Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 102/шш2021/01305

 

  

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр                   Дугаар 102/ШШ2021/01305                          Улаанбаатар хот

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Болгар улс,  “*******” компанийн нэхэмжлэлтэй

  

Хариуцагч Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоотод байрлах*******

  

Хариуцагч Сүхбаатар дүүрэг, Их тойруу , өөрийн байранд байрлах*******,*******

 

Хариуцагч Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух Тоорой овогт Дүгэрсүрэнгийн Лхагвасүрэн

  

Хариуцагч Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, “0” хотхоны 0 тоотод оршин суух Тоорой овогт Лхагвын Ундрахад холбогдох

  

        -1.Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах ашиглалтын 311-А, 456-А, 015-А тусгай зөвшөөрөлтэй алт олборлох талбайд ашигт малтмалын олборлолт, нөхөн сэргээлт, бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох, талбай, уурхайг чөлөөлүүлэхийг даалгах

 

        -2.Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монголболгаргео” ХХК-ийн байрыг чөлөөлүүлэх

 

        -3.“*******” компани Бүгд Найрамдах Болгар Улсын төрийн мэдлийн 50 хувийн хувьцааг өмчлөх, эзэмших эрх залгамжлагч болохыг тогтоолгох

 

       -4.Л.Лхагвасүрэн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК, БНХАУ-ын иргэн Кан Жи Жү, Мүн Жи Мин нарын байгуулсан компанийн захирал эсэх

 

       -5.Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдсан “Жинлиань” ХХК-ийн захирал  эсэхийг тогтоолгох

 

       -6.Шинээр үүсгэн байгуулагдсан компани БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөх, эзэмших эрх залгамжлагч эсэх хувьцааг хэрхэн шилжүүлснийг тогтоолгох хүртэл “Монголболгаргео” ХХК-ийн захирал Л.Пүрэвгялд 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр түр хураах тэмдэглэл хөтлөх, хураалгасан баримт бичиг, эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгах

 

       -7.“Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны өмчлөгч БНБУ-ын хуулийн этгээд “*******” компани болохыг тогтоолгох

 

       -8.“Монголболгаргео” ХХК-ийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад хууль бусаар саад учруулахгүй байхыг “Жинлиань” ХХК болон захирал******* нарт даалгах

 

      -9.2012-2015 оны үйл ажиллагааны орлогын тайланг гаргаж өгөхийг “Жинлиань” ХХК-ийн гүйцэтгэх захирал*******д даалгах

 

      -10.“Монголболгаргео” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Пүрэвгял мөн болохыг тогтоолгох

 

      -11.“Монголболгаргео” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ц.Баянмөнхийг томилсон болон бусад асуудлыг шийдвэрлэсэн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

      -2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “*******” компани болон “Болгаргеомин ЕАД” нарын хооронд байгуулсан дампуурлаа зарласан “Болгаргеомин ЕАД”-ийн үйлдвэрийг хөрөнгийн эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээний “Монголболгаргео” ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

 

   Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Пүрвээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, Б.Баатарсайхан, хариуцагч*******, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дарханбаатар, хариуцагч*******, хариуцагч*******гийн өмгөөлөгч Б.Манлайжав, хариуцагч “Жинлиань” ХХК-ийн өмгөөлөгч С.Батсайхан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Болгаргеомин ЕАД” үйлдвэрийн эрх хүлээн авагч Христина Ивановна Стамовагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Пүрвээ нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Жинлиань” ХХК-ийн гүйцэтгэх захирал*******д холбогдох иргэний хэрэгт, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

        Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах 311-А, 456-А, 015-А тусгай зөвшөөрөл бүхий алт олборлох талбайд эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шүүхийн шийдвэргүйгээр ашигт малтмалын олборлолт, нөхөн сэргээлтийн болон бусад холбогдох үйл ажиллагаа явуулахыг хориглох, тухайн талбай, уурхайг чөлөөлүүлэхийг “Жинлиань” ХХК,******* нарт даалгах, “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны өмчлөгч Бүгд Найрамдах Болгар Улсын хуулийн этгээд “*******” компани мөн болохыг тогтоолгох, “Монголболгаргео”      ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад саад учруулахгүй байхыг ”Жинлиань” ХХК, гүйцэтгэх захирал*******д даалгах, 2012-2015 оны үйл ажиллагааны орлогын тайланг гаргаж өгөхийг “Жинлиань” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага*******д даалгах, “Монголболгаргео” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Ц.Баянмөнхийг томилсон болон бусад асуудлыг шийдвэрлэсэн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн 5 шаардлагаа дэмжиж бусад шаардлагаа татан авч, хариуцагч Д.Ундрахаас татгалзаж байна.

Монгол-Болгар улсууд 1979 оны хамтарсан үйлдвэр байгуулан, 1980 оноос алт олборлож эхэлсэн. Баянхонгор аймгийн хүдрийн бүсэд 8000 метр квадрат талбайд хайгуулын ажил хийсэн.

 Болгар улстай 1984 оны 07 дугаар сараас эхлээд алтны шороон ордод 1990 он дуустал ажилласан.

Хамтран ажиллаж байх хугацаандаа Болгар улс бүх хайгуулын тоног төхөөрөмжийг гаргаад 51.5 хувийг, Монгол улс 48.5 хувийг эзэмшиж байсан. Төрийн өмчийн хорооны дарга байсан н.Хонгор бид хоёр их үүрэг гүйцэтгэж бүх татвараас чөлөөлсөн.

Хувьчлагдаж байхад 4 хятад ирээд хурлаа хийсэн. Дандаа хууль бус аргаар явж байсан. Болгар, Хятад улсууд хамтран ажиллаад, Болгар улсын шүүхийн асуудал шийдэгдэгдсний дараа гэрээнд гарын үсэг зурж, хурлаа хийнэ гэж байсан.

Хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй учраас хувийн хөрөнгөөрөө зээл аваад алтны үйл ажиллагааг явуулсан.

Зээл аваад ажиллаж байхад дундуур “Жинлиань” ХХК алтыг дээрэмдээд авсан. Ингээд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд бичиг баримтыг өгье, хоёр компани хурлаа хийтэл хадгалж байна гэж хэлээд маргааш нь*******д өгсөн.

Улсын бүртгэлд “*******” компанийг бүртгүүлээд хурал хийе гэхэд Л.Ундрах Бээжин хот руу яваад энэ хүмүүстэй битгий уулзуулаарай гэж хэлсэн байдаг.

Ийм байдлаар хурлыг хийлгээгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.

 

         Хариуцагч*******, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дарханбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. “Монголболгаргео” ХХК-ийн аливаа асуудал хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр, Компанийн тухай хууль, “Монголболгаргео” ХХК-ийн дүрмийн хүрээнд явагдах ёстой.

“Болгаргеомин” ЕАД улсын үйлдвэрийн нэгдэл  Болгарын Засгийн газрын эрх бүхий төлөөлөгчийн зөвшөөрлөөр Болгарын Засгийн газраас юмуу, Сангийн яамнаас албан ёсоор төлөөлөгч томилж ирүүлэх ёстой.

Тэрнээс биш Болгар улсын ямар нэгэн шүүхээр “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдах, хэн нэгэнд шилжүүлэх эрх байхгүй.

 Монгол улсын хуулиар шийднэ гэсэн дүрэмтэй, хуультай.

 Хэрвээ Болгарын Засгийн газар “Болгаргеомин” ЕАД улсын үйлдвэрийн нэгдлийг татан буулгаад, дампууруулаад “Болгаргеомин” ХХК гэж шүүхээр байгуулаад, эрхийг нь шилжүүлж байгаа бол “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмших эрхийг Засгийн газар нь “Болгаргеомин” ХХК-д төлөөлж, эзэмшинэ гэдгийг албан ёсоор тодорхойлох ёстой.

 Тэрнээс биш “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцааг Болгарын шүүхээр эзэмшүүлэх хувьцаа биш юм.

Монголын тал 50 хувийн хувьцаагаа Төрийн өмчийн хороо эсхүл Сангийн яаманд шилжүүлэхэд заавал Засгийн газрын шийдвэр гардаг.

Бид 50 хувийн хувьцааг худалдахдаа УИХ, Засгийн газраас шийдвэр гаргуулаад, Болгар улсын талд албан ёсоор санал болгоод, худалдаж авахгүй гэсэн учраас дуудлага худалдаагаар худалдсан.

Дуудлага худалдаанд БНХАУ-ын “Жинлиань” ХХК ялж, хувьчлал ямар нэгэн асуудалгүй явагдсан.

Хувьчлалын дараа хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж хуралдуулахад тухайн үед ямар асуудал тавьсан бэ? гэхээр Болгар улсын “Болгаргеомин” ЕАД төрийн өмчит үйлдвэрийн нэгдлийн албан ёсны итгэмжлэлийг Засгийн газраас нь аваад ирээч гэсэн.

 Монгол улсын төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны төлөөлөгчийг тухайн эрхийг хэрэгжүүлэгч томилдог.

Тэр шийдвэрээ аваад ирээч гэдэг асуудлыг анхнаасаа тавьсан. Надад тийм шийдвэр авч ирж өгөөгүй.

Өнөөдөр Монгол-Болгарын хамтран байгуулсан “Монголболгаргео” ХХК татан буугдаагүй.

Мөн Болгар улсын Засгийн газар өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцаагаа худалдахаар бол Монгол талын 50 хувийн хувьцааг хуулийн дагуу авсан “Жинлиань” ХХК-д мэдэгдэх үүрэгтэй. Хуулиараа ч тийм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, гэжээ.

 

           Хариуцагч “Жинлиань” ХХК болон******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Жинлиан” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан “*******” ХХК гэж байна.

“*******” ХХК улсын бүртгэлд бүртгэлгүй, албан ёсны гэрчилгээгүй, эрхгүй субъект.

Нэхэмжлэл гаргаад 8 дахь жилдээ орох гэж байна. Нэхэмжлэгч талын гаргаж байгаа хууль зүйн үндэслэл нь ямар нь боломжгүй.

Нэхэмжлэл шүүхэд гаргаад явж байгааг хүлээж авах боломжгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Жинлиань” ХХК хуулийн дагуу Монгол-Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч.

Харин “*******” ХХК энэ хамтарсан компанид хамааралгүй.

Тиймээс бид хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлан хуралдуулах албан бичгийг удаа дараа Болгар талын 50 хувийг эзэмшигч  “Болгаргеомин” ЕАД компанийн төлөөлөгч Христина Ивановна Стамовад бичгээр уламжилсан.

Түүнээс бидэнтэй ямар ч хамааралгүй “Монголболгаргео” ЛТД” компанид мэдэгдэх үүрэггүй учраас мэдэгдээгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, гэжээ.

 

 

           Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Христина Ивановна Стамовагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Энэ компани “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшиж байсан.

          Шүүхээс гуравдагч этгээдээр татсантай холбогдуулан “Болгаргеомин” ЛТД компанийн нэхэмжлэлийг дэмжин оролцож байна.

         Эцсийн эцэст хариуцагч нар нэхэмжлэгч, “Болгаргеомин” ХХК-ийн хувьцааг эзэмших эрхгүй гэдэг маргаан байгаад байдаг. Энэ бол огт үндэслэлгүй.

         “Болгаргеомин” ХХК хоёр орны Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу 50,50 хувьцааг эзэмших, хөрөнгө оруулалт хийж хуулийн этгээдийг байгуулж, үүний дагуу Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байсан.

          Үйл явдлыг бүгд мэдэж байгаа учраас нарийвчлан ярихгүй байя.

          “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч “Болгаргеомин” ЕАД үйлдвэрийн газар төрийн өмчит үйлдвэрийн газар байсан. Энэ компани 1996 онд төлбөрийн чадваргүй болсон.

          Үүнээс үүдэж дампуурлын хэрэг үүссэн. Төлбөрийн чадваргүй болсон буюу дампуурлын үйл ажиллагаа Болгар улсын хуулиар явагдсан.

          Болгар улсын нутаг дэвсгэрт болж байгаа үйл явдал. 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тус компани төлбөрийн чадваргүй болсныг Софи хотын шүүхийн шийдвэрийн ”Тогтоох” хэсгийн IV-3 иргэний 44/2000 дугаартай хэргээр тогтоосон.

          Энэ компанийн төлбөрийн чадвар дээрдээгүй учраас 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн N-46 шийдвэрээр 2406/2009 дугаартай дампуурлын хэрэг үүсгэсэн.

          Төлбөрийн чадваргүй болсон ЕАД компани өөрийн эзэмшлийн “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдах тухайгаа Монгол улсын 1995 оны Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.6 дахь хэсэгт заасны дагуу Монгол улсын Төрийн өмчийн хороонд худалдах саналаа бичгээр ирүүлж, хариу “татгалзсан” баримтаа бичгээр явуулсан байдаг.

          Төрийн өмчийн хороо ийнхүү татгалзсан бичгээр мэдэгдсэн нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан эрхээсээ татгалзсан. Төрийн өмчийн хороо 50 хувийн хувьцаа эзэмшиж байгаагийн хувьд тэргүүн ээлжинд хувьцааг худалдан авах эрхээсээ татгалзаж, алдсан.

           Ийм эрхээ алдсан учраас “Жинлиань” ХХК-тай өөрийнхөө хувьцааг худалдах үедээ бид хувьцаа худалдаж авах эрхээ алдсан гэдгийг мэдэгдэх ёстой байсан. Энэ бол хуулийн зарчим.

           Ийнхүү эхний эзэмшигч шаардах эрхээ алдсан бол дараагийн эзэмшигчид  шаардах эрх үүсэхгүй.

           “Жинлиань” ХХК, “Болгаргеомин” ЕАД компанийг өөрийх хувьцаагаа худалдсан бол манайд мэдэгдэх үүрэгтэй гэсэн маргаан хууль зүйн үндэслэлгүй. Болгар улсын Софи хотын шүүхийн шийдвэрээр дамдуурлын шатандаа энэ хуулийн этгээдийг нэгтгэж байгаад компанийг тэр чигээр нь худалдсан.

            Энэ нь Болгар улсаас ирсэн баримтаас харагддаг. Хариуцагч тал зориуд буруу ойлгоод байх шиг. 50 хувийн хувьцааг “Болгаргеомин” ЕАД компани, “Болгаргеомин” ЛТД комданид худалдаагүй.

            Болгарын шүүхийн шийдвэрээр дампуурлын шатанд худалдаад авсан гэдгийг тодорхойлсон байхад хувьцаа худалдаж авсан гэж гуйвуулан ярьж байгаа нь үндэслэлгүй.

            Гэхдээ  “Болгаргеомин” ЕАД компанийг дампуурсан гэсэн шүүхийн шийдвэр гараагүй. Дахин хөрөнгөжих шатандаа явж байсан үед авсан. Өнөөдөл хүчин төгөлдөр байгаа Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2019/00806 дугаартай Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны “Тогтоол”-д Болгар улсын үйлдвэрийн нэгтгэл тус улсын 2010 оны 46 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцогдож, дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж дурдсан.

          Эрх хүлээн авагч дампуурлаа зарласан ЕАД үйлдвэрийн хувьцааг ЛТД компанид 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр шилжүүлсэн байна гэдгийг дүгнэж өгсөн.

          Энэ үйл баримт тодорхой байхад шүүхэд маргаад байгаа нь үндэслэлгүй. Үйлдвэрийн газар хувьцааг биш ЕАД үйлдвэрийн газөр тэр чигээрээ ЛТД руу шилжиж очсон. Иймээс “Монголболгаргео” ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн, хууль ёсных мөн юм гэдгийг тайлбарлаж оролцож байна, гэжээ.

 

                Хариуцагч “Жинлиань” ХХК,******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

                2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Болгаргеомин” ЕАД улсын нэгдэл болон “Болгаргеомин” ЛТД компанийн хооронд байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ” хууль зөрчиж байгуулсан хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

           “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцааг Төрийн өмчийн хорооноос зарласан тухайн үеийн нээлттэй дуудлага худалдааны дагуу “Жинлиань” ХХК 2011 оны 11 дүгээр сард худалдан авсан.

           Төрийн өмчийн хороо дуудлага худалдаа зарлахаас өмнө “Монголболгарге”о ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Бүгд Найрмадах Болгар Улсын “Болгаргеомин” ЕАД улсын үйлдвэрийн газарт худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэх зорилгоор санал хүргүүлсэн боловч татгалзсан хариу ирүүлсэн байдаг.

           Иймд дуудлага худалдаа зохион байгуулагдсанаар “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Жинлиань” ХХК болсон.

           “Болгаргеомин” ЕАД компанийг эд хөрөнгө, эрхийн багцын хамт худалдах, худалдан авах гэрээг 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулахаас өмнө “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийг тэргүүн ээлжид худалдан авах саналыг “Жинлиань” ХХК-д бичгээр мэдэгдээгүй.

          “Монголболгаргео” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх үйл явц Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу явагдах ёстой.

           Мөн Болгар улсын “Болгаргеомин” ЕАД улсын үйлдвэрийн газар Монгол улсад үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа аж ахуйн нэгжийг дампуурлын жагсаалтад оруулсан нь тодорхой байна.

           Хэрэв дампуурсан бол эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээнд дахин хөрөнгөжүүлэх асуудал яригдах ёстой.

           Иймд 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “*******” компани болон “Болгаргеомин” ЕАД компаниудын хооронд байгуулсан, дампуурлаа зарласан “Болгаргеомин” ЕАД /Д/ үйлдвэрийг хөрөнгийн эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээний “Монголболгаргео” ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

           Мөн “Болгаргеомин” ЛТД компанид холбогдох сөрөг шаардлагаасаа татгалзаж байна, гэжээ.

        

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Пүрвээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Сөрөг нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй, гэжээ.

 

            Гуравдагч этгээд Христина Ивановна Стамовагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Эрх зүйн маргааныг шийдэхэд хэргийн харьяалал гэж байдаг, шүүхийн харьяалал байдаг. Болгар улсын хоёр хуулийн этгээд хоорондоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүхийн шатанд, шүүхийн оролцоотой хийгдсэн хэлэлцээрийг энд байж байгаа гэрээний тал биш этгээд Монголын шүүхээр хүчингүй болгуулна гэж байгаа юм. Тэгэхээр шүүхийн харьяалал биш юм. Үнэхээр эрх нь зөрчигдөж байгаа бол Болгар улсын шүүхэд хандах юмуу, Болгар улсад байгуулсан гэрээг Монгол улсын хуулиар хүчингүй болгоно гэж яриад байна. Ингэж болдог юмуу. болохгүй гэж бодож байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага “Худалдах, худалдах авах гэрээ”-гээр “Монголболгаргео” ХХК-д холбогдох хэсэг” гэж байгаа. Гэрээний тэр заалт  харилцааг зохицуулсан үр дагавар байхгүй. Байгаа хөрөнгийг жагсаасан. Аливаа этгээдийн үзэгнээс эхлээд бүх зүйл өөрийн үнэтэй байдаг. Ямарваа нэгэн зүйлийг шилжүүлж байгаа бол үнэлж шилжүүлдэг. Тэр утгаараа хувьцааг ийм үнэтэй гэсэн байхад зарсан юм шиг ойлгоод байна. Огт тийм зүйл биш. Нөгөө талаас шаардах эрх ярьж байна. Хариуцагч талд ямар шаардах эрх байгаа юм. Ямар эрх хөндөгдсөн гэж үзэж байгаа юм бэ? Манай талд санал болгох ёстой байсан гэдэг. Энэ заалт  ямар нэгэн харилцаа зохицуулсан заалт биш учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “*******” компани, хариуцагч “Жинлиань” ХХК,*******,*******,*******, Л.Ундрахад холбогдуулан Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах ашиглалтын 311-А, 456-А, 015-А тусгай зөвшөөрөлтэй алт олборлох талбайд ашигт малтмалын олборлолт, нөхөн сэргээлт, бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох, талбай, уурхайг чөлөөлүүлэхийг даалгах, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монголболгаргео” ХХК-ийн байрыг чөлөөлүүлэх, “*******” компани Бүгд Найрамдах Болгар Улсын төрийн мэдлийн 50 хувийн хувьцааг өмчлөх, эзэмших эрх залгамжлагч болохыг тогтоолгох, Л.Лхагвасүрэн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК, БНХАУ-ын иргэн Кан Жи Жү, Мүн Жи Мин нарын байгуулсан компанийн захирал эсэх, Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдсан “Жинлиань” ХХК-ийн захирал  эсэхийг тогтоолгох, Шинээр үүсгэн байгуулагдсан компани БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөх, эзэмших эрх залгамжлагч эсэх хувьцааг хэрхэн шилжүүлснийг тогтоолгох хүртэл “Монголболгаргео” ХХК-ийн захирал Л.Пүрэвгялд 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр түр хураах тэмдэглэл хөтлөх, хураалгасан баримт бичиг, эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгах,“Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны өмчлөгч БНБУ-ын хуулийн этгээд “*******” компани болохыг тогтоолгох,“Монголболгаргео” ХХК-ийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад хууль бусаар саад учруулахгүй байхыг “Жинлиань” ХХК болон захирал******* нарт даалгах, 2012-2015 оны үйл ажиллагааны орлогын тайланг гаргаж өгөхийг “Жинлиань” ХХК-ийн гүйцэтгэх захирал*******д даалгах, “Монголболгаргео” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Пүрэвгял мөн болохыг тогтоолгох, “Монголболгаргео” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ц.Баянмөнхийг томилсон болон бусад асуудлыг шийдвэрлэсэн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “Жинлиань” ХХК 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “*******” компани болон “Болгаргеомин ЕАД” нарын хооронд байгуулсан дампуурлаа зарласан “Болгаргеомин ЕАД”-ийн үйлдвэрийг хөрөнгийн эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээний “Монголболгаргео” ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

 

        1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрвээ шүүх хуралдаанд анх хариуцагч нарт холбогдуулан гаргасан        

        -Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монголболгаргео” ХХК-ийн байрыг чөлөөлүүлэх

       

       -“*******” компани Бүгд Найрамдах Болгар Улсын төрийн мэдлийн 50 хувийн хувьцааг өмчлөх, эзэмших эрх залгамжлагч болохыг тогтоолгох

 

       -Л.Лхагвасүрэн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК, БНХАУ-ын иргэн Кан Жи Жү, Мүн Жи Мин нарын байгуулсан компанийн захирал эсэх

 

       -Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдсан “Жинлиань” ХХК-ийн захирал  эсэхийг тогтоолгох

 

       -Шинээр үүсгэн байгуулагдсан компани БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөх, эзэмших эрх залгамжлагч эсэх хувьцааг хэрхэн шилжүүлснийг тогтоолгох хүртэл “Монголболгаргео” ХХК-ийн захирал Л.Пүрэвгялд 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр түр хураах тэмдэглэл хөтлөх, хураалгасан баримт бичиг, эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудаа татан авч, хариуцагч Л.Ундрахаас татгалзаж,

 

        Хариуцагч “Жинлиань” ХХК,*******,*******,*******д холбогдуулан

     

       -Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах ашиглалтын 311-А, 456-А, 015-А тусгай зөвшөөрөлтэй алт олборлох талбайд ашигт малтмалын олборлолт, нөхөн сэргээлт, бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох, талбай, уурхайг чөлөөлүүлэхийг “Жинлиань” ХХК,*******д даалгах

 

      -“Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны өмчлөгч Бүгд Найрамдах Болгар Улсын хуулийн этгээд “*******” компани болохыг тогтоолгох

 

      -“Монголболгаргео” ХХК-ийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад хууль бусаар саад учруулахгүй байхыг “Жинлиань” ХХК, гүйцэтгэх захирал*******д даалгах

 

      -2012-2015 оны үйл ажиллагааны орлогын тайланг гаргаж өгөхийг “Жинлиань” ХХК-ийн гүйцэтгэх захирал*******д даалгах

 

       -“Монголболгаргео” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ц.Баянмөнхийг томилсон болон бусад асуудлыг шийдвэрлэсэн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагуудыг гаргасан.

 

        Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

        

        Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Хэлэлцээр”-ээр “Монголболгаргео” хамтарсан үйлдвэрийг байгуулан, дүрмийн санд оруулах хувь хэмжээ, хувьцаа эзэмшигчийн эрхийг адил тэнцүү 50 хувь байхаар тогтоож, Монголын улсын талаас Төрийн өмчийн хороо, Болгар улсын талаас улсын үйлдвэрийн нэгтгэл “Болгаргеомин ЕАД” оролцож, дүрмээ батлан, 1998 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Монгол улсын Улсын бүртгэлт бүртгүүлжээ.

 

        2003 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газрын хооронд байгуулсан 2004 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хэлэлцээр, Монгол Улсын Төрийн өмчийн хороо, Бүгд Найрамдах Болгар Улсын “Булгаргеомин” төрийн өмчит үйлдвэрийн газар, Монгол Улсын Компанийн тухай хуулийг үндэслэн, 2005 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Монголболгаргео” үйлдвэрийг Төрийн өмчийн үйлдвэрийн газар болгож, “Монголболгаргео” ХХК гэж өөрчлөн бүртгүүлж, компанийн товчилсон нэр “МБГ” ХХК, үйл ажиллагааны чиглэл алтны хайгуул, олборлолт, боловсруулалт бусад ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, Монгол Улсын хуулиар хориглоогүй, тусгай зөвшөөрөл шаардахгүй бусад үйл ажиллагааг явуулахаар болсон байна.

 

        Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас харахад, “Монголболгаргео” ХХК 456-А, 015-А, 311-А дугаартай ашиглалтын лицензүүд, 170.840 ширхэг хувьцааны 50 хувь 85420 ширхэг хувьцааг Монгол Улсын төр, үлдсэн 50 хувь 85420 ширхэг хувьцааг Бүгд Найрамдах Болгар Улсын “Булгаргеомин” төрийн өмчит үйлдвэрийн ”Болгаргеомин” ЕАД компани эзэмшиж байсан талаар маргахгүй байна.

 

        Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1-А/160 дугаартай Албан бичигтээ Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 20 дугаартай, Төрийн өмчийн хорооны 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаартай “Тогтоол”-уудад “Монголболгаргео” ХХК-ийн нийт 170.840 ширхэг хувьцааны Монголын төрийн мэдлийн 85420 ширхэг хувьцааг, компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох Бүгд Найрамдах Болгар Улсын төрийн өмчит үйлдвэрийн ”Болгаргеомин” ЕАД компанид худалдан авах эсэх талаарх саналаа 2007, 2011 ондуудад мэдэгдсэн боловч тус компани худалдан авахаас татгалзсан тул Монгол Улсын Төрийн өмчийн хороо “Нийтийн дуудлага худалдаа”-гаар хувьцааны дуудлага худалдааны доод үнэ 2.100.000.000 төгрөг байхаар зарласан нь бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

       Дээрх “Нийтийн дуудлага худалдаа”-гаар Монгол төрийн мэдлийн 85420 ширхэг хувьцааг нэг багц болгон худалдахаар зарласныг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК, 2.950.000.000 төгрөгөөр худалдан авч, “Худалдах, худалдан авах гэрээ”-нд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж, хувьцааны өмчлөх эрхийг Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 314 дугаартай “Өмчлөгчийн эрх шилжүүлэх тухай” “Тогтоол”, хурлын тэмдэглэл, гэрээ зэргийг үндэслэн “Жинлиань” ХХК-д “Өмчлөх эрхийн гэрчилгээ” олгохыг даалган шийдвэрлэжээ.

 

       Ингээд “Жинлиань” ХХК, Монгол-Болгар улсын хамтран байгуулсан “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн 85420 ширхэг хувьцааны өмчлөгч болсон ба энэ эрхийнхээ дагуу Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах ашиглалтын 311-А, 456-А, 015-А дугаартай Тусгай зөвшөөрөлтэй алт олборлох талбайд ашигт малтмалын олборлолт үйл ажиллагаагаа эхлүүлэн ажилласан талаар талууд маргахгүй байна.

 

       Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Пүрвээ “*******” компани нэхэмжлэлийн 5 шаардлагыг гаргах эрхтэй” , хариуцагч******* “*******” компанийн үйл ажиллагаа “Жинлиань” ХХК-д хамааралгүй” маргаж байна.

 

      Бүгд Найрамдах Болгар Улсын Софи хотын шүүхийн Арилжааны албаны VI-9 шүүгчийн бүрэлдэхүүнтэй, Арилжааны хэрэг 335/2005 он, 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Тодорхойлолт-доо” Бүгд Найрамдах Болгар Улсын төрийн өмчит үйлдвэрийн ”Болгаргеомин” ЕАД компанийг,

 

       “Бүгд Найрамдах Болгар Улсын Арилжааны хуулийн 718 дугаар зүйл ангийн дагуу 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр худалдах үед дампуурлын жагсаалтад орсон “БОЛГАРГЕОМИН” ЕАД компанийн эд хөрөнгө, эрхийн багцын хамт худалдсан гэрээ хийгдсэн байна. Гэрээний талууд худалдагч “БОЛГАРГЕОМИН” ЕАД, худалдан авагч “БОЛГАРГЕОМИН ЛТД” компани. Дээр дурдсан гэрээний 3.5 дугаар зүйлийн дагуу худалдаанд хамаарах хөрөнгө Улсын бүртгэлийн 121126170 дугаартай, “БОЛГАРГЕОМИН” ЕАД компанийн эзэмшил болох Монгол-Болгарын хамтарсан, хаалттай хувьцаат компанийн болгон өөрчилсөн “МОНГОЛБОЛГАРГЕО” үйлдвэрийн 50 хувь буюу 719.026 ам.доллартай тэнцэх хөрөнгийн хувьцаа болно. Уг гэрээний дагуу “БОЛГАРГЕОМИН” ЕАД компани өөрийн өмч хөрөнгөө дээр дурдсан хувьцаан дээр нэмэн, худалдан авагч “БОЛГАРГЕОМИН ЛТД” компанид шилжүүлэн, Монгол-Болгарын хамтарсан, хаалттай хувьцаат компанийн болгон өөрчилсөн “МОНГОЛБОЛГАРГЕО” ХХК-ийн 50 хувийн 719.026 ам.доллартай тэнцэх хөрөнгийн хувьцааг эзэмших эрхийг эдлэж эхэлсэн байна” гэжээ.

 

   Тодруулбал, Бүгд Найрамдах Болгар Улсын төрийн өмчит үйлдвэрийн ”Болгаргеомин” ЕАД компанийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “өнөөдрийг хүртэл дахин хөрөнгөжих шатандаа компанийг шилжүүлсэн, хувьцаагаа худалдаагүй” гэж тайлбарласан хэдий ч,

 

   Бүгд Найрамдах Болгар Улсын төрийн өмчит үйлдвэрийн ”Болгаргеомин” ЕАД компанийг дампуурсан гэх Софи хотын шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй, гараагүй болох нь хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын тайлбар, Софи хотын шүүхийн шийдвэрээр нотлогдон, Монгол-Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн Бүгд Найрамдах Болгар Улсын талын төрийн өмчит үйлдвэрийн ”Болгаргеомин” ЕАД компани өөрийн эзэмшлийн 50 хувийн 85240 ширхэг хувьцааг, нэхэмжлэгч “БОЛГАРГЕОМИН ЛТД” компанид худалдсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

       Иймээс Монгол-Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4.3 дахь хэсэгт “компанийг татан буулгах тохиодолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бусад байгууллага, этгээдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, компанийн өрийг барагдуулсаны дараа үлдсэн хөрөнгөнөөс өөрт ногдох хувийг авах”,

 

       8 дугаар зүйлийн 8.4.10 дахь хэсэгт “хувьцаа эзэмшигчид бусад хувьцаа эзэмшигчийн хувьцаа, тэдгээрийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр эзэмшиж байгаа хувьцааныхаа тоонд тэнцүүлэн тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлэж, эсхүл энэ эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь бусад хувь нийлүүлэгчдэд шилжүүлэх” гэж зааснаар Бүгд Найрамдах Болгар Улсын Төрийн өмчит үйлдвэрийн ”Болгаргеомин” ЕАД компани, нэхэмжлэгч “*******” компанид хувьцаагаа худалдахдаа дээрх хуулийн заалтуудыг зөрчин,

 

         Улмаар 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 90.00.45 дугаартай Албан бичгээр Монгол улсын Төрийн өмчийн хороонд өөрийн өмчлөлийн хувьцааг ”Болгаргеомин” ЕАД компани худалдан авах санал ирүүлж, Монгол улсын Төрийн өмчийн хороо 2007 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1А/965 дугаартай Албан бичгээр “Татгалзсанаа илэрхийлж мэдэгдсэн” боловч компанийн өөрчлөн байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлд заасан дараагийн эрх залгамжлагч “Жинлиань” ХХК-д эхний ээлжинд 50 хувийн 85420 ширхэг хувьцаагаа худалдах саналыг тавиагүй, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, албан бичиг ирүүлээгүй болох нь Болгар улсын шүүхийн шийдвэр, “*******” компанийн төлбөр төлсөн баримт,

 

      *******, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дарханбаатарын “хоёр улсын хамтран байгуулсан “Монголболгаргео” ХХК өнөөдрийг хүртэл татан буугдаагүй. Тиймээс Бүгд Найрамдах Болгар Улсын Төрийн өмчит үйлдвэрийн ”Болгаргеомин” ЕАД компани, хуулийн дагуу Монгол талын 50 хувийн хувьцааг худалдан авсан “Жинлиань” ХХК-д өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг зарах, шилжүүлэх ажиллагааг мэдэгдэх үүрэгтэй. “*******” компани Монгол Улсын Засгийн газартай хамтарсан компани байгуулаагүй. Энэ компанийн талаар мэдэхгүй“,

 

Хариуцагч******* “бид хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлан хуралдуулах мэдэгдлийг хувьцааны 50 хувийг эзэмшиж байгаа Бүгд Найрамдах Болгар Улсын төрийн өмчит үйлдвэрийн “Болгаргеомин” ЕАД компанид албан ёсоор удаа дараа хандсан. Түүнээс “*******” компанид мэдэгдэх үүрэггүй. Өнөөдөр хоёр улсын хоорондын Монгол улсад хамтран байгуулсан “Монголболгаргео” ХХК, Монгол улсын Улсын бүртгэлд бүртгэлтэй, татан буугдаагүй, дампуураагүй” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзсан тайлбарууд гаргасныг, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцааж, үгүйсгэж чадаагүй бөгөөд үүгээр ”Болгаргеомин” ЕАД компани Монгол-Болгарын хамтран байгуулсан “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох нь тогтоогдож байна.

 

       Нэхэмжлэгч шаардах эрхээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байгаа боловч энэхүү шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч байдаг ба өөрөөр хэлбэл өмчлөгчөөс өөр этгээд хэрэгжүүлэх боломжгүй.

 

       Иймээс Бүгд Найрамдах Болгар улсын “*******” компанийг Монгол-Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн 85420 ширхэг хувьцааны өмчлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэгч шаардах эрхгүй байна гэж дүгнээд, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

         Хариуцагч “Жинлиань” ХХК, “*******” компанид холбогдуулан 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “*******” компани болон “Болгаргеомин ЕАД” нарын хооронд байгуулсан дампуурлаа зарласан “Болгаргеомин ЕАД”-ийн үйлдвэрийг хөрөнгийн эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээний “Монголболгаргео” ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

          Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Ард Улсын Засгийн газар хоорондын 1979 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээр дуусгавар болж, “Монголболгарметалл” хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон, хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц Болгар-Монголын хамтарсан “Монголболгаргео” үйлдвэрийг үүсгэн байгуулахаар шийдвэрлэж, Монголын улсын талаас Төрийн өмчийн хороо, Болгарын улсын талаас “Болгаргеомин” ЕАД компанийг томилсон байна.

 

         Дээрх хэлэлцээрээр  “Монголболгаргео” үйлдвэрийн дүрмийн санд Монголын тал 50 хувь, Болгарын тал 50 хувь түүнчлэн “Монголболгаргео” үйлдвэр Монгол улсын хуулийн этгээд байхаар заажээ.

 

         Улмаар Монгол-Болгарын хамтарсан “Монголболгаргео” үйлдвэрийн дүрмийг 1997 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үйлдэж, Монгол улсын Улсын бүртгэлийн байгууллага дүрмийг 1998 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэн, гэрчилгээ олгон, 2003 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Монголболгаргео” үйлдвэрийг Төрийн өмчит үйлдвэррийн газар болгож, 2005 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Монголболгаргео” ХХК болгон өөрчилж, Улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар зохигчид маргаагүй.

 

        Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд, Монгол Улсын Төрийн өмчийн хороо “Монголболгаргео” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувь Монгол төрийн мэдлийн 85420 ширхэг хувьцааг нэг багц болгон нийтийн дуудлага худалдаагаар худалдсаныг БНХАУ-ын “Жинлиань” ХХК худалдан авчээ.

 

       Харин  Бүгд Найрамдах Болгар Улсын төрийн мэдлийн 50 хувийн 85420 ширхэг хувьцааг эзэмшиж байсан Болгар улсын төрийн өмчит үйлдвэрийн “Болгаргеомин” ЕАД компани хувьцаагаа Болгар улсын “*******” компанид худалдсан нь гэрээ, бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

       Талуудын тайлбар, бичгийн баримтаар, Монгол-Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК, Монгол улсын Улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх бөгөөд түүнчлэн татан буугдсан, дампуурсан нь тогтоогдоогүй буюу “Монголболгаргео” ХХК-ийн Монгол улсын төрийн мэдлийн 50 хувь 85420 ширхэг хувьцааны өмчлөгч  “Жинлиань” ХХК болж, Улсын бүртгэлд бүртгэгдсэн талаар талууд маргаагүй.

 

       Харин “Монголболгаргео” ХХК-ийн Бүгд Найрамдах Болгар Улсын төрийн мэдлийн 50 хувийн 85420 ширхэг хувьцааг “Болгаргеомин” ЕАД компани болон “*******” компаниудын хооронд 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Дампуурлаа зарласан “Болгаргеомин” ЕАД үйлдвэрийг хөрөнгийн эрхийн хамт “Худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулж, “Болгаргеомин ЕАД” компани, “*******” компанид худалдсан нь нотлогдож байна.

 

        Шүүх худалдагч Бүгд Найрамдах Болгар Улсын төрийн өмчийн үйлдвэрийн “Болгаргеомин” ЕАД компанийг хоёр улсын хооронд хамтран байгуулсан Компанийн дүрэм, гэрээгээ зөрчсөн, үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч Бүгд Найрамдах Болгар Улсын “*******” компанийг шаардлага гаргах эрхгүй гэж дүгнэсэн учраас хариуцагч “Жинлиань” ХХК-ийн тус компанид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420.800 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 280.800 төгрөгийг, улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

       

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн          115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

         

        1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан “*******” компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Жинлиань” ХХК,*******,*******,*******д холбогдох үндсэн нэхэмжлэл, хариуцагч “Жинлиань” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монголболгаргео” ХХК-ийн байрыг чөлөөлүүлэх, “*******” компани Бүгд Найрамдах Болгар Улсын төрийн мэдлийн 50 хувийн хувьцааг өмчлөх, эзэмших эрх залгамжлагч болохыг тогтоолгох,Л.Лхагвасүрэн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК, БНХАУ-ын иргэн Кан Жи Жү, Мүн Жи Мин нарын байгуулсан компанийн захирал эсэх, Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдсан “Жинлиань” ХХК-ийн захирал  эсэхийг тогтоолгох, Шинээр үүсгэн байгуулагдсан компани БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөх, эзэмших эрх залгамжлагч эсэх хувьцааг хэрхэн шилжүүлснийг тогтоолгох хүртэл “Монголболгаргео” ХХК-ийн захирал Л.Пүрэвгялд 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр түр хураах тэмдэглэл хөтлөх, хураалгасан баримт бичиг, эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэлээ татан авч, хариуцагч Л.Ундрахад холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсугай.

 

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420.800 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 280.800 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

      4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

      5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА