Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01218

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Аагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/01722 дугаар шийдвэртэй Ц.Аагийн нэхэмжлэлтэй Э.Иханд холбогдох барьцаа 1,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Аа, хариуцагч Э.Ихан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2/40 мянгатын 3 дугаар байрны 1 тоотод байрлах 94,41 м.кв талбай бүхий кафены зориулалттай байрыг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр түрээсэлсэн. Тухайн үед Э.Иханы эгч Ж.Сүрэн нь “түрээслэх талбай дүүгийнх, би хариуцаж ажилладаг” гэж хэлж, гэрээ байгуулсан ба барьцаа 1,500,000 төгрөг, түрээсийн төлбөр 1,500,000 төгрөгийг өгсөн.

Тухайн үед түрээсийн байр нь орчны нөхцөл байдал муу, шаардлага хангахгүй газар байсан. Би 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл үйл ажиллагаа явуулах хугацаанд үйлчлүүлэгч нар гомдол гаргадаг байсныг Ж.Сүрэнд байнга хэлдэг байсан боловч Ж.Сүрэн өөрөө түрээслэгч байсан. Э.Ихантай уулзаж нөхцөл байдлаа хэлээд, цаашид удаан ажиллах хүсэлтэй тул завсар хийж өгөхийг хэлэхэд тэрээр зөвшөөрсөн.

Миний бие Э.Ихантай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулахдаа гэрээний хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 11 сар, түрээсийн төлбөрийг сард 900,000 төгрөг гэж тохирсон. Барьцаа 1,500,000 төгрөгийг Э.Иханд шилжүүлсэн.

Үргэлжлүүлээд ажиллуулж байтал цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаа хаагдаж буцаад нээгдэхэд Э.Ихан засвар хийнэ гэж хэлсэн. Би 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 20 хоног ажиллаад цар тахалтай холбоотойгоор хаагдсан. Э.Ихан энэ 20 хоногийн мөнгө авахгүй гэж хэлсэн, нөхөр нь ч хэлсэн. Дахиж нээгдээд ажиллахад хариуцагчийн хамаатан н.Пүрэвхангай засвар хийнэ гэж 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хаагаад мөн оны 03 дугаар сарын 01-ний өдөр засвар эхэлсэн. Засварын ажил 7 хоногийн дараа дуусчихна, дуусахаар нь ирээд цэвэрлэгээ хийгээд ажилдаа ороорой гэж хэлсэн. Гэтэл Э.Ихан 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “пабаа хүнд зарчихсан, байрыг чөлөөл, эд зүйл бараагаа ав” гэж хэлсэн бөгөөд би аргагүй эрхэнд “барьцаа мөнгөө авъя, хохиролтой байгаа тул үлдэгдэл шар айраг гэх мэт бараануудыг бөөний үнээр авчих” гэж хэлсэн боловч хүлээж аваагүй.

Иймд Э.Иханаас гэрээнд заасан барьцааны мөнгө болох 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн эзэмшлийн, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлчилгээний талбайгаа 2018 оны 11 дүгээр сард Ж.Сүрэнд 2 жил гаруй хугацаанд түрээсэлсэн бөгөөд 2020 оны 11 дүгээр сард цар тахал гарч Ж.Сүрэн “би дамжуулаад өөр хүнд түрээсэлсэн, би түрээслэхгүй гармаар байна” гэж хэлсэн. 2020 оны 12 сард Ц.Аатай уулзахад түүний зүгээс асуудлуудаа яриад яаж шийдвэрлэх талаар санал тавьсан. Ц.Аатай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай үйлчилгээний талбайг түрээслүүлсэн.

Ц.Аа нь 2021 оны 02 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргаас гаргасан үйлчилгээний цагийн хуваарийг хэтрүүлж ажилласан, насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, цагдаа, үйлчлүүлэгч нартай харилцааны соёлгүй харьцсан зэрэг зөрчлүүд гаргасан ба гэрээний 2.3-т зааснаар түрээсийн гэрээг цуцалсан.

Ц.Аа нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө кафег давхар түрээсэлж, ажиллуулсан ба энэ үеийн 2020 оны 11 сарын түрээсийн байрны ашиглалтын зардал болох 305,260 төгрөгийг төлөөгүй байсан, уг мөнгийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр барьцаа мөнгөнөөс хассан. Цар тахал гараад хэцүү байсан учраас 20 хоног ажиллахаас өмнөх 2 долоо хоногийн түрээсийг авахгүй гэж хэлж байсан бөгөөд 2 долоо хоногоос хойш 20 хоног ажилласан. 2021 оны 01 дүгээр сараас 02 сар хүртэл хугацааны түрээсийн төлбөр төлөөгүй байсныг суутгаж авсан. Ц.Аагийн барьцаа төлбөрөөс сарын түрээсийн төлбөр 900,000 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн 305,260 төгрөгийг тус тус хасаж үлдсэн 294,740 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Иханаас 900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Аад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Иханаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 26,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Аад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ц.Аа би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2/40 мянгатын 3 дугаар байрны 1 тоотод байрлах 94,41 м.кв талбай бүхий кафены зориулалттай байрыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар сарын түрээс 900,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон ба гэрээ байгуулах үед 1,500,000 төгрөгийг түрээслүүлэгчид өгсөн.

Тухайн гэрээ байгуулсан өдрөөс хойш түрээсийн 94,41 м.кв талбай бүхий обьект нь хулгана, жоом болон агааржуулалтгүй ямар ч ариун цэврийн шаардлага стандарт хангаагүй, тухайн талбайд ямар нэгэн засвар ариутгал хийгээгүй, тухайн үед Монгол Улсын хэмжээнд Ковид-19 цар тахалтай холбоотой хөл хорио байсан. Би 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш үйл ажиллагаагаа явуулах гэж оролдсон боловч Ковид-19 цар тахлын улмаас үйлчлүүлэгчгүй орлогогүй 20 хоног нээсэн. 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Э.Ихан нь түрээсийн талбайд засвар хийх болж, дээрх доголдолуудаа арилгаад 7 хоногийн дараа буцааж хүлээлгэж өгнө гэж хэлээд түлхүүрийг авсан боловч 2021 оны 03 дугаар сард “түрээсийн талбайгаа суллаж өг, зарчихсан, бараа, эд материалуудаа ав” гэж хэлсэн.

Иймд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 20 хоног үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаагүй учраас 600,000 төгрөгийн төлбөрийг Э.Иханд төлөх үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Аа нь хариуцагч Э.Иханд холбогдуулан түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 1,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлээс 294,740 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Ц.Аа, Э.Ихан нар нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ бичгээр үйлдэж, Э.Иханы өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат 03 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, 94,41 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг Ц.Аа нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 11 сарын хугацаатай түрээслэх, түрээсийн төлбөр сарын 900,000 төгрөгийг Э.Иханд төлөхөөр тохиролцжээ. /хх6/

 

Дээрх гэрээг байгуулах үед буюу 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ц.Аа нь барьцаа 1,500,000 төгрөгийг Э.Иханд шилжүүлсэн талаар талууд маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний талаар талууд тохиролцож гэрээг бичгээр байгуулсан боловч мөн зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлийн үр дагаврыг арилгахад талууд хэлцэлийн дагуу хэн алиндаа шилжүүлсэн зүйлийг буцаан шаардах эрхтэй талаар зөв тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Аа нь “2021 оны 01 сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулснаас хойш 20 хоног түрээсийн байранд ажиллаад цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаа явуулах боломжгүй болж хаагдсан, энэ хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагч болон түүний нөхөр авахгүй байхаар тохиролцсон” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

Нэхэмжлэгч түрээсийн зүйлийг 20 хоног ашигласан бөгөөд уг ашиглалтыг буцаан өгөх боломжгүй тул сар тутамд төлөгдөх түрээсийн төлбөрийн дүн 900,000 төгрөгөөс 20 хоногт ногдох төлбөрийг 600,000 төгрөгөөр тооцож, барьцаа 1,500,000 төгрөгөөс хасч 900,000 төгрөгийг хариуцагч Э.Иханаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/01722 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА