Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/01224

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Арийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/00808 дугаар Б.Арийн хууль ёсны төлөөлөгч Э.Угын нэхэмжлэлтэй Ц.Бход холбогдох орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.Уга, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, хариуцагч Ц.Бх, түүний өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Уга би Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 476 дугаар шийдвэрээр Б.Бээс гэрлэлтээ цуцлуулж, охин Б.Арийг өөрийн асрамжид авсан. Гэрлэлт цуцлуулах маргааныг шийдвэрлэх үед Б.Б нь гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ дүр төрх цогцолбор, Үйлдвэр-2 /17041/ ХД-84 дүгээр байр, 7 тоот 3 өрөө орон сууцны хамтран өмчлөлөөс татгалзвал охин Б.Арийг миний асрамжид үлдээнэ гэсэн тул би уг орон сууцны хамтран өмчлөх эрхээсээ татгалзсан юм.

Одоо уг орон сууц нь Б.Ар, Б.Б, Б.Бх нарын өмчлөлд байдаг. Б.Б нь 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Б.Бхаас итгэмжлэл хийлгэн, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ц.Бэтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийхдээ охин Б.Арийн хууль ёсны асран хамгаалагч эх Э.Уга надаас зөвшөөрөл аваагүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00654 дугаар шийдвэрээр уг орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон юм. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд Ц.Бэ, Ц.Бх нар хууль бусаар уг орон сууцанд амьдарч байх тул уг орон сууцыг чөлөөлж өгнө үү.

Шүүх хуралдааны явцад хариуцагч Ц.Бэ, Б.Б нар уг орон сууцанд амьдраагүй болох нь тэдний тайлбараар нотлогдож байх тул Ц.Бэ, Б.Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Бий итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Б нь маргаан бүхий орон сууцад оршин суудаг. Мөн уг үл хөдлөх эд хөрөнгө нь 3 хүний өмчлөлд байдаг бөгөөд охин Б.Арийн асран хамгаалагч дангаар орон сууцыг чөлөөлөх нэхэмжлэл гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ц.Бх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Бэ нь Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо, “Шинэ төрх” цогцолбор, Үйлдвэр-2 /17401/ ХД-84 дүгээр байр, 7 тоот 3 өрөө орон сууцыг 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний дагуу худалдан авч, орон сууцны үнэд 55.000.000 төгрөгийг төлсөн. Тухайн үед Б.Б болон Б.Ар, Э.Уга нарын хооронд үл хөдлөх хөрөнгийг маргаан гараагүй байсан бөгөөд Ц.Бэ нь худалдан авагчийн хувьд төлбөрийг бүрэн төлж дуусган, орон сууцыг өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авах боломжтой байсан. Бидний хувьд урьдчилгаа төлбөрт тодорхой үнийг төлсөн бөгөөд худалдан авагч талаас бус худалдагч талаас шалтгаалан тухайн орон сууцыг манай өмчлөлд шилжүүлэх асуудал саатаад байгаа болно. Хэрэв тухайн орон сууцны талаарх маргаан дууссан тохиолдолд бидний хувьд урьдчилгаа төлбөрийг шилжүүлэн орон сууцыг өөрсдийн өмчлөлд авах боломжтой болно. Ц.Бийн хувьд уг орон сууцанд амьдардаггүй Ц.Бх миний бие гэр бүлийн хамт дээрх орон сууцанд 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш амьдарч байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Ц.Бэ, Б.Б нарт холбогдох, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.2-т заасныг баримтлан хариуцагч Ц.Бхын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Шинэ дүр төрх цогцолбор, Үйлдвэр-2 /17041/, ХД-84 дүгээр байр, 7 тоот орон сууцыг чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 445,121 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бхоос улсын тэмдэгтийн хураамжид 445,121 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Ц.Бх намайг ямар үндэслэлээр тухайн орон сууцны эзэмшлийг олж авсан, хэлцэл хүчин төгөлдөр бус байх нь шууд Ц.Бх тухайн орон сууцыг эзэмших эрхгүй, хууль бусаар эзэмшилт байна гэж дүгнэх хууль зүйн үр дагаврыг үүсгэх эсэх асуудал дээл бодитой дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

Тухайн орон сууц гурван өмчлөгчтэй бөгөөд 2 өмчлөгч нь тухайн орон сууцанд амьдрах зөвшөөрлийг Ц.Бход надад өгсөн бөгөөд худалдах худалдан авах гэрээг дахин хийх талаар тохиролцоо үргэлжилж байгаа зэрэг нөхцөл байдалд огт дүгнэлт өгөөгүй байна.

Ц.Бх миний бие урьдчилгаа төлбөрт 55.000.000 төгрөг өгсөн байгаа бөгөөд худалдаж байгаа талтай үлдэгдэл төлбөрийг маргаан дуусаж миний нэр дээр тухайн үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх боломжтой болсон тохиолдолд өгөхөөр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү орон сууцанд амьдарч байгаа. Миний бие тухайн орон сууцыг худалдан авахаар хэлцэл хийсэн, одоо ч тухайн хэлцэл үргэлжлэн явж байгаа бөгөөд хууль бусаар тухайн орон сууцанд амьдарч байгаа гэж үзэх боломжгүй.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн эрхийг 3 хамтран өмчлөгчийн зөвхөн нэг нь дангаараа хэрэгжүүлэх хууль зүйн боломжгүй. Харин уг эрхийг хэрэгжүүлэх гол нөхцөл нь бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүй байх нөхцөл юм. Гэтэл хоёр өмчлөгчийн зөвшөөрлөөр орон сууц эзэмшиж байгаа намайг орон сууцнаас чөлөөлж байгаа нь дээрх бусад өмчлөгчийн ашиг сонирхол харшилж байхад энэхүү нөхцөл байдлыг харгалзалгүй шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Б.Арийн хууль ёсны төлөөлөгч Э.Уга нь Ц.Бх, Ц.Бэ, Б.Б нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Бэ, Б.Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ. Хариуцагч Ц.Бх уг орон сууцад Ц.Бэ, Б.Б нарын зөвшөөрлөөр оршин сууж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 476 дугаар шийдвэрээр “...Э.Уга, Б.Б нарын гэрлэлтийг цуцалж, охин Б.Арийг эх Э.Угын асрамжид үлдээж” шийдвэрлэсэн байх бөгөөд анхан шатны шүүх Э.Угыг насанд хүрээгүй охин Б.Арийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгчийн хувьд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 33 дугаар зүйлийн 33.1-д заасанд нийцсэн байна.

 

Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Шинэ дүр төрх цогцолбор, Үйлдвэр-2 /17041/, ХД-84 дүгээр байр, 7 тоот хаягт байрших 79.5 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцны өмчлөгч нь Б.Б, Б.Бх, Б.Ар нар болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 000255075 тоот гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд энэ орон сууцанд Ц.Бх 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш оршин суудаг талаар талууд маргаагүй байна. /хх6, 47/

 

Хан-Уул дүүргийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00654 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 954 дүгээр магадлалаар Б.Б, Б.Бх, Б.Ар болон Б.Бат-Эрдэнэ нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тооцож шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх12-19/

Учир нь Ц.Бх нь “би уг орон сууцыг 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 151,000,000 төгрөгөөр худалдан авахаар Б.Арийн эцэг Б.Бтэй тохиролцож, 55,000,000 төгрөгийг төлсөн, уг орон сууц гурван өмчлөгчтэй бөгөөд 2 өмчлөгч нь тухайн орон сууцанд амьдрах зөвшөөрлийг надад өгсөн ” гэж маргаж байгаа боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэхээр байна.

 

Иймд Б.Ар тус орон сууцны өмчлөгч байх бөгөөд Ц.Бх уг орон сууцыг хуулийн дагуу эзэмшиж байгаа нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Ц.Бхын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Шинэ дүр төрх цогцолбор, Үйлдвэр-2 /17041/, ХД-84 дүгээр байр, 7 тоот орон сууцыг чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/00808 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА