Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01294

 

 

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01294

 

“Б ЛТД” компанийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/01305 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Б ЛТД” компанийн нэхэмжлэлтэй хариуцагч “Ж” ХХК, ТӨБЗГ, Д.Л , Л.У нарт холбогдох

Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах ашиглалтын 311-А, 456-А, 015-А тусгай зөвшөөрөлтэй алт олборлох талбайд ашигт малтмалын олборлолт, нөхөн сэргээлт, бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох, талбай, уурхайг чөлөөлүүлэхийг даалгах, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн байрыг чөлөөлүүлэх, “Б ЛТД” компани Бүгд Найрамдах Болгар Улсын төрийн мэдлийн 50 хувийн хувьцааг өмчлөх, эзэмших эрх залгамжлагч болохыг тогтоолгох, Д.Л БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ж” ХХК, БНХАУ-ын иргэн Кан Жи Жү, Мүн Жи Мин нарын байгуулсан компанийн захирал эсэх, Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдсан “Ж” ХХК-ийн захирал эсэхийг тогтоолгох, шинээр үүсгэн байгуулагдсан компани БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ж” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөх, эзэмших эрх залгамжлагч эсэх хувьцааг хэрхэн шилжүүлснийг тогтоолгох хүртэл “М” ХХК-ийн захирал Л.П-д 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр түр хураах тэмдэглэл хөтлөх, хураалгасан баримт бичиг, эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгах, “М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны өмчлөгч БНБУ-ын хуулийн этгээд “Б ЛТД” компани болохыг тогтоолгох, “М” ХХК-ийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад хууль бусаар саад учруулахгүй байхыг “Ж” ХХК болон захирал Д.Л нарт даалгах, 2012-2015 оны үйл ажиллагааны орлогын тайланг гаргаж өгөхийг “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Л д даалгах, “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.П мөн болохыг тогтоолгох, “М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ц.Б-ийг томилсон болон бусад асуудлыг шийдвэрлэсэн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Б ЛТД” компани болон “Б ЕАД” нарын хооронд байгуулсан дампуурлаа зарласан “Б ЕАД”-ийн үйлдвэрийг хөрөнгийн эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээний “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П түүний өмгөөлөгч Ш.Б , хариуцагч Д.Л , хариуцагч Д.Л гийн өмгөөлөгч Б.М , хариуцагч “Ж” ХХК-ийн өмгөөлөгч С.Б , хариуцагч ТӨБЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Б ЕАД” үйлдвэрийн эрх хүлээн авагч Х.И.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах 311-А, 456-А, 015-А тусгай зөвшөөрөл бүхий алт олборлох талбайд эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шүүхийн шийдвэргүйгээр ашигт малтмалын олборлолт, нөхөн сэргээлтийн болон бусад холбогдох үйл ажиллагаа явуулахыг хориглох, тухайн талбай, уурхайг чөлөөлүүлэхийг “Ж” ХХК, Д.Л нарт даалгах,

“М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны өмчлөгч Бүгд Найрамдах Болгар Улсын хуулийн этгээд “Б ЛТД” компани мөн болохыг тогтоолгох, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад саад учруулахгүй байхыг ”Ж” ХХК, гүйцэтгэх захирал Д.Л д даалгах,

2012-2015 оны үйл ажиллагааны орлогын тайланг гаргаж өгөхийг “Ж” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Д.Л д даалгах, “М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Ц.Б-ийг томилсон болон бусад асуудлыг шийдвэрлэсэн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн 5 шаардлагаа дэмжиж бусад шаардлагаа татан авч, хариуцагч Д.У-аас татгалзаж байна.

Монгол-Болгар улсууд 1979 оны хамтарсан үйлдвэр байгуулан, 1980 оноос алт олборлож эхэлсэн. Баянхонгор аймгийн хүдрийн бүсэд 8000 метр квадрат талбайд хайгуулын ажил хийсэн. Болгар улстай 1984 оны 7 дугаар сараас эхлээд алтны шороон ордод 1990 он дуустал ажилласан.

Хамтран ажиллаж байх хугацаандаа Болгар улс бүх хайгуулын тоног төхөөрөмжийг гаргаад 51.5 хувийг, Монгол улс 48.5 хувийг эзэмшиж байсан. Төрийн өмчийн хорооны дарга байсан н.Хонгор бид хоёр их үүрэг гүйцэтгэж бүх татвараас чөлөөлсөн. Хувьчлагдаж байхад 4 хятад ирээд хурлаа хийсэн. Дандаа хууль бус аргаар явж байсан.

Болгар, Хятад улсууд хамтран ажиллаад, Болгар улсын шүүхийн асуудал шийдэгдэгдсний дараа гэрээнд гарын үсэг зурж, хурлаа хийнэ гэж байсан. Хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй учраас хувийн хөрөнгөөрөө зээл аваад алтны үйл ажиллагааг явуулсан.

Зээл аваад ажиллаж байхад дундуур “Ж” ХХК алтыг дээрэмдээд авсан. Сонгинохайрхан дүүргийн шүүхэд бичиг баримтыг өгье, хоёр компани хурлаа хийтэл хадгалж байна гэж хэлээд маргааш нь Д.Л д өгсөн. Улсын бүртгэлд “Б ЛТД” компанийг бүртгүүлээд хурал хийе гэхэд Л.У Бээжин хот руу яваад энэ хүмүүстэй битгий уулзуулаарай гэж хэлсэн байдаг. Ийм байдлаар хурлыг хийлгээгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч “Ж” ХХК болон Д.Л нар сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б ЛТД” ХХК улсын бүртгэлд бүртгэлгүй, албан ёсны гэрчилгээгүй, эрхгүй субъект юм. Нэхэмжлэгч талын гаргаж байгаа хууль зүйн үндэслэл нь ямар нь боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Ж” ХХК хуулийн дагуу Монгол-Болгарын хамтарсан “М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч юм.

Харин “Б ЛТД” ХХК энэ хамтарсан компанид хамааралгүй. Тиймээс бид хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлан хуралдуулах албан бичгийг удаа дараа Болгар талын 50 хувийг эзэмшигч “Б” ЕАД компанийн төлөөлөгч Х.И.С-д бичгээр уламжилсан. Түүнээс бидэнтэй ямар ч хамааралгүй “М ЛТД” -д мэдэгдэх үүрэггүй учраас мэдэгдээгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Б” ЕАД улсын нэгдэл болон “Б” ЛТД компанийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хууль зөрчиж байгуулсан хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

“М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг Төрийн өмчийн хорооноос зарласан тухайн үеийн нээлттэй дуудлага худалдааны дагуу “Ж” ХХК 2011 оны 11 дүгээр сард худалдан авсан. Төрийн өмчийн хороо дуудлага худалдаа зарлахаас өмнө “М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Бүгд Найрмадах Болгар Улсын “Б” ЕАД улсын үйлдвэрийн газарт худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэх зорилгоор санал хүргүүлсэн боловч татгалзсан хариу ирүүлсэн байдаг.

Иймд дуудлага худалдаа зохион байгуулагдсанаар “М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Ж” ХХК болсон. “Б” ЕАД компанийг эд хөрөнгө, эрхийн багцын хамт худалдах-худалдан авах гэрээг 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулахаас өмнө “М” ХХК-ийн 50 хувийг тэргүүн ээлжид худалдан авах саналыг “Ж” ХХК-д бичгээр мэдэгдээгүй.

“М” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх үйл явц Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу явагдах ёстой. Мөн Болгар улсын “Б” ЕАД улсын үйлдвэрийн газар Монгол улсад үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа аж ахуйн нэгжийг дампуурлын жагсаалтад оруулсан нь тодорхой байна. Хэрэв дампуурсан бол эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээнд дахин хөрөнгөжүүлэх асуудал яригдах юм.

Иймд 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Б ЛТД” компани болон “Б” ЕАД компаниудын хооронд байгуулсан, дампуурлаа зарласан “Б” ЕАД /Д/ үйлдвэрийг хөрөнгийн эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээний “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ТӨБЗГ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн аливаа асуудал хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр, Компанийн тухай хууль, “М” ХХК-ийн дүрмийн хүрээнд явагдана. “Б” ЕАД улсын үйлдвэрийн нэгдэл  Болгарын Засгийн газрын эрх бүхий төлөөлөгчийн зөвшөөрлөөр Болгарын Засгийн газраас эсвэл Сангийн яамнаас албан ёсоор төлөөлөгч томилж ирүүлэх ёстой.

Болгар улсын ямар нэгэн шүүхээр “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдах, хэн нэгэнд шилжүүлэх эрх байхгүй. Хэрвээ Болгарын Засгийн газар “Б” ЕАД улсын үйлдвэрийн нэгдлийг татан буулгаад, дампууруулаад “Б” ХХК гэж шүүхээр байгуулаад, эрхийг нь шилжүүлж байгаа бол “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмших эрхийг Засгийн газар нь “Б” ХХК-д төлөөлж, эзэмшинэ гэдгийг албан ёсоор тодорхойлох юм.

“М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг Болгарын шүүхээр эзэмшүүлэх хувьцаа биш, Монголын тал 50 хувийн хувьцаагаа Төрийн өмчийн хороо эсхүл Сангийн яаманд шилжүүлэхэд заавал Засгийн газрын шийдвэр гардаг. Бид 50 хувийн хувьцааг худалдахдаа УИХ, Засгийн газраас шийдвэр гаргуулаад, Болгар Улсын талд албан ёсоор санал болгоод, худалдаж авахгүй учраас дуудлага худалдаагаар худалдсан. Дуудлага худалдаанд БНХАУ-ын “Ж” ХХК ялж, хувьчлал ямар нэгэн асуудалгүй явагдсан.

Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны төлөөлөгчийг тухайн эрхийг хэрэгжүүлэгч томилдог. Монгол-Болгарын хамтран байгуулсан “М” ХХК татан буугдаагүй. Мөн Болгар Улсын Засгийн газар өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцаагаа худалдахаар бол Монгол талын 50 хувийн хувьцааг хуулийн дагуу авсан “Ж” ХХК-д мэдэгдэх үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хэрэг гүйцэтгэгч С.Х.И-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нэхэмжлэгч, “Б” ХХК-ийн хувьцааг эзэмших эрхгүй гэдэг маргаан нь үндэслэлгүй. “Б” ХХК хоёр орны Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу 50,50 хувьцааг эзэмших, хөрөнгө оруулалт хийж хуулийн этгээдийг байгуулж, үүний дагуу Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байсан.

“М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч “Б” ЕАД үйлдвэрийн газар төрийн өмчит үйлдвэрийн газар байсан. Энэ компани 1996 онд төлбөрийн чадваргүй болсон тул дампуурлын хэрэг үүссэн. Төлбөрийн чадваргүй болсон буюу дампуурлын үйл ажиллагаа Болгар улсын хуулиар явагдсан.

1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тус компани төлбөрийн чадваргүй болсныг Софи хотын шүүхийн шийдвэрийн ”Тогтоох” хэсгийн IV-3 иргэний 44/2000 дугаартай хэргээр тогтоосон. Энэ компанийн төлбөрийн чадвар дээрдээгүй учраас 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн N-46 шийдвэрээр 2406/2009 дугаартай дампуурлын хэрэг үүсгэсэн. Төлбөрийн чадваргүй болсон ЕАД компани өөрийн эзэмшлийн “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдах тухайгаа Монгол улсын 1995 оны Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.6 дах хэсэгт заасны дагуу Монгол улсын Төрийн өмчийн хороонд худалдах саналаа бичгээр ирүүлж, хариу “татгалзсан” баримтаа бичгээр явуулсан байдаг.

Төрийн өмчийн хороо ийнхүү татгалзсан бичгээр мэдэгдсэн нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэгт заасан эрхээсээ татгалзсан. Төрийн өмчийн хороо 50 хувийн хувьцаа эзэмшиж байгаагийн хувьд тэргүүн ээлжинд хувьцааг худалдан авах эрхээсээ татгалзаж, алдсан.

Ийм эрхээ алдсан учраас “Ж” ХХК-тай өөрийнхөө хувьцааг худалдах үедээ бид хувьцаа худалдаж авах эрхээ алдсан гэдгийг мэдэгдэх ёстой байсан. Ийнхүү эхний эзэмшигч шаардах эрхээ алдсан бол дараагийн эзэмшигчид шаардах эрх үүсэхгүй. “Ж” ХХК, “Б” ЕАД компанийг өөрийх хувьцаагаа худалдсан бол манайд мэдэгдэх үүрэгтэй гэсэн маргаан хууль зүйн үндэслэлгүй.

Болгар улсын Софи хотын шүүхийн шийдвэрээр дамдуурлын шатандаа энэ хуулийн этгээдийг нэгтгэж байгаад компанийг худалдсан. 50 хувийн хувьцааг “Б” ЕАД компани, “Б” ЛТД комданид худалдаагүй. Болгарын шүүхийн шийдвэрээр дампуурлын шатанд худалдаад авсан гэдгийг тодорхойлсон байхад хувьцаа худалдаж авсан гэж гуйвуулан ярьж байгаа нь үндэслэлгүй.

“Б” ЕАД компанийг дампуурсан гэсэн шүүхийн шийдвэр гараагүй. Дахин хөрөнгөжих шатандаа явж байсан үед авсан. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2019/00806 дугаар тогтоолд Болгар улсын үйлдвэрийн нэгтгэл тус улсын 2010 оны 46 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцогдож, дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж дурдсан. Эрх хүлээн авагч дампуурлаа зарласан ЕАД үйлдвэрийн хувьцааг ЛТД компанид 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн гэдгийг дүгнэсэн байхад шүүхэд маргаж байгаа нь үндэслэлгүй. Үйлдвэрийн газар хувьцааг биш ЕАД үйлдвэрийн газар бүхэлдээ ЛТД руу шилжиж очсон. Иймээс “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн, хууль ёсных мөн юм гэдгийг тайлбарлаж оролцож байна.

Эрх зүйн маргааныг шийдвэрлэхэд хэргийн харьяалал, шүүхийн харьяалал гэж байдаг. Болгар улсын хоёр хуулийн этгээд хоорондоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүхийн шатанд, шүүхийн оролцоотой хийгдсэн хэлэлцээрийг энд байж байгаа гэрээний тал биш этгээд Монголын шүүхээр хүчингүй болгуулна гэж байгаа нь шүүхийн харьяалал биш юм.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага худалдах-худалдах авах гэрээгээр “М” ХХК-д холбогдох хэсэг гэж байгаа. Гэрээний тэр заалт харилцааг зохицуулсан үр дагавар байхгүй. Байгаа хөрөнгийг жагсаасан. Аливаа этгээдийн үзэгнээс эхлээд бүх зүйл өөрийн үнэтэй байдаг. Ямарваа нэгэн зүйлийг шилжүүлж байгаа бол үнэлж шилжүүлдэг. Хариуцагч талд ямар шаардах эрх байгаа юм. Манай талд санал болгох ёстой байсан гэдэг. Энэ заалт ямар нэгэн харилцаа зохицуулсан заалт биш учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Б ЛТД” компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ж” ХХК, ТӨБЗГ, Д.Л д холбогдох үндсэн нэхэмжлэл, хариуцагч “Ж” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн байрыг чөлөөлүүлэх, “Б ЛТД” компани Бүгд Найрамдах Болгар Улсын төрийн мэдлийн 50 хувийн хувьцааг өмчлөх, эзэмших эрх залгамжлагч болохыг тогтоолгох, Л.Л БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ж” ХХК, БНХАУ-ын иргэн Кан Жи Жү, Мүн Жи Мин нарын байгуулсан компанийн захирал эсэх, Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдсан “Ж” ХХК-ийн захирал  эсэхийг тогтоолгох, Шинээр үүсгэн байгуулагдсан компани БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ж” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөх, эзэмших эрх залгамжлагч эсэх хувьцааг хэрхэн шилжүүлснийг тогтоолгох хүртэл “М” ХХК-ийн захирал Л.П-д 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр түр хураах тэмдэглэл хөтлөх, хураалгасан баримт бичиг, эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэлээ татан авч, хариуцагч Л.У ад холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420 800 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 280 800 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх, шүүхийн шийдвэрийн агуулгыг танилцуулсан боловч шүүхийн шийдвэрийн үндэслэлийнхээ агуулгыг огт тайлбарлан танилцуулахгүй шүүх хуралдааныг хаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т заасныг зөрчсөн ба шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг огт тайлбарлан танилцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн шүүх зохигчдын огт маргаагүй асуудлаар буюу “Б” ХХК-ийн үүсгэн байгуулсан түүх, улсын бүртгэлд хэрхэн бүртгүүлсэн, хэрхэн алт олборлодог, тусгай зөвшөөрөлтэй эсэх, компанийн нэр, эрх зүйн байдал хэрхэн өөрчлөгдсөн, Монгол Улсын Засгийн газар тус компанийн хувьцааны 50 хувийн өөрийн өмчлөлийг хэрхэн захиран зарцуулсан, хэн худалдан авсан, хувьцааны үнэ ямар байсан, дуудлага худалдаа хэрхэн явагдсан зэрэгт дүгнэлт хийж, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй үйл баримтыг дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, нотлох баримтыг илт буруу үнэлж, санаатайгаар нэг талыг барьсан илт хууль бус дүгнэлт хийжээ.

Тухайлбал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “Софи хотын шүүх “Б ЕАД” компанийг дампууруулсан, дампуурлыг зарласан шүүхийн шийдвэр гарсан гэх агуулгатай тайлбар огт хийгээгүй, ийм агуулгыг төсөөтэй ч яриагүй байхад шийдвэртээ “Б ЕАД” компанийг дампуурсан гэх Софи хотын шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй” гэж дүгнэсэн нь шүүх эрх мэдлээ гуйвуулсан, санаатай хууль бус үйлдэл байна.

Монголболгаргео үйлдвэрийн газрыг “М” ХХК болгон өөрчлөн байгуулах 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээний 3, 4, 6 дугаар зүйл, дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3, 4.3.1, 4.3.2, 8 дугаар зүйлийн 8.3, 11 дүгээр зүйлийн 11.2, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн болно.

Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Болгоргеомин ЛТД нь шаардлага гаргах эрхгүй этгээд гэж дүгнэсэн учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох гэрээ нь Болгар Улсын шүүхийн дампуурлын хэргийн дагуу байгуулагдсан мөн Болгар Улсын хуулийн этгээд хооронд хийсэн гэрээ байхад Монгол Улсын шүүх өөрийн харъяаллын бус хэрэг маргааныг шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байсан.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2019/00806 дугаар тогтоолд ч "...эрх хүлээн авагч нь дампуурлаа зарласан Болгаргеомин ЕАД үйлдвэрийн хувьцааг Болгаргеомин ЛТД компанид 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн байна” хэмээн үнэлэлт, дүгнэлт өгсөн байгаа ба энэхүү тогтоол нь одоо хүчин төгөлдөр байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Х.И.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд “Төлбөрийн чадваргүй болсон “Б” ЕАД /Д/ компани нь өөрийн эзэмшлийн “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдах тухайгаа Компанийн тухай хуулийн /1999 оны/ 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.6-д заасны дагуу 2007 онд Монгол Улсын Төрийн өмчийн хороо /тухайн үед үлдсэн 50 хувийн хувьцааг эзэмшиж байсан/-д мэдэгдсэн бөгөөд тэрээр хувьцааг худалдан авахаас татгалзсан” тул Төрийн өмчийн хороо Компанийн тухай хуулийн /1999 оны/ 5 дугаар зүйлийн 5.3-т заасан эрхээсээ татгалзсан талаар нотлох баримтаар нотлосон байхад үүнд дүгнэлт хийгээгүй байна.

Мөн Төрийн өмчийн хороо нь 50 хувийн хувьцаа эзэмшигчийнхээ хувьд эдлэх “тэргүүн ээлжинд худалдан авах эрх”-ээсээ татгалзсан бол энэхүү эрхээ алдсан, ийм эрх үүсэхгүй болох тухайгаа “Ж” ХХК-д хувьцааг шилжүүлэх үедээ мэдэгдэх үүрэгтэй талаар маргасан байхад анхан шатны шүүх энэ үйл баримтад эрх зүйн болон нотолгооны талаар, эхний өмчлөгч шаардах эрхээ алдсан бол дараагийн өмчлөгч шаардах эрх эдлэхгүй байх эрх зүйн зарчимтай буюу “Ж” ХХК шаардах эрхээ алдсан хувьцаа худалдан авсан дараагийн эзэмшигчийн хувьд “хувьцааг тэргүүн ээлжин”-д өөртөө зарахыг шаардах эрхгүй талаар гуравдагч этгээдээс маргасан байхад уг маргасан үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй.

Компанийн тухай хуульд шаардах эрхээ алдсан хувьцаа эзэмшигч хувьцааны эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд нөгөө тал шинэ хувьцаа эзэмшигчид хувьцааг худалдан авах тухай саналаа гаргахыг үүрэг болгоогүй болно. Энд “иргэн, хуулийн этгээдэд хуулиар хориглоогүй бол зөвшөөрнө” гэдэг эрх зүйн зарчим үйлчилнэ гэдэгт дүгнэлт өгсөнгүй, анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн /1999 оны/ 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг тайлбарлаж хэрэглээгүй, Төрийн өмчийн хороонд “Б” ЕАД хувьцаа худалдах саналаа гаргасан атлаа “Ж” ХХК-д уг саналаа гаргаагүй хууль зөрчсөн гэж анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь илт хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу өөрчлөлт оруулан Болгаргеомин ЛТД компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Анхан шатны шүүхийн шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэлээ огт танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т заасныг зөрчсөн. Шүүгч нотлох баримтыг илт буруу үнэлж, санаатайгаар нэг талыг барьсан, илт хууль бус дүгнэлт хийсэн. Тухайлбал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Б ЕАД”-ийн дампуурлын шатанд явагдсан үйл ажиллагаа гэж дахин дахин тайлбарласанд “дүгнэлт огт өгөөгүй” атлаа, Софи хотын шүүх “Б ЕАД”-ийг дампууруулсан, дампуурлыг зарласан шүүхийн шийдвэр гарсан гэх агуулгатай тайлбар огт хийгээгүй байхад шийдвэртээ "Б-ийг дампуурсан гэх Софи хотын шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй ” гэж дүгнэсэн нь санаатай тайлбарыг илт гуйвуулан нэг талыг баримталж шийдвэрлэсэн хууль бус байна.

Бүгд Найрамдах Болгар Улсын Софи хотын шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Арилжааны албаны V1-9 шүүгчийн бүрэлдхүүнтэй, Арилжааны хэрэг 335/2005 дугаартай шийдвэр, бусад шийдвэрийг тус шүүхээс албан ёсоор ирүүлсэн Монгол Улсын шүүхэд ирүүлсэн. Софи хотын шүүх “Б ЕАД”-ийг дампууруулаагүй, тус компани дампуураагүй талаар эрх хүлээн авагч Х.И.С шүүхэд бичгаар тайлбараа ирүүлсэн. Дампуурлын хэргийг явуулах процессийн шатанд тус улсын үйлдвэрийн нэгтгэлийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээгээр “Б ЛТД” компанид шилжүүлсэн талаарх шүүхийн шийдвэрийг ирүүлсэн. Дээрх Софи хотын шүүхийн шийдвэрт худалдах-худалдан авах гэрээ байгуулж, “Б ЕАД”-ийн эд хөрөнгийг эрхийн багцын хамтаар шилжүүлсэн талаар тодорхой дурдсан байгаа. Энэ гэрээ нь хувьцаа “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдсан гэрээ огт биш юм.

“Дамлуурлаа зарласан “Б” ЕАД /Д/ үйлдвэрийн худалдах-худалдан авах гэрээнд “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдсан агуулгатай заалт огт байхгүй байхад гэрээний зохицуулсан зүйл, харилцааг бүхэлд нь агуулгаар нь авч тайлбарлахгүйгээр, гэрээний зөвхөн нэг заалтыг шүүгч Г.Ариунаа хариуцагч нарт зориулж ашигтайгаар, өөрийнхөөрөө Болгаргеомин ЕАД”-ийг өөрийн эзэмшлийн “М” ХХК-ийн 50 хувийгаа “Б ЛТД” компанид худалдсан” гэж тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн ба эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж байна.

Гэрээний талууд нь байгуулсан гэрээний агуулгыг тайлбарлах эрхтэй бөгөөд талууд хоорондоо маргаагүй байхад уг гэрээг хянаж дампуурлын хэргийг шийдвэрлэх шатанд шийдвэрлэсэн шүүх нь дүгнэлт өгсөн байхад өөр шүүх өөрийнхөөрөө тайлбарлах эрх зүйн боломж байхгүй ба энэ нь илт санаатай алдаа гэж үзэхээр байна. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2019/00806 дугаар тогтоолд “...эрх хүлээн авагч нь дампуурлаа зарласан Б ЕАД үйлдвэрийн хувьцааг Б ЛТД компанид 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн байна” хэмээн үнэлэлт, дүгнэлт өгсөн байгаа ба энэхүү тогтоол нь одоо хүчин төгөлдөр байгааг анхан шатны шүүхийн шүүгч анхаарч үзээгүй.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2019/00806 дугаар тогтоолд “Эрх хүлээн авагч нь дампуурлаа зарласан Б ЕАД үйлдвэрийн хувьцааг Б ЛТД компанид 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн байна гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд дүгнэснийг туйлын үнэн гэж үзэхгүй ч заасныг заавал биелүүлэх үүрэгтэй тул уг асуудлаар зохих дүгнэлт огт өгөөгүй.

Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Х.И.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд “Төлбөрийн чадваргүй болсон “Б” ЕАД /Д/ компани нь өөрийн эзэмшлийн “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдах тухайгаа Компанийн тухай хуулийн /1999 оны/ 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.6-д заасны дагуу 2007 онд Монгол Улсын Төрийн өмчийн хороо /тухайн үед үлдсэн 50 хувийн хувьцааг эзэмшиж байсан/-д мэдэгдсэн бөгөөд тэрээр хувьцааг худалдан авахаас татгалзсан” тул Төрийн өмчийн хороо Компанийн тухай хуулийн /1999 оны/ 5 дугаар зүйлийн 5.3-т заасан эрхээсээ татгалзсан талаар нотлох баримтаар нотлосон байхад дүгнэлт өгөөгүй. Энэ нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9, 5.10-т заасан зохицуулалтыг хэрхэн үзэх талаар анхан шатны шүүх тайлбарлаж, хэрэглээгүй. Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т “Өмнөх эзэмшигч нь тухайн эрх, шаардах эрхтэй холбогдсон бүх баримт бичиг, тэдгээр эрхийг ашиглахад шаардагдах аливаа мэдээллийг шинэ эзэмшигчид өгөх,...” гэж, эхний өмчлөгч шаардах эрхээ алдсан бол дараагийн өмчлөгч шаардах эрх эдлэхгүй байх эрх зүйн зарчимтай буюу “Ж” ХХК шаардах эрхээ алдсан хувьцаа худалдан авсан дараагийн эзэмшигчийн хувьд “хувьцааг тэргүүн ээлжин”-д өөртөө зарахыг шаардах эрхгүй талаар гуравдагч этгээдээс маргасан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрх үүссэн эсэхэд эрх зүйн дүгнэлт огт өгөөгүй. Төрийн өмчийн хороо нь 50 хувийн хувьцаа эзэмшигчийнхээ хувьд эдлэх тэргүүн ээлжинд худалдан авах эрх”-ээсээ татгалзсан бол энэхүү эрхээ алдсан, ийм эрх үүсэхгүй болох тухайгаа “Ж” ХХК-д хувьцааг шилжүүлэх үедээ мэдэгдэх үүрэгтэй талаар маргасан байхад анхан шатны шүүх энэ үйл баримтад эрх зүйн болон нотолгооны талаар дүгнэлт хийгээгүй.

Эхний өмчлөгч шаардах эрхээ алдсан бол дараагийн өмчлөгч шаардах эрх эдлэхгүй байх эрх зүйн зарчимтай буюу “Ж” ХХК шаардах эрхээ алдсан /эрхийн доголдолтой/ хувьцаа худалдан авсан дараагийн эзэмшигчийн хувьд “хувьцааг тэргүүн ээлжин”-д өөртөө зарахыг шаардах эрхгүй талаар гуравдагч этгээдээс маргасан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрх үүссэн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Компанийн тухай хуульд шаардах эрхээ алдсан хувьцаа эзэмшигч хувьцааны эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд нөгөө тал шинэ хувьцаа эзэмшигчид хувьцааг худалдан авах тухай саналаа гаргахыг үүрэг болгоогүй, иргэн, хуулийн этгээдэд хуулиар хориглоогүй бол зөвшөөрөх эрх зүйн зарчим үйлчилнэ гэдэгт дүгнэлт өгсөнгүй. Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн /1999 оны/ 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг тайлбарлаж хэрэглээгүй, Төрийн өмчийн хороонд “Б” ЕАД хувьцаа худалдах саналаа гаргасан атлаа “Ж” ХХК-д уг саналаа гаргаагүй хууль зөрчсөн гэж анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь илт хууль зүйн үндэслэлгүй болно. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд нотлох баримтад үндэслэсэн байх шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн, шудрага ёсонд нийцээгүй тул хүчингүй болгож, нэхэмжлэгч БНБУ-ын хуулийн этгээд “Б” ЛТД-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Болгар Улсын  хуулийн этгээд “Б ЛТД” компани /цаашид “Б ЛТД гэх/ нь хариуцагч Монгол Улсын хуулийн этгээд “Ж” ХХК, ТӨБЗГ, Монгол Улсын иргэн Д.Л , Л.У нарт холбогдуулан

Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах ашиглалтын 311-А, 456-А, 015-А тусгай зөвшөөрөлтэй алт олборлох талбайд ашигт малтмалын олборлолт, нөхөн сэргээлт, бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох, талбай, уурхайг чөлөөлүүлэхийг даалгуулах,

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн байрыг чөлөөлүүлэх,

“Б ЛТД” компани Бүгд Найрамдах Болгар Улсын төрийн мэдлийн 50 хувийн хувьцааг өмчлөх, эзэмших эрх залгамжлагч болохыг тогтоолгох,

Д.Л БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ж” ХХК, БНХАУ-ын иргэн Кан Жи Жү, Мүн Жи Мин нарын байгуулсан компанийн захирал эсэх, Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдсан “Ж” ХХК-ийн захирал эсэхийг тогтоолгох,

шинээр үүсгэн байгуулагдсан компани БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ж” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөх, эзэмших эрх залгамжлагч эсэх хувьцааг хэрхэн шилжүүлснийг тогтоолгох хүртэл “М” ХХК-ийн захирал Л.П-д 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр түр хураах тэмдэглэл хөтлөх, хураалгасан баримт бичиг, эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгуулах,

“М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны өмчлөгч БНБУ-ын хуулийн этгээд “Б ЛТД” компани болохыг тогтоолгох,

“М” ХХК-ийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад хууль бусаар саад учруулахгүй байхыг “Ж” ХХК болон захирал Д.Л нарт даалгуулах,

2012-2015 оны үйл ажиллагааны орлогын тайланг гаргаж өгөхийг “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Л д даалгуулах,

“М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.П мөн болохыг тогтоолгох,

“М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ц.Б-ийг томилсон болон бусад асуудлыг шийдвэрлэсэн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “Б ЛТД” компани нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн байрыг чөлөөлүүлэх,

“Б ЛТД” компани Бүгд Найрамдах Болгар Улсын төрийн мэдлийн 50 хувийн хувьцааг өмчлөх, эзэмших эрх залгамжлагч болохыг тогтоолгох,

Д.Л БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ж” ХХК, БНХАУ-ын иргэн Кан Жи Жү, Мүн Жи Мин нарын байгуулсан компанийн захирал эсэх, Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдсан “Ж” ХХК-ийн захирал эсэхийг тогтоолгох,

шинээр үүсгэн байгуулагдсан компани БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ж” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөх, эзэмших эрх залгамжлагч эсэх хувьцааг хэрхэн шилжүүлснийг тогтоолгох хүртэл “М” ХХК-ийн захирал Л.П-д 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр түр хураах тэмдэглэл хөтлөх, хураалгасан баримт бичиг, эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг татан авч, мөн хариуцагч Л.У ад холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг анхан шатны шүүх баталж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч нар дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариуцагч “Ж” ХХК  нь нэхэмжлэгч   “Б ЛТД”-д холбогдуулж 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Б ЛТД” болон “Б ЕАД”-ын хооронд байгуулсан дампуурлаа зарласан “Б ЕАД”-ын үйлдвэрийг хөрөнгийн эрхийн хамт худалдсан, худалдах-худалдан авах гэрээний “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байна.

 

Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын 1997 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хэлэлцээрээр Болгар-Монголын хамтарсан “Монголболгаргео” үйлдвэрийг үүсгэн байгуулахаар шийдвэрлэж, Монголын талаас Төрийн өмчийн хороо, Болгарын талаас “Б” ЕАД-ыг тус тус томилж, хамтарсан үйлдвэрийн дүрмийн санд үүсгэн байгуулагчдын оруулсан хөрөнгө  тавь тавин хувь буюу тэнцүү байхаар тохиролцож, Монгол-Болгарын хамтарсан “Монголболгаргео” үйлдвэрийг байгуулах тухай Монгол Улсын Төрийн өмчийн хороо, Бүгд Найрамдах Болгар Улсын “Болгаргеомин” улсын нэгдлийн хооронд мөн өдөр хэлэлцээр хийж, Монгол-Болгарын хамтарсан “М” үйлдвэрийн дүрмийг талууд баталсан. /9 хх-62-75 дахь тал/

 

Үүнээс хойш 2003 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “М” үйлдвэрийг Монгол-Болгарын Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон нэрийг өөрчилж, дүрмээ баталсан, 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дээрх төрийн өмчит үйлдвэрийн газрыг “М” ХХК болгон улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /3 хх-574-579, 607, 622, 629, 632 дахь тал/

 

Монгол Улсын Их Хурлын 2005 оны 48 дугаар тогтоолоор“М” ХХК-ийн Монгол талын хувийг Бүгд Найрамдах Болгар Улсын талд санал болгон хувьчлахаар, мөн Засгийн газрын 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаар тогтоолоор “М” ХХК-ийн Монголын талын  ногдол хувийг Бүгд Найрамдах Болгар Улсын талд санал болгох, татгалзсан нөхцөлд нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар тус тус шийдвэрлэсэн.

 

Харин Бүгд Найрамдах Болгар Улсын хуулийн этгээд “Б ЕАД” /цаашид “Б ЕАД” гэх/ нь 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 90.00.45 тоот албан бичгээр Монгол Улсын Төрийн өмчийн хороонд  “Б ЕАД”-ын эзэмшдэг “М” ХХК-ийн 50 хувийг хувьчилж, худалдахаар төлөвлөж байгааг мэдэгдэж, тус компанийн дүрмийн 8.4.10-т заасны дагуу давуу эрхээ эдэлж хувьцааг худалдаж авах саналыг гаргаж, татгалзсан тохиолдолд гуравдагч этгээдэд хувьцааг санал болгох зөвшөөрөл олгохыг мэдэгдсэн. /2-хх-436, 7-хх-55 дахь тал/

 

Уг албан бичгийг Монгол Улсын Төрийн өмчийн хороо хүлээн авч, 2007 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1а/965 тоот албан бичгээр хариу хүргүүлэхдээ “М” ХХК-ийн Болгар талын хувьцааг худалдан авахаас татгалзжээ. /7 хх-53-54 дэх тал/

 

Төрийн өмчийн хорооны 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор “М” ХХК-ийн Монголын талын 50 хувийн хувьцааг худалдах, худалдах доод үнийг тогтоож, Бүгд Найрамдах Болгар улсын талд хувьцааг дээрх үнээр худалдан авахыг санал болгохоор шийдвэрлэсэн. / 2-хх-42 дэх тал/

 

Бүгд Найрамдах Болгар Улсын Софи хотын 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 361 дүгээр шийдвэрт тус улсын Софи хотын Захиргааны хэргийн шүүхийн Худалдааны албаны 6-р шүүгчийн бүрэлдэхүүний 2010 оны 12 дугаар сарын 46 тоот шийдвэрээр “Б ЕАД”-д дампуурлын хэрэг үүсгэж, хэрэг гүйцэтгэгчээр Христина Иванова Стамоваг томилсон болохыг дурджээ. /2-хх-400-403 дахь тал/

 

Мөн Бүгд Найрамдах Болгар Улсын шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн магадлалаар дампуурлын хэрэг гүйцэтгэгч С Х.А. нь “Б ЕАД”-ын нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрхтэй, энэ эрхийн талаар Монгол Улс болон “М” ХХК-ийн төлөөлөгчдөд мэдэгдэхээр шийдвэрлэсэн. /2-хх-404-409 дэх тал/

 

Төрийн өмчийн хорооны 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1а/160 тоот албан бичгийг “Б ЕАД”-д хүргүүлсэн бөгөөд уг албан бичигт Төрийн өмчийн хорооны 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар тогтоолын дагуу “М” ХХК-ийн 50 хувь буюу төрийн мэдлийн 85420 ширхэг хувьцааг худалдан авахыг “Б ЕАД”-д санал болгож байна гэжээ. /8-хх-93 дахь тал/

 

Уг албан бичгийг “Б ЕАД”  хүлээн авч 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 40.07.01 тоот албан бичгээр Монгол талын гаргасан саналд татгалзсан хариуг ирүүлсэн. /8-хх-102 дахь тал/

 

Улмаар Төрийн өмчийн хороо  “М” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг нийтийн дуудлага худалдаагаар худалдахад “Ж” ХХК дуудлага худалдааны ялагч болж, уг хувьцааг худалдаж авч, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар талууд маргаагүй байна. /3-хх-527-528, 537-538, 8-р хх-103-108,120, 10-хх-101 дэх тал/

 

Харин Бүгд Найрамдах Болгар Улсын Софи хотын шүүх дэх дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дампуурлын хэрэг гүйцэтгэгч С Х.И нь “Б ЕАД”-ийн эд хөрөнгийг эрхийн хамт 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Б ЛТД”-д худалдах, худалдан авах гэрээний /цаашид гэрээ гэх/ дагуу худалдсан, уг гэрээний зүйлийн нэг нь “Б ЕАД”-ийн эзэмшлийн, “М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа байжээ. /7-хх-69-92 дахь тал/

 

Түүнчлэн, Бүгд Найрамдах Болгар Улсын Софи хотын шүүхийн Арилжааны албаны 6 дугаар шүүхийн шүүгчийн бүрэлдэхүүний 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолтод: “2013 оны 5 дугаар сарын 16-нд худалдах үед дампуурлын жагсаалтад орсон “Б ЕАД”-ыг эд хөрөнгө, эрхийн багцийн хамт худалдсан гэрээ хийгдсэн. Гэрээний талууд: худалдагч тал ...”Болгаргеомин ЕАД”-ыг төлөөлж дампуурлын хэрэг гүйцэтгэгч С Х.И..., худалдан авагч тал... “Б ЛТД”..., дээр дурдсан гэрээний 3.5 дугаар зүйлийн дагуу худалдаанд хамаарах хөрөнгө нь “Б ЕАД”-ын эзэмшил болох Монгол-Болгарын хамтарсан... “Монголболгаргео” үйлдвэрийн 50 хувь буюу 719026 ам.доллартай тэнцэх хөрөнгийн хувьцаа болно. Уг гэрээний дагуу “Б ЕАД” нь өөрийн өмч хөрөнгөө дээр дурьдсан хувьцаан дээр нэмэн “Б ЛТД” компанид шилжүүлсэн байна” гэжээ.

 

Гэрээ болон Бүгд Найрамдах Болгар Улсын Софи хотын шүүхийн тодорхойлолтоос дүгнэвэл “Б ЕАД”-ын эзэмшлийн “М” ХХК-ийн Болгар талын 50 хувийн “Б ЛТД” компанид худалдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Энэ талаарх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Харин анхан шатны шүүх дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад “Б ЕАД”-ыг дампуурсан гэх Софи хотын шийдвэр хэрэгт авагдаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь алдаатай болжээ.

 

“М” ХХК-ийн дүрмийн 8.4.10-т “бусад хувьцаа эзэмшигчийн хувьцаа, тэдгээрийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гурав дахь этгээдэд санал болгох үнээр эзэмшиж байгаа хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлэж, эсхүл энэ эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь бусад хувь нийлүүлэгчдэд шилжүүлэх” гэж заасны дагуу дампуурлын хэрэг гүйцэтгэгч С Х.И. нь Монгол талын хувьцаа эзэмшигч болох “Ж” ХХК-д хувьцааг худалдах талаар мэдэгдэх байсан боловч мэдэгдээгүй байна. /3-хх-574-579 дэх тал/

 

Нөгөөтэйгүүр “Б ЕАД”-ын 50 хувийн хувьцааг худалдах саналыг  2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 90.00.45 тоот албан бичгээр “Б” ЕАД-ээс Монголын талд хүргүүлсэн нь 2010 онд үүсгэсэн дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүйгээс гадна 90.00.45 тоот албан бичиг нь Монгол-Болгарын хамтарсан “М” ХХК-ийг хувьчлахтай холбоотой байсан байна.

 

Иймд дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хувьцаа худалдахаар болсон шинэ нөхцлийн талаар Монголын талд мэдэгдэл ирүүлээгүй гэж үзнэ.

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар Төрийн өмчийн хороог шаардах эрх, холбогдох бичиг баримт, мэдээллийг “Ж” ХХК-д өгөх байсан гэх, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх шилжих талаар дүгнэх байсан гэх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх Болгар талын эрх бүхий этгээд нь компанийн дүрмийн 8.4.10 дахь хэсгийг зөрчсөн гэсэн үйл баримтыг зөв тогтоосон боловч дүгнэлт хийхдээ алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх энэ дүгнэлтээрээ зөвтгөв.

 

Ийнхүү Болгарын тал компанийн дүрмийн заалтыг хэрэгжүүлсэн гэх нэхэмжлэгч “Б ЛТД”, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон гуравдагч этгээд дампуурлын хэрэг гүйцэтгэгч С Х.И-гийн тайлбар, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иймд “Б ЕАД”-ын дампуурлын хэрэг гүйцэтгэгч Стамова Х.И. нь “Б ЛТД”-тэй байгуулсан Монгол-Болгарын хамтарсан “М” ХХК-ийн Болгар талын 50 хувийн хувьцааг худалдсан худалдах-худалдан авах гэрээг шүүх хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй тул “Б ЛТД” компанийг Монгол-Болгарын хамтарсан “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй.

 

Гэрээг хүлээн зөвшөөрөөгүй тул Монголын Улсын Компанийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу дүгнэлт хийх шаардлагагүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2019/00806 дугаар тогтоолд “Б ЕАД”-ын хувьцааг “Б ЛТД” компанид худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн байна гэж дурьдсан боловч гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнээгүй тул нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иймээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Болгаргеомин ЛТД”-ын нэхэмжлэлтэй хариуцагч “Ж” ХХК, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Монгол Улсын иргэн Д.Л д холбогдуулан гаргасан “М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны өмчлөгч Бүгд Найрамдах Болгар Улсын хуулийн этгээд “Б ЛТД” компани болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

 Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.8, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар “Б ЛТД” компани нь “Б ЕАД”-ын шаардлагыг гаргах эрх бүхий этгээд биш тул “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “М” ХХК-ийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад хууль бусаар саад учруулахгүй байхыг “Ж” ХХК, гүйцэтгэх захирал Д.Л д даалгах, 2012-2015 оны үйл ажиллагааны тайланг гаргаж өгөхийг “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Л д даалгах, “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.П мөн болохыг тогтоолгох, “М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ц.Б-ийг томилсон болон бусад асуудлыг шийдвэрлэсэн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах ашигт малтмалын 311-А, 456-А 015-А тусгай зөвшөөрөлтэй алт олборлох талбайд ашигт малтмалын олборлолт, нөхөн сэргээлт, бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох, талбай уурхайг чөлөөлүүлэхийг “Ж” ХХК, Д.Л д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул энэ талаар нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болсон боловч алдаатай дүгнэлт хийснийг дараах байдлаар залруулна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр “Б ЛТД” компани, гуравдагч этгээдээр “Б ЕАД”-ын дампуурлын хэрэг гүйцэтгэгч Стамова Х.И тус тус оролцож байна. 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр худалдах худалдан авах гэрээ БНБУ-ын “Б ЛТД” компани дампуурлаа зарласан “Б ЕАД”-ын хооронд байгуулагдсан байхад хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Гэтэл уг гэрээний нэг тал болох “Б ЕАД”-ын хэрэг гүйцэтгэгч С Х.И нь нэхэмжлэгчээр оролцоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч болохгүй юм. Энэ тохиолдолд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх “Б ЛТД” компанийг Монгол-Болгарын хамтарсан “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж үзэхгүй талаар дүгнэсэн тул хариуцагч “Ж” ХХК-ийн “Б ЛТД” компанид холбогдуулан гаргасан 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Б ЛТД” компани болон “Б ЕАД”-ын хооронд байгуулсан дампуурлаа зарласан “Б ЕАД”-ын хөрөнгийг эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээний “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Мөн анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/01305 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1” гэсний дараа “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2, 9.4.8” гэж нэмж оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491 000 /70 200+420 800/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА                                                                          

                          ШҮҮГЧИД                                         А.МӨНХЗУЛ

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ