Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/02007

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/02007

 

Ж.Мы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/02537 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ж.М

Хариуцагч: Ц ХХК

Хариуцагч: Б.Б нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцааж өгөхийг даалгах үндсэн нэхэмжлэлтэй, хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, хариуцагч Б.Бгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Ж.М нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Ц ХХК-тай 327,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Згийн тойруу гудамж, Э хотхоны амины орон сууцны 000 тоотод байрлах, 638.71 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1225 дугаар захирамжаар Ц ХХК нь зээл 383,080,000 төгрөгийн 56,080,500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 327,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 109,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 109,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 109,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Ж.М нь шүүгчийн захирамжаар тохиролцсон төлбөрийг төлөөгүй тул Ц ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Згийн аманд байрлах Э хотхоны 4 давхар амины орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газар дээр очиж өөрийн банк бус байгууллагын нэр дээр шилжүүлэн авсан. Тус эвлэрлийн гэрээг Ц ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхгүйгээр дур мэдэн өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна.

Улсын бүртгэлийн байгууллагаас миний зөвшөөрлийг авалгүйгээр шүүгчийн захирамжаар шууд өмчлөх эрхийг шилжүүлсэн нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлийн хэлбэрийг агуулж буй бөгөөд энэхүү Улсын бүртгэлийн байгууллагаас шууд Ц ХХК руу өмчлөх эрх шилжсэн хэлцэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд Ц ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Э хотхон, Згийн тойруу гудамж амины орон сууцны 000 тоотод байрлах, 726.99 м.кв талбайтай 4 давхар амины орон сууцыг Ц ХХК руу өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна.

1.2 Нэхэмжлэгч нь Б.Бтай тохиролцож Ц ХХК-аас авсан зээлийг Б.Б төлөх, Б.Бгын төлсөн 327,000,000 төгрөгөнд би 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс сарын 3 хувийн хүү тооцож өгөхөөр тохиролцож тооцоо нийлж аль аль нь гарын үсгээ зурсан. Үүний дагуу 4 давхар орон сууцны өмчлөх эрх Жи эс би капитал БББ ХХК-аас Б.Бгын нэр дээр 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шилжсэн. Тус амины орон сууц нь тусгай орц гарцтай тул давхар бүрээр нь улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж зарим хэсгийг нь зарж борлуулан Б.Бгын зээлийг төлөх талаар тохиролцсон. Гэвч Б.Б нь амины орон сууцыг өөрийн нэр дээр болгож авсны дараагаар орон сууцыг өөрийн өмч мэтээр Ж.Мыг орон сууцнаас хөөх, хямдхан зарахыг шаардаж 2,3 давхруудад амьдарч байна. Дээр дурдсанаар тус амины орон сууцны өмчлөх эрх надад байхгүй тул зарж борлуулж Б.Бгын зээлийг төлөх боломжгүй байна.

Энэхүү хэлцлээ амаар дараа нь бичгээр тооцоо нийлж хоёулаа гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд Б.Б нь Ж.Мы өмчлөлийн амины орон сууцыг худалдаж аваагүй, Ц ХХК-аас авсан гэж маргаан үүссэн. Ж.М, Б.Б нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Б.Бтай хийсэн тохиролцоо нь зээлийн харилцааг халхавчлах зорилгоор хийсэн уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийлллийг бий болгох зорилгыг агуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл тул Б.Бтай хийсэн энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна. Б.Б үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж аваагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.

Иймд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Згийн тойруу гудамж, Э хотхоны амины орон сууцны 000 тоотод байрлах 638.71 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй 4 давхар 638.71 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг Ц ХХК-д өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Ц ХХК-аас Б.Б руу Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Згийн тойруу, Э хотхоны амины орон сууцны 000 тоот 4 давхарт байрлах 726.99 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцааж өгөхийг шаардсан шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж тодруулсан.

1.3 Мөн Б.Б нь Ц ХХК-тай арилжааны гэрээ байгуулан үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан үйлдэл бус бидний хооронд амаар дараа нь бичгээр илэрхийлсэн хүсэл зориг нь бидний байгуулсан зээлийн гээрэг буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл болох өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл. Б.Б нь Ж.Мтай харилцан тохиролцсоны дагуу Ц ХХК-д төлөх Ж.Мы зээлийг төлж барагдуулснаар Ц ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулахдаа тохирсон үүргээ биелүүлсэн байтал Ц ХХК нь Ж.Мтай тохирсон зарчмаа зөрчин Б.Бд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн өгснийг, мөн Б.Б нь Ж.Мтай тохиролцсоны дагуу миний өр зээлийг төлсөн ч хэлсэн ярьснаа огт үндэслэлгүй үгүйсгэж үл хөдлөх эд хөрөнгийг авах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

2. Хариуцагч Ц ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Зээлдэгч Ж.М нь Ц ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ЗГ0301180115 дугаар зээлийн гэрээ, ЗБ0301180115 дугаар барьцааны гэрээ байгуулан 327,00,000 төгрөгийн зээл авсан. Тэрээр зээлийн төлөлтөө хугацаандаа биелүүлээгүй тул шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1225 дугаар захирамжаар талууд эвлэрч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Ж.М сайн дураар үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ж.М нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өөрийн барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцуулан Ц ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/23297 дугаар албан бичгээр барьцаа хөрөнгийг манай компанийн өмчлөлд шилжүүлж, ажиллагаа дуусгавар болсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Ж.Мы өөрийнх нь хүсэлтийн дагуу явагдсан. Ц ХХК нь шүүхээс гадуур дур мэдэн ажиллагаа явуулж барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлээгүй бөгөөд Ж.Мы хүсэлтийн дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу ажиллагаа дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн Б.Бгын тайлбар, татгалзлын агуулга:

3.1 2020 оны 4 сард Ж.М Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Згийн тойруу гудамж, Э хотхоны амины орон сууцны 000 тоотод байрлах, 638.71 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөө Ц ХХК-д 327,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиад алдчихсан, Б.Бгыг энэ үнээр нь худалдаад авчих гэж хэлсэн. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Ц ХХК-ийн өмчлөлд шилжсэн байсан. Ж.Мы хэлсний дагуу Ц ХХК-ийн удирдлагуудтай уулзаж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг арилжааны гэрээгээр шилжүүлэн авахаар харилцан тохиролцож 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 0584 дугаар арилжааны гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.

Уг арилжааны гэрээгээр Б.Б нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, хариу төлбөрт нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их монгол улсын гудамж, 207 дугаар байны 66 тоотод байрлах, 71.11 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг тухайн үеийн ханшаар 199,108,000 төгрөгт тооцож, үлдэгдэл төлбөрт RX350 маркийн суудлын автомашиныг тухайн үеийн ханшаар 47,000,000 төгрөгт, NX200 маркийн суудлын автомашиныг тухайн үеийн ханшаар 80,892,000 төгрөгт тус тус тооцож, Ц ХХК-д шилжүүлсэн.

Улмаар Б.Б тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан ба 90 хувийн гүйцэтгэлтэй байсан хөрөнгөд өөрийн зардлаар нэмэлт засвар үйлчилгээ хийж дуусган орон сууцны гэрчилгээг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шинэчилж авсан. Ц ХХК болон Б.Б нарын хооронд байгуулагдсан 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0584 дугаар арилжааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ.

Иймд талуудын хооронд байгуулагдсан уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгахаар шаардаж буй нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч Б.Бгын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

4.1 Ж.М нь маргааны зүйл болж буй хөрөнгийг Ц ХХК-д шилжүүлсэн хэрнээ тухайн барилгад амьдарч байгаа. Харин Б.Б нь уг үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг төлсөн атлаа уг байрандаа амьдарч чадахгүй байна. Иймд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Згийн тойруу гудамж, Э хотхоны амины орон сууцны 000 тоотод байрлах 1 давхрыг Ж.Мы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

5.1 Ц ХХК-д шилжүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Ц ХХК-д зээлийн төлбөрт бүр мөсөн шилжүүлж буй үйлдэл биш. Зээлээ төлсний дараагаар Ж.Мд шилжүүлэх ёстой тохиролцоо байсан.

Б.Бтай тохиролцсоны үндсэн дээр Ц ХХК-ийн эрх бүхий этгээдүүдтэй түүнийг уулзуулж зээлээ төлүүлсэн. Ц ХХК нь зээлийн гэрээгээр зээлсэн мөнгөө бүрэн хүлээн авсан, зээлийн харилцаа дуусгавар болсон. Б.Б руу маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн.

Талууд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ц ХХК-д Б.Бгын төлсөн 330,000,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс сарын 3 хувийн хүү тооцохоор тохиролцож, гарын үсэг зурж, баталгаажуулсан.

Ж.М нь Б.Бд итгэсний үндсэн дээр энэхүү тохиролцоо болохоос өмнө өөрийн Үлэмж тайж рейчерс ХХК-ийн 2,5 хувийн хувьцааг худалдсан болон Увс аймгийн Завхан сумын Ө нуурын хөвөөнд тусгай хамгаалалттай газрын аялал жуулчлалын зориулалттай 2.5 га газрыг Б.Бгын нэр дээр уг газрын гэрчилгээг шууд гаргуулж өгсөн. Сөрөг нэхэмжлэлд дурдаад буй шиг үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд алдчихсан гэж үзэх боломжгүй бөгөөд Ж.М Б.Бгыг банк бус санхүүгийн байгууллагын эрх бүхий хүмүүстэй уулзуулснаас биш өөрөө очиж уулзсан зүйл байхгүй. Худалдаад авчих гэж тохиролцоогүй буюу хэлээгүй, анхны тохиролцоо бол уг амины орон сууц нь тусдаа орц, гарцтай тул салган зарж борлуулж Б.Бгын банк бус санхүүгийн байгууллагад төлсөн төлбөрийг барагдуулах зорилго байсан.

5.2 Үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч нь маргаангүй Б.Б гэж үзэж болохгүй. Ц ХХК-ийн өмчлөгч биш болохыг Б.Б тухайн үед мэдэж байсан тул өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.4, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Ц ХХК нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ж.Мын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Згийн тойруу гудамж, Э хотхоны амины орон сууцны 000 тоотод байрлах, 638.71 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй 4 давхар үл хөдлөх эд хөрөнгийг Ц ХХК өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Ц ХХК-аас Б.Б руу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Згийн тойруу гудамж, Э хотхоны амины орон сууцны 000 тоотод байрлах 4 давхар 726.99 м.кв талбай бүхий 100 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцааж өгөхийг Ц ХХК, Б.Б нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Згийн тойруу гудамж, Э хотхоны амины орон сууцны 000 тоотод байрлах, 638.71 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй 4 давхар үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөхийг Ж.Мд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг, хариуцагч Б.Бас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Ж.Маас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Бд олгож шийдвэрлэсэн байна.

 

7. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1 Нэхэмжлэгч нь Ц ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Згийн тойруу гудамж, Э хотхоны Амины Орон Сууцны 000 тоот хаягт байршилтай, 726.99 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг Ц ХХК-д өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан. Ц ХХК нь маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг Улсын бүртгэлийн байгууллага дээр очиж өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Өөрөөр хэлбэл, Ц ХХК нь шүүгчийн захирамжид дурдсан хугацаанд төлбөрийг төлөх боломж олголгүйгээр шууд өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Шүүгчийн захирамж биелэгдээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөрийг барагдуулах бүрэн боломжтой байсан. Хуулийн хориглох хэм хэмжээг зөрчиж буюу хууль зөрчиж миний өмчлөх эрхийг авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл гэж тодорхойлсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Ц ХХК-д үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлсэн үйлдэл нь анхнаасаа үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хэлбэрийг агуулсан хэлцэл гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгөө Ц ХХК-д шилжүүлэх хүсэл зориг анхнаасаа байгаагүй, эрх зүйн бус үндэслэл буюу сэтгэл хөдлөлд тулгуурлан хүсэл зоригоо илэрхийлсэн байдал нь хожим нь зайлшгүй илэрнэ гэж үндэслэл муутайгаар тооцоолсон субьектив санаанаас үүссэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлж тодруулсан. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан үндэслэлээр бус урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар хэрэгсэхгүй болгосон.

7.2 Ц ХХК-ийн зүгээс Ж.Мд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь таны хөрөнгийг дуудлага худалдаагаар зарж борлуулна, зээлээ төлүүлэх хүнээ авч ирээд зээлээ төлүүлээд манайхаас эргүүлж үл хөдлөх хөрөнгөө ав, энэ хооронд бид таны үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдахгүй, хадгалж байна гэж харилцан тохиролцсон. Энэ талаар би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж өгсөн хүсэлтдээ төлбөр авагч Ц ХХК-тай харилцан тохиролцож гэдэг агуулга бичсэн. Зээлээ төлөх бусад этгээдээрээ өөрийн зээлээ төлсөн тохиолдолд миний үл хөдлөх хөрөнгийг надад эргүүлэн шилжүүлэн өгөх Ц ХХК-ийн хүсэл зоригийг би хүлээн зөвшөөрсөн.

Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж өгсөн миний хүсэлтийн агуулгад дүн шинжилгээ хийгээгүй, гагцхүү итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан миний хүсэлтэд тулгуурлан дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Миний хувьд анхнаасаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан хүсэлтдээ үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэх хүсэл зориг байгаагүйн дээр Ц ХХК-ийн ятгалгад орж энэхүү хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж өгсөн үйлдэл нь хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл гэж үзэх боломжгүй юм.

7.3 Ц ХХК нь Ж.Мы зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрийн нэр дээр шилжүүлсэн гэх үндэслэлээр буюу хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар анх нэхэмжлэлд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад Ж.Мы гаргаж өгсөн хүсэлт буюу нотлох баримтад тулгуурлан үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Энэхүү тодруулга нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж буй үйлдэл биш нэхэмжлэлийн хэлбэрээ өөрчилсөн бөгөөд маргааны зүйл болж буй үл хөдлөх хөрөнгийг анхнаасаа Ц ХХК-д шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, зээлийн харилцааг дуусгавар болгохын тулд ББСБ-ын нэр дээр нь түр шилжүүлж, эргүүлж өөрийн нэр дээр шилжүүлж авах болзолтойгоор хийсэн хүсэл зоригийн илэрхийлэл нь анхнаасаа үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл юм.

7.4 Ц ХХК-аас Б.Б руу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцааж өгөхийг шаардсан.

Б.Бтай харилцан тохиролцож Ц ХХК-аас авсан миний зээлийн төлбөрийг Б.Б өөрийн эд хөрөнгөөрөө хаасан. Энэхүү эд хөрөнгөөрөө хаасан төлбөрийг миний бие тодорхой хүүтэйгээр Б.Бд эргүүлэн төлөх тохиролцоо байсан. Зээлийн гэрээ байгуулах байтал бид байгуулахгүйгээр амаар, дараа нь бичгээр хийсэн үйлдэл нь зээлийн гэрээг буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлсон.

Ж.Мы Ц ХХК-иас авсан зээлийг Б.Б төлөх, Ж.М нь Б.Бд зээлийн төлбөрт 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ц ХХК-д төлсөн 327,000,000 төгрөгт хүү тооцож өгөхөөр 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлж гарын үсгээ зурсан. Энэ нь Ж.Мы зээлийг төлөхийн тулд буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүсэл зоригийн илэрхийлэл буюу иргэний эрх, үүргийг үүсгэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэдийн үйлдэл. Өөрөөр хэлбэл, Ж.Мы зээлийг төлөхийг Б.Б зөвшөөрсөн, Ж.М нь Б.Бгын төлсөн зээлд хүү тооцож өгөх зэргээр харилцан бие биедээ туслах зорилго байсан бөгөөд энэ талаар талууд энэхүү хэлцлийг хийх хүсэл эрмэлзэлгүйгээр, Ж.Мы зээлийн төлбөрийг барагдуулахын тулд Б.Бгын төлсөн төлбөрийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж байгаа Б.Б, халхавчлуулж байгаа Ж.М нар хэлцэл хийгдсэнээр бий болдог зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн дүр үзүүлэн хийсэн хэлцлийн нэг төрөл.

7.5 Анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн баримт болон и-мэйлд үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн. Энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаагүй, арилжааны гэрээ нь Ж.М, Б.Б нарын хооронд байгуулсан гэж буруу дүгнэсэн. Ж.Мы хувьд өөрийн эзэмшдэг Үлэмж тайж ричерсХХК-ийн 2,5 хувийн хувьцааг 2017 онд эзэмшүүлсэн, түүнчлэн Ө нуур резорт ХХК-ийг 2015 онд үүсгэн байгуулж 90 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Бгыг бүртгүүлж Увс аймгийн Ө нуурын баруун урд Г хоолойн хойд хэсэгт Аялал жуулчлалын цогцолбор байгуулах зориулалтаар 2,5 га газрын эзэмших эрхийг 40 жилийн хугацаатай авч өгсөн. Энэхүү баримтаа нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтын шаардлага хангаж гаргаж өгсөн.

7.6 Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг худалдах зорилгогүй, Ц ХХК-аас авсан зээлээ төлүүлэх зорилготой, маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг зарж зээлийн төлбөрийг төлөх зорилготой хийгдсэн гэж тайлбарлаж байх хэдий ч нэхэмжлэгч энэ талаар баримтаар нотолж чадаагүй байна.

7.7 Ж.Мы хувьд болсон үйлдлийг үнэн зөв илэрхийлж тайлбарласан бөгөөд хариуцагчид болон түүний төлөөлөгч нарын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй. Хариуцагч Б.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөгчийн зүгээс Ж.М Б.Б нарын тооцоо нийлсэн баримт, Б.Бгын Ж.М руу бичсэн и-мэйлд ямар нэгэн тайлбар хийдэггүй тул уг тооцоо нийлсэн баримт болон и-мэйлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

7.8 Сөрөг нэхэмжлэлийн тухайд Б.Б нь маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн дагуу, шударгаар олж авсан эсэх талаар дүгнэлт хийх нь чухал. Ц ХХК-аас Ж.Мы авсан зээлийн төлбөрийг Б.Б төлсөн, энэ талаар аль аль нь маргаагүй, дээр дурдсан зээлийн төлбөрийг төлсөн төлбөрт хүү тооцох тооцооны бичиг, и-мэйл зэрэг нь Б.Б нь тухайн үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авсан гэхэд эргэлзээтэй. Ц ХХК-тай арилжааны гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн зүйлээ Ц ХХК-д шилжүүлж, түүний оронд Ж.Мы өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Худалдагч буюу Ц ХХК нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Гэвч тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн зөрчилтэй хөрөнгө гэж үзэх боломжтой.

Б.Бгыг тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэх боломжгүй. Учир нь, Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэжээ. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь Ж.Мы нэрээс Ц ХХК руу уг компанитай харилцан тохиролцож өмчлөх эрх шилжсэн, өмчлөх эрхийг Ц ХХК нь зээлийн төлбөрийг төлж барагдуулсан тохиолдолд эргэж Ж.Мы нэр рүү шилжүүлэх талаар Б.Б нь мэдэж байсан тул өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх боломжгүй. Ж.М нь бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглаагүй. Ж.М нь Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч юм.

Б.Б нь анхнаасаа Ж.Мы хүсэл зоригийн дагуу хууль ёсоор маргааны зүйл болж буй үл хөдлөх хөрөнгийг эзэмшилдээ аваагүй бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар Ж.М мөн адил шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх дуусгавар болох боловч энэхүү тохиолдолд миний өмчлөх эрх дуусгавар болоогүй гэж үзэж байна. Учир нь дээр дурдсан үндсэн нэхэмжлэлийн дагуу миний өмчлөх эрх дуусгавар болоогүй. Б.Б нь арилжааны гэрээний дагуу өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч өмчлөх эрхийг хуулийн дагуу, шударгаар олж аваагүй тул Б.Бгын өмчлөгчөөр бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээг үнэн зөв гэж үзэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т зааснаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт буюу үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар өөрчлөлт оруулан, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. Өөрөөр хэлбэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч Ц ХХК давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Б.Бгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

9.1 Ц ХХК, Ж.М нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгосон шүүгчийн захирамжаар Ж.Маас 327,000,000 төгрөгийг гаргуулж, Ц ХХК-д олгож үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсэхэд Ж.М хүсэл зоригоо илэрхийлсэн. Иргэний хуулийн 39, 40, 41 дүгээр зүйлд зааснаар нэг тал хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл гэж үзэж байна. Хүсэл зоригийг тайлбарлахдаа үгийн шууд утгыг хардаг. Ж.Мы Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан албан бичигт харилцан тохиролцож, төлбөрт тооцуулах хүсэлттэй байна гэж тусгагдсан. Харин буцаан үл хөдлөх эд хөрөнгөө авна гэсэн утга илэрхийлэгдээгүй. Тус агуулгын хүрээнд хөрөнгийг шилжүүлэн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол хүчин төгөлдөр байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар талууд тохиролцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолд гомдол гаргах эрхгүй байхаар зохицуулсан. Энэхүү хөрөнгө Ц ХХК-д шилжсэн нь тэдгээрийн хүсэл зоригийн дагуу эцэслэгдэн шийдвэрлэгдсэн асуудал гэж харж байна.

9.2 Ц ХХК, Б.Бгын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан. Тухайн хэлцэл нь хэлцлийн оролцогч талуудад ямар нэгэн эрх үүрэг хүлээлгэхгүй, үр дагавар бий болгохгүй, тухайн хэлцлээр халхавчлагдсан өөр хэлцэл байх, халхавчлагдсан хэлцэл нь халхавчилсан хэлцэл байгуулсан талуудын хооронд байгуулагдсан байх гэсэн үндсэн 3 шинжийг агуулсан тохиолдолд халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх боломжтой. Арилжааны гэрээг байгуулахад Б.Б өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууц болон 2 ширхэг автомашиныг шилжүүлэн өгсөн. Өөрийн бүх хөрөнгийг хүний өрийг дарахын тулд өгөх боломжгүй. Тийм хүсэл зориг байгаагүй, байх боломжгүй.

9.3 Түүнчлэн, тухайн үл хөдлөх эд хөрөнгөө банк бус санхүүгийн байгууллага руу шилжүүлсэн цаг хугацаанд Б.Б Америкийн нэгдсэн улсад байсан. Монгол Улсад ирсний дараагаар Ж.М уулзаж, банк бус санхүүгийн байгууллагад хөрөнгөө алдах гээд байна, чи очоод авчих гэсэн. Түүний дагуу өөрт байгаа бүх хөрөнгөө харилцан шилжүүлж авсан. Харин надад үл хөдлөх эд хөрөнгийг минь аваад өг гэж яригдаагүй. Тэгж тохиролцсон бол Б.Б үл хөдлөх эд хөрөнгийг авахгүй байсан. Б.Б үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авсны дараагаар Ж.М зараад, өгөх ёстой мөнгөө өгөөд үлдсэн хэсгээ өөрөө авъя гэсэн тул тус тохиролцооны бичиг бичигдсэн. Гэвч Ж.Мы залилсан гэж гүтгэсэн үйлдэлтэй холбоотойгоор тохиролцоо хэрэгжих боломжгүй болсон. Хариуцагч Б.Б үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны дагуу өмчилж байгаа гэдэг нь гарцаагүй үнэн.

9.4 Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгч өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахдаа хууль ёсны өмчлөгч байхыг л шаарддаг. Харин эзэмшдэг болсноор бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаж байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Ц ХХК, Б.Б нарт холбогдуулан Ж.Мы Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Згийн тойруу гудамж, Э хотхоны амины орон сууцны 000 тоот хаягт байрлах, 638.71 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй, 4 давхар үл хөдлөх эд хөрөнгийг Ц ХХК-д өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Ц ХХК-аас Б.Б руу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцааж өгөхийг Ц ХХК, Б.Б нарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан. Хариуцагч Б.Б нь Ж.Мы хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрсөн.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулах хүсэлт гаргажээ. /хх 71/ Шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2022/08244 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. /хх 83-84/

3.1 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг ...үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн дэлгэрэнгүй лавлагаа болон хариуцагч Б.Бгын нэр дээр бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг гаргуулах хүсэлтийг хангах шаардлагагүй байх ба дээрх баримтуудыг хариуцагч Б.Б хариу тайлбарын хамт ирүүлсэн байна гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн нотлох баримт цуглуулах, шүүхээр нотлох баримт бүрдүүлэх болон талуудын мэтгэлцэх буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох эрхийг зөрчсөн байна.

Тодруулбал, талууд үл хөдлөх эд хөрөнгө бусдад шилжсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаж буй тохиолдолд маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн талаарх улсын бүртгэлийн байгууллага дахь дэлгэрэнгүй лавлагаа болон түүнтэй холбоотой баримт хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаарх эрхийн улсын бүртгэлийн лавлагаа болон гэрчилгээ зэргээр үл хөдлөх эд хөрөнгө шилжсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдлыг дүгнэхэд хангалттай гэж үзэж боломжгүй. /хх 67, 178-180/

4. Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэрэгжүүлээгүй, дутуу бүрдүүлснийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/02537 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН