2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/04299

 

2025 05 20   192/ШШ2025/04299

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хэсэг, Э хотхон, З тойруу гудамж, Амины орон сууны **Ё байр, 1 давхарт оршин суух, М овогтой Ж-ийн М /РД:УХ******8/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар хэсэг, Энхжин хотхон, З гудамж, Амины Орон сууцны **Ё байрны ** давхарт оршин суух, О овогт Б-ийн Б /РД: ЧО*******12/ нарт холбогдох,

 

Хан-Уул дүүргийн **-р хороо, З гудамж, Энхжин хотхон, ** ё тоот амины орон сууцны 90 хувийн өмчлөгчөөр Ж.М, 10 хувийн өмчлөгч нь Б.Б мөн болохыг тогтоолгох тухай үндсэн, орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц,

Гэрч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Ж.М нь 2011 оны 03 сарын 07-ны өдөр №08/11 дугаар Барилгын хөрөнгө оруулалт захиалгын гэрээг С ХХК-ны захирал П.Х болон Гүйцэтгэх захирал Б.Г нартай байгуулсан. Энэхүү гэрээгээр Хан-уул дүүргийн **-р хороо Зайсангийн аманд байрлах аялал жуулчлалын зориулалттай, нийт 325,6 м.кв 2 давхар №00****2 дугаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, Ү-2*****07 эрхийн улсын бүртгэлийн дугаартай барилгыг Ж.М миний хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр барилгын ажлыг дуусгаж ашиглалтад оруулахаар болсон. Улмаар 2011 оны 10 сарын 31-ны өдөр С ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2011 оны 10 сарын 31 -ны өдөр Хан-уул дүүргийн **-р хороо, Зайсан гудамж, **Ё тоот хаягт байрлалтай 325.6 м.кв кв талбайтай Аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж №00*******06 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. Улмаар 2015 оны 04 сарын 01-ний өдөр дээрх хаягт байрлалтай Аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж №00****68 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Тухайн өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн хөрөнгөөр засаж сэлбэж тохижуулсаар арга буюу мөнгө дутахад 2018 оны 06 сарын 26-ны өдөр Ж ББСБ-аас 327 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан мөн өдрөө барьцааны гэрээ байгуулсан. Уг зээлийг миний бие төлж чадаагүй тул Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 27-ны өдрийн № 183/ШН12019/01225 дугаар шүүгчийн захирамжаар Ж ББСБ ХХК нь 383 080 500 төгрөгийн төлбөрөөс 56 080 500 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 327 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2019 оны 08 сарын 23-ны өдөр 109 000 000, 2019 оны 09 сарын 23-ны өдөр 109 000 000, 2019 оны 09 сарын 23-ны өдөр 109 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан хэргийн хэрэгсэхгүй болгосон. Миний бие дээрх шүүгчийн захирамжаар тохиролцсон төлбөрийг төлөөгүй учир Ж ББСБ ХХК нь Хан-уул дүүргийн **-р хороо, Зайсангийн аманд байрлах Энхжин хотхоны ** давхар Амины орон сууцны өмлөх эрхийн гэрчилгээг Хан-уул дүүргийн Улсын бүртгэлийн газар дээр очиж өөрийн ББСБ-н нэр дээр шилжүүлэн авсан. Улмаар өөрийн өмчлөх эрхийг олж авахын тулд өөрийн итгэлт дүү Б.Б-д хэлж бид харилцан тохиролцож миний Ж ББСБ ХХК -аас авсан зээлийг Б.Б төлөх, Б.Б-ын төлсөн 327 сая төгрөгт би 2020 оны 05 сарын 01 -ны өдрөөс сарын 3 хувийн хүү тооцож өгөхөөр тохиролцож тооцоо нийлж аль аль нь гарын үсгээ зурж, миний өмчлөлийн 4 давхар орон сууцны өмчлөх эрх Ж ББСБ ХХК-аас Б.Б-ын нэр дээр 2020 оны 6 сарын 15-ны өдөр шилжсэн. Маргаан бүхий миний орон сууцны барилга нь одоогийн байдлаар 2.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн байдаг бөгөөд зах зээлийн ханш нь ойролцоогоор 3.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө юм. Уг барилгыг дуусгахад мөнгө шаардлагатай болсон тул 120 сая төгрөгийг Ж ББСБ-аас зээлж, барилгыг дуусгасан юм. G ББСБ-д 120 сая төгрөгийн хүү, торгууль, үндсэн зээл гээд 327 сая төгрөгийн өр төлбөр үүссэн юм. Би зээлээ төлж барагдуулах баталгаа болгож өөрийн 3.5 тэрбум төгрөгийн үнэтэй , Зоорийн давхартайгаа 5 давхар, 726.9 м2 талбай бүхий орон сууцны барилгаа 327 сая төгрөгийн зээлийг төлөх баталгаа болгож, ББСБ-ын нэр дээр шилжүүлсэн юм. Учир нь, Ж ББСБ-ын холбогдох хүмүүстэй ярилцахдаа уг байр нь 2-3 тэрбум төгрөгийн үнэ ханштай байр юм, таны зээлийн өр төлбөр нь 327 сая төгрөг байна, иймд та байраа манай нэр дээр шилжүүлээд өгчих, тэгээд манайх зээлээ төлөх баталгаатай гэж хүлээж байя, та тэр хооронд 327 сая төгрөгөө олж ирээд байраа буцаагаад шилжүүлээд аваарай, таны 2-3 тэрбум төгрөгийн үнэтэй байрыг 327 сая төгрөгт авах боломжгүй, зөрүү үүснэ, иймд ийм байдлаар тохиролцоё гэж тохиролцсон. Асуудлыг ийм байдлаар шийдвэрлэхгүй бол манай байгууллагын зээлийн үзүүлэлт муу гарах гээд байна, таны зээл том зээлд орно, бид барилгыг танд мэдэгдэхгүйгээр зарахгүй ээ, гэсэн юм. Тэгээд би хариуцагч Б.Б-тай уулзаж туслалцаа хүссэн, ингээд хариуцагч Б.Б нь ББСБ-д байгаа миний 327 сая төгрөгийн зээлийн өрийг төлөх, би түүнд энэ мөнгийг нь сарын 3%-ийн хүүтэйгээр эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр тохиролцсон. Б.Б ББСБ-тай Арилжааны гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн 71 м2 орон сууцыг 198 сая төгрөгт, RХ машинаа 47 сая төгрөгт тус тус тооцон, дээр нь 80 сая төгрөг нэмж, уул 327 сая төгрөгийн өрийг барагдуулаад, барилгыг өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн. Харамсалтай нь, Б.Б барилгын өмчлөлийг өөрийн нэр дээр болгомогцоо анхны тохиролцоогоо мартаж, зангаа хувилган надаас зугтаж эхэлсэн бөгөөд барилгыг надад шилжүүлэхээс татгалзаад байгаа юм. Үүнийг нь хуулийн хэллэгээр хэлбэл, тэрбээр үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байгаа хүн. Мөн шударга бус өмчлөгч. Харин миний хувьд, өөрт байгаа бүхий л хөрөнгөөрөө хохирч, орох орон гэр ч үгүй болоод байна. Би өмнөх нэхэмжлэлдээ барилгынхаа өмчлөлийг шууд өөртөө авахаар нэхэмжилсэн бөгөөд Б-тай тохиролцсон ёсоороо барилгаа зараад түүнд төлөх мөнгөө төлөх бодолтой байсан. Гэвч Б миний хүнд хэцүү үед өрийг минь төлж өгсөн ачийг санаж, асуудлыг арай хялбараар шийдвэрлэх боломтой гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа юм. Б.Б нэгэнт миний барилгыг өмчилж байгаа нөхцөлд бид тухайн орон сууцны барилгад тус тусын оруулсан хөрөнгийн хувиар дундаа хамтран өмчлөх байдлаар асуудлыг зохицуулж болох шийдэл байна. Иймд тухайн барилгад бидний тус тусын оруулсан хөрөнгийг харгалзан ХУД-ийн **-р хороо, Зайсан гудамж, Энхжин хотхоны амины орон сууцны **ё тоот хаягт байрлах 726.99 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-22*******07 тоот дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн 90 хувийн өмчлөгч нь нэхэмжлэгч Ж.М, 10 хувийн өмчлөгч нь хариуцагч Б.Б мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХУД-ийн **-р хороо, Зайсан гудамж, Энхжин хотхоны амины орон сууцны **ё тоот хаягт байрлах 726.99 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-22*****07 тоот дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн 90 хувийн өмчлөгч нь нэхэмжлэгч Ж.М, 10 хувийн өмчлөгч нь хариуцагч Б.Б мөн болохыг тогтоолгох шаардлагаа дэмжинэ. Ер нь бол энэ байшинд нэхэмжлэгч маань бүхий л зүйлээ зориулсан бөгөөд 441,000,000 төгрөг 250,000,000 ам доллар зарцуулсан, тэгээд яалт ч үгүй дотор засал хийх гээд энэ банк бусаас 300,000,000 төгрөгийн зээл аваад , төлж чадаагүй шүүх дээр эвлэрсэн. Тэгээд ббсб нь байраа шилжүүлчих мөнгөө төлөөд эргүүлээд аваарай гэсэн байдаг. Угаасаа шүүхийн шийдвэр байрны үнэ хоорондоо зөрүүтэй учраас шүү дээ. Явж байгаад Б гэх танилтайгаа уулзаад энэ залуу байр машинаа зараад л өр төлбөрийг бол төлсөн юм билээ, тэгээд байрыг банк бус Б-д өгчихсөн нэр нь шилжсэн тэр үед бол нэхэмжлэгч байгаагүй л юм билээ. Гэтэл Б байрыг нэр дээр болгочихоод зангаа хувиргаж эргүүлээд өгдөггүй, зах зээл дээр байр бол 3,5 тэрбумаар үнэлэгдэж байх агаад шударга бусаар ийм их үнэтэй байрны эзэн болчихсон, тэр чат энэ тэрийг харахад мөнгөө авчихбал болно л гэсэн байдаг одоо тэгээд банк бусын өр дарсан учраас тэрийг нь 10 хувь гэж үзээд М 90 хувийг өмчлөх ёстой гэж үзэж байгаа тул энийг тогтоолгомоор байна гэв.

 

2. Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэн Ж.М-аас 2022-03-29-ны өдөр хариуцагч Ж ББСБ ХХК болон Б.Б надад хслбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад хариуцагч Б.Б миний бие дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь Ж ББСБ ХХК-аас Б.Б надад Хан-Уул дүүргийн ** р хороо, Зайсангийн тойруу гудамж, Энхжин хотхоны Амьны орон суупны **Ё тоот хаягт байрлах 726.99 мжв талбайтай 4 давхар бүхий 100 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлө.х эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгөхийг шаардаж нэхэмжилжээ. Уг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул хүлээн зөвшөерөх боломжгүй байна. Б.Б миний бие 2013 онд Америкийн Нэгдсэн Улсад сургалтаар явж байхдаа анх Ж.М-тай танилцсан. Ж.М нь 2015 оноос эхлэн надаас мөнгө зээлж эхэлсэн ба энэ үеэс эхлэн бидний хооронд мөнгө, санхүүгийн асуудал үүссэн. Тэрээр 2020 оны 04 дүгээр сард над дээр ирж уулзсан. Тухайн тэрээр Хан-Уул дүүргийн **-р хороо, Зайсангийн тойруу гудамж, Энхжин хотхоны Амьны орон сууцны **Ё тоот хаягт байрлах 638.71 м.ква талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөө Ж ББСБ ХХК-д зээлийн барьцаанд тавиад 327,000,000 төгрөгийн өр төлбөрт алдчихсан, хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэгдээ чи энэ үнээр нь худалдаад авчих гэж хэлсэн. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Ж ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжсэн байсан. Ж.М-ы хэлсний дагуу миний бие Ж ББСБ ХХК-ийн урирдлагуудтай уулзаж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг арилжааны гэрээгээр шилжүүлэн авахаар харилцан тохиролцож 2020-04-29-ний өдөр 0584 дугаартай Арилжааны гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Уг арилжааны гэрээгээр миний бие Энхжин хотхоны Амьны орон сууцны **Ё тоот хаягт байрлах 638.71 м.ква талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, хариу төлбөрт нь Баянзүрх дүүргийн **-р хороо, Их Монгол Улсын гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах 71.11 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тухайн үеийн ханшаар 199.108,000 төгрөгт тооцож шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрт нь арлын JT******488 дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдэж, 2020 онд импортлогдсон, цайвар цэнхэр өнгөтэй RХ350 маркийн суудлын автомашинийг тухайн үеийн ханшаар 47,000,000 төгрөгт тооцож, арлын JT*******794 дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдэж 2020 онд импортлогдсон, хар өнгөтэй NХ200 маркийн суудлын автомашиныг тухайн үеийн ханшаар 80,892,000 тогрөгөөр тооцож Ж ББСБ ХХК-д шилжүүлсэн. Улмаар миний бие тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан ба 90 хувийн гүйцэтгэлтэй байсан хөрөнгөд өөрийн зардлааар нэмэлт згсвар үйлчилгээ хийж дуусган орон сууцны гэрчилгээгээ 2020-06-15-ны шинэчилж авсан. Ж ББСБ ХХК болон Б.Б бидций хооронд байгуулагдсан 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0584 дугаартай арилжааны гзрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ юм. Тиймээс бидний хооронд байгуулагдсан энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгахаар шаардаж буй нь үндэслэлгүй тул Б.Б надад холбогдуулж гаргасан Ж.М-ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх банк бус санхүүгийн байгууллагатай арилжааны гэрээ байгуулж энэхүү байрыг олж авсан ба нөгөө талдаа 3 өрөө орон сууцаа 199 сая төгрөгт машинаа 80 сая төгрөгт бодоод шилжүүлсэн. Энэ орон сууцны өмчлөгчөөр Б бүртгэгдсэн бүртгэл хэвэндээ байгаа, яаж дундаа хамтран өмчлөх хөрөнгө болно гэж үзээд байгааг ойлгохгүй байна, манайх харин ч сөрөг шаардлагаа гаргаж байраа чөлөөлүүлж авна. Тэр яриад байгаа чат нь яг энэ байрных юм уу мэдэхгүй, хэрэгт энэ байрыг үнэлсэн үнэлгээ байхгүй, эрүүгийн хэрэг мэдэхгүй, эргүүлж зөрүү өгөх яриа болоогүй шаардлага угаасаа хүлээн зөвшөөрөхгүй. гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний танил Ж.М нь 2020 оны 04 дүгээр гард над дээр ирж уулзаж өөрийн үл хөдлөх хөрөнгөө банк бус санхүүгийн байгууллагад алдсан талаар хэлсэн. Тодруулбал, тэрээр Хан-Уул дүүргийн **-р хороо, Зайсангийн тойруу гудамж, Энхжин хотхоны Амины орон сууцны **Ё тоот хаягт байрлах 638.71 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөө Ж ББСБ ХХК-д зээлийн барьцаанд тавиад 327,000,000 төгрөгийн өр төлбөрт алдчихсан байсан. Ж.М нь тухайн үед хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэгдээ чи энэ .нээр нь буюу 327,000,000 төгрөгөөр банк бус санхүүгийн байгууллагаас нь худалдаад авчих гэж хэлсэн. Ж.М-ны хэлсний дагуу миний бие Ж ББСБ ХХК-ийн удирдлагуудтай уулзаж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг арилжааны гэрээгээр шилжүүлэн авахаар харилцан тохиролцож 2020-04-29-ний өдөр 0584 дугаартай Арилжааны гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Ж ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжсэн байсан. Миний бие Ж ББСБ ХХК-тай байгуулсан арилжааны гэрээгээр Энхжин хотхоны Амины орон сууцны **Ё тоот хаягт байрлах 4 давхар барилгыг авч хариу төлбөрт нь Баянзүрх дүүргийн **-р хороо, Их Монгол Улсын гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах 71.11 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тухайн үеийн ханшаар 199,108,000 төгрөгт тооцож шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрт нь арлын JT*****88 дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдэж, 2020 онд импортлогдсон, цайвар цэнхэр өнгөтэй RХ350 маркийн суудлын автомашиныг тухайн үеийн ханшаар 47,000,000 төгрөгт тооцож, арлын JT********6794 дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдэж 2020 онд импортлогдсон, хар өнгөтэй 14X200 маркийн суудлын автомашиныг тухайн үеийн ханшаар 80,892,000 төгрөгөөр тооцож Ж ББСБ ХХК-д шилжүүлсэн. Ингээд нийт 327,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгүүдийг шилжүүлж өгсөн. Ийнхүү миний бие Ж ББСБ ХХК-тай байгуулсан 2020-04-29-ний өдрийн 0584 дугаар арилжааны гэрээний үндсэн дээр Хан-Уул дүүргийн **-р хороо, Зайсангийн тойруу гудамж, Энхжин хотхоны Амины орсн сууцны **Ё тоот хаягт байрлах 4 давхар бүхий барилгын өмчлөх эрхийг шилжүүлэн авч хууль ёсны дагуу өмчилсөн. Ж.М нь маргаан бүхий хөрөнгийг Ж ББСБ ХХК-д шилжүүлсэн хэрнээ тухайн барилгын нэгдүгээр давхарт амьдарч байсан бөгөөд намайг тухайн хөрөнгийг шилжүүлж авахад ч мөн адил тэндээ амьдарсаар байсан ба намайг авснаас хойш үргэлж хэл ам, хэрүүл тэмцэл хийдэг байсан тул миний бие аргагүйн эрхэнд гэр бүлийн хамтаар өөр газар амьдарч байгаа билээ. Миний бие өөрийн орон сууц болон Монгол Улсад импортолж оруулж ирсэн хоёр машиныг арилжааны гэрээгээр шилжүүлэн өгч Ж ББСБ ХХК-аас авсан байрандаа өөрөө ч амьдарч чадахгүй байхад Ж.М нь өнөөдрийг хүртэл хугацаанд амьдарсаар байгаа тул Хан-Уул дүүргийн **-р хороо, Зайсангийн тойруу гудамж, Энхжин хотхоны Амины орон сууцны **Ё тоот хаягт байрлах барилгын 1 дүгээр давхарыг Ж.М-ны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэл хангагдвал энэ сөрөг угаасаа үндэслэлгүй гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, Нэхэмжлэгчээс 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №08/11 тоот Барилгад хөрөнгө оруулах тухай гэрээ, 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №08/11 тоот Барилгын хөрөнгө оруулалт захиалгын гэрээ, 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Ү-22*****7 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, С ХХК-ийн тодорхойлолт, талбайн хэмжилтийн акт, гэрэл зураг, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээ, барьцаалбар, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Эвлэрлийн гэрээ, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01225 дугаар захирамж, гар тэмдэглэл, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4/1142 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1993 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/2978 тоот Хариу мэдэгдэх хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, даатгуулагч, тэтгэвэр авагчийн мэдээлэл, Ү ХХК-ийн гэрчилгээ, компанийн дүрэм, Увс аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/63 дугаар захирамж, газар эзэмших, ашиглах гэрчилгээ, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, иргэний үнэмлэхний хуулбар, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Мөрдөгчийн тогтоол, гэрэл зураг, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, хавсралт /1хх-ийн 6-44, 90-101, 119-158, 2хх-ийн 19, 43-66, 238-243-р хуудас/ гэсэн баримтуудыг,

 

4. Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, Ү-22*******7 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Арилжааны гэрээ, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0425, 0426 дугаар итгэмжлэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанууд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар /1хх-ийн61, 65-70, 111-114, 176-181, 2хх-ийн 78-80-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр me******@gmail.com, хариуцагч Б.Б-ын b******[email protected] хаягнаас харилцсан и-мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Ж.М /M*****aa/ болон Б.Б /B******/ гэсэн хаягаар харилцсан мессеж зурвасанд үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 23*******47 дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, Энхжин хотхоны амины орон сууц, **ё тоот хаягт байрлах, 638.71 мкв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй, 4 давхар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол, Д ХХК-ийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс тус дүүргийн ** дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, Энхжин хотхон, Амины орон сууцны **Ё тоот хаягт байрлах, 726.99 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2*****47 дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар, Шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол, Д ХХК-ийн үнэлгээ, 2017 оны 3-9 сар хүртэлх барилгын дотоод бүрэн засал, цахилгааны мантаж, халаалт, сантехникийн ажлын материалын санхүүгийн анхан шатны баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 191-194, 2хх-ийн 29-30, 72-235, 2хх-ийн 7-68-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.М-ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Б-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б-д холбогдуулан Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, 6 дугаар хэсэг, Энхжин-1 хотхоны амины орон сууц **Ё тоот хаягт байрлах, 726,71 м.кв талбай бүхий 16 өрөө, 5 давхар амины орон сууцыг дангаараа өмчлөх эрхгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн 90 хувийн өмчлөгч нь нэхэмжлэгч Ж.М, 10 хувийн өмчлөгч нь хариуцагч Б.Б мөн болохыг тогтоолгохоор шаардах эрхээ тодорхойлсон.

 

3. Хариуцагч Б.Б нь Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хэсэг, Энхжин-1 хотхоны амины орон сууц **Ё тоот хаягт байрлах, 770 м.кв газар болон Ү-22******07 дугаараар улсын бүртгэлд бүртгэгдсэн, 726,71 м.кв талбай бүхий 16 өрөө, 5 давхар амины орон сууцыг Ж капитал ББСБ ХХК-иас арилжааны гэрээний дагуу өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлсний үндсэн дээр олж авсан, хамтран өмчлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

 

4. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Ж.М-д холбогдуулан Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, Энхжин хотхоны амины орон сууцны **Ё байрны 1 дүгээр давхарыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Ж ББСБ ХХК-нд арилжааны гэрээний дагуу хөрөнгө шилжүүлж хууль ёсоор өмчлөгч болсон ч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна гэж тайлбарласан.

 

5. Нэхэмжлэгч Ж.М нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, угаасаа хөрөнгийн 90 хувийн өмчлөгч учраас хууль бусаар байранд амьдарсан гэж үзэхгүй гэв.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2018 оны 6 сарын 26-ны өдөр ЗГ0******15 дугаар зээлийн гэрээ, ЗБ03******15 дугаартай барьцааны гэрээг Ж.М, Ж ББСБ ХХК нар нь байгуулж, уг гэрээгээр Ж ББСБ ХХК нь 327,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлжээ.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Ж.М нь зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй тул Ж ББСБ ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 383 080 500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Улмаар 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01125 дугаар шүүгчийн захирамжаар Ж ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлага 383 080 500 төгрөгнөөс 56 080 500 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Ж.М үлдэх 327.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ж.М шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул 2019 оны 9 сарын 11-ний өдрийн 932 дугаартай гүйцэтгэх баримт бичигт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11/12 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна. Үндэслэл нь төлбөр төлөгч Ж.М 2019 оны 10 сарын 22-ны өдөр барьцаа хөрөнгийг өр төлбөрт тооцуулах хүсэлтийг бичгээр гаргасантай холбоотой байна.

Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн ** р хороо Зайсан гудамж, **ё тоот хаягт байршилтай 638,71 м кв талбайтай , аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ж ББСБ ХХК улсын бүртгэлд бүртгэгдсэн ба тухайн өмчлөлтэй нэхэмжлэгч маргаагүй.

Өмчлөгчөөр бүртгэгдсэний дараа буюу 2020 оны 4 сарын 29-ний өдөр 0584 дүгээр арилжааны гэрээг Ж ББСБ ХХК нь Б.Б-тай бичгээр байгуулсан байна. Уг гэрээгээр хариуцагч Б.Б, Ж ББСБ ХХК нарын хооронд Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсан тойруу гудамж, **ё тоот хаягт байрлах 638.71 мкв талбай бүхий, 90 хувийн гүйцэтгэлтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 327 000 000 төгрөгөөр үнэлэн Б.Б-ын өмчлөлд шилжүүлэх, Б.Б нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Их монгол улсын гудамж, *** дугаар байны ** тоотод байрлах 71.11 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг тухайн үеийн ханшаар 199 108 000 төгрөгт, 2011 онд үйлдвэрлэгдсэн цайвар цэнхэр өнгөтэй, RX350 маркийн суудлын автомашиныг 47 000 000 төгрөгт, 2016 онд үйлдвэрлэгдсэн хар өнгөтэй NX200 маркийн суудлын автомашиныг 80 892 000 төгрөгт тус тус тооцож Ж ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр болжээ.

2020 оны 06 сарын 15-ний өдөр маргаан бүхий 726,99 м кв үл хөдлөх хөрөнгө хариуцагч Б.Б-ын өмчлөлд Ү-22*******07 дугаартайгаар бүртгэгдэж, энэ бүртгэл хэвээр байна.

 

7. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Ж ББСБ ХХК-д шилжүүлсэн болон Ж ББСБ ХХК нь Б.Б-тай байгуулсан арилжааны гэрээнүүдийг хууль бус гэж маргаж байсан, харин энэ шаардлагаа өөрчилж хөрөнгийг хамтран буюу 90,10 хувиар тус тус зохигчид өмчлөх ёстой гэдэг. Хариуцагч арилжааны гэрээний дагуу ганцаараа өмчлөгч болсон учир хуваалцах учиргүй гэж татгалздаг.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...байрны зах зээлийн үнэ 3,5 тэрбум төгрөг учраас Б.Б-ын дарсан өр болох 327,000,000 төгрөг нь 10 хувийн л өмчлөх эрх үүсгэх тул өөрийгөө тухайн байрны 90 хувийн өмчлөгчөөр тогтоолгох... гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ ...арилжааны гэрээний үндсэн дээр олж авсан хөрөнгө тул 90 хувийн өмчлөгч болохыг зөвшөөрөхгүй... гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т ... хуульд зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно. гэж заасан. Тодруулбал өмчлөх эрх нэг бол хуульд зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр л бий болдог ба нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд энэ талаарх хэлцэл байхгүй тул хуульд зааснаар нэхэмжлэгч Ж.М-д өмчлөх эрх үүссэн үү гэдгийг шүүх анхаарах учиртай.

Дээрх зохицуулалт нь Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т Хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна гэж байдаг. Гэтэл Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсан тойруу гудамж, **ё тоот хаягт байрлах 638.71 мкв талбай бүхий, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ж.М, Б.Б нар нь хамтран бий болгоогүй, Б.Б нь Ж ББСБ ХХК тай байгуулсан арилжааны гэрээгээр олж авсан байна.

Нэхэмжлэгч Ж.М нь Ж ББСБ ХХК-д маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрт бүхэлд нь тооцон шилжүүлсэн, дараа нь Ж ББСБ ХХК-аас Б.Б-д 327,000,000 төгрөгт тооцон арилжааны гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн үйлдэлд маргаагүй атлаа шууд Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсан тойруу гудамж, **ё тоот хаягт байрлах 638.71 мкв талбай бүхий, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 90 хувийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байх тул тухайн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн үзлэгээр бэхжүүлсэн нэхэмжлэгч, хариуцагч нарын 2021-05-23 ний өдрөөс 2021-06-01 ний өдрийг хүртэлх фейсбүүк чатад 2021-05-24 ний өдөр B****at гэх хаягнаас ..миний байр суурь огт өөрчлөгдөөгүй, мөнгөө л бүрэн авна , надад огт өөр санаархал байхгүй, мөнгөнийхөө хүү өрөнд баригдсан мөртөө санаа нь давхар зовчихно ах минь гэх зэргээр бичсэн байгааг нэхэмжлэгч тал ...угаасаа 3 тэрбумын үнэлгээ бүхий эд хөрөнгийг 327,000,000 төгрөгөөр авах боломжгүй, зөрүү байгаа учраас ийм харилцан яриа болсон гэж тайлбарлана. Гэвч энэ үндэслэл нь улсын бүртгэлд арилжааны гэрээний дагуу өмчлөгчөөр бүртгэгдсэн Б.Б-ын өмчлөх хувийг 10 хувь болгон бууруулах үндэслэл, шалтгаан болж чадахгүй юм.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах үүрэгтэй. Иймд хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын хувьд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба холбогдох этгээдээс хохирлоо нэхэмжлэх, өөр бусад байдлаар шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

8. Хариуцагч Б.Б Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, Энхжин хотхоны амины орон сууцны **ё тоотод байрлах 1 давхрыг Ж.М-ны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч Ж.М нь маргаж буй үл хөдлөх хөрөнгийн нэгдүгээр давхарт амьдардаг талаар тайлбарлаж байх тул бодитойгоор эзэмшилд нь байгаа гэж үзнэ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т ..өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэйгэж, 106.2-т ..өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй .. гэж зааснаар хариуцагч Б.Б Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, зайсан гудамж, **ё тоот хаягт байршилтай, 726.99 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж, өмчлөгч болсон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

9. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 108 дугааар зүйлийн 108.1 дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ж.М-ын Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, Энхжин хотхоны амины орон сууцны **ё тоотод байрлах, 726.99 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 90 хувийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, Энхжин хотхоны амины орон сууцны **ё тоотод байрлах, 638.71 мкв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй 4 давхар үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөхийг Ж.М-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Ж.М-аас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Б-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

                   

 

                   

            ДАРГАЛАГЧ                                   О.ЧУЛУУНЧИМЭГ