Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01289

 

 

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01289

 

Ус сувгийн удирдах газар

У ААТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг, даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/01806 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У ААТҮГ-ын нэхэмжлэлтэй хариуцагч З ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 83 455 346,69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Я.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З ХХК-тай 2013 оноос Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах 240574 тоот гэрээ байгуулан ажилласан ба өнөөдрийг хүртэл гэрээ хүчин төгөлдөр байна. Тус компани нь 2014 оны 7 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд усны үйлчилгээний төлбөрийг төлөхгүй, гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар өнөөдрийн байдлаар 83 455 346,69 төгрөгийн өр төлбөртэй байна. Хариуцагч З ХХК нь тусгай зөвшөөрлийн хүрээнд үйлчилгээ үзүүлдэг айл өрхүүдээс дээрх төлбөрийг хураан авсан боловч манай байгууллагад төлөхгүй байгаа болно. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 онд хариуцагч компани нь үүссэн төлбөрийг зохиомол өр төлбөр, хууль бус эрх зүйн актын үндсэн дээр бий болсон гэж үзээд хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Мөн үүссэн өр төлбөртэй холбогдуулан нэхэмжлэгчийн дээд шатны байгууллага болох Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийг хууль бус үнэ тариф тогтоосон хэмээн хариуцагчаар татан 2019 онд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ч анхан болон давж заалдах шатны шүүх мөн л З ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. З ХХК-аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн хүрээнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 398 дугаар магадлалд гомдол гаргаагүй тул уг магадлал нь шүүхийн хууль ёсны шийдвэр юм. Захиргааны хэргийн шүүхэд маргаан эцэслэн шийдэгдсэн тул нэхэмжлэлийг дахин гаргаж байгаа болно. Хариуцагч нь үүсээд байгаа 83,4 сая төгрөгийг зохиомол өр төлбөр, хууль бус эрх зүйн актын үндсэн дээр бий болсон гэж үзээд хүчингүй болгуулах нэхэмжлэлийг иргэний болон захиргааны хэргийн шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргасан ч бүх шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсээр байхад санаатайгаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж зориудаар өнөөдрийг хүртэл үүссэн өр төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд З ХХК-аас хэрэглэсэн цэвэр ус болон татан зайлуулж цэвэрлэх /үйлчилгээ үзүүлсний төлбөр болох 83 455 346,69 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 575 226,73 төгрөгийг, нийт 84 030 573,42 төгрөгийг гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ус сувгийн удирдах газрын нэхэмжилж буй 83 455 346,69 төгрөгийн нийт өр төлбөр нь З ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр үүссэн зохиомол өр төлбөр тул уг өр төлбөрийг үүсгэсэн тарифыг батлан гаргасан Ус сувгийн удирдах газрын удирдах дээд байгууллага болох Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийг 2016 оны 02 дугаар сарын 23-ны 08 тоот Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгох нөхцөл шаардлага журмыг Захиргааны хэм хэмжээний актын хувьд хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад ...маргаан бүхий тогтоолын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 23-нд 08 тоот тогтоолыг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн шалтгаан нь дээрх хууль бус Захиргааны хэм хэмжээний актын улмаас З ХХК тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжийн ангилалд орж өндөр үнийн тарифаар Ус сувгийн удирдах газарт үйлчилгээний хөлс төлж зохиомол өр төлбөрт орсон үүнийг мөн Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор дээрх тарифыг буюу тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж гэсэн 2 ялгавартай тариф тогтоож үүнийгээ... тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжийг зах зээлээс шахах бодлого барьсан... гэж Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний үнэ тарифын албаны дарга н.Г Ус сувгийн удирдах газрын Хэрэглэгчид үйлчлэх албаны дарга н.Б нар тайлбарладаг бөгөөд тэдэнд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 19-ний 119 тоот тогтоол, Захиргааны Ерөнхий хуулийн 59-67 дугаар зүйлд заалт буюу Захиргааны хэм хэмжээний актыг Хууль зүйн дотоод хэргийн яаманд бүртгүүлж Захиргааны хэм хэмжээний акт сэтгүүлд нийтлүүлсний дараа нийтээр дагаж мөрдөх заалтыг үл хэрэглэн хууль бус Захиргааны актаар аж ахуйн нэгжийг дарамталж өөрийн хамаарал бүхийн аж ахуйн нэгжид таатай боломж олгож бусдын ажил үйлчилгээг булаахад зорилго нь оршиж байсан. Иймээс 2019 онд гаргаж байсан нэхэмжлэлээ тодотгон Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 44 тоот тогтоол 2016 оны 02 дугаар сарын 23-ны 08 тоот тогтоолууд үйлчилж байхдаа Захиргааны хэм хэмжээний актын хувьд хүчин төгөлдөр бус байсан болохыг тогтоолгох гэж тодотгож дахин Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 2682 шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн. Энэ нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15907 тоот захирамжид заасан нөхцөл байдал хэвээр хадгалагдаж буйг харуулж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 65.1.7-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З ХХК-аас 83 455 346,69 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ус сувгийн Удирдах газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575 226 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 575 226 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ус сувгийн Удирдах газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хот суурины ус, хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс гаргасан 2014 оны 23, 2015 оны 44 дүгээр тогтоол хүчинтэй тул нэхэмжлэгч нь зохих төлбөрийг төлөх ёстой гэж үзсэн байна. Монгол Улсын Дээд шүүх уг маргааныг иргэний хэргийн шүүхийн харъяаллын маргаан эсэх, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.5, 3.6-д заасан зохицуулалтыг хэрэглэх эсэхийг анхаараагүй нь хууль зөрчсөн байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс гаргасан дээрх эрх зүйн акт нь нийтийн эрх зүйд хамаарах хэм хэмжээний актын шинжийг агуулсан байх тул шүүх уг тогтоолыг хүчинтэй гэж үзэх эсэх талаар дүгнэх эрхгүй юм. Анхан шатны шүүх З ХХК-ийн нэхэмжлэл нотлогдсон эсэх талаар заавал хийх эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй гэж үзнэ... гэсэн утга санааг анхан шатны шүүх буруу тайлбарласан байна. З ХХК-ийн зүгээс Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08 тоот тогтоол /Тусгай зөвшөөрөл олгох, нөхцөл шаардлага олгох тухай/-ын 44-т /2014 оны 23, 2015 оны 44 дүгээр тогтоолын дагуу ...цэвэр, бохир усны тариф, суурь хураамж батлах тухай тогтоолыг хууль бус гэж үзэж, Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын дагуу Хууль зүйн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлээгүй, Хууль зүйн мэдээлэл сэтгүүл-д нийтлэгдээгүй, захиргаааны хэм хэмжээний актын шинжийг агуулаагүй гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Захиргааны хэрэг үүсгэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан... Зохигчдын маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авхаас татгалзахаар хуульчилсан байхад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг зөрчжээ. Ус сувгийн удирдах газрын гаргасан нэхэмжлэл нь 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээний үүргийг шаардсан гэх бөгөөд дээрх гэрээгээр З ХХК ны тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн тул Хот суурины ус, хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг хүлээн зөвшөөрнө гэж гэрээнд үүрэг хүлээгээгүй болно. Харин 2011 оны 10 дугаар сарын 06-ны Хот суурины ус, хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 10.2.1, 22.1 заалтыг Ус сувгийн удирдах газрын дээд шатны байгууллага болох Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл үүргээ үл биелүүлж, Хууль зүйн яаманд бүртгүүлж, хэм хэмжээний акт сэтгүүлд нийтлээгүй хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актаас үүссэн Хангагч, хэрэглэгч-ийн маргааныг гэрээний маргаан мэт 2020 оны 11 дүгээр тогтоол гарган хууль зөрчсөн хариуцлагаас мултлан иргэн аж ахуйн нэгжид үлэмж хэмжээний зохиомол өр төлбөр тавин дээд шатны байгуулага нь өөрийгөө хамгаалсан тогтоол гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 65.1.7-д нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч У ААТҮГазар нь хариуцагч З ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 83 455 346,69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж зохицуулсан байна.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргах, өөрийн тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, бүрдүүлэх, цуглуулах талаар хүсэлт гаргах боломжоор хангагдсан буюу хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргадаг учиртай.

 

Гэтэл шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байхад уг захирамж гарахаас өмнөх өдөр болох 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр зохигчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэж баримтад гарын үсэг зуруулсан нь учир дутагдалтай болжээ. /хх-64-65/

 

Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хариуцагчид танилцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүйгээс гадна шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ. /хх-72/

 

Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/01806 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575 227 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ