Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01325

 

 

 

 

 

                                      М ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/01213 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан 69 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч А.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч А.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцсон.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 19/18 дугаартай ...Эрдэнэдалай сумын төвд хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээг хариуцагч компанитай байгуулж, ул шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг тус тус батлагдсан зургийн дагуу 5 цэгт хийж гүйцэтгэхээр тохиролцсон.  Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ухмал, ул шороо, далангийн ажлыг бүрэн хийж, хоолойг нь суурилуулаад өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр анх гарсан зурагт дөрвөлжин хоолой байх ёстойг дугуй хоолойгоор, мөн 1000-н хоолойгоор хийх ажлыг 300-ын хоолойгоор орлуулж, намсгаж хийсэн. Эрдэнэдалай сумын төвийн дундуур явж байгаа учраас 1000-н хоолой хийхээр дээшээ метр гаруй ухмалын шороо орох, мөн хүмүүс зам хөндлөн гарах зэрэгт хүндрэлтэй байсан учраас захиалга өгсөн компани өөрчилж хийлгэсэн. Нэхэмжлэгч зургийн дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. Хэрэгт байгаа зураг бол нэхэмжлэгч талын ажлын зураг биш. Зургийг дур мэдэн өөрчлүүлж, гүйцэтгүүлсэн атлаа гэрээ, зургийн дагуу хийгээгүй гэдэг. Өөрчилсөн хоолойны ажлыг хүлээн авч актанд гарын үсэг зурсан. Ажлыг гүйцэтгэж байхад нөгөө талаас байнгын хяналт тавьж байсан. Хэрэв алдаа дутагдал гарсан бол тухай бүрд нь хэлж, засуулах боломжтой байсан. “Классик роуд” ХХК-ийн дүгнэлтийг танилцуулж байгаагүй. Ажлын доголдлын талаар мэдэгдэж байгаагүй. Хариуцагчаас гэрээний төлбөрөө төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Гэрээний 2.1-т заасны дагуу тохирсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүйн улмаас үндсэн төлбөр 45 000 000 төгрөг, гэрээний 2.2-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцоход 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 386 хоногийн алданги 86 850 000 төгрөг байх боловч хуулийн дагуу тооцож 22 500 000 төгрөг, гэрээний 5.2-т заасны дагуу өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан төлбөр 2 000 000 төгрөг, нийт 69 500 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505 450 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Талуудын хооронд 2019 оны 10 сарын 07-ны өдөр 19/17 дугаартай нийг 70 000 000 төгрөгийн дүнтэй ...Эрдэнэдалай сумын төвд баригдах ул шороо далангийн ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 10 сарын 08-ны өдөр 19/18 дугаартай нийт 90 000 000 төгрөгийн дүнтэй ...Эрдэнэдалай сумын төвд хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ, мөн 2019 оны 10 сарын 31-ний өдөр 19/17-а дугаартай нийт 18 500 000 төгрөгийн дүнтэй ...Эрдэнэдалай сумын төвд баригдах ул шороо далангийн ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ тус тус байгуулагдсан. 3 гэрээний нийт дүн 178 500 000 төгрөг болно. 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 19/18 дугаартай гэрээний 2.2-т  “гэрээний урьдчилгаа төлбөр буюу 50 хувь 45 000 000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар, 30 хувь буюу 27 000 000 төгрөгийг нийт ажлын 50 хувийг гүйцэтгэж дуусмагц, үлдэгдэл 20 хувь буюу 18 000 000 төгрөгийг нийт ажил 100 хувь гүйцэтгэсний дараа 2 хоногийн дотор захиалагч гүйцэтгэгч талд төлнө. 3.1-д Захиалагч нь баталгаажуулсан гүйцэтгэлийн баримтыг үндэслэн гүйцэтгэгчид санхүүжилт олгох үүрэгтэй гэж заасны дагуу гүйцэтгэгч тал нь ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж зохиогчийн хяналтын дүгнэлт гаргуулж түүнийг үндэслэн ажил хүлээлцэх актанд захиалагчаар гарын үсэг зуруулж актаар баталгаажуулж ажлыг хүлээлцсэнээр гэрээний төлбөрийг авах үндэслэл үүснэ.

Захиалагч болох ...Засаг даргын тамгын газрыг төлөөлж ЗХ-ЗТХЯ/201901046 тоот гэрээний дагуу зохиогчийн хяналт гүйцэтгэгч “Классик Роуд” ХХК-ийн зураг төслийн зохиогч инженер П.Насанхүү М ХХКнь гүйцэтгэсэн ажилд зохиогчийн хяналтаар 2 удаа (2019 оны 11 сарын 13, 2020 оны 06 сарын 02) хяналтын дүгнэлт хийж барилга угсралтын ажлын чанар, илэрсэн алдаа зөрчил, түүний шалтгаануудыг арилгуулах дүгнэлт гаргасан. М ХХК гэрээт ажлын гүйцэтгэл дээр барилга угсралтын алдаа зөрчил гаргасан. “Классик Роуд ХХК-ийн 2019 оны 11 сарын 01-ний өдрийн №01, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гаргасан №02 дугаартай Зам барилгын ажлын зохиогчийн хяналтын дүгнэлтээр барилга угсралтын үе шат болон барилга угсралтын ажлын чанар, гүйцэтгэлд алдаа дутагдал, зөрчил гаргасныг илрүүлж, эдгээр зөрчил дутагдлыг арилгуулахаар Зам барилгын ажлын зохиогчийн хяналтын дүгнэлт гарган тус компанийн зүгээс хугацаа олгосон боловч М ХХКбиелүүлээгүй. Нэхэмжлэгч хийсэн ажлаа бага зэрэг засвал зургийн компанитай ярилцаад ажлаа дуусган санхүүжилтээ авч үлдэгдэл төлбөр 45 000 000 төгрөгийг төлөх боломжтой. “Классик роуд” ХХК-ийн дүгнэлтийн дагуу ажлаа гүйцээж өгөх хэрэгтэй. Ажлыг зургийн дагуу хийх ёстой. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 346.2-т зааснаар ажлыг хүлээлгэн өгөөгүй тул хөлс нэхэмжлэх эрхгүй.  Нэхэмжлэгчид ажлаа зургийн дагуу гүйцэтгэх, буруу болон дутуу гүйцэтгэсэн гэрээнд заасан ажлуудыг тохиролцсон хугацаанд гүйцэтгэн албан ёсоор хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардахад  үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсны дараа засварлана гэж хойшлуулсан. Хариуцагч нь гэрээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлж байсан боловч М ХХК НӨАТ-ын падаан өгөөгүйгээс нийт 12 100 000 төгрөгийн өр үүссэн. М ХХК ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгээгүйн улмаас зам барилгын ажил удааширч, гэрээт ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг авч чадалгүй хохирол амссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 45 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлээс 24 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505 450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 382 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мапроуд ХХК-д олгож шийдвэрлэжээ.  

 Хариуцагчийн төлөөлөгч А.Батжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. М ХХК нь замын ажлын гүйцэтгэлийг зургийн дагуу хийгээгүй, хийсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй. Ажлыг хариуцаж хийлгэсэн М ХХК-ийн инженер П.Хүрэлбаатар хүлээн зөвшөөрдөг бөгөөд үлдэгдэл мөнгөө өгсөн тохиолдолд засварлаж өгнө гэдэг. Газар дээр нь очиж баталгаажуулсан гэх фото зургууд нь зөвхөн ажлын хувьд боломжийн хийгдсэн хэсгийн зурагууд байдаг. М ХХК, Х ХХК-аас ажил хүлээн авсан гэх актыг хуурамчаар үйлдэн шүүх хуралдаанд өгсөн нь Х ХХК-д тухайн гэрээг гүйцэтгэх хугацаанд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Амарбатын “Миний бие М ХХК-д ажил хүлээн авах тухай актанд гарын үсэг зурж тамга дарж өгөөгүй” гэх тайлбараар батлагддаг. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөөс гадна 135 000 000 7 төлбер хийсэн бөгөөд уг төлбөрт НӨАТ төлөөгүй нь Х ХХК-д НӨАТ-ийн өр үүсээд байгаа. Гэрээний дагуу хийж гүйцэтгүүлсэн ажлын санхүүжилтийг цаг тухай бүрт олгож байсан бөгөөд 5 ширхэг хоолойн ажлын урьдчилгааг гэрээнд заасны дагуу олгосон. Ажил гүйцэтгэж байх үед зохиогчийн явцын хяналт шалгалт хийж гарсан алдааг нь засуулах гэсэн боловч өвлийн улиралд  бетоны ажил гүйцэтгэх боломжгүй гэж үзэн 2020 оны хавар хийхээр тохирсон. Гэтэл алдаа дутагдлыг арилгаагүй болно. Иймд хоолойд гарсан алдаатай зүйлсийг зассан тохиолдолд гэрээнд заасан үлдэгдэл төлбөрийг олгоход татгалзах зүйлгүй. М ХХК-ийн ажил гүйцэтгэх явцдаа гаргасан алдаа дутагдлыг засахын тулд хоолойн ажлыг дахин хийж, нэмэлт зардал гаргах нөхцөл байдал үүсээд байна. Иймд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй М ХХК-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

Нэхэмжлэгч М ХХК хариуцагч Х ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 45 000 000 төгрөг, алдангид 22 500 000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан төлбөр 2 000 000 төгрөг, нийт 69 500 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзээгүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна. 

Зохигчдын хооронд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ...Эрдэнэдалай сумын төвд баригдах ул шороо далангийн ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ул шороо далангийн ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ тус тус байгуулагдсан байх ба нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжилсэн байна. /хх9-13, 29-35

Тэрээр шаардлагын үндэслэлээ нотлохоор ажлын гүйцэтгэлийг хариуцагч талд хүлээлгэн өгсөн актыг ирүүлсэн байна. Уг актад “ ... 2019.10.08-ны №19/18 тоот гэрээний дагуу 64м урттай ган хоолойг захиалагч талтай зөвшилцлийн үндсэн дээр чанар стандарт зураг төслийн дагуу хийж гүйцэтгэн 2019.11.05-ны өдөр хүлээлгэн өгөв”, ажил хүлээлгэн өгсөн М ХХК-ийг төлөөлж инженер П.Хүрэлбаатар, хүлээн авсан Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Амарбат гэж гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажуулсан байна. /хх86/

Хариуцагч тал “тухайн үед хариуцаж байсан захирал Э.Амарбат актад гарын үсэг зурж хүлээж аваагүй гэдэг, зургийн дагуу 1 метр голчтой төмөр бетон хоолой тавих газар 300 мм голчтой хоолой тавьсан, ажлыг зургийн дагуу хийгээгүй, талууд гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй, нэхэмжлэгч ажлыг батлагдсан зураг төслөөс өөрөөр дур мэдэж хийсэн. 300 мм-ын хоолой нь шаардлага хангаагүй ...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна. Талуудын гэрээгээр  тохиролцсон ажлын үр дүн доголдол, зөрчлийн талаар “Классик роуд” ХХК 2019 оны 11 дүгээр сарын 13, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Зам барилгын ажлын зохиогчийн хяналтын дүгнэлт гаргасан гэж хариуцагч тайлбарладаг боловч уг дүгнэлтэд бичсэн гэрээний сар өдөр, дугаар, гүйцэтгэгч байгууллагын нэр зөрүүтэй байна. “Классик роуд” ХХК-ийн дүгнэлт нь цаг хугацааны хувьд ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн актын дараа гарчээ. Иймд “Классик роуд” ХХК-аас гаргасан дээрх дүгнэлтүүд маргаан бүхий гэрээний ажлын үр дүнд хамааралтай эсэх, ажлын зургийг захиалагчийг төлөөлөх эрх бүхий этгээдтэй тохиролцож өөрчилсөн эсэх, ажлыг хэнд хүлээлгэн өгсөн зэрэг үйл баримтыг тодруулах зайлшгүй шаардлагатай байна. /хх46-59/

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэлдүүлж хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/01213 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

                                                   ШҮҮГЧИД                                Д.БАЙГАЛМАА

                                                                                                    А.МӨНХЗУЛ