Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/01396

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 28 өдөр Дугаар 102/ШШ2021/01396 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...,

Хариуцагч: ... нарт холбогдох

 

Ногдол ашиг 288,908,158 төгрөг, нөхөрлөлийн үйлчлүүлэгчийн 15 хувийн мэдээлэл буюу иргэн, хуулийн этгээдийн нэр, байгуулсан гэрээг тус тус гаргуулах үндсэн, зээлийн гэрээний үүрэгт 51,700,000 төгрөг, ногдол ашигт шилжүүлсэн 38,500,522 төгрөг, компьютерийн үнэ 2,062,868 төгрөг, ажлын цахим мэдээлэл, бичиг баримтыг тус тус гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагч Өмгөөллийн ...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., өмгөөлөгч С.Энхбат, хариуцагч Өмгөөллийн ...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөллийн ...-ийг хамтран үүсгэн байгуулахаар 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэрлэж, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Талууд харилцан тохиролцож нөхөрлөлийн гишүүдийн эзэмших хувийг тогтоосон. Анх үүсгэн байгуулагдах үед ... 66,25 хувь, ... 7,5 хувь, ... 7,5 хувь, ... 11,25 хувь, ... 7,5 хувийг тус тус эзэмшиж нийт 20,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Дүрмийн санг бүрдүүлэхэд ... болон гэр бүлийн гишүүн ... бид тус бүртээ өөрт ногдох хувиа, хувь тэнцүүлэн дүрмийн сангийн төлбөрөө ... 1,500,000 төгрөг, ... 2,250,000 төгрөг тус тус төлсөн. Нөхөрлөлийн гишүүн ... үйл ажиллагаа эхлээд удаагүй байх хугацаанд өөрийн оруулсан хөрөнгө оруулалт 1,500,000 төгрөгийг буцаан татаж, нөхөрлөлөөс гарсан. 2014 оны 07 дугаар сард ... шүүгчээр томилогдож ажиллах болсонтой холбоотой мөн нөхөрлөлөөс гарсан ба түүний эзэмшлийн хувийн 7,5 хувийг миний бие шилжүүлэн авч, ... 4 хувийг өөртөө шилжүүлэн авсан.

Ингээд 2014 оны 07 дугаар сараас эхлэн миний эзэмшил хувь 15 хувь болсон. 2014 оноос хойш нөхөрлөлийн хувь эзэмшилд ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хувь нийлүүлэгчийн тоо 3 нэмэгдэж, нийт гишүүдийн тоо 6 болсон. Ийнхүү гишүүдийн тоо нэмэгдэхэд ... миний эзэмшил хувьд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, ... нь өөрийн эзэмшил хувиас нэмэгдэж орсон нөхөрлөлийн гишүүдэд тодорхой хувийг эзэмшүүлсэн.

... ахын хувьд залуучууд бидэнтэй нөхөрлөлийг анх үүсгэн байгуулахдаа, өөрийн хуримтлуулсан туршлага, үйлчлүүлэгч гээд олон зүйлээр давуу байсан тул анхнаасаа ийнхүү өндөр хувийг эзэмшихээр харилцан тохиролцсон. Бидний хувьд нөхөрлөл ашигтай ажилласан үед эзэмшиж байгаа хувь, оролцоондоо тулгуурлан ашиг хуваарилах зарчмыг анх үүсгэн байгуулахдаа тохиролцсон. Тиймээс ч миний авч байсан цалин хөлс бусад нөхөрлөлтэй харьцуулахад харьцангуй бага, тогтмол байдаг байсан. 2013 оны 11 сараас 2016 оны 12 сар хүртэл хугацаанд цалин /сар бүр, гар дээр/ 2,000,000 төгрөг, 2017 оны 01 сараас 2019 оны 4 сар хүртэл хугацаанд 2,500,000 төгрөг, 2019 оны 04 сараас 3,000,000 төгрөг. Өөрөөр хэлбэл илүү цаг, амралтын өдөр, ажилласан хэргээс урамшуулал гэх мэт ямар нэгэн нэмэгдэл цалин хөлс тооцон олгож байгаагүй ба 2014 оны 12 дугаар сард оны шилдэг ажилтан гэж нэг удаа нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөөр шагнуулж байсан. Хэрэв ашиг авдаггүй, зөвхөн цалин авахаар тохирсон бол ийм бага цалингаар ажиллахгүй байсан.

Нөхөрлөлийн гишүүний хувиар ямар нэгэн ногдол ашиг авч байгаагүй бөгөөд энэ талаар ... ахаас 2015 оноос эхлэн тодруулахад нөхөрлөлийн эдийн засаг хүнд байна, заримдаа цалингаа тавьж чадахгүй байгаа, боломж гарахаар залуучуудаа дэмжинэ гэх мэтээр байнга л янз бүрийн бэрхшээл хэлдэг байсан. Би түүнийг ах хүнийх нь хувьд, бас нөхөрлөлийн гол хувь эзэмшигчийн нь хувьд хүндэтгэн итгэж, заримдаа үйл ажиллагаа доголдох, орлого тасалдах асуудал үүсдэг гэдэгт нь итгэж явсан. ... ахтай санхүүгийн асуудал ярихад 2015-2016 онд надад байр өгнө гэж амлаад хэд хэдэн байр үзүүлж, нэг байранд нь хэсэг хугацаанд амьдарсан. Гэтэл нэг өдөр ... ах дуудаад байр өгөх бүтэхгүй боллоо та нар зээлээр байраа авчих, нөхөрлөлөөс байрны зээлийг нь цувуулаад ч шийдэж өгнө гэж хэлж байсан ч сүүлдээ аль аль нь худлаа болсон. ... ах бид бүхэнд ийнхүү амлалт өгдөг ч тэр нь бүтэж байгаагүйг нөхөрлөлд ажиллаж буй хүмүүс гэрчилнэ.

Гэвч ийм байдлаар хэдэн жил өнгөрч асуудал шийдэгдэхгүй, ... ах нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа бусад гишүүддээ нөхөрлөлийн санхүү болон үйл ажиллагааны тайланг нэг ч удаа танилцуулж байгаагүй. Ийм учир миний зүгээс нөхөрлөлийн гишүүн ... нарт цахимаар захидал бичиж, нөхөрлөл ашигтай ажиллаж байгаа эсэх, хэрэв ашиггүй ажиллаж байгаа бол уг хүндрэлийг хэрхэн даван туулах талаар нөхөрлөлийн гишүүдэд танилцуулах талаар 2017 оноос эхлэн бичиж байсан.

Манай нөхөрлөлийн хувьд үйлчлүүлэгчид төдийгүй бусад хуульчдын дунд нэр хүндтэй, ажил үүргээ нэр төртэй биелүүлэхийг дор бүрнээ хичээн ажилладаг байсан тул дотоод үл ойлголцол, асуудлыг тэр бүр нээлттэй шийдвэрлэхгүй, аргацаах байдлаар өнгөрөөж ирсэн. Миний хувьд залуу хүн санхүүгийн олон асуудал байсан хэдий ч аль болох цалингаараа болгоод, нөхөрлөл боломжтой үедээ ашиг хуваарилах тухай ярилцах байх гэж хүлээж байсан. Дээр дурдсаны дагуу байрны асуудлаа шийдэхээр зээл авахаар ... ахаас нэг удаа 47,000,000 төгрөгийг 2016 онд буцалтгүй тусламж гэж өгснийг намайг сайн ажиллаж байгаа гэж тусалсан эсхүл ногдол ашгийг өгч байна уу" гэж бодож, ... ахад баярлаж байсан. Манай Баянзүрх дүүргийн байрыг нөхөрлөлийн гишүүн ...-ийн урьдчилгааг нөхөрлөлөөс төлж, түүнд шилжүүлсэн ба намайг шинээр байр авахад 47 сая төгрөг өгсөнд одоо ч баяртай байдаг.

Гэвч миний бие нөхөрлөлөөс гарах шийдвэрийг 2019 оны 12 дугаар сарын 10-нд гаргаж энэ талаар ... ахад  хэлэхэд олон ойлгомжгүй, тодорхойгүй байсан зүйлүүд тодорхой болж эхэлсэн. ... ах тухайн үед намайг ажлаас гарах тухай ярихад надад 2016 онд өгсөн төлбөр нь зээл байсан гэж мэдэгдсэн. Улмаар би өнгөрсөн хугацааны нөхөрлөлийн санхүүгийн тайлан, баримт бичигтэй танилцах, ногдол ашиг болон оруулсан хөрөнгийг хэрхэн хуваарилах асуудлыг нөхөрлөлийн гишүүдэд 2019 оны 12 сарын 15-нд мэдэгдсэн. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Нөхөрлөлийн 6 гишүүнд санхүүгийн тайланг танилцуулан, ногдол ашиг хуваарилах эсэх тухай хурал болсон.

Тус хурлаар манай нөхөрлөл 2014 оноос хойш дараах байдлаар жил бүр ашигтай ажиллаж байсан талаар танилцуулсан. 2014 онд цэвэр цэвэр ашиг /татварын дараах/ 117,196,830 төгрөг, 2015 онд 558,485,790 төгрөг, 2016 онд 1,127,812,526, 2017 онд 272,831,776 төгрөг, 2018 онд 322,271,467 төгрөг, нийт 2,398,598,389 төгрөг.

Нөхөрлөлийн ашгаас ... жил бүр дараах байдлаар өөртөө ашиг хуваарилан авч байсныг мөн танилцуулсан. 2014 онд цэвэр ашиг 117,196,830 төгрөг, 2015 онд цэвэр ашиг 558,485,790 төгрөг, ...-рын өөртөө авсан ашиг 101,295,500 төгрөг, 2016 онд цэвэр ашиг 1,127,812,526 төгрөг, ...-ын өөртөө авсан ашиг 101,537,900 төгрөг, 2017 онд цэвэр ашиг 272,831,776 төгрөг, ...-ын өөртөө авсан ашиг 97,727,700 төгрөг, 2018 онд цэвэр ашиг 322,271,467 төгрөг, ...-ын өөртөө авсан ашиг 65,660,500 төгрөг, нийт цэвэр ашиг 2,398,598,389 төгрөг, ... ахын өөртөө авсан ашиг 366,221,600 төгрөг, үлдсэн цэвэр ашиг 2,032,378,389 төгрөг. Энэ бүхнийг мэдээд маш их гайхаж, гомдсон. Байнга л алдагдалтай, хэцүү байна гэдэг байсан атлаа ашигтай ажиллаад, тэр ч байтугай нөхөрлөлийн ашиг хуваарилаагүй атлаа бусад гишүүддээ огт мэдэгдэлгүй, зөвхөн өөртөө ашиг хуваарилан авч байсан нь ил болсон.

Нөхөрлөлийн 2020 оны 1 сарын 3-ны хурал дээр надад олгох ногдол ашгийн тооцоог хийхдээ 2 хувилбараар тооцон, дэндүү инээдтэй аргаар бодож, сүүлдээ би өрөнд орох тооцоо гаргаж надад танилцуулсан. Дээрх санхүүгийн доромжилсон тооцоог хараад асуудлаа хурдан дуусгахын тулд буулт хийж, 2020 оны 1 сарын 03-ны өдөр болсон Нөхөрлөлийн хурал дээр нөхөрлөлийн гишүүдэд дараах саналыг тавьсан.

1. Хамгийн өндөр ашигтай жил буюу 2016 оны хуримтлагдсан 1,127,812,526 төгрөгийн ашгийг ... ах хуваахгүй, оруулахгүй гэсэн тул тэрхүү ашгаас авахгүй байх. Тус ашигтай ажилласан жил нь ... ХХК-ийн иргэний хэргийн шүүх дээрх 35 тэрбум төгрөгийн маргаан, эрүүгийн хэргийн 11 тэрбумын хэрэг бөгөөд ... ах ... ХХК-ийн тэрхүү орлогыг өөртөө хамаатай гэж үзсэн. Гэхдээ миний бие тус 2 хэргийн шүүхийн маргаан дээр бүрэн ажиллаж, амжилттай шийдэгдсэн ба ... ах биечлэн оролцоогүй. Гэвч үүнийг ... ах өөрийн ажил гэж үзэж байгаа бол авахгүй татгалзая гэсэн.

2. 2014-2015, 2017-2018 оны 4 жилийн хуримтлагдсан ашиг 1,270,785,863 төгрөгийн 15 хувь болох 190, 617,879 төгрөгийг надад хуваарилахыг хүсч, түүнээс надад байрны урьдчилгаанд өгсөн 47 сая төгрөгийг хасаад 143,617,879 төгрөгийг боломжит хугацаанд хувааж төлөх гэсэн санал тавьсан. Гэвч ... ахын зүгээс бодит байдал дээр бидэнд ийм хэмжээний мөнгө байхгүй гэдэг тайлбарыг хэлдэг. Мөн тухайн үед хуримтлагдсан мөнгөөрөө нөхөрлөлд машин, комьпютер зэрэг эд хөрөнгө аваад дууссан гэх тайлбарыг хэлсэн. Гэвч нягтлан бодогчийн зүгээс эдгээр хөрөнгө нь манай нөхөрлөлийн хөрөнгө гэж бүртгэгдээд, дээрээс нь элэгдэл тооцоод бид зардлаа бууруулаад явдаг гэсэн тайлбарыг мөн хэлсэн. Тэгэхээр миний хувьд энэ нөхөрлөлөөс гарахад ямар нэгэн хөрөнгийг хуваарилахгүй тул өөрийн ногдол ашгаа мөнгөн хэлбэрээр авах, улмаар уг асуудлыг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсээд би хурлаас гарсан.

Тус 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хурлаас хойш би ... ахтай уулзах санал тавьж, асуудлыг шүүхийн шатанд очилгүйгээр эв зүйгээр ярилцах саналыг цахим захидал бичиж хүсэлт гаргасан. Гэвч надад ногдол ашигтай холбоотой янз бүрийн шийдвэр гаргасан талаар нөхөрлөлөөс захидал ирсэн.

1. 2020 оны 1 дүгээр сарын 10-нд ирсэн захидалд надад өгөх ногдол ашгийг 70 сая төгрөгөөр тооцон түүнээс надад зээлсэн гэх 47 сая төгрөгийг хасаад 23 сая төгрөг өгөхөөр болсон тухай мэдэгдсэн.

2. 2020 оны 1 дүгээр сарын 15-нд гаргасан дээрх шийдвэртээ өөрчлөлт оруулж надад өгөх ногдол ашийг 100 сая төгрөгөөр тооцон өгөхөөр болсон гэж мөн мэдэгдсэн.

3. 2020 оны 1 дүгээр сарын 27-нд мөн л дахин өөр шийдвэр гаргаж ногдол ашгийг 70,881,600 төгрөг гэж надад танилцуулсан.

Миний хувьд энэ бүхнийг уулзаж ярилцах, уулзахгүй бол өөрийн тайлбар хүсэлтээ цахим шуудангаар илэрхийлсэн боловч хүлээн аваагүй. Би ч дахин буулт хийх хүсэлгүй тухайгаа мэдэгдсэн. Үл ойлголцол шийдэгдэлгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Надад 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурлын шийдвэр, хурлын тэмдэглэлтэй танилцуулахад тус шийвэрийн 6 дугаар хэсэгт ...-ын авсан ногдол ашигтай хувь тэнцүүлэн тооцож 70,881,600 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Уг ногдол ашгийг 4 дүгээр сарын 1-ний өдөр багтаан олгох тухай заасан байсан. Надад хамгийн сүүлийн байдлаар 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 70,881,600 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр 2019 оны ногдол ашгийг тооцон 13,737,260 төгрөг тус тус олгосон.

Намайг ажлаас гарахад ямар нэгэн эд хөрөнгө хуваарилан өгөөгүй, хэрэглэж байсан утасны дугаар, нөүтбүүк гээд ажлаас өгч 6 жил ашигласан 2 хөрөнгөө буцаан шаардсан. Утасны дугаарыг өгсөн ба одоогоор шинээр орсон ажлаас комьпютер өгөх хүртэл түр хэрэглэж байя гээд нөүтбүүкийг гуйн хэрэглэж байгаа. Үүнийг дурдаж байгаа учир нь хуримтлуулсан мөнгөөрөө хөрөнгө авдаг гэдэг боловч тэр нь нөхөрлөлийн гишүүн нэртэй боловч ажиллаж байгаа бидэнд ямар ч хамааралгүй гагцхүү ... ахын л хөрөнгө болж үлддэг.

Тиймээс миний бие 2014-2018 оны хугацаанд ажиллах үед хуримтлагдсан цэвэр ашгаас өөрт ногдох буюу 15 хувьд ногдох ашгийг дараах байдлаар тооцон нэхэмжилж байна.

1. 2014-2018 оны нийт цэвэр ашиг 2,398,598,389 төгрөг *15%= 359,789,758 төгрөг

2. 359,789,758 төгрөг - 70,881,600 төгрөг (4.1-нд авсан НА)=288,908,158 төгрөг

3. 288.908.158 төгрөг - 47,000,000 (байрны урьдчилгаанд авсан) = 241.908.158 төгрөг. Иймд Өмгөөллийн ...-өөс ногдол ашиг 241,908,158 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хоёр. 2018 оны 12 дугаар сард болсон уулзалт, хурал дээр ... өмгөөлөгчийн зүгээс нөхөрлөлийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байхдаа 2016 онд олгосон тусламж 47,000,000 төгрөгийг хожим маргасан үедээ зээл байсан гэж надад төлөх төлбөрөөс хасуулахаар шаардсан саналыг би зөвшөөрсөн. Шалтгаан нь ...-ийн гишүүн /партнер/-ий хувьд бусад гишүүдийн нэгэн адил шударгаар хөдөлмөрлөсний үр дүнд бий болж хуримтлагдсан ашиг, уг ашгаас нөхөрлөлийн гэрээ, дүрмийн дагуу надад олгогдвол зохих ногдол ашгаа шударгаар тооцуулан нэхэмжлэн авахыг хүссэн ба ... амлалтаасаа буцсан учир илүү зүйл авахыг хүсээгүй.

... болон ...-ын зүгээс эвтэй, хамтран ажиллаж байхдаа амласан амлалт, итгэлцлээ үгүйсгэн хожим шүүхийн маргаан эхэлсэн үед ямарч асуудлыг юу ч гэж тайлбарлаж болно гэх байдлаар хандаж байгаа зүй бус хандлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй. Нөхөрлөлийн гишүүний хувьд би ногдол ашиг, санхүүгийн нэмэлт хуваарилалтын талаархи саналыг надад санхүүгийн нэмэлт хэрэгцээ бий болсонтой уялдуулан нөхөрлөлийн гүйцэтгэх захирал ...-т эвтэй, хамтран ажиллаж байхдаа тусламж олгохыг хүссэн. Энэ асуудлыг бид ярилцан ... аман шийдвэрээрээ 47,000,000 төгрөг надад олгож, тусламж гэдгийг тодотгосон баримтыг банкинд үйлдэж өгсөн. Надад олгосон тусламжаа хариуцагч зээл мэтээр тайлбарлан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй учир дээр өгүүлснээр 47,000,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлээгүй, хариуцагч нарын надад төлбөл зохих төлбөрөөс хасч тооцсон нь шударга ёсонд нийцэхгүй гэж ойлгож байна.

Иймд нөхөрлөл, түүнийг төлөөлж ...-ын 2016 онд надад 47,000,000 төгрөгийн тусламж олгохоор шийдсэн хүсэл зориг нь хожим талууд маргасан эсэхээс үл хамааран хүчин төгөлдөр учир нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ 47,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагч нараас нийт 288,908,158 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Гурав. Нөхөрлөлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 8-д Энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 2, 6, 7 дахь хэсэгт заасны дагуу нөхөрлөлөөс гарсан, ... тохиолдолд тухайн гишүүнд хуваарилах хөрөнгө, ашиг, үйлчлүүлэгчийн мэдээлэл зэргийг энэ хуулийн 30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримталж, мөн алдагдлыг энэ хуулийн 33 дугаар зүйлд заасныг баримтлан тус тус шийдвэрлэж хуваарилна хэмээн заасан байдаг. Нэхэмжлэгч миний бие Өмгөөллийн ...-с гарах хүсэлтээ бие даан гаргаж 2020 оны 01 сарын 03-ны өдрийн 01 дугаар Өмгөөллийн ...-ийн Бүх гишүүдийн ээлжит бус хурлаар нөхөрлөлийн гишүүнээс чөлөөлсөн. Ийнхүү гишүүнээс чөлөөлөхдөө нөхөрлөлийн үйлчлүүлэгчийн нийт мэдээллээс миний эзэмшиж буй 15 хувьд нийцэх үйлчлүүлэгчийн мэдээллийг гаргаж өгөөгүй. Нөхөрлөлөөс гишүүн гарахад тухайн гишүүнд хэдэн үйлчлүүлэгч ногдохыг гишүүний эзэмшиж байгаа хувь, нийт үйлчлүүлэгчийн тоотой харьцуулан гаргах боломжтой. (Жишээ нь: ... 100 үйлчлүүлэгчтэй гэж үзвэл надад 15 үйлчлүүлэгч ногдоно)

Нөхөрлөл энэ ажиллагааг явуулаагүй, шийдвэрлээгүй учир өөрт ногдох үйлчлүүлэгчийн мэдээллээ хуваарилан гаргуулахын тулд 2019 оны 12 сар хүртэлх хугацаанд хариуцагчийн үйлчлүүлэгч байсан, одоо үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийн нэрсийг хариуцагч нараас гаргуулж, тухайн үйлчлүүлэгч нараас миний үйлчлүүлэгч байхыг зөвшөөрсөн иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг дээрх хийсвэр жишээгээр тооцон хариуцагч ..., ... нараас гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч нэхэмжлэлээс зайлсхийх, төлбөр төлөхгүй байх, хариуцагч нөхөрлөлийг төлбөрийн чадваргүй болгох зорилгоор ...-ийг шинээр байгуулжээ. Хариуцагч Өмгөөллийн... нь үйлчлүүлэгчидтэйгээ байгуулсан хууль зүйн үйлчилгээний гэрээгээ ...-тэй шинэчлэн байгуулахыг, улмаар үйлчлүүлэгч нараас авлага, үйлчилгээний хөлсөө шинэ нөхөрлөлөөр хүлээн авах санал, мэдэгдлийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүргүүлж, мөн ажилтнуудаа шинэ нөхөрлөл рүү шилжүүлэн ажиллуулах алхмыг хийж байна. Миний бие тус нөхөрлөлтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хууль зүйн зөвлөх үйлчилгээ авч байгаа ...-д ажиллаж байгаа тул ийнхүү үйлчлүүлэгч нарт явуулсан мэдэгдэл нь мөн миний ажлын цахим шууданд ирсэн. Тиймээс шинээр байгуулсан ... нь хариуцагч Өмгөөллийн ...-ийн бүх үйлчлүүлэгчийг өөртөө шилжүүлэн авч, төлбөр тооцооны харилцаа нь шинээр үүсгэн байгуулагдсан нөхөрлөлийн данс, нэрээр явагдах болсон нь илэрхий боллоо.

Шинээр байгуулагдсан ... нь тус нөхөрлөлөөс үл хамааран шинээр байгуулагдаж буй хуулийн фирм бус, миний нэхэмжлэл болон төлбөр төлөхөөс зайлсхийж дээрх арга, ажиллагаа явуулахын тулд тус хуулийн фирмийг байгуулсан, хариуцагчийн бүтцийн өөрчлөлт, үйл ажиллагааны үргэлжлэл гэж үзэн хамтран хариуцагчаар татаж байна.

Иймд Өмгөөллийн ..., ... нарын нийт үйлчлүүлэгчийн мэдээллээс миний нөхөрлөлд эзэмшиж байсан 15 хувьд ногдох үйлчлүүлэгчийн мэдээлэл /үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр, байгуулсан гэрээ/-ийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Өмгөөллийн ... шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...-ын ногдол ашиг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Өмгөөллийн үйл ажиллагааг өмгөөлөлийн эрхтэй хуульчид нөхөрлөл байгуулан явуулах хуулийн заалтад нийцэх зорилгоор ...., нөхөр ... нар өөрсдийн ... компанийг татан буулгаж нэгдэх санал гаргаснаар 2013 оны 10 дугаар сард өмгөөллийн нөхөрлөл болгон бүртгүүлэхээр шийдсэн билээ.

...-ийн үүсгэн байгуулагч 100 хувийн хувьцаа эзэмшигч ...-ын хуульчийн мэргэжлийн болон өмгөөллийн үйл ажиллагаа 13 жил явуулсан туршлага, ажил хэргийн нэр хүндэд тулгуурлан, түүний компанийн худалдан авсан байр, оффисын тавилга, тоног төхөөрөмж, эдийн болон мөнгөн хөрөнгөнд үндэслэн ... 70 хувийн хувь эзэмшихээр бусад гишүүд 30 хувийг эзэмшихээр 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр ... нь нөхөрлөлд 1,5 сая төгрөгийн хөрөнгө оруулж, 2014 оны 7 дугаар сард 1,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Э.Энэбишээс бэлгэнд авч, нийтдээ 3 сая төгрөгийн 15 хувь эзэмшигч болсон юм.

Нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээг гишүүн ... тусдаа нөхөрлөл байгуулахаар гарсан учир 2013.12.13-ны өдөр, гишүүн ... шүүгчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн тул 2014.07.07-ны өдөр, Нөхөрлөлийн албан ёсны хаяг өөрчлөгдсөн учир 2014.12.05-ны өдөр тус тус шинэчлэн баталж улсын бүртгэлийн газарт бүртгүүлж байв. Дээр дурдсан нөхөрлөлийн гишүүдийн бүрэлдэхүүн, эзэмших хувь болон хаягт орсон өөрчлөлтөөс бусад байдлаар анхны Нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээний Нөхөрлөлд гишүүн орох, нөхөрлөлөөс гарах, чөлөөлөх, гишүүний эрх, үүрэг, бүх гишүүдийн хурал, гүйцэтгэх удирдлага, ашиг алдагдал хуваарилах зарчим, хөдөлмөрийн харилцааны зохицуулалт, нууц хадгалалт, гэрээний үүргийг зөрчих, бусад заалт гэсэн үндсэн хэсгүүдэд нэмэлт өөрчлөлт ороогүй юм.

...-ын нэхэмжлэлийн шаардлага нь тус нөхөрлөлийн 2014-2018 оны үйл ажиллагааны ногдол ашиг авах цаг хугацаагаар хязгаарлагдаж байгаа тул манай нөхөрлөлийн дээр дурдсан 4 удаагийн Нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээний заалтууд хамаарч байна.

Нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар ...-ыг сонгож, нөхөрлөлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар гишүүд хөдөлмөрийн гэрээ байгуулан, нөхөрлөлийн дотоод журмын дагуу бүтэц зохион байгуулалтанд нийцүүлэн тогтоосон цалин хөлсний жишгээр ажиллаж байсан болно. Нөхөрлөл нь Хөдөлмөрийн гэрээний дагуу гишүүд болон бусад хуульч, ажилчдын цалин хөлсийг тогтоосон цаг хугацаанд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулан, нөхөрлөлийн өмч болох утас, компьютерыг ажил албаны хэрэгцээнд нь зориулан олгож, хуульч, эрх зүйч нарын цалин хангамж, нийгмийн асуудалд аль болох дэмжлэг үзүүлж, хуулийн номын сан байгуулан ажлын тав тухтай таатай орчинг бүрдүүлсэн. Эдгээр нь ганц ...-ын өмч хөрөнгө болж үлдэнэ гэдэг нь бас л боломжгүй зүйл бөгөөд одоогийн болон ирээдүйн олон хуульч, өмгөөлөгч, эрх зүйч нарын ажил амьдралын баталгаа болж үлдэх билээ.

Нөхөрлөлийн үйл ажиллагааны алсын хараа, эрхэм зорилго бол дэлхийн түвшинд хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэх хуульчдын баг бүрдүүлэх явдал бөгөөд энэ томъёлолоор бид хэдхэн гишүүн үйл ажиллагааны орлогыг хуваан хүртэх бус, харин нөхөрлөлийн бүх хүмүүст нийтээрээ хүртээмжтэй ажлын байрны орчин нөхцөл бүрдүүлэх, ажлын цар хүрээг нэмэх, хуульчдын бие хүний өсөх дэвших боловсролд дэмжлэг үзүүлэхэд анхаарч хичээл зүтгэл гаргаж байсан нь 2017 онд Монгол Улсын шилдэг нөхөрлөлөөр шалгарч, 2016-2019 онуудын шилдэг татвар төлөгч байгууллага болж бусад хуульчдад болон өмгөөллийн нөхөрлөлүүдэд үлгэр жишээ болж бахархал төрүүлж байсан билээ.

Иймд хэний ч албадлага, ятгалагаар бус өөрсдийн хүсэл зоригоор Нөхөрлөлийн гэрээнд зааснаар ... нь нөхөрлөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан, нөхөрлөлийн бусад хуульч, эрх зүйч нараас харьцангүй өндөр, тодорхой цаг хугацаанд нэмэгдэж байсан цалин хөлс авч байсан байхад үүнийгээ бага цалин гэж үзэж ажиллахгүй байх байсан тухай нэхэмжлэлд дурдсан нь үндэслэлгүй юм.

1. Ногдол ашиг авах тухай шаардлагын тухайд: Нөхөрлөлийн ажлын байр нэмэгдэж 30 шахам эрх зүйч хуульч нар ажиллах болсноор 2014 оноос оффисын шинэ байранд нүүж, засвар тохижилт, тавилга, ширээ сандал, компьютер цахим харилцааны иж бүрэн тоног төхөөрөмж худалдан авсан болон ажилчдын цалин хөлс, бусад хангамж, гадаад дотоод томилолт, сургалт, хуульчдын форум зэрэг аж ахуйн болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх олон төрлийн ажилд нөхөрлөлийн үйл ажиллагааны орлогын ихэнх хэсэг зарцуулагдаж жилийн эцсийн тайлан балансад өндөр ашиг орлоготой мэт харагдавч касс болон дансанд бэлэн мөнгөний хуримтлал бага байсан. Үйл ажиллагааны зардал өсч, эдийн засгийн хямрал тохиолдсон цаг үеийн байдлаас нөхөрлөлийн ажилчдын цалин хөлс тавих цаг хугацаа хойшлогдоход хүрч байсны улмаас гүйцэтгэх захирал ... нөхөрлөлийн нэр дээр төдийгүй өөрөө хувийн зээл авах хүндрэл хүртэл үүсч байсан билээ.

Нөхөрлөлийн гүйцэтгэх захирал ... өөрөө өөртөө нууцаар ногдол ашиг хуваарилан бусад гишүүдэд мэдэгдэлгүй дан ганцаар шийдвэр гарган их хэмжээний ногдол ашиг авсан гэх нэхэмжлэлд бичсэн шиг үйл баримт бодит амьдралд санхүүгийн баримт бүрдүүлэх шаардлагаар бэлэн мөнгөний зардалд бичигдсэн утгаар тодорхойлогдсон гэдгийг ... сайн мэдэж байсан. Өөрөөр хэлбэл нөхөрлөлд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга эд зүйлс, ажилчдын сургалт томилолт, шагнал урамшууллын мөнгийг санхүүгээс бэлнээр гаргах тохиолдолд Б.Баярт ногдол ашгийн урьдчилгаа гэх утгаар, дараа тооцоо хийх зорилгоор баримт бүрдүүлж байсан нь ийм ойлголт өгөхөд хүргэсэн байна.

Нөхөрлөлийн гэрээний 5.2, 5.4-д заасан гүйцэтгэх захирлын эрх үүргийг хэрэгжүүлэхэд яаралтай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд ийнхүү санхүүгийн баримтыг бүрдүүлсэн гэх тайлбарыг бүх гишүүдийн хуралд ... хийснийг нөхөрлөлийн хуульч ажилчдын тансаг хэрэглээ тавлаг орчинд хамт ажиллаж нэг зорилгын төлөө явж байсныхаа хувьд нэхэмжлэгч ойлгоогүй гэх үндэслэл байхгүй билээ. Нөхөрлөлийн санхүүгийн нөхцөл байдал хүнд хэцүү байсан нь худал биш бодит байсан бөгөөд гишүүн ... ... ахыг ганцаараа энэ бүх ачаа үүрч байгаад санаа зовж байна гэж хүртэл хэлж ярьж байсан билээ.

Нөхөрлөлийн гишүүдийн хуралд танилцуулсан орлогын дэлгэрэнгүй тайланд тухайн жилийн авах ёстой гэж үзсэн авлага орж бүртгэгдсэн нь их дүнтэй ашиг, мөнгөний дүн болж харагдаж байгааг албан ёсны санхүүгийн тайланд татварын болон нийгмийн даатгалын шимтгэл хураамжийн үлдэгдэл өр болон нөхөрлөлийн дансанд болон касст бэлэн мөнгөний үлдэгдэл тусгагдсан байдлаар бодит бус гэдгийг нотлох болно. Нэхэмжлэлийн шаардлага санхүүгийн бүрэн бус, гагцхүү орлогын дэлгэрэнгүй мэдээлэлд үндэслэж байгаа нь үндэслэлгүй байна.

Нөхөрлөлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол ашиг хуваарилахдаа гишүүдийн нөхөрлөлд оруулсан хувь хэмжээ, тэдгээрийн тухайн жилийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан тооцно гэж заажээ. Нөхөрлөлийн гэрээний Долдугаар зүйлд Ашиг алдагдал хуваарилах зарчмыг 7.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлсон. Үүнд Ашгийг нөхөрлөлийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна гэж заасан бөгөөд манай нөхөрлөлийн гэрээнд хуулиас өөрөөр заагаагүй учир ашгийг тухайн жилд хуваарилж байх хуульд заасан журмыг мөрдөх ёстой.

Ногдол ашиг хуваарилах асуудал нь нөхөрлөлийн гэрээнд зааснаар бүх гишүүдийн хуралд хамаарах асуудал бөгөөд нөхөрлөлийн хувь эзэмшигч 3 гишүүний нэг байсан ... ногдол ашиг хуваарилах шаардлага 2014-2018 оны аль ч санхүүгийн жилд гаргаж байгаагүй учир 5 жилийн өссөн дүнгээр бүрэн бүтнээр нөхөн тооцуулан авах нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй болно.

Түүний 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нөхөрлөлийн гишүүнээс гарах тухай бичгээр гаргасан өргөдөлд ногдол ашиг авах хүсэлт анх удаа гарсан учир ногдол ашгийг ...-т ногдол ашгийн урьдчилгаа гэж олгогдсон мөнгөн дүнд ...-ын 15 хувьд хувь тэнцүүлэн тооцож, 70,881,600 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр олгосон болно. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн 2014, 2015 оны цэвэр ашгийн үнийн дүнг нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцож дахин нэмж 241,908,158 төгрөг авах нэхэмжлэл гаргасныг, түүнд ажилласан бүх жилийн ашиг болгож олгосон 70,881,600 төгрөгийн дүнд дээрх хоёр жилийн нэхэмжлэх эрхгүй болсон ашиг орж, илүү олгогдсон байхаар байхад нэхэмжлэлийг хангах, хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байна.

Нөхөрлөлийн санхүүгийн нөхцөл байдал бэлэн мөнгө хуваарилах боломжгүй байсан учир ашиг хуваарилах шийдвэр гаргаж байгаагүй, гишүүд ч ашиг авах шаардлага гаргаж байгаагүй бөгөөд Монгол Улс хуультай, Иргэний хуульд хэн хүссэн нь дур зоргоороо хэн нэгнээс хугацаагүй нэхэмжлэл шаардлага гаргахыг хязгаарласан байдаг атал ... нь ажлаас гарах үедээ тус нөхөрлөлд ажиллсан 6 жилийн ашиг нэг мөр авах нэхэмжлэл гаргаж байгаа нь нөхөрлөлд хохиролтой юм. Хэрэв гишүүний ашиг авах нэхэмжлэл дуртай цагтаа хэзээ ч гаргаж болох, хуримтлуулж байгаад авч болох, ямар нэг хөөн хэлэлцэх хугацаа байдаггүй бол миний хувьд энэ нөхөрлөлд орсон цагаас хойших /2007 оноос/ ашиг тооцуулах шаардлага гаргаж болох мэтээр төсөөлөгдөх тул ...-ын нэхэмжлэлийн шаардлага тодорхой цаг хугацаагаар хязгаарлагдах ёстой билээ.

2. ...-д олгосон мөнгөний тухайд: Нөхөрлөлийн ажил үйлчилгээг ганц хүн хэзээ ч үзүүлж байгаагүй, ямагт баг хамт олноор 2-10 хүртэл хуульч өмгөөлөгч, эрх зүйч орчуулагч гэх мэтээр хүн бүр тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж олон томоохон төсөл, захиалгат ажлуудыг гүйцэтгэж ирсэн, үүний дотор хурдан морины хүүхдүүдийг өвлийн улиралд уралдуулахын эсрэг гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэрэг ч хамаарна.

Нөхөрлөлийн дотоод журамд гишүүн болон ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар тогтоосон. ... зээл хүссэн, орон сууц авахад дэмжлэг үзүүлэх талаар ямар нэг өргөдөл хүсэлт албан ёсоор огт гаргаж өгөөгүй юм байна. Гэтэл нөхөрлөлийн гишүүнд байр өгөх хөрөнгө санхүүгийн асуудал нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар шийдэх ёстой асуудал мөн байтал ... ах амалсан, байр бүтэхгүй боллоо, зээлээр байр авчих, нөхөрлөлөөс байрны зээл төлөх бид бүхэнд амлалт өгдөг гэх мэтээр нэхэмжлэлдээ бичсэн асуудлыг огт ойлгохгүй байна. Нөхөрлөлд ажиллаж байгаа хуульч залуучууд хүсэлт гаргаад орон сууцны зээлийн урьдчилгаа мөнгийг Зээлийн гэрээ үйлдэж байсан хэд хэдэн тохиолдол бий. ...-ын зээл хүссэн хүсэлтийг биелүүлэхийн тулд ... ногдол ашгийн урьдчилгаа гэж баримт бүрдүүлэн авсан мөнгөнөөс 17 саяыг бэлнээр ямар ч баримт үйлдэлгүй өгсөн нь нөхөрлөлийн гишүүд бид бие биедээ маш их итгэл хүлээлгэн, сэтгэл ханамжтай хамтран ажиллаж байсны илэрхийлэл гэхээс өөр тайлбар байхгүй.

...-ыг онцлон нөхөрлөлийн үйл ажиллагааны орлогоос түүнд орон сууц худалдан авч өгөх боломж байгаагүй, Нөхөрлөлийн гэрээ болон дотоод журмаар ийм үүрэг ч хүлээгээгүй, харин орон сууц зээлээр авах хүсэлтэй залуучуудад байрны урьдчилгаа төлбөрт зориулж дэмжлэг үзүүлж зээл өгөх журмаар тэдэнтэй адил 47 сая төгрөгийг ...-д эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл олгосон юм байна.

Зүй нь энэ ногдол ашиг гэж олгогдсон 70,881,600 төгрөгнөөс орон сууцны урьдчилгаанд зээлээр олгосон 47 сая төгрөг хасагдах байсан ч ... шүүхээр маргаан эхлүүлнэ гэж е майлээр мэдэгдсэн учир бидний зүгээс эв хичээж хасалт хийлгүй, 100,000,000 төгрөг өгөхөөр шийдэхэд зөвшөөрөөгүй, 150,000,000 саяыг авна гэж шүүгч нөхрийнхөө өрөөнд дуудан мэдэгдсэн тул ...-ын авсан мөнгөтэй дүйцүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн 70,881,600 төгрөгнөөс зээлийн 47 саяыг хасалгүй бүтнээр нь олгосон байна.

Ийнхүү ... нь тус нөхөрлөлөөс гарахдаа 2014-2018 оны ногдол ашиг 70,881,600 төгрөг, 2019 оны ногдол ашигт 13,737,260 төгрөг, зээлийн 47,000,000 буцааж суутгуулаагүй тул нийт 131,618,860 төгрөгийг авсан байна. Иймд түүний нэмж 241,908,158 төгрөг авахаар шаардаж байгаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Нөхөрлөлийн гишүүнээс гарснаас 4 сарын дараа, ногдол ашгаа 2020.04.01-ний өдөр хүлээн авсныхаа дараа хуримтлагдсан ашгийн 15 хувийг авахаар нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй ч гишүүнэээс гарсантай холбоотой тооцоо хийгдсэн тул бүх гишүүдийн хурлаар шийдвэрлээгүй үйлчлүүлэгчийн мэдээлэл авах асуудлаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нөгөө талаар үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр, байгуулсан гэрээг гаргуулах шаардлага нь үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хөндөж байгаа бөгөөд үйлчлүүлэгч нарт хуульчийг сонгох эрх нь хуулиар олгогдсон учир тэднийг эд хөрөнгийн нэг адил үзэж хуваарилах боломжгүй.

Иймд ...-ын 2019 оны 12 сар хүртэлх хугацаанд хариуцагчийн үйлчлүүлэгч байсан, одоо үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийн нэрсийг хариуцагч нараас гаргуулж, тухайн үйлчлүүлэгч нараас миний үйлчлүүлэгч байхыг зөвшөөрсөн иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг дээрх хийсвэр жишээгээр тооцон хариуцагч ..., ... нараас гаргуулахаар нэхэмжилж" байна гэсэн нэхэмжпэлийн ихэсгэсэн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн хамт бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Хариуцагч Өмгөөллийн ... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өмгөөллийн ... нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нөхөрлөлийн тухай хуульд заасан журмын дагуу 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үүсгэн байгуулагдсан, өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулах чиглэл бүхий ... нарын гурван гишүүнтэй, хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу хариуцагч гэж нэхэмжлэлд дурдсан буюу нэхэмжлэгчийн тодорхойлсон этгээдийг хэлэхээр заасан боловч нэхэмжлэгч нь шүүхэд аливаа этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт-ыг тодорхой тусгахаар заасан байна. Гэтэл дээр дурдсан нэхэмжлэгчийн манай нөхөрлөлийг хамтран хариуцагчаар татах хүсэлтэд нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 241,908,158 төгрөгөөс хэдэн төгрөгийг, ямар үндэслэлээр Өмгөөллийн ...-өөс гаргуулах хүсэлтэй байгаа нь тодорхойгүй буюу нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байна. Нэхэмжлэгч ... нь тус нөхөрлөлд аливаа хэлбэрээр буюу нөхөрлөлийн гишүүн, үүсгэн байгуулагч, хөдөлмөрийн гэрээ бүхий ажилтнаар ажиллаж байгаагүй буюу эрх зүйн харилцаанд орж, харилцан үүрэг хүлээсэн аливаа гэрээ, хэлцэл огт байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд Өмгөөллийн ...-д холбогдуулж нөхөрлөлийн гишүүнээр ажиллаж байх хугацааны ногдол ашиг гэж тодорхойлоод 241,908,158 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан атлаа өөрт огт хамааралгүй ...-д холбогдуулж, хамтран хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй бөгөөд огт үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Өмгөөллийн ... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...-аас тус нөхөрлөлд ажиллаж байхдаа эргэн төлөх нөхцөлтэй зээлээр авсан 47,000,000 төгрөг болон зээлийн гэрээнд заасан хугацаа хэтэрсэн хоногийн алданги 4,700,000 төгрөг, ажлаас гарахдаа хүлээлгэн өгөх ёстой байсан 2,062,868 төгрөгийн үнэ бүхий ... брэндийн компьютер, хөдөлмөрийн гэрээний 12.1-д заасан гүйцэтгэсэн ажлын мэдээлэл бүхий бичиг баримт, ногдол ашгаас 2014-2016 оны ногдол ашигт илүү тооцон олгосон 38,500,522 төгрөгийг буцаан гаргуулахаар бүгд 92,263,390 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл:

... нь 2016 оны 6 дугаар сард байрны урьдчилгаанд хэрэгтэй байгаа 47 сая төгрөгийг тус нөхөрлөлөөс 3 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлөөр авах хүсэлт гаргаж, мөнгийг бүрэн хүлээн авсан байна. 2016.06.12-ны өдөр зээлийн гэрээ үйлдэгдсэн бөгөөд эргэн төлөгдөх хугацааг 2019.06.12 буюу 3 жил гэж заасан Зээлийн гэрээнд... гарын үсэг зураагүй боловч түүнд мөнгийг олгосон. Мөн тус гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд төлөөгүй үлдсэн үнийн дүнд жилийн 10 хувиар бодож алданги тооцож зээл олгогчид төлөх үүрэгтэй гэсний дагуу дээрхи алдангийг тооцсон болно.

... нь 2020.01.03-ны өдөр болсон бүх гишүүдийн хуралд "Би өөрийнхөө авсан 47 сая төгрөгийг хасуулаад гаръя гэж байна" гэж хэлсэн нь тус шүүхэд түүний гарган өгсөн нотлох баримт болох бүх гишүүдийн хурлын тэмдэглэлийн 7 дугаар хуудасны доод хэсэгт бичигдсэн байгаа. ... нь авсан зээлээ эргэн төлнө гэж амалж, ногдол ашгаас энэ үнийн дүнгээр хасуулахаар зөвшөөрсөн болно.

Нөхөрлөл нь хуульч, ажилтнуудын зөвхөн ажлын хэрэгцээнд зориулж компьютер тоног төхөөрөмж, бичиг хэрэгслийн эд зүйлсээр бүрэн хангадаг журамтай бөгөөд ...-д шинээр 2018 онд нөхөрлөлийн хөрөнгөөр авсан нэг бүр нь 2,062,868 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг ... брэндийн жижиг компьютерээс нэгийг олгосон билээ. Хөдөлмөрийн гэрээний хавсралт №1-ийн үйлчлүүлэгчтэй харилцах талаар заалтын 10 дахь хэсэгт Мэдээллийн технологи ашиглах талаар тусгасан бөгөөд зөөврийн компьютерийг зөвхөн албан ажлын хэрэгцээнд зориулан олгодог журамтай билээ. Хөдөлмөрийн гэрээ болон гэрээний хавсралтад зааснаар ажлаас гарч байгаа ажилтан хэрэглэж байсан эд зүйлс, компьютер болон гүйцэтгэж байсан ажлын баримт бичгийг бүрэн хүлээлгэн өгөх үүрэгтэй юм. ... нь ажлаас гарах үедээ компьютерыг түр хэрэглэж байгаад өгнө гэсэн боловч одоо хагас жил өнгөрч байгаа учир эргүүлэн авах шаардлагатай байна. Ажлын баримт бичиг нь үнэлэх боломжгүй бөгөөд ажилтны албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой бүх бичиг баримт, мэдээлэл, мэдээллийн бааз, бичиг баримтын загвар, маягт болон хавтаст материалууд нь зөвхөн нөхөрлөлийн өмч байхаар Хөдөлмөрийн гэрээний 12.1-д заасан бөгөөд Хөдөлмөрийн гэрээг ажилтан заавал дагаж мөрдөхөөр гэрээний 11.2-т заасан байна.

Иймд ажлын бичиг баримт нь цаашид нөхөрлөлийн архивд хадгалагдан үлдэх, гүйцэтгэсэн ажлын нууцлалд хамааралтай учир Хөдөлмөрийн гэрээний 9.5-д Хөдөлмөрийн гэрээг цуцалсны дараа ажилтан нь нөхөрлөлийн бүх бичиг баримт, мэдээлэл, мэдээллийн бааз, бичиг баримтын загвар, маягт болон хавтаст материалуудыг бүрэн бүтнээр нь тушаах үүрэгтэй гэх заалт, гэрээний хавсралт №3-ийн 7 дугаар заалтын Ажилтны Нөхөрлөлд ажиллах хугацаа дуусгавар болоход ажилтан ажил үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан олж авсан мэдээлэл, тайлан, компьютерийн файл болон бусад бүхий л материал зэрэг (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) Нөхөрлөлийн үйл ажиллагаатай холбоотой бүх бичиг баримтыг ямарваа байдлаар хуулбарлах буюу тэмдэглэл хийж авахгүйгээр Нөхөрлөлд буцаан өгнө" гэж тус тус заасны дагуу эргүүлэн авах шаардлага гаргаж байна.

 

(IV) ...-ын нэхэмжлэлийн шаардлага нь цаг хугацааны хувьд 2014-2018 оны ногдол ашиг гэж 5 жилийн ногдол ашиг авахаар тооцоолсон байна. ... нь Нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээ болон Хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан тул ногдол ашиг авах нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гэж үзэх үндэслэлтэй билээ. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" гэж заасан байх тул түүний ногдол ашиг авах шаардлага албан ёсоор анх гаргасан ...-ны өдрөөр огноолсон хүсэлтээс нь хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2019, 2018, 2017 оны хугацаанд хязгаарлагдах ёстой гэж үзнэ.

... өөрөө мэргэжлийн хуульч хүн учраас шаардах эрх нь зөрчигдөж байгааг мэдээгүй явсан гэх ямар ч үндэслэл байхгүй бөгөөд тэрээр нөхөрлөлийн 15 хувийн хувь эзэмшигчийнхээ хувьд ч түүнд нөхөрлөлийн санхүү бүртгэлийн баримт мэдээлэл бүрэн нээлттэй байсан утгаар түүнийг ногдол ашиг авах эрхээ зөрчигдөж байсныг мэдээгүй явж байжээ гэж үзэхгүй нь ойлгомжтой билээ.

Бүх гишүүдийн хурлаар 2014-2018 онуудад ногдол ашиг хуваарилах албан ёсны шийдвэр гаргаж байгаагүй, үүнийг нөхөрлөлийн гишүүн ... зөвшөөрөөгүй эсхүл ногдол ашиг авахаар шаардлага гаргаж байсан гэх е мэйл зэрэг ямар ч баримт байхгүй билээ. Иймд нөхөрлөлийн гишүүн эдлэх эрхээ хэрэгжүүлэх, эс хэрэгжүүлэх нь түүний бүрэн эрхийн асуудал учраас эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө нөхөрлөл ногдол ашгийг анх үүсгэн байгуулагдсан цагаас нөхөн олгох үүрэг хүлээх үндэслэл байхгүй билээ. Эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх ч бүрэн үндэслэл байхгүй бөгөөд тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдал гишүүдэд ногдол ашиг хуваарилах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч явцгаасан гэвэл бодит үнэн юм.

Иймд ...-ын авсан ногдол ашгийн урьдчилгаатай дүйцүүлэн сүүлийн 3 жилийн татвар орсон байдлаар ...-д 46,118,338 төгрөгийн ногдол ашиг хуваарилагдах байтал түүнд 84,618,860 төгрөгийг шилжүүлж илүү 38,500,522 төгрөг олгогдсон тооцоо гарч байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах ногдол ашгаас илүү олгосон 38,500,522 төгрөгийг буцаан авах шаардлага гаргаж байна. Нөхөрлөлийн тухай хуульд ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилна гэж заасан байх бөгөөд нөхөрлөлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ногдол ашгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгийн, эсхүл компанийн бусад хэмжигдэх боломжгүй биет бус хөрөнгийн хэлбэрээр төлж болно гэжээ. Нөхөрлөл нь тайлант хугацаа болгоны эцсээр санхүүгийн тайлан дээрхи бэлэн мөнгөний нөөц маш бага байсан. Өөрөөр хэлбэл хуримтлагдсан ашиг дээрхи дүнг тэр чигээр нь ноогдол ашиг гэж үзэх нь өрөөсгөл ойлголт бөгөөд ирээдүйд байгууллага үйл ажиллагаагаа жигд явуулахын тулд зайлшгүй шаардлагатай гарах мөнгөн урсгалуудыг (цалин хөлс, бүх төрийн татвар, үндсэн хөрөнгө болон бусад зардал төлбөр тооцоо гэх мэт ) болон дараа жилийнхээ төсвийг баталж ногдол ашиг тараах боломжой гэж үзсэн тохиолдолд буюу бэлэн мөнгөний хүрэлцээтэй үед л ногдол ашиг зарлах шийдвэр гаргадаг зарчимтай.

Бодит жишээг дурьдвал: 2017 онд баланс дээрхи бэлэн мөнгө 42,630,600 төгрөг байснаас хүлээгдэж буй 2018 оны 1 сард төлөх богино хугацааны төлбөрүүд нь татварт 59,666,800 +НДШ-д 20,435,900 + цалинд 58,940,600 төгрөг буюу нийт 42,630,600 төгрөг болноос зөрүү хасах 96,412,700(=42,630,600-42,630,600) төгрөгийн бэлэн мөнгөний дутагдалтай буюу гаднаас санхүүжилт босгох шаардлагатай байсан.

Харин 2018 оны санхүүгийн тайланг авч үзвэл баланс дээрхи бэлэн мөнгө 122,618,000 төгрөгөөс 2019 оны 1 сард нэн шаардлагатай богино хугацааны хүлээгдэж буй татварын өр төлбөр 37,432,500 +Цалин 50,346,069 төгрөг +Үндсэн хөрөнгө олж эзэмшихэд 25,209,300 буюу нийт зардал 112,987,869 төгрөг болно. Энэ мэтээр жил бүрийн бэлэн мөнгөний үлдэгдийг харах боломжтой ба ногдол ашиг төлсний дараа компани нь төлбөрийн чадвартай байх гэсэн заалтыг зөрчиж ногдол ашиг хуваарилаж байгаагүй байна.

Иймээс ...-ын нэхэмжилж буй төлбөр нь огт үндэслэл тооцоогүй шаардлага бөгөөд нийт 2014-2018 оны 5 жилийн санхүүгийн тайлангийн зөвхөн орлого, үр дүнгийн тайлангийн ашигт үндэслэн "хөлийн дүн"-гээс өөрийн хувь эзэмшилд ногдох ашиг авна гэж шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэтэл орлого үр дүнгийн тайланд үндсэн хөрөнгийн худалдан авалтын мэдээ ороогүй, түүнчлэн дээрх хугацаан дахь бэлнээр орж ирээгүй авлагын дүн тусгагдсан байгаа нь орлогыг их харагдуулж, зардлыг бууруулсан ойлголтыг төрүүлж байгаа юм.

 

Нэхэмжлэгч ... сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 92,263,390 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 47,000,000 төгрөгийн шаардлагын тухайд, байрны урьдчилгаанд өгсөн гэх 47,000,000 төгрөгийг Б.Баяр ахын зүгээс буцалтгүй тусламж болгон өгсөн ба надад зээл өгч байгаагүй. Ийнхүү маргаан үүсэнгүүт зээл хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Шүүхэд баримтаар гаргасан зээлийн гэрээ-г хэзээ ч танилцуулж байгаагүй, энэ мөнгийг буцаан төлөх болон хугацааны талаар Б.Баяр ах бидний хооронд нэхэмжлэлд дурдсан нөхцөлөөр ямар нэг яриа, хэлцэл болж байгаагүй учир би энэ гэрээний төслийг хараагүй, мэдэхгүй. Мөн гарын үсэг зурахаас зайлсхийсэн зүйл ч болж байгаагүй.

Хэрэв хариуцагч уг гэрээг 3 жилийн хугацаатай байгуулах нөхцөл тавьсан, гэрээг надад танилцуулсан, төлбөрөөс би татгалзаж байсан бол энэ тухайгаа шүүхэд нотлох үүрэгтэй. Харин ч хариуцагчийн зүгээс эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр 30,000,000 төгрөг олгосон баримтыг ... ах нөхөрлөлийн нэрийн өмнөөс гаргаж өөрөө гарын үсэг зурсан, энэ баримт хариуцагчид өөрт нь байгаа. Мөн 2017 онд нөхөрлөлийн арга хэмжээний үеэр бусад гишүүд хамт олны дэргэд... ах дээрх мөнгийг буцаан авахгүй гэж хэлж байснаа ... ах өөрөө, мөн олон хүн санаж байгаа байх. Тиймээс тус мөнгийг хэзээ ч шаардаж байгаагүй, 2019.12-р сард ажлаас гарахад ч энэ талаар яриа болоогүй, нэхээгүй. Алдангийн тухайд надад өгсөн мөнгө зээл байгаагүйн зэрэгцээ бичгээр хийгдээгүй нь алданги тооцогдохгүй учир хариуцагч хуулийн фирмийн нөхөн боловсруулсан гэрээ нь Иргэний хуульд нийцэхгүй.

Би өөрийн гаргасан нэхэмжлэл болон 2020.01.03-ны өдрийн хурал дээр гаргасан санал бол олон жил хамтран ажилласан учир нөхөрлөлийн нэрээ бодож, хамт олноо хүндэтгэн харилцан ойлголцох, ашгийг шударгаар хуваарилах зорилгоор буулт хийж "Хамгийн өндөр ашигтай жил буюу 2016 оны хуримтлагдсан ашиг 1,127,812,526 төгрөгөөс (...ХХК (...)-иас орсон орлогыг надад хамаагүй гэж хэлж байсан) бусад жилүүдийн ногдол ашиг болох 2014-2015, 2017-2018 оны 4 жилийн хуримтлагдсан ашиг 1,270,785,863 төгрөгийн 15 хувь болох 190, 617,879 төгрөгийг надад хуваарилахыг хүсч, түүнээс надад байрны урьдчилгаанд өгсөн 47 сая төгрөгийг хасаад 143,617,879 төгрөгийг боломжит хугацаанд хувааж төлөх санал тавьж байсан.

Харин 47 сая төгрөг нь зээл байсныг хүлээн зөвшөөрч хасуулахаар санал илэрхийлээгүй. Тэр өдрийн хурал дээр... ах анх удаа зээл байсан гэж хэлсэн болон нөхөрлөлийн ашиг, алдагдлын тухай санхүүгийн танилцуулгад зээл гэж оруулсныг үндэслэн авах ёстой ногдол ашгаа шударгаар тооцон авах, эвтэй байхдаа тусламж гэж өгсөн мөнгийг маргаан эхэлмэгц зээл гэж нэхэн амлалт, тохиролцоогоо үгүйсгэн шударга бус, ахмад хүний хувьд ёс зүйгүй зан гаргасанд нь нийцүүлэн дээрх байдлаар буулт хийж, шударгаар хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн үр шимээ нөхөн тооцож авах санал гаргасныг сөргүүлэн тавьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас уг 47 сая төгрөг анхнаасаа тусламж байсан учир нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж хариуцагчаас уг мөнгийг нэхэмжлэх болно.

Компьютерийн үнэ 2,062,868 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, Ажлаас гарах үед надад ажиллах компьютер байгаагүй тул тодорхой хугацаанд ашиглаж байхаар 2020.01.29-ний өдөр гүйцэтгэх захирал ...-д цахим шуудангаар хүсэлт гарган зөвшөөрсний нь дагуу ашиглаж байгаад 2020.07.20-нд сөрөг нэхэмжлэлээс өмнө буцаан өгсөн. Иймд энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Ажлын баримт бичиг гаргуулах шаардлагын тухайд, Хариуцагч тодорхойгүй шаардлага гаргаж, ажлын баримт бичиг хүлээлгэн өгөөгүй гэж гүжирдэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би тус нөхөрлөлийн гишүүн, ахлах хуульчаар ажиллаж байсан учир бусад хуульчдыг ахалж ажилладаг байсан. Үйлчлүүлэгчтэй холбоотой ажлын баримт бичиг, файл, хавтастай бичиг баримтууд нь тухайн хэрэг, маргааныг хариуцан ажиллаж байсан хуульч, хуульчийн туслахад байдаг. Байнгын гэрээтэй үйлчилгээ үзүүлдэг үйлчлүүлэгдийн бүх мэдээлэл, файл нь байнгын үйлчлүүлэгч хариуцсан багийн ахлагч ...-т, Консалтингийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, файл ...-ийн багийн ахлагч ... нарт тус тус хадгалагдаж, ашиглагдаж байдаг ба намайг нөхөрлөлийн гишүүнээс гарах үед бүх баримт бичиг ажил хариуцсан нөхөрлөлийн хуульчдад үлдсэн.

Илүү төлсөн гэх 38 сая төгрөг буцаан гаргуулах шаардлагын тухайд, Нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар ... 2013.11-2019 оны хооронд ажилласан. Энэ хугацаандаа нөхөрлөлийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг жил бүр нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж, бүх гишүүдийн хуралд тайлагнаж байх гэрээ, дүрэмд заасан үүргээ биелүүлж байгаагүй. Иймээс нөхөрлөлийн санхүүгийн байдал ямар байсан, ашигтай эсхүл алдагдалтай ажиллаж байсан эсэхийг албан ёсоор мэдэх боломж надад 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл байгаагүй. Өмнө нь нэхэмжлэлдээ бичсэний адилаар ... ахын хэлсэнд итгэж хүлээцтэй хандан нөхөрлөл алдагдалтай, заримдаа цалин тавих ч мөнгөгүй болж байсан л гэж ойлгож ирсэн. Нөхөрлөлийн удирдлагаас ийм мэдээлэл авч байсан учраас 2015 онд нөхөрлөлийн гишүүдэд хандан е-майлаар захиа бичин санхүүгийн хүндрэлтэй асуудлаа хамтдаа даван туулах, цаашид нөхөрлөлийн ашиг, алдагдлын талаархи харилцаагаа тодорхойлох тодорхой бодлого барьж ажиллах болон нөхөрлөлийн ирээдүйн бусад асуудлаар санал гаргаж байсан.

Хөөн хэлэлцэх хугацаа нь шаардах эрх зөрчигдсөн, зөрчигдсөн болохоо мэдсэн цаг хугацаанаас эхлэн тоолдог. Нөхөрлөл байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр ашигтай ажиллаж ирснийг би тухайн үед нь мэдэж байсан бол хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болно. Гэвч 2020 оны 01 дүгээр сарын 03 хүртэл энэ бүхэн тодорхой болоогүй байсан. Хэрэв надад танилцуулж байсан бол гүйцэтгэх захирлын зүгээс гэрээ, дүрэмд зааснаар жил бүрийн тайлангаа танилцуулж байсан хурлын шийдвэр, тэмдэглэл эсхүл майлээ шүүхэд гаргаж өгөх шаардлагатай. Иймд энэ шаардлага болон хөөн хэлэцэх хугацааны тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ...л нь хариуцагч Өмгөөллийн ..., ...-д холбогдуулан 2014-2018 оны ногдол ашиг 288,908,158 төгрөг гаргуулах, нөхөрлөлийн үйлчлүүлэгчийн 15 хувийн мэдээлэл буюу иргэн, хуулийн этгээдийн нэр, байгуулсан гэрээг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч талаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, хариуцагч Өмгөөллийн ...-өөс нэхэмжлэгч ...-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51,700,000 төгрөг, илүү олгосон ногдол ашиг 38,500,522 төгрөг, компьютерийн үнэ 2,062,868 төгрөг, ажлын цахим мэдээлэл, бичиг баримтыг тус тус гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад компьютерийн үнэ 2,062,868 төгрөг, ажлын цахим мэдээлэл, бичиг баримтыг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар.

Нэхэмжлэгч ... нь хариуцагч Өмгөөллийн ..., Өмгөөллийн ...-д холбогдуулан 2014-2018 оны ногдол ашиг 288,908,158 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

 

Хариуцагч Өмгөөллийн ... нь 2014 онд 117,196,900 төгрөг, 2015 онд 572,767,200 төгрөг, 2016 онд 1,127,812,500 төгрөг, 2017 онд 272,831,800 төгрөг, 2018 онд 324,004,500 төгрөг, нийт 2,414,612,900 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан болох нь нөхөрлөлийн санхүүгийн тайлан /хэргийн 2 хавтас 91-108 тал/-гаар тогтоогдож байна.

 

Өмгөөллийн ...-ийг 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ... нарын гишүүнтэйгээр үүсгэн байгуулж, тус нөхөрлөлийн нийт хөрөнгийн 73,75 хувийг ..., 11,25 хувийг ..., 7,5 хувийг ..., 7,5 хувийг ... нар тус тус эзэмшихээр хөрөнгө оруулсан байна.

Нөхөрлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнээс 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гишүүн ... хасагдаж, түүний эзэмшиж байсан хөрөнгийн 7,5 хувийг гишүүн ..., 3,75 хувийг гишүүн ... нарт тус тус шилжүүлсэн,

2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нөхөрлөлийн гишүүнээр ... нар нэмэгдэж, тэдгээрт тус бүр нөхөрлөлийн 5 хувийн эзэмших эрхийг гишүүн ...-аас шилжүүлсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Нөхөрлөл үүсгэн байгуулах шинэчилсэн гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ Нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээний 7.2-т зааснаар нөхөрлөлийн 2014-2018 оны татвар төлсний дараах цэвэр ашгаас нөхөрлөлд оруулсан өөрийн хөрөнгийн хэмжээгээр буюу 15 хувийн ногдол ашиг болох 359,789,758 төгрөгөөс ногдол ашигт хүлээн авсан 70,881,600 төгрөгийг хасаж, үлдэх 288,908,158 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Өмгөөллийн ...-өөс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, тус нөхөрлөлийн бүх гишүүдийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын 01 дугаартай тогтоолын дагуу нөхөрлөлийн 77,5 хувь эзэмшиж байсан гишүүн ...-т 2014-2018 оны ногдол ашигт тооцож олгосон 366,221,600 төгрөгт хувь тэнцүүлэн гишүүн ...-д 2014-2018 оны ногдол ашигт 70,881,600 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр олгосон бөгөөд уг мөнгөн хөрөнгөөс 2014-2016 оны ногдол ашигт тооцож олгосон 38,500,522 төгрөгийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа олгосон үндэслэлээр буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

Өмгөөллийн ...-ийн гишүүн Х.Баасанжаргал нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаанд буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нөхөрлөлийн 7,5 хувь, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойш нөхөрлөлийн 15 хувийг эзэмшиж байсан байна.

 

Нөхөрлөлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг энэ хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасан гэрээний үндсэн дээр байгуулах бөгөөд гэрээнд ашиг хуваарилах зарчмыг тусгана, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол ашиг хуваарилахдаа гишүүдийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, тэдгээрийн тухайн жилийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан тооцно гэж тус тус заасан байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу гишүүд нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээгээр тухайн нөхөрлөлийн ашиг хуваарилах зарчмыг шийдвэрлэхээр заасан байна.

 

Өмгөөллийн ...-ийн 2014-2018 оны ногдол ашиг хуваарилах зарчмыг тодорхойлох үндсэн баримт бичиг нь тус нөхөрлөлийн гэрээ байх бөгөөд энэ хугацаанд хамаарах гэрээ нь бүх гишүүдийн 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцэн баталсан Нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээ байна.

 

Дээрх гэрээний 4.3-т бүх гишүүдийн хурал нь Нөхөрлөлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ, 7.1-т Энэ гэрээ, хурлаас баталсан журмын дагуу нөхөрлөлийн ашиг, алдагдлыг гишүүдэд хуваарилна гэж тус тус зааснаар нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар гишүүдэд хуваарилах ашгийн хэмжээг тогтоох, хуваарилах журмыг батлахаар зохицуулсан байна.

 

Өмгөөллийн ... нь 2014-2018 онуудад бүх гишүүдийн хурлаар гишүүдэд хуваарилах ашгийн хэмжээг тогтоох, хуваарилах журмыг баталсан баримт хэрэгт авагдаагүй, талуудаас ногдол ашгийн хэмжээг тогтоож, хуваарилах шийдвэр гаргаагүй гэж тайлбарласан атлаа гишүүн ... нь дээрх хугацаанд ногдол ашигт 366,221,600 төгрөг шилжүүлэн авсан үйл баримт санхүүгийн тайлан, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Улмаар Өмгөөллийн ...-ийн бүх гишүүдийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар нөхөрлөлийн 77,5 хувь эзэмшигч байсан гишүүн ...-ын 2014-2018 оны ногдол ашигт шилжүүлэн авсан 366,221,600 төгрөгт хувь тэнцүүлэн бусад гишүүдэд ногдол ашгийг нөхөн олгож, гишүүн ...-д 35,440,800 төгрөг, ...-д 70,881,600 төгрөг тус тус хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

 

Нөхөрлөлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2-т бүх гишүүдийн хуралд нөхөрлөлийн нийт гишүүдийн дийлэнх олонх нь оролцсоноор тухайн хурал хүчинтэйд тооцогдох бөгөөд хурлаар гишүүдэд хуваарилах ашгийн хэмжээг тогтоох, хуваарилах журмыг батлах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэж зааснаар тус нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар гишүүдэд хуваарилах 2014-2018 оны ногдол ашгийн хэмжээг тогтоож, гишүүн ....-д 70,881,600 төгрөг нөхөн олгосон болох нь баримтаар /хэргийн 2 хавтас 198-199 тал/ тогтоогдож байх тул шүүхээс нөхөрлөлийн ногдол ашгийн хэмжээг өөрөөр тогтоож, хуваарилах хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, Нөхөрлөлийн тухай хуульд зааснаар ашиг хуваарилах зарчим нь нөхөрлөлийн гишүүдийн байгуулсан гэрээний нөхцөлөөр тодорхойлогдоно. Гэрээнд тохиролцоогүй, өөрөөр заагаагүй бол ашиг хуваарилахдаа гишүүдийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, тэдгээрийн тухайн жилийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан тооцно.

Хариуцагч Өмгөөллийн ...-ийн үүсгэн байгуулах гэрээнд ашгийн хэмжээг тогтоох асуудал нь бүх гишүүдийн хурлын эрх хэмжээнд хамаарахаар тохиролцсон байх ба бүх гишүүдийн хурлаар ...-д 2014-2018 оны ногдол ашиг 70,881,600 төгрөг олгохоор шийдвэрлэж, уг мөнгөн хөрөнгийг түүнд шилжүүлсэн байна.

 

Иймд шүүхээс ...-ийн цэвэр ашгаас гишүүний нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээгээр ногдол ашиг тооцож гишүүнд хуваарилах хууль зүйн үндэслэлгүй байх тул 2014-2018 оны ногдол ашигт 288,908,158 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг,

мөн тус нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал эрх хэмжээнийхээ хүрээнд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гишүүддээ ногдол ашиг хуваарилсан байх ба Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.3-т үүрэг гүйцэтгэгч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг мэдээгүй байхдаа үүргээ гүйцэтгэсэн бол гүйцэтгэсэн үүргээ буцааж шаардах эрхгүй гэж зааснаар 2014-2016 оны ногдол ашигт шилжүүлсэн 38,500,522 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нөхөрлөлийн үйлчлүүлэгчдийн 15 хувийн мэдээлэл буюу иргэн, хуулийн этгээдийн нэр, байгуулсан гэрээг гаргуулах шаардлагын хувьд, нэхэмжлэгч Нөхөрлөлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 8-д заасан үндэслэлээр шаардлага гаргаж байна.

Нөхөрлөлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 8-д Энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 2, 6, 7 дахь хэсэгт заасны дагуу нөхөрлөлөөс гарсан, чөлөөлөгдсөн нөхөрлөлийн гишүүний эрхээ алдсан тохиолдолд тухайн гишүүнд хуваарилах хөрөнгө, ашиг, үйлчлүүлэгчийн мэдээлэл зэргийг энэ хуулийн 30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримталж, мөн алдагдлыг энэ хуулийн 33 дугаар зүйлд заасныг баримтлан тус тус шийдвэрлэж хуваарилна гэж заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч ... 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Нөхөрлөлд эзэмших хувь шилжүүлэх гэрээгээр ... нарт тус бүр нөхөрлөлийн 3.75 хувийг эзэмших эрхийг 750,000 төгрөгийн хариу төлбөртэйгөөр шилжүүлж, Эрх шилжүүлэх гэрээний 2.1-т зааснаар эрх хүлээн авагч талд нөхөрлөлийн 3,75 хувийн хөрөнгийн хэмжээгээр илэрхийлэгдэх нөхөрлөлд эзэмших эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргийг бүрэн шилжүүлсэн байна. /хэргийн 1 хавтас 154-175/

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ... нь Өмгөөллийн ...-д оруулсан өөрийн хөрөнгөө хариу төлбөртэйгээр бусдад шилжүүлсэн байх тул Нөхөрлөлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 8-д заасан үйлчлүүлэгчийн мэдээллийг шаардах үндэслэлд хамаарахгүй гэж үзэхээр байна.

Иймд Өмгөөллийн ...-ийн үйлчлүүлэгчийн 15 хувийн мэдээлэл буюу иргэн, хуулийн этгээдийн нэр, байгуулсан гэрээг гаргуулах нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Мөн хариуцагч Өмгөөллийн . нь 2020 оны 07 дуг..аар сарын 02-ны өдөр ... нарын гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Өмгөөллийн ...-ийн иргэний эрх зүйн чадвар дуусгавар болсон, эрх залгамжлалын үндсэн дээр үүргээ бусдад шилжүүлсэн, эсхүл өөрчлөн байгуулагдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна тус хуулийн этгээд нь ногдол ашиг, үйлчлүүлэгчийн мэдээллийг хуваарилах үүргээс зайлсхийх зорилгоор өөрийн үйлчлүүлэгчдэд Өмгөөллийн ...-өөс үйлчилгээ авахыг санал болгож, саналыг хүлээн авсан үйлчлүүлэгчийн үйлчилгээний төлбөрийг тус нөхөрлөлөөр дамжуулан авсан гэх нөхцөл байдал нь Өмгөөллийн ...-ийн гишүүддээ хуваарилах ашиг, үйлчлүүлэгчийн мэдээлэл зэргийг хариуцах үүргийг Өмгөөллийн ... хүлээх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар.

Нэг. Хариуцагч Өмгөөллийн ... нь нэхэмжлэгч ...-.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 47,000,000 төгрөг, алданги 4,700,000 төгрөг, нийт 51,700,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч ... нь марааны зүйл болох 47,000,000 төгрөгийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй, харин орон сууцны буцалтгүй тусламжид уг мөнгөн хөрөнгийг олгосон тул зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж маргаж байна.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, эсхүл орон сууцны буцалтгүй тусламжид мөнгөн хөрөнгө шилжүүлсэн эсэх талаар харилцан адилгүй тайлбар гаргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч ...-аас татгалзлын үндэслэлээ нотлохоор нотлох баримтын шаардлага хангаагүй Өмгөөллийн ...-ийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай Хаан банк-нд гаргасан ... нь Өмгөөллийн ...-ийн гишүүн, ахлах хуульч албан тушаалд ажилладаг. Манай нөхөрлөлийн зүгээс сайн ажиллаж байгаа ажилтнаа дэмжих зорилгоор эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр 30,000,000 төгрөг ...-д 2016 оны 6 сарын 21-ний өдөр өгсөн нь үнэн болно гэх тодорхойлолт /хэргийн 4 хавтас 46 тал/-ыг гаргасан ба уг тодорхойлолтыг өгсөн болохоо хариуцагч талаас үгүйсгээгүй боловч ... Энэхүү бичгийг ... үйлдэж надаар гарын үсэг зуруулахдаа Хаан банкнаас зээл авахад өмнө нь зээлтэй хүнд зээл олгохгүй журамтай тул тус нөхөрлөлөөс авсан зээлийг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр олгогдсон мэтээр тодорхойлуулах шаардлагатай гэж тайлбарлаж байсан болно. Иймд энэ бичгийг Хаан банкнаас ... зээл авахад нь туслах үүднээс үйлдсэн гэх тайлбар /хэргийн 1 хавтас 71 тал/-ыг гаргаж, Худалдаа хөгжлийн банк дахь Өмгөөллийн ...-ийн ... тоот данснаас ...-ын ... тоот данс руу 30,000,000 төгрөгийг зээл олгов гэсэн төлбөрийн зориулалтаар 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн /хэргийн 2 хавтас 202 тал/ баримт, мөн тус нөхөрлөлийн бүх гишүүдийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуралд...-ын өгсөн зээлийг ойлгож байна, 47 саяын зээл авсан гэх тэмдэглэл /хэргийн 1 хавтас 134 тал/ зэргээр няцааж байна.

Дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд хариуцагч байгууллагаас маргааны зүйл болох 47,000,000 төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр ...-д шилжүүлсэн байна гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүйгээс гадна Нөхөрлөлийн гэрээнд зааснаар бүх гишүүдийн хурлаар уг мөнгөн хөрөнгийг ногдол ашигт тооцож түүнд олгохоор шийдвэрлэсэн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд хариуцагч Өмгөөллийн ... нь нэхэмжлэгч ...-тай 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 30,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 17,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлэхээр амаар харилцан тохиролцсон болох нь мөнгө шилжүүлсэн баримт /хэргийн 2 хавтас 202 тал/, бүх гишүүдийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл, зохигчийн тайлбар, цахим зурвас зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу зээлдүүлэгч Өмгөөллийн ... нь 47,000,000 төгрөгийг зээлдэгч ....-д шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Талууд зээлийн гэрээгээр гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг буцаан төлөх хугацаа тогтоосон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж зааснаар зээлдүүлэгч Өмгөөллийн . зээлийн гэрээний.. үүрэгт 47,000,000 төгрөгийг зээлдэгч ...-аас шаардах эрхтэй.

Хариуцагч талаас шүүх хуралдаанд алданги 4,700,000 төгрөг гаргуулах үндэслэлээ зээлийн хүү тооцож шаардсан гэж тодруулсан бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй байх тул зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн хүү, алданги шаардах эрхгүй байна.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхийн дагуу хариуцагч Өмгөөллийн ... нь нэхэмжлэгч ...-аас компьютерийн үнэ 2,062,868 төгрөг, ажлын цахим мэдээлэл, бичиг баримтыг тус тус гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан /хэргийн 3 хавтас 123 тал/ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ...-аас зээлийн гэрээний үүрэгт 47,000,000 /дөчин долоон сая/ төгрөг гаргуулж хариуцагч Өмгөөллийн ...-д олгож, Өмгөөллийн ..., Өмгөөллийн ...-өөс ногдол ашиг 288,908,158 төгрөг, үйлчлүүлэгчдийн 15 хувийн мэдээлэл буюу иргэн, хуулийн этгээдийн нэр, байгуулсан гэрээг тус тус гаргуулах нэхэмжлэгч ...-ын нэхэмжлэлийг, ногдол ашигт шилжүүлсэн 38,500,522 төгрөгийг буцаан гаргуулах, зээлийн гэрээний үүрэгт 4,700,000 төгрөг гаргуулах хариуцагч Өмгөөллийн ...-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, Нөхөрлөлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 34 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...-аас зээлийн гэрээний үүрэгт 47,000,000 /дөчин долоон сая/ төгрөг гаргуулж хариуцагч Өмгөөллийн ...-д олгож, Өмгөөллийн ..., ...-өөс ногдол ашиг 288,908,158 төгрөг, үйлчлүүлэгчдийн 15 хувийн мэдээлэл буюу иргэн, хуулийн этгээдийн нэр, байгуулсан гэрээг тус тус гаргуулах нэхэмжлэгч ... нэхэмжлэлийг, ногдол ашигт шилжүүлсэн 38,500,522 төгрөгийг буцаан гаргуулах, зээлийн гэрээний үүрэгт 4,700,000 төгрөг гаргуулах хариуцагч Өмгөөллийн ...-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ...-аас компьютерийн үнэ 2,062,868 төгрөг, ажлын цахим мэдээлэл, бичиг баримтыг тус тус гаргуулах Өмгөөллийн ...-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ...-ын төлсөн 1,367,491 төгрөг, хариуцагч Өмгөөллийн ...-ийн төлсөн 619,267 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ...-аас улсын тэмдэгтийн хураамжид 392,950 төгрөг гаргуулж хариуцагч Өмгөөллийн ...-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ