Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2017/0639

 

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2017/0639

Улаанбаатар хот

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Будхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0540 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Э-нн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/282 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Э-г Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р давж заалдах гомдолдоо: ...Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 9 дүгээр тогтоолоор Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийг /хуучин нэрээр/ өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан нэхэмжлэгчийг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын албан тушаалаас чөлөөлсөн. Харин шинэ байгууллагын даргаар томилохоос хууль зүйн үндэслэлтэйгээр татгалзсан юм. Өөрөөр хэлбэл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс /хуучин нэрээр/ гэдэг байгууллага байхгүй болсон тул байхгүй болсон байгууллагын даргын албанаас нэхэмжлэгч нарыг чөлөөлж, шинээр байгуулагдсан газрын даргаар томилоогүй юм. Учир нь шинээр байгуулагдсан газрын даргыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох хууль зүйн зохицуулалттай.

Мөн нэхэмжлэгч нарыг өмнөх ажлын байр буюу Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаас чөлөөлснөөс бус шинээр байгуулагдсан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөөгүй юм.

Гэтэл нэхэмжлэгч нар нь аймгийн Засаг даргын тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, улмаар даалгах нэхэмжлэлийн хүрээнд асуудал шийдвэрлэх хэрэг байтал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй нь үндэслэлгүй байна.

Мөн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хариуцагч талаас гаргуулахыг хүссэн нотлох баримтуудыг гаргуулахаар хангаж шийдвэрлэсэн боловч, нэхэмжлэгчийн ажилгүйдлийн тэтгэмжийн санд ямар баримт бүрдүүлж тэтгэмжийг хэзээ авсан тухай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Мөн хариуцагчид хэргийн материалтай сайтар танилцах боломж олгоогүй, шүүх хуралдааныг зарлан хуралдуулсан нь хэргийн материал танилцуулж гарын үсэг зуруулаагүй байгаагаар нотлогдоно. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болохыг илтгэж байна.

Иймд анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 9 дүгээр тогтоолоор Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэсийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болгосонтой холбогдуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 282 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Э-г Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтийн даргын албан тушаалаас чөлөөлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно: гэжээ.

Дээрх тохиолдолд хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна: гэсэн заалтыг баримталж шийдвэрлээгүй нь буруу болсон байна.

Учир нь төрийн байгууллага татан буугдаж, өөрчлөн байгуулагдснаас албан тушаалын орон тоо нь хасагдсан нөхцөл байдал бий болоогүйн дээр нэхэмжлэгчийн урьд нь эрхэлж байсан албан тушаалын (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдэж, харин Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн чиг үүргийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хэрэгжүүлэхээр, өөрөөр хэлбэл, тус албаны чиг үүрэг өөрчлөгдөөгүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан тохиолдол гараагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Б.Э-с Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/282 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй. гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээндшийдвэрлэсэн байна.

Мөн нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/282 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болохыг тогтоож өгнө үү гэж хандсан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 135 дугаар албан бичгээр ...Ажлаас чөлөөлөх тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/282 дугаар тушаалд холбогдох асуудлаар шүүхийн байгууллагад хандаж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах болон бусад асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгснийг үндэслэж 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа, Захиргаан ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: ...14.1.1-д дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чи үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл: гэж заасантай нийцүүлж нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй, хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэх гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хэргийн материалтай сайтар танилцах, боломж олгоогүй, шүүх хуралдааныг зарлан хуралдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн нь хэргийн 81 дүгээр талд авагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р-д хэргийн материалыг танилцуулж гарын үсэг зуруулсан баримтаар үгүйсгэгдэж байна.

Харин анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон: гэж заасныг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу, мөн маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн заалт хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн заалтуудыг хасч, агуулгын хувьд зөвтгөсөн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0540 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/282 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Э-г Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд томилохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгасугай гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ