Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 151

 

Б.Мянганбаярын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Б.Мянганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунжаргал, хариуцагч аймгийн Засаг даргын өмгөөлөгч Б.Даваажанцан нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 39 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 92  дугаар магадлалтай, Б.Мянганбаярын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг дарга болон тус аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хариуцагч аймгийн Засаг даргын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Мянганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2005 оны 01 дүгээр сараас эхлэн Хөвсгөл аймгийн Их- Уул сумын Засаг даргаар ажиллаж байтал Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар нь Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн санал, аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтаар хууль зөрчсөн нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Б/24 тоот захирамж гаргаж намайг уг ажлаас огцруулсан. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан нь 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр болсон бөгөөд уг хуралдаан нь Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалтыг зөрчсөн. ...Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Батчулуун нь биеийн эрүүл мэндийн улмаас эзгүй байсан бөгөөд тэрээр тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн хэн нэгнээр тухайн хурлыг удирдуулахыг санал болгоогүй байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар хуралдан улмаар сумын Засаг даргыг үүрэгт ажпаас нь огцруулах саналыг уламжлах тухай 04 тоот тогтоол гаргаж, тамга тэмдэггүй, албан ёсоор ёсчлон баталгаажуулаагүй баримт бичгийг үндэслэн Хөвсгөл аймгийн Засаг дарга захирамж гаргасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн намайг огцруулсан захирамжид аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтаар хууль зөрчсөн нь тогтоогдсон гэжээ. Миний бие Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа болон сумын иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, ая тухтай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, мөн улсын төсвөөс шийдвэрлэгдсэн хөрөнгө оруулалтыг эргэн татуулах асуудал үүсгэхгүйн тулд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 25, 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаар тогтоолуудаар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажилласан. Иймд намайг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргаас огцруулсан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/24 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөпчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааны 01, 04 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Мянганбаярыг Засаг даргаас огцруулах тухай захирамжийг гаргахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн гаргасан, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хүчин төгөлдөр байгаа учир аймгийн Засаг дарга захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хамтран хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Сэндэнсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана гэж заасан байдаг. 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаан нь 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 9 дүгээр хуралдаанаар зарлагдсан хуралдаан байсан. Гэтэл Ч.Батчулуун дарга өмнөх өдөр нь буюу 2015 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хурлын нарийн бичгийн даргадаа “бие муу эмнэлэгт үзүүлэх шаардлагатай” гэж тоот үлдээн Улаанбаатар хот руу явсан. Маргааш өглөө нь буюу 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хуралдаан хийхээр очтол хурлын бэлтгэл хангагдаагүй байсан учир төлөөлөгч нараас ахмад настай тэргүүлэгчээ хурлын даргаар сонгож хурлаа явуулсан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 гишүүнээс нэр бүхий 11 гишүүд буюу олонхийн саналаар хуралдааныг явуулж, Засаг даргыг огцруулах үндэслэлтэй гэж үзсэн, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 9 дүгээр хуралдаанаар Засаг дарга Б.Мянганбаярын дэвшүүлэн ажиллаж байгаа мөрийн хөтөлбөрийн биелэлт үр дүнд, үнэлэлт дүгнэлт өгөх тухай асуудлыг авч хэлэлцэхээр хуралд оруулсан боловч энэ талаар авч хэлэлцэх боломжгүй гэж хурлын дарга Ч.Батчулуун өөрөө үгсэн тохирч уг асуудлыг ухрааж 03 дугаар сарын 30-нд хэлэлцэхээр товлосон боловч Ч.Батчулуун хуралдаан орхиж явсан тул иргэдийн Төлөөлөгчдийн хурал гацаанд орсон. Тиймээс 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааныг сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт үнэлэлт өгөх, итгэл үзүүлэх, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх талаар хуралдуулахаар төлөвлөсөн байсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, мөн хуулийн 29.1.2, 29.1.3, Төсвийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 мөн хуулийн 63.6, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10.6, 57 дугаар зүйлийн 57.5, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.7, 62 дугаар зүйлийн 62.3, 62.4 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх заалтыг зөрчсөн мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот албан даалгаврын 1.8, 1.13, 1.14 дэх заалтуудыг зөрчсөн нь Их-Уул сумын Засаг дарга Б.Мянганбаярыг огцруулах хангалттай үндэслэл болно гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид үзсэн. Иймд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 01, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Д.Оюунцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа; “Их-Уул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаан 2015 оны 03 дугаар сарын 20-нд болохоор тов зарлагдсан байсан учир 11 төлөөлөгчийн гарын үсэг бүхий Засаг дарга Б.Мянганбаяр, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Батчулууныг огцруулах асуудлыг 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралд хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар хүргүүлэхэд уг асуудлыг хэлэлцээд үндэслэл дутуу гэдэг байдлаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй буцаасан. Ингээд 2015 оны 03 дугаар сарын 20-ны ээлжит 9 дүгээр хуралдаанаар 11 төлөөлөгчийн тавьсан асуудлыг шийдвэрлүүлэх санал тавихад энэ асуудлыг 2015 оны 03 дугаар сарын 30-нд хэлэлцэхээр ухрааж тэргүүлэгчдээр батлуулан тов зарласан. Их-Уул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Батчулуун нь үүрэг хүлээсэн дарга хүн байж хурлаа товлосон мөртлөө хуралдаандаа санаатай ирээгүй, өөрийг нь болон Засаг дарга Б.Мянганбаярыг огцруулах асуудал орох байсан учир арга саам зохиож зугтаасан учир, товлосон өдрөө хурлаа хийсэн нь бидний буруу биш гэж үзэж байна. Засаг дарга Б.Мянганбаяр нь Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6 дахь заалт, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжийг зөрчсөн нь Хөвсгөл аймгийн Санхүү хяналт, аудитын албаны шалгалтаар тогтоогдсон, уг зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Төсвийн тухай хуулийн 60.3.6 дахь заалт аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамж зөрчсөнийг батлах баримт нь 2014 оны 06 сарын 11-ний өдрийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 29 дүгээр тогтоол юм гэжээ.

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр: 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.14, 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.3, 32.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Мянганбаярын нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааны “Үүрэгт ажлаас нь огцруулах саналыг уламжлах тухай” 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоол, тус аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Засаг даргыг огцруулах тухай” Б/24 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Мянганбаярыг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаал болох Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны “Хуралдаан даргалагчийн сонгох тухай” 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах- ыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Мянганбаярын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 7.692.041 төгрөгийг хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл болон зохих суутгалыг суутган тооцож Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 92 дугаар магадлалаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын өмгөөлөгч Б.Даваажанцан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүхээс тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй, нотлох баримтыг буруу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн.

1. Шүүхээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байдаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.2-т “Хамтран хариуцагчид нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл хэн нэгийгээ томилон өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулж болно” гэж заасан.

Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 10 дугаар хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна” 25 дугаар зүйлийн 25.1-т “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заасан байдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 10 дугаар хуралдаан нь хурлын 21 төлөөлөгч байхаас 11 төлөөлөгч оролцож, тухайн асуудлыг дэмжин гарын үсэг зурсан байдаг, Шүүх хариуцагчаар Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг татаж, шийдвэр гаргасан 11 төлөөлөгчийг хариуцагчаар татах үүрэгтэй байсан бөгөөд шаардлагатай гэж үзвэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд оролцох төлөөлөгчийг нь томилуулж хариуцагчаар оролцуулах үүрэгтэй байсан бөгөөд шүүхээс энэ ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т Хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болох товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ” гэсэн үүргээ шүүхээс мөн биелүүлээгүй гэж үзэж байна. Учир нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхдээ 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутанд болох талаар гуравдагч этгээд Д.Оюунцэцэгт мэдэгдээгүй нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйл ажиллагаа юм. Хавтаст хэрэгт авагдасан Д.Оюунцэцэгийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гарсан хүсэлт нь 09 дүгээр сарын 24-ний өдөр зарлагдсан шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа мэдэгдсэн байдаг.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “... эсхүл уг актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг шүүгч захирамж гарган захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан байдаг. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “...сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын одоогийн Засаг даргын албан тушаалыг хашиж байгаа Засаг даргын эрх ашиг хөндөгдөж байхад шүүхээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй байдаг. Шүүхээс эдгээр зайлшгүй хийх ёстой ажиллагааг хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн учраас алдаатай шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргэж байна. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн зарим буюу Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 04 дүгээр тогтоол, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагыг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдолд хяналтын шатны шүүх доорхи  дүгнэлтийг хийж байна.

Дээрх ээлжит бус 10 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй, “сумын Засаг дарга Б.Мянганбаярыг огцруулах” асуудлыг хэлэлцүүлж, төлөөлөгчдийн олонхийн саналаар түүнийг огцруулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2 дахь хэсэгт “саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн талаар шүүхүүд тодорхой дүгнэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд “...шүүхүүд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ...” гэх боловч аль хуулийн ямар зүйл, заалтыг хэрхэн буруу тайлбарласныг тодорхой бичээгүй тул энэ асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Сэндэнсүрэн оролцсон нь Хурлын даргын нийтлэг бүрэн эрхийг тодорхойлсон  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.14-т “тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөх” гэж заасныг зөрчөөгүй байна.

Мөн “...гуравдагч этгээд Д.Оюунцэцэгт шүүх хуралдааны тов мэдэгдсэн, өмнө зарлагдсан шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр хийж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн...” хэмээн хуралдааны нарийн бичгийн даргаас ирцийн талаар мэдээлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, ирцийн асуудлаар хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч нараас тусгайлан хүсэлт гаргаагүй, энэ асуудлаар гуравдагч этгээд Д.Оюунцэцэг гомдол гаргаагүй болно.

Түүнчлэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  нь хэрэг хянан шийдэрлэх ажиллагаанд өөрийн, хэргийн оролцогчдын хүсэлт, эсхүл шүүхийн санаачлагаар оролцох боломжтой бөгөөд энэ маргааны тухайд хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга болон Б.Мянганбаярын оронд шинээр томилогдон ажиллаж байгаа Засаг дарга нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байна.

Шинээр томилогдон ажиллаж байгаа Засаг даргын хувьд  хариуцагч аймгийн Засаг даргатай ашиг, сонирхол нэгтэй бөгөөд шүүхээс гарах шийдвэр нь түүний хувьд эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй тул шүүх түүнийг энэ хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй нь буруу биш юм. 

Иймээс “...шүүх шийдвэр гаргасан 11 төлөөлөгчийг хариуцагчаар, шинээр томилогдон ажиллаж байгаа Засаг даргыг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй, гуравдагч этгээд Д.Оюунцэцэгт хуралдааны товыг мэдэгдээгүй... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Шүүхүүд  хэрэглэвэл зохих Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан  байх тул хариуцагчийн гомдлыг үндэслэн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг оновчтой зөв хэрэглээгүй, мөн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээгүй буруу байх тул холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. “Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 39 дүгээр шийдвэр,  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 92 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.14, 32 дугаар зүйлийн 32.3, 32.6...” гэснийг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “г”, 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.3, 32.6 ...” гэж өөрчилж, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасныг баримтлан...” гэсэн нэмэлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                                               Л.АТАРЦЭЦЭГ