Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01290

 

 

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01290

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00767 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 71 414 550 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Ц.Гд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь тус банктай 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 3009-2016/48 дугаартай зээлийн гэрээ, 3009-2016/48, 3009-2016/48-1, 3009/2016/48-2 дугаартай зээлийн барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулан 294 000 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг жилийн 25,2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан. Уг зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2206016350 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Зайсангийн гудамж, 26 дугаар байр, 5 тоотод байршилтай, 136,4 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206034612 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж, 79 дүгээр байр, 6 тоот хаягт байршилтай, 78,83 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206039292 дугаартай, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр 106 б байр, 126 тоотод байршилтай, 77,77 м.кв талбайтай 3 өрөө орон сууц барьцаалсан. Улмаар зээлээс хэсэгчлэн төлж 3009-2016/48-2 дугаартай зээлийн барьцааны гэрээнд тусгагдсан улсын бүртгэлийн Ү-2206039292 дугаартай, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр 106б байр, 126 тоотод байршилтай, 77,77 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж авсан. Зээлдэгч Э ХХК нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 253 660 526.03 төгрөг, үндсэн хүүнээс 82 532 089.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 1 633 055.60 төгрөг, нийт 337 825 670.96 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18/196 дугаартай Э ХХК-ийн хүсэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18/369 дугаартай төлбөр барагдуулах гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацааг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй байна. Хариуцагчид байгаа гэрээ яагаад огноо тавиагүйг мэдэхгүй байна. Тухайн үедээ төлбөр тооцоогоо нийлээд харилцан тохиролцоод үнийг дүнг тодорхойлсон. Тиймээс хариуцагчийн төлсөн гээд байгаа төлбөр нь хасагдаж тооцогдсон гэж үзэж байна. Хэрэв төлбөр барагдуулах гэрээг 2018 оны 10 дугаар сарын 10-нд хийсэн, тухайн үед төлбөрийг үндсэн зээлнээс хасаж тооцоогүй талаараа манайд мэдэгдэж байгаагүй, мөн хүсэлт гаргасан өдөр шууд гэрээ байгуулах боломжгүй, энэ талаар судлаж, талууд тооцоо нийлээд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан. Гэрээг байгуулахад төлсөн төлбөрөө үндсэн төлбөрөөс хасуулна гэж байгаагүй, төлбөр төлөх хугацааг сунгасан, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон байсан тул хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасаад тооцсон. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох 2 үл хөдлөх хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан, 3 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан боловч 1 үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас нь чөлөөлсөн. Одоо үлдсэн 2 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь тодорхойгүй байгаа, тиймээс 1 үл хөдлөх хөрөнгөөр нь хангуулж, нөгөөг нь чөлөөлөх боломжгүй нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40 339 474 төгрөг, зээлийн хүү 26 383 663 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 691 414 төгрөг, нийт 71 414 550 төгрөг, мөн хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргахдаа гэрээгээ зөрчин буруу тооцоолол хийсэн байх тул нэхэмжилсэн дүн 71 414 550 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно. №18/369 дугаартай төлбөр барагдуулах гэрээний 2.1 дэх заалтад дурдсан нийт үлдэгдэл төлбөр 65 247 921 төгрөг нь манай дансны хуулгаар 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үлдэгдэл төлбөртэй таарч байна. Төлбөр барагдуулах гэрээний хугацаанд манай компани 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үндсэн төлбөрт 5 000 000 төгрөгийг төлсөн. Гэвч Капитрон банк төлбөр барагдуулах гэрээнд заагдаагүй нөхцлөөр манай төлсөн 5 000 000 төгрөгийг /үндсэн хүү 3 985 551 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 104 449 төгрөг/ тооцож авсан нь гэрээгээ зөрчсөн үйлдэл юм. Төлбөр барагдуулах гэрээний дагуу манай компаний 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 5 000 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон дэлгэрэнгүй тооцооллыг хавсаргасан. Иймд төлбөр барагдуулах гэрээний дагуу төлбөр барагдуулах тооцооллыг хүлээн зөвшөөрөх болно. Бид зээлийн гэрээ байгуулсан болон төлбөр барагдуулах гэрээ байгуулсан талаараа болон зээл авсан талаараа маргахгүй. Гэхдээ төлбөр барагдуулах гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр биш 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Уг гэрээ байгуулахад бид зээлийн үлдэгдлийг харилцан тохиролцоод 65 247 921 төгрөг байна гэж тооцоо нийлсэн. Тиймээс уг гэрээг байгуулснаас хойш төлсөн төлбөр нь үндсэн зээлнээс хасагдах ёстой байхад 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бидний төлсөн 5 000 000 төгрөгийг үндсэн зээлнээс биш хүү, нэмэгдүүлсэн хүүнээс хасаж тооцсоныг зөвшөөрөхгүй байна. Тиймээс бид зээлийн тооцоолол дээр л маргаж байгаа боловч одоогоор яг хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгааг тооцож гаргаагүй байна. Иймд тайлбарт дурдсанаар зээлийн үлдэгдэл нь 35 821 493 төгрөгийн үлдэгдэлтэй байх ёстой гэж үзэж байгаа. Мөн зээлийн үлдэгдэлд заавал бүхий л барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагагүй. Учир нь уг барьцаа хөрөнгүүдийг анх зээлийн гэрээ байгуулахад буюу 294 000 000 төгрөгийн зээл авахад барьцаанд тавьсан. Тиймээс нэг л барьцааны үл хөдлөх хөрөнгөөр үүргийг хангуулахад хангалттай хүрэлцэнэ гэж үзэж байгаа гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь Капитрон банкнаас 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 294 000 000 төгрөгийн зээл авсан. Бид өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 253 660 526 төгрөг, үндсэн хүүд 82 532 089 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 663 055 төгрөг, нийт 337 825 670 төгрөг төлсөн байна. Бид энэхүү зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж 26 дугаар байр, 5 тоот байршилтай 136,4 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тэнгэр рашааны гудамж, 79 дүгээр байр, 6 тоот байршилтай 78,83 м.кв 3 өрөө орон сууц зэргийг тус тус тавьсан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 35 821 493 төгрөг байна. Анх 294 000 000 төгрөгийн зээл авахад зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүд хангалттай гэж үзэж зээл олгосон байдаг. Иймд одоогийн зээлийн үлдэгдэл 35 821 493 төгрөг байгаа тул Н.Ж-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж 26 дугаар байр, 5 тоот байршилтай 136,4 м.кв талбайтай 4 өрөө орон сууц барьцаа хөрөнгийн үнэлгээ хангалттай байх тул үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрч байна. Ё.Н-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тэнгэр рашааны гудамж 79 дүгээр байр, 6 тоот байршилтай 78,83 м.кв 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрөхгүй болно. Зээлийн гэрээ байгуулахад барьцааны гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан нь үнэн. Гэхдээ уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 294 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулахад барьцаанд тавьсан учраас бүгдийг нь үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний үлдэгдлийг тооцож үзээд 1 үл хөдлөх хөрөнгө нь байхад хангалттай гэж үзэж байна. Иймд Н.Ж миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж, Ё.Н-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй, энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 66 723 137 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 691 414 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол зээлийн барьцааны гэрээний зүйл болох улсын бүртгэлийн Ү-2206016350 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Зайсангийн гудамж, 26 дугаар байр, 5 тоотод байршилтай, 136,4 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206034612 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж, 79 дүгээр байр, 6 тоот хаягт байршилтай, 78,83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 515 024 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 491 565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452,1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар манай компаниас зээлийн гэрээний үүрэгт 66 723 137 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож, нзхэмжлэлийн шаардлагаас 4 691 414 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн 66 723 137 төгрөгийн 35 821 493 төгрөгийг бид төлөхөд татгалзах зүйлгүй ба үлдэгдэл 30 901 644 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 66 723 137 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгээс 30 901 644 төгрөгийг хасч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 71 414 550 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.Ж, Ё.Н нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулжээ.

 

Талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 3009-2016/48 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр К ХХК нь 294 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар Э ХХК-д зээлдүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргахгүй байна.

/хх-11-14 дэх тал/

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 3009-2016/48, 3009-2016/48-1, 3009-2016/48-2 тоот зээлийн барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулсан бөгөөд уг зээлийн барьцааны гэрээнүүдээр өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-2206016350 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Зайсангийн гудамж, 26 дугаар байр, 5 тоотод байршилтай, 136,4 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206034612 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж, 79г дүгээр байр, 6 тоот хаягт байршилтай, 78,83 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206039292 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр 106 б байр, 126 тоотод байршилтай, 77.77 м.кв талбайтай 3 өрөө орон сууцуудыг тус тус барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон зээлийн барьцааны гэрээнүүд зэрэг бичгийн баримтуудаар тогтоогджээ. /хх-11-20 дах тал/

 

Мөн хариуцагч Э ХХК-ийн хүсэлтээр талууд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 18/369 тоот төлбөр барагдуулах гэрээг байгуулж, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан 3009-2016/48 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр нь зээлдэгчийн хүсэлт гаргасан өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 65 247 921 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, уг үлдэгдэл төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 62 000 000 төгрөгийг төлж барагдуулах, ийнхүү төлсөн нөхцөлд 3 247 921 төгрөгийн зээлийн хүүний төлбөрөөс чөлөөлөхөөр харилцан тохиролцсон талаар зохигчид маргаагүй байна. /хх-21 дах тал/

 

Дээрх зээл болон зээлийн барьцааны гэрээ, төлбөр барагдуулах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч К ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Э ХХК-д шилжүүлсэн бөгөөд хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 15 482 019 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1 660 526 төгрөг, нийт 22 142 545 төгрөг төлсөн болон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч шүүх зээлийн тооцоололыг буруу хийснийг залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Талууд зээлийн гэрээний 2.1.10-т зээлдэгч нь зээлийн үндсэн өр, түүний хүүгийн төлбөр, тэдгээртэй холбоотой бусад төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн, зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг 1 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон барьцаалсан барьцаа хөрөнгийг банкинд мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр давхар барьцаалсан, түрээсэлсэн, хөлсөлсөн, үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар бусдын эзэмшилд шилжүүлсэн, барьцааны зүйл нь газар бол нэмж барилга байгууламж, орон сууц барьсан, түүнчлэн барьцаа хөрөнгийг банкны зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон, гэрээ, хэлцэл байгуулсан, шилжүүлсэн зэрэг үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор талууд харилцан тохиролцжээ.

 

Гэрээ хэрэгжих хугацаанд хариуцагч Э ХХК зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зөрчсөн тул нэхэмжлэгч К ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус тус мэдэгдэл, албан шаардлагыг Э ХХК-д хүргүүлж зээлээ төлөхийг шаардаж байсан үйл баримт хэргийн 28, 31, 33 дах талд авагдсан К ХХК-ийн албан бичгүүдээр тогтоогдсон байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зээлийн тооцоололыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн үндсэн зээлийн үлдэгдэл 57 482 019 төгрөг, хүү 5 238 580 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 047 716 төгрөг буюу нийт 63 768 315 төгрөг байснаас хариуцагчийн төлсөн 5 000 000 төгрөгийг зээлийн хүүнд 3 895 551 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 104 448 төгрөгт тооцсон нь үндэслэлгүй байна. Учир нь талууд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, зээлдэгчийн хүсэлт гаргасан 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 65 247 921 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг хэн аль нь хүлээн зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын байдлаар 62 000 000 төгрөг төлсөн нөхцөлд 3 247 921 төгрөгийн хүүнээс чөлөөлөхөөр тохиролцсон. Энэ хугацаанд хариуцагч 62 000 000 төгрөг төлж чадаагүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчээс төлсөн 5 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох үндэслэлтэй. Хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 57 482 019 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байх тул нэхэмжлэгчид хариуцагчаас төлсөн 5 000 000 төгрөг, 15 482 019 төгрөг, 1 660 526 төгрөгийг тус тус үндсэн зээлээс хасч тооцож 35 339 474 төгрөг, зээлийн хүүд 25 362 975 төгрөг, нийт 60 702 449 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

Хариуцагч Э ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 5 000 000 төгрөг төлсөн болох нь хэргийн 46 дах талд авагдсан Капитрон банкны орлогын мэдүүлэг баримтаар тогтоогдсон бөгөөд төлбөр барагдуулах гэрээ байгуулсан даруйд хасч тооцох тул энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар зээлийг ашигласан хугацааны хүүг шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй, харин төлбөр барагдуулах гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн талаар заагаагүй тул нэмэгдүүлсэн хүү 4 691 414 төгрөгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь №3009-2016/48-2 тоот зээлийн барьцааны гэрээнд тусгагдсан улсын бүртгэлийн Ү-2206039292 дугаартай, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр 106б байр, 126 тоотод байршилтай, 77.77 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн тул үлдэх №3009-2016/48, №3009-2016/48-1 тоот зээлийн барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан бол хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь зээлийн барьцааны гэрээнд дурдсан үл хөдлөх хөрөнгүүд нь гүйцэтгээгүй байгаа үүргийн гүйцэтгэлийг хангахад хангалттай хүрэлцэх тул Ё.Н-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй, Н.Ж-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна гэж маргасан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний зүйл болох улсын бүртгэлийн Ү-2206016350 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Зайсангийн гудамж, 26 дугаар байр, 5 тоотод байршилтай, 136,4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Н.Ж, улсын бүртгэлийн Ү-2206034612 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж, 79г байр, 6 тоот хаягт байршилтай, 78,83 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ё.Н , улсын бүртгэлийн Ү-2206039292 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр 106 б байр, 126 тоотод байршилтай, 77.77 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Н.Уянгаа болох нь хэргийн 22-24 дэх талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон.

 

Зохигчид №3009-2016/48-2 тоот зээлийн барьцааны гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр 106б байр, 126 тоот 77,77 м.кв талбайтай Ү-2206039292 бүртгэлтэй 3 өрөө, Н.У-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн талаар маргаагүй бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар харилцан тохиролцож зээлийн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах, дахин барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлтийг гаргаж байснаа баримтаар нотлоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд хариуцагч Э ХХК нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №3009-2016/48, №3009-2016/48-1 дугаартай зээлийн барьцааны гэрээний зүйл болох өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-2206016350 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Зайсангийн гудамж, 26 дугаар байр, 5 тоотод байршилтай, 136,4 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206034612 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж, 79 дүгээр байр, 6 тоот хаягт байршилтай, 78,83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00767 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 60 702 449 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 712 101 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 3 дах заалтын 491 565 гэснийг 461 463 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 458 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ