Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01254

 

 

 

 

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01254

 

 

 

                                    Х.Бын нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/01396 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Бын хариуцагч ИЭС ХХН, СХК ХХН-д холбогдуулан гаргасан ногдол ашиг 288 908 158 төгрөг, нөхөрлөлийн үйлчлүүлэгчийн 15 хувийн мэдээлэл буюу иргэн, хуулийн этгээдийн нэр, байгуулсан гэрээг тус тус гаргуулах үндсэн, зээлийн гэрээний үүрэгт 51 700 000 төгрөг, ногдол ашигт шилжүүлсэн 38 500 522 төгрөг, компьютерийн үнэ 2 062 868 төгрөг, ажлын цахим мэдээлэл, бичиг баримт гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, С.Халиунаа, хариуцагч ИЭС ХХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, өмгөөлөгч С.Энхбат, хариуцагч СХК ХХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцсон.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ИЭС ХХН-ийг 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүсгэн байгуулагдах үед Б.Б 66.25 хувь, Н.Т 7.5 хувь, Х.Б 7.5 хувь, Э.Э 11.25 хувь, Э.Ч 7.5 хувийг тус тус эзэмшиж нийт 20 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Дүрмийн санг бүрдүүлэхэд Х.Б 1 500 000 төгрөг, Э.Энэбиш 2 250 000 төгрөг төлсөн. 2014 оны 7 дугаар сард Э.Э ........ ажиллах болсонтой холбоотойгоор нөхөрлөлөөс гарч, өөрийн эзэмшлийн хувийн 7.5 хувийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. 2014 оны 07 дугаар сараас эхлэн Х.Бын эзэмшил хувь 15 хувь болсон. 2014 оноос хойш нөхөрлөлийн хувь эзэмшилд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хувь нийлүүлэгчийн тоо 3 нэмэгдэж, нийт гишүүдийн тоо 6 болсон. Б.Бын хувьд залуучууд бидэнтэй нөхөрлөлийг анх үүсгэн байгуулахдаа, өөрийн хуримтлуулсан туршлага, үйлчлүүлэгч гээд олон зүйлээр давуу байсан тул анхнаасаа өндөр хувийг эзэмшихээр харилцан тохиролцсон. Нөхөрлөл ашигтай ажилласан үед эзэмшиж байгаа хувь, оролцоондоо тулгуурлан ашиг хуваарилах зарчмыг анх үүсгэн байгуулахдаа тохиролцсон. 2013 оны 11 сараас 2016 оны 12 сар хүртэл хугацаанд цалин сар бүр, гар дээр 2 000 000 төгрөг, 2017 оны 1 сараас 2019 оны 4 сар хүртэл хугацаанд 2 500 000 төгрөг, 2019 оны 4 сараас 3 000 000 төгрөг байсан. Илүү цаг, амралтын өдөр, ажилласан хэргийн урамшуулал гэж ямар нэгэн нэмэгдэл цалин хөлс тооцон олгож байгаагүй ба 2014 оны 12 дугаар сард оны шилдэг ажилтан гэж нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөөр шагнуулж байсан. Хэрэв ашиг авдаггүй, зөвхөн цалин авахаар тохирсон бол ийм бага цалингаар ажиллахгүй байсан. Нэхэмжлэгч нөхөрлөлийн гишүүний хувиар ямар нэгэн ногдол ашиг авч байгаагүй бөгөөд энэ талаар Б.Баас 2015 оноос эхлэн тодруулахад нөхөрлөлийн эдийн засаг хүнд байна, заримдаа цалингаа тавьж чадахгүй байгаа, боломж гарахаар залуучуудаа дэмжинэ гэж янз бүрийн бэрхшээл хэлдэг байсан ба нэхэмжлэгч итгэж явсан. Б.Бтай санхүүгийн асуудал ярихад 2015-2016 онд “байр өгнө” гэж амлаад хэд хэдэн байр үзүүлж, нэг байранд нь хэсэг хугацаанд амьдарсан. Гэтэл нэг өдөр “байр өгөх бүтэхгүй боллоо” зээлээр байраа авчих, нөхөрлөлөөс байрны зээлийг нь цувуулаад шийдэж өгнө гэж хэлж байсан ч сүүлдээ аль аль нь худлаа болсон. Б.Б нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа бусад гишүүддээ нөхөрлөлийн санхүү болон үйл ажиллагааны тайланг нэг ч удаа танилцуулж байгаагүй. 2017 оноос эхлэн нөхөрлөлийн гишүүн Б.Б, Н.Т нарт цахимаар захидал бичиж, нөхөрлөл ашигтай ажиллаж байгаа эсэх, хэрэв ашиггүй ажиллаж байгаа бол уг хүндрэлийг хэрхэн даван туулах талаар нөхөрлөлийн гишүүдэд танилцуулах талаар бичиж байсан. Нэхэмжлэгч байрны асуудлаа шийдэхээр зээл авахаар Б.Баас нэг удаа 47 000 000 төгрөгийг 2016 онд буцалтгүй тусламж гэж өгснийг “сайн ажиллаж байгаа гэж тусалсан эсхүл ногдол ашгийг өгч байна уу" гэж бодож, Б.Бт талархаж байсан. Баянзүрх дүүргийн байрыг нөхөрлөлийн гишүүн Б.Нгийн урьдчилгааг нөхөрлөлөөс төлж, түүнд шилжүүлсэн ба Х.Быг шинээр байр авахад 47 000 000 төгрөг өгсөн. Гэвч 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нөхөрлөлөөс гаргах шийдвэрийг гаргасан талаар Б.Бт хэлэхэд 2016 онд өгсөн төлбөр нь зээл байсан гэж мэдэгдсэн. Өнгөрсөн хугацааны нөхөрлөлийн санхүүгийн тайлан, баримт бичигтэй танилцах, ногдол ашиг болон оруулсан хөрөнгийг хэрхэн хуваарилах асуудлыг нөхөрлөлийн гишүүдэд 2019 оны 12 сарын 15-ны өдөр мэдэгдсэн. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нөхөрлөлийн 6 гишүүнд санхүүгийн тайланг танилцуулан, ногдол ашиг хуваарилах эсэх тухай хурал болсон. Тус хурлаар нөхөрлөл 2014 онд цэвэр ашиг /татварын дараах/ 117 196 830 төгрөг, 2015 онд 558 485 790 төгрөг, 2016 онд 1 127 812 526, 2017 онд 272 831 776 төгрөг, 2018 онд 322 271 467 төгрөг, нийт 2 398 598 389 төгрөгийн ашигтай ажилласан талаар танилцуулсан. Нөхөрлөлийн ашгаас Б.Б жил бүр 2014 онд 101 295 500 төгрөг, 2016 онд 101 537 900 төгрөг, 2017 онд 97 727 700 төгрөг, 2018 онд 65 660 500 төгрөг, нийт авсан ашиг 366 221 600 төгрөг байсан ба үлдсэн цэвэр ашиг 2 032 378 389 төгрөг байсан. Үүнийг нэхэмжлэгч мэдээд их гайхаж гомдсон. Байнга алдагдалтай, хэцүү байна гэдэг байсан атлаа ашигтай ажиллаад, нөхөрлөлийн ашгийг хуваарилахгүй бусад гишүүддээ огт мэдэгдэлгүй, зөвхөн өөртөө ашиг хуваарилан авч байсан нь ил болсон. Нөхөрлөлийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хурал дээр Х.Бд олгох ногдол ашгийг 2 хувилбараар тооцон, өрөнд орох тооцоо гаргаж танилцуулсан. Хамгийн өндөр ашигтай жил буюу 2016 оны хуримтлагдсан 1 127 812 526 төгрөгийн ашгийг Б.Б хуваахгүй, оруулахгүй гэсэн тул тэрхүү ашгаас авахгүй байх. Тус ашигтай ажилласан жил нь “МCS” ХХК-ийн иргэний хэргийн шүүх дээрх 35 тэрбум төгрөгийн маргаан, эрүүгийн хэргийн 11 тэрбумын хэрэг байдаг бөгөөд нэхэмжлэгч үүнээс татгалзая гэсэн. 2014-2015, 2017-2018 оны 4 жилийн хуримтлагдсан ашиг 1 270 785 863 төгрөгийн 15 хувь болох 190 617 879 төгрөгийг хуваарилахыг хүсч, түүнээс байрны урьдчилгаанд өгсөн 47 000 000 төгрөгийг хасаад 143 617 879 төгрөгийг боломжит хугацаанд хувааж төлөх гэсэн санал тавьсан. Гэвч Б.Бын зүгээс бодит байдал дээр ийм хэмжээний мөнгө байхгүй гэдэг тайлбарыг хэлдэг. Мөн тухайн үед хуримтлагдсан мөнгөөрөө нөхөрлөлд машин, компьютер зэрэг эд хөрөнгө аваад дууссан гэх тайлбарыг хэлсэн. Нягтлан бодогчийн зүгээс эдгээр хөрөнгө нь нөхөрлөлийн хөрөнгө гэж бүртгэгдээд, дээрээс нь элэгдэл тооцоод зардлаа бууруулаад явдаг гэсэн тайлбарыг хэлсэн. Иймд нөхөрлөлөөс гарахад ямар нэгэн хөрөнгийг хуваарилахгүй тул өөрийн ногдол ашгаа мөнгөн хэлбэрээр авах, улмаар уг асуудлыг Х.Быг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсч хурлаас гарсан. Гэвч 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн захидалд ногдол ашгийг 70 000 000 төгрөгөөр тооцон түүнээс зээлсэн гэх 47 000 000 төгрөгийг хасаад 23 000 000 төгрөг өгөхөөр болсон тухай мэдэгдсэн. Мөн 2020 оны 1 дүгээр сарын 15-нд гаргасан дээрх шийдвэртээ өөрчлөлт оруулж ногдол ашгийг 100 000 000 төгрөгөөр тооцон өгөхөөр болсон гэж мөн мэдэгдсэн. 2020 оны 1 дүгээр сарын 27-нд мөн дахин өөр шийдвэр гаргаж ногдол ашгийг 70 881 600 төгрөг гэж танилцуулсан. 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурлын шийдвэр, хурлын тэмдэглэлтэй танилцуулахад 6 дугаар хэсэгт Б.Бын авсан ногдол ашигтай хувь тэнцүүлэн тооцож 70 881 600 төгрөг олгохоор шийдвэрлэж, 4 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан олгох тухай заасан байсан. Хамгийн сүүлийн байдлаар 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 70 881 600 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 2019 оны ногдол ашгийг тооцон 13 737 260 төгрөг тус тус олгосон. Ажлаас гарахад ямар нэгэн эд хөрөнгө хуваарилан өгөөгүй, хэрэглэж байсан утасны дугаар, нөүтбүүк гээд 6 жил ашигласан 2 хөрөнгөө буцаан шаардсан. Утасны дугаарыг өгсөн ба одоогоор шинээр орсон ажлаас компьютер өгөх хүртэл түр хэрэглэж байя гэж нөүтбүүкийг гуйж хэрэглэж байгаа. Хуримтлуулсан мөнгөөрөө хөрөнгө авдаг гэдэг боловч энэ нь нөхөрлөлийн гишүүн нэртэй боловч ажиллаж байгаа хүмүүст ямар ч хамааралгүй Б.Бын хөрөнгө болж үлддэг. Тиймээс 2014-2018 оны хугацаанд ажиллах үед хуримтлагдсан цэвэр ашгаас өөрт ногдох буюу 15 хувьд ногдох ашгийг дараах байдлаар тооцон нэхэмжилж байна. 2014-2018 оны нийт цэвэр ашиг 2 398 598 389 төгрөг *15%= 359 789 758 төгрөг, 359 789 758 төгрөг- 70 881 600 төгрөг (4.1-нд авсан НА)=288 908 158 төгрөг, 288 908 158 төгрөг – 47 000 000 (байрны урьдчилгаанд авсан) = 241 908 158 төгрөг болно. Иймд ИЭС ХХН-өөс ногдол ашиг 241 908 158 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2018 оны 12 дугаар сард болсон уулзалт, хурал дээр Б.Б өмгөөлөгчийн зүгээс нөхөрлөлийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байхдаа 2016 онд олгосон тусламж 47 000 000 төгрөгийг хожим маргасан үедээ зээл байсан гэж төлөх төлбөрөөс хасуулахаар шаардсан саналыг нь зөвшөөрсөн. Б.Б аман шийдвэрээрээ 47 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, тусламж гэдгийг тодотгосон баримтыг банкинд үйлдэж өгсөн. Олгосон тусламжаа зээл мэтээр тайлбарлан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул 47 000 000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлээгүй, хариуцагч нарын төлбөл зохих төлбөрөөс хасч тооцсон нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд нөхөрлөл, түүнийг төлөөлж Б.Бын 2016 онд нэхэмжлэгчид 47 000 000 төгрөгийн тусламж олгохоор шийдсэн хүсэл зориг нь хожим талууд маргасан эсэхээс үл хамааран хүчин төгөлдөр учир нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ 47 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагч нараас нийт 288 908 158 төгрөгийг гаргуулж өгнө үү.

ИЭС ХХН-с гарах хүсэлтээ бие даан гаргаж 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар ИЭС ХХН-ийн Бүх гишүүдийн ээлжит бус хурлаар нөхөрлөлийн гишүүнээс чөлөөлсөн. Ингэхдээ нөхөрлөлийн үйлчлүүлэгчийн нийт мэдээллээс миний эзэмшиж буй 15 хувьд нийцэх үйлчлүүлэгчийн мэдээллийг гаргаж өгөөгүй. Нөхөрлөлөөс гишүүн гарахад тухайн гишүүнд хэдэн үйлчлүүлэгч ногдохыг гишүүний эзэмшиж байгаа хувь, нийт үйлчлүүлэгчийн тоотой харьцуулан гаргах боломжтой. Нөхөрлөл энэ ажиллагааг явуулаагүй, шийдвэрлээгүй учир өөрт ногдох үйлчлүүлэгчийн мэдээллээ хуваарилан гаргуулахын тулд 2019 оны 12 сар хүртэлх хугацаанд хариуцагчийн үйлчлүүлэгч байсан, одоо үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийн нэрсийг хариуцагч нараас гаргуулж, тухайн үйлчлүүлэгч нараас миний үйлчлүүлэгч байхыг зөвшөөрсөн иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг тооцон хариуцагч нараас нэхэмжилж байна. Хариуцагч нэхэмжлэлээс зайлсхийх, төлбөр төлөхгүй байх, хариуцагч нөхөрлөлийг төлбөрийн чадваргүй болгох зорилгоор СХК ХХН-ийг шинээр байгуулсан. Хариуцагч ИЭС ХХН нь үйлчлүүлэгчидтэйгээ байгуулсан хууль зүйн үйлчилгээний гэрээгээ СХК ХХН шинэчлэн байгуулах, улмаар үйлчлүүлэгч нараас авлага, үйлчилгээний хөлсөө шинэ нөхөрлөлөөр хүлээн авах санал, мэдэгдлийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүргүүлж, мөн ажилтнуудаа шинэ нөхөрлөл рүү шилжүүлэн ажиллуулах алхмыг хийж байна. СХК ХХН нь тус нөхөрлөлөөс үл хамааран шинээр байгуулагдаж буй хуулийн фирм бус, нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон төлбөр төлөхөөс зайлсхийж дээрх арга, ажиллагаа явуулахын тулд тус хуулийн фирмийг байгуулсан, хариуцагчийн бүтцийн өөрчлөлт, үйл ажиллагааны үргэлжлэл гэж үзэн хамтран хариуцагчаар татаж байна. Иймд ИЭС ХХН, СХК ХХН-ийн нийт үйлчлүүлэгчийн мэдээллээс миний нөхөрлөлд эзэмшиж байсан 15 хувьд ногдох үйлчлүүлэгчийн мэдээлэл /үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр, байгуулсан гэрээ/-ийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ИЭС ХХН-ийн шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “ЭЗЭЗЗ” ХХК-ийн үүсгэн байгуулагч 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Бын хуульчийн мэргэжлийн болон 13 жилийн өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан туршлага, ажил хэргийн нэр хүндэд тулгуурлан, түүний компанийн худалдан авсан байр, оффисын тавилга, тоног төхөөрөмж, эдийн болон мөнгөн хөрөнгөнд үндэслэн Б.Б 70 хувийн хувь бусад гишүүд 30 хувийг эзэмшихээр 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр Х.Б нь нөхөрлөлд 1 500 000 төгрөгийн хөрөнгө оруулж, 2014 оны 7 дугаар сард Э.Энэбишээс 1 500 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг бэлгэнд авч, нийтдээ 3 000 000 төгрөгийн 15 хувь эзэмшигч болсон. Нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээг нөхөрлөлийн албан ёсны хаяг өөрчлөгдсөн учир 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус шинэчлэн баталж улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Х.Бын нэхэмжлэлийн шаардлага нь тус нөхөрлөлийн 2014-2018 оны үйл ажиллагааны ногдол ашиг авах цаг хугацаагаар хязгаарлагдаж байгаа тул манай нөхөрлөлийн дээр дурдсан 4 удаагийн Нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээний заалтууд хамаарч байна. Нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар Б.Быг сонгож, гишүүд хөдөлмөрийн гэрээ байгуулан, нөхөрлөлийн дотоод журмын дагуу бүтэц зохион байгуулалтанд нийцүүлэн тогтоосон цалин хөлсний жишгээр ажиллаж байсан. Нөхөрлөл нь хөдөлмөрийн гэрээний дагуу гишүүд болон бусад хуульч, ажилчдын цалин хөлсийг тогтоосон цаг хугацаанд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулан, нөхөрлөлийн өмч болох утас, компьютерыг ажил албаны хэрэгцээнд нь зориулан олгож, хуульч, эрх зүйч нарын цалин хангамж, нийгмийн асуудалд аль болох дэмжлэг үзүүлж, хуулийн номын сан байгуулан ажлын тав тухтай таатай орчинг бүрдүүлсэн. Эдгээр нь ганц Б.Бын өмч хөрөнгө болж үлдэнэ гэдэг нь боломжгүй зүйл бөгөөд одоогийн болон ирээдүйн олон хуульч, өмгөөлөгч, эрх зүйч нарын ажил амьдралын баталгаа болж үлдэнэ. Нөхөрлөлийн үйл ажиллагааны алсын хараа, эрхэм зорилго бол дэлхийн түвшинд хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэх хуульчдын баг бүрдүүлэх явдал бөгөөд энэ томьёоллоор хэдхэн гишүүн үйл ажиллагааны орлогыг хуваан хүртэх бус, харин нөхөрлөлийн бүх хүмүүст нийтээрээ хүртээмжтэй ажлын байрны орчин нөхцөл бүрдүүлэх, ажлын цар хүрээг нэмэх, хуульчдын бие хүний өсөх дэвших боловсролд дэмжлэг үзүүлэхэд анхаарч хичээл зүтгэл гаргаж байсан. Иймд хэний ч албадлага, ятгалгаар бус өөрсдийн хүсэл зоригоор гэрээнд зааснаар Х.Б нь нөхөрлөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан, нөхөрлөлийн бусад хуульч, эрх зүйч нараас харьцангуй өндөр, тодорхой цаг хугацаанд нэмэгдэж байсан цалин хөлс авч байсан атлаа бага цалин гэж үзэж ажиллахгүй байх байсан тухай нэхэмжлэлд дурдсан нь үндэслэлгүй. Нөхөрлөлийн ажлын байр нэмэгдэж 30 орчим эрх зүйч, хуульч нар ажиллах болсноор 2014 оноос оффисын шинэ байранд нүүж, засвар тохижилт, тавилга, ширээ сандал, компьютер цахим харилцааны иж бүрэн тоног төхөөрөмж худалдан авч, ажилчдын цалин хөлс, бусад хангамж, гадаад дотоод томилолт, сургалт, хуульчдын форум зэрэг аж ахуйн болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх олон төрлийн ажилд нөхөрлөлийн үйл ажиллагааны орлогын ихэнх хэсэг зарцуулагдаж жилийн эцсийн тайлан балансад өндөр ашиг орлоготой мэт харагдавч касс болон дансанд бэлэн мөнгөний хуримтлал бага байсан. Үйл ажиллагааны зардал өсч, эдийн засгийн хямрал тохиолдсон цаг үеийн байдлаас нөхөрлөлийн ажилчдын цалин хөлс тавих цаг хугацаа хойшлогдоход хүрч байсны улмаас гүйцэтгэх захирал Б.Б нөхөрлөлийн нэр дээр төдийгүй өөрөө хувийн зээл авах хүндрэл хүртэл үүсч байсан. Нэхэмжлэлд бичсэн үйл баримт бодит амьдралд санхүүгийн баримт бүрдүүлэх шаардлагаар бэлэн мөнгөний зардалд бичигдсэн утгаар тодорхойлогдсон гэдгийг Х.Б сайн мэдэж байсан. Нөхөрлөлд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга эд зүйлс, ажилчдын сургалт томилолт, шагнал урамшууллын мөнгийг санхүүгээс бэлнээр гаргах тохиолдолд Б.Бт ногдол ашгийн урьдчилгаа гэх утгаар, дараа тооцоо хийх зорилгоор баримт бүрдүүлж байсан нь ийм ойлголт өгөхөд хүргэсэн байна. Нөхөрлөлийн гэрээний 5.2, 5.4-д заасан гүйцэтгэх захирлын эрх үүргийг хэрэгжүүлэхэд яаралтай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд санхүүгийн баримтыг бүрдүүлсэн гэх тайлбарыг бүх гишүүдийн хуралд Б.Б хийснийг нөхөрлөлийн хуульч ажилчдын тансаг хэрэглээ тавлаг орчинд хамт ажиллаж нэг зорилгын төлөө явж байсныхаа хувьд нэхэмжлэгч ойлгоогүй гэх үндэслэл байхгүй. Нөхөрлөлийн гишүүдийн хуралд танилцуулсан орлогын дэлгэрэнгүй тайланд тухайн жилийн авах ёстой гэж үзсэн авлага орж бүртгэгдсэн нь их дүнтэй ашиг, мөнгөний дүн болж харагдаж байгааг албан ёсны санхүүгийн тайланд татварын болон нийгмийн даатгалын шимтгэл хураамжийн үлдэгдэл өр болон нөхөрлөлийн дансанд болон касст бэлэн мөнгөний үлдэгдэл тусгагдсан байдлаар бодит бус. Нэхэмжлэлийн шаардлага санхүүгийн бүрэн бус, гагцхүү орлогын дэлгэрэнгүй мэдээлэлд үндэслэж байгаа нь үндэслэлгүй байна. Нөхөрлөлийн гэрээний 7.2 дахь хэсэгт ашгийг нөхөрлөлийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна гэж заасан. Нөхөрлөлийн гэрээнд хуулиас өөрөөр заагаагүй учир ашгийг тухайн жилд хуваарилж байх хуульд заасан журмыг мөрдөх ёстой. Ногдол ашиг хуваарилах асуудал нь нөхөрлөлийн гэрээнд зааснаар бүх гишүүдийн хуралд хамаарах асуудал бөгөөд нөхөрлөлийн хувь эзэмшигч 3 гишүүний нэг байсан Х.Б ногдол ашиг хуваарилах шаардлага 2014-2018 оны аль ч санхүүгийн жилд гаргаж байгаагүй учир 5 жилийн өссөн дүнгээр бүрэн бүтнээр нөхөн тооцуулан авах нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нөхөрлөлийн гишүүнээс гарах тухай бичгээр гаргасан өргөдөлд ногдол ашиг авах хүсэлт анх удаа гарсан учир ногдол ашгийг Б.Бт ногдол ашгийн урьдчилгаа гэж олгогдсон мөнгөн дүнд Х.Бын 15 хувьд хувь тэнцүүлэн тооцож, 70 881 600 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр олгосон. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн 2014, 2015 оны цэвэр ашгийн үнийн дүнг нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцож дахин нэмж 241 908 158 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг, түүнд ажилласан бүх жилийн ашиг болгож олгосон 70 881 600 төгрөгийн дүнд хоёр жилийн нэхэмжлэх эрхгүй болсон ашиг орж, илүү олгогдсон байхаар байхад нэхэмжлэлийг хангах, хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нөхөрлөлийн санхүүгийн нөхцөл байдал бэлэн мөнгө хуваарилах боломжгүй байсан учир ашиг хуваарилах шийдвэр гаргаж байгаагүй, гишүүд ашиг авах шаардлага гаргаж байгаагүй. Хэрэв гишүүний ашиг авах нэхэмжлэл дуртай цагтаа хэзээ ч гаргаж болох, хуримтлуулж байгаад авч болох, ямар нэг хөөн хэлэлцэх хугацаа байдаггүй бол энэ нөхөрлөлд орсон цагаас хойших ашиг тооцуулах шаардлага гаргаж болох мэтээр төсөөлөгдөх тул нэхэмжлэлийн шаардлага тодорхой цаг хугацаагаар хязгаарлагдах ёстой. Х.Б зээл хүссэн, орон сууц авахад дэмжлэг үзүүлэх талаар ямар нэг өргөдөл хүсэлт албан ёсоор огт гаргаж өгөөгүй. Гэтэл нөхөрлөлийн гишүүнд байр өгөх хөрөнгө санхүүгийн асуудал нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар шийдэх ёстой асуудал. Нөхөрлөлд ажиллаж байгаа хуульч залуучууд хүсэлт гаргаад орон сууцны зээлийн урьдчилгаа мөнгийг зээлийн гэрээ байгуулж авсан хэд хэдэн тохиолдол бий. Х.Бын зээл хүссэн хүсэлтийг биелүүлэхийн тулд Б.Б ногдол ашгийн урьдчилгаа гэж баримт бүрдүүлэн авсан мөнгөнөөс 17 000 000 төгрөгийг бэлнээр ямар ч баримт үйлдэлгүй өгсөн нь нөхөрлөлийн гишүүд бие биедээ маш их итгэл хүлээлгэн, сэтгэл ханамжтай хамтран ажиллаж байсны илэрхийлэл. Х.Быг онцлон нөхөрлөлийн үйл ажиллагааны орлогоос орон сууц худалдан авч өгөх боломж байгаагүй, нөхөрлөлийн гэрээ болон дотоод журамд үүрэг хүлээгээгүй. Харин орон сууц зээлээр авах хүсэлтэй залуучуудад байрны урьдчилгаа төлбөрт зориулж дэмжлэг үзүүлж зээл өгөх журмаар 47 000 000 төгрөгийг Х.Бд эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл олгосон. Зүй нь ногдол ашиг гэж олгогдсон 70 881 600 төгрөгөөс орон сууцны урьдчилгаанд зээлээр олгосон 47 000 000 төгрөг хасагдах байсан ч Х.Б шүүхээр маргаан эхлүүлнэ гэж э-мэйлээр мэдэгдсэн учир хасалт хийлгүй, 100 000 000 төгрөг өгөхөөр шийдэхэд зөвшөөрөөгүй. Б.Бын авсан мөнгөтэй дүйцүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн 70 881 600 төгрөгөөс зээлийн 47 000 000 төгрөгийг хасалгүй бүтнээр нь олгосон. Х.Б нь нөхөрлөлөөс гарахдаа 2014-2018 оны ногдол ашиг 70 881 600 төгрөг, 2019 оны ногдол ашигт 13 737 260 төгрөг, зээлийн 47 000 000 төгрөгийг буцааж суутгуулаагүй тул нийт 131 618 860 төгрөгийг авсан. Иймд нэмж 241 908 158 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Нөхөрлөлийн гишүүнээс гарснаас 4 сарын дараа, ногдол ашгаа 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсныхаа дараа хуримтлагдсан ашгийн 15 хувийг авахаар нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй хэдий ч  гишүүнээс гарсантай холбоотой тооцоо хийгдсэн тул бүх гишүүдийн хурлаар шийдвэрлээгүй үйлчлүүлэгчийн мэдээлэл авах асуудлаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр, байгуулсан гэрээг гаргуулах шаардлага нь үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хөндөж байгаа бөгөөд үйлчлүүлэгч нарт хуульчийг сонгох эрх нь хуулиар олгогдсон учир тэднийг эд хөрөнгийн нэг адил үзэж хуваарилах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн хамт бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч СХК ХХН-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус нөхөрлөл нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нөхөрлөлийн тухай хуульд заасан журмын дагуу 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр үүсгэн байгуулагдаж, өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулах чиглэл бүхий Б.Н, Х.Б, Э.Бнарын гурван гишүүнтэй, хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл болно. Нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 241 908 158 төгрөгөөс хэдэн төгрөгийг, ямар үндэслэлээр СХК ХХН-өөс гаргуулах хүсэлтэй байгаа нь тодорхойгүй буюу нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байна. Нэхэмжлэгч Х.Б нь тус нөхөрлөлд аливаа хэлбэрээр буюу нөхөрлөлийн гишүүн, үүсгэн байгуулагч, хөдөлмөрийн гэрээ бүхий ажилтнаар ажиллаж байгаагүй буюу эрх зүйн харилцаанд орж, харилцан үүрэг хүлээсэн аливаа гэрээ, хэлцэл огт байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд ИЭС ХХН-д холбогдуулж нөхөрлөлийн гишүүнээр ажиллаж байх хугацааны ногдол ашиг гэж тодорхойлоод 241 908 158 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан атлаа өөрт огт хамааралгүй СХК ХХН-д холбогдуулж, хамтран хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ИЭС ХХН-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Х.Баас тус нөхөрлөлд ажиллаж байхдаа эргэн төлөх нөхцөлтэй зээлээр авсан 47 000 000 төгрөг болон алданги 4 700 000 төгрөг, ажлаас гарахдаа хүлээлгэн өгөх ёстой байсан 2 062 868 төгрөгийн үнэ бүхий Think pad брэндийн компьютер, хөдөлмөрийн гэрээний 12.1-д заасан гүйцэтгэсэн ажлын мэдээлэл бүхий бичиг баримт, ногдол ашгаас 2014-2016 оны ногдол ашигт илүү тооцон олгосон 38 500 522 төгрөг, нийт 92 263 390 төгрөг гаргуулна. Х.Б нь 2016 оны 6 дугаар сард байрны урьдчилгаанд 47 000 000 төгрөг тус нөхөрлөлөөс 3 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлөөр авах хүсэлт гаргаж, 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд эргэн төлөгдөх хугацааг 3 жил гэж заасан. Зээлийн гэрээнд Х.Б гарын үсэг зураагүй боловч мөнгийг олгосон. Мөн тус гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд төлөөгүй үлдсэн үнийн дүнд жилийн 10 хувиар бодож алданги тооцож зээл олгогчид төлөх үүрэгтэй гэсний дагуу алдангийг тооцсон. Х.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн бүх гишүүдийн хуралд “өөрийнхөө авсан 47 000 000 төгрөгийг хасуулаад гаръя гэж байна" гэж хэлсэн нь түүний гарган өгсөн нотлох баримт болох бүх гишүүдийн хурлын тэмдэглэлийн 7 дугаар хуудасны доод хэсэгт бичигдсэн байгаа. Х.Б нь авсан зээлээ эргэн төлнө гэж амалж, ногдол ашгаас уг үнийн дүнгээр хасуулахаар зөвшөөрсөн. Нөхөрлөл нь хуульч, ажилтнуудын зөвхөн ажлын хэрэгцээнд зориулж компьютер тоног төхөөрөмж, бичиг хэрэгслийн эд зүйлсээр бүрэн хангадаг журамтай бөгөөд Х.Бд шинээр 2018 онд нөхөрлөлийн хөрөнгөөр авсан нэг бүр нь 2 062 868 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг Think pad брэндийн жижиг компьютерийг олгосон. Х.Б нь ажлаас гарах үедээ компьютерыг түр хэрэглэж байгаад өгнө гэсэн боловч одоо хагас жил өнгөрч байгаа учир эргүүлэн авах шаардлагатай байна. Ажлын баримт бичиг нь үнэлэх боломжгүй бөгөөд ажилтны албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой бүх бичиг баримт, мэдээлэл, мэдээллийн бааз, бичиг баримтын загвар, маягт болон хавтаст материалууд нь зөвхөн нөхөрлөлийн өмч байхаар Хөдөлмөрийн гэрээний 12.1-д заасан бөгөөд Хөдөлмөрийн гэрээг ажилтан заавал дагаж мөрдөхөөр гэрээний 11.2-т заасан. Иймд ажлын бичиг баримт нь цаашид нөхөрлөлийн архивд хадгалагдан үлдэх, гүйцэтгэсэн ажлын нууцлалд хамааралтай учир Хөдөлмөрийн гэрээний 9.5-д , гэрээний хавсралт №3-ийн 7 дугаар зүйлд заасны дагуу эргүүлэн авах шаардлага гаргаж байна. Х.Б нь нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан тул ногдол ашиг авах нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гэж үзэх үндэслэлтэй. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу түүний ногдол ашиг авах шаардлага албан ёсоор анх гаргасан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр огноолсон хүсэлтээс нь хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2019, 2018, 2017 оны хугацаанд хязгаарлагдах ёстой гэж үзнэ. Х.Б өөрөө мэргэжлийн хуульч хүн учраас ногдол ашиг авах эрхээ зөрчигдөж байсныг мэдээгүй явсан гэж үзэхгүй. Бүх гишүүдийн хурлаар 2014-2018 онуудад ногдол ашиг хуваарилах албан ёсны шийдвэр гаргаж байгаагүй, үүнийг нөхөрлөлийн гишүүн Х.Б зөвшөөрөөгүй эсхүл ногдол ашиг авахаар шаардлага гаргаж байсан гэх е-мэйл зэрэг ямар ч баримт байхгүй. Иймд нөхөрлөлийн гишүүн эдлэх эрхээ хэрэгжүүлэх, эс хэрэгжүүлэх нь түүний бүрэн эрхийн асуудал учраас эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө нөхөрлөл ногдол ашгийг анх үүсгэн байгуулагдсан цагаас нөхөн олгох үүрэг хүлээх үндэслэл байхгүй. Эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх ч бүрэн үндэслэл байхгүй бөгөөд тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдал гишүүдэд ногдол ашиг хуваарилах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн бодит үнэн. Иймд Б.Бын авсан ногдол ашгийн урьдчилгаатай дүйцүүлэн сүүлийн 3 жилийн татвар орсон байдлаар Х.Бд 46 118 338 төгрөгийн ногдол ашиг хуваарилагдах байтал түүнд 84 618 860 төгрөгийг шилжүүлж илүү 38 500 522 төгрөг олгогдсон тооцоо гарна. Иймд хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах ногдол ашгаас илүү олгосон 38 500 522 төгрөгийг буцаан авах шаардлага гаргаж байна. Нөхөрлөл нь тайлант хугацаа болгоны эцсээр санхүүгийн тайлан дээрх бэлэн мөнгөний нөөц маш бага байсан. Хуримтлагдсан ашгийг бүхэлд нь ногдол ашиг гэж үзэх нь өрөөсгөл ойлголт бөгөөд ирээдүйд байгууллага үйл ажиллагаагаа жигд явуулахын тулд зайлшгүй шаардлагатай гарах мөнгөн урсгалуудыг (цалин хөлс, бүх төрийн татвар, үндсэн хөрөнгө болон бусад зардал төлбөр тооцоо гэх мэт ) болон дараа жилийнхээ төсвийг баталж ногдол ашиг тараах боломжтой гэж үзсэн тохиолдолд буюу бэлэн мөнгөний хүрэлцээтэй үед л ногдол ашиг зарлах шийдвэр гаргадаг зарчимтай. 2017 онд баланс дээрх бэлэн мөнгө 42 630 600 төгрөг байснаас хүлээгдэж буй 2018 оны 1 сард төлөх богино хугацааны төлбөрүүд нь татварт 59 666 800 +НДШ 20 435 900 + цалинд 58 940 600 төгрөг буюу нийт 42 630 600 төгрөг болсноос зөрүү хасах 96 412 700 (=42 630 600-42 630 600) төгрөгийн бэлэн мөнгөний дутагдалтай буюу гаднаас санхүүжилт босгох шаардлагатай байсан. Харин 2018 оны санхүүгийн тайланг авч үзвэл баланс дээрх бэлэн мөнгө 122 618 000 төгрөгөөс 2019 оны 1 сард нэн шаардлагатай богино хугацааны хүлээгдэж буй татварын өр төлбөр 37 432 500 +Цалин 50 346 069 төгрөг +Үндсэн хөрөнгө олж эзэмшихэд 25 209 300 буюу нийт зардал 112 987 869 төгрөг болно. Энэ мэтээр жил бүрийн бэлэн мөнгөний үлдэгдийг харах боломжтой ба ногдол ашиг төлсний дараа компани нь төлбөрийн чадвартай байх гэсэн заалтыг зөрчиж ногдол ашиг хуваарилж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Байрны урьдчилгаанд өгсөн гэх 47 000 000 төгрөгийг Б.Бын зүгээс буцалтгүй тусламж болгон өгсөн ба зээл өгч байгаагүй. Маргаан үүсэхэд зээл гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Шүүхэд баримтаар гаргасан зээлийн гэрээг хэзээ ч танилцуулж байгаагүй, энэ мөнгийг буцаан төлөх болон хугацааны талаар ямар нэг яриа, хэлцэл болж байгаагүй учир уг гэрээний төслийг хараагүй, мэдэхгүй. Мөн гарын үсэг зурахаас зайлсхийсэн зүйл болж байгаагүй. Хариуцагч үүнийгээ шүүхэд нотлох үүрэгтэй. Харин ч хариуцагчийн зүгээс эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр 30 000 000 төгрөг олгосон баримтыг Б.Б нөхөрлөлийн нэрийн өмнөөс гаргаж өөрөө гарын үсэг зурсан баримт хариуцагчид өөрт нь байгаа. Мөн 2017 онд нөхөрлөлийн арга хэмжээний үеэр бусад гишүүд хамт олны дэргэд Б.Б дээрх мөнгийг буцаан авахгүй гэж хэлж байсан. Тиймээс тус мөнгийг хэзээ ч шаардаж байгаагүй, ажлаас гарахад ч энэ талаар яриа болоогүй, шаардаагүй. Алдангийн тухайд нэхэмжлэгчид өгсөн мөнгө зээл биш тул бичгээр хийгдээгүй гэрээнд алданги тооцогдохгүй, хариуцагчийн нөхөн боловсруулсан гэрээ нь Иргэний хуульд нийцэхгүй. 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хурал дээр гаргасан санал бол олон жил хамтран ажилласан учир нөхөрлөлийн нэрээ бодож, хамт олноо хүндэтгэн харилцан ойлголцох, ашгийг шударгаар хуваарилах зорилгоор буулт хийж "Хамгийн өндөр ашигтай жил буюу 2016 оны хуримтлагдсан ашиг 1 127 812 526 төгрөгөөс (Эм Си Эс ХХК (МСS)-иас орсон орлогыг надад хамаагүй гэж хэлж байсан) бусад жилүүдийн ногдол ашиг болох 2014-2015, 2017-2018 оны 4 жилийн хуримтлагдсан ашиг 1 270 785 863 төгрөгийн 15 хувь болох 190 617 879 төгрөгийг хуваарилахыг хүсч, түүнээс байрны урьдчилгаанд өгсөн 47 000 000 төгрөгийг хасаад 143 617 879 төгрөгийг боломжит хугацаанд хувааж төлөх санал тавьж байсан. Харин 47 000 000 төгрөг нь зээл байсныг хүлээн зөвшөөрч хасуулахаар санал илэрхийлээгүй. Тухайн хурал дээр Б.Б анх удаа зээл байсан гэж хэлсэн. Нэхэмжлэгчийг ажлаас гарах үед ажиллах компьютер байгаагүй тул уг компьютерийг тодорхой хугацаанд ашиглаж байхаар 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гүйцэтгэх захирал Б.Нд цахим шуудангаар хүсэлт гарган зөвшөөрсний нь дагуу ашиглаж байгаад 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр сөрөг нэхэмжлэлээс өмнө буцаан өгсөн. Иймд энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Байнгын гэрээтэй үйлчилгээ үзүүлдэг үйлчлүүлэгчдийн бүх мэдээлэл, файл нь байнгын үйлчлүүлэгч хариуцсан багийн ахлагч С.Батчимэгт, Консалтингийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, файл консалтингийн багийн ахлагч Б.Баясгалан нарт тус тус хадгалагдаж, ашиглагдаж байдаг ба нөхөрлөлийн гишүүнээс гарах үед бүх баримт бичиг ажил хариуцсан нөхөрлөлийн хуульчдад үлдсэн. Б.Б нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар 2013-2019 оны хооронд ажилласан. Энэ хугацаандаа нөхөрлөлийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг жил бүр нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж, бүх гишүүдийн хуралд тайлагнаж байх гэрээ, дүрэмд заасан үүргээ биелүүлж байгаагүй. Иймээс нөхөрлөлийн санхүүгийн байдал ямар байсан, ашигтай эсхүл алдагдалтай ажиллаж байсан эсэхийг албан ёсоор мэдэх боломж 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл байгаагүй. 2015 онд нөхөрлөлийн гишүүдэд хандан е-мэйлээр захиа бичин санхүүгийн хүндрэлтэй асуудлаа хамтдаа даван туулах, цаашид нөхөрлөлийн ашиг, алдагдлын талаархи харилцаагаа тодорхойлох тодорхой бодлого барьж ажиллах болон нөхөрлөлийн ирээдүйн бусад асуудлаар санал гаргаж байсан. Хөөн хэлэлцэх хугацаа нь шаардах эрх зөрчигдсөн, зөрчигдсөн болохоо мэдсэн цаг хугацаанаас эхлэн тоолдог. Гэвч 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл энэ бүхэн тодорхой болоогүй байсан. Хэрэв энэ талаар танилцуулж байсан бол гүйцэтгэх захирлын зүгээс гэрээ, дүрэмд зааснаар жил бүрийн тайлангаа танилцуулж байсан хурлын шийдвэр, тэмдэглэл эсхүл э-мэйлээ шүүхэд гаргаж өгөх шаардлагатай. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, Нөхөрлөлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 34 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Баас зээлийн гэрээний үүрэгт 47 000 000 /дөчин долоон сая/ төгрөг гаргуулж хариуцагч ИЭС ХХН-д олгож, ИЭС ХХН, СХК ХХН-өөс ногдол ашиг 288 908 158 төгрөг, үйлчлүүлэгчдийн 15 хувийн мэдээлэл буюу иргэн, хуулийн этгээдийн нэр, байгуулсан гэрээг тус тус гаргуулах нэхэмжлэгч Х.Бын нэхэмжлэлийг, ногдол ашигт шилжүүлсэн 38 500 522 төгрөгийг буцаан гаргуулах, зээлийн гэрээний үүрэгт 4 700 000 төгрөг гаргуулах хариуцагч ИЭС ХХН-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Баас компьютерийн үнэ 2 062 868 төгрөг, ажлын цахим мэдээлэл, бичиг баримтыг тус тус гаргуулах ИЭС ХХН-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгч Х.Бын төлсөн 1 367 491 төгрөг, хариуцагч ИЭС ХХН-ийн төлсөн 619 267 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгч Х.Баас улсын тэмдэгтийн хураамжид 392 950 төгрөг гаргуулж хариуцагч Өмгөөллийн И Эл Си ХХН-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Бын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. ИЭС ХХН энэ хугацаанд бүх гишүүдийн хурлаа хийгээгүй, нөхөрлөлийн гишүүдэд ногдол ашиг хуваарилж байгаагүй, ногдол ашиг хуваарилах журмыг баталж байгаагүй. Харин нөхөрлөлийн дийлэнх хувийг эзэмшдэг гишүүн, гүйцэтгэх захирал Б.Б нь ямар нэгэн шийдвэр, тогтоолгүйгээр 2015 оноос ногдол ашиг авч байсан болох нь тухайн нөхөрлөлийн санхүүгийн тайлан болон зохигчдын тайлбар, нягтлан бодогчийн тайлбар, бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр зэргээр тогтоогддог. Нөхөрлөлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 4-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашиг хуваарилахдаа гишүүдийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хувь, хэмжээ, тэдгээрийн тухайн жилийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан тооцно” гэж, Нөхөрлөлийн үүсгэн байгуулах гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ гэрээ, хурлаас баталсан журмын дагуу Нөхөрлөлийн ашиг, алдагдлыг гишүүдэд хуваарилна” гэж заасан. Гэвч нөхөрлөлийн ашиг, алдагдлыг хуваарилах журмыг батлаагүй. Гүйцэтгэх захирал Б.Б нь эрх зүйн ямар зохицуулалтыг үндэслэн өөртөө ногдох ашиг хуваарилсан нь тодорхой бус, түүний ногдол ашиг өөртөө хуваарилсан үйлдэл нь шударга ёс хийгээд хууль болон нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээнд нийцээгүй. 2020 оны 1 дүгээр сарын 13-ний өдөр ИЭС ХХН-н Бүх гишүүдийн ээлжит бус хурал анх удаа болсон. Энэ хурлаар нэхэмжлэгч нөхөрлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх, ногдол ашиг хуваарилах тухай хүсэлт гаргасныг шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү нөхөрлөлийн гишүүн чөлөөлөгдсөнтэй холбоотой мөн анх удаа гишүүдэд ногдол ашиг хуваарилах асуудлыг шийдвэрлэсэн. Нөхөрлөл үүсгэн байгуулагдсан цагаас 2018 он хүртэлх хугацаанд бий болсон нөхөрлөлийн хуримтлагдсан ашгаас анх удаа гишүүдэд ногдол ашиг хуваарилах асуудлыг шийдвэрлэсэн. Хуримтлагдсан ашгаасхэдэн төгрөгийг ногдол ашиг болгож гишүүдэд тараах хэмжээ (нийт ногдол ашгийн хэмжээ)-г тогтоогоогүй, гишүүдэд ногдол ашиг хуваарилахдаа хаана ч байхгүй, ямар ч хууль дүрэм, гишүүдийн харилцан тохиролцсон гэрээнд байхгүй жишгийг бий болгож гишүүн Б.Бын 2014-2018 онуудад урьдчилан авсан ногдол ашгийн дүнд хувь тэнцүүлэн гишүүдэд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Хариуцагч ИЭС ХХН-н Бүх гишүүдийн хурал ногдол ашиг хуваарилахыг шийдвэрлэсэн боловч хэмжээг нь тогтоохдоо буруу тооцоолсон. Нэхэмжлэгч анх удаа ногдол ашиг хуваарилсан бүх гишүүдийн хурлын шийдвэртэй санал нэгдэхгүй, маргаж шүүхээр уг асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан. Гэтэл шүүх зөвхөн “дотоод” асуудал гээд дүгнэлт өгөхгүй, давамгай байдалтай хувь нийлүүлэгч хүч түрэн хийсэн шийдвэрийг “хууль зүйн үндэслэл” гэж эндүүрсэн шийдвэр гаргасан. 2013-2018 он хүртэл Гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байсан Б.Б нь хууль, болон гэрээгээр “жил бүр санхүүгийн тайлангаа танилцуулж, хамтдаа ногдол ашиг хуваарилах эсэх” шийдвэрийг гаргах үүргийг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. ИЭС ХХН үүсгэн байгуулах гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу нөхөрлөлийн ашиг, алдагдал хуваарилах журмыг батлаагүй тул Нөхөрлөлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 4-т заасны дагуу хуваарилах ёстой байсан. Нэг гишүүний өөрийн давуу байдлаа ашиглан авсан ногдол ашгийн хэмжээг итгэлцүүр болгон тогтоож, түүнд хувь тэнцүүлэн ногдол ашиг хуваарилах нь хууль хийгээд шударга ёсонд нийцэхгүй. Б.Б нь зөвхөн өөртөө ийнхүү ногдол ашиг хуваарилж байснаа олон жил нуусан, санхүүгийн тайланг гишүүдэд огт танилцуулж байгаагүй, аргагүй эрхэнд татвар, санхүүгийн байгууллагаар баталгаажсан тайлан ил болмогц зөвхөн өөрийн авсан ашигт дүйцүүлэн олгоно гэдэг ямар ч үндэслэлгүй тайлбарыг шүүх үндэслэсэн. Хууль болон гэрээгээ зөрчиж гаргасан давамгай байдалтай этгээдийн дангаар шийдсэн шийдвэрт үндэслэсэн нь ямар хууль зүйн үндэслэлтэй болохыг шүүх шийдвэртээ дүгнээгүй. Зүй нь ногдол ашгийг хуваарилахдаа нөхөрлөлд оруулсан хувь, хэмжээ болон тухайн жилд (манай тохиолдолд 2014-2018 онуудад) хийж гүйцэтгэсэн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан үзэх ёстой. Нэхэмжлэгч нь ИЭС ХХН-д байх хугацаандаа оны шилдэг ажилтан, дэлхийн шилдэг про-боно хуульч зэрэг шагналаар шагнагдаж байсан. Нэхэмжлэгчид ногдол ашгийг хуваарилахдаа нөхөрлөлд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх хугацаанд авсан нийт цалинг хуримтлагдсан ашгаас хасч тооцсон байдаг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, журам, Нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээний 7 дугаар зүйлийн 2-т заасныг мөн зөрчсөн. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухай, Х.Б нь ИЭС ХХН-н гишүүнээс гарах тухай хүсэлтээ 2019 оны 1 дүгээр сарын 18-ний өдөр бичгээр нөхөрлөл болон нөхөрлөлийн бусад гишүүдэд хүргүүлсэн. Улмаар 2020 оны 1 дүгээр 13- ний өдөр болсон ИЭС ХХН-н Бүх гишүүдийн ээлжит бус хурлын 01 дугаартай тогтоолын 1 дэх заалтаар нэхэмжлэгчийг нөхөрлөлийн гишүүнээс чөлөөлсөн. Нөхөрлөлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 6-д “Нөхөрлөлийн гишүүн бусад гишүүдэд 30 хоногийн өмнө мэдэгдсэнээр нөхөрлөлөөс гарч болно” гэж заасан. Нэхэмжлэгчийн нөхөрлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөн үндэслэл нь нөхөрлөлд оруулсан хувиа бусад гишүүдэд хариу төлбөртэйгээр шилжүүлсэн эсэхээс үл хамааран Нөхөрлөлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 6-д заасантай нийцдэг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухай, 47 000 000 төгрөгийг нэхэмжпэгч орон сууц худалдан авахад зориулж нөхөрлөлөөс олгосон дэмжлэг гэж ойлгож байсан. Гэвч энэ нь зээл байсан тухай асуудал нэхэмжлэгчийг нөхөрлөлийн гишүүнээс гарах тухай хүсэлтийг бичгээр гаргасан цаг үеэс эхэлж үүссэн байдаг. Нэхэмжпэгч нөхөрлөлөөс гарах тухай хүсэлт гаргаагүй бол энэ асуудал яригдахгүй байсан. Мөн нөхөрлөлийн бусад ажилтнуудад орон сууц худалдан авахад нь зориулж тухайн үед мөнгөн хөрөнгө өгч байсан бөгөөд /2 ажилтанд/ тэдэнтэй тухайн цаг үедээ зээлийн гэрээ байгуулсан байдаг. Харин нэхэмжлэгчтэй энэ гэрээг байгуулаагүй бөгөөд хэрэв “зээл” гэсэн хүсэл зоригтой байсан бол тухайн үед бусад ажилтнуудтай адил гэрээ байгуулах бүрэн боломж байсан. Тиймээс нэхэмжпэгчийн зүгээс энэ мөнгийг “зээл биш” гэсэн итгэл үнэмшил, хүсэл зориг бодитой үүссэн байна. Хариуцагчийн зүгээс эдгээр ажилтнуудтай байгуулсан зээлийн гэрээгээ нотлох баримтаар өгсөн бөгөөд маргаан үүссэний дараа нэхэмжлэгчийг гарын үсэг зураагүй гэж тайлбарладаг боловч ийнхүү зээлийн гэрээг танилцуулж байсан, эсвэл и-мэйлээр явуулж байсан талаар нэг ч баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийг нөхөрлөлөөс гарах тухай асуудал яригдаж, ногдол ашиг хуваарилахгүй гэж Б.Бын зүгээс тайлбарлахад гагцхүү буулт хийх, хэлэлцээрт хүрэх зорилгоор өгөх ногдол ашгаас “хасаж болох” агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг “зээлийг хүлээн зөвшөөрсөн” мэтээр тайлбарлан хэрэглэсэн нь талуудын хүсэл зоригийг буруу, үндэслэлгүй тайлбарласан гэж үзэж байна. ИЭС ХХН-с 2016 оны 7 дугаар сарын 2-ний өдөр 30 000 төгрөгийг бэлэн бусаар, 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 17 000 000 төгрөгийг бэлнээр тус тус нэхэмжлэгчид олгосон байдаг. Хариуцагч нь уг мөнгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч ИЭС ХХН, СХК ХХН-д холбогдуулан ногдол ашигт 288 908 158 төгрөг, нөхөрлөлийн үйлчлүүлэгчийн 15 хувийн мэдээлэл буюу иргэн, хуулийн этгээдийн нэр, байгуулсан гэрээг тус тус нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч, хариуцагч ИЭС ХХН нь зээлийн гэрээний үүрэгт 51 700 000 төгрөг, ногдол ашигт илүү тооцож олгосон 38 500 522 төгрөг, компьютер, ажлын мэдээлэл бүхий бичиг баримтыг сөрөг нэхэмжлэлээр шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад компьютер, ажлын мэдээлэл бүхий бичиг баримт гаргуулах шаардлагаасаа татгалзсан байна.

 

Анхан шатны шүүхээс маргааны зарим үйл баримтын талаар талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хангалттай хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй байна.

Хариуцагч ИЭС ХХН-ийн бүх гишүүдийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн ээлжит бус хурлаар тус нөхөрлөлийн 66,25 хувийг эзэмшдэг гишүүн Б.Бын тус нөхөрлөлөөс 2014-2018 онд ногдол ашигт урьдчилан авсан 366 221 600 төгрөгт хувь тэнцүүлэн нэхэмжлэгч Х.Бд 70 881 600 төгрөгийн ашиг хуваарилсан байна. /1хх14-15/

 

Нэхэмжлэгч нь ногдол ашгийг нөхөрлөлийн санхүүгийн тайланд тусгагдсан 2014-2018 оны цэвэр ашиг 2 398 598 389 төгрөгөөс тооцож авах байсан, Б.Бт олгосон 366 221 600 төгрөгийн ногдол ашигт хувь тэнцүүлж олгосныг хүлээн зөвшөөрөхгүй, ногдол ашгийг буруу тооцоолсон гэж тайлбарладаг. Нөхөрлөлийн гишүүд ногдол ашиг хуваарилах үед нэхэмжлэгч тус нөхөрлөлөөс гарах хүсэлт гаргасан байх ба хариуцагчийн ногдол ашиг хувиарласан аргачлал нь нэхэмжлэгчийн нөхөрлөлийн гишүүнээс гарч байгаа нөхцөл байдал болон Нөхөрлөлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ногдол ашиг хувиарлах журамтай хэрхэн нийцэж байгаа талаар шүүх талуудыг  мэтгэлцүүлээгүй байна. Дээрх хуулийн зүйл хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол ашиг хуваарилахдаа гишүүдийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, тэдгээрийн тухайн жилийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан тооцохоор заасан бөгөөд  нэхэмжлэгч нь тус нөхөрлөлд ажиллах хугацаандаа “ ... үнийн дүн ихтэй, маргаантай хэргүүд дээр амжилттай ажиллаж байсан ...” гэж тайлбарласныг хариуцагч тал үгүйсгэдэггүй.

 

Хэрэгт нэхэмжлэгчийн тус нөхөрлөлд ажиллах хугацаандаа гүйцэтгэсэн ажил, мэргэжлийн үйл ажиллагааны талаар баримтгүй.  

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь нөхөрлөлийн үйлчлүүлэгчийн 15 хувийн мэдээлэл буюу иргэн, хуулийн этгээдийн нэр, үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа Нөхөрлөлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 8 дах хэсэгт заасныг үндэслэн гаргасан. /4хх35-36/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны гол зорилго нь иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалах явдал юм. Нэхэмжлэгчийн шаардсан үйлчлүүлэгчийн 15 хувийн мэдээллийг авахгүйгээр нөхөрлөлөөс гарсан нөхцөлд нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа нь тодорхойгүй байна. Шүүх талуудыг энэ талаар мэтгэлцүүлэх, улмаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах ажиллагааг хангалттай хийгээгүй байна. Мөн хэрэгт уг шаардлагатай холбоотой нотлох баримтууд авагдаагүй болно.

 

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх замаар хэргийг шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/01396 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 907 691 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

   

                                             ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

 

                                                                                              А.МӨНХЗУЛ