Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01343

 

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2021/01519 дугаар шийдвэртэй, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нгазарт холбогдох 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 4-129/30239 дугаартай албан бичгийн дагуу явуулсан арга хэмжээг хүчингүй болгуулах, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 19271547/07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон /18130/, Сонсголонгийн зам гудамжны 44-2 тоот хаягт байрших, улсын бүртгэлийн Ү-2201027220 дугаарт бүртгэлтэй 838,17 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээхийг даалгуулах, өмчлөх эрхэнд халдсан хууль бус үйлдлийг таслан зогсоолгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 02255 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар магадлал,Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2018/00635 дугаар тогтоолоор “Б” ХХК-аас 63,006,842 төгрөгийг гаргуулж “Жэни ойл Шейл Монголиа” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нгазар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тус компанийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201027220 дугаарт бүртгэлтэй 838.17 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Манай компани “Жэни ойл Шейл Монголиа” ХХК-д 2020 оны 08 дугаар сард 45,000,000 төгрөг төлөөд эвлэрсэн. “Жэни ойл Шейл Монголиа” ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Нгазарт “Б” ХХК-тай эвлэрсэн учир шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг гаргасан.

Хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор дуусгавар болсон байдаг.

Мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг сэргээх тухай хүсэлт гаргахад шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч нь “Жэни ойл Шейл Монголиа” ХХК-тай холбоотой ажиллагаа дуусгавар болсон байгаа хэдий ч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичигт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гуравдагч этгээдийн өмчлөлд буй хөрөнгөөс төлбөр гаргуулахаар заагаагүй байгаа учир танай компанийн өмчлөх эрхийг сэргээх боломжгүй гэсэн хариу өгсөн.

"Б" ХХК нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тайлбарыг эс зөвшөөрөөд Нерөнхий газарт гомдол гаргасан. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дээрх гомдолд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүсийн 960 тоот хаягт байрлах 900 м.кв талбайтай сууц, гараашийн зориулалттай барилга, 200 м.кв талбайтай газар зэргийг барьцаалсан боловч уг хөрөнгүүдэд үнэлгээ тогтоогоогүй, төлбөрийн шаардлагыг хангах эсэх нь тодорхойгүй байгаа учраас өмчлөх эрхийг сэргээх боломжгүй байна гэсэн хариу өгсөн учир "Б" ХХК нь өмчлөх эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэгэнт талууд эвлэрээд ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон учир "Б" ХХК-ийн өмчлөх эрхтэй холбоотой захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүй болгох ёстой. Ийм байхад хариуцагч нь дээрх ажиллагааг хийлгүй “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д өр төлбөртэй байна, барьцаалсан хөрөнгийн үнэлгээ тодорхойгүй, шаардлага хангахгүй байна гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр өмчлөх эрхийг сэргээхгүй, татгалзаж байгаа.

"Б" ХХК нь "Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд эвлэрсэн байдаг. Шүүхээс эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ба талууд тодорхой графикийн дагуу төлбөрийг төлөхөөр тохирсон боловч цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч "Б" ХХК-ийн үйл ажиллагаа доголдсон учир төлбөрөө зохих хугацаанд нь төлж чадаагүй.

"Б" ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахаас өмнө "Худалдаа хөгжлийн банк" ХХК-д 75,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэх 262,891,000 төгрөг дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахаар болсон. "Худалдаа хөгжлийн банк" ХХК болон "Б" ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 давхар амины орон сууц, түүний доор байрлах гарааш, газрыг барьцаалсан. Энэ барьцааны гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Өөрөөр хэлбэл, барьцаанд байгаа хөрөнгөөс үлдэх 262,891,000 төгрөгийг хангуулах бүрэн боломжтой.

Манай өмчлөлд буй 44-2 тоотод байрлах барилга бол зах зээлийн ханшаар 2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. 337,000,000 төгрөгийн гүйцэтгэх хуудастай ажиллагаан дээр 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий барилгыг битүүмжлэх ажиллагаа явуулсан нь өмчлөгчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд "Худалдаа хөгжлийн банк" ХХК-д холбогдох 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 01451 дугаартай захирамжийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдсэний 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хийгдсэн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгуулах, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах, өмчлөх эрхийг сэргээх буюу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01451 захирамжид барьцаа хөрөнгө болох Д.Оюуболд, С.Дэлгэрдорж, В.Алтантуяа нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205027047 дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн өмчлөх эрхийн 18547 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо үйлдвэрийн төвийн бүс 160 тоот хаягт байрлах 900 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай барилга, 200 м.кв талбайтай газрыг барьцаалсан болно гэж заасан боловч шүүгч захирамжлахдаа барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулахгүйгээр хэсэгчлэн төлүүлэх буюу 2016 оны 02 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар хүртэл сар бүр 1,000,000 төгрөг, 2016 оны 2,3,4 дүгээр улиралд сар бүрийн сүүлчийн хоногт 20,000,000 төгрөг, үлдэх 265,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж тохирсон талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн.

Шүүхээс барьцаа хөрөнгөд ажиллагаа явуулах талаар арга замыг зааж өгөөгүй учраас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 4-129/30239 тоот албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст "Б" ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201027220 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон 18130, Сонсголонгийн зам гудамж, 44-2 тоотод байрлах, 828.17 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч Д.Оюунболдтой 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр уулзахад тэрээр манай компани 2019 ондоо 60,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Үлдэх 200,000,000 төгрөгийг 2020 онд бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбар гаргасан. Гэвч төлбөр төлөгч нь тохирсон хугацаандаа нэг ч төгрөг төлөлгүй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхээс зайлсхийсэн учир төлбөр төлөгч этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэн хамгаалах зорилгоор 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Ийнхүү эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх явцад буюу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлбөр төлөгч Д.Оюунболд нь өөрөө шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд байлцсан бөгөөд хариуцагчийн үйл ажиллагааг мэдэж байсан атлаа ахлах шийдвэр гүйцэтгэгчид 7 хоногийн дотор гомдол гаргаагүй.

2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01451 дугаар захирамжид 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүх өр төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэж заасан байдаг. Гэтэл төлбөр төлөгч нь одоог хүртэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байгаа юм. Дээрх 01451 дугаартай шүүгчийн захирамжид төлбөрийг төлөөгүй тохиолдолд ямар арга хэмжээ авахыг зааж өгөөгүй учир төлбөр төлөгчийн өмчлөл рүү халдахаас өөр аргагүй байдалд хүргэсэн. Төлбөр төлөгчийн барьцаалсан хөрөнгө нь гуравдагч этгээдийн хөрөнгө байгаа учир төлбөр төлөгчийн өөрийнх нь бүртгэл дээрх хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Нэхэмжлэгчийн эрхэнд халдаж, түүний эд хөрөнгийг хураан авч, худалдан борлуулах ажиллагаа хийгээгүй байгаа бөгөөд зөвхөн хөрөнгийг нь хамгаалах ажиллагаа хийсэн. 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд авагдсанаар эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанд төлбөр төлөгч Д.Оюунболд байлцсан нь тогтоогддог.

Иймд нэхэмжлэгч хууль ёсны дагуу гомдлоо гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан Нгазарт холбогдох 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 4-129/30239 дугаартай албан бичгийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээг хүчингүй болгуулах, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 19271547/07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон /18130/, Сонсголонгийн зам гудамжны 44-2 тоот хаягт байршилтай Ү-2201027220 дугаарт бүртгэлтэй албан конторын зориулалттай 838,17 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээхийг даалгах, өмчлөх эрхэнд халдсан хууль бус үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нгазраас Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/3064 тоотоор “Б”ХХК-ны өмчлөлийн Ү-2201027220 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж, 44-2 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх ажиллагааны дагуу Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 245 дугаар тоот албан бичгийн дагуу үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байдаг. Төлбөр авагч болон төлөгч нар хоорондоо эвлэрч 45,000,000 төгрөг төлж ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2-9/704 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болчихоод байхад манай компанийн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн арга хэмжээг хүчингүй болгохгүй байсан. Хариуцагчаас танай компани өөр компанид өртэй учраас захиран зарцуулах эрхийг сэргээхгүй гэж хариу өгдөг. Гэтэл хуульд өөр компанид өртэй бол захиран зарцуулах эрхийг сэргээхгүй гэсэн зохицуулалт байхгүй учир өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хууль бусаар саад учруулсан. Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч тал уг ажиллагаанд гомдол гаргасан гэж үзэх үндэслэлгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай компани “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д 337,981,298 төгрөг төлөхөөс одоо 262,891,527 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ үлдэгдлийг төлж дуусгах арга хэмжээ авахын тулд компанийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэн зээл авч төлөхөөс өөр боломжгүй болсон. Биднийг өр төлбөрийг төлөх арга хэмжээ аваагүй гээд байдаг. Хэрэв үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг чөлөөлөөд өгсөн бол бид өнөөдөр төлбөрөө төлөөд дуусгачихсан байх байсан.

Нгазрын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 4-129/30239 албан бичгийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс Манай компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201027220 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж, 44-2 тоотод байрлах, 838.17 м.кв талбайтай албан конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болохыг мэдсэн. Хариуцагч нь тухайн үед албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хязгаарласан талаар манай компанид мэдэгдээгүй.

Төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлээд, энэ талаар улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхээр заасан байгааг зөрчсөн нь өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулах эрхийг ноцтой зөрчсөн болно.

Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагаас хэтэрч 2 тэр бум гаруй төгрөгийн 3 давхар үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх эрхийг хариуцагч байгууллагад олгоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Нгазарт холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 4-129/30239 албан бичгээр явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам гудамжны 44 дүгээр гудамжны 2 тоот хаягт байрших, улсын бүртгэлийн Ү-2201027220 дугаарт бүртгэлтэй 838,17 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхэд халдсан хууль бус ажиллагааг зогсоолгох, өмчлөх эрхийг сэргээхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/02255 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2018/00635 дугаар тогтоолоор “Б” ХХК-иас 63,006,842 төгрөгийг гаргуулж “Жени ойл Шэйл Монголиа” ХХК-д олгож шийдвэрлэснийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/13211 дугаар захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нгазар нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 19270099 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх150-174/

 

Нгазар нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 19270099 тоот тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/3064 тоот албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст төлбөр төлөгч “Б” ХХК-ийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам гудамжны 44 дүгээр гудамжны 2 тоот хаягт байрших, улсын бүртгэлийн Ү-2201027220 дугаарт бүртгэлтэй 838,17 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг мэдэгдсэн /хх185/ ба уг мэдэгдлийн дагуу тус байгууллагаас 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 245 дугаар албан бичгээр эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай хариу мэдэгдлийг хүргүүлжээ. /хх190/

 

“Жени ойл Шэйл Монголиа” ХХК нь Нгазарт 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10/21 тоот албан бичгээр “Б” ХХК нь дээрх шийдвэрийн дагуу 45,000,000 төгрөгийг төлсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийг ирүүлсэн ба хариуцагч байгууллагаас тус албан бичгийг үндэслэж, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2-9/704 тоот тогтоолоор 19270099 тоот тогтоолоор үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. /хх76, 77/

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/01451 дугаар захирамжаар “Б” ХХК-аас 337,981,298 төгрөг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгож, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 184/ГХ2019/00187 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нгазар 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 19271547 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх18-21, 43, 48/

 

Уг захирамжид барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагаагүй тул Нгазар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Наймдугаар бүлэг “Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах”-т заасан дарааллын дагуу ажиллагааг явуулах учиртай. Иймд 102/ШШ2016/01451 дугаар захирамжид барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагаагүй тул “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай байгуулсан зээлийн барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 

Хариуцагч байгууллага нь 19271547 тоот тогтоолын дагуу явуулж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 4-129/30239 дугаар албан бичгээр төлбөр төлөгчийн өмчлөлийн дээрх 838,17 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдсэн /хх58/ ба уг мэдэгдлийн дагуу тус байгууллагаас 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1702 дугаар албан бичгээр “нгазрын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/3064 тоот албан бичгээр эд хөрөнгийн захиран зарцуулах төлбөр төлөгчийн эрхийг түдгэлзүүлсэн байгаа” гэсэн хариу ирүүлсэн /хх 61/ тул 19271547 тоот тогтоолын дагуу явуулж буй ажиллагааны дагуу төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулах эхийг түдгэлзүүлсэн гэж үзнэ.

 

19270099 тоот тогтоолын дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон нь 19271547 тоот тогтоолын дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарахгүй юм.

 

Нгазар нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 19271547/07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор уг 838,17 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа хууль зөрчөөгүй байна. /хх67, 78-83/ Учир нь хариуцагч байгууллага нь төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, хөдлөх эд хөрөнгөнд ажиллагаа явуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Нгазрын ажиллагаа хуульд заасан зохих дараалал, журмын дагуу явагдаж байгаа талаар зөв дүгнэж “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний хувьд алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ. Учир нь төлбөр төлөгчөөс хариуцагч байгууллагад холбогдуулан гаргах нэхэмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар шүүх шийдвэрлэх учиртай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж зааснаар шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2021/01519 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “122 дугаар зүйлийн 122.1-д” гэснийг “44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА