Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/32

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ш б овогт Найгийн Над холбогдох эрүүгийн 1817000290022 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Ш б овогт Найгийн Н /РД:ЕЙ81062639/ Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Тээвэрчдийн байрны 6-1 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны тэжээлийн монтёр мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,  

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Яллагдагч Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Тээвэрчдийн байрны 6-1 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Ог зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 22 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Тээвэрчдийн байрны 6-1 тоотод гэртээ эхнэр Б.Ог дансан дахь мөнгө үрэгдүүлсэн гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн улмаар нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохиж гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр болох бие махбодын хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр  Б, Бийн найзтай гурвуулаа хамт 2 шил архи уусан. Согтолт дээд зэрэгтээ хүрсэн гэж бодож байна. Зарим зүйлээ санахгүй байна. Урьд нь дэлгүүрийнхээ орлогыг миний дансанд хийдэг байсан. Цагаан сар дөхсөн байсан болохоор юм авах гээд мөнгө авах гэтэл дансанд мөнгө байхгүй байсан. Түүнээс болоод бид хоёр маргасан. Огийн толгойд нь цохисон, үсдсэн, гарын бугалганаас нь татсан. Урьд нь эхнэр бид хоёр хэрэлдэж, маргалдаж, зодолдож байгаагүй, эвтэй байдаг байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч  прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийгөө түргэн ууртай, юманд хүлээцтэй хандаж чадахгүй гэдгийг ухаарсан. Болчимгүй уураас болж эхнэрээ зовоосноо ойлгосон. Эхнэртэйгээ хэдий эвлэрсэн ч манай эхнэр гэртээ ирээгүй хадмынд байгаа. Үр хүүхэд маань аав, ээж нь хол байгаа болохоор өвдөж зовоод хэцүү байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна, дахин ийм хэрэг хийхгүй, миний буруу гэв.

1.2. Хохирогч Б.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагийн үед Балданзасаг худалдааны төвд байх ажил дээрээ байж байтал нөхөр Н намайг гэртээ хүрээд ир гээд утсаар яриад байхаар нь ажлаасаа гараад гэртээ ирэхэд Н хашаан дотор байдаг дэлгүүртээ хоёр залуутай хамт архи уугаад нилээн согтуу сууж байхаар нь юм хэлэлгүй гарч яваад гэр лүүгээ орсон. Н гэртээ ороод надаас дансанд байсан 300 000 төгрөгөө авъя гээд нэхээд эхэлсэн. Би тэр мөнгийг чинь банкны зээлэндээ хийсэн гэсэн чинь ойлгохгүй одоо мөнгө олж өг гээд намайг гичий, банзал, янхан гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар том охин Уоор хадам ээж Мөнхбаяр, Нын дүү М нарыг дуудуулаад тэд нарыг орж ирэхээр нь хүү чинь намайг хэл амаар доромжлоод, том охиноо аваад зайл гээд байна гэж хэлтэл Н босож ирээд миний үснээс зулгаагаад толгой руу 5-6 удаа гараараа цохисон. Тэр үед дүү М нь боль гээд бид хоёрын дундуур орж ирээд салгасан. Хадам ээж Мөнхбаяр, дүү М нар гурван хүүхдийг аваад гэр лүүгээ явсан. Бид хоёр гэртээ хоёр талын буйдан дээр өөд өөдөөсөө хараад сууж байтал дунд охин Ундрам гаднаас орж ирээд зурагтны хажууд зогсож байсан чинь Н Ундрамд пизда минь, гичий минь зурагтны удирдлага аваад өг гэж загнахаар нь би чамд гичий гаргаж өгөөгүй, хүн гаргаж өгсөн шүү гэж хэлтэл Н угаасаа л гичий биз дээ гэхээр нь хүүхэд тоглож байгаад газар орхисон байсан ягаан өнгийн түрийвчийг аваад Н руу шидсэн чинь хоёр нүднийх нь дунд хэсэгт оносон. Тэгтэл Н чамайг алнаа гэж босож ирээд миний дух руу 7-8 удаа гараа зангидаж байгаад цохисон. Н надтай болон хүүхдүүдтэйгээ ямар нэгэн байдлаар муухай харьцдаггүй, хөөж туугаад байдаггүй. Сая л согтуу байхдаа хүүхдээ харааж хэлсэн. Хүүхдүүдээ зодож дарамталдаггүй. Над зодуулснаас болж зүүн талын нүд хөхөрч хавдсан, дух хоёр газарт овойж хавдсан, зүүн талын мөр хэсэгт хавдаж, зүүн талын далны хэсэгт зулгарч, тархи доргисон байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14-15 хуудас/

1.3. Гэрч Н.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 22 цагийн үед амрах гээд ороо засаад байж байтал ахын охин Ундрам гэрт орж ирээд аав, ээж хоёр зодолдоод байна гэхээр нь гэр лүү нь ортол Н ах эхнэртэйгээ заамдалцсан байдалтай байж байхаар нь би дундуур нь орж салгасан. Тэр хоёрыг салгахад хоорондоо хэрэлдэж маргалдахаа болиод гэрийнхээ хоёр талд нэг нь орон дээрээ, нөгөө нь буйдан дээрээ чимээгүй сууцгаасан. Би тэр хоёртой хориод минут орчим хамт байж байгаад одоо гайгүй болчихлоо гэж бодоод гэр лүүгээ буцаад орсон. Гэртээ ороод 30-40 минут орчим болж байтал том охин У нь манайхаас гараад гэр лүүгээ орсноо буцаад гэрт орж ирээд аав ээж хоёр дахиад зодолдоод байна гэхээр нь би дахиад гэрт нь ороход хоорондоо зууралдаад байж байхаар нь салгахад тэр хоёр хоорондоо хэрэлдэж байгаад эхнэр нь гэрээсээ гараад явсан.  Үс нь сэгсийсэн байдалтай харагдаж байсан. Өөр гэмтэл байсан эсэхийг анзаарч хараагүй. Би ахтайгаа сүүлийн 4 жил нэг хашаанд хамт амьдрах хугацаанд тэр хоёр хоорондоо зодолдож  байгаагүй, эвтэй л байдаг. Хоорондоо маргалдаж байгааг нь сонсоход эхнэр нь дансанд байсан мөнгийг нь үрсэн бололтой ярьцгаагаад байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-19 хуудас/

1.4. Гэрч Д.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Ныг эхнэр Огаа согтуудаа зодсон талаар тэр үед Наас өөрөөс нь сонсож мэдсэн. Эхнэр нь Нын картанд байсан мөнгийг нь хэлэлгүй авснаас болж муудалцсан гэсэн. Урд өмнө нь эхнэрээ зодож цохиж байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20-21 хуудас/

1.5. Насанд хүрээгүй гэрч Л.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Тэр өдрийн орой харанхуй болсон байхад би ээжтэйгээ гэртээ байж байсан чинь аав Н хашаанд байдаг дэлгүүртээ байж байгаад гэртээ согтуу орж ирээд  аав ээж хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгтэл ээж намайг эмээ, М ах хоёрыгоо дуудаад ир гэхээр нь би эмээгийн гэр лүү ороод дуудчихаад нилээн байж байгаад буцаад гэр лүүгээ орсон чинь аав ээжийн үснээс нь зулгаачихсан, зүүн гарных нь хавьд цохиод байсан. М ах тэр хоёрыг салгаад хоёр тийш нь холдуулсан. Тэгтэл аав намайг гэрээс гар гэж хэлэхээр нь эмээгийнхээ гэрт орсон. Маргааш өглөө нь харахад ээжийн зүүн нүд нь хавдчихсан байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23 хуудас/

1.6. Шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 57 дугаар дүгнэлтэнд: Б.Огийн биед тархи доргилт, духны зүүн төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны баруун төвгөрт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн бугалганд цус хуралт, зүүн дал, нуруу, бугалга хэсэгт зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 27 хуудас/

1.7. Согтолт шалгасан тухай тэмдэглэл /х.х-ийн 4 хуудас/

1.8. Аюулын зэргийн үнэлгээний маягт, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /х.х-ийн 7-8, 53-57 хуудас

1.9. Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 42 хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч Н.Ныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Ныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. Учир нь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан этгээдэд шүүгдэгч, хохирогч нар нь хамаарах ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасан бие махбодын хүчирхийлэл үйлдэгдсэн гэж үзэх нь зүйтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч Н.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

2.1. Хохирогч Б.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15 хуудас/

2.2. Гэрч Д.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Нын хувьд хүнд тусархуу, буурь суурьтай, тайван дөлгөөн зантай, өөрөө бие муутай, чихрийн шижин өвчтэй болохоор тэр болгон архи дарс уугаад байдаггүй. Хашаандаа барааны жижиг дэлгүүр хувиараа ажиллуулдаг. Би энэ хоёрыг анх амьдарч эхлэхээс нь л найзалж байгаа. Сая эхнэрийгээ зодсон гэхээр нь гайхаад байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/,

2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 49 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Н.Нын анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Н.Нын прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрснийг болон прокурорын саналыг тус тус харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш б овогт Найгийн Ныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ныг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Над оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.