Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 318

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Р.Очирсүрэн, шүүгдэгч Б.У, иргэний нэхэмжлэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б овогт Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708011300164 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.У, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл гурав, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 31 дүгээр гудамжны 17 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ...........регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар

Шүүгдэгч Б.У.......нь 2017 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 31 дүгээр гудамжны 19 тоотод байрлах иргэн Т.С-гийн өвлийн байшингийн цонхоор орж “Самсунг” загварын 42 инч хэмжээтэй зурагт хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 7-8 дугаар хуудас), гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-12 дугаар хуудас), эд зүйлийг хураан авсан болон хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 49-50 дугаар хуудас), эд зүйлийн үнэлгээ (хх-ийн 25 дугаар хуудас), “Good” барьцаалан зээлдүүлэх газрын барьцаат зээлийн бичиг (хх-ийн 51 дүгээр хуудас), хохирогч Т.С-гийн мэдүүлэг (хх-ийн 39, 41 дүгээр хуудас), иргэний нэхэмжлэгч О.О-ын мэдүүлэг (хх-ийн 45 дугаар хуудас), түүний шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, гэрч П.Д-ын мэдүүлэг (хх-ийн 96 дугаар хуудас), яллагдагч Б.У-ын мэдүүлэг (хх-ийн 87 дугаар хуудас), шүүгдэгч Б.У-ын мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 55-56 дугаар хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57 дугаар хуудас), арилжааны банкуудаас гаргасан лавлагаанууд, гэрч Н.Н-гийн мэдүүлэг (хх-ийн 93-94 дүгээр хуудас) зэрэг хуульд заасан үндэслэл, журмын цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд талууд эдгээр нотлох баримтаас хүчингүй болгуулах санал гаргаагүйн дээр өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б.У нь 2017 оны оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 31 дүгээр гудамжны 19 тоотод хүн байнга амьдрах зориулалттай иргэн Т.С-гийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, 42 инчийн “Samsung” загварын зурагт хулгайлсны улмаас бусдад 800.000 төгрөгийн хохирол учирсан” гэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Ут шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би энэ хэргийг үйлдсэн гэм буруугаа сайн хүлээн зөвшөөрч байна. Хохирогч алдсан эд зүйлээ буцааж авсан тул түүнд төлөх төлбөргүй. Харин барьцаалан зээлдүүлэх газарт учруулсан 300.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байгаа бөгөөд үүнийг төлөхөө илэрхийлж байна. Би эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй учир энэ хохирлыг төлж чадаагүй. Мөн ээж маань мөнгөний асуудалтай байгаа юм...” гэв.

2. Иргэний нэхэмжлэгч О.О шүүх хуралдаанд: “...хэргийн талаар мэдүүлэх зүйлгүй. Манай зүгээс шүүгдэгч Б.У-аас өгсөн 300.000 төгрөгийг нэхэмжилж байна. Харин хүү, алданги нэхэмжлээгүй. Өөр хэлэх зүйл алга...” гэв.

3. Хохирогч Т.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: ”...Манай нөхөр Ц хөдөө явсан байсан тул би 2 хүүхдийн хамт аавындаа байсан. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гэртээ ирэхэд хэвийн байсан ба 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 8 цагийн үед гэртээ ирэхэд өвлийн байшингийн урд талын цонх онгорхой, гэрийн хаалга цоожтой байсан. Гэрт ороход том өрөөний зүүн талд байсан 42 инчийн самсунг загварын зурагт алдагдсан байсан... “ гэсэн мэдүүлэг (хх- ийн 39,41 дүгээр хуудас),

4. Гэрч П.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: ”...2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн үед найз У утсаар залгаад чи хаана байна завтай бол хоёулаа ойрхон юманд явчихаад ирье, 21 дүгээр хороолол орно чи манай гэрийн үүдэнд ирээд хэлээрэй гэсэн. Тэгээд би тэдний гэрийн гадна очиход У даавуугаар ороосон зурагт тэвэрчихсэн гарч ирээд миний машины арын суудалд тавьсан. Би У-аас юун зурагт юм бэ гэж асуухад “манай гэрийн зурагт, ломбарданд тавьчихаад ирье” гээд 21 дүгээр хороололд байдаг “Good” нэртэй ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар 300.000 төгрөгийн барьцаанд тавьсан…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 96 дугаар хуудас),

5. Гэрч Н.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ”...Айлын том хүү байгаа юм. Бага насаа эмээ өвөөгийн гар дээр өнгөрүүлсэн ба 2-3 нас хүртэлээ 80 дугаар цэцэрлэгт явж байсан. 2002 оноос 65 дугаар сургуулийн М багштай 1г ангид элсэн суралцаж, 2010 онд  9 дүгээр анги төгсөөд Барилгын техникийн коллежид суралцаж байгаад гарсан. Б.У нь дуу цөөнтэй хүүхэд байсан бөгөөд сүүлийн үед догшин ширүүн авиртай болчихсон байсан... ...найзынхаасаа зурагт хулгайлсан гэдгээс өөр ямар зорилготой, яах гэж хулгайлсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 94 дүгээр хуудас),       

6. Иргэний нэхэмжлэгч О.О мөрдөн байцаалтад өгсөн: ”2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхад цагаан цамцтай залуу орж ирээд 42 инчийн самсунг загварын зурагт 300.000 төгрөгөөр барьцаанд тавья гэж хэлсэн. Тэр залуу бичиг баримттай байсан бөгөөд Б.У гэсэн бичиг баримтаар 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьж зээл авсан. Би уг зурагтыг шалгаж үзэхэд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан болохоор нь нөгөө залуугийн хэлсэн үнэ болох 300.000 төгрөгөөр барьцаанд авсан. Ингээд сүүлд цагдаагийн ажилтан ирээд тухайн зурагтыг “хулгайн зурагт байна” гээд хурааж авсан. Одоо манай ломбарднаас гарсан 300.000 төгрөгийг нэхэмжилж байна.”  гэсэн мэдүүлэг (хх-ийн 45 дугаар хуудас),

7. 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 7-11 дугаар хуудас),

8. 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Эд зүйл хураан авсан тэмдэглэл (хх-ийн 50 дугаар хуудас),

9. 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 49 дүгээр хуудас),

10. Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт (хх-ийн 25 дугаар хуудас),

11. Шүүгдэгч Б.У-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өсгөн: ”...Би 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хоёр найзтайгаа 2.5 литрийн хэмжээтэй 3 сав шар айраг хувааж уучихаад бид салцгаасан. Би гэртээ харих замдаа найз Ц-ын гэрт нь хүн байхгүйг мэдэж байсан болохоор шөнө 01 цаг 30 минутын үед түүний гэр рүү цонхоор нь орж, 42 инчийн хэмжээтэй Самсунг загварын зурагтыг нь гал тогооны цонхоор нь гаргаж тавьчихаад дараа нь өөрөө гарч зурагтыг аваад шууд гэртээ орсон. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн үед Ц-ын эхнэр С намайг дуудаад “манай гэрийн цонхоор хулгайч ороод зурагт алга болсон байна” гэсэн. Тэгээд би хамт гэрт нь очсон бөгөөд цагдаа нар ирж үзлэг хийгээд надаас мэдүүлэг авсан. Тухайн үед намайг зурагтыг нь авсан гэдгийг мэдээгүй. Тэгээд орой нь найз Д-ыг машинтайгаа хүрээд ир гэж дуудаад 19 цагийн үед Д-ын 55-04 УНЭ улсын дугаартай Санота-6 загварын машины арын суудалд зурагтаа тавиад 21 дүгээр хорооллын шөнийн захын баруун талд байрлах “Good” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 300.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд би найзынхаа машинд 10.000 төгрөгөөр шатахуун хийж өгчихөөд гэртээ хүргүүлсэн бөгөөд тэр өдөртөө гэрээс гараагүй. Маргааш нь хүнээс зээлсэн 70.000 төгрөгийн өрөө өгчихөөд үлдэгдлээр нь найз нартайгаа архи дарс ууж идээд дуусгасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 87 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч  Б.У  нь 2017 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 31 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух иргэн Т.С-гийн өвлийн байшингийн цонхоор орж 42 инчийн “Самсунг” загварын зурагт хулгайлан 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн хэргийн үйл баримт болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, мэтгэлцээгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд шүүгдэгч Б.У-ыг хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Хохирогч Т.С-гийн хулгайд алдсан 42 инчийн “Самсунг” загварын зурагт нь 800.000 төгрөгөөр үнэлэгдсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг уг үнэлгээгээр тогтоов.

Харин хохирогч “эд зүйлээ буцаан авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтын явцад илэрхийлснээр шүүгдэгч Б.У нь хохирогчид төлөх төлбөргүй байх боловч гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч О.О-д 300.000 төгрөгийн шууд бус хохирол учирсныг төлүүлэх үндэслэлтэй тул түүнийг бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэхгүй.

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тул шүүгдэгч Б.У-с Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 300.000 төгрөгийн төлбөр гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.У-аас “иргэний нэхэмжлэгчид учруулсан шууд бус хохирлоо нөхөн төлөхийн тулд шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Б.У нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, арилжааны банкуудад мөнгөн хадгаламжгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, шүүх гагцхүү хавтаст хэрэгт хууль ёсоор авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргана.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогдоогдсонгүй.

Шүүгдэгч Б.У нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хэдий ч тэрээр гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн холбогдох заалтыг хэрэглэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнээд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд үндэслэн хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаарзүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Б.У-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.У-д хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-аас 300.000 (гурван зуун мянга) төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч О.О-д олгосугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8.Оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ШҮҮГЧ                                                            Б.БАТАА