Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/01494

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ....... тоот хаягт байрлах, М ХХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ........ гудамж, 102 дугаар байр, ... тоот хаягт байрлах, Х ХХК /РД:....../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 69,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, өмгөөлөгч Ж.Д,

Хариуцагчийн төлөөлөгч А.Б, өмгөөлөгч А.З,

Гэрч Э.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 45,000,000 төгрөг, алданги 22,500,000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан төлбөр 2,000,000 төгрөг, нийт 69,500,000 төгрөг нэхэмжилсэн байна.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлолдоо: 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 19/18 дугаартай Д аймгийн Э сумын төвд хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, ул шорооны ажил, хиймэл байгууламжийн ажлыг тус тус батлагдсан зургийн дагуу 5 цэгт хийж гүйцэтгэж тохирсон хөлсөө авах талаар харилцан тохиролцсон болно. Хариуцагчаас тус гэрээний 2 дугаар зүйлд заасан үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл үүргээ гүйцэтгээгүйгээс тус компаниас гэрээний төлбөр 45,000,000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 2,000,000 төгрөгийн зардал гарсан болно. Гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд янз бүрийн шалтаг хэлж сүүлдээ утсаа ч авахгүй болсон. Дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 1-т заасны дагуу тохирсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүйгээс үндсэн үүрэг, алдангийг тооцож үзвэл үндсэн төлбөр 45,000,000 төгрөг мөн тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги 2019 оны 12 дугаар сарын 01-наас өнөөдрийг хүртэл нийт 386 хоногийн алданги 86,850,000 төгрөг. Хуулийн дагуу алданги тооцоолж үзэхэд 22,500,000 төгрөг, дээрх гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу хууль зүйн туслалцаа авсны төлбөр 2,000,000 төгрөг нийт 69,500,00.00 төгрөг болж байгаа болно. Иймд хариуцагч Х ХХК-аас 69,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгохоор шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Х ХХК нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа Нэхэмжлэлийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай Х ХХК болон М ХХК-ын хооронд 2019 оны 10 сарын 07-ны өдөр 19/17 дугаартай нийг 70,000,000 төгрөгийн дүнтэй Д аймгийн Э сумын төвд баригдах ул шороо далангийн ажил гүйцэтгэх гэрээ-г, 2019 оны 10сарын 08-ны өдөр 19/18 дугаартай нийт 90,000,000 төгрөгийн дүнтэй Д аймгийн .... сумын төвд хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ-г мөн 2019 оны 10 сарын 31-ний өдөр 19/17-а дугаартай нийт 18,5 сая төгрөгийн дүнтэй Д аймгийн Э сумын төвд баригдах ул шороо далангийн ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ-г тус тус байгуулан хамтран ажилласан. Дээрх гэрээнүүдийн нийт дүн 178,5 сая төгрөг юм. Х ХХК нь "М " ХХК-иар ажил гүйцэтгүүлэхээр 2019 оны 10 сарын 08-ны өдөр 19/18 дугаартай нийт 90,000,000 төгрөгийн дүнтэй Д аймгийн Э сумын төвд хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний 2.2-р заалтад гэрээний урьдчилгаа төлбөр буюу 50%, 45,000,000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар, 30% буюу 27,000,000 төгрөгийг нийт ажлын 50%-ийг гүйцэтгэж дуусмагц, үлдэгдэл 20% буюу 18,000,000 төгрөгийг нийт ажил 100% гүйцэтгэсний дараа 2 хоногийн дотор захиалагч гүйцэтгэгч талд төлөх болно, Гэрээний 3.1-д зааснаар Захиалагч нь баталгаажуулсан гүйцэтгэлийн баримтыг үндэслэн Гүйцэтгэгчид санхүүжилт олгох үүрэгтэй гэж заасны дагуу Гүйцэтгэгч тал нь ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж зохиогчийн хяналтын дүгнэлт гаргуулж түүнийг үндэслэн ажил хүлээлцэх актад захиалагчаар гарын үсэг зуруулж актаар баталгаажуулж ажлыг хүлээлцсэнээр гэрээний төлбөрийг авах үндэслэл үүснэ. Гэрээний дагуу ажлаа хийж баталгаажуулаагүй бол гэрээг үндэслэн мөнгө нэхэмжлэх үндэслэл болохгүй. Захиалагч болох Д аймгийн засаг даргын тамгын газрыг төлөөлж ЗХ-ЗТХЯ/201901046 тоот гэрээний дагуу зохиогчийн хяналт гүйцэтгэгч К ХХК-ийн зураг төслийн зохиогч инжнер П.Н "М " ХХК нь гүйцэтгэсэн ажилд зохиогчийн хяналтаар 2 удаа буюу 2019 оны 11 сарын 13, 2020 оны 06 сарын 02-ны өдөр хяналтын дүгнэлт хийж барилга угсралтын ажлын чанар, илэрсэн алдаа зөрчил, түүний шалтгаануудыг арилгуулах дүгнэлт гаргасан. Манай компани ажлын гүйцэтгэлийг зохиогчийн хяналтаар баталгаажуулсны дагуу актад гарын үсэг зурж ажлыг 100 хувь хүлээн авсан актаар ажлын гүйцэтгэл баталгаажиж гэрээний төлбөрийг ажлын гүйцэтгэлийн дагуу санхүүжүүлэн шилжүүлэх болно. Тодруулбал: "М " ХХК-ийн гэрээт ажлын гүйцэтгэл дээр барилга угсралтын алдаа зөрчил гаргасан. Өөрөөр хэлбэл "М " ХХК-ийн хийж гүйцэтгэж буй ажлын гүйцэтгэлийг шалгаж хяналт баталгаажуулалт хийх үүрэгтэй К ХХК-ийн 2019 оны 11 сарын 01-ний өдрийн №01 дугаартай мөн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гаргасан №02 дугаартай Зам барилгын ажлын зохиогчийн хяналтын дүгнэлт-д дурдсанаар барилга угсралтын үе шат болон барилга угсралтын ажлын чанар, гүйцэтгэлд алдаа дутагдал, зөрчил гаргасныг илрүүлж, эдгээр зөрчил дутагдлыг арилгуулахаар Зам барилгын ажлын зохиогчийн хяналтын дүгнэлт гарган тус компанийн зүгээс хугацаа олгосон боловч энэхүү алдаа зөрчил дутагдлыг засаж, баталгаажуулах, ажил хүлээлцэх зэрэг гэрээний дагуу үүргээ "М " ХХК биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн нь Монгол улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 346.2-т зааснаар ажлыг хүлээлгэн өгөөгүй тул хөлс нэхэмжлэх эрхгүй юм. Манай компанийн зүгээс М ХХК-ийг ажлын зургийн дагуу ажлыг гүйцэтгэхийг, буруу болон дутуу гүйцэтгэсэн гэрээнд заасан ажлуудыг тохиролцсон хугацаанд гүйцэтгэн албан ёсоор хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардахад М ХХК нь үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсны дараа засварлана гэж ажлаа хойшлуулсан байдалтай байгаа. Түүнчлэн М ХХК нь ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгээгүйтэй холбоотойгоос үүдэж уг зам барилгын ажил удааширч, гэрээт ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг авч чадалгүй. Одоо эдгээр ажлыг дахин хийх болж байгаа. Манай компани маш их хохирол амсаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчээс М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 5/, М ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 001/20-192 тоот хх-ийн 6/, М ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/20.216 тоот хх-ийн 7/, Дорноговь аймгийн Э сумын төвд хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 8-13/, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 14, 15/, зураг /хх-ийн 67-74/, Д аймгийн Э сумын төвд хийгдсэн хиймэл байгууламж, 2 км авто замын ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн акт /хх-ийн 85, 86/, хэвлэмэл зургууд /хх-ийн 87-106/, кадастрын зургууд /хх-ийн 108-119/,

Хариуцагчаас Д аймгийн Э сумын төвд баригдах ул шороо далангийн ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ /хх-ийн 28-31/, Д аймгийн Э сумын төвд баригдах ул шороо далангийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 32-35/, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 36/, М ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хуулбар /хх-ийн 37, 38/, Нэхэмжлэх /хх-ийн 39/, Д аймгийн Э сумын төвд хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 40-45/, Зам барилгын ажлын зохиогчийн хяналтын дүгнэлт /хх-ийн 46-53/, Зам барилгын ажлын зохиогчийн хяналтын дүгнэлт /хх-ийн 54-59/, хэвлэмэл зургууд /хх-ийн 239-246/

Шүүхээс Д аймгийн  газрын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны 2/599 тоот /хх-ийн 129/, хавсралт /хх-ийн 130-135/, Д аймгийн  газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2/782 тоот /хх-ийн 139/, орлогын баримт /хх-ийн 140-143/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 209-227/ зэрэг баримтууд цугларсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Гэрээний дагуу ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн боловч үлдэгдэл ажлын хөлс төлөөгүй гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч ...нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлыг зургийн дагуу цаг хугацаанд нь гүйцэтгээгүй, доголдолтой гүйцэтгэсэн, уг зөрчлөө арилгахыг шаардсан боловч засварлаагүй, ажлаа хүлээлгэн өгөөгүй гэж маргасан.

 

4.Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжилсэн.

 

5.Нэхэмжлэгч М ХХК, хариуцагч Х ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Д аймгийн Э сумын төвд баригдах ул шороо далангийн ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ул шороо далангийн ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ тус тус байгуулагджээ. /хх-ий9-13, 28-35/

 

6.Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Д аймгийн Э сумын төвд хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээгээр бичгээр байгуулсан байх бөгөөд гэрээгээр нэхэмжлэгч нь Д аймгийн Э сумын төвд тавигдах замын ус зайлуулах төмөр бетон 1000мм дугуй хоолойг /хиймэл байгууламжийн ажил/ батлагдсан зургийн дагуу 5 цэгт байршуулах ажлыг 90,000,000 төгрөгөөр гүйцэтгэх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлсийг ажлын гүйцэтгэлийн хувиар хэсэгчлэн төлөх үүрэг тус тус хүлээжээ.

 

7.Гэрээний агуулга, талуудын хүлээсэн үүрэг зэргээр үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хэн аль хүсэл зоригийнхоо дагуу гэрээг байгуулсан учир хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.

 

8.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

9.Гэрээний талууд Д аймгийн Э сумын төвд хиймэл байгууламж, 2 к авто замын ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн акт үйлдэж, актаар гүйцэтгэлийг: ...2019.10.08-ны №19/18 тоот гэрээний дагуу 64м урттай ган хоолойг захиалагч талтай зөвшилцлийн үндсэн дээр чанар стандарт, зураг төслийн дагуу хийж гүйцэтгэн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээлгэн өгөв. Ажил хүлээлгэн өгсөн М ХХК-ийг төлөөлж инженер П.Х, хүлээн авсан Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.А гэж гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажуулсан байна. /хх-ийн 86/

 

10.Харин К ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Зам барилгын ажлын зохиогчийн хяналтын дүгнэлт гаргаж, дүгнэлтэд барилгын угсралтын ажлын чанар, алдаа, зөрчлийн талаар тусгасан байна. /хх-ийн 46-59/

 

11.Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэлийн явцад К ХХК үзэж, шалгаж байсан талаар тайлбарласан. Гэвч уг дүгнэлтийг хариуцагч хэзээ хүлээн авсан талаар баримтгүй, хариуцагч өөрөө тодорхойлж чадахгүй байна.

 

12.Мөн шүүхэд гэрч Э.А...Миний санаж байгаагаар 3 тусдаа акт байсан 2 шорооны актыг болно гэж хүлээж авсан. Хоолойны ажлыг хүлээж авах боломжгүй, К ХХК гэж зохигчийн хувьд хүлээж авахгүй боломжгүй гэдэг үүднээс би хүлээж аваагүй гэж мэдүүлсэн.

 

13.Шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтэд ...Д аймгийн Э сумын төвд хиймэл байгууламж, 2 к авто замын ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн акт гэсэн баримтын хүлээн авсан: Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.А гэсний ард зурагдсан Э.А гэх гарын үсгийн чөлөөт, туршилтын загвартай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирно гэж дүгнэсэн байна.

 

14.Гэрээний 7.4-т гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийг зөвхөн бичгээр үйлдэх бөгөөд эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр гэж тооцогдох ба энэхүү гэрээний салшгүй хэсэг байна гэжээ.

 

15.Гэрч Э.А шүүх хуралдаанд ...Нийт 5 цэгийн ажил хийхээр тохирсон. 3 цэгт 1000 хоолой, 2 цэгт 300 хоолой хийсэн. Тухайн үед шороон далангийн өндөрсөөд байна гэж ярьж тохирч зөвшилцсөн. 300 хоолой хийхийг зөвшөөрсөн гэж мэдүүлсэн.

 

16.Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиалагч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасан шаардлагыг гаргах эрхтэй бөгөөд хариуцагч ажлын үр дүнгийн доголдлын асуудлаар маргаж байгаа боловч энэ талаар ямар шаардлага гаргаж байсан нь нотлогдохгүй байна.

 

17.Дээрхээс дүгнэвэл гэрээнд өөрчлөлт оруулах бол талууд бичгээр үйлдэхээр тохирсон хэдий ч захиалагч талыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс ажлыг харилцан тохиролцсоны дагуу гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлыг актаар хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

 

18.Иймд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, гэрээний 2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ажлын хөлсний үлдэгдэл 45,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

19.Зохигч маргаж буй гэрээний төлбөрийн үлдэгдэл 45,000,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй талаар маргаа тул хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын хөлсний үлдэгдэл 45,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

20.Харин гэрээний үүргээ биелүүлээгүйгээс алданги 22,500,000 төгрөг, учирсан хохирол буюу өмгөөлөгчийн зардалд 2,000,000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй байна.

 

21.Учир нь гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцон хариуцлага хүлээлгэнэ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

 

22.Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлыг гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч 11 дүгээр сарын 05-ны өдөр ажил хүлээлгэн өгсөн нь гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Ийнхүү хугацаа хэтрүүлсэн бол гэрээний дагуу алданги шаардсан нь үндэслэлгүй байна.

 

23.Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219-1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Гэрээгээр тохирсон ажлын хөлс шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргах, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах нь нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрх юм. Гэрээний талуудын хооронд үүссэн маргаанд хууль зүйн туслалцаа авсантай холбоотой гарсан зардал нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд хамаарахгүй. Иймд өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 2,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

24.Иймд хариуцагч Х ХХК-иас 45,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

25.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 382,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу хариуцагч Х ХХК-иас 45,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 382,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР