Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2017/0642

 

Г.О-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнөбаяр, нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0542 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Г.О-н нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0542 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/264 дүгээр тшуаалыг хүчингүй болгон, Г.О-г Монгол Солонгосын политехник коллежийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг тус тус баримтлан Г.О-т ажилгүй байсан 144 хоногийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5,752,453 /таван сая долоон зуун тавин хоёр мянга дөрвөн зуун тавин гурав/ төгрөгөөс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгаж.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Нэг. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагч гэж дүгнэн, төрийн жинхэнэ албан хаагчийн тухайд хэрэглэгдэхгүй хуулийн заалтыг хэрэглэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

Шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын тухай дүгнэхдээ Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасныг баримталсан боловч нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагч гэж дүгнэсэн. Учир нь нэхэмжлэгч нь уг хуулийн заалтаар төрийн үйлчилгээний албан хаагч болох бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч биш болох нь тодорхой байна.

Харин нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр үйлийн 11.5-д Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалд холбогдох хуулийг хэрэглэсэн үндэслэлтэй юм.

Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийг хуульд заасан зөрчил гаргасан нь нотлогдсон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан үндэслэлээр төрийн албанаас халах үндэслэл журмыг нарийвчилсан зохицуулалттай байтал эдгээр зохицуулалтыг шийдвэрийн үндэслэл болгоогүй нь гэж хариуцагчийг буруутгах үндэслэлээ болгожээ.

Дээрх дүгнэлтүүдээрээ анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

Шүүхийн дүгнэснээр нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч бол Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг заавал хийх ёстой бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болно.

Хоёр. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг ажлаас халах хэмжээний зөрчил гаргасан гэж үзэхээр зөрчил биш гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлэх гэж үзнэ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас зөвхөн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өрийн 02-06-050/1248 дугаар нийслэлийн мэргэжлийн хяналтын албан шаардлагыг л үндэслэж, хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан, уг зөрчлийг хэзээ гаргасан, ямар зөрчил гаргасан, тэр зөрчлийг юугаар баримтжуулсан эсэх нь тодорхойгүй гэж дүгнэжээ.

Гэтэл өмнөх дүгнэлтээрээ шүүх Хөдөлмөрийн хуулийг уг харилцаанд хэрэглэх нь буруу гэж хариуцагчийг буруутгасан боловч дараагийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40, 131 дэх заалтыг баримтлан хөдөлмөрийн сахилгын зөрчил нь нотлогдохгүй гэсэн дүгнэлтүүд нь өөр хоорондоо утга, агуулгын авцалдаагүй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.

Хавтаст хэрэгт хяналт шалгалтуудын тайлан, улсын байцаагчийн актууд, хуралдааны тэмдэглэл зэрэг зөрчлийг тогтоосон нотлох баримтууд нь бүгд нотлох баримтын шаардлагыг хангасан баримтууд бөгөөд хариуцагч талаас уг баримтуудад тулгуурлан мэтгэлцсэн байтал шүүх нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн.

Гурав. Шүүх нарийвчилсан хуулийн зохицуулалтыг баримтлаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагыг хангаагүй.

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд шууд харьяалах төсвийн шууд захирагчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасны дагуу хариуцлага тооцсон.

Гэтэл шүүх маргаан бүхий акт гарснаас хойш буюу Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй хамт хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баримталж үйл баримтад дүгнэлт өгсөн нь буруу хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй болно.

Өөрөөр хэлбэл шүүх маргаан бүхий акт гарах цаг хугацаанд үйлчилж байсан Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг баримталж шийдвэр гаргах ёстой байтал уг хуулийг баримталсангүй.

Дээрх байдлаар шүүх нотлох баримтыг дутуу, буруу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0542 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан, төсвийн хууль зөрчин багш, ажилчдын цалинг доод жишгээс илүү тогтоосон гэж надад хамааралгүй асуудалд буруутгаж ажлаас халсан хэмээн маргажээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/264 дүгээр тушаалаар Г.О-г Төсвийн тухай хууль зөрчиж санхүүгийн зөрчил удаа дараа гаргаж, байгууллагад хохирол учруулж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь халсан байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч Г.О нь төрийн үйлчилгээний албан хаагч тул ажлаас халах тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэж ажлаас халсан нь үндэслэлтэй хэмээн давж заалдах гомдолдоо дурджээ.

Нэхэмжлэгч Г.О нь Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс зохион байгуулсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтад тэнцэж, Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар Монгол-Солонгосын Политехник коллежийн захирлаар томилогдсон байна.

Тус коллежийн захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарч байгаа боловч төрийн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан төрийн албан хаагч зөрчил гаргасан, албан үүргээ хангалтгүй биелүүлснээс бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагдах эрхтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д төрийн жинхэнэ албан хаагчид мөн хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүний анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар заасан, өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулахдаа хүлээлгэх хариуцлага нь түүний гаргасан зөрчлийн шинж байдал, гэм бурууд тохирсон байхаар хуульчилжээ.

Гэтэл хариуцагчаас гаргасан зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэхгүйгээр ажлаас халсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас тус коллежийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байх бөгөөд дараах дүгнэлтийг гаргасан байна.

Үүнд: Багш ажилчдын цалингийн сүлжээг баримтлахгүй дур мэдэн цалингийн хэмжээ тогтоосон, бараа, материал худалдан авахдаа анхан шатны баримтгүй гүйлгээ хийсэн, ажлын байрны тодорхойлолтоор ажилтнуудыг ажил хийхийг шаардах, ажилтнуудын хооронд үл ойлголцол үүсч байгаа тул ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах, сургуулийн заалын түрээс, хуримтлалын мөнгийг хэрхэн зарцуулах талаар шийдвэр гаргах, нягтлан бодогчийн ажилчдын цалинг илүү олгосон үйлдлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх, үе үеийн удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас багш ажилчдын цалинг дур мэдэн тогтоож улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг зогсоох, Хөдөлмөрийн сайдын тушаалыг хэрэгжүүлж, бүтэц орон тооны дагуу ажилтнуудыг чөлөөлөхдөө хууль баримтлан ажиллаагүйгээс ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт коллежоос мөнгө гаргаж хохирол учруулсан гэсэн байдлаар дүгнэлт гаргаж, уг дүгнэлт нь нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Монгол-Солонгосын Политехник коллежийн захирлын 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/90 дүгээр тушаалаар Захиргааны зөвлөлийн шийдвэрийг үндэслэж багш, ажиллагсдын цалинг доод жишгээс нэмэгдүүлэн тогтоосон байх бөгөөд 2014 онд мөн нэмэгдүүлсэн шийдвэр гарч байсан байх ба нэхэмжлэгч 2015 оны 08 дугаар сарын 24-нд ажилд томилогдсоноос хойш цалингийн хэмжээг өөрчлөөгүй хэвээр нь үргэлжлүүлэн олгож байсан байна.

Түүнчлэн бараа, материал худалдан авахдаа анхан шатны баримтгүй гүйлгээ хийсэн, ажлын байрны тодорхойлолтоор ажилтнуудыг ажил хийхийг шаардах, ажлын байрны тодорхойлолт шинэчлэн боловсруулах, сургуулийн заалын түрээс, хуримтлалын мөнгийг хэрхэн зарцуулах талаар шийдвэр гаргах, нягтлан бодогчийн ажилчдын цалинг илүү олгосон үйлдлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх, Хөдөлмөрийн сайдын тушаалыг хэрэгжүүлж, бүтэц орон тооны дагуу ажилтнуудыг чөлөөлөхдөө хууль баримтлан ажиллаагүйгээс ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт коллежоос мөнгө гаргаж хохирол учруулсан гэсэн нь Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасан хариуцлага хүлээлгэх хэмжээний ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд хариуцагч нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэл хангагдсан тохиолдолд ажлаас халах, өөрөөр хэлбэл гаргасан зөрчилд нь тохирсон хариуцлага хүлээлгэх ёстой байхад гаргасан зөрчил дутагдлыг нь шалгалтын зорилгодоо нийцүүлэн арилгуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэхгүйгээр зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэсэн шалгалтын зорилгоосоо хазайж, шууд ажлаас халах шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нөгөөтээгүүр хариуцагчаас нэхэмжлэгчтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан нөхцөлд хэрэглэгдэх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч Тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв хэрэглээгүй байх тул залруулсан өөрчлөлт оруулав.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 542 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/264 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.О-г Монгол-Солонгосын Политехник коллежийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай. гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ