишүүдэд мэдэгдсэн. Гэтэл ЭМДҮЗ-ийн ажлын албаны даргын 2020 оны 04 сарын 27-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар, байгууллагын дотоод журмыг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр баримт материалыг бусдад дамжуулан тарааж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журам ноцтой зөрчсөн, төрийн жинхэнэ албанд төрийн албаны шалгалт өгөлгүйгээр ажилласан гэж хөдөлмөрийн гэрээний хугацааг 2020 оны 04 сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Анх ажилд ороход туршилтын 3 сарын хугацаатайгаар гэрээ байгуулан ажилласан бөгөөд туршилтын хугацааны гэрээг 2019 оны 05 сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаагаар сунгасан нэмэлт өөрчлөлт оруулахдаа ажлын албаны ажилчид жилийн хугацаагаар гэрээг байгуулан ажлын үр дүнгээ дүгнүүлэн гэрээгээ сунгадаг гэж тайлбарлаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэж заасан. Т.Д-гийн зүгээс 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар ямар нэг санал гаргаагүй, ажлын үр дүнгийн хувьд аливаа зөрчил дутагдал гаргаагүй тул гэрээний хугацааг дуусгавар болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэсний зөвлөлүүдийн ажлын албаны ажилтны ангилал, зэрэглэлийг төрийн захиргааны албан тушаалын “ТЗ” ангилал зэрэглэлд хамруулах эсэх, цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр олгох, эсхүл төрийн захиргааны албан хаагчтай дүйцүүлэн олгох эсэх тухай асуудлыг холбогдох хууль, эрх зүйн баримт бичигт өөрчлөлт хийх замаар шийдвэрлэх гэсэн асуудлууд шийдвэрлэгдээгүй байна. Төрийн албаны сонгон шалгаруулалтаар тухайн албан тушаалд хүн томилогдох хүртэл гэсэн үндэслэлийг нэхэмжлэгчтэй тохиролцоод гэрээ байгуулсан бол нэхэмжлэгчийн албан тушаал дээр сонгон шалгаруулалт явахад нэхэмжлэгч өрсөлдөх, тус албан тушаалд өөр хүн сонгогдвол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох атал үндэслэл, шалтгаангүйгээр 1 жил, 3 сарын хугацаа тогтоогоод хугацааг дууссан гэж гэрээ цуцалсан нь үндэслэлгүй. Иймд ЭМДҮЗ-ийн ажлын албаны эрүүл мэндийн даатгалын сангийн судалгааны ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал хариу тайлбартаа: ЭМДҮЗ-ийн ажлын албаны даргын 2019 оны 03 сарын 01-ний өдрийн Б/04 дугаар тушаалаар Т.Д-г тус албаны эрүүл мэндийн даатгалын сангийн судалгааны ажилтан албан тушаалд туршилтын 3 хүртэл сарын хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн өдрөө 2 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Улмаар дээрх гэрээнд 2019 оны 05 сарын 01-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаагаар сунгасан. Гэтэл Т.Д- нь байгууллагын дотоод журмыг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр баримт материалыг бусдад дамжуулан тарааж төрийн албан хаагчийн ёс зүй, хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг ноцтой зөрчих, мөн төрийн жинхэнэ албанд төрийн албаны шалгалт өгөхгүйгээр ажиллаж байсан зэрэг зөрчил гаргасан. Иймд тус газрын албаны даргын 2020 оны 04 сарын 27-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.7, 5.8, 5.9, 6.2.1, 6.2.7-д заасныг, мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 04 сарын 30-ны өдөр дуусгавар болсонтой холбогдуулан ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн. Т.Д- нь ажиллаж байх хугацаандаа судалгаа, статистик тоон мэдээллийг шинжлэх чадваргүй, санхүү эдийн засгийн мэдлэггүй, ажлын цагаар ихэвчлэн интернетээр бичлэг үзэж, дуу сонсон өнгөрөөдөг болох нь дотоод аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Ажилтнуудыг ажлын албаны даргын хувьд төрийн албаны шалгалтад бэлдэх боломжоор бүрэн хангаж, ажлын ачаалал өгөхгүйгээр зохион байгуулж ажилласан боловч Т.Д- 2 удаа шалгалт өгөөд тэнцээгүй. Иймд, Эрүүл мэндийн яамны дотоод аудитаар төрийн албаны шалгалт өгөөгүй ажилтнуудын асуудлыг шийдвэрлэх тухай зөвлөмж ирүүлсэн, мөн албан хаагчдыг ажлын албаны дарга томилж, чөлөөлнө гэсэн заалтыг үндэслэн Т.Д-гийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д зааснаар дуусгавар болгосон. Мөн Т.Д- нь хөдөлмөрийн гэрээний 5.5-т заасан ноцтой зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Талууд анх гэрээг хугацаатай байхаар тохиролцож байгуулсан. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч ЭМДҮЗ-ийн ажлын албанд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Т.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын гэрээ байгуулсан хүсэл зориг, хугацаатай гэрээ байгуулсан үндэслэл, шаардлага зэрэгт дүгнэлт хийгээгүй. Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаартай “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 7“Хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн “хугацаагүй” гэрээ байгуулах үүрэгтэй, харин энэ зүйлийн 23.2.2-т дээрх гэрээг “талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдол хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино” гэж заасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3 “Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” бол шүүхийн шийдвэрт гомдол гаргаж болохоор хуульчилсан. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хугацаатай байгуулах үндэслэл шаардлагын талаар тодруулахад “төрийн албаны шалгалт өгөөгүй тул хугацаатай гэрээ байгуулсан” гэсэн тайлбар өгдөг боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудтай нийцэхгүй байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллага нь төрийн албаны шалгалт зарлаж байгаагүй, нэхэмжлэгчийн ажлын байранд төрийн албаны шалгалт зарлаагүй нь тогтоогдож байхад шүүхээс энэ талаар дүгнэлт хийсэнгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Т.Д- нь хариуцагч ЭМДҮЗ-ийн ажлын албад холбогдуулан тус байгууллагын эрүүл мэндийн даатгалын сангийн судалгааны ажилтны албан тушаалд тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх 1-3/ хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч “нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй” гэх агуулгаар тайлбарлан маргажээ. /хх 18-19/

 

Хэрэгт авагдсан ЭМДҮЗ-ийн ажлын албаны даргын тушаалууд /хх 27-28/, талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд /хх 22-26/, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу харьцуулан үнэлбэл, талууд 2019 оны 03 сарын 01-ний өдөр 3 хүртэл сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2019 оны 03 сарын 26-ны өдөр ажил олгогч нь Т.Д-г эрүүл мэндийн даатгалын сангийн судалгааны ажилтнаар томилон ажиллуулсан ба мөн оны 05 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацааг 1 жилээр сунгасан, улмаар 2020 оны 04 сарын 27-ны өдрийн Б/03 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Т.Д-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгчийн хувьд ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрсөн талаарх гомдлоо шүүхэд 2020 оны 05 сарын 26-ны өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гаргасан.  

 

Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй харин нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал болон талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Хөдөлмөрийн тухай 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар байнгын ажлын байранд хугацаагүй байгуулах хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болох талаар зохицуулсан. Талууд 2019 оны 03 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг 3 хүртэл сарын хугацаатай байгуулсан, улмаар мөн оны 05 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацааг 1 жилийн хугацаагаар сунгахаар харилцан тохиролцсон байх бөгөөд уг хөдөлмөрийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт тус бүрт ажилтан Т.Д- гарын үсэг зурсан байна. /хх 22-24, 26/

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Дээр дурдсан талуудын хооронд бичгээр хийгдсэн хэлцлийн хувьд ажил олгогч болон ажилтан нар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах хүсэл зоригоо илэрхийлснээр гэрээ тус бүрт гарын үсэг зурсан байна. Иймд нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо дурдсан “талуудын гэрээ байгуулсан хүсэл зориг, хугацаатай гэрээ байгуулсан үндэслэл, шаардлагыг гэрээнд тодорхой тусгаагүй” гэх тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.

 

Түүнчлэн, 2020 оны 04 сарын 27-ны өдрийн Б/03 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “...Т.Д- нь байгууллагын дотоод журмыг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр баримт материалыг бусдад дамжуулан тарааж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг ноцтой зөрчсөн, төрийн жинхэнэ албанд төрийн албаны шалгалт өгөхгүйгээр ажиллаж байсан...” буюу нэхэмжлэгч нь ажил олгогч байгууллагын дүрэм, Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан мөн Эрүүл мэндийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас хийсэн шалгалтын дүн зэргийг үндэслэсэн талаар тусгагдсан байна. Талууд эдгээр үндэслэлийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар гаргаж мэтгэлцсэн байх боловч дээрх тушаалаар Т.Д-г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн зохицуулалтыг баримталсан байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Д-гаас гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болох ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хууль зүйн үндэслэлийн хүрээнд хөдөлмөрийн гэрээний хугацаатай холбоотой дүгнэлт хийж, бусад үйл баримт буюу ажилтан ноцтой зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан зохицуулалтуудыг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж үүнтэй холбоотойгоор ажилтныг ажлаас чөлөөсөн тохиолдолд шүүх ажилтан ноцтой зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/01407 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                             

                ШҮҮГЧИД                                       А.МӨНХЗУЛ

 

Д.НЯМБАЗАР