Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2021/03887

 

 

 

 

 

 

 

 

2021 11 25

101/ШШ2021/03887

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Токиогийн гудамж 5 тоотод оршин байрлах Ус сувгийн удирдах газар Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /рд:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 10 дугаар байр, 4 тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:/-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 83,455,346.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зүмбэр орд өргөө ХХК-тай 2013 оноос Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах 240574 тоот гэрээ байгуулан ажилласан ба өнөөдрийг хүртэл гэрээ хүчин төгөлдөр байна. Тус компани нь 2014 оны 7 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд усны үйлчилгээний төлбөрийг төлөхгүй, гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар өнөөдрийн байдлаар 83,455,346,69 төгрөгийн өр төлбөртэй байна. Хариуцагч ******* ХХК нь тусгай зөвшөөрлийн хүрээнд үйлчилгээ үзүүлдэг айл өрхүүдээс дээрх төлбөрийг хураан авсан боловч манай байгууллагад төлөхгүй байгаа болно. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 онд хариуцагч компани нь үүссэн төлбөрийг зохиомол өр төлбөр, хууль бус эрх зүйн актын үндсэн дээр бий болсон гэж үзээд хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Мөн үүссэн өр төлбөртэй холбогдуулан нэхэмжлэгчийн дээд шатны байгууллага болох Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийг хууль бус үнэ тариф тогтоосон хэмээн хариуцагчаар татан 2019 онд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ч анхан болон давж заалдах шатны шүүх мөн л ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. ******* ХХК-аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн хүрээнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 398 дугаар магадлалд гомдол гаргаагүй тул уг магадлал нь шүүхийн хууль ёсны шийдвэр юм. Захиргааны хэргийн шүүхэд маргаан эцэслэн шийдэгдсэн тул нэхэмжлэлийг дахин гаргаж байгаа болно. Хариуцагч нь үүсээд байгаа 83,4 сая төгрөгийг зохиомол өр төлбөр, хууль бус эрх зүйн актын үндсэн дээр бий болсон гэж үзээд хүчингүй болгуулах нэхэмжлэлийг иргэний болон захиргааны хэргийн шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргасан ч бүх шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсээр байхад санаатайгаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж зориудаар өнөөдрийг хүртэл үүссэн өр төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд ******* ХХК-аас хэрэглэсэн цэвэр ус болон татан зайлуулж цэвэрлэх /үйлчилгээ үзүүлсний төлбөр болох 83,455,346.69 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 575,226.73 төгрөгийг, нийт 84,030,573.42 төгрөгийг гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ус сувгийн удирдах газрын нэхэмжилж буй 83,455,346.69 төгрөгийн нийт өр төлбөр нь ******* ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр үүссэн зохиомол өр төлбөр тул уг өр төлбөрийг үүсгэсэн тарифыг батлан гаргасан Ус сувгийн удирдах газрын удирдах дээд байгууллага болох Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийг 2016 оны 02 дугаар сарын 23-ны 08 тоот Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгох нөхцөл шаардлага журмыг Захиргааны хэм хэмжээний актын хувьд хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад ...маргаан бүхий тогтоолын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 23-нд 08 тоот тогтоолыг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн шалтгаан нь дээрх хууль бус Захиргааны хэм хэмжээний актын улмаас ******* ХХК тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжийн ангилалд орж өндөр үнийн тарифаар*******т үйлчилгээний хөлс төлж зохиомол өр төлбөрт орсон үүнийг мөн Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор дээрх тарифыг буюу тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж гэсэн 2 ялгавартай тариф тогтоож үүнийгээ... тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжийг зах зээлээс шахах бодлого барьсан... гэж Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний үнэ тарифын албаны дарга н.Гэрэлчулуун Ус сувгийн удирдах газрын Хэрэглэгчид үйлчлэх албаны дарга н.Баянзул нар тайлбарладаг бөгөөд тэдэнд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний 119 тоот тогтоол, Захиргааны Ерөнхий хуулийн 59-67 дугаар зүйлд заалт буюу Захиргааны хэм хэмжээний актыг Хууль зүйн дотоод хэргийн яаманд бүртгүүлж Захиргааны хэм хэмжээний акт сэтгүүлд нийтлүүлсний дараа нийтээр дагаж мөрдөх заалтыг үл хэрэглэн хууль бус Захиргааны актаар аж ахуйн нэгжийг дарамталж өөрийн хамаарал бүхийн аж ахуйн нэгжид таатай боломж олгож бусдын ажил үйлчилгээг булаахад зорилго нь оршиж байсан. Иймээс 2019 онд гаргаж байсан нэхэмжлэлээ тодотгон Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 44 тоот тогтоол 2016 оны 02 дугаар сарын 23-ны 08 тоот тогтоолууд үйлчилж байхдаа Захиргааны хэм хэмжээний актын хувьд хүчин төгөлдөр бус байсан болохыг тогтоолгох гэж тодотгож дахин Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 2682 шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн. Энэ нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15907 тоот захирамжид заасан нөхцөл байдал хэвээр хадгалагдаж буйг харуулж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 65.1.7-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ус сувгийн Удирдах газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 83,455,346.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ус сувгийн Удирдах газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч ******* ХХК-ийг 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний үүрэгт нийт 83,455,346.99 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн, уг өр төлбөр нь тооцоо нийлсэн баримтаар тогтоогдоно гэж,

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Манай компанийг 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан болохыг мэдсээр атлаа Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулж, өндөр тарифаар уг хугацааны төлбөрийг бодсон гэж тус тус тайлбарласан.

 

Зохигчид 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус тус 240574 дугаар бүхий Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч******* нь хүн амын унд ахуйн стандартад тохирсон цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах, ******* ХХК нь үйлчилгээний төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 7-15 дугаар тал/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтад зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч ******* ХХК-ийн 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд цэвэр ус ашигласан болон бохир ус татан зайлуулсан төлбөрийн өндөр үнэ тарифаар бодож их хэмжээний мөнгө нэхэмжилж байна гэх татгалзал үндэслэлгүй байна. Тодруулбал,

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх заалтад "хангагч" гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь, эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэж, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтад Зохицуулах зөвлөл нь энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох бүрэн эрхтэй гэж тус тус заасан байна.

 

Уг хуулийн зохицуулалт болон талуудын тайлбараас үзэхэд аливаа хуулийн этгээд нь цэвэр ус ашиглах болон бохир ус татан зайлуулахаар хэрэглэгчдэд дамжуулах, түгээх үйлчилгээг үзүүлэхдээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр энэ төрлийн үйл ажиллагааг явуулах эрхтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Зохицуулах зөвлөлөөс 2014-2016 оны хооронд манай компанид тусгай зөвшөөрөл өгөхгүй байсан. Иймд манай компани тусгай зөвшөөрөлгүйгээр энэ хугацаанд үйл ажиллагаагаа явуулсан. Манай компани хэрэглэгчдээс 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэл хугацааны цэвэр ус ашигласан болон бохир ус татан зайлуулсаны төлбөрийг хурааж авсан. Зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөл аваагүй тохиолдолд цэвэр ус ашигласан болон бохир ус татан зайлуулсаны төлбөрийг өндөр тарифаар төлөх талаар тухайн үед манай компани мэдэж байсан. Манай компани 2016 оны 10 дугаар сараас эхлэн тусгай зөвшөөрлөө авч хөнгөлттэй үнэ тарифаар Ус сувгийн удирдах газраас үйлчилгээ авч байгаа гэж тайлбарласан.

 

Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч ******* ХХК нь Зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөл авах замаар үйл ажиллагаа явуулах эсэх нь тухайн компанийн өөрийн эрх хэмжээний асуудал байх бөгөөд тусгай зөвшөөрөл олгоогүй үйлдэлд нэхэмжлэгч Ус сувгийн удирдах орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Ус сувгийн Удирдах газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээдтэй гэрээ байгуулах замаар тогтоосон үнэ тарифаас өндөр үнээр, тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд тогтоосон тарифаар тус тус цэвэр, бохир усны үйлчилгээ үзүүлдэг байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэл хугацааны цэвэр ус ашигласан болон бохир ус татан зайлуулсаны төлбөрийг хэрэглэгчдээс Зохицуулах зөвлөлийн 23, 44 дүгээр тогтоолуудаар баталсан тогтоосон тарифийн дагуу хураан авсан гэж тайлбарласан атлаа тухайн хугацааны үйлчилгээ авсан төлбөрийг нэхэмжлэгчид төлөөгүй байгаа нь үндэслэлгүй.

 

Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 00537 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 867 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01187 дугаар тогтоолоор ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ус сувгийн Удирдах газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс батлан гаргасан 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф суурь хураамж батлах тухай 23 дугаар тогтоол, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай 44 дүгээр тогтоол зэрэг хууль бус актын улмаас бий болгосон зохиомол өр төлбөр буюу илүү төлсөн зөрүү болох*******т төлбөр 2014 оны 7 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны 46,943,404.20 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 28-40 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Хот суурины ус хангамж, ариутгах татгуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлийн баталсан 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф суурт хураамж батлах тухай 23 дугаар тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай 44 дүгээр тогтоолууд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн акт байх ба уг тогтоолуудыг хүчингүй болгосон тогтоол, шийдвэр байхгүй тул уг тогтоолуудыг бүртгүүлээгүй үндэслэлээр*******т төлбөл зохих төлбөрөөс ******* ХХК-ийг чөлөөлөх үндэслэлгүй болохгүй талаархи үйл баримтыг тогтоожээ.

 

Хариуцагч нь дээр дурдсан Хот суурины ус хангамж, ариутгах татгуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлийн баталсан 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф суурт хураамж батлах тухай 23 дугаар тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай 44 дүгээр тогтоолуудыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэн, хууль зүйн мэдээлэл сэтгүүлд нийтлүүлээгүй тул уг тарифаар тооцож төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргах боловч дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр 23, 44 дүгээр тогтоолууд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болохыг тогтоосон байна.

 

Түүнчлэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх эрхтэй гэж заасан.

 

Хариуцагч ******* ХХК нь зохиомол өр төлбөрийн талаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлд хандан гаргасан гомдлыг Зохицуулах зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор хянан шийдвэрлэжээ. /хх-ийн 24 дүгээр тал/

 

Зохицуулах зөвлөлийн гаргасан дээрх 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч ******* ХХК нь хангагч, хэрэглэгчийн хооронд гарсан маргааныг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,******* болон ******* ХХК-ийн хооронд үүссэн өр төлбөртэй холбоотой маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлд даалгах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0301 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 398 дугаар магадлалаар тус тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-ийн 41-47 дугаар тал/

 

Иймд хариуцагчийн гаргасан Зохицуулах зөвлөлийн баталсан 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф суурт хураамж батлах тухай 23 дугаар тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай 44 дүгээр тогтоолуудын дагуу төлбөр төлөх үндэслэлгүй, тусгай зөвшөөрөл олгоогүй үеийн хугацааны төлбөрийг төлөхгүй гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаагаар ...******* ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх усны төлбөрийн үлдэгдэл 83,455,346.69 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болохыг тогтоожээ. /хх-ийн 23 дугаар тал/

 

Уг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх усны төлбөрийн үлдэгдэл гэх 83,455,346.69 төгрөг нь ******* ХХК-иас 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэл хугацааны цэвэр ус ашигласан болон бохир ус татан зайлуулсаны төлбөрт төлөх төлбөрийн үлдэгдэл болохыг талууд харилцан тооцоо нийлэх замаар тогтоосон болохыг шүүх хуралдаанд талуудын хэн аль нь тайлбарласан.

 

Иймд хариуцагч ******* ХХК нь 83,455,346.69 төгрөгийг нэхэмжлэгч Ус сувгийн Удирдах газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Хариуцагч ******* ХХК нь Зохицуулах зөвлөлд холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 44, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08 тоот захиргааны хэм хэмжээний актын хувьд хүчин төгөлдөр бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 2682 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ. /хх-ийн 58-59 дүгээр тал/

 

Захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр бус байсан эсэх нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд уг захиргааны хэргийн маргаан нь Ус сувгийн удирдах газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон талуудын байгуулсан гэрээний үүрэгт хамааралгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 83,455,346.69 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ус сувгийн удирдах газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 575,226 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 575,226 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ