Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 578

 

                                                        Б.У-ад холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Х.Цэвээнжав,

шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.У-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1708011300164 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овогт Б.У-, 1994 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй / /,

            Б.У- нь 2017 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 31 дүгээр гудамжны 19 тоотод байрлах иргэн Т.Санчирмаагийн өвлийн байшингийн цонхоор орж “Самсунг” загварын 42 инчийн телевизорыг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.У-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.У- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.У-аас 300.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч О.Отгонболдод олгож, Б.У-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнийг цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.У- гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хохирогч Т.Санчирмаад телевизорыг нь буцаан өгсөн ба иргэний нэхэмжлэгч О.Отгонболдод 300.000 төгрөгийг төлж, хохирлыг барагдуулсан. Би эх, дүүгийн хамтаар амьдардаг бөгөөд ажил хийж ар гэрээ тэжээн тэтгэдэг байсан. Дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй. Иймээс эдгээр байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил болгон багасгаж өгнө үү...” гэжээ. 

Шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.У- нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өөрийн гэм буруугаа ойлгон гэмшиж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл хохирогч Т.Санчирмаагийн гэрээс хулгайлсан телевизорыг түүнд биет байдлаар нь бүрэн бүтэн буцааж хүлээлгэн өгсөн. Мөн шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгч О.Отгонболдод олгохоор заасан 300.000 төгрөгийг түүний дансанд шилжүүлж, бусдад төлөх төлбөргүй болсон байгаа. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Х.Цэвээнжав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Б.У- нь 2017 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 31 дүгээр гудамжны 19 тоотод байрлах иргэн Т.Санчирмаагийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, “Самсунг” загварын 42 инчийн телевизорыг хулгайлан авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь;

- хохирогч Т.Санчирмаагийн “...2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 08 цагийн үед гэртээ иртэл байшингийн цонх онгорхой, хаалга нь цоожтой байсан. Гэрт ороход том өрөөнд байсан 42 инчийн Самсунг загварын телевизор алдагдсан байсан...” /хх-ийн 39, 41/, 

- иргэний нэхэмжлэгч О.Отгонболдын “...2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхад Батсайханы У- /РД:УП94011758/ гэсэн бичиг баримттай залуу 42 инчийн Самсунг загварын телевизорыг барьцаалж, 14 хоногийн хугацаатай 300.000 төгрөгийн зээл авсан. Сүүлд цагдаагийн ажилтан ирээд тухайн телевизорыг хулгайлан эд зүйл гээд хурааж авсан. Одоо манай барьцаалан зээлдэх газраас 300.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /хх-ийн 45/,

- гэрч П.Дэмбэрэлнямын “...2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн үед найз У- утсаар залгаж намайг дуудсан. Тэдний гэрийн гадна өөрийн автомашинтайгаа очиход У- даавуугаар ороосон телевизор тэвэрчихсэн гарч ирээд автомашинд суусан. Би “энэ юун телевизор вэ” гэж асуухад “манай гэрийн телевизор, ломбарданд тавьчихаад ирье” гэж хэлсэн...” /хх-ийн 96/,

- шүүгдэгч Б.У-ын “...гэртээ харих замдаа найз Цэрэнбатын гэрт хүн байхгүйг мэдэж байсан болохоор шөнө 01 цаг 30 минутын үед гэрийнх нь цонхоор орж, 42 инчийн Самсунг загварын телевизорыг аваад шууд өөрийн гэртээ орсон. Маргааш нь 19 цагийн үед найз Дэмбэрэлнямыг автомашинтайгаа хүрээд ир гэж дуудаад тухайн телевизороо “Good” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж, 300.000 төгрөгийн зээл авсан...”  /хх-ийн 87/ гэх мэдүүлгүүд,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11/, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-25/,

- 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр алдагдсан эд зүйл болох “Самсунг” загварын 42 инчийн телевизорыг барьцаалж, 300.000 төгрөгийн зээлийг Б.У-ад олгосон тухай “Good” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын баримт /хх-ийн 74/,

- алдагдсан эд зүйлийг тус барьцаалан зээлдүүлэх газраас хураан авч, хохирогч Т.Санчирмаад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 49-50/ зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.У-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцжээ.

Иймээс шүүгдэгч Б.У-ын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн...” давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч Б.У- нь дээрх гэмт хэрэгт 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” тухай мөрдөгчийн тогтоолоор 48 цагийн хугацаагаар баривчлагдан саатуулагдаж /хх-ийн 79/, 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр суллагдсан байхад, шийтгэх тогтоолын 4 дэх заалтад түүнийг “...цагдан хоригдсон хоноггүй...” хэмээн дурьдаж шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Баривчлагдсан хугацааг цагдан хорих хугацаанд оруулж тооцно. Баривчлагдсан 24 цаг хүртэл хугацааг цагдан хоригдсон 1 хоногоор тооцно.” гэж заасныг тус тус үндэслэн шүүгдэгч Б.У-ын баривчлагдсан 48 цаг буюу 2 хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Түүнчлэн Б.У-ад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан атлаа 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр буюу 18 хоногийн дараа яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 1.1-д “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх;” гэсэн заалтад нийцээгүйг хойшид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...шүүгдэгч Б.У- нь цагдан хоригдсон хоноггүй...” гэснийг хүчингүй болгож,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ын цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.У-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧИД                                                   Б.ЗОРИГ

                                                                                                     Н.БАТСАЙХАН