Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 287

 

Ө.Б, А.Г нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, хохирогчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаар магадлалтай, 201708000052 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Өө-н Б,

2.Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А-ийн Г нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасан “Сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандах” гэмт хэрэгт холбогджээ. 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ө.Б, А.Г нарыг сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар Ө.Б-н багшийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 12,240,000 төгрөгөөр торгох ял, А.Г-ын туслах багшийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 12,240,000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Г-ын өмгөөлөгч Б.Батчимэг гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад гомдлыг хэрэгсэхгүй болгон гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдоогүй байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 2, 1.3-д заасан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг үндэслэлтэй эсэхийг нарийвчлан үнэлж дүгнэхгүйгээр шууд буруутган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн болох нь бодитой нотлогдон тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэл муутайгаас гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх А.Г-ын талаар буруу дүгнэлт хийсэн.  А.Г-ыг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажлын байран дээр байгаагүй 20 орчим минут буюу тухайн цаг хугацаанд тоглоомын талбайд байрлах гулсууран тоглоомоос 3 настай С.Энхжин унасан тухайн үйл явдлыг гэрч, хохирогч нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийж бичлэгийг хуулж авсан тэмдэглэл, цэцэрлэгийн дотоод журам, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хөдөлмөрийн гэрээний хуулбар зэргээр нотлогдсон гэж үзэхэд эргэлзээтэй байхад нотлогдсон гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримт сэлт мэдээлэл, мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдох ёстой бөгөөд гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байхад таамаглалд үндэслэж түүний эрх зүйн байдлыг илтэд дордуулах үндэслэлгүй. Түр эзгүй байх хугацаанд хүүхэд унасан, гэмтсэн, өвдсөн зовиурласан бол тухайн өдөр ямар нэгэн байдлаар туслах багшид мэдэгдэх, ажиглагдах, мэдрэгдэх байсан боловч хэзээ, яаж гэмтэл авсныг мэдэхгүй, ажиглагдахгүй байхад мэдсэн мэтээр мэдүүлэх нь өрөөсгөл юм.Давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ “анхан шатны шүүх тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д зааснаар зүйлчлэн, тухайн зүйлд заагдсан хөнгөн ял болох торгох ялын доод хэмжээгээр оногдуулсныг буруу гэж үзэх үндэслэлгүй байна”, " ...анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэрэг нотлогдсон эсэх талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх бөгөөд хэргийн зүйлчлэл болон ял тохирсон гэж үзлээ” гэжээ. А.Г-ыг тухайн гэмт хэргийг үйлдсэн болох хангалттай нотлох баримт байхгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй уг хэргийн хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтууд хуульд заасан шаардлагыг хангасан хууль ёсны нотлох баримт гэж үзэхэд эргэлзээтэй албан ёсоор ёсчлогдоогүй, аюулгүй ажиллагааны зааварчилгааг авсан эсэх нь тогтоогдоогүй, камерийн бичлэгийг хууль ёсны нотлох баримт гэж үзэхэд эргэлзээтэй байхад үнэлж хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн. Мөн А.Г-ыг гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12,240,000 төгрөгөөр торгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтооно” гэж заасан боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгжтэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилснаар торгох ялын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоох зохицуулалт байхгүй болсон. Хууль тогтоогчоос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох нь гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн хохирол, төрийн ялын бодлогод шууд нөлөөлж байгаа нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж инфляци, мөнгөний ханш зэргээс хамаарч торгуулийн хэмжээнд өөрчлөлт оруулах боломжтой торгуулийг нэгжээр тооцож хөнгөрүүлэн багасгаж бууруулсан байхад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон хүндрүүлж эрх зүйн байдлыг дордуулж хууль буруу хэрэглэсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуульд нийцсэн байх хуулийн шаардлага хангасан. Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Торгуулийн ялыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр оногдуулсныг буруу гэж үзэх боломжгүй, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг хэрэглэх боломжтой, эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Энэ хэргийн тухайд урьд анхан шатны шүүхээс цагаатгасан нь үндэслэлгүй гэсэн гомдлын хүрээнд давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн байдаг. Хяналтын шатны шүүхээс магадлал хуульд нийцсэн байх хуулийн шаардлага хангасан гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцааснаар шийтгэх тогтоол гарсан. Шүүгдэгч нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн Ө.Б, А.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ө.Б, А.Г нар нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн бага ангийн багш болон туслах багшаар ажиллаж байхдаа сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тухайн цэцэрлэгийн тоглоомын талбайд тоглож байсан 2 нас 8 сартай С.Э гулсууран дээрээс унаж хүнд гэмтсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.Б, А.Г нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан гэсэн хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Шүүгдэгч Ө.Б, А.Г нар 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед “Сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандах” гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар энэхүү гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэн хуульчилсан тул шүүх хууль буцаан хэрэглэхгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хууль нь шүүгдэгч нарт ашигтай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг нь “Цэцэрлэгийн туслах багш А.Г түр эзэнгүй байх хугацаанд бага насны С.Э гулсуураас унаж хүнд гэмтэл авсан үйл баримтын талаар маргаснаас гадна түүнийг шүүх гэмт буруутайд тооцож 2002 оны Эрүүгийн хуульд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан талаар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурдсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалт ноцтой зөрчигдсөн, Эрүүгийн хуулийг хэрхэн буруу хэрэглэсэн талаар бус харин анхан болон давж заалдах шүүхээр тогтоогдсон хэргийн үйл баримтыг өөрчлүүлэх гомдлыг үндэслэн шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох боломжгүй юм.

Шинээр батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн хэм хэмжээг уг хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн үндэслэлээр хэрэглэж буй үйл ажиллагааг Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэж ойлгодог билээ.

Шүүгдэгчийн эрх зүйн байдалд үзүүлэх хуулийн нөлөөллийг тодорхойлохдоо тухайн хэрэглэх гэж буй Эрүүгийн хуульд заасан шүүгдэгчид оногдуулах ялыг багасгасан, хэрэглэх журмыг хөнгөрүүлсэн бүхий л нөхцөл байдлыг хамтатган нэг удаа дүгнэх байдлаар тооцсоны эцэст гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан болон түүний дараа хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн үйлчлэлээр бий болох шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх нөхцөл байдлыг харьцуулан түүнд нэг удаа хэрэглэх хуулийг тогтооно. Харин шүүгдэгчид шинэ, хуучин Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хольж хэрэглэх нь хууль буцаан хэрэглэх ойлголтыг гажуудуулах бөгөөд энэ нь Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэгийн гаргасан 2015 оны Эрүүгийн хуулиар оногдуулсан торгох ялыг шилжүүлэн тооцохдоо 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх тухай  гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН