Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 125

 

“Адмон принт” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Лхагвасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Балжинням, П.Нямхүү нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 712 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 71 дүгээр магадлалтай, “Адмон принт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Адмон принт” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-ын зохицуулалт, хэрэгжилтээс үүдэн Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн зарим хэсэг нь бусад хүүхдээс илүү өндөр үнээр сурах бичгээ худалдан авч хохирох, боловсролын үйлчилгээгээ хүртээмжтэй авч чадахгүй байна. Мөн сурах бичгийг хичээлийн жил эхлэхээс ямар хугацааны өмнө хэвлэх, нийлүүлэлтийг хийх, тухайн жилийн сурах бичгийн тоо, хэмжээ, ширхэг хэд байхыг хичээлийн жил эхлэхээс ямар хугацааны өмнө тогтоон, түүний эхийг бэлтгэх, хэвлэх, түгээх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах зэргийг журамд тодорхой зааж өгөөгүйгээс хэвлэлийн компани хүчин чадлаа ашиглаж чадахгүй хичээлийн жил эхлэхээс өмнө богино хугацаанд баригдаж хэвлэлт, нийлүүлэлтийг хийж байна. Түүнчлэн тус журмын 3 дугаар зүйлд заасны дагуу яам “Сурах бичгийг зах зээлд худалдаалах зөвшөөрөл олгох гэрээ” байгуулдаг ч энэхүү гэрээндээ сурах бичгийг хэдэн ширхэгийг хэвлэн худалдаалах тухай заадаггүй бөгөөд журамд энэ талаар ямар нэгэн шаардлага тусгаагүйтэй холбоотой гэж үзэж байна. Зөвхөн яам хэвлэлийн үйлдвэрүүдтэй гэрээ байгуулан ажиллана гэсэн ерөнхий заалт байдаг. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7-д “цэцэрлэг, бүх шатны сургууль, боловсролын эрдэм шинжилгээ, мэргэжил, арга зүйн байгууллагыг зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгээр хангах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах” гэж заасны дагуу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сурагчдыг ном, сурах бичгээр хангах чиг үүргийг хүлээсэн. Гэвч сурах бичгээр хангах үүргээ зохих ёсоор, Боловсролын хуулийн үзэл санаа, зарчимд нийцсэн, боловсрол эзэмшигчдийн эрх ашгийг хохироохгүй байхаар зохицуулалтыг хийн, журмыг батлаагүй байна. Энэ нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй эс үйлдэхүй гэж харагдахаар байна. Мөн Бага, дунд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Бага, дунд боловсролын сурах бичиг нь боловсролын стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна”, 8.2-т “Энэ хуулийн 8.1-д заасан стандарт, шаардлагад нийцсэн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх ажлыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу зохион байгуулна” гэж зааснаас үзэхэд боловсролын стандартад нийцсэн сурах бичиг хэвлэх, түгээх үйл ажиллагаа нь энэхүү журмын зохицуулалтаас хамаарахаар байна.

 Гэвч энэ журам нь боловсролын стандартад нийцсэн сурах бичиг түгээх нөхцөлийг хангаж чадаагүй. Учир нь боловсролын стандарт гэдэг нь Боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Боловсролын стандарт нь суралцагчийн зайлшгүй эзэмшсэн байвал зохих боловсролын агуулгын түвшин, түүний үнэлгээ, багшийн мэргэжлийн түвшин, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлно” гэж мөн тус хуулийн 3.1.10-т “сургалтын орчин гэж боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд шаардагдах материаллаг нөхцөл болон сурах, сургах харилцааг” хэлнэ гэж заасан тул сурах бичгийн хүрэлцээ хүртээмж бол яах аргагүй боловсролын стандартад хамаардаг байна. 2014-2015 оны хичээлийн жилд хүүхдүүд сурах бичгийн хомсдолтой байсан нь Боловсролын яамны вэб сайтад тавигдсан байсан сурах бичгийн 60 хувийг зах зээлээс худалдан авах тухай мэдээллээс тодорхой харагддаг. Иймд боловсролын стандартад нийцсэн байдлаар сурах бичгийг хэвлэн түгээх зохицуулалтгүй журам байгаа нь харагдаж байна. Хэдий уг журмын 5.2-т “Яам нөхөн хангах сурах бичгийн захиалгыг үндэслэн дахин хэвлэх сурах бичгийн нэр, тоо, хэмжээг нэгтгэж, нэмж худалдан авах сурах бичгийн үнийн дүнгээс хамааруулан сурах бичгийг өмнө нь хэвлэсэн хэвлэлийн үйлдвэртэй нэмэлт гэрээ байгуулан гүйцэтгүүлнэ” гэж заасан боловч бодит байдал дээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны зөвшөөрлөөр тендерээс гадуур хэвлэгдэх 20 хувийн сурах бичгийг жил бүр дурын компанийг сонгож, худалдах эрх олгон гэрээ хийж байгаа нь энэ журмыг хэрэглэж, ашиглаж байгаа эздэд мөнгө завших сайхан боломжийг нээж өгдөг. Өөрөөр хэлбэл, сурах бичгийн үйлдвэрлэлийн үнийг 40%, 60% гэж 2 хувааснаар хэвлэх зардлыг нэмэгдүүлсэн үрэлгэн ажил болж байна.

Дээрх журмын зохицуулалт дутуугийн улмаас Үндсэн хуулиар баталгаажсан хүний сурч боловсрох эрх, хууль ёсны ашиг сонирхол, нөгөө талаас боловсрол олгох төрийн үйл ажиллагаанд оролцдог этгээдүүдийн эрх ашиг зэрэг нийтлэг эрх ашгийг хохироож байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр уг журамд нэхэмжлэлийн шаардлагаар нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсэж хүсэлт гаргасан боловч бидэнд хариу мэдэгдэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сурах бичгийг хүртээмжтэйгээр хэвлэн түгээх тухайд: Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7-д заасан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд “цэцэрлэг, бүх шатны сургууль, боловсролын эрдэм шинжилгээ, мэргэжил, арга зүйн байгууллагыг зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгээр хангах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах” гэж заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сурах бичгээр хангах асуудлыг боловсролын хүрээлэн, аймгийн боловсрол, соёлын газар, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулиуд, хэвлэлийн компаниудтай хамтран хүүхэд бүрийг сурах бичгээр хангах, Монголын хэвлэлийн үйлдвэрлэл, ном хэвлэлийн борлуулалтын тогтолцоог бэхжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, улсын төсвийн зардлын үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг баримтлан ажиллаж байгаа билээ. Энэ бодлогын хүрээнд боловсролын чанарын баталгааг хангах, нэн ялангуяа, бага боловсролын түвшинд хүүхэд бүрт сурах бичигтэй байх адил тэгш боломжийг олгох зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийг төрөөс хангах хувь хэмжээг хүн амын ядуурлын түвшин, сурах бичиг хангалтын байдлыг харгалзан Монгол Улсын Засгийн газраас 2009 онд тодорхойлсон байдаг. Үүгээр төрөөс ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын сурах бичгийг 100 хувиар, дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийг 40 хувиар хангах болсон. Тогтоосон хувь хэмжээнд хамаарах сурах бичгийг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааг Боловсрол, шинжлэх ухааны яам холбогдох хууль журмын дагуу зохион байгуулж тендерт шалгарсан компаниуд сурах бичгийг хэвлэн аймгийн боловсрол, соёлын газар, нийслэлийн дүүргүүдийн боловсролын хэлтэст хүргэдэг ба тэдгээр байгууллагаас сургуулиуд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө номын сандаа татан авалт хийдэг.

 Хичээл эхлэхэд төрөөс сурах бичгээр хангагдах зорилтот бүлгийн сурагчид тухайн жилд суралцах ангийнхаа сурах бичгүүдийг сургуулийн номын сангаас авч хичээлийн жилийн турш хэрэглээд буцааж өгч байна. Дунд, ахлах ангийн сурагчдын үлдсэн 60 хувь нь номын худалдаанаас сурах бичгээ худалдан авахаар зохицуулагдсан. Гэвч хэрэглэгч бүрт хүрч чадахуйц номын худалдааны тогтолцоо бүрдээгүй, сурах бичиг хэвлэн борлуулалт болон худалдан авалт хангалттай түвшинд хүрэхгүй байгаагаас тус яам сурах бичгийн хангамжийг нэмэгдүүлэх, зорилгоор сурах бичгийн түрээсийн тогтолцоог нэвтрүүлэх туршилтыг Азийн хөгжлийн банкны “Боловсролын шинэчлэл-4” төслийн дэмжлэгээр хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд дунд, ахлах ангийн нийт сурагчдын 44,6 хувь нь түрээсийн сурах бичиг сургуулийн номын сангаасаа авч хэрэглэх боломжтой болсон. Дунд, ахлах ангийн нийт сурагчдаас үлдэж буй 15,4 хувьд зах зээлээс сурах бичгээ худалдан авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам сурах бичгийн эрхийг эзэмшигчийн хувьд худалдан борлуулах эрхийг хэвлэлийн компаниудад өгдөг. Зах зээлд борлуулах эрхийг олгохдоо хэрэглэгч, үйлдвэрлэгч аль алинд ашигтай байх бодит үнээр сурах бичиг худалдаалагдах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тухайн сурах бичгийг хэвлэн нийлүүлэх тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй тус компанийн тендерт санал болгосон үнэ дээр нь борлуулалтын өртөг нэмсэн үнийг санал болгож хэлцэл хийдэг. Уг хэлцэл амжилттай болсон тохиолдолд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын тушаалаар зах зээлд борлуулах эрх нээгдэнэ. Сурах бичиг хэвлэн борлуулах нь эрх авсан тухайн компанийн маркетингийн буюу дотоод асуудал тул Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас тогтоох боломжгүй юм. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхэддээ сурах бичиг, хичээлийн хэрэгсэл худалдан авч өгөх нь хүүхдээ боловсрол эзэмшихэд шаардагдах нөхцөлийг бүрдүүлэх тэдний үүрэгт хамаардаг.

Сурах бичгийг хэвлэх, түгээх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих тухайд: Бага дунд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “...стандарт, шаардлагад нийцсэн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх ажлыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу зохион байгуулна” гэж заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 131 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-аар сурах бичгийг зохиох, хэвлэн түгээхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулж байна. Дээрх журмын 3.1-д “Сурах бичгийг хэвлэх, дахин хэвлэх, түгээх ажлыг хэвлэлийн үйлдвэр гүйцэтгэнэ”, 3.2-т “Яам хэвлэлийн үйлдвэрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаруулж, гэрээ байгуулан ажиллана” гэж заасны дагуу тус яам ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгүүд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хэвлэгдэн сургуулиудад хүргэгдсэн байхаар тооцож худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг.

Сурах бичгийн эхийг бэлтгэх, хэвлэх түгээх тоо, хэмжээ, ажлын хугацаа нь сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, сурагчдын тооны өсөлт, бууралт, төсвийн санхүүжилт, тендер шалгаруулалтын явц гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч жил бүр өөрчлөгддөг тул журамд тодорхой заах боломжгүй байдаг. Тухайн жилд хэвлэн нийлүүлэх сурах бичгийн нэр төрөл, тоо ширхэг, хүргэгдэх газар, хэвлэн нийлүүлэх хугацаа нь тендерийн баримт бичигт тодорхой тусгагддаг. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг богино хугацаанд чанартай хэвлэн нийлүүлэх үйлдвэрлэлийн хүчин чадал манай улсад бүрэн хангалттай байгаа бөгөөд хэвлэлийн компаниуд шударгаар өрсөлдөн сурах бичиг хэвлэн нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Сурах бичгийн хэвлэлтийн чанар, нийлүүлэлтэд тавих хяналтын талаар сайдын 2009 оны 131 дүгээр тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-ын 2.7, 2.9, 3.3-3.5-д тодорхой туссан болно. Иймд дээрх үндэслэлээр журамд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна. Асуудлыг судлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 712 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7, Бага дунд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Адмон принт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, боловсролын стандартыг хангах нөхцөлийг хангасан байдлаар сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх болон сурагчдад хүртээмжтэй байдлаар буюу хомсдол бий болгохгүй байхаар сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих агуулга бүхий хэм хэмжээ тогтоосон актыг шинэчлэн батлахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-ын үйлчлэлийг шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 71 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 712 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Адмон принт” ХХК-ийн захирал Р.Энхтбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасныг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Ийнхүү шийдвэрлээд гаргасан магадлалдаа “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 “заалт”-ыг зориуд иш татан, "Захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд” гэсэн үндэслэл заасан нь хариуцагчийн давж заалдах гомдолд тусгагдаагүй үндэслэлээ зөвтгөх оролдлого гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй билээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа уг “Захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох төлөөлөгчөө нэрлэн зааж томилсон” байхад түүнийг “Хууль ёсны итгэмжлэл олгогдсон гэж үзэх үндэслэлгүй” хэмээн зааж хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг буруу тайлбарлаж буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох төлөөлөгчөө тайлбартаа нэрлэн заасан байхад түүнийг үгүйсгэж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг зориуд удаашруулан, улмаар шүүхийн шийдвэрийн ач холбогдлыг үгүйсгэх, сонгуулийн өмнө шүүхээр шийдвэрлүүлэхгүй байх гэсэн сайдын улс төрийн үйл ажиллагаанд шүүх автаж, түүний захиалгаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.

Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдаас шүүхэд төлөөлөх албан тушаалтнуудыг нэрлэн заахдаа тухайн асуудлыг эрхлэн хариуцдаг этгээдүүдийг томилсон, эдгээр нь сайдын өмнө ажлаа хариуцан гүйцэтгэдэг эрх бүхий албан тушаалтнууд байгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээгүй байна.

Тус яам, сайдын зүгээс шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулдаг хуралдаанд хүрэлцэн ирдэггүй учир бидний хүсэлтээр шүүх хуралдааныг хийсэн. Шүүх хуралдаан болох өдөр цагийг мэдэж байсан атлаа хуралдаанд ирээгүй байхад магадлалд талуудын эрх тэгш байдлыг хангах, хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй” гэх үндэслэл зааж, үнэн чанартаа давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн улс төрийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг эрх зүйн үндэслэлгүй зөвтгөсөн хэрэг гэж үзэхээс өөрөөр ойлгогдохгүй байна.

Түүнчлэн шүүх хуралдааны дараа хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдсэн мэт магадлалд бичсэн нь шүүх ямар төрлийн хэрэгт бүрдүүлдэг, ямар учиртай болох бүр ойлгомжгүй болсон хууль зүйн дагуу гарсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохын тулд давж заалдах шатны шүүхээс тогтоогдоогүй баримтад үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35, 36 дугаар зүйлийг илтэд эрх зүйн үндэслэлгүй буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Эдгээр үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 71 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 712 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Адмон принт” ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх” журамд боловсролын стандартыг хангах нөхцөлийг хангасан байдлаар сурах бичгийг зохиох, хэвлэн түгээх болон сурагчдад хүртээмжтэй байдлаар буюу хомсдол бий болгохгүй байхаар сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих агуулга бүхий хэм хэмжээг нэмэлт өөрчлөлтөөр оруулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг тус сайдад холбогдуулан гаргасан байна.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “...журамд ...тодорхой нарийвчилсан зохицуулалт байхгүйгээс Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний сурч боловсрох эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн, ...боловсрол олгох үйл ажиллагаанд хамтран оролцдог этгээдүүдийн өөрөөр хэлбэл сурах бичгийг хэвлэж, түгээдэг “Адмон принт” ХХК-ийн эрх  хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, улмаар санхүүгийн хохирлол учруулах эрсдэлийг дагуулж байна” хэмээн тайлбарласныг шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үндэслэл болгон тусгажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэлд зайлшгүй тусгах шаардлагатайг болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн; захиргааны хэргийн шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгаа, түүний үндэслэл; захиргааны хууль бус актын улмаас ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх зэрэг зүйлүүд багтахыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.3; 32.5 дахь хэсэгт тодорхой заасан байн

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Адмон принт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхой бус, ойлгомжгүй,  “...эрх зөрчигдсөн...” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь дээрх хуулийн шаардлагыг хангахгүйгээс гадна шүүх тухайн үндэслэлийг тодорхой болгохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь шүүхээс гарах шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй болно. 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байгаагаас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн ямар, эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар шүүхээс дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүх энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасан үндэслэлийг тодруулсны эцэст маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэгт хамааралтай, холбогдох баримтыг бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай.

Мөн шүүхийн шийдвэрт захиргааны байгууллага “...журмыг шинэчлэн батлах шаардлага үүсээгүй...” тухай хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна гэж заасан атлаа “...шаардлагатай тохиолдолд журмыг шинэчлэн батлах хуулиар олгогдсон эрх үүргээ хариуцагч биелүүлээгүй...,  хууль бус эс үйлдэхүй байна” гэж дүгнэсэн нь “эс үйлдэхүй”-н талаарх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан тодорхойлолттой зөрчилтэй болжээ.

Эндээс үзвэл нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын буруутай ажиллагаа  гэдгийг аль үйл баримттай буюу захиргааны ямар акттай холбон, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгааг тодорхой болгох нь  шүүхээс гарах шийдвэрийн үр дүнд зөрчигдсөн эрхийг нь сэргээн тогтоох ач холбогдолтойг шүүх анхаараагүй байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг хяналтын шатны шүүхээс зөвтгөн, залруулах боломжгүй юм.

Түүнчлэн хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн бүрэн эрхийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тодорхой заах шаардлагатайг давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан нь буруу биш байна. 

Үүнээс гадна анхан шатны шүүх хуралдаан товлосон цагт хийгдээгүй, цаг зөрүүтэй байгааг магадлалд дурдсан бөгөөд энэ нь хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангах боломжгүй байдалд хүргэхийг тэмдэглэвэл зохино.  

Дээр дурдсаныг нэгтгэн, нэхэмжлэгчийн гомдлын дагуу магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 71 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                              Л.АТАРЦЭЦЭГ