Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01299

 

 

 

 

 

 

 

 

                                          А.Ж-н нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/01420 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Ж хариуцагч Т.Г холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт шилжүүлсэн 753 333 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Ж, хариуцагч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцсон.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: .......... орон сууцыг сарын 800 000 төгрөгөөр түрээслэх гэрээг Т.Ганнайрамдалтай байгуулсан. 2021 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр урьдчилгаанд 600 000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 06-ны 500 000 төгрөг, нийт 1 100 000 төгрөгийг Т.Г 5111047437 тоот данс руу шилжүүлсэн. 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Т.Г орон сууцыг цаашид түрээслүүлэхгүй талаар мэдэгдсэн. Нийт төлсөн дүн 1 100 000 төгрөгөөс байранд амьдарсан хоногийг хасч хариуцагчаас 753 333 төгрөг гаргуулна. Орон сууцыг хөл хорионы үед 2 сарын хугацаатай түрээслэх байсан гэжээ.

 Хариуцагчийн тайлбарт: 2021 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс А.Ж орон сууцыг түрээслүүлсэн. Түрээсийн урьдчилгаа 600 000 төгрөг авсан.  2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр үл таних 3 залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тус орон сууцанд байсан. Сайтад тавигдсан зарын дагуу өдрийн 100 000 төгрөгөөр түрээсэлсэн байсан. Буйдангийн хөл хугарсан, ширээний буланг цөмөлсөн, хөшгийг түлэх зэргээр эд хөрөнгөнд их, бага хэмжээгээр хохирол учруулсан. А.Ж нь байрыг бүх нийтийн хөл хорио тогтоосон үед буудлын зориулалтаар хүмүүст түрээслүүлсэн. Орон сууцыг хүлээж авах үед ширээ, сандал, буйдан, ханын тавиурын шилэн хаалга, цонхны тавцан, толь, хивс, крант зэрэг эд зүйлийг эвдлэх, хагалах, түлж цоолох зэргээр сүйтгэсэн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Г гэрээний үүрэгт шилжүүлсэн 753 333 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч А.Ж олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 929.99 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 22 929.99 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Г-н давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх жинхэнэ хариуцагчийг зөв тодорхойлж чадаагүй. Т.Г нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 73-7 тоотод байрлах орон сууцны жинхэнэ өмчлөгч биш болох нь шүүхэд гаргасан 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Ажилтанд орон сууц эзэмшүүлэх, засварын төлбөр гаргуулах” гэрээгээр нотлогдоно. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2 дахь хэсэгт заасан шүүхийн харьяаллыг зөрчсөн. Орон сууцны жинхэнэ өмчлөгч Ц.Төрбатын оршин суух хаягаар нэхэмжлэл гаргаагүй, хариуцагчийг буруу тодорхойлсон нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно. Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 73-7 тоотод байрлах орон сууцны жинхэнэ өмчлөгч нь Ц.Тт байхад шүүх Т.Гг хариуцагч гэж үзсэн байна. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Нэхэмжлэгч ямар гэрээний үндсэн дээр хариуцагчаас 753 333 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байгаа, талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан “Орон сууц хөлслөх” гэрээ байгуулагдсан хэдий ч уг гэрээ 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус юм.  Орон сууц хөлслөх гэрээ бичгээр байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, хуулийн шаардлагыг хангаагүй байхад шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн нь буруу.  Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.1 дэх хэсэгт “Хөлслөгч өөрийн хөлслөн авсан орон сууцыг хөлслүүлэгчийн зөвшеөрөлтэйгээр бүхэлд нь буюу түүний хэсгийг гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлэх эрхтэй” гэж заасан боловч хөлслөгч нь хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүй орон сууцыг гуравдагч этгээдэд түрээслүүлж эд хөрөнгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч А.Ж хариуцагч Т.Г холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт шилжүүлсэн 753 333 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгч байрыг хөлслөх хугацаандаа эд хогшлыг эвдэлж сүйтгэн их хэмжээний хохирол учруулсан, зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулан хөлслүүлсэн” гэж маргажээ.

2021 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч А.Ж Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 73-7 тоот 3 өрөө орон сууцыг сарын 800 000 төгрөгөөр хөлслүүлэх, урьдчилгаанд 600 000 төгрөг төлж, үлдэгдэл 1 000 000 төгрөгийг хувааж төлөхөөр хариуцагч Т.Г-тай тохиролцсон, нэхэмжлэгч нь орон сууцыг 2021 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 1 100 000 төгрөг төлсөн, 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж дүгнэсэн нь зөв. /хх32/

Орон сууц 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад байсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг орон сууцыг бусдад зөвшөөрөлгүй дамжуулан хөлсөлж, эд хогшлыг эвдэж сүйтгэсэн гэх үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцалжээ. Шүүх үүргийн зөрчлөөс үүсэх талуудын эрх, хариуцлагын талаарх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн орон сууц ашигласан хугацааны төлбөл зохих хөлсний дүнг эзэмшил, ашиглалтад байсан 13 хоногоор тооцоолон, нийт  346 658 төгрөгийг  нэхэмжлэгчийн төлсөн 1 100 000 төгрөгөөс хасч түүний шаардсан дүн буюу 753 333 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Шүүх хариуцагчийг буруу тодорхойлсон тухайд, хэргийн 30-31 дүгээр талд хариуцагч Т.Гын аав Ц.Тн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Гаалийн Ерөнхий газартай байгуулсан ........ нутаг дэвсгэрт байрлах орон сууцны барилгын 2-р давхрын 7 тоот 44.72 м.кв 2 өрөө орон сууцыг ажилтанд эзэмшүүлэх, засварын төлбөр гаргуулах тухай гэрээ авагджээ. Уг гэрээний дагуу орон сууцыг хариуцагч эзэмшиж, ашиглан нэхэмжлэгчтэй орон сууц хөлслөх гэрээг байгуулан, гэрээний төлбөрт 1 100 000 төгрөг авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэгч хариуцагчийг зөв тодорхойлсон байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

2. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд,

Хариуцагчийн “нэхэмжлэгч ямар гэрээний үндсэн дээр нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй, талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан хэдий ч уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус, бичгээр байгуулаагүй, хуулийн шаардлагыг хангаагүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээнд хамааралтай бөгөөд талууд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцыг хөлслүүлэх гэрээг байгуулсан. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн. Нэхэмжлэгч орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас өмнө цуцалсантай холбоотойгоор орон сууцыг эзэмшиж, ашигласан хугацааны төлбөрөө хасч тооцон үлдэх төлбөрөө нэхэмжилсэн байна.

Хариуцагч “нэхэмжлэгчийг орон сууцыг бусдад дамжуулан хөлсөлсөн, эд хогшлыг эвдэж их хэмжээний хохирол учруулсан” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэдэг боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/01420 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 22 630 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

                                                      ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА

                                                                                                    А.МӨНХЗУЛ